Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 103/ШШ2022/00331

 

                                               


 

  2022          8           04                                       103/ШШ2022/00331

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар: 

Нэхэмжлэгч: ......... дүүргийн ........ дугаар хороо, ....... дугаар байрны ......... тоотод оршин суух, Ц овогт Б.Тгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ...... дүүргийн ........ дугаар хороо, ........ тоотод оршин суух, С овогт Г.О, Б овогт Б.Х нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 61,698,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Б.Т,

Хариуцагч: Г.О, Б.Х нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц,

Нарийн бичгийн дарга С.Бат-Эрдэнэ нар оролцов.     

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие Б.Т нь зээлдэгч Г.О, Б.Х нартай нийт 7 удаа зээлийн гэрээ байгуулж мөнгө зээлсэн ба гэрээнүүдийн дагуу 61,698,000 төгрөг нэхэмжилж байна. Үүнд

  1. 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 1,500,000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэй зээлж, 5 дугаар сарын 15-ны өдөр өгөх зээлийн хүүг 6 дугаар сарын 23-ны өдөр өгсөн. Үүнээс хойш зээл болон зээлийн хүүгээ төлөөгүй явсаар 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 195,000 төгрөг, 11 дүгээр сарын 26-ны өдөр 5,000 төгрөг нийт 200,000 төгрөг төлснийг үндсэн зээлээс хассан. Иймд үндсэн зээл 1,300,000 төгрөг, зээлийн  хүүд 2,760,000 төгрөг, алданги 650,000 төгрөг нийт 4,710,000 төгрөг гаргуулах,
  2. 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 2,300,000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэй зээлж авсан бөгөөд 10 дугаар сарын 17-ны өдөр 184,000 төгрөг төлсөн. Үүнээс хойш 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 200,000 төгрөг төлснийг үндсэн зээлээс хассан. Иймд үндсэн зээл 2,100,000 төгрөг, зээлийн хүү 3,496,000 төгрөг, алданги 1,050,000 төгрөг нийт 6,646,000 төгрөгийг гаргуулах,
  3. Дахин 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 5,000,000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэй зээлсэн боловч мөн л төлөөгүй тул үндсэн зээл 5,000,000 төгрөг, зээлийн хүү 7,600,000 төгрөг, алданги 2,500,000 төгрөг нийт 15,100,000 төгрөгийг гаргуулах,
  4. 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 3,200,000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэй зээлсэн боловч төлөөгүй тул үндсэн зээл 3,200,000 төгрөг, зээлийн хүү 3,072,000 төгрөг, алданги 1,600,000 төгрөг нийт 7,872,000 төгрөгийг гаргуулах,
  5. 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 5,000,000 төгрөгийг мөн 8 хувийн хүүтэй зээлсэн боловч төлөөгүй тул 5,000,000 төгрөг, хүүд 4,800,000 төгрөг, алданги 2,500,000 төгрөг нийт 12,300,000 төгрөг гаргуулах,
  6. 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр дахин 4,100,000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй 1 жилийн хугацаатай зээлсэн боловч төлөөгүй тул үндсэн зээл 4,100,000 төгрөг, зээлийн хүү 4,920,000 төгрөг, алданги 2,050,000 төгрөг нийт 11,070,000 төгрөг гаргуулах,
  7. 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 2,000,000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 5 сарын хугацаатай зээлсэн боловч төлөөгүй учраас үндсэн зээл 2,000,000 төгрөг, зээлийн хүү 1,000,000 төгрөг, алданги 1,000,000 төгрөг нийт 4,000,000 төгрөгийн тооцоо гарч байна.

Г.О бид хоёр их дотно харилцаатай байсан болохоор бидний хооронд зээлийн харилцаа маш их үүсдэг байсан. Надад зовлон жаргалаа яриад, мөнгө гуйгаад, зээлдэг, нөхөртэйгөө муудалцах үедээ манай өрөөнд ирж байрладаг байсан. Сүүлдээ мөнгөө өгөхгүй, алга болсон учраас би эвлэрүүлэн зуучлалд өргөдөл өгсөн. Тэр үед хүү нь хотод байгаа гээд ирээгүй, Г.Оыг өөрөө ирж уулзаад тохиролцох болов уу гэсэн чинь ирсэнгүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж байна. Хөөн хэлэлцэх хугацаа дуусах боломжгүй би байнга уулзаж мөнгөө нэхэж байсан. 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 5,000,000 төгрөгийн зээлийн гэрээнд заасан мөнгөнөөс 3,200,000 төгрөг авсан гэж байна. 3,200,000 төгрөгийг 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр картын зээл хаагаад өгнө гэж надад хэлээд авсан, 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр үлдсэнийг нь надаас гуйж байгаад авсан. Иймд Г.О, Б.Х нараас нийт 61,698,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Г.О, Б.Х нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Зарим зээлийн гэрээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь зээлийн гэрээнүүдэд дурдсан мөнгийг хариуцагч нар нь аваагүй. 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн зээлийн гэрээнд заасан 5,000,000 төгрөгөөс 3,200,000 төгрөгийг авсан, 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн гэрээгээр 2,000,000 төгрөг авсан. Үлдэх зээлийн гэрээнд заасан мөнгөнүүдээс нэг ч төгрөг аваагүй. Уг зээлийн гэрээнүүд нь засвартай, нотлох баримтын шаардлага хангахааргүй байна. Хариуцагч зээлийн хүүг хангалттай төлсөн, нэхэмжлэгч огт хохироогүй гэж тайлбар хэлсэн. Хариуцагч нь эрх зүйн үр дагаврыг мэдэхгүйн улмаас ихэнх зээлийн тооцоогоо бэлнээр хийсэн байдаг. Б.Хийн тухайд энэ зээлийн харилцаанд ямар ч хамаагүй, зээлийн гэрээнүүдэд заасан мөнгөнөөс огт аваагүй. 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн зээлийн гэрээ, 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн гэрээ, 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн зээлийн гэрээнүүдийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна. 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн зээлийн гэрээ нь сүүлд баталгаажуулж хийсэн зээлийн гэрээ гэж нэхэмжлэгч тайлбарлаад байгаа бол хариуцагчийн зүгээс уг зээлийг нэхэмжлэгчийн ломбарднаас авсан зээл гэж хэлсэн. Талуудын маргаанд яг энэ нөхцөл байдал хамааралгүй. Б.Хийг зээлийн гэрээнд гарын үсэг зурах үед нэхэмжлэгч би чамаас нэг ч төгрөг авахгүй гэж хэлж байсан. Нэхэмжлэгч шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн, гараар тэмдэглэсэн зээлийн түүх нь зөвхөн зээл олгосон гэдгээ тэмдэглэсэн болохоос зээл төлсөн эсэхийг тэмдэглээгүй байгаа. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

           Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

     Нэхэмжлэгч Б.Т нь хариуцагч Г.О, Б.Х нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 61,698,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн  шаардлага гаргажээ.

Хариуцагч нар нь нэхэмжлэгчээс мөнгө аваагүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул  61,698,000 төгрөгийг төлөхгүй гэж маргаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Б.Т, хариуцагч Г.О, Б.Х нарын хооронд 2016 оны 4 дүгээр сарын 15, 2017 оны 7 дугаар сарын 20, 2017 оны 11 дүгээр сарын 8, 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр, 2019 оны 01 дүгээр сарын 14, 2019 оны 01 дүгээр сарын 24, 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрүүдэд нийт 7 удаагийн үйлдлээр зээлийн гэрээ бичгээр байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч нь сарын 8,10 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч зээлийн хүүг сар бүрийн тогтсон хугацаанд зээлдүүлэгчид өгөхөөр, үндсэн зээлийг гэрээнд заасан хугацаанд бүрэн төлж барагдуулах үүрэг хүлээсэн ба гэрээнд заасан хугацаанд зээлийг хүүгийн хамт төлөөгүй тохиолдолд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар 0,5 хувиар алданги төлөх үүрэг тус тус хүлээж, зээлийн гэрээг байгуулжээ. /хх-ийн 5-11 дүгээр тал/

Гэрээ байгуулсан, гэрээнд гарын үсэг зурсан талаар хариуцагч Г.О, Б.Х нар маргаагүй, харин хариуцагч Б.Х энэ мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй тул хариуцагч биш гэж хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл,  тоо чанар,  хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, 282 дугаар зүйлийн 282.3-т “ Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” 232 дугаар зүйлийн 232.1-д “Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ”, 232.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр байгуулна” гэж тус тус хуульчилжээ.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь хуульд заасан дээрх шаардлагуудыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ байх тул нэхэмжлэгч нь үндсэн зээл, түүний хүү, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцож алданги шаардах эрхтэй. 

