Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 113/ШШ2022/0037

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Ганзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны I танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Н...... О...... (РД:..........),

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Батбаяр,

Хариуцагч: Говьсүмбэр аймаг дахь ................,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Болор-Эрдэнэ, Х.Наранбаатар нарын хоорондын төрийн албаны хөдөлмөрийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Болор-Эрдэнэ, Х.Наранбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Энхбат нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нь Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтсийн даргад холбогдуулан, 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулж, албанаас халах тухай” Б/98 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргаж, маргажээ.

2. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Н......н О.....нь Говьсүмбэр аймаг дахь ...... даргын (а) 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн Б/85 дугаар тушаалаар, цагдаагийн дэд ахлагч цол авч, тус .......... хэлтсийн Нийгмийн хэв журам хамгаалах тасгийн хамгаалалтын цагдаагаар томилогдсон бол (б) 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Б/98 дугаар тушаалаар албанаас чөлөөлөгдөж[1], цагдаагийн дэд ахлагч цолоо хураалгасан.

2.2. Хариуцагчийн зүгээс, Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрмийн 12.15 дугаар зүйлд заасан “Цагдаагийн төв байгууллагаас тогтоосон журам зөрчиж, албаны нэр хүндэд ноцтой хохирол учруулсан” зөрчил гаргасан гэх үндэслэлийг уг тушаалд тодорхойлон, шууд удирдлагад мэдэгдэхгүйгээр албаны хамрах хүрээнээс гарч явсан, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, бусдыг хүчиндэх гэмт хэрэгт холбогдсон гэжээ.

2.3. Говьсүмбэр аймаг дахь ........ 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Б/98 дугаар тушаалыг 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Н.О....д танилцуулж, баримтжуулсан.

2.4. Нэхэмжлэгчээс дээрх тушаалыг эс зөвшөөрч тус шүүхэд (а) 2022 оны 3 дугаар 11-ний өдөр “Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтсийн даргын 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулж, албанаас халах тухай” Б/98 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэл, (б) 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр “Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтэст Н.О....ыг урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн авахыг даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж байсныг шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6, 54.1.8-д заасан үндэслэлээр тухай бүр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэвээр үлдээжээ.

3. Хэргийн оролцогчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ, би хэрэг бүртгэлтийн ажиллагаанд гэрчээр оролцож байгаад, надад холбогдох хэсэг хэрэгсэхгүй болсон байхад шууд халсан.

3.2. Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтсийн даргын 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулж, албанаас халах тухай” Б/98 дугаар тушаалд Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрмийн 12.15 дахь заалтыг барьсан атлаа 1 жилийн хугацааг дурдаагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6-д заасан илт хууль бус захиргааны актын шинжийг хангана гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлно.

3.3. Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа, ... нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуульд заасан нөхцөл шаардлагыг хангасан, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна. Харин нэхэмжлэгч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4, 52.5.1-д зааснаар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн талаар дурдаагүй, нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэнэ.

