Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 2025/ШЦТ/54

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж,

Улсын яллагч Б.Чулуунхүү,

Хохирогч Д.М,

Хохирогч Д.М өмгөөлөгч Н.Гүнчинсүрэн,

Иргэний нэхэмжлэгч С.Д,

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гомборагчаа,

Шүүгдэгч Г.П нарыг оролцуулан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Золбоогоор тэмдэглэл хөтлүүлэн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд ирүүлсэн ***** дугаартай 2 хавтас эрүүгийн хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1962 оны 11 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 63 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, машинист мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл 3, эхнэр, охины хамт ******************* оршин суух хаягтай, ****************** регистрийн дугаартай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Ц овогт Г.П.

Шүүгдэгч Г.П нь 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр **************** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4 А "а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах;" мөн дүрмийн 11.3 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, ************* улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, *********** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.М эрүүл мэндэд сүүж ясны үргэлжилсэн шугаман хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол, зорчигч Д.Б, С.Д нарын эрүүл мэндэд тархи доргилт гэмтэл бүхий хөнгөн хохирол, зорчигч Б.М эрүүл мэндэд тархи доргилт, зүүн далны дотор хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Г.П холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэгт хамаарч байна.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                            

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Тухайн байгууллагын албан ёсны харилцаа холбооны  хэрэгсэл ашиглан оролцогчийг дуудаж болно” гэж заасан журмын дагуу иргэний нэхэмжлэгч Д.Б, Б.М болон хууль ёсны төлөөлөгч нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч ирээгүй байна.

Иргэний нэхэмжлэгч нар нь шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй ба шүүх хуралдаанд оролцохгүй гэдгээ шүүхэд харилцаа холбооны хэрэгслээр мэдэгдсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.11 дүгээр зүйлд зааснаар иргэний нэхэмжлэгч Д.Б, Б.М нарыг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

-Хохирогч Д.М нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Би замаар явж байхад урсгал сөрж орж ирээд мөргөлдсөн. Хурдтай явж байсан...” гэв.

-Иргэний нэхэмжлэгч С.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн үед нөхөр хүүхдийн хамт явж байсан, нэг мэдсэн урдаас машин ороод ирсэн. Тухайн үед юу болсныг санадаггүй...” гэв.

-Улсын яллагч Б.Чулуунхүү нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Б.Чулуунхүү би Прокурорын тухай хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн Г.П холбогдох эрүүгийн ******************* дугаартай хэрэгт улсын яллагчаар оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч Г.П нь 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр *************** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4 А "а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах;" мөн дүрмийн 11.3 Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, *************** улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, ********** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.М эрүүл мэндэд сүүж ясны үргэлжилсэн шугаман хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол, зорчигч Д.Б, С.Д нарын эрүүл мэндэд тархи доргилт гэмтэл бүхий хөнгөн хохирол, зорчигч Б.М эрүүл мэндэд тархи доргилт, зүүн далны дотор хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож байна. Иймд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгчийн зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэм бурууд маргаагүй болохыг дурдах нь зүйтэй. Хохирол төлбөрийн тухайд шүүгдэгчийн зүгээс 1,031,676 төгрөгийг эмчилгээ үйлчилгээтэй холбоотой зардал болон бензиний зардлыг төлж барагдуулсан талаар баримтыг гаргасан. Энэ талаар хохирогчийн талаас маргасан зүйлгүй. Хохирогч Б.М нь мал маллуулсны хөлс 6,000,000 төгрөг, тээврийн хэрэгслийн гэмтэл 4,165,000 төгрөг, сэтгэцэд учирсан хохирлыг шүүхээс тогтоосон дүнгээр нэхэмжилж байгаа. Машины эвдрэлтэй холбоотой асуудлыг мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн даатгалын компаниас гарна гэсэн асуудал яригдаж байсан учраас тээврийн хэрэгслийн хохирлыг яллах дүгнэлтийн хавсралтад гэм хорын хохирлоор тооцоогүй байгаа. Мөн хохирогчийн зүгээс данс нь зөрсөн учраас шүүгдэгчийн охин нь хохирогчтой холбогдож дансны дугаарыг нь авсан гэж мэдүүлж байх тул тээврийн хэрэгслийн мөнгөн дүнг хэрхэн гаргуулах талаар асуудлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна. Сэтгэцэд учирсан хохирлыг шүүхээс тогтоосон хэмжээгээр шүүгдэгчээс гаргуулж төлүүлэх нь зүйтэй байна. Мал маллуулсны хөлсийг мөн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйгээр нээлттэйгээр үлдээх саналтай байна. Хохирогчийн зүгээс 4 сарын хугацаанд хэвтэрт байсан талаар мэдүүлэг ч хохирогч нь шүүгдэгчийг 1 сарын хугацаанд хэвтэрт байсан талаар ярьдаг. Энэ талаар нотлох баримтыг бүрдүүлээд иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх саналыг гаргаж байна. Эмчилгээ үйлчилгээтэй холбоотой зардлыг шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзэж байна. ...Шүүгдэгч Г.П Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шүүхээс тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзэж байна. Шүүгдэгч Г.П нь гэм бурууд маргаагүй, шүүхээс тогтоосон хохирлыг төлөхөө илэрхийлж байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж байна. Г.П 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс “Хувийн баталгаа” гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан болно. Түүнийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. Тухайн хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна. Хохирол төлбөрийн тухайд шүүхээс тогтоосон 5,780,800 төгрөгийг төлж барагдуулаагүй байна...” гэв.

