Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 101/ШШ2022/01455

 

 

 

 

 

2022 03 31

101/ШШ2022/01455

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Д,

 

Нэхэмжлэгч: В.А-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.Бхолбогдох,

 

Орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай үндсэн,

Байрны урьдчилгаанд төлсөн 50,000,000 төгрөг, тус байранд засвар үйлчилгээ хийсэн 41,000,000 төгрөг, нийт 91,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Түвшинжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Б.Д миний бие өөрийн хөрөнгөөр үл хөдлөх эд хөрөнгийн ******* дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Нарны зам гудамж, Ногоон төгөл 99В байр, ******* хаягт байрлах 108,6 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 2012 онд ашиглалтанд ороход нь худалдан авч өөрийн охин В.Аын хамт өнөөдрийг хүртэл өмчилж байгаа. Бид тус орон сууцандаа амьдрахгүй, өөр газар амьдрах болсон тул өөрийн төрсөн ах Б.Быг өөрсдийн орон сууцандаа түр амьдарч байхыг зөвшөөрч, түүнийг 2017 оноос хойш амьдруулж байгаа. Бидний хувьд өөрсдийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Нарны зам гудамж, Ногоон төгөл 99-В байр, ******* хаягт байрлах 108,6 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцаа худалдан борлуулах шаардлага үүссэн тул тус орон сууцанд түр амьдарч байгаа ах Б.Быг чөлөөлж өгөхийг удаа дараа хэлж, шаардсан. Гэвч ах Б.Б нь бидний орон сууцыг чөлөөлж өгөхгүй, бидний өмчлөлийн орон сууцнаас гарахгүй бидэнд хүндрэл учруулж байгаа тул арга буюу шүүхэд хандаж байна. Иймд Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Нарны зам гудамж, Ногоон төгөл 99-В байр, ******* хаягт байрлах 108,6 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг Б.Бын хууль бус эзэмшлээс чөлөөлж, албадан гаргуулж өгнө үү. гэв.

 

2. Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянзүрх дүүргийн шүүхэд хянагдаж буй иргэн Б овогтой Дгийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын үл хөдлөх эд хөрөнгийн Улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэсэн Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, ******* Хотхон, 99в-******* байрнаас албадан чөлөөлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Учир нь 2005 онд миний төрсөн дүү ******* овогтой Дд төрсөн ах болох Б овогтой Б миний бие нь дүүгийнхээ нөхцөл байдлыг харгалзан үззж сэтгэлээсээ туслахаар шийдэн, амьдрал амьжиргаанд нь нэмэр болох зорилгоор өөртөө байр авахаар хадгалж байсан 14,0 мянган доллар /Арван дөрвөн мянган доллар тухайн үеийн ханшаар 3 өрөө байрны мөнгө байсан/-ыг дүүдээ өгч байсан. 2016 оны би орон сууцаа томруулахаар байр хөөцөлдөж байсан ба улмаар Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, ******* Хотхон, ******* байрыг төрсөн дүүтэйгээ ярилцаж Б.Дгийн 140,0 сая төгрөгөөр худалдахаар санал болгосны дагуу /ээж минь надад түлхүүр хадагны хамт өгсөн байдаг/ миний бие 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн тус байранд нүүж амьдрах болсон. Ингээд ярилцаж тохироцсоны дагуу 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Б.Дгийн Хас банкны 5001689268 тоот дансанд Шинэ дөл хотхон 99В-ын, ******* 3 өрөө байрны урьдчилгаа болох 50,0 сая төгрөгийг шилжүүлсэн байдаг.

Б.Б миний бие нь Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, ******* Хотхон, 99в-******* байранд засвар хийх шаардлагаа гарсан юм. Учир нь тус байрны шал нь нүх сүв гарсан, хулгана гүйсэн, сантехник нь муудаж, тааз болон шалан доогуур явсан сантехник муудаж их хэмжээний ус доод талын айл руу алддаг болсон, цахилгааны болон бусад гэмтлүүдийн улмаас хэсэгчилсэн засвар хийх боломжгүй байдал үүсч их хэмжээний засвар хийх шаардлага гарсан тул 2018 оны намар 10 дугаар сард засварын бригад хөлсөлж бүх өрөөний дотор засал /уналттай тааз, ; иахилгааны бүрэн засвар, хананы обой наах, балкон шиллэх, паркетлах, сантехникын засвар үйлчилгээ, ачаа тээврийн зардал, ажилчдын хөлс г.мэт/ өөрийн хөрөнгө, санхүү, хүч хөдөлмөр, гарган бүрэн засвар хийсэн. Энэхүү засварт нийт 60 орчим сая төгрөг зарцуулсан юм.

