Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 128/ШШ2022/0896

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:С.С*********** /РД:**********/,                                           

Хариуцагч: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад холбогдох тушаалд өөрчлөлт оруулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, өөрчлөлт оруулахыг даалгахтай холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х**********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М************ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нэхэмжлэгч С.С*********** Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2010 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Б/630 тоот тушаалд өөрчлөлт оруулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, уг тушаалд өөрчлөлт оруулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Нэхэмжлэгч С.С*********** нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2004 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Зарим хүнийг албан тушаалд томилох тухай Б/803 дугаар тушаалаар Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны жолоочоор томилогдсон.[1]

2.2. 2010 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Үйлдвэрлэлийн ослыг тогтоосон актаар мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулж, хуулийн дагуу арга хэмжээ авах дүгнэлт гарч, улмаар хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг 90 хувиар тогтоолгосон.[2]

2.3. Улмаар С.С*********** нь 2010 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар уламжлан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт ... албаны үүргээ гүйцэтгэх явцад осолд орж, албаны үүрэг гүйцэтгэх боломжгүй, эмчилгээ хийлгэх боломжгүй тул хуулийн дагуу тэтгэмж олгож, ажлаас чөлөөлж өгнө үү гэх агуулга бүхий хүсэлт гаргажээ.[3]

2.4. Үүний дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2010 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн С.С***********ыг албан тушаалаас чөлөөлөх тухай Б/630 дугаар тушаалаар хүсэлтийг нь үндэслэн 2010 оны 08 дугаар сарын 13-ний өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлсөн.[4]

2.5. С.С*********** нь 2022 оны 3 дугаар сард Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад ... ослын улмаас хөдөлмөрийн чадвар 90 хувь алдсан, одоо цэргийн тэтгэврийн нас хүрсэн тул цэргийн тэтгэвэр, тэтгэмж олгуулах тухай өргөдөл[5] гаргаж, тус газрын 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 05/667 дугаар албан бичгээр ... өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн тул Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу шийдвэрлэх боломжгүй ... гэх хариу өгчээ.

2.6. Улмаар 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад ... Төрийн албаны тухай хуулийн зохих үндэслэлээр алдаатай захиргааны актыг өөрчлүүлэх тухай хүсэлт[6] гаргасныг, тус газрын Захиргаа удирдлагын газрын даргын 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 05/1763 дугаар албан бичгээр ... С.С***********ыг ажлаас чөлөөлсөн тушаал нь хууль зүйн үндэслэлтэй тул өөрчлөх боломжгүй ... гэх хариу өгчээ.[7]

2.7. Үүний дараа С.С*********** Төрийн албаны зөвлөлд хандан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2010 оны Б/630 дугаар тушаалыг хуульд нийцүүлэх талаар туслалцаа хүсэж өргөдөл гаргасныг, Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 01/1851 дүгээр албан бичгээр ... албан ажлаа хийхгүйгээр эмчлүүлж сувилуулах болсон нөхцөл байдлаа өргөдөлдөө дурдсан тул Төрийн албаны тухай хуулийн /2022 оны/ 23 дугаар зүйлийн 23.3.1 дэх заалтад хуульд өөрөөр заагаагүй бол биеийн эрүүл мэндийн байдлын улмаас 1 жилээс дээш хугацаагаар албан ажлаа хийхгүйгээр эмчлүүлж, сувилуулах шаардлагатай болсон гэж заасныг баримтлан чөлөөлөх үндэслэлтэй байтал, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3 дахь заалтад өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан гэж заасныг үндэслэн чөлөөлсөн нь Таны эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэх үндэслэлтэй ... таны өргөдөлд дурдсан захиргааны актыг засах эрх хэмжээ тухайн шийдвэрийг гаргасан эрх бүхий албан тушаалтанд олгожээ ... гэх хариуг өгсөн.[8]

2.8. Нэхэмжлэгчийн зүгээс ... хөдөлмөрийн чадвар алдсаны улмаас албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон, энэ талаарх өргөдлөө зохих хугацаанд гаргасан, цаашид албан үүргээ хэвийн гүйцэтгэх боломжгүй болсон нь хэнд ч ойлгомжтой байхад тушаалыг буруу гаргасан, захиргааны актаа залруулах чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байна ... гэх зэрэг агуулгаар маргаж байна.