Хохирогч Д.М өмгөөлөгч Н.Гүнчинсүрэн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Г.П нь гэмт хэрэг үйлдсэн гэм бурууд маргахгүй байгаа бөгөөд гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэж байна. Хохирогчийн зүгээс хохирол төлбөр нэхэмжилж байна. Энэ хэргийн улмаас сүүжин ясны үргэлжилсэн хугарлын гэмтэл учирсан үүнтэй холбоотой хохирол төлбөр гарсан. Мөн сэтгэцэд учирсан хохирол тогтоолгосон, өөрийн эд хөрөнгөд хохирол учирч эрүүл мэндэд нь хохирол учирсан тул ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болж хөлсөөр малаа харуулсан нөхцөл байдал байгаа учир Иргэний хуулийн 497 дугаар зүйлд зааснаар холбогдох хохирлыг гэм буруутай этгээд өөрөө хариуцах үүрэгтэй гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэж заасан байдаг. Эмчилгээний зардалтай холбоотой баримтуудыг гаргаад өгчихсөн шүүгдэгчийн зүгээс 1,031,679 төгрөг төлсөн үүнээс зөрүүтэй зүйл гарахыг үгүйсгэхгүй. Сэтгэцэд учирсан хохиролд шинжээчийн дүгнэлт үйлдэж 1 дүгээр зэрэг гэсэн дүгнэлт гарсан байгаа. Гэмтлийн дараа стресс хариу урвалын шинж тэмдэг илэрсэн цаашид сэтгэл зүйд эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн учир Иргэний хэргийн 230 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар 512 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Улсын дээд шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуралдааны тогтоолын хавсралтад заасны дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4.99 дахин нэмэгдүүлж гаргуулах нь зүйтэй байна Тээврийн хэрэгслийн эвдрэлийн тухайд 4,165,000 төгрөгийн хохирол байгаа. Үүнийг даатгалын компани олгоно гэсэн боловч олгоогүй явж байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлд зааснаар тухайн эд хөрөнгийг хохирлыг хариуцвал зохих этгээд гэж үзээд даатгалын компанийг иргэний хариуцагчаар татан оролцуулаагүй байгаа. Хохирлыг хариуцан арилгах этгээд нь шүүгдэгч Г.П байгаа учир буруутай этгээдээс гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна. Хэрэв даатгалаас хохирол төлбөр төлөгдвөл буцаагаад өгөх боломжтой гэж үзэж байгаа. Иймд автомашинд учруулсан хохирлыг Иргэний хуульд зааснаар өмнөх байдалд нь сэргээх боломжгүй бол тухайн эвдэрсэн үнийн дүнгээр нөхөн төлөх үүрэгтэй учраас төлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Мал маллуулсны хөлсийг мөн шүүгдэгчээс гаргуулна. Хохирогчийн биеийн байдлыг эмч нь 1 сарын хугацаанд эдгэрнэ гэж хэлсэн хэдий ч энэ талаар нотлох баримт байхгүй байна. Хохирогчид учирсан энэ хугарал нь явах тулгуур эрхтэн учир ажил хөдөлмөр эрхлэхэд хүндрэлтэй, хүний биеийн байдлаас хамаарч гэмтэл нь хэдий хугацаанд эдгэрэх нь тодорхойгүй байгаа. Ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй учир хамаатны дүүгээ өвөлжөөнөөс нь нүүлгэн авчирч малаа харуулсан. Уг харуулсантай холбогдуулан хөдөлмөрийн гэрээ байгуулж нотариатаар батлуулсан. Үүний дүнд 6,000,000 төгрөгөөр малаа маллуулсан байгаа. Иймд 6,000,000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж үзэж байгаа. Нөгөөтээгүүр улсын яллагч уг хохирлуудыг нээлттэй үлдээх саналтай байна. Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлд зааснаар хэрэг хэлэлцэх хугацааг хойшлуулахгүйгээр тодорхой тооцоог гаргах бололцоогүй тохиолдолд нээлттэй үлдээж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг зааж болно гэж заасан. Уг хэрэгт хохирол төлбөрийг тооцохгүй байх тодорхойгүй зүйл байхгүй учир хохирол төлбөрийг гаргах үндэслэлтэй байна. ...Гэм буруугийн шүүх хуралдаанаар хохирлын талаар 5,780,800 төгрөгийг гаргуулж хохирогчид олгуулахаар, малын хөлс 6,000,000 төгрөгийг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлээ. Хариуцлагын талаар тусгайлан гаргах саналгүй шүүгдэгч гэм буруугаа хүлээж байгаа хэдий ч хохирол төлбөр төлөхөд идэвхтэй үйлдэл гаргаагүй талаар дурдах нь зүйтэй...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гомборагчаа шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Өнөөдрийн шүүх хуралдаанд Г.П өмгөөлөгчөөр оролцож байна. 