Нэхэмжлэлд дурдсаны дагуу үнэхээр түүний байранд түр хугацаанд амьдрахаар орсон бол миний бие байрны мөнгө гэж 50 сая төгрөг шилжүүлж дээр нь түр толгой хорогдохоор гуйж орсон байрандаа 60 сая төгрөгийн засвар хийх байсан уу. Зөвхөн энэ баримтаас харахад нэхэмжлэгчийн хууль бус өмчлөл гэсэн нь үгүйсгэгдэж байна.

Тухайн үед Б.Д энэ байрыг зарахгүй ээ, та зүгээр амьдарч бай гэж хэлсэн бол яаж ч бодсон миний хувьд өөрийнхөө байрыг 65,900 сая төгрөгөөр зарахгүй байсан ба энэ байранд 60,0 гаруй сая төгрөгний засвар хийж, ийм хэмжээний зарлага гаргах ямар ч шаардлагагүй байсан. Төрсөн ахын хувьд ах дүү хоёр шүүхийн хаалга татаад өмч булаалцалдан, дүү нь ахыгаа ямар ч хамаагүй аргаар гудамжинд гаргах гээд улайран хөөцөлдөөд явж байна гэж сонсох, ах дүү, төрөл садангуудын өмнө ээжийн минь сэтгэл ямар хүнд байдалд орох тухай дүүдээ сануулж, тайлбарлаж, хэлж эвлэрэх гэж оролдсон боловч төрсөн эхийгээ ч бодохгүй нэхэмжлэл хэвээрээ байгаа гээд хэнэг ч үгүй шүүгчийн туслахаар дамжуулан хэлсэнд миний бие туйлаас харамсаж байна. Энэ бүх маргаанаас болоод ээжид минь ямарваа нэгэн зүйл тохиолдвол, худал мэдүүлэг өгч шүүхэд нэхэмжлэл гаргасан Б.Д ганцаараа хариуцах болно. Иймд Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Шинэ дөл хотхоны 99-В байрны ******* 3 өрөө орон сууцыг худалдах-худалдан авах хэлцлийн дагуу зохих ёсоор урьдчилгаа төлбөрийг нь төлөөд амьдарч байгаа учир нэхэмжлэлийн шаардалгыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.гэжээ.

 

3. Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тус шүүхэд Б.Д, В.А нарын нэхэмжлэлтэй иргэний хэрэг хянан шийдвэрлэгдэж байгаа бөгөөд хариуцагч Б.Б миний бие Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэг, 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон нэхэмжлэгч нарт холбогдуулан дараах сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна.

Нэхэмжлэгч нарын зүгээс Баянзүрх дүүрэг, 225 дугаар хороо, 13 дугаар хороолол, Нарны зам, Шинэ дөл 99В байриы ******* байрандаа амьдрахаа больсон тул намайг түр амьдрахыг зөвшөөрч 2017 оноос өнөөдрийг хүртэл байлгаж байгаа, гэсэн ч орон гэргүй хүнийг өрөвдөөд гэртээ түр амьдруулсан биш сүүлдээ давраад байрнаас нь гарахаа байчихсан, гуйгаад гарч өгөхгүй болохоор нь аргаа бараад шүүхэд хандаж байгаа мэтээр бичсэнийг яагаад хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаараа хариу тайлбартаа бичсэн.

