Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2023 оны 01 сарын 11 өдөр

Дугаар   109/ШШ2023/0002

 

                                              

               Нэхэмжлэгч, хариуцагч  нарын эвлэрсэн 

            эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

             Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Одонтуяа би иргэн Г.Бын нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч, хариуцагчийн нарын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээг 2023 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч Архангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга шүүхэд ирүүлсэн 2023 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 01/12 дугаар албан бичигт: “Шийдвэр гүйцэтгэгчийн 19010153/04 дүгээр мэдэгдлийн дагуу Хайрхан сумын ахлах сургууль нь Г.Б ын ажилгүй байх хугацааны Нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн тул 2017, 2021 оны Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.7.-д заасан мөнгөн тэтгэмжийг олгуулахаар Боловсрол, шинжлэх ухааны яамд 2023 онд санал явуулж шийдэх боломжтой тул эвлэрлийн журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгч Г.Б, хариуцагч Архангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга З.М нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: “... нэхэмжлэгч тал 2017 болон 2021 онд Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.7. дахь хэсэгт заасны дагуу 10.161.180 /арван сая нэг зуун жаран нэгэн мянга нэг зуун ная/  төгрөгийг нөхөн гаргуулж авах, хариуцагч тал Нийгмийн даатгал нөхөн төлөгдсөн тул тэтгэмжээ төсөвт суулган нөхөн авах боломжтой. 2023 оны төсөвт нэмэлтээр суулгах санал хүргүүлэх, 2023 онд нэмэлтээр суулгах боломжгүй бол 2024 оны төсөвт суулган шийдвэрлэнэ. Бусад этгээдийн хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй, зөрчигдөөгүй болно.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Тус шүүхэд иргэн Г.Б нь Архангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргад холбогдуулан “Архангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газраас 2017 онд авах байсан 4.688.598, төгрөг, 2021 онд авах байсан 5.472.582 төгрөг нийт 10.161.180 төгрөгийн тэтгэмжийг гаргаж өгөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Архангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газраас 43.1.7., 43.1.7.а дахь хэсэгт заасны дагуу 2017 онд авах байсан  4.688.598, төгрөг, 2021 онд авах байсан 5.472.582 төгрөг нийт 10.161.180 төгрөгийн тэтгэмжийг гаргуулж өгөхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, шүүх 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.

 

2. Уг хэргийн маргааны үйл баримтын тухайд,

 

2.1. Иргэн Г.Б нь Архангай аймгийн Хайрхан сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажлаас Архангай аймгийн Засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн Б/94 дугаартай захирамжаар чөлөөлөгдөж, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 109/ШШ2018/0014 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 221/МА2018/0378 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 15-н өдрийн 393 дугаар тогтоолоор захирлын ажилдаа эгүүлэн томилогдсон байна. /ХХ-ийн 52-71/

2.2. Архангай аймгийн Засаг даргын 2019 оны 2 дугаар сарын 18-ний өдрийн Б/12 дугаартай захирамжаар нэхэмжлэгч нь дахин Архангай аймгийн Хайрхан сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажлаас чөлөөлөгдөж Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 109/ШШ2019/0006  дугаар  шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 221/МА2019/0406 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 354 дүгээр тогтоолоор Архангай аймгийн Хайрхан сумын Ерөнхий Боловсролын сургуулийн захирлын ажилдаа эгүүлэн томилогджээ. /ХХ-ийн 72-96/

 

2.3. Нэхэмжлэгч Г.Б нь Архангай аймгийн Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Боловсролын тухай хуулийн 43.1.7., 43.1.7.а. дахь заалтын дагуу 5 жил тутамд нэг удаа 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний 2017 онд авах байсан 4.688.598 төгрөг, 2021 онд авах байсан 5.472.582 төгрөгийн мөнгөн тэтгэмж, нийт 10.161.180 төгрөгийн тэтгэмжийг гаргуулах нэхэмжлэл гаргасан байна.