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр *************************** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4 А "а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах;" мөн дүрмийн 11.3 Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, *************** улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, ************** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.М эрүүл мэндэд сүүж ясны үргэлжилсэн шугаман хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол, зорчигч Д.Б, С.Д нарын эрүүл мэндэд тархи доргилт гэмтэл бүхий хөнгөн хохирол, зорчигч Б.М эрүүл мэндэд тархи доргилт, зүүн далны дотор хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд, өнөөдрийн шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн баримтуудаар нотлогдон тогтоогдож байгаа. Шүүгдэгч Г.П нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн. Болгоомжгүй хэлбэрээр гэмтэл учруулсан. Гэм бурууд маргахгүй байгаа учир хохиролтой холбоотой асуудлыг хэлэлцэнэ. Хохирогчийн тухайд Улаанбаатар хот руу очиход нь шүүгдэгчийн хүүхэд нь дагуулаад эмнэлэгт үзүүлж, хохирол төлбөрийг барагдуулсан. Хохирогчийн эмчилгээтэй холбоотой зардал болон эрүүл мэндийн даатгалын сангаас нэхэмжилсэн мөнгийг барагдуулсан. Хохирогчийн зүгээс малын хөлс, машины хохирол, сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжилж байна. Малын хөлсийг бол төлөхөөр шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна. Учир нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад хохирогчийн малын А данс байдаггүй. Ямар мал маллаж байгаа талаар тодорхой биш гэрээ хийсэн байдаг: Мөнгөн дүнгээр шилжүүлэг хийхдээ гүйлгээний утга нь тодорхой биш малын хөлс гэж шилжүүлээгүй. Хэдийгээр малын хөлсний гэрээ байдаг хэдий ч нотлох баримтын хэмжээнд хүрэхгүй байна. Хохирогч хөдөлмөрийн чадвараа алдсан юм уу? энэ талаар нотлох баримт байхгүй. Хөдөлмөрийн чадвараа алдаад хөдөлмөр эрхлэх боломжгүй юм уу? эсхүл эрүүл мэндээ засаад сэргэсэн талаар нотлох баримт байхгүй учир өнөөдрийн шүүх хурлаар шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна. Иймд иргэний журмаар шийдвэрлэх боломжтой. Машины хохирлыг Г.П хариуцлагын даатгалаас гарахаар байгаа. Машины бичиг баримтын эзэмшигч нь өөр хүн байсан учраас эргэлзээтэй нөхцөл байдал байгаа. Үүнийг бол шүүгдэгчийн охин нь хөөцөлдөж байгаа. Иргэний журмаар машины эвдрэл гэмтэлтэй холбоотой хохирол төлбөрийг барагдуулах нь зүйтэй. Сэтгэцэд учирсан хохирлыг шинжээчийн дүгнэлт гарсан учир маргах зүйлгүй. Сэтгэцэд учирсан хохирлын тооцох хэмжээг зэрэглэлийн доод хэмжээгээр тооцох боломжтой байгаа. ...Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Болгоомжгүй гэмт хэрэг үйлдэж хохирогчийн бие, болон эд хөрөнгөд хохирол учирсан. Уг хохирлыг мөрдөн шалгах ажиллагааны хувьд төлж барагдуулсан. Санаачилгагүй гэж үзэх боломжгүй эмнэлгээр дагуулж яваад эмчилгээний зардлыг төлж барагдуулсан байдаг. Г.П нь өндөр насны тэтгэвэрт байдаг.  Шүүхээс тодорхой хэмжээний хохирол төлбөр төлөхөөр шийдвэр гарсан учир уг шийдвэр биелэгдэх үндэслэлтэй байна. Энэ хэрэг нь хөнгөн төрлийн хэрэг учир гэм буруугаа хүлээж байгаа хохирол төлбөр төлсөн байдлыг харгалзан торгуулийн ялын тухайд хохирол төлбөр төлөх шаардлагатай байгаа тул 300 цагийн нийтэд тустай ажил хийх ялаар шийдвэрлэж өгөөч. Г.П тухайд эдийн засгийн хувьд хүндрэлтэй байх тул нийтэд тустай ажлыг хийх боломжтой учир уг ялаар шийдвэрлэж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Г.П шүүхэд хандаж хэлсэн үгэндээ: “...Гэм буруугаа хүлээж байна. Эхнэр бид хоёр тэтгэврийн зээл авч хохирлоо төлнө. Мөн торгуулийн шийтгэл оногдуулбал сард 500,000 төгрөг төлж болох уу, бид хоёр 600,000 төгрөгийн тэтгэвэр авдаг. Эхнэрийн зээлийг аваад хохирогчийг Улаанбаатар хот явахад нь хохирол төлсөн одоо 9 дүгээр сард дуусна миний зээл 7 дугаар сард дуусна миний нөхцөл байдлыг харгалзан сард 500,000 төгрөг төлөхөөр тогтоож өгөөч...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Зөрчлийн талаар гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 10 дахь хуудас/,

