Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 109/ШШ2022/0106

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Түвшинтулга даргалж, Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Нэргүй, шүүгч Ө.Болорчимэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Д.Б

            Хариуцагч: Архангай аймгийн Ц сумын Засаг дарга нарын хоорондын “Архангай аймгийн Ц сумын Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/21 дүгээр захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилуулах” шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г (цахимаар оролцсон), хариуцагч Архангай аймгийн Ц сумын Засаг дарга Д.Г, хариуцагчийн өмгөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.Б нь Архангай аймгийн Ц сумын Засаг даргад  холбогдуулан Архангай аймгийн Ц сумын Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/21 дүгээр захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилуулах”-аар маргаж байна.

2. Архангай аймгийн Ц сумын Засаг дарга 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/21 дүгээр захирамжаар Боловсролын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.7, Төсвийн тухай хуулийн 6, 25 дугаар зүйлийн холбогдох заалтууд, Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2, 39.1.4, 39.1.14 дэх заалт, Авлигын эсрэг тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.6 дахь заалт, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиудын холбогдох заалтуудыг удаа дараа ноцтой зөрчсөн нь мэргэжлийн хяналтын байгууллагын хяналт шалгалтаар тогтоогдож, хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг цаг хугацаанд нь барагдуулаагүй, байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө, үр дүнгийн гэрээний хэрэгжилтийн тайланг тогтоосон хугацаанд гаргаж ирүүлээгүй, албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэлээр Ц сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлыг албан тушаалаас халжээ.

3. Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Д.Б миний бие боловсролын салбарт багшаар 8 жил, сургалтын менежерээр 9 жил, сургуулийн захирлаар 4 жил нийт 22 жил тасралтгүй ажиллаж байна. Архангай аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын 2017 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн Архангай аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/117 тоот захирамжаар Ц сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилд томилогдсон. Харин Архангай аймгийн Ц сумын Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/21 дугаар бүхий захирамжаар албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэсэн үндэслэлээр ажлаас халагдсан. Уг захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан оролцогчийг сонсох үйл ажиллагаа хийгээгүй, ажлаас халах захирамж гаргахдаа аймгийн Боловсролын газрын даргатай зөвшилцөн мэдэгдээгүй учир маш их гомдолтой байна. Иймд Архангай аймгийн Ц сумын Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/21 дүгээр захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилж өгнө үү.” гэжээ.

4. Нэхэмжлэгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Архангай аймгийн Ц сумын Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “ Ажлаас халсан тухай” захирамжийг хүчингүй болгож буцаан Архангай аймгийн Ц сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан ажилд томилж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү, өмгөөлөгч энэ талаар тайлбарлана.” гэв.

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэл түүний үндэслэлд хамаарах үйл баримтын талаар энэ хэрэг нь 2 шатны шүүхээр хянагдаж ирсэн. Хууль хэрэглээ болон нэхэмжлэлийн үндэслэлийн талаар тайлбарлана. Нэхэмжлэгч Д.Б нь Архангай аймгийн Ц сумын Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Ажлаас халсан тухай” Б/21 тоот захирамжийг хүчингүй болгож урьд эрхэлж байсан Архангай аймгийн Ц сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлаар томилуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Д.Б нь 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Архангай аймгийн Засаг даргын Б/117 тоот захирамжаар тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт зааснаар Архангай аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн сонгон шалгаруулалтын дүнг үндэслэж 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс Ц сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд томилогдсон. Улмаар энэхүү Б/117 тоот тушаалаар Д.Бг сургуулийн захирлаар томилж үндсэн цалинг ТҮАБ-7 дахь ангилал зэрэглэлд хамруулж хөдөлмөрийн харилцаа үүссэн. Энэхүү хөдөлмөрийн харилцааны явцад нэхэмжлэгч Д.Б Б/117 тоот тушаалаар төрийн үйлчилгээний албан тушаал хашдаг. Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15-т заасны дагуу сонгон шалгаруулалтад оролцож сонгон шалгаруулалтын дүнгээр томилогдсон төрийн үйлчилгээний албан хаагч болох нь нотлогддог. Гэтэл маргаан бүхий Архангай аймгийн Ц сумын Засаг даргын Б/21 тоот захирамжаар Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12, 48 дугаар зүйлийн 48.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.15, 141 дүгээр зүйлийн 141.1, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3 дахь хэсэгт заасныг баримталж холбогдох хуулийн заалтыг зөрчсөн зөрчил нь аудитын хяналт шалгалтаар тогтоогдсон. Мөн дээр нь гүйцэтгэлийн тайланг хугацаанд нь ирүүлээгүй, хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг цаг хугацаанд нь барагдуулаагүй, албан үүргээ хангалтгүй биелүүлсэн зөрчлүүдийг дурдаж ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсан. Энэхүү 4 төрлийн зөрчлийг маргаан бүхий Б/21 дугаартай захирамжид тодорхой тусгаагүй боловч хариуцагчийн хариу тайлбарын агуулгаас дээрх зөрчлүүд харагддаг. Гэтэл хавтаст хэргийн материалд авагдсан баримтаар аудитын шалгалтаар нэр бүхий үйл баримтаар тогтоогдсон аудитын буюу төсвийн зөрчил гарсан байна. Үүнийг хугацаанд нь барагдуулах талаар хугацаатай үүрэг даалгавар өгч нэхэмжлэгч Д.Бг 3 удаагийн аудитын дүгнэлтээр тогтоогдсон санхүүгийн зөрчлийг арилгасан. Олгогдсон мөнгөө буцааж төсөвт төвлөрүүлж аудитын зөрчил арилсан нь харагддаг. Маргаан бүхий Б/21 тоот захирамж яагаад хуульд нийцээгүй гэж үзэж байна вэ гэхээр аудитын шалгалтаар зөрчил тогтоогдсон, зөрчлийг хугацаанд нь барагдуулаагүй гэж үзсэн. Гэтэл 3 удаагийн акт дүгнэлтээр тогтоогдсон зөрчил илрүүлсэн мэргэжлийн байцаагч нь уг зөрчил нь ажлаас халах юм уу уг албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх үндэслэл болох эсэх талаар огт дурдаагүй. Аудитын шалгалтаар тогтоогдсон Аудитын байгууллагаас тавьсан уг зөрчлийг арилгах эрх, үүрэг сумын Засаг даргад байхгүй. Аудитын шалгалтаар санхүүгийн хяналт шалгалттай холбоотой зөрчил байна гэдгийг тогтоосноос Д.Бд сахилгын шийтгэл ногдуулахыг заагаагүй. Хоёрдугаар үндэслэл 21 дүгээр захирамжид Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн  30.1.15 дахь заалтыг үндэслэсэн. Энэ хуулийн зүйл заалтад 2017 онд нэмэлт өөрчлөлт орсон. Уг заалтын агуулгаас харахад аймаг, нийслэл, сум, дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, эрхлэгчийг томилох чөлөөлөхтэй холбоотой харилцааг өөрчлөн найруулж зохицуулсан байгаа. Аймаг, нийслэлийн сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал эрхлэгчийг томилох тэдгээрийн үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх бүрэн эрхийг Засаг даргад олгосон байгаа. Өөрөөр хэлбэл аймгийн Засаг даргын эрхийг сумын Засаг даргад шилжүүлсэн. Ийнхүү томилох бүрэн эрхийг олгохдоо дангаар бүрэн эрхийг олгоогүй, аймаг, нийслэлийн боловсролын газраас сонгон шалгаруулалтын дүнг үндэслэж томилно, чөлөөлөхдөө мөн аймаг, нийслэлийн Боловсролын газрын саналыг үндэслэн ажлаас халах чөлөөлөх харилцааг зохицуулсан. Энэ нь юуг харуулж байна вэ гэхээр ерөнхий боловсролын сургуулийн захирлыг томилох бүрэн эрхийг ганц дангаар хэрэгжүүлэхгүй, аймаг, нийслэлийн Боловсролын газрын Боловсролын тухай хуулийн хэрэгжилтийг хангах чиг үүргийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн захирлыг  сонгон шалгаруулалтыг зохион байгуулах тэдгээрийн үйл ажиллагаа үр дүнг хянах, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаанд Боловсролын тухай хууль тогтоомжийг хэрхэн хэрэгжүүлж ажиллах талаар томилгооны бүрэн эрхийг олгосон. Гэтэл Б/21 дүгээр захирамжаар энэхүү хуулийн заалтыг зөрчиж Боловсролын газрын саналыг авалгүйгээр ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулж байгаа нь нэгдүгээрт үндэслэлгүй юм. Хоёрдугаарт маргаан бүхий захирамжид Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3. дахь хэсэгт заасныг үндэслэсэн байдаг. Төрийн албан хаагчаас бусад албан хаагчид аль тохирохыг оногдуулахаар хуульчилсан байгаа. Өөрөөр хэлбэл Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлд хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн албан үүргээ биелүүлээгүй бол энэ хуульд зааснаар бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал тухайн зөрчил давтан гаргасныг нь үл харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийг оногдуулна” гэж заасан. Энэ зохицуулалтыг аймгийн Засаг даргын Б/14 тоот захирамжаас харахад анхнаасаа нэхэмжлэгч Д.Б Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12., Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан байсан. Албан тушаалд томилсон захирамж нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23, 24 дүгээр зүйлийг үндэслэж төрийн үйлчилгээний албан хаагчаар томилсон. Энэ тохиолдолд Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид оногдуулах сахилгын шийтгэлийг Засаг дарга оногдуулсан байгаа. Бодит нөхцөлд тохироогүй хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн зөрчил болсон. Өөрөөр хэлбэл Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3 дахь хэсэгт зааснаар сахилгын шийтгэл оногдуулах ёсгүй байсан байна. Мөн маргаан бүхий акт болох Б/21 дүгээр захирамжийг тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалтыг үндэслэсэн байдаг. Тухайн үеийн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт “хөдөлмөрийн гэрээг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол” гэсэн байна. Гэтэл маргаан бүхий актад энэ хуулийн зүйл заалтыг үндэслэсэн байгаа нь үндэслэлгүй юм. Төрийн албаны тухай хууль болоод Боловсролын тухай хуулийн агуулгыг харахаар Төрийн үйлчилгээний албан хаагчийн хөдөлмөрийн харилцаанд Засаг дарга томилох эрх бүхий албан тушаалтан боловч томилох эрх нь сонгон шалгаруулалт баталгаажсанаар хэрэгждэг. Чөлөөлөх болон сахилгын шийтгэл оногдуулахдаа боловсролын байгууллагын саналыг авна. Өөрөөр хэлбэл Боловсролын газраас Боловсролын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах хүрээнд ерөнхий боловсролын захирлын үйл ажиллагаанд ямар нэгэн зөрчил дутагдал гарсан тохиолдолд түүнийг тогтоож саналаа Засаг даргад дамжуулах замаар энэ ажиллагааг хэрэгжүүлэх ёстой байтал сумын Засаг дарга өөрийн санаачилгаар ажлаас халсан захирамж гаргасан нь нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг шууд зөрчиж байна. Энэ нь өөрөө маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэл болж байгаа юм. Дараагийн асуудал хяналт шалгалттай холбоотой аудитын асуудлаар нэхэмжлэгч өмнөх шүүх хуралдаанд ч маргаагүй байдаг. Мөн гэрээний үүргээ биелүүлээгүй илүү олгосон цалин хөлсийг олгосон болох нь хавтаст хэргийн материалд авагдсан баримтаас харагдаж байгаа. Тэгэхээр хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг цаг хугацаанд нь барагдуулаагүй гэдэг нь үндэслэлгүй юм. Гуравдугаарт байгууллагын үр дүнгийн гэрээний хэрэгжилтийн тайланг тогтоосон хугацаанд гаргаж ирүүлээгүй, албан үүргээ хангалттай биелүүлсэн гэж тусгасан байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар 2021 онд нэхэмжлэгч тухайн үед ковид цар тахалтай холбоотой тухайн үеийн байгууллагын даргын шийдвэрээр 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр тухайн Ц сумын Засаг даргын Тамгын газрын эрх зүйн ажилтны үүргийг орлон гүйцэтгэж байсан н.Лхагвабат руу цахимаар илгээсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. Энэхүү гүйцэтгэлийн төлөвлөгөөний тайланг хариуцагчаас тухайн үед нь Засгийн газрын 100 дугаар тогтоолын дагуу гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тайланг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу үнэлж дүгнээгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Хэрэгт сүүлд дахин хэлэлцэхээр буцааснаас хойш ирүүлсэн гараар дүгнэж бичиж бичсэн бичвэрээс тухайн үед Засаг дарга энэхүү үнэлгээг үнэлсэн хийсэн мэтээр нотлох баримтыг нөхөн бүрдүүлж өгсөн байгаа нь бусад нотлох баримтаар няцаагдана. Өмнөх шүүх хуралдаанд гаргаж өгсөн гараар бичсэн бичвэр бүхий гүйцэтгэлийн төлөвлөгөөний тайлан гаргаж ирэх хүртэл хугацаанд сургуулийн захирлын 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тайланг хэдэн хувиар үнэлсэн талаар тайлбар мэдүүлэг, тэмдэглэл нотлох баримт байдаггүй. Үнэлж дүгнээгүй болох нь шүүхэд гаргасан баримтаар тогтоогдоно. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад давж заалдах шатны шүүхийн магадлалд гүйцэтгэлийн төлөвлөгөө үр дүнгийн гэрээний биелэлтийг тайлагнасан эсэх талаар нотлох баримт цуглуулаагүй. Энэ нөхцөл байдал илэрмэгц хариуцагч тухайн үеийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний тайланг үнэлж байсан мэтээр илт эргэлзээ бүхий нотлох баримт гаргаж ирсэн нь үндэслэлгүй юм. Тиймээс энэ баримтыг ямар ч эргэлзээгүй үнэн зөв баримт гэж үзэх үндэслэлгүй юм. Шүүхээс нотлох баримт шаардахад гараар нөхөж бичээд өгсөн болох нь тогтоогдож байна. Нэхэмжлэгч Д.Бтай үр дүнгийн гэрээ болон хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоно. Аймгийн Засаг дарга үр дүнгийн гэрээний хэрэгжилтийг дүгнэж явж байсан байхад хуульд өөрчлөлт орсны дагуу сумын Засаг дарга томилогдсоноос хойш өнөөдрийг хүртэл сургуулийн захиралтай үр дүнгийн гэрээ болон хөдөлмөрийн гэрээний алийг нь ч байгуулаагүй. Нэхэмжлэгч Д.Б 2020, 2021 онд үр дүнгийн гэрээний төслийг нь бэлтгээд үр дүнгийн гэрээ байгуулах талаар сумын Засаг даргад хүргүүлсэн боловч сургуулийн захиралтай үр дүнгийн гэрээ байгуулахгүй хүлээж бай гэдэг хариуг аваад ажлынхаа шүүгээнд орхисон гэдэг байдлыг миний үйлчлүүлэгч хэлдэг. Үүнээс юу харагдаж байна вэ гэхээр Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12-т заасан чөлөөлөх нөхцөл 2 тохиолдолд хэрэгжихээр байна. Нэгдүгээрт үр дүнгийн гэрээний хэрэгжилтээс хамаарч энэ хүнийг чөлөөлж болно. Гэтэл үр дүнгийн гэрээ байгуулаагүй, үр дүнгийн гэрээний хэрэгжилтийг дүгнээгүй. Үр дүнгийн гэрээ байгуулаагүй болох нь нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй захиргааны байгууллага өөрөө хуульд заасан үүргээ биелүүлээгүй нөхцөл харагдаж байна. Үр дүнгийн гэрээний хэрэгжилттэй хамааралгүйгээр Боловсрол, соёлын газраас санал гаргах чөлөөлөх асуудал аль нь ч тогтоогдоогүй. Гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тайланг тухайн Засаг даргын үр дүнгийн гэрээ үйл ажиллагаанд тусгагдсан ажил арга хэмжээнээс ерөнхий боловсролын сургуулийн өөрт хамаарах хэсгийг нь хийж гүйцэтгээд Засаг дарга хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах ерөнхий чиг үүрэгт нь тусгаж энэ хэрэгжилтийн тайлангаа хугацаанд нь гаргаж хүргүүлсэн болох нь 2-3 удаа хавтаст хэргийн материалд авагдсан байгаа юм. Тэгэхээр гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилттэй холбоотой Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12-т заасан үндэслэлээр ажлаас халах үндэслэл тогтоогдоогүй байна. Захиргааны ерөнхий хуульд зааснаар сонсох ажиллагааг хуульд нийцүүлэн явуулаагүй. Тийм учраас маргаан бүхий акт нь хууль зөрчсөн гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэв.

