Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 183/ШШ2022/00416

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 02 сарын 21 өдөр Дугаар 183/ШШ2022/00416 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, Жаргалан хотхон, 00 байр, 0 тоот хаягт оршин суух, Т овогт Д-н Д /РД:0000000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, Жаргалан, АОС байр, 00 тоот хаягт оршин суух, А овогт А-ын А /РД:00000000000/-д холбогдох,

 

Түрээсийн гэрээний үүрэгт 39 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Х , нарийн бичгийн дарга Б.С нар оролцов. Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, Стадион Оргил, Махатма Гандигийн гудамж 00-0 тоот хаягт байршилтай 000 м.кв талбайтай хувийн амины орон сууцыг бусдад түрээслүүлэхээр Үл хөдлөх эд хөрөнгийг түрээсийн үйлчилгээг үзүүлэгч Биг энд Бэст ХХК-тай Үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэхэд зуучлах гэрээг 2020.01.14-ний өдөр байгуулсан. Үүний дагуу тус зуучлагч компанийн зүгээс хариуцагч А.Аг зуучилж өгсний үндсэн дээр түүнтэй 2021.03.31-ний өдөр 3 жилийн хугацаатай түрээсийн гэрээг байгуулсан. Түрээсийн гэрээний 2.2 дахь заалтаар нэг сарын түрээсийн төлбөр 8 500 000 төгрөг байхаар талууд харилцан тохиролцсон. Гэрээний 2.3 дахь заалтаар гэрээ байгуулсан даруйд түрээсийн гэрээний барьцаа төлбөрт 1 сарын түрээс буюу 8 500 000 төгрөгийг, эхний сарын түрээсийн төлбөрийн хамт 2020.04.01-ний өдрийн дотор төлөхөөр, цаашид сар бүр төлөхөөр тохирсон. А.А гийн зүгээс гэрээгээр тохиролцсоны дагуу 2020.04.03-ний өдөр түрээсийн 2020 оны 05 дугаар сарын төлбөрийг, 1 сарын барьцааны хамт 17 000 000 төгрөгийг төлсөн. Түрээслэгч нь түрээсийн орон сууцанд гэрээнд заасны дагуу 1 сарын хугацаанд засвар өөрчлөлтийг өөрийн явуулах гэж буй гоо сайхны үйлчилгээндээ нийцүүлж засварыг хийж ажилласан. Үүнээс хойш түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөхгүй байсан тул А.Агийн ......... хаягаар 2020.09.21, 2020.09.29, 2020.10.09, 2020.10.19, 2021.07.19-ний өдөр мэйлүүдийг удаа дараа явуулж түрээсийн төлбөрийг нэхэмжилсэн боловч төлбөрийг төлөөгүй өдийг хүрсэн. 2021.10.19-ний өдөр мэйл явуулахдаа 2020 оны 10 дугаар сарын түрээсийн төлбөрөө өмнөх сарын түрээсийн төлбөрүүдийн хамт төлөөд гэрээг цуцалж, анхны байдалд нь оруулж орон сууцаа хүлээлгэн өгөхийг мэдэгдсэн. Үүний дараагаар удаа дараа А.Агаас түрээсийн төлбөрийг нэхэмжилж мэйл явуулах, утсаар ярьж шаардсаар 2020.12.11-ний өдөр 5 000 000 төгрөг, 2021.02.10-ны өдөр 3 000 000 төгрөг нийт 8 000 000 төгрөгийг явуулснаас өөрөөр түрээсийн төлбөрийг огт төлөөгүй болно. А.А нь 2020.05.01-нээс хойш түрээсийн төлбөрт 8 500 000 төгрөг, нэг сарын барьцаанд 8 500 000 төгрөг, 2020.12, 2021.02 сард нийт 8 000 000 төгрөг, нийт 25 000 000 төгрөгийг түрээсийн хугацаанд төлсөн. Түрээслүүлэгчийн зүгээс түрээслэгчтэй байгуулсан орон сууцны түрээсийн гэрээг 2020.11.01-ний өдрөөр тасалбар болгож цуцалж байгааг мэдэгдэж мэйл хүргүүлсэн тул нийт 2020.05.01-2020.11.01-ний өдрийг хүртэл 6 сарын төлбөр нийт 51 000 000 төгрөгөөс төлсөн 25 000 000 төгрөгийг хасч үлдэх 26 000 000 төгрөгийг түүнээс гаргуулахаар нэхэмжилж байна. Мөн гэрээний 6.2-т ...Түрээслэгч гэрээний 2.6-д заасан төлбөрийн үүргээ гэрээний хугацаанд төлөх ба хугацаанаас хойш 3 хоног дотор төлөх ба хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алданги төлнө... гэж заасныг үндэслэн алданги 13 000 000 төгрөг нийт 39 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Орон сууцны түрээсийн гэрээ-ний 2.4 дэх хэсэгт заасан түрээсийн төлбөрийн төлбөрийн дагуу төлөх үүрэг хүлээсэн нийт 26 000 000 төгрөгийг төлөх үүргээ хүлээн зөвшөөрөх боломжтой. Харин 13 000 000 төгрөгийн алдангийг хүлээн зөвшөөрөх боломжгүй болно. Учир нь миний бие Хан-Уул дүүргийн 00 дугаар Стадион Оргил, Махатма Гандигийн гудамж 00-0 тоот хаягт байршилтай 000 м.кв талбайтай хувийн амины орон сууцыг 2020 оны 00 дүгээр сарын 00-ны өдрөөс эхлэн түрээслэх явцдаа 12 600 000 төгрөгийн өртөг бүхий Партишн хана-ыг Гласс вейр ХХК-иар бүрэн гүйцэтгүүлэн байршуулж, өнөөдрийг хүртэл тус ханийг түрээс талбайд энэхүү тусгаарлагч хана ашиглагдаж байна. Миний зүгээс талбайд очин, өөрийн хөрөнгөөр ашиглалтад оруулсан партишн ханыг салган авах хүсэлт гаргасан хэдий ч тухайн талбайд түрээсийн үйл ажиллагаа явуулж буй дараагийн аж ахуйн нэгж тухайн хана нь манай үйл ажиллагаанд хэрэглэгдэж буй гол хэрэглэгдэхүүний нэг учир өгөх боломжгүй тухай хэлсэн. Нэхэмжлэгч болон түүний түрээсийн талбайд миний өөрийн хөрөнгөөр ашиглалтад оруулсан 12 600 000 төгрөгийн үнэ бүхий засварын эд хөрөнгө өнөөдрийг хүртэл ашиглагдсаар байгаа тул гэрээний алданги хэмээн шаардаж буй 13 000 000 төгрөгөөс партишн хананы зардал болох 12 600 000 төгрөгийг хасаж тооцон алдангийн хэсгээс 400 000 төгрөгийг төлөх нь зүйд нийцэхээр байна. Иймээс дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж нэхэмжлэгчийн нэхэмжилж буй үнийн дүн болох 39 000 000 төгрөгөөс хариуцагч А.А миний бие 26 400 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжтой байх тул нэхэмжлэлийн үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