2. Мөрдөгчийн 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хавтаст хэргийн 11-12, 19-22 дахь хуудас/,

3. Мөрдөгчийн 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн ******* улсын дугаартай *********** маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл / хавтаст хэргийн 37-40 дэх хуудас/,

4. Хохирогч Д.М “...2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Завхан аймгийн Их-Уул сумын нутаг дэвсгэр буюу гэрээсээ 16 цагийн үед байх гэж бодож байна хадам дүү Б намайг Тэлмэн сум руу өвлийн хүнсэнд яваад өгөөч гэхээр нь түүний эхнэр Д, охин Маргад нарын хамт явж байсан. Тэгээд Завхан аймгийн Их-Уул сумаас гарах гээд явж байхад миний өөдөөс цэнхэр өнгийн Портер машин ирж байсан. Би тухайн үед зам халтиргаа ихтэй байхаар нь 2 дугаар араандаа хийгээд аажуухан явж байхад би замын хурд сааруулагчаас 15-20 орчим метрийн зайтай явж байсан. Тэгтэл өөдөөс ирж байсан машин хурд сааруулагч дээр ирээд гэнэтхэн тоормос гишгэтэл машин нь зам хөндөлсөөд гулгаж ирээд миний урдаас ирж мөргөсөн. Уг машин урсгал сөрж орж ирээд намайг мөргөсөн. Тухайн үед машиндаа хавчуулагдсан байсан. Миний хажууд Б суугаад түүний хажууд эхнэр нь сууж байсан. Хүүхэд миний хойд талд суугаад явж байсан. Бид нар бүгдээрээ Завхан аймгийн Их-Уул сумынхаа эмнэлэгт үзүүлж анхан шатны тусламж аваад эмч нар Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлэгт хүргэж өгсөн. Би жолооны "В" ангилалтай, авто машин жолоодоод 14 жил болж байна. Миний хувьд архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Намайг мөргөсөн жолооч хүртэл архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Зам тээврийн осол гарсан шалтгаан бол миний өөдөөс ирж байгаа машин замынхаа нөхцөл байдалд тааруулахгүй явснаас болоод гарсан. Одоо миний машин асах боломжгүй жолооны хүрд хүртэл эвдэрсэн...Миний жолоодож явсан ************ улсын дугаартай тээврийн хэрэгсэл бол миний өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юмаа. Би уг тээврийн хэрэгслээ төрсөн ах Д.Д 2 жилийн өмнө 9.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн үед нэрийг нь шилжүүлж авах гэсэн боловч ах дараа нь болъё, хоёулаа нэг дор байгаа юм чинь гэхээр нь би нэрийг нь шилжүүлж авч чадаагүй байсан... Миний машины кабин, урд салхины шил, гэрэл дохио, урд гупер, рам, рулын аппарат, радиатор, жолооны хүрд гэх мэт эд анги маш их эвдэрсэн...Нөгөө талын жолооч миний машины эвдэрсэн эд ангид үнэлгээ хийлгэсэн. Би өнөөдөр асуухад 4.165.000 төгрөгөөр үнэлгээ хийлгэсэн гэсэн. Үүнээс дээш үнэлгээ гарахгүй гэсэн. Үнэлгээг би хүлээн зөвшөөрсөн байгаа...Эмчилгээний зардлыг нөгөө талын жолооч гаргасан. Миний хувьд бол одоо надад 7 ширхэг НӨАТ-ын баримт байна. Ойролцоогоор 400.000 төгрөг орчим байгаа байхаа. Би эдгээр баримтуудаа гаргаж өгье. Тухайн үед би Улаанбаатар хот руу ганцаараа явах болохоор нь ахыгаа дагуулж явсан. Манай ах Улаанбаатар хотод очоод надаас түрүүлээд авто бусаар ирсэн. Автобусны зардлын нэг баримт байгаа нөгөө 6 баримт бол эм худалдан авсан баримтууд байгаа...Эмч нар намайг 3 сар хэвтрийн дэглэм барь гэсэн. Би осолд орсны улмаас өөрийн малаа хариулж чадахааргүй болсон. Би 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр сар хүртэл сарын 1.500.000 төгрөгийн хөлстэй малаа маллуулахаар болсон. Би өөрийн 300 гаруй бог, 30 гаруй тооны тэжээлийн үхэртэй. Би малаа 5 сар хүнээр харуулахаар болсон. 5 сар мал харсны хөлс 7.500.000 төгрөг болж байна. Энэ мөнгөө гаргуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 44-46 дахь хуудас/,

5. Хохирогч Д.М 2025  оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн “...би 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл Б.Б гэх хүнээр малаа сарын 1.500.000 төгрөгөөр хөлсөөр маллуулж байгаа. Би Б.Б өнөөдрийн байдлаар 2 сарын төлбөр болох 3.000.000 төгрөг шилжүүлсэн. Одоо 3 сарын төлбөрийн өгөх ёстой байгаа өнөөдрийн байдлаар мөнгөгүй болоод өгч чадаагүй байгаа. Гэхдээ Б.Б миний малыг маллаж байгаа. Би хохирлын талаар гарсан бүх НӨАТ-ын баримтуудаа бүгдийн өгсөн байгаа. Одоо надад нэмж гаргаж өгөх баримт байхгүй. Малын 3 сарын төлбөр төлсөн баримтаа л нэмж өгөх ёстой байгаа... Би авто машиныхаа эвдрэл гэмтлийн үнэлгээг замын цагдаа дээр зөрчлөөр шалгуулж байхдаа Ашид билгүүн гэх ХХК-аар гаргуулсан. Авто машины үнэлгээтэй холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Миний машины хохирлын үнэлгээ даатгалаас орно гэсэн боловч өнөөдрийн байдлаар төлөгдөөгүй байна. Гэхдээ удахгүй төлөгдөх байх гэж бодож байна...Миний биеийн байдал бол одоо арай гайгүй болсон. Би одоо таяггүй явж байгаа. Хааяа сүүжний түнхээр өвдөөд байдаг бусдаараа гайгүй. Би гаргаж өгсөн баримттай хохирол болон малын төлөгдөөгүй 2 сарын хөлс, машины эвдрэлийн үнэлгээний төлбөр, сэтгэцэд учирсан хор уршгаа төлүүлчихвэл өөр нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй. Миний хувьд хавтаст хэрэгт авагдсан шинжээч томилсон тогтоол болон шинжээчийн дүгнэлтүүдтэй бүгдтэйн танилцсан. Ямар нэгэн санал хүсэлт бол байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-р хуудас/,