3.4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтсийн дарга нь 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Б/98 тоот тушаалыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа явуулах нэрийн дор шууд тухайн этгээдээр өөрөөр нь гэм бурууг нь хүлээлгэх замаар нөхцөл байдлыг тогтоох гээд Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Нөхцөл байдлыг бодитойгоор тогтоох ажиллагаа явуулаагүй. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нотлогдож, торгуулийн арга хэмжээ авагдсан байх ёстой. Гэтэл эдгээр зүйлс явагдаагүй. Хүчингийн гэмт хэрэгт гэрчээр орж байгаа нь цагдаагийн албаны нэр хүндийг ноцтойгоор зөрчсөн байна гэдэг. Энэ нь цагдаагийн албаны нэр хүндэд яаж халдаад, ямар ноцтой хохирол учруулсан юм бэ гэдэг үйл явдлын шалтгаант холбоог тодорхой зааж өгөөгүй. Цагдаагийн албаны нэр хүндийг ноцтойгоор хохироож, унагаасан гэдэг үйл баримт тогтоогдоогүй байхад шууд ийм арга хэмжээ авсан. Н.О.....ын хувьд 1 жилийн хугацаанд гэм буруугаа тогтоолгоод ажилдаа буцаж орох юм байна гэсэн итгэл үнэмшилтэйгээр ажлаасаа гарсан байсан. Гэтэл энэ нь худлаа болох нь тогтоогдсон. Шүүх өмнө нь 2 удаа түүний нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Тэгэхэд тухайн хэрэгт хавсаргасан баримтуудаар бол 1 жилийн хугацаанд гэм буруугүй гэдгээ тогтоолгосны дараа ажилдаа эргэн орох хүсэл эрмэлзлэлтэй, ийм хэлцэл байгуулагдсаны үндсэн дээр ажлаас гарсан болох нь тогтоогдож, урьд өмнө гаргасан нэхэмжлэлүүд дээр энэ утга илэрхийлэгдсэн байгаа. Ийм учраас Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д зааснаар утга агуулгын илэрхий алдаатай гэдэг зүйлийг хэлээд байгаа. Энэ тушаалыг аваад үзэхээр гэмт хэрэг, зөрчилд холбогдсон гэдэг агуулгыг илэрхийлээд байгаа хэрнээ ёс зүйн дүрэм зөрчсөн гэж гарсан байгаа. Тушаал гарсан цаг мөчөөс өмнөх цаг хугацаанд тогтоох ямар ч боломжгүй байдалд шууд шийдвэр гаргасан байна. Тийм учраас утга агуулгын хувьд буруу байна. Гэмт хэрэгт холбогдсон болох нь шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор тогтоогдсон бол Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2 дахь заалтаар шууд халах үндэслэл болох байсан. Гэтэл гэмт хэрэгт холбогдсон гэж үндэслэлээ гаргасан боловч өөр хууль, ёс зүй болон сахилгын дүрмийг ноцтой зөрчсөн, цагдаагийн албаны нэр хүндийг унагасан гэж тайлбарлаад байгаа. Гэтэл цагдаагийн албаны нэр хүндийг унагаагаад байгаа юм уу гээд судлаад үзэх гэхээр энэ талаар олон нийтийн цахим сүлжээнд тавигдсан мэдээ мэдээлэл огт байхгүй. Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.8-д заасан хэм хэмжээг зөрчсөн үйлдэл нь өөрөө хууль бус үйлдэл, эс үйлдэхүй хийхийг шаардах гэсэн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5 дахь хэсэг рүү оруулан тайлбарлаж байгаа. Цагдаагийн алба гэдэг бол тусгай дүрэм журмаар ажилладаг хатуу чанга, сахилга баттай байх ёстой гэх мэтчилэн тунхагийн шинжтэй үг, өгүүлбэрийг хэрэглэж байгаа байдал ажиглагдаж байна. Энэ нь тухайн субъектэд ажиллаж байгаа албан хаагчийн хууль ёсны эрх ашгийг хөндөх тухай асуудал яригдана. Нэг ашиг сонирхол байхад нөгөө ашиг сонирхлыг хөндөх тухай асуудал яригдана. Нөгөө ашиг сонирхлыг хөндөхгүйн тулд хуульд заасан хэм хэмжээнүүдийг баримтлах ёстой. Тийм учраас Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6-д заасан үндэслэлийг яриад байна. Хуулийн хэм хэмжээг ижил төсөөтэйгөөр тайлбарлаад хүний эрх ашиг сонирхолд халдахыг хориглоно. Хуулийн ямар, ямар хэм хэмжээг зөрчсөн юм. Тэр нь ямар нотлох баримтаар тогтоогдож байгаа юм гэдэг нь ямар ажиллагаа явуулж, яаж баримтжуулж байгаагаар тогтоогдох ёстой. Хариуцагч өөрөө утга агуулгын илэрхий алдаатай буюу Захиргааны ерөнхий хуулийн 47.1.1-т заагдсан захиргааны акт гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Ямарваа нэгэн захиргааны байгууллагын гаргасан захиргааны актыг шүүх засан залруулж, үг үсгийн алдааг засаж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох тухай зохицуулалт байхгүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