6. Хариуцагч Архангай аймгийн Ц сумын Засаг даргад шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Д.Б нь тус сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар томилогдсон цагаасаа эхлэн төрийн хууль тогтоомжуудыг удаа дараа ноцтой зөрчин, албаны эрх мэдлээ урвуулан ашиглах, хэтрүүлэх, нөхөр, эгч, дүү, садан төрлийн болон бусад хамаарал бүхий хүмүүстээ давуу эрх олгох байдлаар байгууллагын төсөв, эд хөрөнгийг хууль бусаар захиран зарцуулж, хувийн зорилгод ашиглах, завших үйл ажиллагааг удаа дараа явуулсан нь Санхүүгийн хяналт, аудитын албаны хяналт шалгалтаар нотлогдсон тул түүнд хариуцлага тооцох эрх бүхий албан тушаалтны хувиар сахилгын шийтгэл ногдуулсан. Нэхэмжлэгч Д.Б нь санхүүгийн хяналтын улсын байцаагчийн албан шаардлага, актын биелэлтийг 2021 оны 11 дүгээр сарын 25-ны дотор ханган хэрэгжүүлэх үүрэгтэй байсан авч ажлаас халах тухай мэдэгдэл өгөх хүртэл буюу 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл акт, шаардлагаар тогтоогдсон өр төлбөр, зөрчлийг арилгах, барагдуулах талаар ямар нэг арга хэмжээ аваагүй байсан бөгөөд одоог хүртэл зарим өр төлбөр, зөрчлийг барагдуулах, арилгах арга хэмжээг хэрэгжүүлээгүй.

Нэг. Санхүүгийн хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгах, барагдуулах талаар авсан арга хэмжээний тухай:

1. Нэг бүр нь 182.500 төгрөгийн үнэ бүхий 8 ширхэг эмэгтэй гутлыг 1.460.000 төгрөгөөр худалдан авч байгууллагынхаа үйлчилгээний ажилтан эмэгтэйчүүдэд өгөх байсныг захирал Д.Б нь ажилчдыг цуглуулан “Солонгот” дэлгүүрийн худалдагч Д.С-ээс 4 гутал авч ирж бусад ажилчид нь гэрээсээ өөрсдийн гутлаа авч ирж захирлын өрөөнд зургийг нь авч гутал өгсөн гэсэн хуурамч баримт үйлдэн ажилчдаар гутал хүлээн авлаа гэсэн баримтаар гарын үсэг зуруулан авсан. Одоог хүртэл эдгээр 8 ажилчинд гутал авч өгөөгүй байгаа. Мөн 6 эрэгтэй ажилчинд 6 гутал авч өгөхөөс одоог хүртэл 2 гутал усчин н.О, галч манаач н.А нарт авч өгөөгүй шалгалтын үед нуун дарагдуулсан болох нь тогтоогдсон.

2. Сурагчдын дотуур байранд ашиглах шүршүүр, бойлуурыг 1.200.000 төгрөгөөр авч, зах зээлийн бодит үнээс хэт өндөр үнээр нийлүүлэн байгууллагын хөрөнгийн данс бүртгэлд тусгуулсан нь энэ талаар өгсөн үүрэг даалгаврыг зөрчин биелүүлээгүй байна. Одоог хүртэл сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд суралцагчид халуун усанд орох нөхцөл боломжоор хангагдаагүй бөгөөд нийлүүлсэн шүршүүр, бойлуурын зах зээлийн бодит үнэ 300.000 төгрөг болох тухай мэдээллийг тус сургуулийн захиргаанаас ирүүлсэн.

3. 2020 оны 12 дугаар сард сургуулийн төсвийн үлдэгдлээс дур мэдэн 9.350.000 төгрөгийг сурагчдын дотуур байранд эд хөрөнгө худалдан авах нэрээр Хангай сумын иргэн Б.Б-д (энэ хүн Д.Бгийн хадам эгч Г.Э-ийн нөхөр) шилжүүлснээс хойш 11 сарын хугацаа өнгөрсний дараа буюу бараг бүтэн жилийн дараа 5.300.000 төгрөгийн үнэ бүхий хийц, эдэлгээ, бат бөх байдлын хувьд чанар стандартын наад захын шаардлага хангахгүй эд зүйлсийг санхүүгийн хяналт шалгалт хийгдэж байх хугацаанд авчирч нийлүүлсэн нь хяналт шалгалтын хүмүүсийн нүдийг хуурсан, хамаарал бүхий этгээддээ төсвийн хөрөнгөөр ажил гүйцэтгүүлсэн хууль бус ажиллагаагаа нуун дарагдуулж өнгөлөн далдалсан хэрэг болсон. 4.050.000 төгрөгийг ажлаас халах мэдэгдэл авсны дараа актаар тогтоосон төлөх ёстой хугацаанаас 20 гаруй хоногийн дараа төлсөн болох нь баримтаар нотлогдож байна.

