Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 101/ШШ2022/02655

 

 

 

 

 

 

2022 06 08

101/ШШ2022/02655

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  тоот хаягт оршин суух, Бовогт Б-ын Б /рд:/,

Нэхэмжлэгч:  тоот хаягт оршин суух, Б овогт О-ын Б /рд:Ф/ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  тоот хаягт оршин суух, С овогт Лын Х-д холбогдох

14,116,939 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т,

Хариуцагч Л.Х,

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Э,

Хариуцагчийн өмгөөлөгч Ч.С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Т нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчид шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Монгол Улсын иргэн Б.Бминий бие Л.Хтай хамтын амьдралтай байсан ба хамт байх хугацаандаа автомашин худалдан авах талаар ярилцаад 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Ф Э ББСБ ХХК-иас Л.Хын нэр дээр 15,750,000 төгрөгний зээл авч Япон Улсад үйлдвэрлэсэн улсын 5УБЭ дугаартай Тоёото Приус 40 маркийн автомашиныг худалдан авсан. Тус зээл нь 3 жилийн хугацаатай 2,5 хувийн хүүтэйгээр гэрээ байгуулсан. Зээлийг авсан өдрөөс нь эхлэн миний бие унаж хэрэглэж өөрийн ээж О.Бы нэр дээрх Хаан банкны 5,дугаартай данснаас 5 УБЭ Б гэсэн утгаар зээлийн төлбөрийг cap бүр төлж байсан.

Б.Б, Л.Х бид 2 хамт амьдрахаа больж 2020 оны 5 сард салсан. Тусдаа амьдрах болсон. Л.Х нь машинаа авахгүй намайг зээлээ төлөөд ав гэсэн тул би зээлийн төлбөрөө cap бүр төлөөд машинаа эзэмшиж ашиглаж өнөөдрийг хүртэл нийт 14,116,939 төгрөгийг төлсөн. Зээлийг нь төлж байхдаа гэрээг нь миний нэр дээр болгож өгөөч гэж Ф Э ББСБ ХХК-иас хэд хэдэн удаа асуухад та зээлийг нь төлж бай дуусахаар нь шилжүүлж өгч болно гэж хэлсэн.

Тэгтэл Л.Х нь Б.Бминий эзэмшил ашиглалтанд байсан 5УБЭ дугаартай Тоёото Приус 40 автомашиныг 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн орой 23 цагийн үед Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хан түшээ хотхоны доор байдаг авто зогсоолоос машиныхаа түлхүүрийг гээсэн тул ачиж авч явж янзлуулна гэж харуулд худал хэлэн надад мэдэгдэлгүйгээр дур мэдэн, нууцаар ачилтын машинаар ачуулж аваад явсан байна.

Миний бие зээл авсан өдрөөс эхлэн зээлийн төлбөрийг өөрийн ажил орлогоороо төлж байсан ба одоо хүний өмнөөс мөнгө төлсөн, машингүй болсон зэргээр маш их хохирч байна.

Иймд С овогтой Л-ын Х-аас зээлийн төлбөрт төлүүлж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 14,116,939 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228,535 төгрөгний хамтаар гаргуулан иргэн Б.Бболон О.Б бид нарт олгож шийдвэрлэж өгнө үү. гэв.

 

2. Хариуцагч Л.Х шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй болно. Л.Х би Б.Бтай 2019 оноос эхлэн гэр бүл болсон, бид хамт амьдарч байх хугацаанд буюу 2020 оны 3 сард миний нэр дээр Ф Э ББСБ-аас 15,750,000 төгрөгний зээл авч Тоёота приус маркийн авто машин авсан ба авсан цагаас нь эхлэн Б.Бөнөөдрийг хүртэл унаж ирсэн. Нэхэмжлэлдээ зөвхөн өөрөө л энэ машиныхаа мөнгийг төлсөн мэтээр бичсэн нь үндэслэлгүй ба миний зүгээс Ф Э ББСБ-д 11,951,064 төгрөгийг, харин Б.Бнь 10,880,452 төгрөгийг төлсөн байдаг.

Бид хэн нь аль урьд өмнө нь амьдралтай улсууд бөгөөд энэхүү босгосон амьдралаа миний хувьд нандигнаж байсан боловч Б.Бнь өөр бусадтай гэр бүлээс гадуур харилцаатай болсноос үүдэн бид 2021 оноос хойш хамтдаа амьдрахаа болисон. Миний зүгээс Б.Б-д ер нь бол өгөх өглөггүй гэж бодож байгаа. Б.Бнь миний хорт хавдартай 75 настай ээжийг хуурч байгаад 2019 онд 6,000,000 төгрөгний тэтгэврийн зээл авахуулсан бөгөөд хэдийгээр улсаас энэхүү тэтгэврийн зээлийг тэглэж өгсөн боловч би ээждээ зээлийг нь төлөөд дууссан байгаа. Мөн Б.Бнь миний хамаатан Батаагаас 3,000,000 төгрөгийг надаар зээлүүлж авахуулсан бөгөөд энэхүү зээлийг одоо хүртэл төлж дуусаагүй байгаа. Энэ мэтчилэн жижиг зээлүүд надад маш их үлдсэн. Энэ болгоныгоо Б.Бмаш сайн мэдэж байгаа. Гэтэл Б.Б нь одоо хамт байхдаа авсан автомашинаа дан ганцаар өөрөө бий болгосон мэтээр аашилж байгаа нь шударга бус юм. О.Б гэдэг нь миний хамт амьдарч байсан Б.Бгийн ээж болно. Б.Б өөрөө данс эзэмших боломжгүй учир ээжийнхээ дансыг ашиглаж банк бус руу мөнгө шилжүүлдэг байсан.

