| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 183/2021/03133/И |
| Дугаар | 101/ШШ2022/00146 |
| Огноо | 2022-01-04 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 101/ШШ2022/00146
| 2022 01 04 | 101/ШШ2022/00146 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, хаягт оршин суух Б.Д.Ц /-гийн гаргасан,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, тоот хаягт оршин суух Т.Ө.М холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс 34,000,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Ц, өмгөөлөгч Б.Э, хариуцагч Ө.М, өмгөөлөгч Б.Д, нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:
Миний бие нөхөр Ө.Мтай 2013 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр танилцаад үерхэж байгаад 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Ингээд биднийг хамт амьдрах хугацаанд 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр охин М.Э мэндэлсэн. Бид хоёр 2018 оны 02 дугаар сард Баянзүрх дүүрэг,тоот хаягт байрлах 53.65 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг худалдан авч өрх тусгаарласан. Үүнээс өмнө манай ээжийн гэр болох Сүхбаатар дүүрэг, 2013 оны 12 дугаар сараас эхлэн хамтран амьдарч байсан.
Би, ХХК-нд ажилладаг байсан юм, гэтэл хариуцагч Ө.М нь надтай хамт ажилладаг эмэгтэйтэй дотно харилцаанд орж, гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн. Уг харилцаа нь удаа дараа давтагдсан тул бид хоёр хамт амьдрах боломжгүй болж, улмаар 2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс тусдаа амьдарч байна. Үүнээс гадна хариуцагч нь олон удаа намайг цохиж зодох, хүүхдээ зодох, ална гэж сүрдүүлэх зэрэг үйлдэл гаргаж байсан бөгөөд энэ талаар цагдаагийн байгууллагад утсаар дуудлага өгч, бичгээр өргөдөл гаргаж байсан юм.
Гэвч миний бие өгсөн өргөдөл, гомдлоо буцааж, хэрэг нь хаагдаж байсан ч хариуцагчийг 2015 онд хүүхдээ алах гэж оролдсон хэрэг нь цагдаагийн байгууллагад бүртгэлтэй байдаг. Одоо хариуцагч Ө.М нь өөр хүнтэй хамт амьдарч, хүүхэдтэй болсон байна.
Би, дээрх нөхцөл байдлаас шалтгаалан хариуцагчтай хамт амьдрах боломжгүй болсон тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т Гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх энэ хуулийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална гэж заасны дагуу бидний гэрлэлтийг цуцлуулах, охин М.Эг өөрийн асрамжид үлдээж, тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл гаргасан.
Мөн гэр бүлийн хамтран өмчлөх эд хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-220 дугаартай Баянзүрх тоот хаягт байрлах 53.65 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 51,000,000.00 төгрөгөөр худалдаж авсан ба үүнээс өөрт болон охинд ногдох хэсэгт хариуцагчаас 34,000,000,000.00 төгрөгийг нэхэмжилж байна.
Иймд, бид нарын гэрлэлтийг цуцалж, охиныг миний асрамжид үлдээж, эцгээс тэтгэлэг гаргуулж, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсэгт 34,000,000.00 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчаас тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:
Би, нэхэмжлэгч Д.Цгийн нэхэмжлэлтэй гэр бүлийн холбогдолтой хэрэг маргаанд дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ Монгол Улсын хууль тогтоомжуудыг ноцтой зөрчиж, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хохироох агуулгатай гүтгэлэг, доромжлолын шинж чанартай зүйлүүдийг нилээдгүй тусгажээ. Тухайлбал, миний бие ХХК-нд ажилладаг байхад надтай хамт ажилладаг эмэгтэйтэй нөхөр Ө.М нь дотно харилцаанд орж, гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн гэжээ. Гэвч тухайн өдөр нэхэмжлэгч нь ажлаасаа ажлын найзаа гэртээ авчирч, бид хэд загас шарж идэж, 0.75 савлагаатай виног хувааж уугаад том өрөөнд буйдан дээр дөрвүүлээ ор засаж унтсан бөгөөд шөнө 2 цагийн орчимд тухайн эмэгтэй хөлөө давуулан унтаж байхад нь бид хоёрыг хардаж, хэрүүл маргаан үүсгэсэн.