6. Насанд хүрээгүй хохирогч Б.М “...2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Д.М ах өөрийнхөө цэнхэр өнгийн Портер машиныг жолоодоод түүний хажууд манай аав Д.Б, ээж С.Д нар суугаад би машины хойд талд суугаад явж байсан. Би тухайн үед гар утсаараа оролдоод явж байсан. Тэгтэл гэнэтхэн ээж орилохоор нь би нүдээ аньсан. Би нүдээ аньсан байхдаа баруун талын нүдээрээ нэг юм мөргөсөн. Тэгтэл бид нарын сууж явсан машиныг цэнхэр өнгийн Портер машин ирээд мөргөсөн байсан. Бид нарын мөргөсөн машиныг нэг танихгүй өвөө жолоодоод явж байсан. Тэр хүн бид нарыг яагаад ирж мөргөснийг мэдэхгүй. Тэр машин бид нарыг эгнээгээрээ явж байхад урсгал сөрж орж ирээд мөргөсөн байсан. Бид нарыг осолд орсны дараа Их-Уул сумын эмч нар ирж үзээд Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлэгт хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 56-57 дахь хуудас/,

7. Хохирогч Д.Б “...2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Д.М ахын *********** улсын дугаартай тээврийн хэрэгслээр Завхан аймгийн Тэлмэн сум руу өвлийн хүнсэндээ явж байсан. Машиныг Д.М ах жолоодоод түүний хажууд би суугаад миний баруун гар талд хаалганы хажууд манай эхнэр С.Д суугаад манай хүүхэд хойд талд суугаад явж байсан. Бид нар Завхан аймгийн Их-Уул сумын Баян-Ухаа багийн нутаг дэвсгэрт буюу сумын төвөөс гарах гээд засмал зам руу ороод хурд сааруулагч руу ойртоод явж байхад өөдөөс цэнхэр өнгийн Портер машин хурд сааруулагч руу дөхөж ирээд тоормосолсон боловч тэр машин зогсолгүй гулсаад бид нарын урсгал руу сөрж орж ирээд эгц урдаас бид нарын машины жолооч тал руу мөргөсөн. Осол маш хурдан болсон. Би машин мөргөлдөх үед ухаан алдсан. Ийм л зүйл болсон. Тухайн үед урд өдөр цас нь ороод зам бага зэргийн халтиргаатай байсан. Өөдөөс ирсэн машин нэлээн хурдтай явж байсан. Бид нарт ямар нэгэн анхааруулах дохио өгөөгүй, гулсаад урсгал сөрж орж ирсэн. ...Бензиний зардлаа нэхэмжилнэ, мөн бариачаар 3 хоног толгойгоо бариулсан. Эхнэр бариачид мөнгийг нь өгсөн болохоор манай эхнэр мэдэж байгаа. Би мэдэхгүй байна. Өөр надад нэхэмжлэх зүйл байхгүй. Мөн өвчин намдаах эм авч байсан. Хэдэн төгрөгийн эм авсныг мэдэхгүй байна. Эхнэрээсээ асуугаад хэлье...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 62-63 дахь хуудас/,

8. Хохирогч С.Д “...2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Завхан аймгийн Тэлмэн сумаас өвлийн хүнсээ авахаар М ахыг гуйгаад Завхан аймгийн Их-Уул сумаас хөдлөөд явж байсан. Машиныг М ах жолоодоод түүний хажууд манай нөхөр Б суугаад би нөхрийнхөө хажуу талд сууж явсан. Манай хүүхэд хойд талд нь сууж явсан. Их-Уул сумаас дөнгөж гарахад байдаг замын хурд сааруулагч руу ойртоод явж байсан. Би тэр үед гар утсаараа яриад явж байсан. Тэгтэл гэнэтхэн л урдаас нэг Портер ирж байснаа замын хурд сааруулагч дээр ирээд тоормос гишгэхэд нөгөө машин гулсаад урсгал сөрөөд ороод ирэхээр нь М ах замын хажуу руу холдох гэхэд нөгөө машин манай машины жолооч тал руу ирээд мөргөсөн...” гэх мэдүүлэг  /хавтаст хэргийн 68-69 дэх хуудас/,

9.  Насанд хүрээгүй гэрч Г.Ө “...2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 15 цагийн үед байхаа Завхан аймгийн Тосонцэнгэл сумаас манай өвөө Г.П Завхан аймгийн Их-Уул сумын Цэцүүх багаас өвлийн идшээ авахаар өвөө Портер машинаа жолоодоод эмээ бид хоёртой хамт явсан. Би Тосонцэнгэл сумаас гараад хэсэг унтсан. Тэгтэл гэнэтхэн машин шарвахаар нь сэрсэн. Тэгтэл бид нарын сууж явсан машин шарваад өөдөөс ирж байгаа Портер машинтай мөргөлдсөн. Би өвөө эмээ хоёрынхоо дунд нь сууж явсан. Манай өвөө архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Хоёулаа жолооны бүсээ зүүж явсан. Миний биед ямар нэгэн бэртэл гэмтэл учраагүй. Урд өдөр нь цас орсон болохоор тухайн үед зам их халтиргаатай байсан. Ийм л зүйл болсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 77-78 дахь хуудас/,

10. Гэрч С.О “...Миний сууж явсан машиныг манай нөхөр П жолоодож явсан. Бид хоёр гэр бүлийн гишүүд миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй. Тиймээс би хуульд заасан эрхийнхээ дагуу мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 83-84 дэх хуудас/,