4. 3уны даалгаврын хувьд 2017 онд 706 кг ааруулаас 655.6кг*7600=4.982.570 төгрөгөөр зарж борлуулснаас сургалтын орчин, дотуур байр, гал тогоо гэх мэт объектуудад чухам ямар хөрөнгө, эд материал авсан нь тодорхойгүй. 2018 онд 767.850 кг ааруул авснаас 696кг ааруулыг 8.500 төгрөгөөр зарж борлуулснаас 21 ширхэг матрассыг дотуур байранд авч хэрэглэсэн. Энэ нь 21*136.000=2.856.000 төгрөгөөр авсан болох нь тогтоогдсон. Үлдэгдэл мөнгийг мөн юунд хэрхэн зарцуулсан нь тодорхойгүй. 2019 онд 756 кг ааруул хураан авснаас Ц сумын иргэн Н.Ад 140 кг ааруулыг 10.000 төгрөгөөр зарж захирал Д.Б мөнгийг бэлнээр авсныг холбогдох хүмүүс гэрчилсэн. Үлдсэн 560 кг ааруулыг нярав В.Бт захирал Д.Бгийн үүрэг болгосны дагуу жолооч н.Бд 2018-2019 оны зааг буюу ковид-19 цар тахлын хөл хорио тогтоогдохоос өмнө Улаанбаатар хот руу ачуулж, худалдан борлуулсан.  Дээрх зуны даалгавар хэмээх ааруулыг худалдан борлуулах болон захиран зарцуулахад байгууллагын хамт олны оролцоо, хяналтгүйгээр дан ганц захирал дур мэдэн зарцуулдаг ба 2017, 2018, 2019 оны зуны даалгаврын ааруул худалдан авалт зарцуулалтын талаар хамт олондоо нэг ч удаа тайлан тавиагүй тухай гомдол мэдээллийг зарим албан тушаалтан, иргэдээс ирүүлсний дагуу аймгийн Санхүүгийн аудитын хяналт шалгалт явуулсан болно.

Хоёр. Төсөв, хүний нөөцтэй холбоотой хууль, тогтоомж зөрчиж гаргасан тушаал шийдвэрийн тухай:

1. Захирал Д.Б нь 2017 оны 7 дугаар сарын 25-30 хооронд захирлын ажлыг хүлээн авсан боловч өөрийн төрсөн эгч Д.Эд өмнө нь дотуур байрын багш, номын санчийн ажлыг хавсран гүйцэтгэж байсан боловч ямар нэг нэмэгдэл хөлсгүй байсныг 2017 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр Б/ЗЗ тоот тушаалаар гарган 30% нэмэгдэл олгож хууль зөрчиж эхэлсэн байна.

2. Мөн хими-биологийн багш Д.Ог (үеэл дүү) хөгжлийн бэрхшээлийн улмаас хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсаны тэтгэмж тогтоолгосон шалтгаанаар 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Б/38 тоот тушаалаар ажлаас нь чөлөөлсөн боловч өнөөдрийг болтол буцаан ажилд авсан шийдвэргүйгээр ажиллуулж, түүний цалин, нэмэгдэл хөлсийг бүрэн олгож ирсэн байна.

3. Багш бус тэс өөр салбарын мэргэжилтэй Ц.Дыг 2019 оны 9 дүгээр  сарын 1-ний өдөр Б/19 тоот тушаалаар биологи, эрүүл мэндийн багшаар томилон ажиллуулсан. Энэ хүн нь дулааны инженер мэргэжилтэй, сумын Монгол Ардын намын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Суманд байгаль шинжлэлийн биш боловч багш мэргэжилтэй хүмүүс байсаар байхад сонгон шалгаруулалтгүйгээр авч ажиллуулан хууль тогтоомж зөрчиж, улс төржсөн шийдвэр гаргасан гэж үзэж байна.

4. Сумын Монгол Ардын намын нарийн бичгийн даргаар ажиллаж буй О.Лхагвабаясгаланг хичээлийн туслах ажилтан хэмээх БСШУ-ны болон Сангийн сайдын хамтарсан (2018 оны А/024/11 дүгээр) тушаалаар батлагдсан ерөнхий боловсролын сургуулийн бүтэц орон тооны жишиг норматив байхгүй ажил, албан тушаалыг бий болгон авч ажиллуулж хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн.

5. Өөрийн нөхөр Тг сургуулийн усчин, манаачийн ажилд томилсон 2021 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс тус сургуулийн усчин, манаач С.Отгондалай нь нэг жилийн чөлөө авч ажлаас түр чөлөөлөгдсөн боловч түүний оронд өөрийн нөхрийг үндсэн ажилтнаар авсан тушаал шийдвэр гаргасан.

6. Математикийн багш Л.Мд дотоод хяналтын ажлыг хавсран гүйцэтгүүлж цалингийн 40% нэмэгдэл өгч, улмаар 20 хувийг нь удаа дараа өөртөө авч байсныг гэрчилж байгаа.

7. Технологийн багш Д.Мөнхбат нь 2017 оны 9 дүгээр сараас эхэлж бизнес хийх зорилгоор жилийн чөлөө авсан. Энэ хугацаанд багшийн нийгмийн даатгалын шимтгэлийг байгууллагаас цалин гараагүй ямар нэгэн өвчний актгүй байхад төлж явсан улмаар тухай багш хөдөө орон нутагт тасралтгүй 5 жил ажилласны мөнгөн урамшуулалд хамруулсан.

Ц сумын Засаг дарга миний бие Сургуулийн захирал Д.Бгийн дээрх хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох, төрийн байгууллагын үйл ажиллагааг хуулийн дагуу шударга, шуурхай, олон нийтэд нээлттэй, ил тод явуулах, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байлгах, төсвийн хөрөнгийг зориулалтын дагуу хяналттай зөв захиран зарцуулж, ил тод, үнэн зөвөөр тайлагнадаг болгох зорилгын үүднээс ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан болно.” гэжээ.

7. Хариуцагч Архангай аймгийн Ц сумын Засаг дарга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сумын Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Д.Бг ажлаас халах тухай” захирамж нь хууль ёсны дагуу гаргасан захирамж гэж үзэж байгаа. Холбогдох хяналт шалгалтын байгууллагаар хууль зөрчсөн нь тогтоогдсон зөрчлүүд байна. Тухайлбал Боловсролын тухай хуулийн 40 дүгээр зүйлд суралцагчаас хандив авч болохгүй, хориглоно гэснийг 3 жил дараалан 2019, 2020, 2021 онд зуны даалгавар нэрийн доор суралцагчдаас 2 тн 500 грамм ааруулыг хураан авсан байдаг. Энэ нь зах зээлийн ханшаар 25.000.000 төгрөгийн зөрчил байгаа юм. Энэ зөрчил аудитын байгууллагаар тогтоогдсон. Гэхдээ дутуу тогтоогдсон, бүрэн шалгагдаагүй ийм асуудал байгаа. Ааруул хурааж аваад юунд зарцуулсан талаарх тайлан мэдээ байхгүй. Хамт олондоо ч тайлагнаагүй, үүнийг барагдуулсан зүйл байхгүй байгаа. Үүнээс  матраас зөөлөн эдийг 2017 онд авсан гэж байгаа. Тэрийгээ 3 он дараалан тайландаа тусгаж ирүүлдэг. 25.000.000 төгрөгийг юунд зарцуулсан энэ тухай баримт нотолгоо юу ч байхгүй. 2020 оны эцсийн үлдэгдэл 17.000.000 төгрөгийг ах дүү хамаатан садантайгаа гэрээ байгуулж “Ар Тэрх Жаргалант” ХХК нь захирал Д.Бгийн төрсөн дүүгийн эхнэр болох н.Мийн компани байдаг. Энэ хүнтэй 7.512.500 төгрөгийн бараа үйлчилгээ худалдан авах гэрээ хийж биелэгдээгүй, бараагаа хүлээж аваагүй. Энэ байдал нь шалгалтаар нотлогдсон. Мөн 9.350.000 төгрөгийн тавилга эд хогшил нийлүүлэх гэрээг өөрийн нөхөр Т.Эын нагац эгч хүргэн Б.Бтой шууд гэрээ байгуулж энэ нь 2021 оны 03 дугаар сарын 25-нд гэрээг дүгнэх ёстой байсан. Гэтэл санхүү хяналт шалгалтаар энэ бараа бүтээгдэхүүн ирээгүй байсан. Эдгээр зүйл шалгалтын явцад хийгдээгүй байхгүй бараа байсан учраас нөхөн төлбөр тавигдсан. Энийг нь барагдуулсан гэж үздэг. Гэтэл энэ нь 7-8 сарын өмнө хэрэгжээд дуусах ёстой байтал одоог хүртэл зарим зүйлүүд хэрэгжээгүй. 300.000 төгрөгийн үнэтэй болиурыг 1.200.000 төгрөгөөр үнэлж оруулж ирсэн. Ийм ноцтой зөрчлийг ах дүү нартайгаа хувааж төрийн мөнгийг завших, мөнгө угаах, албан тушаалаа хэтрүүлэн урвуулан ашиглах, төрийн өмчийг шамшигдуулах зөрчлийг удаа дараа гаргасан байгаа. Дараагийн зүйл гүйцэтгэлийн төлөвлөгөө, үр дүнгийн гэрээ гэж ярьж байгаа. Төрийн байгууллагын Гүйцэтгэлийн удирдлагын тухай хууль шинээр хэрэгжсэн. Энэ хуулийн дагуу гүйцэтгэлийн төлөвлөгөө баталж ажиллана гэсэн зохих шатны байгууллага албан тушаалтны шийдвэр гарсан. Хуучин хамтран ажиллах үр дүнгийн гэрээ байгуулдаг байсан. Харин дээрх хуульд зааснаар төрийн албан хаагчтай гүйцэтгэлийн төлөвлөгөө байгуулан ажилладаг болсон байгаа. Энэ хүрээнд 2021 онд гүйцэтгэлийн төлөвлөгөө баталсан байна. Тогтоосон хугацаа нь 2021 оны 12 дугаар сарын 05-ны дотор бүх тайлангаа ирүүлэх талаар баталгаажуулж гарын үсэг, тамга тэмдэгтэй ирүүлэх үүрэг чиглэл өгсөн. Гэтэл энэ хугацаанд албан ёсоор тайланг ирүүлээгүй. Энэ гүйцэтгэлийн төлөвлөгөөний дагуу хэн боловсруулж, хянасан, гарын үсэг, тамга тэмдэгтэй албан ёсны зүйл байх ёстой. Гэтэл ийм шаардлага хангасан тайлан ирүүлээгүй. Албан ёсоор ирүүлээгүй учраас тогтоосонд хугацаанд ирүүлээгүй гэх үндэслэлийг тавьж байгаа гэж хэлж болно. Өмнө нь сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг өмнөх Боловсролын тухай хуулиар аймгийн Засаг дарга томилдог байсан. Энэ хуульд 2020 оны 07 дугаар сард өөрчлөлт орсон байдаг. Энэ дагуу аймаг, сумын Засаг дарга томилж чөлөөлөх эрх зүй үүссэн байгаа юм. Хөдөлмөрийн гэрээний тухайд өмнө нь ажиллаж байсан дарга нар гэрээ хийсэн байх ёстой. Тэр нь үргэлжлээд явах ёстой гэсэн үүднээс асуудалд хандсан. Нэгэнт гэрээ хийсэн бол Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар тэр нь сунгагдаад явдаг зүйл, заалт өмнөх хуульд зааснаар үйлчилдэг байсан. Энэ дагуу явсан гэж ойлгож байгаа. Төрийн өмчийг ах, дүү нартайгаа хувааж завшдаг. Хууль бусаар хурааж авсан зүйлээ тайлагнадаггүй дур мэдэн өөрөө зарцуулдаг үйл ажиллагааг сүүлийн 4-5 жилийн хугацаанд хийсэн байна. Зөвхөн өр төлбөрийг барагдуулсан гэх үндэслэлээр хариуцлагаас мултрах үндэслэл биш юм. Нэгэнт төрийн өмчийн эд хөрөнгийг завшсан мөнгө угаасан үйл ажиллагааг ямар нэг байдлаар дарж өнгөрөх хариуцлагаас мултрах зүйл биш гэж үзэж байна. Тухайлбал н.М гэх ажилтанд дотоод хяналтын ажилтнаар 4 сар ажиллуулж 40 хувийн нэмэгдэл цалин өгч 20 хувийг нь өөртөө авдаг талаар гэрчийн мэдүүлэг баримт байдаг. Мөн төрийн өмчийн мөнгөөр худалдаж авсан бараа эд зүйлээ хэдэн жил дараалан тайландаа тусгадаг 2021, 2020 оны тайлан аймгийн Засаг дарга руу явуулсан тайлан ижилхэн загвараар бичигдсэн ижил үг үсэгтэй байгаа. Тэгэхээр үнэлж дүгнэх боломжгүй албажаагүй тайлан ирүүлснийг албан ёсны тайлан ирүүлсэн гэж үзэх үндэслэлгүй. Д.Бд 12 дугаар сарын 15-ны өдөр мэдэгдэл хүргүүлсэн. Дараа нь 16-ны өдөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар сонсох ажиллагаа явуулсан гэж харж байгаа. Хурлын тэмдэглэлд тусгагдсан байгаа. Өөрөө мэдэгдлийн хариуг 30-ны өдөр ирүүлсэн байгаа. Тэгэхээр сонсох ажиллагаа хийсэн гэж харагдана. Гүйцэтгэлийн тайланг тухай үед нутгийн захиргааны байгууллагад үүрэг гүйцэтгэж байсан залуугаас сүүлд мэдэгдлийн дараа хэвлүүлж авсан. Төлөвлөгөөний эх хувь, гүйцэтгэлийн тайлан Д.Бгийн мэдэгдлийг шүүх хуралдаанд өгч чадаагүй.” гэв.