Монгол хэлний их тайлбар тольд удаа дараа гэдэг үгийг олон дахин, хэд хэдэн удаа гэсэн байх тул нотлох баримтгүй ийм зүйл ярихыг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч Д.Ц нь өөрөө удаа дараа гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн тухай нотлох баримт байгаа, үүнээс шалтгаалан бид салах шалтгаан болсон. Үүнийг миний бие энэхүү хариу тайлбарт олонтаа дурдаж, түүнчлэн холбогдох баримтыг ч хавсаргаж болох ч нэгэнт бид цаашид хамт амьдрахгүй нөхцөл байдал үүссэн учир асуудлыг хуулийн хүрээнд бодитойгоор шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ ............дээрх нөхцөл байдлаас шалтгаалан дахин хамт амьдрах боломжгүй болсон тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т Гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх энэ хуулийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална гэж зааснаар гэрлэлтийг цуцалж өгнө үү гэсэн нь огт үндэслэлгүй. Бид хоёрын хамт амьдрах боломжгүй болсон шалтгааныг зан харьцааны тааламжгүй байдал, гэр бүлээс гадуурх харилцааг хоёулаа үүсгэсэн, хардалт, огцом түргэн уур, тэсвэр тэвчээргүй байдал гэж дүгнэж байна.
Хамт амьдрах хугацаандаа би охиноо өсгөн хүмүүжүүлэхдээ эрүүл чийрэг, мэдлэг боловсролын тал дээр анхаарч, 2 настайгаас нь эхэлж цэцэрлэгт нь өдөр бүр өгч, авдаг, нэхэмжлэгч Д.Цг ажлаа тараад ирэхэд нь халуун хоолтой угтаж, амралтын өдрүүдэд гэр орны бусад ажлуудыг өөрөө хийж, халамжилдаг байсан. Өөрөөр хэлбэл, миний бие Монгол Улсын Үндсэн хууль, Гэр бүлийн тухай хуулиудад заасан гэр бүлээ тэжээн тэтгэх, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх зэрэг хань, эцэг хүний хувьд үүргээ ёсчлон биелүүлж ирсэн. Харин хүчирхийлэл үйлддэг, дарамт шахалт гэдэг зүйл бидний амьдралд огт байгаагүй, эхнэрийн минь гэр бүлийн дунд гаргадаг зан суртахууны байдал бидний амьдралд сөргөөр нөлөөлсөн гэдгийг хариуцлагатайгаар хэлмээр байна.
Дээрхээс гадна нэхэмжлэгч Д.Ц нь олон удаа намайг цохиж зодох, хүүхдүүдээ зодох, ална гэж сүрдүүлэх хэрэг гарч байсныг цагдаагийн байгууллагад удаа дараа утсаар дуудлага, бичгээр өргөдөл өгч байсан. Өргөдөл гомдлоо буцаасан тул хэрэг хаагдаж байсан ч 2015 онд хүүхдээ алах гэж оролдсон хэрэг нь цагдаагийн байгууллагад бүртгэлтэй байдаг... гэж хууль, шүүхийн байгууллагаар гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдоогүй байгаа асуудалд намайг гүтгэх агуулга бүхий зүйлийг бичсэн байгаа нь мөн л үндэслэлгүй юм.
Монгол Улсын Үндсэн хуульд Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно гэж зааснаар миний бие түүнийг цохиж зодож байсан удаа байхгүй. Нэхэмжлэгч нь тусдаа амьдарч байх хугацаанд хүүхдээ усанд оруулах, хувцсаа угааж солих, эд хогшил авах гэх мэтээр гэрт ирж, хэрүүл маргаан үүсгэж, эд зүйл эвдэх, миний биед халдахад нь цагдаагийн байгууллагад 1 удаа дуудлага өгч байсан.
Миний бие нэхэмжлэлийн шаардлагаас гэрлэлт цуцлуулах, охин М.Эг нэхэмжлэгч Д.Цгийн асрамжид үлдээх, хүүхдийн тэтгэлэг төлөх шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Харин гэр бүлийн дундын эд хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-220 дугаартай Баянзүрх дүүрэг, орон сууцны ногдох хэсгийн хувьд тухайн орон сууцны өмчлөлийг өөртөө үлдээж, нэхэмжлэгч болон охин нарт ногдох хэсгийг мөнгөн хөрөнгөөр тооцож өгөх хүсэлтэй байна.