Бодит байдал дээр Б.Д болон түүний гэр бүлийнхэн 2015 оноос уг байрнаасаа нүүгээд хэн ч амьдраагүй байсан ба бид уг байрыг Б.Дгаас 140 сая төгрөгөөр худалдаж авахаар болж 2016 оны 8 сарын 30-ны өдөр би нүүж орсон. Улмаар 2018 оны 7 сарын 7-ны өдөр байрны урьдчилгаа болох 50 сая төгрөгийг Б.Дгийн Хас банкны дансанд Байрны төлбөр гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлж байсан. Бид худалдаж авсан байрандаа 2017-2018 оны хооронд тухайн үеийн ханшаар 40 орчим сая төгрөгөөр иж бүрэн засварыг хийж гүйцэтгэсэн. Бид уг байрыг 140 сая төгрөгөөр худалдан авах, үнийг төлөхдөө ах дүүс учир уян хатан байдлаар боломжоороо төлөхөөр тохиролцсоныг түүний нөхөр Г.А болон миний хамтран амьдрагч Т.Э нар мэдэж байгаа. Тухайн үед орон сууц худалдах-худалдан авах гэрээг бичгээр байгуулж амжаагүй шалтгаан нь нэгдүгээрт төрсөн ах дүү нар учраас би түүнд итгэж байсан, хоёрдугаарт үнийн уян хатан нөхцөлтэй тохирсон байсанд ба гэрээг иргэний хуульд заасны дагуу бичгээр байгуулж нотариатаар батлуулж амжаагүй байхдаа дүүтэйгээ үл ойлголцож улмаар шүүхдэлцэх дээрээ хүрээд байна.

Одоо дүү маань ярилцаж тохиролцсоноосоо буцаж, түүгээр ч зогсохгүй төрсөн ахыгаа шүүхэд илт гүтгэж бодит байдлыг нууж, намайг байранд нь түр амьдарна гэж гуйж орчоод гарахгүй байгаа мэтээр бичиж байгаад гайхаж байна. Дүүдээ итгэж байсан учраас гэрээг бичгээр байгуулж, нотариатаар батлуулж, улсын бүртгэлд бүртгүүлээгүйдээ одоо хохирч байх шиг байна.

Хэдий бичгээр гэрээ байгуулаагүй ч талууд тус байрыг худалдаж, худалдан авахаар хүсэл зоригоо илэрхийлж аман хэлцэл байгуулсны дагуу урьдчилгаа төлбөр төлж, байранд засвар хийсэн учир Б.Д одоо намайг байрнаас гаргах гэж байгаа бол байрны урьдчилгаанд төлсөн 50 сая төгрөг, байрны засварт зарцуулсан 41 сая төгрөг нийт 91 сая төгрөгийг надад буцаан төлөх ёстой гэж үзэж байна. Иймд Б.Д, В.А нараас Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Нарны зам, Шинэ дөл 99В байрны ******* байрны урьдчилгаанд төлсөн 50 сая төгрөг, тус байранд засвар үйлчилгээ хийсэн 41 сая төгрөг нийт 91 сая төгрөгийг гаргуулж өгнө үү. гэв.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Б.Дгийн дансанд хариуцагчаас өгсөн гэх 50,000,000 төгрөг орсон тул түүнийг буцаан өгөхийг хүлээн зөвшөөрнө. Харин Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Нарны зам гудамж, Ногоон төгөл 99-В байр, ******* хаягт байрлах 108,6 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцанд засвар хийсэн гэх 41,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь тус орон сууцанд засвар хийхгүй бол зориулалтын дагуу ашиглах боломжгүй, зайлшгүй засвар хийх шаардлагатай байгаагүй бөгөөд шинээр ашиглалтанд орсон, шинэ байр байсан. Хариуцагч их засвар хийх тохиолдолд зайлшгүй өмчлөгчөөс зөвшөөрөл авахаар хуульчилсан бөгөөд талууд тохиролцож засварын ажил гүйцэтгэж, төлбөрийг хэн хариуцах талаар тохирсон байх ёстой боловч тохирсон зүйл огт байгаагүй, засвар хийх шаардлага ч байгаагүй. Хэрэв нэхэмжлэгч орон сууцаа хөлсөлж, түрээсэлсэн бол хөлсөлсөн, түрээсэлсэн хэмжээний хохирол шаардах байсан боловч ах дүүс харилцан хохирол, үр дагавар шаардах нь зохимжгүй юм. Гэвч хариуцагч нь өөрийн дураар орон сууцны хийцлэлийг өөрчилж засвар хийсэн атлаа засварын мөнгийг нэхэмжлэгчээс нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 41,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.гэв.