2.9. Хариуцагчийн зүгээс ... үйлдвэрлэлийн осол нь цэргийн албан үүргээ биелүүлэхтэй холбоогүй, ...С.С*********** түр эсхүл эрүүл мэндийн шалтгаанаар чөлөөлөгдөх талаар дурдаагүй, ажлаас чөлөөлж өгнө үү гэсэн байх тул түр чөлөөлөх үндэслэл бүрдээгүй... гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.

Гурав.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1 Нэхэмжлэгч С.С*********** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Би 2003 оноос Хэнтий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд жолоочоор томилогдон ажилласан бөгөөд 2010 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр албан үүргээ гүйцэтгэж явахдаа авто осолд орж, хавирга хугарч уушгиа гэмтээсэн, нугас тасарч бүсэлхийнээс доош мэдээгүй болсон зэргээр маш хүнд гэмтсэн. Үүнээсээ болж бүсэлхийнээс доош бүрэн саажилттай болсон, одоог хүртэл тасралтгүй эмнэгээр явдаг, хөдөлмөрийн чадвар 90% алдсан, өтгөн шингэнээ глизм, катетор тавьж гаргадаг, эхнэрийнхээ байнгын асаргаанд байдаг, суудлын хэсэгтээ хэд хэдэн шархтай, 2 өвдөг, сүүж, өсгий, цооролттой, эргээд хэзээ ч хэвийн байдалд орох боломжгүй болсон, өдөр бүр эмнэлэгт боолт хийлгэхэд материал, эм тос гэх мэтийн зардал байнга гардаг, авч байгаа хөдөлмөрийн чадвараа алдсаны тэтгэмжээс өөр тодорхой орлогогүй, авдаг тэтгэвэр нь эмчилгээний зардалд хүрдэггүй юм. 2010 онд ийнхүү эрүүл мэндийн шалтгаанаар ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болж ажлаас чөлөөлөгдсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу авах ёстой олговор авахаар 2013 онд материалаа өгч хөөцөлдсөөр байж үйлдвэрийн ослоос шалтгаалах өвчний хохиролд нэг удаа 4,000,000 төгрөгийг бага багаар гаргуулж авсан. Хуулийн дагуу олгогдох цалингийн зөрүү тэтгэмж гэж өгөөгүй болно. 2022 оны 2 сарын сүүлээр мөн Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу нэг удаагийн тэтгэмж нэхэмжилж хүсэлт явуулсан боловч 2020.03.28-ны өдрийн 05/667 тоот албан бичгээр өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн учраас хуульд заасан үндэслэл бүрдээгүй гэсэн утгаар хариу ирүүлсэн байна. Албан үүргээ гүйцэтгэж яваад осолдсон тул үйлдвэрийн ослыг тогтоосон акт 2010.04.29-ний өдөр гарсан, хөдөлмөрийн чадвар алдалт 90% гэж Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр тогтоосон, ослын дараанаас маш их өвдөлт зовуурьтай, ухаан санаа орон гаран, хүний бүрэн асаргаанд хэвтэрт байсан, ажил үүргээ цааш хэвийн үргэлжлүүлэх боломжгүй болсон гэдэг нь хэнд ч тодорхой байсан учраас л намайг чөлөөлсөн атал өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн тул тэтгэмж олгохгүй гэсэн нь үндэслэлгүй юм. Тухайн үед надад ажлаас чөлөөлсөн тушаал гардуулж өгөөгүй болохоор би ямар үндэслэлээр чөлөөлснийг нь мэдээгүй. Эрүүл мэндийн шалтгаанаар чөлөөлсөн гэж ойлгож ирсэн. Гэтэл сая 2022 оноос тэтгэмж, цалингийн зөрүү нэхэж тус газарт хандахад та өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн тул тэтгэмж өгөх үндэслэлгүй гэсэн хариуг 2022.03.28-ны өдөр өгсөн. Ингэж өөрийн хүсэлтээр гэсэн үндэслэлээр чөлөөлсөн тушаал 2010 онд гарсныг мэдсэн. 2022 оны 8 сард 2010 оны 9 дүгээр сарын 9-ний Б/630 тушаалыг өөрчилж өгнө үү гэж хүсэлт гаргахад өөчлөх боломжгүй гэсэн хариу өгсөн тул Төрийн албаны зөвлөлд хандаж өргөдөл гаргахад 2022 оны 09.16-ны 01/1851 тоот албан хариу өгсөн. Уг албан бичигт таныг Төрийн албаны тухай хуулийн /2022/ оны 23.3.1-д зааснаар чөлөөлөх байтал 24.1.3-т заасныг үндэслэн чөлөөлсөн нь таны эрх зүйн байдлыг дордуулсан гэх үндэслэлтэй байна. Захиргааны актыг засах эрхийг хуулиар эрх бүхий албан тушаалтанд олгосон. Харин тус газар нь акт өөрчлөх боломжгүй гэсэн хариу өгсөн байх тул шүүхэд хандах эрхтэй гэж зөвлөл хариу өгсөн.