Зээлдэгч Г.О, Б.Х нар нь зээлдүүлэгч Б.Ттай 6 удаа зээлийн гэрээг бичгээр байгуулж мөнгийг өөрийн дансаар авч хэрэглэсэн ба зээлийг буцаан төлөх үүргээ хэрэгжүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн болох нь:

1.Талуудын хооронд 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр дууссан байх ба сарын 8 хувийн хүүтэй зээлсэн. Б.Т нь 1,000,000 төгрөгийг бэлнээр өгч, 2017 оны 6 дугаар сарын 9-ний өдөр 1,300,000 төгрөгийг дансаар нэхэмжлэгчид шилжүүлсэн гэж тайлбарладаг бөгөөд зээлдэгч Г.О нь 2017 оны 4 дүгээр 13-ны өдөр 200,000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 100,000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 100,000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 09ий  өдөр 295,000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 300,000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 200,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 10ы өдөр 150,000 төгрөг нийт 1,345,000 төгрөг төлжээ. Гэрээ байгуулахаас өмнө шилжүүлсэн мөнгө болон бусад мөнгийг хүүд тооцов. Нэхэмжлэгч үндсэн зээлийн төлбөрөөс 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр төлсөн гэх 200,000 төгрөг хасаж, алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс бус үндсэн төлбөрөөс тооцож нэхэмжлэл гаргасан байх тул энэ тооцооллоор бодов. Уг зээлийг тооцвол 2,300,000x8%=184,000, 184,000x19сар=3,496,000 төгрөг, хариуцагчийн хүүний төлбөрт /2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хариуцагч  талаас гаргаж өгсөн “депозит дансны дэлгэрэнгүй хуулга/ хүртэл төлсөн 1,345,000 төгрөгийг хүүнээс хасаж тооцвол хүү 3,496,000-1,345,000=2,151,000 төгрөг ба гүйцэтгээгүй үүрэг 2,100,000+2,151,000=4.251,000 төгрөг, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д зааснаар анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан хэдий ч нэхэмжлэгч үндсэн төлбөрөөс алдангийг тооцсон тул 2,100,000 төгрөгийн 50 хувиас тооцвол 1.050.000 төгрөг, төлвөл зохих нийт 2,100,000+2,151,000/хүү/+1,050,000 /алданги/ =5,301,000 төгрөг,/хх-6,60-66/

 2.2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл, сарын 8 хувийн хүүтэй байгуулагдсан зээлийн гэрээгээр үндсэн зээлд 3,200,000/дансаар/ төгрөг, сард 256,000 төгрөгийн хүү, 12 сарын хүүд 3,072,000 төгрөг төлөх үүрэгтэй байсан бөгөөд гэрээгээр хүлээсэн үүргээс зээлийн гэрээний хугацаа дууссан өдөр буюу 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар үндсэн зээл 3,200,000 төгрөг, хүү 3,072,000 төгрөгийн төлөлт хийгээгүй, нэхэмжлэгч үндсэн төлбөрөөс алданги тооцсон тул 3,200,000 төгрөгийн 50 хувиар тооцвол 1,600,000 төгрөг,  3,200,000+3,072,000/хүү/+1,600,000/алданги/=7,872,000 төгрөг, /хх-7, 33 тал/

3.2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүртэл, сарын 8 хувийн хүүтэй байгуулагдсан зээлийн гэрээгээр үндсэн зээлд 5,000,000/дансаар/ төгрөг, сард 400,000 төгрөгийн хүү, 19 сарын хүүд 7,600,000 төгрөг төлөх үүрэгтэй байсан бөгөөд гэрээгээр хүлээсэн үүргээс зээлийн гэрээний хугацаа дууссан өдөр буюу 2019 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар үндсэн зээл 5,000,000 төгрөг, хүү 7,600,000 төгрөгийн төлөлт хийгээгүй, нэхэмжлэгч үндсэн төлбөрөөс алданги тооцсон тул 5,000,000 төгрөгийн 50 хувиар тооцвол 2,500,000 төгрөг,  5,000,000+7,600,000/хүү/+2,500,000/алданги/=15,100,000 төгрөг, /хх-8,30 тал/