Иймд, би нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулахыг хүлээн зөвшөөрч, дундын өмчлөлийн эд хөрөнгийг өөрийн өмчлөлд үлдээгээд нэхэмжлэгчид ногдох мөнгөн хөрөнгийг төлөхөөр хэрэг маргааныг дуусгавар болгох саналтай байна гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Цгоос хариуцагч Ө.Мад холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс 34,000,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, талуудад хуульд заасан эрх, үүргийг тайлбарлан танилцуулсан байна.
1. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч Д.Ц, хариуцагч Ө.М нарыг 2013 оны 01 дүгээр сард танилцаад гэр бүл болсныг 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдөр бүртгэж, тэдгээрийн гэрлэлт Гэр бүлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д тус тус зааснаар хүчин төгөлдөр болжээ.
Гэр бүлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасны дагуу гэрлэлтийг бүртгэсэн өдрөөс эхлэн гэрлэгчдийн хооронд эрх, үүрэг үүсэх бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбараар зохигчдын гэрлэлт хүчин төгөлдөр, дуусгавар болоогүй, цуцлагдаагүй, гэрлэгчдийн эрх, үүрэг үргэлжилсэн хэвээр байна.
Гэрлэгчдийг хамт амьдрах хугацаанд тэдгээрийн дундаас 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр охин М.Э төрсөн бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ гэсний дагуу эх Д.Ц, эцэг Ө.М, М.Э нарын хувьд эцэг, эх, хүүхдийн эрх, үүрэг үүсэж, өнөөдрийн байдлаар зохигчдын хувьд эцэг, эх байх эрх нь хязгаарлагдаагүй, хасагдаагүй, эцэг, эх, хүүхдийн харилцаа үргэлжилж байгаа нь талуудын тайлбар, тэдгээрийн хүүхдийн төрсний гэрчилгээгээр тус тус тогтоогдож байна.
Гэвч гэрлэгчид хамт амьдрах хугацаанд зан ааш нь таардаггүй, хэрүүл маргаантай байсан, эхнэр Д.Ц болон нөхөр Ө.М нарын тайлбараар тэд гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэж, үүний улмаас байнгын таагүй харилцаатай буюу гэр бүлийн халуун дулаан уур амьсгалгүй болсноос 2019 оны 01 дүгээр сараас эхлэн өнөөдрийг хүртэлх хугацаанд тусдаа амьдарч байгаа, мөн энэ хугацаанд хариуцагч нь өөр хүнтэй хамтран амьдарч, хүүхэдтэй болсон гэсэн эдгээр шалтгаанаар зохигчид цаашид бие биетэйгээ хамт амьдрах хүсэл сонирхолгүй болжээ.
Шүүх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 129 дүгээр зүйлийн 129.1.7 болон 132 дугаар зүйлийн 132.1-д тус тус зааснаар гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авах үүрэгтэй.
Гэтэл нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтаар гэрлэгчид хэрүүл маргаантай байдгаас сэтгэл санааны хувьд тогтворгүй байдаг, цагдаагийн байгууллагаас хариуцагчийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэсэн үндэслэлээр шалгаж байсан, цаашид гэрлэгч нарын энэхүү харилцаа нь гэр бүлийн бусад гишүүнд сөрөг үр дагавар үүсгэх магадлалтайг үндэслэн эвлэрэх хугацаа өгөх шаардлагагүй гэж үзэв.
Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132.4-т зааснаас бусад гэр бүлийн харилцаанаас үүссэн маргааны эвлэрүүлэн зуучлах ажиллагааг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх ажиллагааны нэг гэж үзнэ гэж заасан бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132.4-т Харин Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу гэрлэгчид эвлэрэх боломжгүй буюу гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой аюул, хор уршиг учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүгч энэ хуулийн 132.1-д заасан арга хэмжээг авалгүйгээр гэрлэлтийг цуцалж болно гэж заасан байна.
Гэвч гэрчлэгчдийн зан ааш таардаггүй, хэрүүл маргаантай байсан эсэхийг үл харгалзан шүүхээс зохигч нарт эвлэрэх хүсэл зориг байгааг тодруулахад талууд дээр дурдсан шалтгаанаар эвлэрэхээс татгалзаж, гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн хэвээр байна.
Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д гэрлэлт гэж хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёр, сайн дурын, чөлөөтэй, тэгш эрхийн үндсэн дээр гэр бүл болох зорилгоор хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхийг хэлнэ гэж, мөн 4 дүгээр зүйлийн 4.1-д гэрлэлт нь тэгш эрх, сайн дурын харилцаан дээр үндэслэнэ гэж зааснаас гадна Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт ................................Гэрлэлт нь хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёрын тэгш эрх, сайн дурын харилцаанд үндэслэнэ гэж зааснаар гэрлэгчид эвлэрэхгүй бол шүүхээс тэдгээрт заавал гэрлэлтээ үргэлжлүүлэхийг даалгаж шийдвэрлэх учиргүй юм.