Иймд цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19-р зүйлийн 2-т Цэргийн алба хаагч орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт, биеийн эрүүл мэндээр, түүнчлэн цэргийн алба хаах нас хэтэрч халагдвал түүнд 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно гэж, Засгийн газрын 2011 оны 38-р тогтоолоор баталсан Цэргийн алба хаагчид нэг удаагийн тэтгэмж олгох журам-н 4 дэх заалтад Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан тэтгэмжийг мөн хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан иргэнд олгохдоо сүүлийн 5 жилийн цалин хөлсний нийлбэрийг 60-д хувааж гарсан дундаж цалин хөлсийг 18 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцно. Гэж 6 дах заалтад Цэргийн алба хаагчийг тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан биеийн эрүүл мэндээр гэдгийг эмнэлгийн эмч эмнэлгийн эмч нарын зөвлөгөөний шийдвэр гарсныг үндэслэн тогтооно гэж тус тус заасан байгаа тул би хуулийн дагуу цалингийн зөрүү нэг удаагийн тэтгэмж авах эрхтэй. 2010.09.09-ний Б/630 дугаар тушаалд өөрчлөлт оруулж эрүүл мэндийн шалтгаанаар чөлөөлөгдсөн гэж залруулбал Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19-р зүйлийн 2-т заасны дагуу тэтгэвэр тэтгэмж авах эрх үүсэх юм. Гэтэл дээрх Б/630 дугаар тушаал нь Төрийн албаны тухай хуулийн /2022/ чөлөөлөгдөх зүйл заалтад нийцээгүй хууль бус бөгөөд түүнийгээ зөвтгөж өөрчлөхгүй байгаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын эс үйлдэхүй нь мөн хууль бус , Б/630 тушаал үндэслэлтэй гэж үзээд тэтгэмж олгохоос татгалзаад байгаа тул хуулийн дагуу тэтгэмж авах миний эрх зөрчигдсөөр байгаа юм. Иймд нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.3.4-т заасны дагуу шийдвэрлэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын намайг ажлаас чөлөөлсөн 2010 оны 9 дүгээр сарын 9-ний Б/630 тоот тушаалд өөрчлөлт оруулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Уг Б/630 тоот тушаалын үндэслэлийг Төрийн албаны тухай хуулийн /2022/ оны 23.-р зүйлийн 23.3.1-д заасныг үндэслэн эрүүл мэндийн шалтгаанаар чөлөөлөх тухай заалт болгон өөрчлөлт оруулахыг Шүүхийн шийдвэрийн ерөнхий газрын даргад даалгаж өгнө үү гэжээ.