 

5. Нэхэмжлэгчээс хавтаст хэргийн 3-8 дугаар тал, 25-34 дүгээр талд авагдсан баримтуудыг, хариуцагчаас 21 дүгээр тал, 40-46 дугаар тал, 85-110 дугаар талд авагдсан баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн.

Шүүхийн журмаар гэрч С.Р, Б.Г нараас гэрчийн мэдүүлэг авах ажиллагааг хийсэн байна.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч нь Б.Д, В.А нар нь хариуцагч Б.Бод холбогдуулан Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Нарны зам гудамж, Ногоон төгөл 99В байр, ******* хаягт байрлах, 108.6 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага,

Хариуцагч нь орон сууцны урьдчилгаанд төлсөн 50,000,000 төгрөг, засварын зардал 41,000,000 төгрөг, нийт 91,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргажээ.

3. Хариуцагч Б.Б нь хариуцагчийн эзэмшил хууль бус гэдэг нь тогтоогдохгүй, 50,000,000 төгрөгийг шилжүүлсэн, хүлээн авсан тул хариуцагчийн эзэмшил хууль ёсны гэж маргаж байна.

4. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн 50,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө, 41,000,000 төгрөгийн засвар хийх зайлшгүй шаардлага байгаагүй, мөн өмчлөгчийн зөвшөөрөл аваагүй тул засварын мөнгийг төлөх үндэслэлгүй гэж маргажээ.

5. Шүүх дараах дүгнэлт хийлээ.

Эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Нарны зам 99-В байр ******* хаягт байрлах 108.6 м.кв бүхий 3 өрөө орон сууц нь нэхэмжлэгч Б.Д, В.А нарын өмчлөлийн орон сууц болох нь зохигчийн тайлбар, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн лавлагаа баримтаар тогтоогдож байна. /хх-6-7/

Нэхэмжлэлд орон сууцны хаягийг Ногоон төгөл гэсэн ба гэрчийн мэдүүлэг авах үед гэрчүүдээс, шүүх хуралдааны явцад зохигч талуудаас хаягийн талаар тодруулж, хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээнд тодорхойлсон хаягаар маргаан бүхий орон сууцны хаягийг шүүхийн шийдвэрт тусгав.

Нэхэмжлэгч Б.Д, хариуцагч Б.Б нар нь төрсөн ах дүү болох нь зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлгээр тогтоогдоно.

Нэхэмжлэгч нь төрсөн ах Б.Быг өөрийн орон сууцандаа түр амьдруулахаар зөвшөөрч, 2017 оноос хойш амьдруулж байгаа, орон сууцаа худалдан борлуулах шаардлагатай болсон тул чөлөөлж өгөхийг удаа дараа шаардсан боловч чөлөөлөхгүй байгаа талаар, хариуцагч Б.Б нь уг орон сууцыг худалдан авахаар тохирч 50,000,000 төгрөгийг шилжүүлсэн, цаашид өөрсдөө амьдрах тул засвар хийсэн, орон сууцыг чөлөөлөх үндэслэлгүй гэж маргаж байна.

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т заасан Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгийн өмчлөх эрх дуусгавар болно гэж заасан.

Гэтэл зохигч талуудын хооронд үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах тухай бичгээр гэрээ байгуулаагүй ба нэхэмжлэгч нь түр амьдруулахаар байрандаа оруулсан, хариуцагч нь худалдахаар тохирч байрандаа оруулсан гэж өөр өөрөөр тайлбарлаж байгаагаас үзэхэд талуудын хооронд үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдах авах хүсэл зоригийн илэрхийлэл байсан эсэх, энэ нь хэрхэн хэрэгжсэн нь маргаантай байна.

Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно, нөгөө тал хүсэл зоригийн илэрхийллийг хүлээж авахаас урьдчилан буюу шууд татгалзсан бол хүсэл зоригийн илэрхийллийг хүчин төгөлдөр бус гэж тооцно гэж заажээ.