3.5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... ямар зөрчилд буруутгаад байгаа нь тодорхойгүй, Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу тайлбар өгөх, түүнтэй холбоотой нотлох баримт өгөх тэр ажиллагааг нь хийгээгүй харагдаж байна. Энэ тушаалыг үзэхээр ерөөсөө Н.Отгонбатыг ямар зөрчилд холбогдолтойгоор буруутгаад байгаа вэ гэдэг үндэслэл харагддаггүй. Энэ нь өөрөө Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлд заасан бичгээр гаргасан акт нь ямар шаардлагыг хангах ёстой вэ, энэ шаардлагыг хангаагүй бол ямар эрх зүйн үр дагавар үүсэх вэ гэсэн зохицуулалт байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.3, 4.2.4 гэсэн заалтуудыг зөрчсөн. Мөн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.3, 26 дугаар зүйлд заасан процесс ажиллагаануудыг зөрчиж, оролцогчийн эрхийг хязгаарласан. Н.Отгонбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн байдал тогтоогдохгүй, гэмт хэргийн шинжгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан. Цагдаагийн төв байгууллагаас тогтоосон журам зөрчсөн гэдэг ч албаны нэр хүндэд ноцтой хохирол учруулсан талаарх нотолгоо хавтаст хэрэгт байхгүй. Албаны нэр хүнд гэдэг нь өөрөө хийсвэр ойлголт. Энэ ойлголт дахь ноцтой хохирол гэдгийг нотлох ёстой. Б/98 тоот тушаалд Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх заалтыг барьсан. Ажлаас чөлөөлсөн тушаалын 1 дэх заалт нь Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрмийн 12 дугаар зүйлийн 12.15 дахь заалтыг бариад байгаа. Энэ дүрмийг судлаад үзэхээр даргын зөвлөлийн хуралдаанаар шийдвэр гараад түүнийг нь үндэслэж ажлаас чөлөөлөх тухай тушаал гарах ёстой байсан. Хавтаст хэрэгт авагдсан 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн ээлжит бус хуралдааны тэмдэглэл гэж байгаа. Үүнийгээ юу гэж хэлээд байна вэ гэхээр манайх албаны шалгалт хийсэн, журмын дагуу даргын дэргэдэх зөвлөл хуралдсан гэдэг байдлаар тайлбар ирүүлээд байгаа. Үүнийг нь харахаар саяны дурдаад байгаа зөрчлүүдийн алийг нь ч хэлэлцээгүй. Анхнаасаа миний үйлчлүүлэгчийн эрх ашигт хууль бусаар халдсан. Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрмийн 12 дугаар зүйлийн 12.15 дахь заалтыг бариад албаны нэр хүндэд ноцтой хохирол учруулаад байна гээд байгаа боловч энэ нь өөрөө зөрчлийн шинжид тохирсон уу үгүй юу гэдгийг шүүх харах ёстой. Алба хаагч нь энэ дүрэмд заасан зөрчил гаргасан нь тогтоогдох юм бол Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4-т заасан сахилгын шийтгэлийн аль нэгийг оногдуулна гэж байгаа. Төрийн албан хаагчийг ажлаас чөлөөлж байгаа бол энэ шалтгаан үндэслэл нь захиргааны актад тодорхой тусгагдсан байх ёстой. Ямар зөрчилд буруутгаад халаад байгаа нь огт тусгагдаагүй байгаа. Захиргааны акт бол хуульч биш жирийн иргэд хүртэл хараад ойлгохоор ойлгомжтой байх ёстой. Тийм учраас Захиргааны ерөнхий хуульд тавих шаардлагуудыг болоод зарчимдаа оруулж өгсөн байгаа. Ямар зөрчилд холбогдсон, юунд буруутгаад байгаа, тэр нь юугаар нотлогдоод байгаа юм гэдэг нь тодорхой байх ёстой. Гэтэл Б/98 тоот тушаалыг хараад хэн ч, юу ч ойлгохооргүй байгаа. Захиргааны актын 40 дүгээр зүйлийн 40.2.3-т заасан захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах ёстой. Мөн зорилгодоо нийцсэн байх ёстой. Тухайн болсон нөхцөл байдалтай тохирсон байх ёстой. Үндэслэл бүхий байх ёстой гэсэн бүх хуулийн зарчим, процесс бүх зүйлийг зөрчсөн байгаа юм. Ийм учраас илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Түүнийгээ дэмжин оролцож байна. Шүүх шударга ёсыг тогтоож, миний үйлчлүүлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж өгнө үү” гэв.

