Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 101/ШШ2022/02858

 

 

 

 

 

2022 06 20 101/ШШ2022/02858

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цэрэндулам даргалж, шүүгч Т.Болормаа, З.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Утоот хаягт оршин суух, Ш овогт Г-ын О /рд:/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: У тоот хаягт оршин суух, Ж овогт Ж-гийн Г /рд:/-т холбогдох,

Гэм хорын хохиролд 1,545,100 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С,

Иргэдийн төлөөлөгч Х.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Т нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

6 настай Г овогтой Д-А хүү унадаг дугуй унаж яваад 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 18 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр Баянмонгол хороололд иргэн Г.О-ийг мөргөж, мөргүүлсний улмаас унаж баруун гарын шууны яс хугарсан. Мөргүүлсэн тухайн үедээ гар хугарсан гэдгийг мэдээгүй машинд суугаад явсан боловч бие эвгүйрээд тэр өдөртөө гэмтлийн эмнэлэгт очоод гараа хугарсан гэдгийг мэдсэн. Цагдаагийн байгууллага шалгаж тогтоосон ба хохирлын мөнгийг насанд хүрээгүй хүүхдийн эцэг эх хариуцан төлөх үүрэгтэй тул гарны зураг авхуулсан 20,000 төгрөг, гарны сойлт-8000 төгрөг, кальц, барагшун, алтангагнуур авсан 75,100 төгрөг, эм тарианы үнэ 131,000 төгрөг, эмнэлэгт 10 хоног хэвтэж эмчлүүлсэн ор хоногийн мөнгө-80,000 төгрөг, толгойн бариа 3 удаа хийлгэсэн 30,000 төгрөг, гэмтэл үеийн 2 сарын цалин 1,100,000 төгрөг, нийт хохирол 1,444,100 төгрөг нэхэмжилж байна. Анх нэхэмжлэл гаргахдаа 1,545,100 төгрөг гэсэн боловч 101,000 төгрөгийн баримтгүй тул нэхэмжлэлийн дүнгээс хасна гэв.

 

2.Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 5 настай хүүхэд Г.О-ийг мөргөсөн гэснээс хойш 2 сарын дараа Ж.Г-ын гэрт орж ирж мэдэгдсэн. Тухайн үед гар нь эдгэрсэн байдалтай байсан. 5 настай хүүхэд энэ хэмжээний гэмтэл учруулах боломжгүй тул итгэхгүй байна. Цагдаагийн байгууллагаас дугуйны зургийг дараад авчирч өг гэсний дагуу дугуйны зургийг дарж өгсөн байгаа. Нэхэмжлэгч нь эмчилгээний зардал нэхэмжилж байгаа боловч энэ нь баримтаар нотлогдоогүй, тодорхой баримт гаргаж өгөөгүй байгаа. Мөргөсөн гэдэгт одоо ч итгэхгүй байгаа тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.

3.Нэхэмжлэгч тал шүүхэд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамж, тээврийн прокурорын газрын хуулбар үнэн тэмдэг дарагдсан хх-4-16 дугаар талд авагдсан баримтууд, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамж, Ү.А-ийн гэрчийн мэдүүлэг гэх баримтыг шүүхэд гаргаж өгсөн,

хариуцагч тал шүүхэд нотлох баримт гаргаж өгөөгүй,

шүүхийн журмаар; -Тээврийн прокурорын газраас эрүүгийн 180300607 дугаартай хэргээс, хэрэг бүртгэлтийн хэрэг хаах прокурорын тогтоол, Замын цагдаагийн албан мөрдөн шалгах хэлтэст Г.Оюунцэцэгийн гаргасан өргөдөл, Г.О нь Х о ХХК-д ажилладаг тухай тодорхойлолт, эмийн жор, барианы төлбөр төлсөн баримт, Г.О-гийн Амбулаториор эмчлүүлэгсдийн карт, Г.О, Ж.Гын нарын гэрчээр өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн шинжээчийн №10022 дугаартай дүгнэлт, мөрдөгчийн санал, нэмэлт хэрэг бүртгэлт явуулах тухай тогтоол, хэрэг бүртгэлийн хэрэг хаасан шийдвэрийг мэдэгдсэн баримт,

-Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 102 дугаарын утсанд дуудлага мэдээлэл бүртгэгдээгүй талаарх тодорхойлолт,

-Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс ирүүлсэн Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна.

 

Зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Г.Онь хариуцагч Ж.Гт холбогдуулан гэм хорын хохиролд 1,545,100 төгрөг гаргуулах шаардлага гаргасан боловч нэхэмжлэлийн шаардлага тус бүрийн дүнг нэмэхэд нэхэмжлэлийн нийт дүн 1,444,100 төгрөг болсон ба 1,444,100 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна.

Хариуцагч нь 5 настай хүүхэд мөргөж ийм хэмжээний гэмтэл учруулсан гэж үзэхгүй байна, мөн зардлын баримтууд шаардлага хангахгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргажээ.

3.Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, Баянмонгол хорооллын замд 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 18 цагийн үед явган зорчигч Г.Онь унадаг дугуй унаж явсан 6 настай Г.Ггийн дугуйнд мөргөгдөж унасны улмаас эрүүд мэндэд нь хүндэвтэр гэмтэл учруулсан талаар гомдол гарсныг хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаад, 6 настай Г.Г нь болгоомжгүйгээр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд Гэмт хэрэг үйлдэх үедээ арван зургаан насанд хүрсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж хуульчилсан тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрээгүй, гэмт хэргийн шинжгүй үндэслэл тогтоогдсон үндэслэлээр хэрэг бүртгэлийн хэргийг хаасан ба энэ тогтоолд гомдол гаргаагүй байна.