3.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... С************ нь 2013 оноос Хэнтий аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт жолоочоор томилогдон ажилласан. 2010 оны 04 сарын 27-ны өдөр албан үүргээ гүйцэтгэн хуяглан хүргэлт хийж явах явцдаа осолд орж хавирга хугарч уушгиа гэмтээн нуруу нугас тасарч бэлхүүснээс доош мэдээгүй болох зэрэг маш хүнд гэмтсэн. Тухайн үеэс хойш өнөөдрийг хүртэл байнга эмнэлгээр явдаг. Эмнэлэг хөдөлмөр магадлах комиссын шийдвэрээр 90 хувь чадвараа алдсан. Байнгын асаргаа сувилгаанд тэтгэвэр тэтгэмжээрээ амьдардаг. Өдөр тутмын эмчилгээний зардалд авч байгаа тэтгэвэр нь хүрдэггүй. Осолд орсны дараа 2010 оны 09 сарын 09-ний өдөр эрүүл мэндийн шалтгааны улмаас байнга эмчилгээ сувилгаа хийлгэх шаардлагатай байх тул албан үүргээ цаашид гүйцэтгэх боломжгүй учраас ажлаас чөлөөлж өгнө үү гэсэн хүсэлтийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан. Өөрийн санаачилгаар ажлаас чөлөөлөгдсөн гэж үзээд тухайн үеийн Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3 дахь хэсэгт заасны дагуу ажлаас чөлөөлсөн. Тухайн үедээ чөлөөлсөн тушаал шийдвэрийг танилцуулсан баримт байдаггүй. Нэхэмжлэгч өөрийн санаачилгаар чөлөөлөгдсөн тушаалаа 2022 оны 01 сарын 03-ны өдөр мэдсэн. Тахир дутуугийн тэтгэмж авч байгаад цэргийн тэтгэвэр тогтоолгох насандаа хүрээд төрийн тусгай албан хаагчид олгодог 1 удаагийн тэтгэмж авах эрхийнхээ хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт хандсан боловч өөрийн санаачилгаар чөлөөлөгдсөн тул уг тэтгэмжийг авах боломжгүй гэсэн хариуг өгсөн учраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2010 оны 09 сарын 09-ний өдрийн Б/630 тоот тушаалд өөрчлөлт оруулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, уг тушаалд өөрчлөлт оруулахыг даалгах шаардлага гаргасан гэжээ.