8. Хариуцагчийн өмгөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагчийн тайлбартаа дурдсан сурагчдаас төлбөр хураамж авахыг хориглоно гэдэг нь Боловсролын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.7 дахь хэсэгт заасан байна. Хариуцагчийн зүгээс Б/21 тоот тушаалыг хуульд нийцэж гарсан гэж үзэж байна. Нэгдүгээрт процессын хувьд аливаа эрх ашиг нь зөрчигдөж байгаа этгээдэд тухайн акт гарсан тохиолдолд сонсох ажиллагааг явуулна гэж заасан. Тэгэхээр энэ тохиолдолд сонсох ажиллагааны хувьд Ц сумын Засаг дарга ерөнхий боловсролын сургуулийн захирал Д.Бд 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 01/259 дугаартай албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн байгаа. Ингэхдээ энэ энэ хуулийг зөрчсөн зөрчлүүдийг гаргасан байна. Ийм учраас албан тушаалаас чинь халах болсныг мэдэгдэж байна гэсэн. Тушаал 12 дугаар сарын 30-ны өдөр гарсан. 15 хоногийн өмнө ийм тушаал гаргана эдгээр зөрчлүүд байна гэдгийг мэдэгдсэн. Үүнийгээ албажуулаад явсан гэдэг нь харагдаж байгаа. Нөгөө талаасаа Д.Б өөрөө энэ албан бичгийг хүлээж аваад хариу болгож албан бичгийг ирүүлсэн байдаг. Тэрээр хууль зүйн үндэслэл нь тодорхойгүй байгаа тул хариу өгөх боломжгүй байна гэсэн хариуг ирүүлсэн байдаг. Тэгэхээр эндээс сонсох ажиллагааны мэдэгдэл хүлээж авсан гэдэг нь харагддаг. Үндэслэл нь тодорхой байгаа гэдэг нь албан бичгээс тодорхой харагдана. Хэрвээ тодорхойгүй байна гэж үзвэл яг ямар асуудал байгаа юм үүнийг тодруулж өгнө үү гэж шаардаж өөрийнх нь хөдөлмөрлөх эрх нь зөрчигдөхтэй холбоотой асуудал байгаа учраас тодруулж болох байсан. Гэтэл тодорхойгүй байна гээд орхисон зүйл байгаа учраас сонсох ажиллагааг хангалттай хийсэн гэдэг нь харагдана. Хоёрдугаарт боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12-т “аймгийн боловсролын газрын саналыг үндэслэж чөлөөлнө” гэсэн зүйл заалтыг баримталсан байна гэлээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад аймгийн Боловсролын газрын даргыг гэрчээр асуусан. Тухайн хүн ирээд Ц сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Д.Бг ажлаас чөлөөлөхтэй холбоотой асуудлаар зөвшилцсөн. Тэгээд ямар зөрчил гарсан талаар мэдэгдэж ажлаас чөлөөлөх талаар хэлэхэд хариуд нь санал нэг байна гэж зөвшөөрч нэгдсэн гэдэг талаараа илэрхийлсэн байдаг. Актыг гаргах процесс ажиллагаа гуравдагч этгээдийн саналыг авах ажиллагаа хангагдаж хийгдсэн гэж үзэж байгаа. Нөгөө талаасаа Боловсролын газар Д.Бг зөрчил гаргаагүй эсхүл энэ хүнийг ажлаас чөлөөлөхгүй байх саналтай байна гэсэн эсрэг байр суурь байгаагүй учраас энэ акт гаргах ажиллагааны нөхцөл хангагдсан гэж үзнэ. Захирамжийг хэрэглээ талаас нь аваад үзэхэд ерөнхий 2 үндэслэлийг заасан байгаа. Нэгдүгээрт зөрчил гаргасан гэж байгаа чинь хяналт шалгалтаар тогтоогдсон байна. Үүнийхээ илэрсэн зөрчлийг цаг хугацаанд нь барагдуулаагүй гэдэг зөрчилтэй холбоотой зүйл яригдаж байгаа. Хоёрдугаарт байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөг тогтоосон хугацаанд нь ирүүлээгүй, мөн албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үндэслэл харагдаж байгаа. Үнэхээр зөрчил гарсан юм уу үгүй юу гэдгийг хараад үзэхээр аймгийн санхүүгийн хяналт аудитын албанаас хийсэн шалгалтаар ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагааг дүгнэж улсын ахлах байцаагчийн 3 акт гарсан байгаа. Энэ болгон нь захирал Д.Бг зөрчил гаргасан гэдгийг тогтоогоод төлбөрийг нь төлүүлэх хугацаа зааж 11 дүгээр сарын 25-ны дотор төл гэж 3 зөрчлийг илэрхий тогтоосон. Үүнээс гадна мөн албан шаардлага байгаа. Үүнд бүртгэлт тусгагдаагүй байгаа 2.800.000 төгрөгийн матрассыг дансанд бүртгэ гэсэн шаардлагыг тавьсан байгаа. Энэ акт шаардлагатай холбоотой нэхэмжлэгч маргаагүй, тухайн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өөрөө үүнийг хүлээн зөвшөөрч аудитын алба руу илгээсэн хариу тайлбар байдаг. Энэ хэрэгт авагдсан баримтуудаас аваад үзэхээр тухайлан заасан байгаа мөнгөн хөрөнгүүдийг буцааж дансанд төвлөрүүлэх ажлыг акт гарах үед бүхэлд нь бүрэн гүйцэт шилжүүлээгүй дутуу байсан гэдэг нь харагдаж байгаа. Зөрчлийн тухайд нэгэнт тодорхой болсон байгаа учраас зөвхөн тухайн төлбөрийг төлснөөрөө хариуцлага хүлээхгүй өнгөрнө гэж байхгүй. Зөрчил гарсан байгаа бол төрийн албан хаагчийн хувьд хариуцлагаа хүлээх нь зайлшгүй зарчим байгаа. Мөн гүйцэтгэлийн төлөвлөгөөний асуудал яригддаг. Нэхэмжлэгч талаас хэлэхдээ албан үүргээ хангалтгүй биелүүлээгүй гэдэгт ямар нэгэн үр дүнгийн гэрээ, хөдөлмөрийн гэрээ байхгүй учраас дүгнэх боломжгүй гэж хэллээ. Тэгэхээр энэ хүн 2017 оноос хойш энэ ажлыг гүйцэтгэж байгаа. Үүнийхээ үр дүнд мэдээж цалин хөлсөө аваад явж байгаа. Цалин хөлс авч эрхээ хэрэгжүүлэхдээ үр дүнгийн гэрээ болон хөдөлмөрийн гэрээгүйгээр эрхээ хэрэгжүүлж болно.  Хариуцлага яригдахаар үр дүнгийн гэрээ, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй учраас хариуцлага хүлээхгүй гэсэн хандлагатай байгаа нь харагдаж байна. Тийм учраас тухайн акт нь өөрөө хуульд нийцсэн Төрийн албаны тухай хуулийн хууль дээдлэх зарчимд нийцсэн бодит байдал зорилгод нийцсэн. Иймд хууль зөрчсөн эрхийн акт гаргаагүй. Нэхэмжлэгч энэ зөрчлүүдийг гаргачхаад одоо энэ албан тушаалд ажиллана гэдэг нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Шүүх энэ хэрэгт хуульд заасан нөхцөл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нарын тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Иргэн Д.Бгаас Архангай аймгийн Ц сумын Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/21 дүгээр захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Шүүх хэргийг хянан хэлэлцээд хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэг авагдсан бичгийн нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэгч Д.Бгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь:

 

Уг хэргийн маргааны үйл баримтын тухайд:

 

1. Нэхэмжлэгч Д.Б нь Архангай аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/117 дугаар захирамжаар Архангай аймгийн Ц сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар томилогдон ажиллаж байжээ. (2 дахь хавтаст хэргийн 44 дэх тал)

 

2. Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанаас 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 24 дүгээр удирдамжаар Ц сумын төсөвт албан байгууллагын 2019-2020 оны  үйл ажиллагаа, төсвийн хөрөнгийн бүрдүүлэлт, зарцуулалтад 2021 оны 11 дүгээр сарын 2-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 7-ны өдрүүдэд төлөвлөгөөт аудит, хяналт шалгалт хийхээр баталжээ. Улмаар хяналт шалгалтын явцад Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 17/04/25 дугаартай албан шаардлага, 2021 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 17/02/17/04/57 дугаартай улсын ахлах байцаагчийн акт, 2021 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 17/02/18/04/58 дугаартай улсын ахлах байцаагчийн акт, 2021 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 17/02/17/04/59 дугаартай улсын ахлах байцаагчийн акт тавигдсан байна.