3.6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх өмнө нь Н.О.....ын нэхэмжлэлийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан. Өнөөдөр Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтсийн даргын 2020 оны Б/98 дугаар тушаалыг шүүхээр хэлэлцүүлэхийн тулд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргах л ганцхан боломж байсан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу илт хууль бус болохыг тогтоолгох гэж байгаа тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа яригдахгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэл гаргаж байгаа. Утга агуулгын илэрхий алдаатай гэдэг ойлголт бол өөрөө энэ тушаалыг хэн ч уншсан ойлгогдохооргүй агуулгын алдааг хэлж байгаа болохоос биш процесс, үйл ажиллагаатай холбоотойгоор утга агуулгын илэрхий алдаатай гэж үзэхгүй. Ер нь бол хавтаст хэрэгт авагдсан баримт дээр гэмт хэрэгт шалгагдаж байсан нөхцөл байдал, болсон үйл явдлыг авч үзэхээр нэхэмжлэгч өөрөө ямар буруутай байсан юм бэ, талийгаач болсон тэр хүний араас машинд орж хохирогчтой бэлгийн харьцаанд орсон юм уу, үгүй юм уу гэдэг нөхцөл байдлууд нь хавтаст хэрэгт хангалттай авагдсан байгаа учраас энэ нь өөрөө ёс зүйн зөрчил, цагдаагийн албан хаагчид байж болохгүй ёс зүй юм гэдэг байдлаар тайлбарлаж байгаа. Тийм учраас Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэдэг нь үгүйсгэгдэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5 буюу хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан гэхээр захиргааны акт маань өөрөө энэ заалттай яаж холбогдоод байгаа гэдэг нь ойлгомжгүй байна. Энэ нь зөвхөн Н.О. гэх хүнтэй цагдаагийн байгууллага дахь хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож байгаа шийдвэр болохоос биш ямар нэгэн байдлаар тэр хүнээс хууль бус үйлдэл болон эс үйлдэхүй хийхийг шаардаагүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасан байдаг. Тийм учраас дээрх маргаан бүхий захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор маргасан 3 үндэслэл нь хангагдахгүй, нэхэмжлэгч тал үндэслэлээ нотолж чадаагүй учраас Н.О.....ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

4. Энэ хэрэгт Н.О....ын цагдаагийн албан дахь хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтсийн даргын Б/98 дугаартай тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.5, 47.1.6-д заасан илт хууль бус захиргааны актын шинжийг агуулж, нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн эсэх маргаан хэлэлцэгдсэн болно.

5. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан тайлбарыг, хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцэж, шинжлэн судлагдсан нотлох баримтуудтай харьцуулан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

6. Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтсийн даргын 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулж, албанаас халах тухай” Б/98 дугаар тушаалаар, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, Цагдаагийн албаны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 82 дугаар зүйлийн 82.1.1, Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрмийн 12 дугаар зүйлийн 12.15 дахь заалт, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам “Сахилгын шийтгэл ногдуулах” /код 914/-ын 914.3.2.б, “Албанаас чөлөөлөх, халах” /код 911/-ын 911.6.1, “Байгууллагын даргын тушаал гаргах” /код 136/-ын 136.5.2.г заалтыг үндэслэн цагдаагийн төв байгууллагаас тогтоосон журам зөрчиж, албаны нэр хүндэд ноцтой хохирол учруулсан зөрчил гаргасан гэж үзэж Н.О....ыг цагдаагийн албанаас халж, цагдаагийн дэд ахлагч цолыг хураажээ.

7. Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлно. Үүнд:

7.1. Н.О... нь албаны хамрах хүрээнээс шууд удирдах албан тушаалтны зөвшөөрөлгүй гарч явсан, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, бусдыг хүчиндэх гэмт хэрэгт холбогдсон зэрэг нь албаны нэр хүндэд ноцтой хохирол учруулсан зөрчил болох тул Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1-д зааснаар цагдаагийн албанаас халсан. Холбогдсон гэмт хэргийн хувьд түүний гэм буруугийн асуудлыг халах үндэслэл болгоогүй.