3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М************ би гардан авч танилцаад, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд: Иргэн С.С*********** нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: 1. "... жолоочоор томилогдон ажилласан бөгөөд 2010 оны 04 дүгээр сарын 27-нд албан үүргээ гүйцэтгэж явахдаа авто осолд орж,..." гэх тайлбарт: Иргэн С.С*********** нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд жолоочоор ажиллаж байх үедээ буюу 2010 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр албаны машин барьж явж байгаа тухайн нутаг дэвсгэрт осолдсон байдаг. Хэнтий аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх алба нь тухайн ослын үед "Үйлдвэрлэлийн ослыг тогтоосон акт" үйлдсэн бөгөөд тус актын 14 дэх хэсэгт Комиссын дүгнэлт гарсан байдаг бөгөөд түүн дээр "Авто машины бүрэн эсэхийг шалгаагүйн улмаас хөдөлгөөнд оролцох үед жолооны тулгуур боолт тасарч огцом тооромслогдож, онхолдсон. Аюулгүйн бүсээ зүүгээгүйн улмаас ослын дэр ажиллаагүй байна." гэж бичигдсэн байдаг ба тухайн ослын шалтгаан нөхцөл нь манай байгууллагад жолоочоор ажиллаж байсан С.С***********аас шалтгаалсан талаар "Үйлдвэрлэлийн ослыг тогтоосон акт"- аар нотлогддог. Түүнчлэн С.С***********ын Хөдөлмөрийн чадвар алдсан тэтгэврийг тогтоохдоо Нийгмийн даатгалын ерөнхий газар нь хөдөлмөрийн чадвар алдсан шалтгааныг "Цэргийн албан үүргээ биелүүлэхтэй холбогдолгүй" гэж заасан байдаг ба энэ нь хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолтын хуудсаар нотлогдож байна. Ослын дээрх нөхцөл байдлаас үүдэн гарсан байгууллагад учирсан хохирол болон буруутай албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх асуудал зэрэг нь тухайн алба хаагчийн биеийн байдлаас шалтгаалан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь хариуцлага тооцоогүй өнгөрүүлсэн байдаг. 2. "Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу авах ёстой олговор авахаар үйлдвэрлэлийн ослоос шалтгаалах өвчний хохиролд нэг удаа 4000000 төгрөгийг бага багаар цувуулж авсан. Хуулийн дагуу олгогдох цалингийн зөрүү, тэтгэмж гэж өгөөгүй болно." гэх тайлбарт: Хөдөлмөрийн тухай хууль (1999 оны) нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хөдөлмөрийн харилцаанд оролцогч талуудыг эрх зүйн байдлыг зохицуулахаар батлагдсан. Иргэн С.С*********** нь тус байгууллагад цэргийн ахлах ахлагч цолтой үүрэг гүйцэтгэдэг байсан тул Хөдөлмөрийн тухай хууль (1999 оны)-д заасан цалингийн зөрүү, тэтгэмж олгох үндэслэлгүй. Харин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь нийгмийн хариуцлага болон байгууллагынхаа алба хаагчийн эрх зүйн баталгааг хангах үүднээс 2010 ОНООС 2022 он хүртэлх 12 жилийн хугацаанд дараах байдлаар тусламж, тэтгэмж олгож ирсэн байна. Үүнд: 2010 оны 04 дүгээр сарын 28-нд алба хаагчдын хандив 340.000 мянган 2010 оны 09 дүгээр сард эргэлтэд 112.650 мянган төгрөг; төгрег 2010 оны өвлийн нүүрс бэлдэж өгөхөд 150.000 мянган төгрөг; 2010 онд эмчилгээнд явахад Улаанбаатар хотруу 3 удаа хүргэхэд 240.000 мянган бензиний зардалд төгрөг; 2011 оны 05 дугаар сарын нийт алба хаагчдын цалингийн суутгалаас хандив босгон 644.294 мянган төгрөг; 2011 оны 09 дүгээр сарын 28-нд сувилалд хэвтэхэд эмчилгээний зардалд 400.000 мянган төгрөг. 2011 оны 09 дүгээр сард төмс хүнсний ногоо, гарын бэлэгт 25.000 мянган ШШГЕГ-ын даргын 2011.08.18-ны өдрийн А/536 дугаар тушаалаар тегрег эмчилгээний зардал 3.000.000 сая тегрег. 2011 оны 12 дугаар сард Хэнтий аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаас - эмчилгээний зардалд 1.000.000 сая төгрөг. ШШГЕГ-ын даргын 2012.01.30-ны өдрийн Б/74 дүгээр тушаалаар С.С***********т Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Наран хорооллын 82а байрны 13 тоот хаягт байршилтай 45.03м2 талбайтай, 2 өрөө орон сууцыг хөнгөлттэй үнээр буюу 15:000.000 сая төгрөгөөр олгохоор шийдвэрлэж, үүнээс 7.000.000 сая тегрегийг байгууллагаас хөнгөлж 8.000.000 сая төгрөгөөр олгосон. ШШГЕГ-ын даргын 2015.03.25-ны өдрийн А/58 дугаар тушаалаар хөлний аппарат авахад тусламж 650.000 мянган төгрөг; ШШГЕГ-ын даргын 2016.04.08-ны өдрийн А/99 дүгээр тушаалаар тэргэнцэр авахад тусламж 1.895.250 мянган төгрөг ШШГЕГ-ын даргын 2021.09.27-ны өдрийн А/138 дугаар тушаалаар эмчилгээний зардал 1.000.000 сая төгрөг зэрэг тусламжуудыг тасралтгүй олгож ирсэн байна. Нэхэмжлэгч С.