 

Нэхэмжлэгчээс 2020 оны 03 сарын 21-ны өдрийн орон сууцны түрээсийн гэрээ, түрээсийн орон сууцыг хүлээлгэн өгсөн акт, Үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэхэд зуучлах гэрээ, Голомт банк дахь 00000000 тоот дансны хуулга 3 хуудас, Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо, Стадион оргил, Махатма Гандигийн гудамж 00-0 тоот, хувийн сууцны зориулалттай 000 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, эдгээр баримтуудын нотлох баримтаар гаргаж өгсөн ба хариуцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар, хариуцагчид илгээсэн мэйл, объектын фото зураг нийт 14 хуудас баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй болно.

Хариуцагчаас 2020 оны 05 сарын 12-ны өдрийн 488 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ, 2020 оны 05 сарын 14-ны өдрийн 488 дугаар ажил хүлээлцсэн акт, орон сууц түрээсийн гэрээ болон түрээсийн орон сууцыг хүлээлгэн өгсөн акт, эдгээр баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.Д нь хариуцагч А.Ад холбогдуулан гаргасан түрээсийн төлбөр 26 000 000 төгрөг, алданги 13 000 000 төгрөг, нийт 39 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 26 000 000 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 13 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...2020 оны 03 сарын 31-ны өдрийн орон сууцны түрээсийн гэрээг 3 жилийн хугацаатай байгуулсан боловч түрээслэгч нь удаа дараа түрээсийн төлбөр төлөх үүргээ хугацаандаа гүйцэтгээгүйтэй холбоотой гэрээг 2020 оны 11 сарын 01-ний өдөр цуцалсан. Хариуцагч 6 сарын түрээсийн төлбөр 51 000 000 төгрөг төлөхөөс 25 000 000 төгрөгийг төлсөн. Үлдэх 26 000 000 төгрөг болон гэрээний 6.2-т заасны дагуу алданги 13 000 000 төгрөг нийт 39 000 000 төгрөгийг гаргуулна ... гэж тайлбарлав.