7.2. Маргаан бүхий Б/98 дугаар тушаалд “албанаас чөлөөлж” гэж техникийн алдаа гаргасан, үүнийг Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1, 45.2-т заасны дагуу захиргаа өөрөө засах боломжтой, харин энэ тушаал нь тус хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.5, 47.1.6-д заасан илт хууль бус захиргааны актын шинжийг агуулаагүй.

7.3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан “сонсох ажиллагаа хийгээгүй, шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөн” гэх үндэслэл нь захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоох нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй, харин хүчингүй болгох шаардлагад хамаарна. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх ёстой. Сонсох ажиллагаа явуулсан, маргаан бүхий Б/98 дугаар тушаалд тодорхойлсон зөрчлийг нэхэмжлэгч гаргасан болох нь албаны шалгалтаар тогтоогдсон гэж маргана.

8. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн өргөдөл, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбараас үзэхэд, маргаан бүхий захиргааны актыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.5, 47.1.6-д заасны дагуу илт хууль бус болохыг тогтоолгохоор шаардаж,  хариуцагчийн татгалзлын үндэслэлийг няцаахдаа дараах шаардлагын үндэслэлийг тодорхойлж байна. Үүнд:

8.1. Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтсийн даргын 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Б/98 дугаар тушаалд нэхэмжлэгчийн холбогдсон гэх гэмт хэргийн талаар дурдаагүй, мөн нөхцөл байдлыг тогтоогоогүй, нотлох баримт цуглуулаагүй, сонсох ажиллагаа явуулаагүй буюу Захиргааны ерөнхий хуулийн 24-27 дугаар зүйлд заасан ажиллагааг хийгээгүй, тус хуулийн 4.2.1, 4.2.3, 4.2.4, 4.2.5-д заасан зарчмыг зөрчсөн, оролцогчийн эрхийг хангаагүй.

8.2. Маргаан бүхий Б/98 дугаар тушаал нь захиргааны актад зөрчил, хууль зүйн үндэслэл тодорхой тусгагдсан байх шаардлагыг хангаагүй. Тушаал гаргахдаа цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд мөрддөг дүрэм журмуудыг хэрэгжүүлээгүй, Н.О.....ын зөрчилд Цагдаагийн албан хаагчийн сахилгын дүрмийн 8.4, 8.5, 12.15 дугаар зүйлд зааснаар Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4-д заасан сахилгын шийтгэлээс /сонгож/ ногдуулах байсан.

8.3. Албаны нэр хүнд гэдэг нь хийсвэр ойлголт бөгөөд ноцтой хохирол учирсан гэдгийг нотлоогүй, гэм буруу нь тогтоогдоогүй байхад ажлаас халсан. Н.О  согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нь тогтоогдоогүй, эрүүлжүүлэгдсэнийг ноцтой зөрчил гэж үзсэн, албаны дүрэм журмыг баримталж хөдөлмөрлөх эрхийг хязгаарласан нь буруу, цагдаагийн албан хаагчийн эрхийг зөвхөн хуульд заасан үндэслэлээр хязгаарлана. Хуулийн зүйл заалт, нэр томъёог зөрүүтэй хэрэглэсэн гэж тайлбарлана.

9. Н.О  нь Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтэст хамгаалалтын цагдаагаар томилогдон, 1 сар гаруйн хугацаанд ажиллаж байхдаа буюу 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр шууд удирдах албан тушаалтад мэдэгдэлгүй албаны хамрах хүрээнээс гарч, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг дахь төмөр замын 25 дугаар зөрлөгт очсон, Чойрт буцаж ирээд согтууруулах ундааны зүйл хэрэглэж, тээврийн хэрэгсэл жолоодсон, иргэн Б.Мөнхдэлгэрээс “10 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө бусдад хүчиндүүлсэн” гэх гомдол, мэдээллийг цагдаагийн байгууллагад гаргасан ба энэ хэрэгт холбогдсон гэх үндэслэлээр шалгагдах үед согтолтын зэрэг 0.35 гэсэн үзүүлэлттэй гарч, 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 04.40 цагт эрүүлжүүлэх байранд саатуулагдсан.

Улмаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд нь /албанаас халснаас хойш/ эрх бүхий албан тушаалтан Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1-д заасны дагуу шийтгэл оногдуулсан бол Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 30 дугаар тогтоолоор хэрэг бүртгэлтийн 201700177 дугаартай /холбогдсон гэх/ хэргийг хаасан үйл баримт Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 5/666 дугаартай албан бичиг, хавсралт, гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл, Цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлсэн хүний бүртгэл, рапорт, Н.О...ын 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн мэдүүлэг, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэж шийтгэл ногдуулсан материал (хэргийн 29-33, 37, 40-46, 127-135 дахь талд) зэрэг хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.  

10. Шууд удирдлагын зөвшөөрөлгүй албаны хамрах хүрээнээс гарч явсан, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, бусдыг бүлэглэн хүчиндэх гэмт хэрэгт холбогдсон гэх дээрх үйлдлийг цагдаагийн албаны нэр хүндэд ноцтой хохирол учруулсан зөрчил гэж үзэж, Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтсийн даргаас 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Б/98 дугаар тушаалыг гаргахдаа албаны шалгалт явуулж, даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэж, Н.О...д сонсох ажиллагаа явуулж, захиргааны актыг нэхэмжлэгчид гардуулсан болох нь Цагдаагийн хэлтсийн даргын албаны шалгалт явуулах шийдвэр, шалгалтын удирдамж, сонсох ажиллагааны мэдэгдэл ба тэмдэглэл, албаны шалгалтын материал танилцуулсан тэмдэглэл, даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөө, хурлын тэмдэглэл /Хэлэлцсэн нь: 4/, тушаалын дагалдах хуудас ба гардуулсан баримт зэргээр нотлогдоно. (хэргийн 38-39, 47-50, 99-102, 216-217 дахь талд)

 11. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3, 52 дугаар зүйлийн 52.5.1, 106 дугаар зүйлийн 106.3.2 дахь заалтаас үзэхэд, захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхэд (a) маргаж буй захиргааны акт нь /шаардлагын үндэслэлд тодорхойлсончлон/ Захиргааны ерөнхий хуульд заасан илт хууль бус захиргааны актын шинжийг агуулахын зэрэгцээ (б) нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан байх урьдчилсан нөхцөлүүд бүрэн хангагдсан тохиолдолд шүүхээс тухайн захиргааны актыг илт хууль бусад тооцох учиртай.

12. Захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоох нэхэмжлэлийн үндэслэлт байдлыг шалгахын тулд маргаан бүхий акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасан алдааг агуулж байгаа эсэхийг л шалгана, хүчингүй болгох нэхэмжлэлийн үндэслэлт байдлыг шалгадаг шиг захиргааны акт нь формаль болон материаллаг эрх зүйн шаардлагыг зөрчсөн эсэхийг бүхэлд нь шалгах шаардлагагүй. /Г.Банзрагч, Захиргааны процессын эрх зүй, х.205, (2019)/

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын төрлийг “маргаан бүхий захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох” гэж тодорхойлсон байхад шүүх нотлох зарчмыг эдгээр шаардлагын үндэслэлийн хүрээнд хэрэгжүүлж, эрх зүйн дүгнэлт хийх нь шүүх хэргийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх ойлголтыг илэрхийлэх ба энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсгийн non ultra petita зарчмын шаардлагад нийцнэ.

13. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, энэ хэсгийн 8.1, 8.2, 8.3-д тодорхойлсон: маргаан бүхий Б/98 дугаар тушаалд заасан зөрчлийг нотлоогүй, нөхцөл байдлыг тогтоогоогүй, сонсох ажиллагаа явуулаагүй, оролцогчийн эрхийг хангаагүй буюу Захиргааны ерөнхий хуульд заасан зарчим, шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчсөн, захиргааны акт зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон байх шаардлагыг хангаагүй; цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд баримтлах журмыг хэрэгжүүлээгүй; Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4 дэх хэсэгт заасан сахилгын шийтгэлийг ногдуулах байсан; гэх зарим шаардлагын үндэслэл нь маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлд хамаарахаас бус илт хууль бус болохыг тогтоох үндэслэл болохгүй.