 

2.4. Улмаар Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 129/ШТ2022/00017 дугаар шүүхийн тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасан шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /ХХ-ийн 11-13/

 

2.5. Мөн Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 129/ШЗ2022/03202 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна. /ХХ-ийн 14-15/

 

2.6. Нэхэмжлэгч Г.Б нь Архангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газарт 2022 оны 5 дугаар сарын 6-ны өдөр Боловсролын тухай хуулийн 43.1.7., 43.1.7.а. дахь заалтын дагуу 5 жил тутмын 2017 онд авах байсан 4.688.598 төгрөг, 2021 онд авах байсан 5.472.582 төгрөгийн мөнгөн тэтгэмж, нийт 10.161.180 төгрөгийн тэтгэмжийг төсөвт суулгаж өгнө үү.”  гэх хүсэлт гаргажээ. /ХХ-ийн 10/

 

2.7. Улмаар Архангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын 2022 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 01/315 дугаар албан бичгээр иргэн Г.Бад “.. Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тогтоолд энэхүү тэтгэмжийг олго гэсэн шийдвэр гараагүй тул олгох боломжгүй болох талаар мэдэгдсэн байна. /ХХ-ийн 8/

2.8. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1. дэх хэсэгт зааснаар иргэн Г.Бын нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл тогтоогдохгүй байна.

2.9. Түүнчлэн захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн, уг эрхээ хамгаалуулах талаар захиргааны байгууллагаас шаардах эрх нь нээлттэй байна.

 

2.10. Шүүхээс нэхэмжлэгч нь аль хуулиар олгосон ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол, хэрхэн зөрчигдсөн, шүүхээс гарах шийдвэрийн аль төрөлд хамаарч нэхэмжлэлийн шаардлага гаргасан болох, тус нэхэмжлэлд хариуцагчийг тодруулахаар  2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэл гаргасныг хянаад, 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 109/ШЗ2022/0401 дүгээр захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулсан. /ХХ-ийн 17-18/

 

2.11. Нэхэмжлэгч нь  аль хуулиар олгосон ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол, хэрхэн зөрчигдсөн, шүүхээс гарах шийдвэрийн аль төрөлд хамаарч нэхэмжлэлийн шаардлага гаргасан болох, тус нэхэмжлэлд хариуцагчийг тодруулсан бөгөөд  2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр шүүхэд нэхэмжлэлээ тодруулж ирүүлжээ. 

 

2.12. Улмаар нэхэмжлэлийн бүрдүүлбэрээ хангаж ирүүлсэн тул тус шүүх нь 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 109/ШЗ/2022/0417 дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн болно. /ХХ-ийн 20-21/

 

2.13. Түүнчлэн нэхэмжлэгч нь Архангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газарт гомдол гаргаж, Архангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын 2022 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 01/315 дугаар албан бичгээр  хариу авсан нь Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1. дэх хэсэгт “Иргэн, хуулийн этгээд гомдлыг тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана.” гэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1.-т “дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол” гэж заасан хуулийн заалтад нийцсэн байна.

 

2.14. Иймд тус шүүхэд гаргасан нэхэмжлэгч Г.Б нь Архангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газарт гомдол гаргасан нь  урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн гэж үзнэ.

 

3. Хууль зүйн үндэслэлийн тухайд,

 

3.1. Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.7.-д “Дараах этгээдэд 5 жил тутамд нэг удаа 6 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг улсын төсвөөс ажиллаж байгаа байгууллагаар нь дамжуулан олгох”  43 дугаар зүйлийн  43.1.7.а.-д “сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн захирал, хичээлийн эрхлэгч /сургалтын менежер/, сургуулийн нийгмийн ажилтан, дотуур байрны багш, албан бус боловсролын багш, цэцэрлэгийн арга зүйч, сургуулийн номын санч, сургууль, цэцэрлэгийн эмч” гэж заасан байна.

 

3.2. Хариуцагч Архангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар шүүхэд гарган хариу тайлбартаа: “Г.Бын холбогдох нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй болно. Тус газар нь боловсролын салбарын нэгж байгууллагуудаас ирүүлж буй төсвийн төслийг хуулийн хугацаанд нэгтгэн аймгийн хэмжээний төсвийн төслийг жил бүрийн 8 дугаар сарын 1-ний дотор Боловсрол, шинжлэх ухааны яаманд хүргүүлдэг. 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөр хуулийн хугацааг тасалбар болгон авсан 2017 оны төсвийн төсөл, 2020 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөр хуулийн хугацааг тасалбар болгон авсан 2021 оны Хайрхан сумын ахлах сургуулийн төсвийн төсөлд Боловсролын хуулийн 43.1.7. заалтын дагуу тэтгэмж авах багш ажилтны нэрс дотор Бын нэр ирээгүй тул төсөвт суугаагүй болно.” гэж дурджээ. /ХХ-ийн 27/

 

3.3. Архангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга  тус шүүхэд ирүүлсэн 2023 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 01/12 дугаар албан бичигт “... Шийдвэр гүйцэтгэгчийн 19010153/04 дүгээр мэдэгдлийн дагуу Хайрхан сумын ахлах сургууль нь Г.Бын ажилгүй байх хугацааны Нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн тул 2017, 2021 оны Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.7.-д заасан мөнгөн тэтгэмжийг олгуулахаар Боловсрол, шинжлэх ухааны яамд 2023 онд санал явуулж шийдэх боломжтой тул эвлэрлийн журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

3.4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрч, 2023 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан байна. Тодруулбал, нэхэмжлэгч тал 2017 он болон 2021 онд Боловсролын тухай хуулийн 43 дугаар 43.1.7. заалтын дагуу 2 удаагийн тэтгэмж 10.161.180 /арван сая нэг зуун жаран нэгэн мянга, нэг зуун наян/  төгрөгийг хариуцагчаас гаргуулан авах, хариуцагч тал Нийгмийн даатгал нөхөн төлөгдсөн тул тэтгэмжээ төсөвт суулган нөхөн авах боломжтой. ...  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68.1., 68.2. дахь заалтыг үндэслэн эвлэрлийн гэрээ байгуулав. Үүнд: 2023 оны төсөвт нэмэлтээр суулгах санал хүргүүлэх, 2023 онд нэмэлтээр суулгах боломжгүй бол 2024 оны төсөвт суулган шийдвэрлэнэ. Бусад этгээдийн хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй, зөрчигдөөгүй болно.” гэж эвлэрлийн гэрээндээ дурдсан байна.  /ХХ-ийн 111/

3.5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1. дэх хэсэг Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ: 20.1.1.-д “ ... нэхэмжлэлээсээ ... , эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх”, 21 дүгээр зүйлийн 21.1. дэх хэсэг Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ: 21.1.1.-д “..., нэхэмжлэгчтэй эвлэрэх, ...”, 66 дугаар зүйл. Нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах, 68 дугаар зүйлийн 68.1. дэх хэсэгт “Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно.”, 68.2. дахь хэсэгт “Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна.”, 68.4. дэх хэсэгт “Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж тус тус заасан.

3.6. Уг хэргийн тухайд нэхэмжлэгч, хариуцагч эвлэрлийн гэрээнд заасан “... 2023 оны төсөвт нэмэлтээр суулгах санал хүргүүлэх, 2023 онд нэмэлтээр суулгах боломжгүй бол 2024 оны төсөвт суулгах ... ” нөхцөлөөр эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

3.7. Иймд  нэхэмжлэгч Г.Б, хариуцагч Архангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга нар дээрх эвлэрлийн гэрээнд заасан нөхцөлөөр эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

3.8. Түүнчлэн нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээс үүсэх үр дагаврыг танилцуулж, баримт үйлдэж хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1., 109 дүгээр зүйлийн 109.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1. дэх хэсгийн  43.1.7., 43.1.7.а.-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Б, хариуцагч Архангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга нар “... нэхэмжлэгч Г.Б 2017 он болон 2021 онд авах байсан 2 удаагийн тэтгэмж 10.161.180 /арван сая нэг зуун жаран нэгэн мянга, нэг зуун наян/  төгрөгийг хариуцагчаас гаргуулан авах, хариуцагч Архангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга нэхэмжлэгч Г.Бын нийгмийн даатгал нөхөн төлөгдсөн тул тэтгэмжээ төсөвт суулган 2023 оны төсөвт нэмэлтээр суулгах санал хүргүүлэх, 2023 онд нэмэлтээр суулгах боломжгүй бол 2024 оны төсөвт суулгах нөхцөлөөр эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Энэ захирамжийг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлэхийг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2. дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Б.ОДОНТУЯА