С***********т тохиолдсон асуудал нь 2002 онд батлагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 137 дугаар зүйлийн 137.1.3-т хамаарахгүй асуудал байдаг. Учир нь тус хуулийн үйлчлэл нь "албан үүргээ гүйцэтгэхтэй нь холбогдуулан бие махбодид нь гэмтэл учруулсан буюу эрүүл мэндийг нь бусад хэлбэрээр хохироосноос хөдөлмөрийн чадвараа түр алдсан, тахир дутуу болсон тохиолдолд тэтгэвэр, тэтгэмж, албан тушаалын цалингийн зөрүүг хөдөлмөрийн чадвар түр алдсан, тахир дутуугийн тэтгэмж авч байсан нийт хугацаанд олгох"-оор заасан байна. Гэвч "Үйлдвэрлэлийн ослыг тогтоосон акт"-д тухайн осол нь жолоочийн буруутай үйл ажиллагаа, Хөдөлмөрийн чадвар алдсан тэтгэврийг тогтоохдоо Нийгмийн даатгалын ерөнхий газар нь хөдөлмөрийн чадвар алдсан шалтгааныг "Цэргийн албан үүргээ биелүүлэхтэй холбогдолгүй" гэж тус тус заасан нь тухайн хуулийн үйлчлэл нь С.С***********т хамааралгүй болохыг нотолж байх тул тухайн хуулийн заалтаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага цалингийн зөрүүг олгох боломжгүй байна. 3. .... Уг албан бичигт таныг төрийн албаны тухай хуулийн (2002 оны) 23.3.1-0 маны эрх зүйн байдлыг дордуулсан гэх үндэслэлтэй байна." гэх тайлбарт: зааснаар чөлөөлөх байтал 24.1.3-т заасныг үндэслэн чөлөөлсөн нь таны эрх зүйн байдлыг дордуулсан гэх үндэслэлтэй байна гэх тайлбарт: Төрийн албаны тухай (2002 оны) хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт Төрийн жинхэнэ албан хаагчийг дараах үндэслэлээр захиргааны санаачилгаар төрийн албанаас түр чөлөөлнө" гэж заасан. Гэвч нэхэмжлэгч С.С***********ын 2010 оны 08 дугаар сарын 13-ны өдөр гаргасан өргөдөлд түр чөлөөлөгдөх эсвэл эрүүл мэндийн шалтгаанаар чөлөөлөгдөх талаар дурдаагүй "ажлаас чөлөөлж өгнө үү" гэсэн байх тул Төрийн албаны тухай хуулийн 23.3.1 дэх заалтыг үндэслэх нөхцөл бүрдээгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгч С.С***********ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хуулийн хүрээнд шийдвэрлэх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. С************ 2010 оны 04 сарын 27-ны өдөр албаны тээврийн хэрэгсэл жолоодож яваад осолд орсон. Хэнтий аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ослын акт үйлдсэн. Комиссын дүгнэлтийн 14 дэх хэсэгт автомашины бүрэн эсэхийг шалгаагүйн улмаас хөдөлгөөнд оролцож Жолоочийн тулгуур боолт тасарч огцом тоормослогдож онхолдон аюулгүйн бүсээ зүүгээгүйн улмаас ослын дэр ажиллаагүй байна гэх дүгнэлт гарсан. Хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэвэр тогтоолгохдоо Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга хөдөлмөрийн чадвар алдсан шалтгааныг Цэргийн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдолгүй гэж заасан нь уг хуудсаар нотлогддог. Дээрх шалтгаанаар 2020 оны 08 сарын 13-ны өдөр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Цаашдаа албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон тул албан үүргээс чөлөөлж тусламж олгож өгөөч гэсэн өргөдлийн дагуу тусламж олгоод өөрийнх нь хүсэлтээр чөлөөлсөн. Эрүүл мэндийн шалтгаанаар бус юм. Учир нь чөлөөлөгдөх хүсэлтээ өгөхдөө эрүүл мэндийн баримт бичгүүдийн нэгийг ч бүрдүүлж өгөөгүй. Ганц хуудас өргөдлөө ангийн даргаар уламжлуулсан байдаг. Тиймээс 2010 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар өөрийнх нь хүсэлтээр чөлөөлсөн. Тиймээс уг акт үндэслэлтэй. Төрийн албаны үйл ажиллагаа өнөөдрийг хүртэл хэвийн явагдаж байгаа. Албан хаагчийн гаргасан хүсэлтийг үндэслээд байгууллагад ирсэн нотлох баримтын хүрээнд захиргааны актаа гаргасан. Тухайн үедээ бүрдүүлж өгөөгүй баримтын төлөө одоо үүсэж байгаа нөхцөл байдлаар төрийн байгууллагыг буруутгах нь үндэслэлгүй. Төрийн байгууллага албан хаагчаа хэзээ ч орхихгүй. Тушаалыг төлөвлөсөн захиргааны акт гаргасан албан хаагч бүгд баримтын хүрээнд актыг гаргасан. Тиймээс үндэслэлтэй. Энэхүү албан хаагчид олон удаагийн тусламж үзүүлсэн нь үнэн. Зөвхөн эрүүл мэндийн шалтгаан гэж байгаа боловч хувь хүнийхээ хувьд өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас төрд учруулсан хохирлоо ерөөсөө ярьдаггүй. Жолоочийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийг бүрэн гүйцэтгээгүй тээврийн хэрэгслээ шалгаагүй. Аваарын бүсээ зүүж, дүрмээ мөрдөж ажиллаагүй. Төрд учирсан хохирлыг иргэн С************ын биед хохирол учирсны улмаас нэхэмжлээгүй. Актлаад дууссан. 2010-2022 он хүртэл 10 гаран удаагийн тусламж дэмжлэг үзүүлсэн. Төрөөс олгох нэг удаагийн тусламжийг ашиг сонирхол гэж харахаар байна. Энэ актыг тухайн албан хаагчийг хохироохын тулд гаргаагүй. Зөвхөн цугларсан баримт бичгийн хүрээнд тухайн үеийн Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг баримтлаад гаргасан гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