Тодруулбал, тухайн захиргааны актад заасан хуулийн зүйл, заалт зөв, буруу эсэхийг буюу хариуцагч маргаан бүхий актыг гаргахдаа холбогдох хуулийг зөв хэрэглэсэн эсэх, шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөн эсэх, Н.О...д хүлээлгэсэн хариуцлага нь түүний гаргасан зөрчилд тохирсон эсэх талаар шүүхээс дүгнэлт өгөх шаардлагагүй, үүнийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн асуудал гэж үзнэ.

14. Харин нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын маргаж буй (а) холбогдсон гэмт хэргийн тухайд гэм буруутай эсэхээ тогтоолгосны дараа буюу 1 жилийн дараа цагдаагийн албанд эргэж ажиллаж болно гэсэн ойлголтыг нэхэмжлэгчид төрүүлсөн хирнээ маргаан бүхий Б/98 дугаар тушаалд тэр талаар тусгаагүй нь утга агуулгын илэрхий алдаатай; (б) Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.8 дахь хэсгийг зөрчсөнөөрөө хууль бус үйлдэл, эс үйлдэхүй гүйцэтгэхийг шаардсан; (в) гэм буруу, гаргасан зөрчил тогтоогдоогүй байхад Төрийн албаны тухай хууль бус цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг зохицуулсан дүрэм журам баримталж, албанаас халсан нь эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй; гэх шаардлагын үндэслэлээс үзэхэд, маргаан бүхий Б/98 дугаар тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.5, 47.1.6-д тус тус заасан илт хууль бус захиргааны актын шинжийг хангахгүй  байна гэж дүгнэв.

14.1. Захиргааны актын утга агуулгын илэрхий алдаа гэдэгт а/ хуульч биш дундаж боловсролтой бүх хүний хувьд уншихад агуулга ойлгомжтой, тодорхой байх шалгуурыг үл хангах, б/ захиргааны актаар зохицуулах гол харилцаа дутагдаж, хуулийн зохицуулалтыг давтсан алдаа /П.Одгэрэл, Захиргааны эрх зүйн ерөнхий анги, 3.хэвлэл, х.214, (2016)/-г ойлгох бол Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтсийн даргын 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулж, албанаас халах тухай” Б/98 дугаар тушаалд, цагдаагийн алба хаагчийг албанаас халахтай холбоотой хуулийн тодорхой зохицуулалтыг сонгон хэрэглэж, Н.О....ын гаргасан гэх зөрчил болоод тухайн тохиолдолд Цагдаагийн хэлтсийн даргын шийдвэр гаргах эрх хэмжээг тодорхойлсон холбогдох дүрэм, журмын заалтыг баримталж, Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1-д заасан албанаас халах хариуцлага хүлээлгэсэн гэж үзэхээр байх тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан “утга агуулгын илэрхий алдаатай”-нд хамаарах дээрх шинжүүдийг агуулсан гэж дүгнэх, энэ хэсгийн 14.(а)-д дурдсан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамаарах тайлбарыг хүлээн авах боломжгүй юм.

Албаны шалгалтын хүрээнд Н.О.....ын өгсөн мэдүүлэг, сонсох ажиллагааны тэмдэглэлд “... албанаас халах шийтгэл ногдуулах үндэслэлтэй байна, ... санал хүсэлт байхгүй”, “... Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1-д зааснаар албанаас чөлөөлж байгааг урьдчилан сонсгож байна, ...  тушаалыг гардуулав, ямар нэг санал гаргаагүй” гэхчлэн тэмдэглэгдсэн (хэргийн 45-46, 48, 217 дахь талд) зэргээс үзэхэд  захиргааны актын үйлчлэл чиглэсэн этгээд болох нэхэмжлэгч нь уг тушаалын агуулгыг танилцаж, ойлгосон болохыг тэмдэглэх нь зүйтэй.

14.2. Захиргааны актын зохицуулалт нь хандаж буй этгээдээс хууль зөрчихийг, тухайлбал эрүүгийн болон зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүй гүйцэтгэхийг шаардах нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5-д заасан илт хууль бус захиргааны актын шинж болдог.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.8 дахь хэсэгт зааснаар цагдаагийн алба хаагчид хариуцлага хүлээлгэх бол холбогдсон эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэр гарснаас хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл оногдуулах байтал гэм буруутай эсэх нь тогтоогдоогүй байхад албанаас халснаараа илт хууль бус захиргааны актын энэ шинжийг хангаж байгаа” гэх тайлбар нь хуулийн дээрх урьдчилсан нөхцөлтэй нийцэхгүй.