Хариуцагч Б.Б нь байрны үнэд 50,000,000 төгрөгийг 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Б.Дд дансаар шилжүүлсэн болох нь Худалдаа хөгжлийн банкин дахь Б.Бын дансны хуулгаар тогтоогдох ба талууд мөнгө шилжүүлсэн үйл баримтад маргаагүй.

Б.Д уг мөнгийг дансаар хүлээн авч буцаан шилжүүлээгүйгээс үзэхэд орон сууц худалдах авах хүсэл зоригийн илэрхийллийг үгүйсгээгүй гэж үзэхээр боловч хэлцэл хийсэн гэж үзэх үндэслэл хуулиар үгүйсгэгдэж байна.

Тодруулбал, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх нэг этгээдээс нөгөөд шилжихдээ насанд хүрсэн өмчлөгч тус бүрийн бичгээр гаргасан зөвшөөрлийг үндэслэн өмчлөх эрх шилжүүлэх аливаа хэлцэл нь бичгээр хийгдэх, нотариатчаар гэрчлүүлэх, улмаар улсын бүртгэлд бүртгэгдэх хуулийн зохицуулалттай.

Иймээс Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.10-т Энэ хуулийн 421-1-д зааснаас бусад тохиолдолд бичгээр хийх хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хүчин төгөлдөр бус байх бөгөөд энэ тохиолдолд талууд хэлцлээр авсан бүх харилцан буцааж өгнө гэсний дагуу хэлцэл хүчин төгөлдөр бус байх бөгөөд талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичгийг үйлдэж, гарын үсэг зураагүй тул хүсэл зоригийн илэрхийлэл хэрэгжээгүй, хэлцэл хийсэн гэж үзэх үндэслэлгүй гэж үзлээ.

Цаашлаад мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.11-т зааснаар бичгээр хийх хуулийн шаардлагыг зөрчсөн хэлцлийн талаар маргасан тохиолдолд энэ нь хуульд өөрөөр заагаагүй бол тэдгээр нь гэрчээр нотлох эрхээ алдах тул гэрч С.Р, Б.Г нарын мэдүүлэг маргаан бүхий орон сууцыг худалдах-хулалдан авах хэлцэл хийгдсэн эсэхд нотолгооны ач холбогдолгүй болно.

Дээрх үйл баримтаас үзэхэд хариуцагч нь маргаан бүхий орон сууцанд нэхэмжлэгчийн зөвшөөрлөөр орсон боловч орон сууц худалдах-худалдан авахтай холбоотой хэлцэл хүчин төгөлдөр бус байх тул хариуцагчийн эзэмшил хууль бус болжээ.

Иймд маргаан бүхий орон сууцны өмчлөгч нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар өмчлөлийн орон сууцаа хариуцагчийн эзэмшлээс шаардах эрхтэй гэж үзлээ.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.10-т зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцлийн хувьд талууд хэлцлээр авсан бүх зүйлээ буцааж өгөх тул байрны үнэд гэж шилжүүлсэн 50,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж хариуцагчид олгох нь зүйтэй байна.

Маргаан бүхий орон сууцанд хийсэн засварын зардалд 41,000,000 төгрөгийн тухайд завсар хийх талаар өмчлөгчийн зөвшөөрөл аваагүй, үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг бичгээр хийгээгүй тохиолдолд Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.5-д зааснаар засварын зардал нь буцаан шаардах шаардлагад хамаарахгүй тул 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлгүй гэж үзэж сөрөг нэхэмжлэлээс засварын зардал 41,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлагад 70,200 төгрөг төлснийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч нарт олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад хариуцагчийн төлсөн 612,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, 50,000,000 төгрөг ногдох улсын тэмдэгтийн хураамж 407,950 төгрөгийг нэхэмжлэгч нараас гаргуулж хариуцагчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар Эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Нарны зам 99-В байр ******* хаягт байрлах 108.6 м.кв бүхий 3 өрөө орон сууцыг хариуцагч Б.Бын хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.

2. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.10, 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар сөрөг нэхэмжлэлээс 50,000,000 төгрөгийг нэхэмжлэгч нараас гаргуулж хариуцагчид олгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул 41,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч нарт олгож, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 612,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамж 407,950 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