Энэ талаар 1962 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр баталж, 1964 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүчин төгөлдөр болсон Сайн дурын үндсэн дээр гэрлэх, гэрлэх насны доод хязгаар болон гэрлэлтийг бүртгэх тухай олон улсын конвенцийн 2 дугаар зүйлд Эрэгтэй, эмэгтэй хоёр хүн чөлөөтэй харилцан зөвшилцсөний үндсэн дээр гэрлэж болно........ гэж, мөн Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Нөхөр, эхнэр болох хоёр хүн чөлөөтэй, харилцан бүрэн зөвшөөрсөн нөхцөлд гэрлэж болно гэж тус тус заажээ.
Иймд, нэгэнт гэрлэлт буюу гэрлэгчдийн эрх, үүрэг нь сайн дурын үндсэн дээр үүсдэг харилцаа бөгөөд талууд гэрлэлт, гэр бүлийн харилцаагаа үргэлжлүүлэхээс татгалзаж байгаа тул шүүхээс дээр дурдсан үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар зохигчдыг эвлэрлүүлэх арга хэмжээг авахаас татгалзаж, гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.
2. Хариуцагч Ө.М нь охин М.Эг эх Д.Цгийн асрамжид үлдээхийг зөвшөөрсөн. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамт өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа тохиролцож болно гэж заасан. Өөрөөр хэлбэл, Хүүхдийн эрхийн тухай олон улсын конвенцийн 1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Хүүхэд гэж 18 наснаас өмнө насанд хүрсэнд тооцогдоогүй бол 18 нас хүрээгүй хүн бүрийг хүүхэд гэнэ гэсний дагуу 18-аас доош настай хүүхдийн асрамжийн талаар талууд тохиролцох, хэрэв гэрлэгчид тохиролцоогүй тохиолдолд шүүх хуульд заасан журмын дагуу шийдвэрлэдэг журамтай.
Иймд, гэрлэгчид охин М.Эг эхийн асрамжид үлдээх талаар маргаагүйг үндэслэн Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар хүүхдийг эхийн асрамжид үлдээхээр шийдвэрлэв.
3. Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь Монгол Улсын иргэний журамт үүрэг юм. Тодруулбал, Хүүхдийн эрхийн тухай олон улсын конвенцийн 27 дугаар зүйлийн 27.2-т Эцэг эх буюу хүүхдийн төлөө үүрэг хариуцлага хүлээж байгаа бусад хүн хүүхдийг хөгжүүлэхэд шаардагдах амьдралын нөхцөлийг өөрсдийн чадавхи, санхүүгийн боломжийн хэрээр хангах үндсэн үүрэг хүлээнэ гэж заасны дагуу зохигчид үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй.
Үүнийг Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ гэж, мөн 26 дугаар зүйлийн 26.1-д Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ гэж, түүнчлэн 26.2.2-т Эцэг, эх хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй гэж, 38 дугаар зүйлийн 38.1-д Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус тодорхой зохицуулсан тул эцэг Ө.М нь охин М.Эг тэжээн тэтгэх үүрэгтэй болно.
Иймээс дээрх хуулийн 40 дүгээр зүйлд тэтгэлгийн хэмжээний талаар зохицуулсан ба 40.1.1, 40.1.2-т тус тус зааснаар хүүхдийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Ө.Маар сар бүр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
4. Нэхэмжлэгч Д.Ц нь хариуцагч Б.Мад холбогдуулан Баянзүрх дүүрэг рон сууцыг 51,000,000.00 төгрөг /51,000,000:3=17,000,000x2=34,000,000/-өөр үнэлж, өөрт болон охин М.Эд ногдох хэсэгт нийт 34,000,000.00 төгрөгийг нэхэмжилсэн.
Ингээд талууд эвлэрлийн гэрээ байгуулж, хариуцагч Б.М нь хүүхдийн асрамж, тэтгэлгийн талаар маргаагүй ба харин өөрөө дээр дурдсан орон сууцны өмчлөгчөөр үлдэж, нэхэмжлэгч Д.Цд 34,000,000.00 төгрөгийг өгөхийг зөвшөөрсөн.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т Хариуцагч шүүхийн шийдвэр гарах хүртэл нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх буюу зохигч эвлэрч болно гэж заасан.