4.2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл, сарын 8 хувийн хүүтэй байгуулагдсан зээлийн гэрээгээр үндсэн зээлд 5,000,000/дансаар/ төгрөг, сард 400,000 төгрөгийн хүү, 12 сарын хүүд 4,800,000 төгрөг төлөх үүрэгтэй байсан бөгөөд гэрээгээр хүлээсэн үүргээс зээлийн гэрээний хугацаа дууссан өдөр буюу 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар үндсэн зээл 5,000,000 төгрөг, хүү 4,800,000 төгрөгийн төлөлт хийгээгүй, нэхэмжлэгч үндсэн төлбөрөөс алданги тооцсон тул 5,000,000 төгрөгийн 50 хувиар тооцвол 2,500,000 төгрөг,  5,000,000+4,800,000/хүү/+2,500,000/алданги/=12,300,000 төгрөг болсон байна. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээгээ 10 хувиар хийсэн боловч шүүхэд нэхэмжлэхдээ 8 хувиар тооцож нэхэмжилсэн тул сарын 8 хувиар хүүг тооцов /хх-9,35,36 тал/

5.2019 оны 01 дүгээр сарын 21ий өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл, сарын 10 хувийн хүүтэй байгуулагдсан зээлийн гэрээгээр үндсэн зээлд 4,100,000 төгрөг, сард 410,000 төгрөгийн хүү, 12 сарын хүүд 4,920,000 төгрөг төлөх үүрэгтэй байсан бөгөөд гэрээгээр хүлээсэн үүргээс зээлийн гэрээний хугацаа дууссан өдөр буюу 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар үндсэн зээл 4,100,000 төгрөг, хүү 4,920,000 төгрөгийн төлөлт хийгээгүй, нэхэмжлэгч үндсэн төлбөрөөс алданги тооцсон тул 4,100,000 төгрөгийн 50 хувиар тооцвол 2,050,000 төгрөг,  4,100,000+4,920,000/хүү/+2,050,000/алданги/=11,070,000  төгрөг, /хх-10,37,38,39 тал/

6.2019.08.01ий өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл, сарын 10 хувийн хүүтэй байгуулагдсан зээлийн гэрээгээр үндсэн зээлд 2,000,000 /дансаар/ төгрөг, сард 200,000 төгрөгийн хүү, 5 сарын хүүд 1,000,000 төгрөг төлөх үүрэгтэй байсан бөгөөд гэрээгээр хүлээсэн үүргээс зээлийн гэрээний хугацаа дууссан өдөр буюу 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар үндсэн зээл 2,000,000 төгрөг, хүү 1,000,000 төгрөгийн төлөлт хийгээгүй, нэхэмжлэгч үндсэн төлбөрөөс алданги тооцсон тул 2,000.000 төгрөгийн 50 хувиар тооцвол 1,000,000 төгрөг, 2,000,000+1,000,000/хүү/+1,000,000/алданги/=4,000,000 төгрөг, /хх-11,40 тал/

 Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д ” Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно”, 43 дугаар зүйлийн 43.2.1-д “талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт үйлдэж гарын үсэг зурсан бол хэлцэл хийсэн гэж үзнэ” гэж тус тус хуульчилжээ.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлд заасан “хамтран үүрэг гүйцэтгэгч” гэснийг зээлийн гэрээний хувьд “хамтран зээлдэгч” гэж ойлгох ба талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний агуулга, нөхцөлөөс үзвэл зээлдэгч нарын хэн аль нь зээлдүүлэгч буюу нэхэмжлэгчийн өмнө үүрэг гүйцэтгэх, нэхэмжлэгч нь зээлдэгч нараас гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах боломжтой байх тул мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д зааснаар хариуцагчийг хамтран үүрэг гүйцэтгэгч буюу хамтран зээлдэгч гэж үзнэ. Нэгэнт хариуцагч хамтран зээлдэгч тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т зааснаар үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй, хариуцагч Б.Х нь зээлийн гэрээний холбогдох заалт болон Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасны дагуу төлөөгүй байгаа үндсэн зээлийг, хүү, алдангийн хамт төлөх үүрэгтэй. Хариуцагч Б.Х нь 2017.7.20, 2017.11.8, 2018.1.13, 2019.01.14, 2019.01.24-ний өдрийн зээлийн гэрээнүүдийг хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан, мөнгийг түүний ээж, үндсэн зээлдэгч Г.Оын данс руу шилжүүлсэн, Иргэний хуулийн 242 дугаар зүйлд тодорхойлсноор хамтран үүрэг гүйцэтгэгч мөн байх тул хариуцагчийн үүргээс чөлөөлөгдөх үндэслэлгүй болно. /хх-ийн 5-10/