 

3. Тодруулбал, 17/02/17/04/57 дугаар актаар иргэн Б.Бын Хаан банкин дахь 5145114927 тоот харилцах данс руу 9.350.000 төгрөгийг шилжүүлсэн боловч 11 сарын дараа гэхэд тавилга өд хогшлыг аваагүй байхад бүрэн хүлээж авсан мэтээр хий орлого авч, данс бүртгэлд тусгасан зөрчилтэй холбоотой 4.050.000 төгрөгийг төсвийн шууд захирагч Д.Бгаар 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор төлүүлэх,17/02/18/04/58 дугаар актаар сахилгын шийтгэлтэй албан хаагчид үр дүнгийн урамшуулал олгосон 3 хүнтэй холбоотой зөрчилд холбогдох 645548 төгрөгийг нэр бүхий 3 албан хаагчаас суутган авч 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор төлүүлэх, 17/02/17/04/59 дүгээр актаар 2018 оны 696кг ааруул, 2019 онд 756кг ааруул хууль бусаар авсан /сургуулийн захирал өөрийн гар дээрээс борлуулж, зарцуулж, санхүүгийн тайланд үр дүнг тусгаагүй/-тай холбоотой зөрчилд 2.954.000 төгрөгийг сургуулийн захирал Д.Бгаар 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор төлүүлэхээр тус тус тогтоожээ. Мөн тус албан улсын байцаагчийн 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 17/04/25 дугаартай албан шаардлагаар 2021 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаар бүртгэлд тусгаагүй байгаа 2.856.000 төгрөгийн матрасыг зохих журмын дагуу Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлд заасны дагуу данс бүртгэлд тусгах, 1.460.000 төгрөгийн үнэ бүхий 8 ширхэг эмэгтэй гутлыг бэлтгэн нийлүүлэгчээс авч, нярав эд хариуцагчаар дамжуулан 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн дотор ажилчдад олгох, “А” ХХК-иас 1.200.000 төгрөгийн хөрөнгийг авч дотуур байрны хүүхдүүдийг усанд орох нөхцөлийг 2021 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн дотор бүрдүүлэх шаардлага тавьж, хариуг 2021 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн дотор ирүүлэхийг мэдэгджээ. (1 дэх хавтаст хэргийн 85-97 дахь тал)

 

4. Архангай аймгийн Ц сумын ерөнхий боловсролын сургуулиас 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 38 дугаар албан бичгээр дээрх акт, албан шаардлагад тайлбар гаргаж, хариуг Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанд хүргүүлжээ. Тухайлбал, 17/02/17/04/57 дугаар актад холбогдох 4.050.000 төгрөгийг иргэн Б.Боор 2021 оны 12 дугаар сарын 17, 20-ны өдөр, 17/02/18/04/58 дугаар актад холбогдох 645548 төгрөгийг нэр бүхий иргэдээр 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр, 17/02/17/04/59 дүгээр актад холбогдох 2.954.000 төгрөгийг сургуулийн захирал Д.Б 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр төлж барагдуулсан байна. Мөн 17/04/25 дугаартай албан шаардлагад дурдсан 2.856.000 төгрөгийн матрасыг 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр орлогод авсан, 8 ширхэг гутлыг ажилчдад олгосон талаарх баримт /зураг/-ыг үйлдэж, А” ХХК-иас дотуур байрны угаалтуурын өрөөнд тавих бойлуур ирсэн боловч дүш ирээгүй, уг асуудалд холбогдох хугацааг сунгах өгөхийг хүссэн тайлбар гаргасан байна. (1 дэх хавтаст хэргийн 108 дахь тал)

 

5. Архангай аймгийн Ц сумын Засаг дарга 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/21 дүгээр захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2., Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12., 48 дугаар зүйлийн 48.1., Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5., 141 дүгээр зүйлийн 141.1., Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 481.3-т заасныг үндэслэн Боловсролын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.7, Төсвийн тухай хуулийн 6, 25 дугаар зүйлийн холбогдох заалтууд, Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2, 39.1.4, 39.1.14 дэх заалт, Авлигын эсрэг тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.6 дахь заалт, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиудын холбогдох заалтуудыг удаа дараа ноцтой зөрчсөн нь мэргэжлийн хяналтын байгууллагын хяналт шалгалтаар тогтоогдож, хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг цаг хугацаанд нь барагдуулаагүй, байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө, үр дүнгийн гэрээний хэрэгжилтийн тайланг тогтоосон хугацаанд гаргаж ирүүлээгүй, албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэлийг дурдаж Ц сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Д.Бг албан тушаалаас халжээ. (1 дэх хавтаст хэргийн 5 дахь тал)

 

6. Маргаан бүхий захиргааны актыг гаргахаас өмнө нэхэмжлэгч Д.Бд Архангай аймгийн Ц сумын Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 01/259 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр: “Аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны хяналт шалгалтаар Төсвийн тухай хууль, Боловсролын тухай хууль, Авлигын эсрэг хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон Төрийн албаны тухай хуулиудын холбогдох заалтуудыг ноцтой зөрчсөн нь тогтоогдож, албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлэх, урвуулан ашиглах үйлдлийг удаа дараа гаргасан, хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулах талаар гарсан Улсын байцаагчийн акт, албан шаардлагын хэрэгжилтийг цаг хугацаанд нь хангаагүй, албан үүргээ хангалтгүй биелүүлж, байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүнгийн тайланг тогтоосон хугацаанд ирүүлээгүй тул 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгон Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалаас халах болсныг үүгээр мэдэгдье” гэсэн албан бичгийг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 12 цаг 45 минутад өөрт нь гардуулж хүргүүлжээ.

 

7. Нэхэмжлэгч мөн Архангай аймгийн Ц сумын Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 01/259 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийн хариу болгож 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 40 дугаартай албан бичгээр: “Архангай аймгийн Ц сумын Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 01/259  тоот мэдэгдлийг хүлээн авч танилцлаа. Уг ажлаас халах тухай мэдэгдэлд хууль зүйн үндэслэл зөрчлийн талаар тодорхой заагаагүй учир тайлбар баримт гаргах боломжгүй байна” гэсэн хариуг хүргүүлж байжээ.

 

 8. Улмаар иргэн Д.Б нь дээрх Б/21 дүгээр захирамжийг эс зөвшөөрч “Архангай аймгийн Ц сумын Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/21 дүгээр захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилуулах”-аар шүүхэд маргажээ.

 

9. Мөн хариуцагч Архангай аймгийн Ц сумын Засаг дарга маргаан бүхий Б/21 дүгээр тушаалын үндэслэлээ тайлбарлахдаа, Д.Б нь 2017 оны 7 дугаар сарын 25-30 хооронд захирлын ажлыг хүлээн авсан боловч өөрийн төрсөн эгч Д.Энхтуяад өмнө нь дотуур байрын багш, номын санчийн ажлыг хавсран гүйцэтгэж байсан боловч ямар нэг нэмэгдэл хөлсгүй байсныг 2017 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр Б/ЗЗ тоот тушаалаар гарган 30% нэмэгдэл олгож хууль зөрчиж эхэлсэн, хими-биологийн багш Д.Ог (үеэл дүү) хөгжлийн бэрхшээлийн улмаас хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсаны тэтгэмж тогтоолгосон шалтгаанаар 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Б/38 тоот тушаалаар ажлаас нь чөлөөлсөн боловч өнөөдрийг болтол буцаан ажилд авсан шийдвэргүйгээр ажиллуулж, түүний цалин, нэмэгдэл хөлсийг бүрэн олгож ирсэн, багш бус өөр салбарын мэргэжилтэй Ц.Дыг 2019 оны 9 дүгээр  сарын 1-ний өдөр Б/19 тоот тушаалаар биологи, эрүүл мэндийн багшаар томилон ажиллуулсан, О.Л-г хичээлийн туслах ажилтан хэмээх БСШУ-ны болон Сангийн сайдын хамтарсан (2018 оны А/024/11 дүгээр) тушаалаар батлагдсан ерөнхий боловсролын сургуулийн бүтэц орон тооны жишиг норматив байхгүй ажил, албан тушаалыг бий болгон авч ажиллуулж хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн, өөрийн нөхөр Т.Эыг сургуулийн усчин, манаачийн ажилд томилсон, математикийн багш Л.Мд дотоод хяналтын ажлыг хавсран гүйцэтгүүлж цалингийн 40% нэмэгдэл өгч, улмаар 20 хувийг нь удаа дараа өөртөө авсан, технологийн багш Д.М нь 2017 оны 9 дүгээр сараас эхэлж бизнес хийх зорилгоор жилийн чөлөө авсан. Энэ хугацаанд багшийн Нийгмийн даатгалын шимтгэлийг байгууллагаас цалин гараагүй ямар нэгэн өвчний актгүй байхад төлж явсан улмаар тухай багш хөдөө орон нутагт тасралтгүй 5 жил ажилласны 6 сарын мөнгөн урамшуулалд хамруулсан гэж дурджээ.

 

10. Архангай аймгийн Ц сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Д.Б нь 2017 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн Б/33 дугаар тушаалаар дотуур байрны багш Д.Энхтуяад номын санчийн ажлыг түр хавсран гүйцэтгүүлж, 2017 оны 9 дүгээр сарын 4-ний өдрөөс ажил хавсран гүйцэтгэсний 30 хувийг олгохыг зөвшөөрчээ.

 

11. Нэхэмжлэгч Д.Б нь Д.Энхтуяатай төрөл, садангийн холбоотой эсэх талаар шүүхэд маргаагүй, зөвшөөрсөн болно. Мөн хими-биологийн багш Д.О нь нэхэмжлэгч Д.Бтай төрсөн ах дүүсийн хүүхдүүд мөн болох талаар шүүхэд гэрчийн мэдүүлэг өгсөн бөгөөд 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/38 дугаар тушаалаар тахир дутуугийн групп тогтоолгохоор ажлаас чөлөөлж, 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/42 дугаар тушаалаар биеийн байдал сайжирсан тул ажилд эгүүлэн томилжээ. Иргэн Д.О шүүхэд өгсөн мэдүүлэгтээ “ ... 2017 онд хөдөлмөрийн чадвар алдалт 60%  тогтоогдсон юм. Группэд ороход ажилгүй байх ёстой гэсэн тул ажлаас чөлөөлөгдөж, улмаар групп тогтоогдсон юм. 1 сарын дараа ажилдаа орсон ...” гэж тайлбарлажээ.

 

12. Мөн 2019 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн Б/19 дүгээр тушаалаар Ц.Дыг биологи, эрүүл мэндийн багшаар түр, 2020 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн Б/20 дугаар тушаалаар Ц.Дыг биологи, эрүүл мэндийн багшийн ажилд томилжээ. Иргэн Ц.Д шүүхэд өгсөн мэдүүлэгтээ “ ... би мэргэжлийн бус, шаардлага хангаагүй байгаа одоо Монгол Улсын Боловсролын Их сургуульд Биологи, эрүүл мэндийн багшаар сурч байгаа ...” гэх тайлбар гаргажээ. Иргэн Ц.Д нь Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их сургуулийг 2015 онд дулааны процессын автоматжуулалт мэргэжлээр сурч төгссөн байна. Мөн 2020 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн Б/14 дүгээр тушаалаар О.Лг дотоод хяналт шалгалтын ажилтнаар томилжээ.  Түүнчлэн 2021 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн Б/12 дугаар тушаалаар Т.Эыг сургуулийн усчин, мужаанаар томилсон байна. Иргэн Т.Э нь нэхэмжлэгч Д.Бгийн нөхөр мөн болохыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд шүүхэд маргаагүй болно.  Мөн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Б/13 дугаар тушаалаар математик, мэдээлэл зүйн багш Л.Мд дотоод хяналт, шинжилгээ үнэлгээний ажлыг түр хавсран гүйцэтгүүлж, ажил хавсран гүйцэтгэсний 40 хувийн нэмэгдлийг олгохоор шийдвэрлэжээ. Иргэн Л.М шүүхэд өгсөн мэдүүлэгтээ “ ... тухайн үед 2019 оны 3 сараас 6 сар дуустал дотоод хяналтын ажилтан хийсэн, захирал ажилчдын хурал хийсэн, тэгээд 40 хувийн нэмэгдлээс 20 хувийн нэмэгдлийг Мд өгч, 20 хувийг байгууллагын ойр зуурын шагнал урамшуулалд зарцуулна гэсэн. Миний дансанд 40 хувийн нэмэгдэл нь ороод би тэр мөнгөнөөс 20 хувийн мөнгөө захиралд өгдөг байсан ...” гэж тайлбарласан, нэхэмжлэгч Д.Б шүүх хуралдаанд дээрх асуудлыг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан байна. Мөн гэрч Д.М шүүхэд өгсөн мэдүүлэгтээ “ ... би 2017 онд эмчилгээ хийлгэхээр 1 жилийн чөлөө авсан, 3 сарын чөлөө авсан юм байна, тухайн үед миний оронд н.Б багш ажиллаж байсан, чөлөөтэй байх хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөж байсан, тухайн үед нятлангаас асуугаад 3 сарын хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг төлж болох уу гэхэд үндсэн ажилтан тул болно гэсэн, 2018 оноос өмнөх 5 жилийг тооцож аймгийн Боловсролын газраас урамшуулал авсан” гэж, гэрч Б.Бг шүүхэд өгсөн мэдүүлэгтээ “ ... н.М багш 2017 онд чөлөө авсан. Тэгээд оронд нь байсан н.Баярсайхан багшийн цалин н.М багш дээр гараад н.М багшийн нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөж байсан. н.М багш 5 жилийн нэмэгдлээ авсан” гэж мэдүүлсэн байна. Улмаар 2018 оны 11 дүгээр сарын 19-ний Б/27 дугаар тушаалаар Д.Мыг технологийн багшаар томилжээ. Шүүхийн үзлэгийн явцад 2017 онд Д.Мд чөлөө олгосон тушаал гараагүй болно. (1 дэх хавтаст хэргийн 131-138, 151-198, 247, 2 дахь хавтаст хэргийн  дахь 14 дэх тал)

 

Маргаан бүхийн акт, үйл баримтын хууль зүйн үндэслэлийн тухайд

 

Маргааны тохиолдолд холбогдуулж захиргааны актыг гаргах эрх хэмжээ хариуцагчид олгогдсон эсэх тухайд:

 

13. Маргаж буй үйл баримт, маргаан бүхий актыг гарсан цаг хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн (2006 оны)  хууль энэ маргаанд хамааралтайгаар хэрэглэгдэнэ.

 

14. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн (2006 он)  29 дүгээр зүйлд Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын нийтлэх бүрэн эрхийг зааж өгсөн. Тус хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6. “хууль ёс, дэг журам, аюулгүй байдлыг хангах, иргэдийн эрх, эрх чөлөөг хамгаалах талаар:”а/хууль тогтоомж, Засгийн газар, Хурал, Засаг даргын шийдвэрийг сурталчлах, биелэлтийг нь хангах ажлыг нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд зохион байгуулах;” гэж зааснаар сумын Засаг дарга нь өөрийн эрх хэмжээнд хамаарах томилох, чөлөөлөх эрх олгогдсон этгээдийн үйл ажиллагаанд хамаарах хууль тогтоомжийг биелэлтийг хангуулах,  үйл ажиллагаанд нь хяналт тавих, хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, эрх хэмжээ олгогдсон байна.

 

15. Нэхэмжлэгчийн ажиллаж байсан сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаал нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.18.”төсвийн бусад байгууллагын дарга (захирал, эрхлэгч) тухайн байгууллагын төсвийн.” гэж зааснаар төсвийн шууд захирагчид хамаарах ажил, албан тушаал байна.” Мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д зааснаар төсвийн шууд захирагч нь “16.5.1.төсвийн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг удирдах”, “16.5.4.төсвийн байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх”, 16.5.5-д “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах”, “16.5.6.дотоод аудитын үйл ажиллагааг хэрэгжүүлэх”, “16.5.7.байгууллагын санхүүгийн болон төсвийн гүйцэтгэлийн мэдээ, тайлан, үр дүнгийн гэрээний биелэлтийг үнэн зөв гаргах, тогтоосон хугацаанд тайлагнах” бүрэн эрхтэй байна.

 

16. Түүнчлэн төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагч нь Төсвийн тухайх хуулийн 6 дугаар зүйлийн 6.4. “Энэ хуулийн 5.1.3-т заасан санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх зарчмыг дараах байдлаар хэрэгжүүлнэ: 6.4.1.төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах;” талаар заасан бөгөөд мөн хуулийн 16 дугаар зүйлд дээрх байдлаар төсвийн шууд захирагчийн хуулиар хэрэгжүүлбэл зохих эрх хэмжээ, хариуцан хэрэгжүүлэх хуулиар хүлээсэн чиг үүргийг заажээ.

 

17. Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т “Сум, дүүргийн Засаг дарга тухайн нутаг дэвсгэртээ боловсролын асуудлаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 31.1.12.”аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх;“ гэж заасан.

 

18. Түүнчлэн Архангай аймгийн Засаг даргын 2020 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн А/212 дугаар захирамжийн нэгдүгээр хавсралтаар ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалын тодорхойлолтыг батласан байх бөгөөд уг тодорхойлолтыг шинэчлэн батлаагүй байна. Архангай аймгийн Засаг даргын 2020 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн А/212 дугаар захирамжийн нэгдүгээр хавсралтаар баталсан “Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалын тодорхойлолт”-ын 1 дүгээр зорилтын 3 дахь хэсэгт “байгууллагын төсвийн төсөөлөл, төсвийг төлөвлөх, батлуулах зориулалтын дагуу зарцуулах, хяналт тавих, аудит хийлгэх, төсвийн гүйцэтгэлийн мэдээ тайланг үнэн зөв, хугацаанд нь тайлагнах;”, 4 дэх хэсэгт “Холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан байгууллагын орон тоо, ажилллагчдын цалин хөлсийг тогтоох, төсвийн байгууллагын өдөр тутмын удирдлагыг хэрэгжүүлэх”, 4 дүгээр зорилтын 4 дэх хэсэгт “Байгууллагын  өмч хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангаж, үйл ажиллагааныхаа зорилтод нийцүүлэн зориулалтын дагуу эзэмшиж, ашиглах, эд хөрөнгийн бүртгэлийг цахимжуулах, өмч эзэмшигчийн картыг шинэчлэх ажлыг зохион багйуулах”, 5 дахь хэсэгт “Хууль тогтоомж, стандарт, дүрэм, журам, зааварт нийцүүлэн нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийг баталж, мөрдөж ажиллах”, 6  дахь хэсэгт “Санхүүгийн болон төсвийн гүйцэтгэл, статистикийн мэдээлэл, бусад шаардлагатай мэдээ, судалгаа, тайланг үнэн зөв гаргах, холбогдох байгууллага, албан тушаалтанд тогтоосон хугацаанд нь мэдээлэх, тайлагнах” гэж тус тус заасан. (2 дахь хавтаст хэргийн 22-28 дахь тал)

 

19. Дээрх хуулийн зохицуулалт, албан тушаалын тодорхойлолтоос үзэхэд төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагч нь байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт болон хууль тогтоомжийн хэрэгжилтийг удирдан зохион байгуулах, биелүүлж ажиллах үүрэгтэй байна.

 

20. Нэгэнт зөрчил гаргасан, хуулиар хүлээсэн үүргээ зөрчсөн нь эрх бүхий этгээдийн хяналт шалгалтаар тогтоогдсон нөхцөлд нэхэмжлэгчийг төсөв, санхүүгийн үйл ажиллагаанд хамаарах хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэн хууль тогтоомжийн биелэлтийг хангуулах нийтлэг чиг үүрэг, бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан хариуцагчийн шийдвэрийг буруутгах боломжгүй, үндэслэл бүхий байна.  

 

21. Түүнчлэн нэхэмжлэгч нь ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажлыг гүйцэтгэж байсны хувьд Боловсролын тухай хууль тогтоомжийг зөрчихгүй байх, хэрэгжүүлж ажиллах үүрэгтэй юм.

 

22. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь Архангай аймгийн Ц сумын ерөнхий боловсролын захирлын албан тушаалд ажиллаж байхдаа Боловсролын тухай хуулийн 40.7-д “Суралцагчаас хуульд заагаагүй төлбөр, хураамж авахыг хориглоно” гэж заасныг  зөрчсөн тухайлбал, 2017, 2018, 2019 онуудад зөрчлийг давтан гаргасан болохыг Архангай аймгийн санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн “Ц сумын Ерөнхий боловсролын дунд сургуулийн 2016-2017 оны санхүүгийн үйл ажиллагааны хяналт шалгалт хийсэн дүнгийн тухай танилцуулга” 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн №30, Архангай аймгийн санхүүгийн хяналт, аудитын албаны 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 195 дугаартай “Өргөдлийн хариу” зэрэг баримтаар тогтоогддог. (1 дэх хавтаст хэргийн 74-83 дахь тал )

 

23. Ийнхүү нэхэмжлэгч нь ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байхдаа Боловсролын тухай хуулийн 40.7 дахь хэсгийг зөрчсөн болохыг эрх бүхий этгээдийн зүгээс нэгэнт тогтоосон тохиолдолд хариуцагчийн хувьд мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31 дүгээр зүйлийн 31.1.12 дахь хэсэгт заасан эрх хэмжээнийхээ хүрээнд хуулийн эл заалтыг зөрчсөн гэж үзэн хууль тогтоомжийн биелэлтийг хангуулах нийтлэг чиг үүргийнхээ дагуу гаргасан хариуцагчийн шийдвэрийг буруутгах боломжгүй байна.  