Тодруулбал, тус хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар талууд эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх тухайн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох захирамж гаргах зохицуулалттай ба энэ тохиолдолд Иргэний хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх ёстой.
Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, тэдгээрийн хооронд байгуулсан эвлэрлийн гэрээг үзвэл зохигчид хоорондын хамтран өмчлөх дундын эд хөрөнгөтэй холбоотой маргааныг эвлэрлийн журмаар шийдвэрлэсэн байх тул эвлэрлийн гэрээг батлах нь зүйтэй гэж үзэв.
Учир нь, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-д зааснаар хэргийн нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа багасгах, нэмэгдүүлэх, өөрчлөх, хариуцагч талтай эвлэрэх эрхтэй бол хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй юм.
Хэрэгт авагдсан баримтаар шүүх болон зохигч нарт энэхүү хэрэгт хуулиар хамгаалагдсан эрх ашиг нь хөндөгдөж буй зайлшгүй оролцуулбал зохих бусад гуравдагч этгээд байхгүй, тус Ү-220 тоот улсын бүртгэлийн дугаартай орон сууц нь нэхэмжлэгч болон хариуцагч нарын хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөр 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр бүртгэгдсэн байна.
Мөн тухайн эд хөрөнгөтэй холбоотой маргаан нь гэрлэгч нарын хооронд үүссэн харилцаанаас улбаатай шаардлагын хүрээнд эвлэрч байгаа ба шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйгээс үүсэх эрх зүйн үр дагавар гагцхүү зохигчдод хамаарах учир гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөж байна гэж үзэх нөхцөл байдал алга байх тул эвлэрлийн гэрээг батлах нь зүйтэй.
5. Шүүхээс ийнхүү нэхэмжлэгч Д.Ц, хариуцагч Ө.М нарын гэрлэлтийг цуцалж байгаа ч Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т заасан хүүхдийн өмнө хүлээсэн эцэг, эхийн хүлээсэн эрх, үүрэг, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан эцэг, эхийн хүүхдээ хүмүүжүүлэх үүрэг нь гэрлэгчид тусдаа амьдрах, гэрлэлтээ цуцлуулсан нь ч гэлээ тэдгээрийн хувьд байнга хадгалагдах бөгөөд гэрлэлт цуцлах нь эцэг, эх байх, эцэг, эх болон хүүхдийн хоорондын харилцаа болоод хүүхдийн өмнө хүлээсэн эрх, үүргийг дуусгавар болгож байгаа зүйл биш юм.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т зааснаар хүүхэд нь эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэйгээс гадна Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох тул хүүхдийн энэхүү эрх болон эцэг, эхийн эрх, үүргийг үндэслэлгүйгээр хязгаарлаж болохгүй.
Тийм учраас нэхэмжлэгчийн зүгээс хүүхдээ төрсөн эцэгтэй нь уулзахад аливаа хэлбэрээр саад болохгүй байх, хариуцагч нь эцэг хүний хувьд хүүхдийнхээ өмнө хүлээсэн эрх, үүрэг хэвээр байгааг үүгээр дурдаж байна.
Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.6, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгч Б.Д.Ц, хариуцагч Т.Ө.М нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг үндэслэн 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн охин М.Эг эх Д.Цгийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т тус тус зааснаар М.Эг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр төрсөн эцэг Ө.Маар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг үндэслэн хариуцагч Ө.М нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох Ү-220 тоот улсын бүртгэлийн дугаартай Баянзүрх дүүрэг 12 өрөө орон сууцнаас нэхэмжлэгч Д.Ц, охин М.Э нарт ногдох хэсэгт 34,000,000.00 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, тийнхүү төлсөн тохиолдолд хариуцагч нь тус орон сууцны өмчлөгч, эзэмшигчээр үлдэхийг зөвшөөрсөн зохигч нарын эвлэрлийн гэрээг баталсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг үүгээр дурдсугай.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 483,150.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн илүү төлсөн 47,135.00 төгрөгийг Хан-Уул дүүргийн Татварын хэлтсээс, хариуцагчаас 436,015.00 төгрөгийг гаргуулж тус тус нэхэмжлэгчид олгосугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д заасны дагуу гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 3 /гурав/ хоногийн дотор гэрлэлтийг бүртгүүлсэн Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Г даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР