Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 109/ШШ2022/0100

 


 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Түвшинтулга даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.Б

Хариуцагч: Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нарын хоорондын Нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоох, Нийгмийн даатгалын хэлтэст ажилгүйдлийн тэтгэмж олгохыг даалгах шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Д нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Б нь Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан Нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоох, Нийгмийн даатгалын хэлтэст ажилгүйдлийн тэтгэмж олгохыг даалгах -аар маргаж байна.

2. Иргэн Б.Бийг Архангай аймгийн Засаг даргын 2022 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн Б/09 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1. дэх хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3. дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5. дахь заалтыг тус тус баримталсан Ар Ус Ундарга ХХК-ийн захирлын албан тушаалаас 2022 оны 2 дугаар сарын 11-ний өдөр тасалбар болгон чөлөөлжээ.

3. Улмаар нэхэмжлэгч Б.Б нь 2022 оны 5 дугаар сарын 2-ны өдөр Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст ажилгүйдлийн тэтгэмж тогтоолгохоор Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу холбогдох материалыг бүрдүүлэн Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст ханджээ.

4. Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 1/084 дугаартай албан бичгээр ... Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг Ар Ус Ундарга ХХК-д 3 хүний бүрэлдэхүүнтэй хийх гэтэл тус байгууллага нь 2022 оны санхүүгийн баримтууд байхгүй, хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байгаа гэсэн тайлбар ирүүлж, Ажилгүйдлийн тэтгэмжийг хууль хяналтын байгууллагаар шийдвэрлэсний дараа ажилгүйдлийн тэтгэмжийг ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш олгогдсон цалин хөлс үндэслэлтэй гэж үзвэл цалинг нөхөн тайлагнасны дараа ажилгүйдлийн тэтгэмж олгохыг мэдэгджээ.

5. Улмаар нэхэмжлэгч Б.Б нь 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдөр нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Нийгмийн даатгалын хэлтэст ажилгүйдлийн тэтгэмж олгохыг даалгах-аар шүүхэд нэхэмжлэл гаргаж, маргаан үүсгэсэн байна.

 

6. Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ... Б.Б миний бие Архангай аймгийн Орон нутгийн өмчит Ар Ус Ундарга ХХК-ийн захирлаар ажиллаж байгаад 2022 оны 5 дугаар сарын 2-ны өдөр ажлаас халагдах захирамжаа гардан авсан билээ. Ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо өмнө 24 сараас доошгүй хугацаанд төлсөн бөгөөд сүүлийн 9 сард нь тасралтгүй ажилласан. Ажлаас халагдах захирамжаа гардан аваад ажилгүйдлийн тэтгэмжээ хүсэхэд 2022 оны 4 сарын цалингаас ажил олгогч байгууллага шимтгэлээ төлөөгүй байна гэдэг шалтгаанаар ажилгүйдлийн тэтгэмж олгохгүй байгаа болно. Ар Ус Ундарга ХХК-иас нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлж иргэн миний ажилгүйдлийн тэтгэмжийг олгох нь Нийгмийн даатгалын байгууллагын үүрэг билээ. Иймд Нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж өгөхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, Нийгмийн даатгалын хэлтэст ажилгүйдлийн тэтгэмж олгохыг даалгаж өгнө үү. гэжээ.

 

7. Нэхэмжлэгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ар Ус Ундарга ХХК-ийн захирлаар 2013 оноос хойш ажиллаж байгаад 2022 оны 2 дугаар сарын 11-ний өдөр Архангай аймгийн Засаг дарга намайг ажлаас халсан захирамж гаргасан байсан. Энэ үед миний бие ковид-19 цар тахлаар өвдөж хагалгаанд орсон. Надад ямар нэгэн байдлаар ажлаас халсан тухай мэдэгдээгүй. Ингээд ажлаа хийгээд явж байхад 2022 оны 5 дугаар сарын 3-ны өдөр энэ захирамжийг надад биечлэн Архангай аймгийн Засаг даргын Тамгын газраас гардуулж өгсөн байгаа. Энэ хүртэл миний бие захирамжийг шүүхээр авахуулж актын биелэлтийг түдгэлзүүлэх маргааныг шүүхээр шийдвэрлүүлэхээр явж байсан. Түдгэлзүүлэх маргаан 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр гарсан. Энэ хүртэлх хугацаанд шүүхээр актын биелэлтийг түдгэлзүүлэх маргаан явагдаж байсан учраас ажлаа хийж цагаа бүртгүүлээд ажиллаж байсан. 2022 оны 5 дугаар сарын 3-ны өдөр халагдах захирамжаа аваад цалин хөлс олгогдоогүй тул тэр өдрөө Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлтээ хуулийн дагуу өгсөн. Би 1997 оноос хойш нэг ч өдөр тасралтгүй улсад 25 жил ажиллаж байгаа, нийгмийн даатгалын шимтгэлийг 25 жил төлсөн. Ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлтийг шийдвэрлэж өгнө үү гэж нийгмийн даатгалын хэлтэст хандсан боловч танай байгууллагаас нийгмийн даатгалын шимтгэл төлөхдөө таны шимтгэлийг байгууллагаас төлөөгүй байна гэдэг хариулт хэлсэн. Ингээд нийгмийн даатгалын ерөнхий газарт хандахад цалин авсан баримтаа, ажил хүлээлцсэн баримтаа нийгмийн даатгалд гаргаж өг гэсэн. Энэ ажил хүлээлцсэн болон цалин авсан баримтаа Архангай аймгийн нийгмийн даатгалын салбарт гаргаж өгсөн. Нийгмийн даатгалын ерөнхий газраас таны асуудлыг шийдвэрлэлээ. Эдгээр баримтуудаа гаргаж өгөөд ажилгүйдлийн тэтгэмжээ авч болно гэж хэлсэн. Ингэж утсаар ярьсныхаа дагуу мессеж илгээсэн байсан. Энэ мессежийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байгаа. Гэтэл Архангай аймгийн нийгмийн даатгалын газар ажилгүйдлийн тэтгэмжийг өгөхгүй гэсэн тодорхой бус шүүхээр шийдвэрлэгдээгүй хэрэг үүсээгүй асуудалд хариулт бичсэн. Өөрсдийн үүрэг даалгавраа биелүүлэх талаар ажиллаагүй хариу тайлбар өгч одоо хүртэл ажилгүйдлийн тэтгэмж өгөхгүй байна. Надад Нийгмийн даатгалын ерөнхий газраас хариуг шийдвэрлэсэн гэж хэлсэн. Гэтэл Архангай аймаг дахь Нийгмийн даатгалын хэлтэст ямархуу байдалтай ажилласан бэ гэхээр яг манай байгууллагыг хариуцаж шимтгэл төлдөг байцаагч нь миний оронд Ар Ус Ундарга ХХК-ийн захирлаар ажиллаж байгаа хүний найз нь учраас хувь хүнд хохирол учруулна гэсэн агуулгатай 4 дүгээр сарын нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэх ёстой байтал төлүүлээгүй, иргэнийг хохироосон үйлдэл байгаа. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна. гэв

 

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын иргэн Балданцан овогтой Булганчимэгийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хариу тайлбарыг хүргүүлж байна.

Иргэн Б.Б нь ажилгүйдлийн тэтгэмж тогтоолгон авахаар Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хууль-д заасны дагуу 2022 оны 5 дугаар сарын 2-ны өдөр материал бүрдүүлэн тэтгэмжийн байцаагчид өгөхдөө аймгийн Засаг даргын 2022 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн Б/09 тоот захирамжийг 2022 оны 5 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авсан гэсэн гарын үсэгтэй захирамж өгсөн. Тухайн үед Ар Ус Ундарга ХХК-ийн 4 дүгээр сарын нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг ирүүлээгүй байсан бөгөөд 2022 оны 5 дугаар сарын 5-ны өдөр буюу Нийгмийн даатгалын тухай хууль-д заасан хугацаанд Ар Ус Ундарга ХХК-ийн 4 дүгээр сарын нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг ирүүлсэн.

Тэгээд Б.Бийн 4 дүгээр сарын цалинг шимтгэлийн программаас шүүн үзэхэд тухайн даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэл төлж тайлагнаагүй байсан тул 2022 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хууль-ийн 2 дугаар зүйл Даатгуулагч ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо өмнө 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 9 дүгээр сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд ажилгүйдлийн тэтгэмж авах, мэргэжлийн сургалтад хамрагдах эрх анх үүснэ-д заасан нөхцөлийг хангахгүй байгаа тул ажилгүйдлийн тэтгэмж олгох боломжгүй байгаа талаар өөрт нь мэдэгдсэн. Б.Б нь тэтгэмж авах эрх үүсэхгүй байгаа талаараа Нийгмийн даатгалын ерөнхий газарт хандсан байсан бөгөөд үүний дагуу манай хэлтсийн холбогдох байцаагчтай Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хяналт шалгалтын газраас холбогдон 2022 оны санхүүгийн баримтад шалгалт хийх нөхцөл байдлыг тодруулах үүрэг чиглэл өгсний дагуу Ар Ус Ундарга ХХК-д аймгийн хэлтсээс 3 хүний бүрэлдэхүүнтэй хяналт шалгалт хийх гэтэл тус байгууллагын 2022 оны санхүүгийн баримтууд хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байгаа гэсэн тайлбар өгсөн. Тийм учраас хэлтсийн даргын 2022 оны 7 дугаар сарын 22 - ны өдрийн 1/684 тоот албан бичгээр хариу өгсөн байна.

Иймд дараах шалтгаанаар Б.Бт ажилгүйдлийн тэтгэмж олгох боломжгүй байна.

1. Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хууль-ийн 5 дугаар зүйл Ажлаас халагдсан даатгуулагч ажил олгогчтойгоо тооцоо хийж дууссанаас хойш 14 хоногийн дотор, хүндэтгэн үзэх шалтгаантай бол 3 хүртэл сарын дотор оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ хөдөлмөр эрхлэлтийн алба, уг бирж байхгүй бол нийгмийн даатгалын бүртгүүлэх үүрэгтэй гэж заасныг зөрчиж захирамж гарснаас хойш 2 сар 19 өдөр өнгөрснөөс хойш Нийгмийн даатгалын байгууллага болон Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар бүртгүүлсэн байна.

2. Б.Бийн 4 дүгээр сарын цалинг шимтгэлийн программаас шүүн үзэхэд одоог хүртэл Ар Ус Ундарга ХХК нь тухайн даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэл төлж,тайлагнаагүй байна. гэжээ.

 

9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Б.Б нь Архангай аймгийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Б/09 тоот захирамжаар ажлаасаа чөлөөлөгдсөн боловч нийгмийн даатгалын хэлтэст 5 дугаар сарын 3-ны өдөр хандсан байдаг. Энэ нь Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийг зөрчиж байгаа учраас ажилгүйдлийн тэтгэмжийг олгох боломжгүй байна. Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлд Ажлаас халагдсан даатгуулагч ажил олгогчтойгоо тооцоо хийж дууссанаас хойш 14 хоногийн дотор, хүндэтгэн үзэх шалтгаантай бол 3 хүртэл сарын дотор оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ хөдөлмөр эрхлэлтийн алба, уг бирж байхгүй бол нийгмийн даатгалын байгууллагад бүртгүүлэх үүрэгтэй гэж заасныг зөрчсөн байна. Хүндэтгэн үзэх шалтгаан гэдэг нь тухайн хүн хорио цээрийн дэглэмд орсон, байгалийн үзэгдэлд өртсөн, эрүүл мэндийн шалтгаан өвчтөнийг асарсан тохиолдолд хүндэтгэн үзэх шалтгаанд оруулан тооцдог. Гэтэл энэ хүн ямар ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуульд заасан хугацаа хэтрүүлж хүсэлт гаргасан учраас ажилгүйдлийн тэтгэмжийг олгох боломжгүй байна. гэв.

10. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Засаг даргын захирамж 2 дугаар сарын 11-ний өдөр гарсан байхад хүсэлт гаргаагүй нь Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийг зөрчсөн гэж үзсэн. Ажлаас халагдсан даатгуулагч ажил олгогчтойгоо тооцоо хийж дууссанаас хойш 14 хоногийн дотор, хүндэтгэн үзэх шалтгаантай бол 3 хүртэл сарын дотор оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ хөдөлмөр эрхлэлтийн алба, уг бирж байхгүй бол нийгмийн даатгалын байгууллагад бүртгүүлэх үүрэгтэй гэж заасан. Энэ захирамж 2 дугаар сарын 11-ний өдөр гарсан байна гэдгийг хэлсэн. Нэгдүгээрт хугацаа хэтэрч хүсэлт гаргасан, хоёрдугаарт 4 дүгээр сарын цалингаас нийгмийн даатгалын шимтгэл суутгагдаагүй. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Б нь Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан Нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоох, Нийгмийн даатгалын хэлтэст ажилгүйдлийн тэтгэмж олгохыг даалгах -аар маргаж байна.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс гаргасан иргэн Б.Ганчимэгийн нэхэмжлэлтэй Ар Ус Ундарга ХХК-д хариуцагдах иргэний хэргийн маргааныг Архангай аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэсэн шийдвэр магадлалыг энэ хэрэгт нотлох баримтаар авах хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, энэ захирамжид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж энэ захирамжид талууд гомдол гаргах эсэх талаар тодруулахад хэргийн оролцогчид гомдол гаргахгүй гэж шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан болохыг тэмдэглэх нь зүйтэй.

3. Хариуцагч нь хариу тайлбар, татгалзлын үндэслэлээ ... Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хууль-ийн 5 дугаар зүйл Ажлаас халагдсан даатгуулагч ажил олгогчтойгоо тооцоо хийж дууссанаас хойш 14 хоногийн дотор, хүндэтгэн үзэх шалтгаантай бол 3 хүртэл сарын дотор оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ хөдөлмөр эрхлэлтийн алба, уг бирж байхгүй бол нийгмийн даатгалын байгууллагад бүртгүүлэх үүрэгтэй гэж заасныг зөрчиж захирамж гарснаас хойш 2 сар 19 өдөр өнгөрснөөс хойш Нийгмийн даатгалын байгууллага болон Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар бүртгүүлсэн. гэж тайлбарладаг.

4. Шүүх хэргийг хянан хэлэлцээд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэг авагдсан бичгийн нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэгч Б.Бийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь:

Маргаан бүхий захиргааны үйл ажиллагааны хууль зүйн үндэслэлийн тухайд

5. Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1-д Даатгуулагч ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо өмнө 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 9 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд ажилгүйдлийн тэтгэмж авах, мэргэжлийн сургалтад хамрагдах эрх анх үүснэ гэжээ.

6. Хуулийн энэ зохицуулалт нь нийгмийн даатгалын шимтгэлийг дээрх хуульд заасан хугацаанд төлсөн даатгуулагч нь ажилгүйдлийн тэтгэмж авах эрх анхлан үүсэх урьдач нөхцөлийг заасан агуулгатай байна.

7. Нэхэмжлэгч Б.Бийг Архангай аймгийн Засаг даргын 2022 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн Б/09 дүгээр захирамжаар ажлаас нь чөлөөлж захирамжийн 3 дахь заалтаар ажлыг хүлээлцэх ажлын хэсгийг байгуулж, 4 дэх заалтаар ажил хүлээлцэх хугацааг 2022 оны 2 дугаар сарын 11-ний өдрөөр тогтоожээ[1].

8. Нэхэмжлэгчийн хувьд 2022 оны 2 дугаар сарын 11-ний өдрөөс ажлаасаа чөлөөлөгдсөн гэж үзвэл ажилгүй болохоосоо өмнө 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 9 сард нь нийгмийн даатгалын шимтгэлийг тасралтгүй төлсөн буюу 2020, 2021, 2022 оны 3 дугаар сар хүртэл нийгмийн даатгалын шимтгэлийг тасралтгүй төлсөн болох нь хэрэгт авагдсан нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтын тайлан[2] зэрэг баримтаар тогтоогдож байна.

9. Өөрөөр хэлбэл Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1-д Даатгуулагч ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо өмнө 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 9 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд ажилгүйдлийн тэтгэмж авах, мэргэжлийн сургалтад хамрагдах эрх анх үүснэ гэж зааснаар ажилгүйдлийн тэтгэмж авах эрх анхлан үүссэн байна.

10. Хэдийгээр нэхэмжлэгчийн хувьд ажилгүйдлийн тэтгэмж авах урьдач нөхцөлийг хангаж, эрх үүссэн боловч Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуульд заасан даатгуулагчаас хамаарах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, даатгуулагчид нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмжийг олгохоос татгалзсан хариуцагчийн татгалзлыг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна.

11. Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1-д Ажлаас халагдсан даатгуулагч ажил олгогчтойгоо тооцоо хийж дууссанаас хойш 14 хоногийн дотор, хүндэтгэн үзэх шалтгаантай бол 3 хүртэл сарын дотор оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ хөдөлмөр эрхлэлтийн алба, уг бирж байхгүй бол нийгмийн даатгалын байгууллагад бүртгүүлэх үүрэгтэй, Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 1-т Даатгуулагчид ажилгүйдлийн тэтгэмжийг энэ хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу бүртгүүлсний дараагийн өдрөөс эхлэн ажлын 76 өдрийн хугацаанд олгоно гэж заасан.

12. Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд ажлаас халагдсан, чөлөөлөгдсөн даатгуулагч нь ажил олгогчтойгоо тооцоо хийж дууссанаас хойш 14 хоногийн дотор оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ хөдөлмөр эрхлэлтийн алба, уг бирж байхгүй бол нийгмийн даатгалын байгууллагад бүртгүүлэх үүрэгтэй байхаар заасан. Энэ нь тухайн нийгмийн даатгалын байгууллагад хамааралтай бус, ажлаас халагдсан, чөлөөлөгдсөн даатгуулагчид өөрт нь хамааралтай хуулиар хүлээлгэсэн үүрэг байна. Ажлаас чөлөөлөгдсөн даатгуулагч нь ийнхүү хуулийн хугацаанд бүртгүүлснээр, хуульд заасан хугацаагаар ажилгүйдлийн тэтгэмжийг авах нөхцөл бүрдэхээр зохицуулсан байна.

13. Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1-д ....хүндэтгэн үзэх шалтгаантай бол 3 хүртэл сарын дотор... нийгмийн даатгалын байгууллагад бүртгүүлэх үүрэгтэй гэж зааснаар хэрэв ажлаас халагдсан даатгуулагч нь хүндэтгэн үзэх шалтгаантай бол 3 хүртэл сарын дотор бүртгүүлж болохоор зохицуулжээ.

14. Нийгмийн даатгалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.7 дахь заалтад: 3.Үндэсний зөвлөл дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 7/нийгмийн даатгалын асуудлаар журам, зөвлөмж гаргах; гэж, Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт 3.Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох журмыг нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл батална. гэж заасны дагуу Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны 22 дугаар тогтоолоор Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох журам[3]-ыг баталжээ.

15. Тус журмын  5.2-т Ажлаас халагдсан (чөлөөлөгдсөн) даатгуулагч ажил олгогчтойгоо тооцоо хийж дууссанаас хойш 14 хоногийн дотор  оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ Нийгмийн даатгалын байгууллагад бүртгүүлж, ажилгүйдлийн тэтгэмж тогтооход шаардлагатай дор дурдсан баримт бичгийг бүрдүүлэх үүрэгтэй гэж, 5.7-д Ажилгүй болсон даатгуулагч хүндэтгэн үзэх шалтгаан (даатгуулагч хүндээр өвчилж асруулж байсан, мөн өвчтэй хүн асарсан, хорио цээрийн дэглэм тогтоогдсон, байгалийн болон нийтийг хамарсан гамшиг тохиолдсон,  ажилтнаас хамаарахгүй шалтгаанаар ажил олгогчтой тооцоо хийх хугацаа хойшилсон, ажил олгогч, нийгмийн даатгалын байгууллагын буруугаас шимтгэл төлөлттэй холбоотой мэдээллийн  лавлагааг хугацаанд бүрдүүлээгүй, гадаад улсад зорчсон)-ны  улмаас энэ журмын 5.2-д заасан хугацаанд Нийгмийн даатгалын байгууллагад өргөдөл гаргаагүй тохиолдолд ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлтээ 3 сарын  дотор гарган Нийгмийн даатгалын байгууллагад  бүртгүүлэх гэж тус тус заажээ.

16. Нэхэмжлэгч Б.Бийг Архангай аймгийн Засаг даргын 2022 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн Б/09 дүгээр захирамжаар ажлаас нь чөлөөлжээ. Нэхэмжлэгч нь тус ажлаас чөлөөлөх тухай тушаалыг 2022 оны 5 дугаар сарын 2-ны өдөр гардан авсан гэж тайлбарладаг.

17. Улмаар нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажил, албан тушаалд Архангай аймгийн Засаг даргын 2022 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн Б/10 дүгээр захирамжаар иргэн Ч.Тийг, Архангай аймгийн Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн Б/18 дугаар захирамжаар[4] С.Бг томилсон байна.

18. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Архангай аймгийн Засаг даргын Тамгын газраас 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 03/1667 дугаартай Тайлбар хүргүүлэх тухай албан бичгээр[5]: Уг шийдвэрийн дагуу ажил хүлээлцэх ажлын хэсэг аймгийн Засаг даргын захирамжийн дагуу ажил хүлээлцэхээр удаа дараа очсон Ар-Ус Ундарга ХХК-ны байранд очсон, Б.Бтэй утсаар холбогдож дуудсан боловч янз бүрийн шалтгааны улмаас ирээгүй байна. Иймд Б.Бийг Ар-Ус Ундарга ХХК-ны захирлын албан тушаалаас чөлөөлөх тухай Архангай аймгийн Засаг даргын 2022 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн Б/09 дугаартай захирамжийг гардуулан өгөх боломж бүрдээгүй болно. гэсэн тайлбарыг шүүхэд ирүүлжээ.

19. Нэхэмжлэгч Б.Бт дээрх захирамжийг мэдэгдэх, гардуулахаар ажлын хэсэг 2022 оны 2 дугаар сарын 11, 2 дугаар сарын 15-ны өдрүүдэд очиж ажил хүлээлцэх, ажиллаж байсан байгууллагынх нь бичиг хэрэг, цахим хаяг зэргээр дамжуулан захирамжийг хүргүүлэх, мэдэгдэх ажиллагааг хийсэн талаарх баримт[6] хэрэгт авагдсан болно.

20. Нэхэмжлэгч анх 2022 оны 5 дугаар сарын 2-ны өдөр Архангай аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт хандан хөдөлмөрийн зах зээлийн ажил хайгчаар бүртгүүлжээ[7].

21. Улмаар ажилгүйдлийн тэтгэмж авах тухай өргөдлийг 2022 оны 5 дугаар сарын 3-ны өдөр Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст гаргасан байх бөгөөд ажилгүйдлийн тэтгэмж авах эрх үүссэн эсэхийг шалгах, өргөдөл өгөх хугацаа өнгөрсөн шалтгаанаар тус өргөдлийг бүртгээгүй, татгалзсан болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбараар тогтоогдож байна.

22. Нэхэмжлэгч Б.Бийн хувьд Ковид-19 өвчилсөн, Улсын нэгдсэн 2 дугаар эмнэлэгт 2022 оны 3 дугаар сарын 7-ны өдөр шинжилгээ өгч байсан зэрэг баримт[8] хэрэгт авагдсан боловч эдгээр баримт нь түүнийг ажлаас халсан тушаалыг гардан авах, ажил олгогчтой тооцоо хийж дуусгах ямар ч боломжгүй хүндээр өвчилж асруулж байсан нөхцөлд байдалд байсан гэж үзэх хангалтай үндэслэл болохгүй байна. Өөрөөр хэлбэл дээрх хууль, журамд заасан өргөдөл гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаан-аар хэтрүүлсэн гэж үзэхээргүй, ажилтнаас өөрөөс нь хамаарсан нөхцөл байдал байна.

23. Нөгөөтэйгөөр хэрэв ажилгүйдлийн тэтгэмж авахаар хүсэлт гаргаж буй даатгуулагч нь дээрх байдлаар хүндэтгэн шалтгаантай байсан бол үүнтэй холбоотой хүсэл зоригоо илэрхийлж, холбогдох баримтыг бүрдүүлэн нийгмийн даатгалын байгууллагад хандах ёстой байжээ.

24. Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8.Хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй. гэж заасан. Нэхэмжлэгч нь Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1-д заасан хугацааг хэтрүүлж, тэтгэмж авах өргөдлөө гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж мэтгэлцээгүй, энэ талаар санал, хүсэлт гаргаагүй, дээрх нөхцөл байдлаа нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй болно.

25. Нэхэмжлэгчийн хувьд ажилгүйдлийн тэтгэмжийг авах хүсэлтийг 2022 оны 5 дугаар сарын 3-ны өдөр Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэмж хариуцсан байцаагчид гаргасан байх боловч хуулийн хугацааг хожимдуулж хүсэлтээ гаргаж буй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан талаарх хүсэл зоригоо илэрхийлээгүй, үүнтэйгээ холбогдох баримтыг нийгмийн даатгалын байгууллагад гаргаж өгөөгүй болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбараар тогтоогдож байна.

26. Иймд хариуцагч Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуульд заасан хугацаанд өргөдлөө гаргаж бүртгүүлээгүй шалтгаанаар нэхэмжлэгч Б.Бт ажилгүйдлийн тэтгэмж олгохоос татгалзсан хариуцагч захиргааны байгууллагын эс үйлдэхүйг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

27. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1., 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1., Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1., 5 дугаар зүйлд заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Б.Бийн Нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст ажилгүйдлийн тэтгэмж олгохыг даалгах шаардлага тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1.-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ТҮВШИНТУЛГА