11. Гэрч Д.Д “...************ улсын дугаартай тээврийн хэрэгслээ би 2016 онд анх 14.000.000 төгрөгөөр худалдан авч байсан. Би машинаа ашиглаж байгаад 2022 онд төрсөн дүү Д.М 10.000.000 төгрөгөөр худалдсан. Одоо бидний дунд ямар нэгэн төлбөр тооцооны маргаан бол байхгүй. Тухайн үед нэрийг нь шилжүүлж өгье гэсэн боловч би ажилтай болоод чадаагүй. Тэгээд ч төрсөн ах дүү хүмүүс гээд нээх тоогоогүй. ************* улсын дугаартай авто машиныг надаас худалдаж авсан. Тийм болохоор миний өмч биш гэсэн үг. 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр манай дүү зам тээврийн осолд орсныг нь бол мэдсэн. Би ослын дараа машиныг нь үзсэн. Ослын улмаас машинд учирсан хохирлыг манай дүү өөрөө төлүүлэх байх. Миний өмч биш болохоор машинтай холбоотой ямар нэгэн санал хүсэлт бол байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 80-81 дэх хуудас/,

12. Гэрч Б.Б “...Би Д.М гэх хүнтэй ээжийн талаараа хамаатан садны харилцаа холбоотой. 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд Д.М ахын 196 хонь, 105 ямаа, 12 тооны адуу, 32 тооны үхрийг өөрийнхөө малтайгаа хамт маллаж байна. М ах бид хоёр ярилцаад би түүний малыг сарын 1.500.000 төгрөгийн хөлсөө маллахаар болоод 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр нотариат орж гэрээ байгуулсан. Д.М ах тухайн үед зам тээврийн осолд орсон гэхээр нь би малыг маллахаар болсон. Би М ахаас 2 сарын хөлс 3.000.000 төгрөгийг Өнөөдрийн байдлаар авсан байгаа. Мөнгийг өөрийнхөө Хаан банкны 5502190754 дугаарын дансаар хүлээж авсан. Одоо би 2 сарын малын хөлс болох 3.000.000 төгрөгийг Д.М ахаас аваагүй байгаа. Д.М ах эмчилгээ хийлгээд мөнгөгүй гээд 2, 3 сарын төлбөрийг өгөөгүй байгаа...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн -ийн 216-217 дахь хуудас/,

13. Иргэний нэхэмжлэгч Д.Ц “...Дээрх нэр дурдсан 3 иргэд нь эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээ авч байсан эсэхийг нь программаас шалгаж үзэхэд Д.М гэх иргэн 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлгээс яаралтай тусламж үзүүлсний төлбөрт 42.357 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод Мөнгөн гүүр эмнэлэгт Амбулаторийн тусламж үйлчилгээнд 48.880 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Мөнгөн гүүр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж мэс засалд 2.183.520 төгрөгийн зардал тус тус гаргуулсан байна. Уг иргэн өнөөдрийн байдлаар эрүүл мэндийн даатгалын сангаас 2.274.757 төгрөгийн төлбөр гаргуулсан байна. С.Д гэх иргэний хувьд 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлгээс яаралтай тусламж үзүүлсний төлбөрт 42.357 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлгээс Амбулаторийн тусламж, үйлчилгээ үзүүлсний төлбөрт 33.924 төгрөг нийт 76.281 төгрөг, Д.Б гэх иргэний хувьд гэвэл 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлгээс яаралтай тусламж үзүүлсний төлбөрт 42.357 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлгээс Амбулаторийн тусламж, үйлчилгээ үзүүлсний төлбөрт 31.049, 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр мөн эмнэлэгт амбулаторийн үзлэгт 33.924 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлэгт Амбулаторийн тусламж, үйлчилгээ, үзлэг, оношилгоо, шинжилгээнд 79.900 төгрөгийг тус тус гаргуулсан байна. Д.Б гэх иргэнд эрүүл мэндийн даатгалын сангаас 187.230 төгрөгийн төлбөр гаргасан байна. Дээрх 3 иргэнд эрүүл мэндийн даатгалын сангаас нийтдээ 2.538.268 төгрөгийг гаргаж, өнөөдрийн байдлаар Эрүүл мэндийн даатгалын санд хохирол учирч тухайн хохирол төлөгдөөгүй байна. Иймд дээрх төлөгдөөгүй байгаа 2.538.268 төгрөгийн төлбөрийг төлүүлж эрүүл мэндийн даатгалын санг хохиролгүй болгомоор байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 232-233 дахь хуудас/

14. Төрийн үйлчилгээний нэгдсэн системийн 2025 оны 04 дугаар сарын 03, 04-ний өдрүүдийн Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэл /хавтаст хэргийн 223-227 дахь хуудас/

15. Завхан аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 000000005 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 95-97 дахь хуудас/,

16. Завхан аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн ЗАВ0725/129 дугаартай нэмэлт дүгнэлт /хавтаст хэргийн 101-102 дахь хуудас/,

17. Завхан аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 000000439 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 131-132 дахь хуудас/,

18. Завхан аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн ЗАВ0725/134 дугаартай нэмэлт дүгнэлт /хавтаст хэргийн 136-137 дахь хуудас/,

19. Завхан аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 000000440 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 109-110 дахь хуудас/,

20. Завхан аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн ЗАВ0725/133 дугаартай нэмэлт дүгнэлт /хх-ийн 114-115-р хуудас/,

21. Завхан аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 000000441 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 150-151 дэх хуудас/,

22. Завхан аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн ЗАВ0725/132 дугаартай нэмэлт дүгнэлт /хавтаст хэргийн 155-156 дахь хуудас/,

23. Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1243 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 166-167 дахь хуудас/,