1. Маргаж буй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2010 оны Б/630 дугаар тушаалд өөрчлөлт оруулахаас татгалзсан эрх зүйн голлох үндэслэл нь Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 24 дүгээр зүйлийн 24.1.3 дахь заалт бөгөөд тушаалд өөрчлөлт оруулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл нь Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 23 дугаар зүйлийн 23.3.1 дэх заалт байна.

2. 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас чөлөөлнө гээд 24.1.3 дахь заалтад өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан гэж, 23 дугаар зүйлийн 23.3.1 дэх заалтад хуульд өөрөөр заагаагүй бол биеийн эрүүл мэндийн байдлын улмаас 1 жилээс дээш хугацаагаар албан ажлаа хийхгүйгээр эмчлүүлж, сувилуулах шаардлагатай болсон тохиолдолд төрийн албанаас түр чөлөөлөхөөр тус тус зохицуулжээ.

3. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнүүдээс үзэхэд, өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан гэдэг нь төрийн албанд цаашид ажиллахгүй байх хүсэл зоригоос хамааралтай байх, биеийн эрүүл мэндийн шалтгааны улмаас албан ажлаа хийхгүйгээр эмчлүүлж, сувилуулах шаардлагатай болсон гэдэг нь өөрийн хүсэл зоригоос үл хамаарах тохиолдлыг ойлгохоор байна.

4. Нэхэмжлэгч С.С***********ын тухайд, автомашины ослын улмаас эмчлүүлэх шаардлагатай болсныг нь 2010 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн Үйлдвэрлэлийн ослыг тогтоосон актын 12-д дүгнэсэн[9], мөн үндэслэлээр хөдөлмөрийн чадвар алдалтыг 90 хувиар тогтоолгож, 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл сунгуулсан[10], түүнээс хойш 0549791 дугаартай актаар[11] хугацаагүй сунгагдсан баримт хэрэгт авагдсан.

5. С.С*********** нь 2010 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар уламжлан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт ... албаны үүргээ гүйцэтгэх явцад осолд орж, албаны үүрэг гүйцэтгэх боломжгүй, эмчилгээгээ үргэлжлүүлэн хийлгэх шаардлагатай болсон тул хууль журмын дагуу тэтгэмж олгож, ажлаас чөлөөлж өгнө үү гэх агуулга бүхий хүсэлт гаргасан байх бөгөөд албан үүргээ гүйцэтгэх боломжгүй шалтгаанаа тодорхой бичсэн, хуулийн дагуу чөлөөлөгдөх хүсэлтээ илэрхийлсэн, хуулийн дагуу гэдэг нь хүсэлт гаргаж буй төрийн албан хаагчийн хувьд 2002 оны Төрийн албаны тухай хуульд заасан үндэслэл журмыг ойлгоно.

6. Энэ тохиолдолд С.С*********** үйлдвэрлэлийн осолд орж, эмчлүүлэх шаардлагатай болсон үйл баримт нь илэрхий бөгөөд өөрийн хүсэл зоригоос үл хамаарах шалтгааны улмаас албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон, энэ талаар өөрийн хүсэлтэд хангалттай илэрхийлсэн байхад өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх агуулга бүхий хүсэлт гаргасан гэж үзэх боломжгүй.

7. Аливаа этгээдийн хүсэл зоригийн илэрхийллийг тайлбарлахад эрх зүйн ерөнхий онолын дагуу Иргэний хууль дахь зохицуулалтыг хэрэглэх зарчимтай бөгөөд Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт Хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл, байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана гэж заасан.