Энэ хэсгийн 14.3-т, маргаан бүхий Б/98 дугаар тушаал нь хууль, журамд заасан тодорхой үндэслэлээр нэхэмжлэгчийг цагдаагийн албанаас халах тухай шийдвэр болохыг дүгнэсэнтэй хамтатган үзэхэд, “Н.О....ын цагдаагийн байгууллага дахь хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох шийдвэр болохоос түүнийг ямар нэг хууль бус үйлдэл, эс үйлдэхүй гүйцэтгэхийг шаардаагүй” гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байна.

14.3. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэх ойлголт нь хуульд заагаагүй үндэслэлээр иргэний эрхэд халдсан буюу хуульд үндэслэх зарчмыг зөрчсөн алдааг илэрхийлдэг.

Энэ тохиолдолд, Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтсийн дарга нь Н.О...ыг цагдаагийн албанаас халах тухай тушаал гаргахдаа, хүний нөөцийн удирдлагыг хэрэгжүүлэх хүрээнд харьяа нутаг дэвсгэрийн цагдаагийн алба хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, чөлөөлөх, халах талаар Цагдаагийн хэлтсийн даргын эрх хэмжээг тодорхойлсон, Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам “Байгууллагын даргын тушаал гаргах” /код 136/-ын 136.5.2.г, “Сахилгын шийтгэл ногдуулах” /код 911/-ын 911.6.1 дэх заалтыг тус тус баримталжээ.

Түүнчлэн маргаан бүхий захиргааны актад тодорхойлсон “цагдаагийн төв байгууллагаас тогтоосон журам зөрчиж, албаны нэр хүндэд ноцтой хохирол учруулсан” гэх зөрчил тогтоогдсон гэж хариуцагчаас үзэж, Н.О...ыг цагдаагийн албанаас халах шийдвэр гаргасан байх тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, маргаан бүхий Б/98 дугаар тушаалыг захиргааны актад тавигдах эрх зүйн формаль шаардлагын хувьд хуульд үндэслэх зарчмыг зөрчсөн, хуульд заагаагүй үндэслэлээр иргэний эрхэд халдсан гэж дүгнэн, илт хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 Нэгтгэн дүгнэвэл,

14.4. Нэхэмжлэгчээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-т заасны дагуу илт хууль бус болохыг тогтоолгохоор шаардаж буй Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтсийн даргын 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Б/98 дугаар тушаал нь нэхэмжлэгчийн тодорхойлсон шаардлагын үндэслэлийн хүрээнд, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасан илт хууль бус захиргааны актын шинжийг агуулаагүй, нэхэмжлэгчийн тодорхойлсон хөдөлмөрлөх эрхийг хязгаарлаагүй байх тул Н.О....ын гаргасан нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.

14.5. Захиргааны байгууллага, албан тушаалтны шийдвэр гаргах ажиллагааны зарчмыг мөрдөөгүй, бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, нотлох баримт цуглуулаагүй, оролцогчийн эрхийг хангаагүй, холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлээгүй гэх шаардлагын үндэслэлүүд нь “захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн төрөлд хамаарахгүй тул шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ уг асуудалд нотлох зарчмыг хэрэгжүүлж, эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй болно.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.5, 47.1.6 дахь заалтыг баримтлан Н.О....ын гаргасан “Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтсийн даргын 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Сахилгын шийтгэл ногдуулж, албанаас халах тухай Б/98 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1–д зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         З.ГАНЗОРИГ

 

                  

 

[1] Маргаан бүхий Б/98 дугаар тушаалын тэргүүг “Сахилгын шийтгэл ногдуулж, албанаас халах тухай” гэж тодорхойлж, Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1 дэх заалтыг тушаалын үндэслэл болгож баримталсан боловч 1 дэх заалтад “албанаас чөлөөлж” гэж /зөрүүтэй/ бичсэн.