24. Ховд аймаг дахь Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн ХОВ0825/029 дугаартай “1. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.М /РД: ******/-ийн сэтгэцэд хор уршиг учирсан байна. 2. Гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинж илэрч байгаа нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна. 3. Цаашид сэтгэцийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 177-179 дэх хуудас/,

25. Мөрдөгчийн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 05 дугаартай “************** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Г П /РД:*********/ нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4.А, 11.3 дахь заалтуудыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна.” гэх магадалгаа /хавтаст хэргийн 182-184 дэх хуудас/

26. Шүүгдэгч Г.П хувийн байдалд холбогдох баримтууд болон хохирлын баримтууд зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Г.П нь 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Завхан аймгийн Их-Уул сумын Баян-Ухаа багийн нутаг дэвсгэрт “************* маркийн *********** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4 А "а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах;" мөн дүрмийн 11.3 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, “*************** улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, ********* улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.М эрүүл мэндэд сүүж ясны үргэлжилсэн шугаман хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол, зорчигч Д.Б, С.Д нарын эрүүл мэндэд тархи доргилт гэмтэл бүхий хөнгөн хохирол, зорчигч Б.М эрүүл мэндэд тархи доргилт, зүүн далны дотор хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт хангалттай нотлогдож байна.

Тодруулбал, шүүгдэгчийн үйлдэл, иргэний нэхэмжлэгч Д.Б, С.Д, Б.М нарын эрүүл мэндэд, хохирогч Д.М эрүүл мэнд болон эд хөрөнгөд хохирол учирсан байдал, газар орон, цаг хугацаа, бусад үйл баримтууд нь шалтгаант холбоотой болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар бүрэн дүүрэн, хангалттай нотлогдож байна.

Түүнчлэн шүүгдэгч Г.П нь өөрийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрсөн болно.

Шүүгдэгч Г.П холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч, яллагдагч нараас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хэрэгт хамааралтай, хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Шинжээчийн дүгнэлтүүдийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч  нар өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Шинжээчийн дүгнэлтүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан, дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хавтаст хэрэг авагдсан нотлох баримтуудыг хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагаанд цуглуулсан нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг хангалттай нотолсон, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв гэж үзлээ.    

Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гэдэг нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй юм. 

Шүүгдэгч Г.П нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол, сэтгэцэд хор уршиг учрах боломжтой гэдгийг энгийн ухамсрын түвшинд ухамсарлан ойлгох чадвартай ч тэрээр түүнийг гаргахгүй байж чадна гэж хөнгөмсгөөр найдсан  үйлдлээрээ хохирол, хор уршигт  хүргэсэн байна.

 Эрүүгийн хуулийн 2.3 дугаар  зүйлийн 3 дахь хэсэгт: “Өөрийн  үйлдэл эс үйлдэхүйг хууль бус болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан тул Г.П үйлдлийг болгоомжгүй гэмт хэрэг гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг хуульчилсан тул шүүгдэгч Г.П хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч Д.М эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсныг төгссөн гэмт хэрэг гэж үзнэ.

Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм нь хуульд нийцүүлэн гаргасан, бүх нийтээр дагаж мөрдөх, захиргааны хэм хэмжээний акт бөгөөд шүүгдэгч нь тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа энэ дүрмийг зөрчсөний улмаас хохирогч Д.М эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.       

Иймд Г.П дээрх үйлдлийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.         

Шүүгдэгч Г.П холбогдох эрүүгийн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул Г.П хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.  

Шүүхээс шүүгдэгч Г.Пд эрүүгийн хариуцлага хүлээлгэх буюу ял шийтгэхдээ “Эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримталж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, гэмт хэрэг үйлдсэн байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Шүүгдэгч Г.Пд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хуульд заасны дагуу хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд  эрүүгийн хариуцлага нь гэм буруутай этгээдийн буруутай үйлдэлд тохирсон байх зарчмыг удирдлага болгон шүүгдэгч Г.Пд улсын яллагч, шүүгдэгч нарын санал болгосны дагуу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ял, торгох үндсэн ял оногдуулж, тэрээр өндөр насны тэтгэвэрт байдаг, тэтгэврээс өөр орлогогүй нөхцөлийг нь харгалзан  торгуулийг хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гомборагчаа нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “...шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах талаар...” дурдсан ч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Нийтэд тустай ажил хийлгэх ялыг ...жараас дээш насны эрэгтэй хүнд оногдуулахгүй” гэж хуульчилсан тул шүүхээс шүүгдэгч Г.Пд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах боломжгүй юм.

Шүүгдэгч Г.П нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдоогүй ба шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй юм.

Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм.

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэнд, эд хөрөнгөд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, харин энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцдог.

Шүүгдэгч Г.Пгийн үйлдлийн улмаас хохирогч Д.Мийн эрүүл мэндэд хүндэвтэр, иргэний нэхэмжлэгч Д.Б, С.Д, Б.Маргад нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Д.М нь Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийг үндэслэн эд хөрөнгөд учирсан хохирол 4,165,000 төгрөгийг, 14 ширхэг НӨАТ-ын баримтыг үндэслэн хор уршгийн зардал 1,033,479 төгрөгийг, мөн мал маллах хөдөлмөрийн гэрээ, мөнгөн шилжүүлгийн баримтуудыг үндэслэн хор уршгийн зардал 6,000,000 төгрөгийг, Ховд аймаг дахь Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн дүгнэлтийг үндэслэн сэтгэцэд учирсан хор уршгийн төлбөрийг нэхэмжилсэн ба иргэний нэхэмжлэгч нар нь шүүгдэгчээс хохирол, төлбөр нэхэмжлээгүй болно.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж хуульчилсан.

Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1243 дугаартай дүгнэлтээр хохирогч Д.Мийн ******** улсын дугаартай “Hyundai Porter” маркийн тээврийн хэрэгсэлд шүүгдэгч Г.Пгийн гэм буруутай үйлдлийн улмаас 4,165,000 төгрөгийн хохирол учирсан нь нотлогдож байх тул уг мөнгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогчид олгох нь хуульд нийцнэ гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гомборагчаа нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “...хохирогч Д.Мийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 4,165,000 төгрөгийг даатгалын компаниас гаргах учир шүүгдэгчээс гаргуулахгүй, иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлгэх талаар” дурдсан ч хэрэгт аль нэгэн даатгалын компанийг иргэний хариуцагчаар татан оролцуулсан зүйлгүй, даатгалын компани уг мөнгийг төлөх эсэх нь тодорхойгүй байна.

Түүнчлэн хохирогч Д.Мийн хор уршгийн зардал нэхэмжилсэн нэхэмжлэлийн үндэслэл болсон 14 баримтын 8 дугаартай баримт буюу Ховд явах жолоочид хоол авч өгсөн гэх 36,000 төгрөгийн баримт энэ хэрэгт хамааралгүй байх бөгөөд үлдсэн 13 баримт бүхий 997,479 төгрөгийн зардал нь энэ хэрэгт шууд хамааралтай байх тул шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

Мөн Ховд аймаг дахь Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн ХОВ0825/029 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогч Д.Мийн сэтгэцэд 1 дүгээр зэрэглэлийн хор уршиг учирсан болох нь нотлогдож байх тул хохирогч гэмтлийн улмаас мэдэрсэн өвдөлт, зовуурь, шаналалтай, сэтгэл санаа хямрах, аливаа зүйлсээс болгоомжлох, санхүүгийн болон амьдралын бусад асуудалд санаа зовних байдалтай хэдий ч амьдралын баяр баясалгүй болох, нийгмийн байр суурь алдах, бусадтай хэвийн харилцах чадваргүй болох, зан байдал өөрчлөгдөх нөхцөл үгүй байсан зэргийг харгалзан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлбөрийн жишиг аргачлал”-д зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2.5 дахин нэмэгдүүлэн тооцож 1,650,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгох үндэслэлтэй гэж шүүх үзлээ. 

Харин хохирогч Д.М нь гэмтлийн улмаас өөрөө малаа маллах боломжгүй болж 1 сарын 1,500,000 төгрөгөөр тохиролцон мал маллах хөдөлмөрийн гэрээ байгуулан иргэн Б.Б 4 сарын турш малаа маллуулан 6,000,000 төгрөгийн зардал гаргасан гэж тайлбарлан уг мөнгийг шүүгдэгч Г.Пгээс гаргуулахаар нэхэмжилснийг шүүх хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Учир нь хохирогч Д.М нь иргэн Б.Б 6,000,000 төгрөгийг шилжүүлсэн нь мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдож байх боловч хохирогч нь тухайн мөнгийг мал маллуулсны хөлсөнд өгсөн эсэх нь эргэлзээтэй, түүнчлэн хохирогч нь малтай эсэх, малтай бол хэчнээн тооны малтай эсэх, тухайн тооны малыг маллахад 6,000,000 төгрөгийн зардал гарах эсэх нь тодорхойгүй, мөн хэрэгт авагдсан мал маллах гэрээ 2024.12.04 гэсэн огноотой, тухайн өдөр нотариатаар гэрчлүүлсэн тэмдэглэгээтэй байхад шүүх хуралдаанд хохирогч талаас гаргаж өгсөн нотариатын бүртгэлийн дэвтэрт Д.Мийн гэрчлүүлсэн гэрээ 2024.11.18-ны өдөр бүртгэгдсэн бичилттэй буюу хэрэгт авагдсан баримтуудад шүүх үнэлэлт дүгнэлт хийх боломжгүй, эргэлзээтэй, хэрэг хэлэлцэх ажиллагааг хойшлуулахгүйгээр иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах боломжгүй байна.

Шүүх шүүгдэгч Г.Пгээс эд хөрөнгөд учирсан хохирол 4,165,000 төгрөгийг, 13 баримтаар нэхэмжилсэн хор уршгийн зардал 997,479 төгрөгийг, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр 1,650,000 төгрөгийг, нийт 6,812,479 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Мид олгохоор шийдвэрлэж байгаа ба шүүгдэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчид төлсөн 1,031,679 төгрөгийг хасаж тооцоход шүүгдэгчээс 5,780,800 төгрөгийг гаргуулан хохирогчид олгох нь зүйтэй юм.

Шүүгдэгч Г.П нь хохирогч Д.Мийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсны зардал 2,538,268 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд төлж барагдуулсан байх ба энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй. Мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц овогт Г.Пг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.      

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Пгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Пд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг 2028 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.П нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулсугай.

5. Шүүгдэгч шийтгэх тогтоол гарахаас өмнө цагдан хоригдоогүй ба шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх аргаж хэмжээг хэвээр үлдээсүгэй. 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т зааснаар шүүгдэгч Г.Пгээс 5,780,800 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Мид олгож, хохирогч нь бусдаар мал маллуулсны хөлсөнд төлсөн гэх 6 сая төгрөгийг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,  шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тэмдэглэсүгэй.

7.  Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг заасугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 зүйлийн 4 дэх  хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

11. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.УРТНАСАН