 

3. Хариуцагч ...түрээсэлсэн хугацааны төлбөр 26 000 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө. Харин алданги 13 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Түрээсийн байранд 12 600 000 төгрөгийн үнэ бүхийн хана суурилуулсан. Түүнийгээ салгаж аваагүй ... гэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч маргав.

 

4. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

 

Нэхэмжлэгч Д.Д нь өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг Стадион оргил, Махатма Гандингийн гудамж 00-0 тоот хаягт байршилтай 000 м.кв хувийн сууцыг 2020 оны 04 сарын 01-ны өдрөөс 2023 оны 04 сарын 01-ний өдрийг хүртэл 3 жилийн хугацаатай, сарын 8 500 000 түрээслэхээр тохиролцсон. /хх-6-8/

 

Нэхэмжлэгчийн ...2020 оны 05 сарын 01-ны өдрөөс 2020 оны 11 сарын 01-ний өдрийг хүртэл 6 сарын төлбөр 51 000 000 төгрөг төлөхөөс 25 000 000 төгрөгийг төлсөн, 26 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй... гэх тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй, түрээс болон барьцаа төлбөрт нийт 25 000 000 төгрөгийг төлсөн үйл баримтын талаар талууд маргаагүй.

 

Талууд гэрээний дагуу анз төлөх үндэслэлтэй эсэхэд маргасан.

 

Талуудын хооронд 2020 оны 03 сарын 31-ний өдөр байгуулагдсан орон сууцны түрээсийн гэрээ гэх нэртэй гэрээгээр тусдаа эрхийн улсын бүртгэлийн Ү-00000000 дугаарт бүртгэгдсэн гэрчилгээтэй, Хан-Уул дүүрэг Стадион оргил, Махатма Гандингийн гудамж 00-0 тоот хаягт байршилтай 000 м.кв хувийн сууцыг гоо заслын эмнэлгийн зориулалтаар буюу хариуцагч аж ахуйн зориулалтаар үйл ажиллагаа явуулахаар эзэмшил, ашиглалтад шилжүүлсэн байгаагаас дүгнэхэд уг гэрээ нь эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээний харилцаанд хамаарна гэж үзэв.

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дах хэсэгт зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ. Мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт зааснаар энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна.

 

Талууд хэдийгээр гэрээг бичгээр байгуулсан боловч үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй байна. Гэрээний зүйл нь аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд зориулагдсан хөрөнгө, явуулж буй үйл ажиллагаа нь тухайн хөрөнгийг зориулалтын дагуу ашигласны үр дүнд бий болсон үр шимийг олж авах ажиллагаа байхад талууд гэрээг бүртгүүлээгүй нь хуульд нийцээгүй, гэрээ хүчин төгөлдөр бус байна.

 

Хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг талууд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дах хэсэгт зааснаар хэлцлээр шилжүүлсэн зүйлээ харилцан буцаах замаар арилгах ёстой. Нэхэмжлэгчийн 510 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч буцаан өгсөн үйл баримт тогтоогдсон.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-т хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс уг эд хөрөнгийг буцаан шаардах эрхтэй, мөн хуулийн 493 дугаар зүйлийн 493.6-д ...бусдын эд хөрөнгийг шударгаар олж авсан этгээд нь үндэслэлгүйгээр олж авсан гэдгээ мэдсэн буюу мэдэх ёстой байсан үеэс эхлэн уг хөрөнгөөс олсон буюу өөрийн буруугаас олж чадаагүй зайлшгүй олох байсан орлого үр шимийг хууль ёсны өмчлөгч буюу эзэмшигчид буцаан өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэг хүлээнэ гэж заасан.

 

Нэгэнт ашигласан ашиглалтыг буцаах боломжгүй тул хариуцагч нь хөрөнгийг ашигласан хугацааны төлбөр 26 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй.

 

Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.9 дэх хэсэгт зааснаар буцаан шаардах шаардлагад энэ хуулийн 232 дугаар зүйл хамаарахгүй тул нэхэмжлэлээс анз гэх 13 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иймд хариуцагч А.Агаас 26 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Дд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

 

1.   Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.6, 493.9 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.Агаас 26 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Дд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.   Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 352 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 287 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