Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 172

 

МАГАДЛАЛ

 

2019.01.21                                                 Дугаар 172                                  Улаанбаатар хот

 

 

 

 

Х.Т-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 184/ШШ2018/02961 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Х.Т-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ж.Э-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 24 600 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Ж.Э-д хүүгүйгээр               16 000 000 төгрөгийг аман хэлцлээр тохиролцон хийсэн бөгөөд бэлнээр хариуцагчид хүлээлгэн өгсөн. Ж.Э нь төлбөрөө төлөхгүй байсан учир 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулан нотариатаар гэрчлүүлэн, 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүртэл нэг сарын хугацаатай хүүгүйгээр 16 000 000 төгрөгийг зээлүүлж хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутамд 0,5 хувийн алданги төлөхөөр зээлийн гэрээ байгуулсан. Хариуцагч төлбөрөө төлөхгүй хугацаа хэтрүүлсэн тул зээлийн гэрээний 2.7 дугаар зүйлд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцно гэж заасны дагуу хугацаа хэтэрсэн 480 хоног бөгөөд нэг хоногт төлөх алданги нь 80 000 төгрөг нийт 38 000 000 төгрөг болж байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн 50 хувь болох 8 000 000 төгрөг, үндсэн төлбөр 16 000 000 төгрөг, гэрээний үүргээ хугацаандаа гүйцэтгээгүйгээс үүссэн хохирол болох 600 000 төгрөг, нийт 24 600 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: 2015 оны 5 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан зээлийн гэрээнд хариуцагч Ж.Э гарын үсэг зурсан. Энэ талаар маргахгүй. Энэ гэрээг нөхөн байгуулсан, энэ тухайгаа ч гэрээндээ дурдсан байдаг. Гэхдээ нэхэмжлэгчээс 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 16 000 000 төгрөг бэлнээр аваагүй. Энэ гэрээ байгуулах болсон шалтгаан бол Ж.Э нь 2015 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Х.Т-ийн худалдаж байсан тоёото приус маркийн автомашиныг Б.М гэх хүнээс худалдан авсан. Нэхэмжлэгч бол автомашины худалдаа хийдэг. Ийнхүү худалдан аваад Э Ф ХХК-иас зээл аван барьцаанд автомашиныг тавьсан. Э Ф ХХК-д 2018 оны 2 дугаар сарын 03-ны өдөр гаргасан хүсэлтэд зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсоны дараа автомашины өмчлөх эрхийг Х.Т-т шилжүүлэх тухай хүсэлтийг гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өрөө нотлох үүрэгтэй бөгөөд хэрэгт энэ гэрээний дагуу мөнгө шилжүүлсэн баримт байхгүй тул нэхэмжлэлийн шаардлага болох 24 600 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Т-ээс хариуцагч Ж.Э-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 24 600 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх нь тус зээлийи гэрээний 2.1-д заасан зээлийн хэмжээ 16 000 000 төгрөг бэлнээр өгсөн гэх заалтын огт нотлох баримтанд үнэлсэнгүй. Хариуцагч тал нь тус зээлийн гэрээг байгуулан гарын үсэг зурсанаа хүлээн зөвшөөрдөг бөгөөд энэ талаар маргахгүй, мөнгө өгсөн гэх заалтыг огт үнэлэхгүй шүүх шийдвэр гаргасан. Зээлийн гэрээ нь бичмэл нотлох баримт бөгөөд тус гэрээнд мөнгө өгсөн гэдгээ тусгасан тохиолдолд заавал дахин мөнгө хүлээлцсэн баримт үйлдэх шаардлага байхгүй болно. Тус зээлийн гэрээг зээлдэгч тал мөнгөө төлөхгүй удсан тул зээлийн гэрээг бичгээр нөхөн байгуулж баримтжуулсан юм. Гэвч тэр бичгээр байгуулсан хугацаандаа мөн үүргээ гүйцэтгээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг хангах талаар хийвэл зохих ажиллагааг бүрэн гүйцэтгэсэн боловч нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байгааг давж заалдах шатны шүүх залруулах боломжтой.

Нэхэмжлэгч Х.Т нь хариуцагч Ж.Э-д холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 24 600 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна. Хэрэгт цугларсан баримт болон талуудын тайлбараас үзэхэд 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Зээлийн гэрээ байгуулж, гэрээгээр 16 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, хүүгүй зээлдүүлэх, зээлдэгч мөнгийг 2017 оны 06 дугаар сарын 23-нд буцаан төлөх, хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хх 4/

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хийсэн дүгнэлт хуульд нийцээгүй гэж үзнэ. Учир нь 2017 онд байгуулагдсан зээлийн гэрээнээс үзэхэд 2015 онд байгуулагдсан зээлийн гэрээг бичгээр баримтжуулсан байх ба уг гэрээнд заасан мөнгийг хариуцагчид бэлнээр өгснийг тодорхой бичсэн тул талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ. Иймд зээлдүүлэгч гэрээний үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй байх тул зээлдэгч “16 000 000 төгрөгийг хүлээн аваагүй” гэж үзэх үндэслэлгүй юм.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт зааснаар анзын гэрээг бичгээр хийх хуулийн шаардлагыг хангажээ. Хариуцагч тал алдангийн тохиролцоог зөвшөөрч гарын үсэг зурж хэлцэл хийсэн нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр болно. Хариуцагч нэхэмжлэлийг татгалзаж буй үндэслэлээ “автомашин худалдаж авсантай холбоотой, зээлийн гэрээ байгуулаагүй” гэж тайлбарлаж байгаагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Зээлийн гэрээний 2.7-т “төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож төлнө” гэж тохиролцсон тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас хугацаа хэтрүүлсэн алдангийг шаардах эрхтэй байх бөгөөд хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг болох үндсэн зээл 16 000 000 төгрөгийн алданги нь түүний 50 хувиас хэтэрч байх тул алдангийн хэмжээг хуульд заасан хэмжээгээр тооцон, үндсэн зээл 16 000 000 төгрөг, алданги 8 000 000 төгрөг, нийт 24 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 184/ШШ2018/02961 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.Э-оос 24 000 000 төгрөгийг гаргуулан Х.Т-т олгож, үлдэх 600 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

2 дахь заалтад “хариуцагчаас 277 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.” гэсэн заалт нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 280 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

 ШҮҮГЧИД                                         Э.ЗОЛЗАЯА

 

                                                                    М.НАРАНЦЭЦЭГ