Харин нэхэмжлэгч Б.Т нь 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Г.О, Б.Х нартай зээлийн гэрээ байгуулж, 1,500,000 төгрөгийг  сарын 8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай хариуцагч Г.Оад зээлдүүлсэн гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч нь уг зээлийг Г.О, Б.Х нарт өгсөн гэдгээ нотолж чадахгүй байна.

Талуудын хооронд 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 1,500,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан гэх боловч уг зээлийн гэрээний дагуу “Ц” ББН гэсэн нэртэй баримтанд хариуцагчаар гарын үсэг зуруулж, бэлэн мөнгө өгсөн гэх нэхэмжлэгчийн тайлбар нь дээрх гэрээтэй цаг хугацаа болон зээлийн үнийн дүнгээс зөрүүтэй байна. /хх-5, 22 тал/

 Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл,  тоо чанар,  хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан бөгөөд хариуцагчийн хувьд мөнгө хүлээж авсан үйл баримт тогтоогдохгүй, уг зээлийн гэрээгээр 1,500,000 төгрөгийн зээл өгсөн гэж үзэхээргүй  байна.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 3,200,000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 2,000,000 төгрөгийг авсан бусад зээлийг аваагүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” гэж зааснаар баримтаар нотолж чадахгүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2018 оны 8 дугаар сарын 01, 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн зээлийн гэрээнд шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч хангасан бөгөөд шинжээчийн дүгнэлтэд талууд маргаагүй болно. /хх-ийн 48-53/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд өгсөн хариуцагч Г.Оын Хаан банкны дансны хуулгаас нэхэмжлэгч Б.Тд шилжүүлсэн мөнгийг тооцоход нийт 9,289,600 төгрөгийг дансаар шилжүүлсэн бөгөөд энэ мөнгийг хасаж тооцохыг нэхэмжлэгч зөвшөөрсөн учраас 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 2,300,000 төгрөгийн зээлийн төлбөрөөс хүүд 1,345,000 төгрөгийг хассан ба үлдэгдэл 7,944,600 төгрөгийг нийт гүйцэтгээгүй үүргээс хасаж тооцов./ хх-ийн 60-73/

Иймд буцаан төлөх зээлийн төлбөрийг тооцож үзвэл 5,301,000+7,872,000+15,100,000+12,300,000+11,070,000+4,000,000=55,643,000 төгрөг үүнээс хариуцагчийн дансаар шилжүүлсэн 7,944,600 төгрөгийг хасч 47,698,400 төгрөгийг зээлдэгч Г.О, Б.Х нараар төлүүлэхээр шийдвэрлэж, нэхэмжлэлийн шаардлагаас 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн зээлийн гэрээний 1,500,000 төгрөг, хүү, алданги нийт 4,710,000 төгрөг, хариуцагчийн дансаар нэхэмжлэгчид шилжүүлсэн 9,289,600 төгрөг нийт 13,999,600 төгрөгийг хэрэгсэхгүй болгох шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай баримт мэдээллийг нотлох баримт гэх бөгөөд шүүх нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв  баримт гэж үнэлэв.

Харин нэхэмжлэгчээс ирүүлсэн дэвтрийн цаасан дээр бичигдсэн зээлийн гэрээний баримт гэх /хх-23-26/ хуудас баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй тул үнэлээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 466,440 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 47,698,400 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 396,442 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар  зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага  болгон
ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч С овогт Г.О, Б овогт Б.Х нараас зээлийн гэрээний үүргийн биелэлт 47,698,400 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц овогт Б.Тд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 13,999,600 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Тгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 466,440 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.О, Б.Х нараас улсын тэмдэгтийн хураамж 396,442 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Тд олгосугай.

  3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.  

  4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