Уг тогтоолд гомдол гаргагч Г.Онь өөрийн эрүүл мэнд, эд хөрөнгөнд учирсан гэм хорыг гэм буруутай этгээдээр арилгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг дурьджээ.

Хариуцагч нь хэрэг бүртгэлийн хэрэг шалгах явцад болон шүүхийн шатанд мөргүүлсэн гэх өдрөө бидэнд мэдэгдээгүй тул итгэхгүй гэж татгалзсан боловч иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд ирүүлсэн Осол, гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас баримтаар 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Г.Онь гудамж, замд явганаар явж байхдаа дугуйтай хүнд мөргүүлж, S52.6 богтос ба шуу ясны доод үзүүрийн хугарал оношоор эмнэлгийн тусламж авсан болох нь тогтоогдож байна.

Түүнчлэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №10022 дүгнэлтээр Г.О-ийн биед тухайн үед баруун гарын шуу ясны далд хугарал гэмтэл учирсан нь тогтоогдсон, дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, гэмтлийн хүндэвтэрт зэрэгт хамаарах ба дээрх гэмтэл 2018.05.29-ний өдөр үүссэн байх боломжтой гэсэн дүгнэлт гарчээ.

Эдгээр үйл баримтаас үзэхэд хэрэг бүртгэлтийн хэрэг шалгах явцад 6 настай Г.Г нь болгоомжгүйгээр хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан боловч эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрээгүй, гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэг бүртгэлийн хэргийг хаасан ба 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 18 цагийн үед Г.Ггийн дугуйгаар мөргөсөн үйлдлийн улмаас Г.О унаж баруун гарын шуу ясны хугарал үүссэн үйл баримт тогтоогдсон гэж үзлээ.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нь 6 настай хүүхэд Г.Г 16 нас хүрээгүй тул түүний эцэг нь нэхэмжилж байгаа мөнгийг үнэн зөв тогтоогдсон хэмжээгээр төлөх ёстой гэсэн дүгнэлт гаргасныг үндэслэл болгож, нэхэмжлэгч нь уг гэмтлийн улмаас гэмтлийн эмнэлэгт үзүүлж эмнэлгийн тусламж, зөвлөгөө авч, эмчийн зааврийн дагуу хийгдсэн, баримтаар тогтоогдсон хохирлыг хариуцагч төлөх үүрэгтэй гэж үзлээ.

Учир нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй ба мөн хуулийн 503 дугаар зүйлийн 503.1-т 7-14 хүртэлх насны болон эрх зүйн чадамжгүй иргэний бусдад учруулсан гэм хорыг тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, эцэг, эх, асран хамгаалагч хариуцан арилгана гэж заасан.

Хэргийн баримтаар Г.Г нь 2012 оны 07 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 5 нас 10 сартай байсан тул Иргэний хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-т 7 хүртэлх насны этгээд иргэний эрх зүйн чадамжгүй байна гэж заасанд хамаарч байна.

Иймээс эрх зүйн чадамжгүй иргэний бусдад учруулсан хохирлыг түүний эцэг хариуцах үндэслэлтэй юм.

Шүүх хэрэгт авагдан нотлох баримтыг иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, эмчийн үзлэг, зөвлөгөөгөөр зөвлөсөн, баримтаар тогтоогдсон гарын зураг 20,000 төгрөг, гарын сойлт 8000 төгрөг, эм тарианы 131,000 төгрөг, толгойн бариа хийлгэсэн 30,000 төгрөг, кальци, барагшун, алтангагнуурын үнэ 75,100 төгрөг, нийт 264,100 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, баримтаар тогтоогдоогүй, эмнэлгийн ор хоногийн мөнгө 80,000 төгрөг, гэмтэлтэй үеийн цалин 1,100,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь Х о ХХК-д тогооч, няравын ажил хавсарч хийдэг, сарын 500,000 төгрөгийн цалинтай, гараа гэмтээсний улмаас цалингүй чөлөө авсан гэх боловч нэхэмжлэгч нь тухайн байгууллагад ажиллаж сар бүр 500,000 төгрөгийн цалин авдаг бол цалингаас хувь хүний орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлдөг эсэх баримтгүй, шимтгэл төлөгч хөдөлмөрийн чадвараа түр алдсан тохиолдолд эмнэлгийн магадлагаа /лист/-г үндэслэн нийгмийн даатгалын сангаас цалингийн тодорхой хувиар тэтгэмж авах ба энэ тохиолдолд дутуу авсан цалин хөлсний асуудлыг шийдвэрлүүлэх учиртай. Гэтэл эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа хийгээгүй байхад яагаад 2 сарын цалингүй чөлөө авсан нь ойлгомжгүй, нэхэмжлэгч нь сарын 500,000 төгрөгийн цалинтай гэдгээ хангалттай нотлох чадаагүй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Ү.А-г шүүхэд ирж гэрчийн мэдүүлэг өгөх боломжгүй тул гэрчийн мэдүүлэг авах хүсэлтээсээ татгалзаж, шүүх хуралдааныг үргэлжүүлэх санал гаргаж, Ү.А-гийн бичсэн гэх гэрчийн мэдүүлэг баримтыг шүүх хуралдаанд нотлох баримтаар гаргасан боловч гэрчийн мэдүүлгийг шүүхийн журмаар аваагүй тул уг баримт нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй юм.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгчийн төлсөн 39,672 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчийн төлөх 264,100 төгрөгт ногдох 8573 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасантай нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 503 дугаар зүйлийн 503.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар хариуцагч Ж.Гаас гэм хорын хохиролд 264,100 /хоёр зуун жаран дөрвөн мянга нэг зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.О-т олгож, нэхэмжлэлээс 1,180,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39,672 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 8573 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ

 

ШҮҮГЧИД Т.БОЛОРМАА

 

З.БАЯРМАА