8. Нэхэмжлэгч С.С*********** нь байнгын эмчилгээ, сувилгаа шаардлагатай болсныг эрх бүхий байгууллага тогтоосон, тухайн цаг үеийн нөхцөл байдал, хэрэгцээ шаардлагад үндэслэн үзвэл ... өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэл зоригоо илэрхийлсэн гэж төрийн албанаас чөлөөлсөн захиргааны актыг тухайн захиргааны акт чиглэсэн этгээдийн хүсэл зоригийн илэрхийллийг буруу ойлгож, илэрхий алдаатай гаргасан гэж үзэхээр байна.

9. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс ... үйлдвэрлэлийн осол нь цэргийн албан үүргээ биелүүлэхтэй холбоогүй, ... осол нь ажилтнаас шалтгаалсан бөгөөд цалин, тэтгэмж олгох үндэслэлгүй гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй бөгөөд үйлдвэрлэлийн ослын шалтгаан нь уг захиргааны маргааны агуулгад хамааралгүй, нэхэмжлэгч эрүүл мэндийн байдлын улмаас эмчлүүлж, сувилуулах бодит шаардлага, үйл баримтыг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.

10. Түүнчлэн, Төрийн албаны зөвлөлийн даргын 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 01/1851 дугаар албан бичигт ... Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 23 дугаар зүйлийн 23.3.1 дэх хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол биеийн эрүүл мэндийн байдлын улмаас 1 жилээс дээш хугацаагаар албан ажлаа хийхгүйгээр эмчлүүлж, сувилуулах шаардлагатай болсон үндэслэл тодорхой байтал буруу заалт баримтлан чөлөөлсөн нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж дүгнэсэн[12] нь үндэслэлтэй байна.

11. Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт Захиргааны актын бичилт болон тооцооны алдаа, түүнтэй адилтгаж болохоор өөр бусад илэрхий алдааг захиргааны актын үндсэн зохицуулалт, утга, агуулгыг өөрчлөхгүйгээр захиргааны байгууллага өөрөө, эсхүл оролцогчийн хүсэлтээр засах эрхтэй бөгөөд уг засварыг оролцогчид мэдэгдэх үүрэгтэй гэж, мөн зүйлийн 45.2 дахь хэсэгт Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд захиргааны актын илэрхий алдааг засахыг шаардах эрхтэй гэж заажээ.

12. Хуулийн дээрх хэм хэмжээ болон дээр дурдсан үндэслэлийн дагуу С.С***********аас 2010 оны 08 дугаар сарын 13-ны өдөр гаргасан эрүүл мэндийн байдлын улмаас төрийн албанаас түр чөлөөлөгдөж, эмчилгээ хийлгэх тухай хүсэлтийг шийдвэрлэсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2010 оны Б/630 дугаар тушаал нь нэхэмжлэгчийн хүсэл зоригийн илэрхийллийг буруу ойлгож гарсан илэрхий алдаатай байх тул С.С***********ын зүгээс уг алдааг засахыг шаардах эрхтэй байна.

13. С.С*********** нь хуульд заасан эрхийн хүрээнд захиргааны актын алдааг мэдсэн үеэс хойш залруулах талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Төрийн албаны зөвлөлд зохих журмын дагуу хандсан боловч хариуцагчийн зүгээс захиргааны актын алдааг залруулах чиг үүргээ хэрэгжүүлээгүй байх тул хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үзэхээр байна.

14. Учир нь, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно гэж заасан бөгөөд С.С***********аас 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр гаргасан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2010 оны Б/630 дугаар тушаалыг өөрчлөн засуулах тухай агуулга бүхий хүсэлтийг шийдвэрлэх үүргээ биелүүлээгүй нь хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж дүгнэхээр байна.

15. Шүүх дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч С.С***********аас гаргасан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2010 оны Б/630 дугаар тушаалд өөрчлөлт оруулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул уг тушаалд өөрчлөлт оруулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад даалгах үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

16. Шүүх хуралдааны хүсэлт шийдвэрлэх шатанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нотлох баримт гаргуулах хүсэлт[13] гаргасныг хэлэлцэж, хэрэгт ач холбогдолгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хэргийг шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.4, 106.3.12 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.1 дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1, 45.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.С***********аас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2010 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Б/630 тоот тушаалд өөрчлөлт оруулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг тушаалд зохих өөрчлөлт оруулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