Иймд миний зүгээс үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн асуудал байхгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.гэв.

 

3. Нэхэмжлэгч тал улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагаа, нэхэмжлэгч О.Б, Б.Бнарын байнга оршин суугаа хаягийн лавлагаа, 2020.03.20-ны өдрийн FX/2020/218 дугаартай Ф Э ББСБ, Л.Х нарын хооронд байгуулагдсан суудлын автомашин худалдан авах зээлийн гэрээний хуулбар, 2020.03.20-ны өдрийн FX/2020/218 дугаартай Ф Э ББСБ, Л.Х нарын хооронд байгуулагдсан үүргийн гүйцэтгэлийг хангуулах фидуцийн гэрээний хуулбар, О.Бы Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Ф Э ББСБ-ын зээлийн эргэн төлөлтийн мэдээлэл зэргийг шүүхэд гаргаж өгсөн байна.

Хариуцагч талаас Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Л.Хын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, мэссэж чатны зураг шүүхэд гаргаж өгсөн. Шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй болно.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч нь 14,116,939 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн ба шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа 3,236,487 төгрөгөөр бууруулж, үлдэх 10,880,452 төгрөгийг нэхэмжилж байна.

3. Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх заалтыг үндэслэж, хариуцагч, түүний өмгөөлөгч нар Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан үндэслэлийг үгүйсгэж, автомашин нь хамтын амьдралын явцад бий болсон хөрөнгө, мөн автомашиныг Б.Б2 жил унаж хэрэглэсэн тул зээлийн хүү, элэгдэх хорогдлын хамт төлөх ёстой тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж маргаж байна.

4. Хэрэгт авагдсан баримтаар,

2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Ф Э ББСБ ХХК, Л.Х нарын хооронд байгуулсан суудлын автомашин худалдан авах зээлийн гэрээ, үүргийн гүйцэтгэлийг хангуулах фидуцийн гэрээгээр Л.Х нь автомашин худалдан авч Б.Б2 жилийн хугацаанд уг автомашиныг эзэмшиж байгаад 2022 оны 02 сард Л.Х автомашиныг өөрийн эзэмшилд авсан болох нь хэрэгт авагдсан зээлийн болон фидуцийн гэрээний хуулбар, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Л.Х нь хамтын амьдралын хугацаанд уг автомашиныг дээрх байдлаар худалдан авч, эзэмшиж байсан ба зээлийн төлбөрийг дараах байдлаар төлжээ. Үүнд:

1. Хариуцагч Л.Х нь 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн хооронд зээлийн төлбөрт 3,416,000 төгрөг,

2. Нэхэмжлэгч Б.Б, О.Б нар нь 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 25-ны хооронд зээлийн төлбөрт 10,880,452 төгрөг,

3. Хариуцагч Л.Х 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр үлдэгдэл 8,535,064 төгрөг төлж, тэрээр нийт 3,416,000+8,535,064 төгрөг нийт 11,951,064 төгрөг зээлийн төлбөрт төлсөн байна.

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь зээлийн төлбөрт дээрх мөнгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан Хаан банкин дахь О.Б, Л.Х нарын дансны хуулга, Ф Э ББСБ ХХК-ийн санхүүгийн гаргасан зээлийн эргэн төлөлтийн мэдээлэл баримт, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Л.Х нь хамтын амьдралын явцад уг автомашиныг худалдан авсан ба тусдаа амьдрах болсноор автомашины зээлийг Б.Бтөлж автомашинаа авахаар тохирсон боловч Л.Хын гаргасан мөнгийг Б.Бтөлөөгүй тул өөрийн нэр дээрх үлдсэн зээлийг төлж, автомашинаа өөрийн эзэмшилд авсан гэж хариуцагч тайлбарлаж байна.

Иймээс тэдний хооронд үүссэн харилцааг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан үндэслэлд хамааруулан шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-т Хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болох ба нэхэмжлэгч Б.Баясгалан, хариуцагч Л.Х нар нь хамтын амьдралтай байх хугацаанд уг автомашиныг зээлийн хөрөнгөөр авсан тул зээлийн төлбөрийг төлж дуусаагүй байхад тэдний өмчлөлийн хөрөнгө гэж үзэхгүй юм.

Харин 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Л.Х нь зээлийн үлдэгдэл төлбөрийг төлж автомашиныг өөрийн өмчлөлд авах эрхтэй болсон ба бодит байдалд өөрийн эзэмшилдээ автомашинаа авсан байна.

15,750,000 төгрөгөөр автомашин худалдан авч, зээлийн төлбөрт 22,831,516 төгрөг төлж, автомашин Л.Хын өмчлөлд шилжсэн тул зээлийн төлбөрт нэхэмжлэгч нарын төлсөн 10,880,452 төгрөгийг Л.Х төлөх үүрэгтэй гэж үзнэ.

Хариуцагч нь Б.Б-г манай хамаатны хүнээс мөнгө зээлээд өгөөгүй гэх асуудал нь тухайн маргаанд хамааралгүй, мөн мэссэж чат баримтууд нотлох баримтын шаардлага хангаагүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүйг дурьдав.

Иймд хариуцагч Л.Хаас 10,880,452 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Б, О.Б нарт олгохоор шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээж, хариуцагчийн төлөх 10,880,452 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамжийг тооцон гаргаж нэхэмжлэгчид олгох нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасантай нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хариуцагч Л.Хаас 10,880,452 /арван сая найман зуун наян мянга дөрвөн зуун тавин хоёр/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Б, О.Б нарт олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228,535 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 189,037 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШЗ2022/08671 дугаартай Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамж нь энэ хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