 

Маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчсөн эсэх үүнээс үүдэж нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэслэлтэй эсэх тухайд:

 

24. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “... мөн захирамж гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан оролцогчийг сонсох үйл ажиллагаа хийгээгүй...” гэж маргадаг.

 

25. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно.”, 26.2-т “Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ.” гэж заажээ.

 

26. Маргаан бүхий захиргааны актыг гаргахаас өмнө нэхэмжлэгч Д.Бд Архангай аймгийн Ц сумын Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 01/259 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр: “Аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны хяналт шалгалтаар Төсвийн тухай хууль, Боловсролын тухай хууль, Авлигын эсрэг хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон Төрийн албаны тухай хуулиудын холбогдох заалтыг ноцтой зөрчсөн нь тогтоогдож, албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлэх, урвуулан ашиглах үйлдлийг удаа дараа гаргасан, хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулах талаар гарсан Улсын байцаагчийн акт, албан шаардлагын хэрэгжилтийг цаг хугацаанд нь хангаагүй, албан үүргээ хангалтгүй биелүүлж, байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүнгийн тайланг тогтоосон хугацаанд ирүүлээгүй тул 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгон Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалаас халах болсныг үүгээр мэдэгдье” гэж захиргааны байгууллагаас гаргах гэж буй акт, түүний үндэслэлийнхээ талаар дурдсан дээрх албан бичгийг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 12 цаг 45 минутад өөрт нь гардуулж хүргүүлсэн болох нь хэрэгт авагдсан тус албан бичиг, бичиг тараах дэвтрийн хуулбараар нотлогдож байх бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс тус мэдэгдэл бүхий албан бичгийг гардан авсан талаарх үйл баримтыг үгүйсгээгүй болно.

 

27. Нэхэмжлэгч мөн Архангай аймгийн Ц сумын Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 01/259 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийн хариу болгож 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 40 дугаартай албан бичгээр: “Архангай аймгийн Ц сумын Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 01/259  тоот мэдэгдлийг хүлээн авч танилцлаа. Уг ажлаас халах тухай мэдэгдэлд хууль зүйн үндэслэл зөрчлийн талаар тодорхой заагаагүй учир тайлбар баримт гаргах боломжгүй байна” гэсэн хариуг хүргүүлж байжээ. (3 дахь хавтаст хэргийн 13 дахь тал)

 

28. Мөн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Архангай аймгийн Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн хуралдаанд нэхэмжлэгч Д.Б оролцсон байх бөгөөд тус хуралдааны үеэр санхүүгийн зөрчил гаргасан талаар тодруулж, сумын Засаг даргын зүгээс эрх мэдлээ урвуулан ашигласан хууль тогтоомж зөрчсөн учраас хариуцлага тооцох тухай яригдсан болох нь хэрэгт авагдсан 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Архангай аймгийн Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байна. (1 дэх хавтаст хэргийн 147 дахь тал)

 

29. Ийнхүү маргаан бүхий захиргааны акт гаргахаас тодорхой боломжит хугацааны өмнө захиргааны байгууллагаас нэхэмжлэгчид энэ талаар урьдчилан мэдэгдэж санал, тайлбараа гаргах боломж олгосон нь сонсох ажиллагааг огт хийгээгүй гэж үзэхээргүй байна.

 

 30. Нөгөөтээгүүр хэдийгээр сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу бүрэн гүйцэт хийгээгүй гэж нэхэмжлэгч маргаж байх боловч энэ нь маргаан бүхий актын үндэслэл болсон эрх бүхий мэргэжлийн байгууллагын актаар тогтоогдсон санхүүгийн зөрчил гаргасан үйл баримтыг буюу маргаан бүхий актын эрх зүйн үр дагаврыг өөрчлөхүйц биш, нэхэмжлэгчийн тайлбар, саналаар маргаан бүхий актын үндэслэл болсон зөрчил бүхий нөхцөл байдал өөрчлөгдөхүйц үр дагаврыг үүсгэх, тайлбар, саналыг үндэслэн ажлаас чөлөөлөгдөхгүй байхуйц үр дагавар үүсгэхээргүй байна гэж шүүхээс дүгнэлээ.

 

31. Тиймээс хариуцагч захиргааны байгууллагаас Захиргааны ерөнхий хуульд заасан шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах нөхцөл, шаардлага, журмыг огт хэрэгжүүлээгүй, үүнээс үүдэж нэхэмжлэгчийн эрх ашиг зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Архангай аймгийн Боловсролын газрын даргад мэдэгдээгүй, зөвшилцөх ажиллагаа хийгээгүй гэх үндэслэлийн тухайд:

 

32. Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12-т “аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх;” гэж заажээ.

 

33. Архангай аймгийн Боловсролын газрын 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 02/46 дугаар  албан бичигт: “Ц сумын Засаг дарга нь ерөнхий боловсролын сургуулийн захирал Д.Бг ажлаас чөлөөлөх тухай өөрийн биеэр мэдэгдсэн”  гэжээ. (1 дэх хавтаст хэргийн 16 дахь тал)

 

34. Архангай аймгийн Боловсрол, соёл, шинжлэх ухааны газрын дарга З.Мөнхтогтох гэрчийн мэдүүлэгтээ: “...Ц сумын Засаг дарга Д.Г нь тухайн үед утсаар яриад Ц сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Д.Бг санхүүгийн зөрчил гаргасан учраас ажлаас чөлөөлөхөөр болоод байна гэж танилцуулсан. Би ирж биечлэн уулзах, эсхүл албан бичгээр хандаарай гэж хэлсэн. Ингээд яг өдрийг нь тодорхой санахгүй байна. Сумын Засаг дарга нар цугларсан байсан. Тэр үеэр Засаг дарга Д.Г надтай биечлэн уулзаж сургуулийн захирлаа чөлөөлөх талаараа хэлсэн. Сургуулийн захирал зөрчил гаргасан учраас чөлөөлөх болоод байгаа талаараа танилцуулж байсан. Миний зүгээс хуулийнхаа дагуу шалгаж зөрчил нь тогтоогдсон юм уу энийг сайн шалгаарай л гэж хэлсэн” гэж мэдүүлжээ. (2 дахь хавтаст хэргийн 182-184 дэх тал)

 

35. Иймд маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Архангай аймгийн Боловсролын газрын даргад мэдэгдээгүй, зөвшилцөх ажиллагаа хийгээгүй, санал өгөөгүй, саналыг үндэслээгүй гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

36. Маргаан бүхий актын үндэслэл болсон “... Боловсролын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.7, Төсвийн тухай хуулийн 6, 25 дугаар зүйлийн холбогдох заалтууд, Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2, 39.1.4, 39.1.14 дэх заалт, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.6 дахь заалт, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиудын холбогдох заалтуудыг удаа дараа ноцтой зөрчсөн нь мэргэжлийн хяналтын байгууллагын хяналт шалгалтаар тогтоогдсон” гэх үндэслэлийн тухайд:

 

37. Архангай аймгийн санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн “Төсвийн орлого болгох тухай” 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн №17/02/17/04/59, №17/02/17/04/58, №17/02/17/04/57 тоот актууд, Архангай аймгийн санхүүгийн хяналт, аудитын алба, улсын байцаагчийн “Зөрчил арилгуулах тухай” 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн №17/04/25 тоот албан шаардлагаар нэхэмжлэгч дээрх зөрчлийг гаргасан болохыг актын үндэслэлд дурдсан дээрх хуулийн холбогдох хэсгийг зөрчсөн болохыг тогтоожээ.

 

38. Тухайлбал, Архангай аймгийн санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн “Төсвийн орлого болгох тухай” 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн №17/02/17/04/59 дугаартай актаар Боловсролын тухай хуулийн 40.7. “Суралцагчаас хуульд заагаагүй төлбөр, хураамж авахыг хориглоно.”, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.6. “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх;”  гэсэн хуулийн зохицуулалтыг зөрчсөн болохыг;

 

39. Архангай аймгийн санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн “Төсвийн орлого болгох тухай” 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн №17/02/17/04/57 дугаартай актаар Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13.1. “Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн, зөв гаргах үндэслэл болно.”, 13.6. “Анхан шатны баримтын үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцна.”, 14.4. “Нягтлан бодох бүртгэлд дараах зүйлсийг заавал бүртгэнэ:”, 14.4.1. “аж ахуйн бүх ажил, гүйлгээ;” гэсэн хуулийн зохицуулалтыг зөрчсөн болохыг тус тус тогтоожээ.

 

40. Эдгээр акт түүгээр тогтоосон зөрчил, зөрчсөн гэж үзсэн хуулийн холбогдох зохицуулалтыг маргаан бүхий актын үндэслэл болгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5-д заасан зарчмын агуулгад нийцсэн байна.

 

Маргаан бүхий актын үндэслэл болсон “... “удаа дараа ноцтой зөрчсөн” гэх үндэслэлийн тухайд

 

41.Нэхэмжлэгчийн тухайд тухайлбал, Боловсролын тухай хуулийн 40.7-д заасан “Суралцагчаас хуульд заагаагүй төлбөр, хураамж авахыг хориглоно.” гэснийг зөрчсөн болохыг, 2017, 2018, 2019 онуудад эл зөрчлөө давтан гаргасан болохыг хэрэгт авагдсан Архангай аймгийн санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн “Ц сумын Ерөнхий боловсролын дунд сургуулийн 2016-2017 оны санхүүгийн үйл ажиллагааны хяналт шалгалт хийсэн дүнгийн тухай танилцуулга” 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн №30, Архангай аймгийн санхүүгийн хяналт, аудитын албаны 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 195 дугаартай “Өргөдлийн хариу” албан бичгээр тус тус тогтоогддог. (1 дэх хавтаст хэргийн 74-83 дахь тал)

 

42.Тийм учраас хариуцагчийн маргаан бүхий актад дурдсан төсөв, санхүүгийн холбогдолтой хуулиудын холбогдох заалтыг удаа дараа ноцтой зөрчсөн гэсэн үндэслэл нь бодитой, зорилгодоо нийцсэн Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5-д заасан зарчмын  агуулгад нийцсэн байна.

 

Маргаан бүхий актад үндэслэсэн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 141 дүгээр зүйлийн 141.1-д заасныг үндэслэсэн үндэслэлийн тухайд:

 

43. Нэхэмжлэгчийн ажиллаж байсан албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан төрийн үйлчилгээний албан хаагч боловч байгууллагын төсвийг захиран зарцуулах эрх бүхий төсвийн шууд захирагч буюу төрийн үйлчилгээний байгууллагын удирдах албан тушаалтан юм.  Өөрөөр хэлбэл Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т “Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн тухай хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно.” гэж заасан.

 

44. Маргаан бүхий актад мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон;” 141 дүгээр зүйлийн 141.1-д “Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг үндэслэжээ.

45. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь 2019 онд тухайн үеийн аймгийн Засаг даргатай үр дүнгийн гэрээ байгуулж дүгнүүлж ажиллаж байсан бөгөөд Хөдөлмөрийн гэрээ байгуулж байгаагүй байна. (2 дахь хавтаст хэргийн 48-63 дахь тал)

 

46. Архангай аймгийн санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн “Төсвийн орлого болгох тухай” 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн №17/02/17/04/59, №17/02/17/04/58, №17/02/17/04/57 тоот актууд, Архангай аймгийн санхүүгийн хяналт, аудитын алба, улсын байцаагчийн “Зөрчил арилгуулах тухай” 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн №17/04/25 тоот албан шаардлагаар нэхэмжлэгч дээрх зөрчлийг гаргасан болохыг актын үндэслэлд дурдсан хуулийн холбогдох хэсгийг зөрчсөн болох нь тогтоогдсон.

 

47. Энэ тохиолдолд маргаан бүхий актын үндэслэлд Хөдөлмөрийн тухай хуулийн (1999 он) 40 дүгээр зүйлийн 40.1.5, 141 дүгээр зүйлийн 141.1 дэх хэсгийг үндэслэснийг хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй үндэслэлээр актын гол үндэслэл болсон дээрх зөрчил бүхий үйл баримтыг үгүйсгэж Архангай аймгийн Ц сумын Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/21 дүгээр захирамжийн эл үндэслэлийг шууд үгүйсгэж хууль бус гэж үзэх нөхцөл болохгүй гэж үзлээ.

 

Маргаан бүхий актын үндэслэл болсон “... хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг цаг хугацаанд нь барагдуулаагүй” гэх үндэслэлийн тухайд

 

48. Архангай аймгийн санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн “Төсвийн орлого болгох тухай” 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн №17/02/17/04/59, №17/02/17/04/58, №17/02/17/04/57 тоот актууд, Архангай аймгийн санхүүгийн хяналт, аудитын алба, улсын байцаагчийн “Зөрчил арилгуулах тухай” 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн №17/04/25 тоот албан шаардлагаар тухайн зөрчлүүдэд холбогдох 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор гүйцэтгэхийг үүрэг болгосон байдаг.  Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь дээрх актуудад дурдсан зөрчлийг 2021 оны 12 дугаар сарын 17, 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр гэх мэт актад дурдсан хугацаанд нь биелүүлээгүй болох нь мөн тогтоогддог. Энэ тохиолдолд хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг цаг хугацаанд нь барагдуулаагүй” гэх үндэслэл бодитой байна. (1 дэх хавтаст хэргийн 178 дахь тал)

 

Маргаан бүхий актын үндэслэл болсон “... албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэлийн тухайд:

 

49. Архангай аймгийн санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн “Төсвийн орлого болгох тухай” 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн №17/02/17/04/59, №17/02/17/04/58, №17/02/17/04/57 тоот актууд, Архангай аймгийн санхүүгийн хяналт, аудитын алба, улсын байцаагчийн “Зөрчил арилгуулах тухай” 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн №17/04/25 тоот албан шаардлагаар нэхэмжлэгч олон хууль зөрчсөн болохыг тогтоосон.

 

50. Нэхэмжлэгч нь төсвийн шууд захирагчийн хувьд хуулиар хүлээсэн чиг үүрэг, ерөнхий боловсролын сургуулийн захирлын хувьд ч хориглосон үйл ажиллагаа явуулж хууль зөрчсөн болох нь дээрх акт, тэдгээрт дурдсан үндэслэлээр тогтоогддог.

 

51. Хуулиар хүлээсэн үүргээ зөрчсөн нь дээрх байдлаар тогтоогдсон нөхцөлд нэхэмжлэгчийг “албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэж үзсэн хариуцагчийн шийдвэрийн үндэслэлийг буруутгах боломжгүй, үндэслэл бүхий байна.  

 

Маргаан бүхий актад үндэслэсэн Боловсролын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийн үндэслэлийн тухайд:

 

52. Хариуцагч маргаан бүхийн актад Боловсролын тухай хуулийн 48.1.”Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг үндэслэсэн байдаг.

 

53. Нэхэмжлэгчийн тухайд тухайлбал, Боловсролын тухай хуулийн 40.7. “Суралцагчаас хуульд заагаагүй төлбөр, хураамж авахыг хориглоно.” гэснийг зөрчсөн болохыг тогтоосон энэ зөрчил нь жишээлбэл 2018, 2019 онуудад давтан гаргасан болохыг мөн эрх бүхий байгууллагын актаар тогтоосон.

 

54. Энэ тохиолдолд маргаан бүхий актаар нэхэмжлэгчийг албан тушаалаас нь халж шийдвэрлэсэн Архангай аймгийн Ц сумын Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/21 дүгээр захирамж үндэслэлтэй байна.

 

Маргаан бүхий актад үндэслэсэн Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3 дахь заалтыг үндэслэсэн үндэслэлийн тухайд:

 

55. Хариуцагч нь Архангай аймгийн Ц сумын Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/21 дүгээр захирамжид Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар дугаар зүйлийн 48.1.3 дахь заалтыг үндэслэсэн байдаг.

 

56. Маргаан бүхий акт гарах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Төрийн албан тухай хуулийн 48 дугаар зүйлд “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах”, 48 дугаар зүйлийн 48.1.3-т “төрийн албанаас халах;” гэж заасан.[1] Хуулийн эл зохицуулалт нь төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулахад хамаарахаар хуульчлан зохицуулсан байна.

 

57. Нэхэмжлэгчийн ажиллаж байсан Архангай аймгийн Ц сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т “боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, урлаг, спорт зэрэг төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаал;” гэж зааснаар төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарч байна.

 

58. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т “Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн тухай хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно.” гэж заасан.

 

59. Хэдийгээр хариуцагч нь маргаан бүхий  актын үндэслэлд нэхэмжлэгчийн ажиллаж байсан албан тушаалын ангилалд хамаарахгүй Төрийн албаны хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3 дахь заалтыг үндэслэсэн байх боловч ерөнхий боловсролын сургуулийн захирлыг томилж, чөлөөлөх харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хууль нь Боловсролын тухай хууль байна.

 

60. Өөрөөр хэлбэл Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т “Сум, дүүргийн Засаг дарга тухайн нутаг дэвсгэртээ боловсролын асуудлаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 31.1.12.”аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх;“ гэж заасан.

 

61. Иймд хариуцагч маргаан бүхий актын үндэслэл болсон үйл баримт нь бодитой бөгөөд нарийвчилсан зохицуулалтай хууль болох Боловсролын тухай хуулиар сумын Засаг даргад чөлөөлөх эрх хэмжээ олгосон хуулийн холбогдох хэсгийг давхар үндэслэсэн байх тул Төрийн албаны хуулийн нэхэмжлэгчид үл хамаарах хуулийн зохицуулалтыг шийдвэртээ үндэслэсэн гэдэг үндэслэлээр маргаан бүхий актыг бүхэлд хуульд нийцээгүй гэж үзэн хүчингүй болгох үндэслэлгүй байна.

 

Маргаан бүхий актын үндэслэл болсон “...байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө, үр дүнгийн гэрээний хэрэгжилтийн тайланг тогтоосон хугацаанд гаргаж ирүүлээгүй” гэх үндэслэлийн тухайд:

 

62. Төрийн албаны тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-т “Төсвийн шууд захирагч тухайн жилийн Төсвийн тухай хуульд заасан өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлэх хөтөлбөр, арга хэмжээний биелэлтийг зохион байгуулах зорилгоор гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулан баталж, жил бүрийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд хэрэгжүүлнэ.” гэжээ.

 

63. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагч нь байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт болон хууль тогтоомжийн хэрэгжилтийг удирдан зохион байгуулах, биелүүлж ажиллах үүрэгтэй байна.

 

64. Хариуцагчийн зүгээс гүйцэтгэлийн төлөвлөгөөний тайланг тогтоосон хугацаанд албан ёсоор бичгээр гаргаж ирүүлээгүй гэж маргаж байх боловч 2021 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр Архангай  аймгийн Ц сумын Засаг даргатай байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж батлуулж, 2021 оны жилийн эцсийн тайланг 2021 оны 12 дугаар сарын 4-ний өдөр Б.Лхагвабат гэх фэйсбүүк хаягаар хүргүүлсэн байна. (1 дэх хавтаст хэргийн 199-229 дэх тал)

 

65. Хариуцагчийн маргаан бүхий актад дурдсан “...байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө, үр дүнгийн гэрээний хэрэгжилтийн тайланг тогтоосон хугацаанд гаргаж ирүүлээгүй” гэдэг эл үндэслэл хэдийгээр хэрэгт авагдсан дээрх баримтаар няцаагдаж байх боловч энэ нь нэхэмжлэгчийн бусад гаргасан зөрчил тэдгээрт холбогдох үйл баримтыг үгүйсгэх, зөвтгөх, дан ганц эл үндэслэлээр хариуцагчаас гаргасан шийдвэрийг бүхэлд нь буруутгах нөхцөл болохгүй гэж шүүхээс дүгнэлээ.

 

66. Хэрэгт хариуцагчаас Архангай аймгийн Ц сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2021 оны үйл ажиллагааны тайланг Архангай  аймгийн Ц сумын Засаг дарга дүгнэж “хангалтгүй” гэсэн үнэлгээ өгч гараар бичиж дүгнэсэн баримт хэрэгт авагдсан. (3 дахь хавтаст хэргийн 193-209 дэх тал)

 

67. Тус үнэлгээтэй нэхэмжлэгч танилцаагүй, тухайн үед биш хожим нь дүгнэсэн байна гэж маргадаг боловч энэ нь хариуцагчийн шийдвэрийг үндэслэлийг бүхэлд нь үгүйсгэх нөхцөл биш бөгөөд Архангай аймгийн Ц сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2021 оны үйл ажиллагааны тайланг хариуцагч Архангай  аймгийн Ц сумын Засаг даргаас дүгнэсэн дээрх баримтыг үгүйсгэх өөр нөхцөл байдал тогтоогдсонгүй. 

 

Иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн үндэслэлийн тухайд:

 

68. Шүүхээс хуульд заасан журмын дагуу шүүх хуралдааны товыг иргэдийн төлөөлөгчид мэдэгдсэн ч  иргэдийн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгчийн зүгээс иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэхийг зөвшөөрч хүсэлт гаргасан болно.

 

69. Тиймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.7-д “Иргэдийн төлөөлөгч энэ хуулийн 71.1-д заасны дагуу мэдэгдсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хэргийн оролцогчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдаан явуулж болно. Харин хэргийн оролцогчийн аль нэг нь зөвшөөрөөгүй бол шүүх хуралдааныг хойшлуулна.” гэж заасны дагуу иргэдийн Төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг явуулж хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

70. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн (2006 он)  29 дүгээр зүйлийн 29.1.6 дахь хэсгийн а/заалт, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12, 40 дүгээр зүйлийн 40.7, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Архангай аймгийн Ц сумын Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/21 дүгээр захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     А.ТҮВШИНТУЛГА

                                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ц.НЭРГҮЙ

                                                     ШҮҮГЧ                                      Ө.БОЛОРЧИМЭГ

 

[1] Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулахаас өмнөх заалт (Тус нэмэлт, өөрчлөлт 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн)