Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 819

 

 “Х.Б” ХХК--ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Ч.Цэнд, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2018/02835 дугаар шийдвэртэй, “Х.Б” ХХК--ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Д.И” ХХК-, хариуцагч Д.Э- нарт холбогдох,

10 573.52 ам.доллар буюу 25 511 789 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагч “Д.И” ХХК--ийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Содном-Иш, хариуцагч “Д.И” ХХК--ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд хариуцагч Д.Э-, хариуцагч “Д.И” ХХК--ийн өмгөөлөгч И.Чимэдбадам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Интернет худалдааны сайт ажиллуулдаг “Д.И” ХХК- нь “Х.Б” ХХК--тай 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр “Интернет банкны үйлчилгээний гэрээ” байгуулж, уг гэрээний дагуу манай банкаар дамжуулан интернет худалдааны төлбөр шилжүүлэх эрхтэй болсон. Гэтэл тус компани нь “Х.Б” ХХК--иар дамжуулж 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 300 ам.доллар, мөн 02 дугаар сарын 26-ны өдөр 10 273 ам.долларын гадаад худалдаа хийсэн гэх боловч уг мөнгөн дүн худалдан авагчдаа шилжээгүй учраас “Австралиа энд Нью Зеланд банк”-аас дээрх гүйлгээг хууль бус гэж үзэж манай банкнаас 10 573.52 ам.долларыг үл маргах журмаар татан авсан.

“Д.И” ХХК-, түүний захирлаар ажиллаж байсан Д.Э-ын буруутай үйл ажиллагааны улмаас “Х.Б” ХХК--д 10 573.52 ам.долларын бодит хохирол учирсан ба интернет банкны үйлчилгээний гэрээг зөрчсөн үйлдэл нь баримтаар нотлогддог. Мөн хариуцагч нарын зүгээс буруу шилжүүлсэн хууль бус гүйлгээнээс үүдэлтэй 10 573.52 ам.долларыг бүрэн төлөхөө хүлээн зөвшөөрч, буцааж төлнө гэдгээ удаа дараа мэдэгддэг атлаа 2 жил гаруй хугацаанд эргэн төлөлт хийх, тооцоо дуусгах алхам хийхгүй байгаа.

Хариуцагч нь Австрали улсын банк мөнгөө буцаан татсантай холбоотой баримтуудыг гаргаж өгөхийг хүссэн бөгөөд үүнтэй холбоотой баримтыг манайх шууд хэвлэж гаргаж өгөхөөр нотлох баримтын шаардлага хангахгүй байсан учраас  нэхэмжлэгч компанийн картын системд үзлэг хийлгэсэн.

Австрали улсаас мөнгө шилжүүлсэн картын дугаар бол давтагдашгүй байдаг. 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 16 цаг 38 минутад 20 400 000 төгрөгөөр, 204 000 төгрөгөөр тус тус гүйлгээ хийгдсэн нь тухайн үеийн ам.долларын ханшаар хөрвүүлэгдсэн дүн юм. Австрали доллар гэж тооцож үзвэл 10 273 ам.доллар, 300 ам.доллар юм.

Дараа нь 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 13 663 австрали доллараар нэг удаа, 136 австрали доллараар нэг удаа уг картын гүйлгээ буцаагдсан дансны мэдээлэл нь манай гаргаж өгсөн баримтаас тодорхой харагдана. Интернэт банкны үйлчилгээ үзүүлэх гэрээнд зааснаар банкинд ямар нэг байдлаар хохирол учруулах юм бол харилцагч өөрөө хариуцна гэж заасан.

2016 оны 02 дугаар сарын 27-ны өдөр “Д.И" ХК-ийн дансанд шилжсэн 19 985 880 төгрөгийг 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр уг компанийн гүйцэтгэх захирал байсан Д.Э- авсан, манайх гүйлгээг шалгаж байна гэж байхад өөрөө хурдан авмаар байна гээд авсан байдаг.

Олон улсын гүйлгээ хураамжийн шимтгэл тооцогдож, нэг хоногийн дараа шилжиж орсныг хоёр хоногийн дараа 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр авсан гэдгээ зөвшөөрдөг. Өмнө нь төлнө гээд байсан учраас бид найдаж байсан. Хэрэв харилцагч мөнгөө аваагүй бол бидэнд мэдэгдэх боломжит хугацаа байсан, гэтэл одоо аваагүй гэж байгаа нь үндэслэлгүй.

Манай зүгээс мөнгө буцаан татагдсан талаарх баримтыг картын системээс үзүүлсэн, хариуцагч энэ талаар мэдэж байсан ч хүндэтгэх шалтгаангүйгээр ирээгүй байж худлаа баримт зохиосон байх гэж байгаад гомдолтой. Нэхэмжлэлийн шаардлага болох гадаад төлбөр, тооцооны гүйлгээтэй холбоотой 10 573.52 ам.доллар буюу 25 511 789 төгрөгийн хохирол төлбөрийг хариуцагч нараас гаргуулж “Х.Б” ХХК--д олгохоор шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д.И" ХК нь ОХУ болон Киргиз улсын иргэд, компаниудаас Япон улсад үйлдвэрлэгдсэн автомашин, сэлбэг нь Монголын зах зээлийн үнээс 20-50 хувь хямд байдаг учир манай компаниар дамжуулан борлуулах, ашиг хуваах санал ирүүлсэн. Бид интернет худалдаагаар дамжуулан сэлбэг, автомашин сурталчлан борлуулах худалдаалах үүрэг хүлээсэн юм. Гэрээний дагуу эхний Тоёото тундра маркийн автомашиныг 50 000 ам.доллараар худалдахаар тохиролцсон бөгөөд худалдан авагч тал мөнгөө бүтнээр нь хийх байсан ч “Х.Б” ХХК- 10 000 ам.доллароос илүүгээр гүйлгээ хийж болохгүй гэсэн учир хэсэгчилж хийсэн. Худалдан авагч Австралын тал болон Киргизын “Кэй.Жи.Ти энд Сөү” компани/ K.G.T and CO Compan/-иуд нь гэрээг хийсэн бөгөөд бид зөвхөн зуучилж, сурталчилж өгсөн хөлсөө дундаас нь алдалгүй авахын тулд Монгол улсаар худалдааны мөнгийг дамжуулан авах эрх үүрэгтэй оролцсон.

Харилцагч Австрали улсын тал Австрали энд Нью Зеланд банкнаас урьдчилгаа 10 000 ам.долларын гүйлгээг хийсний дараа “Х.Б” ХХК--д хандан авах гэсэн боловч мөнгөн дүн нь орж ирсэн, гадаад гүйлгээний мөнгө нь 1,2 гэсэн маягтаар бөглөгдөн орж ирдэг, маягт нь ирээгүй байна хүлээж бай гэсэн.

Үүнээс хойш 7 хоногийн дараа маягт ирж бид мөнгөө хүлээж аваад дараагийн мөнгийг орж ирэхийг хүлээж байтал Австралийн талаас танай банк буюу данс чинь мөнгийг хүлээж авахгүй байна гэсний дагуу “Х.Б” ХХК--ийн картын төвд очиж Б.Гантулга гэдэг ажилтантай уулзан учир байдлаа тайлбарлан хэлсэн. Гэтэл гадаад гүйлгээндээ биш манай холболтонд байгаа, бид удахгүй засварлан гүйлгээг хэвийн болгоно гэсний дагуу олон хоног хүлээсэн ч гүйлгээ хийгдэхгүй байсан. Картын төв дээр дахин очиж лавлахад засварлаж чадахгүй байна, ЕП төврүү бичиг явууллаа хариу иртэл хүлээж байгаад хэлнэ гэсэн.

Эдгээр ажиллагааны дараа манай дансаар мөнгөн гүйлгээ бүр хийгдэхээ больсон тул Австрали улсын тал явуулсан мөнгөө татаж авсан юм шиг байна. Гэхдээ үүнд манай “Д.И” ХХК- ямар ч буруу байхгүй. Тухайн үед Киргиз улсын Кэй.Жи.Ти энд Сөү компанийн / K.G.T and CO Compan/ захирал А.Айзат дансаар орж ирсэн мөнгийг биднээс шууд бэлнээр авсан бөгөөд энэ худалдааны сүүлийн тооцооноос бид ашгаа авах байсан юм.

“Х.Б” ХХК--ийн ажиллагаанаас болж зогссон худалдааны хоорондын тооцоотой мөнгөний буцаан таталтыг бид хүлээн зөвшөөрч чадахгүй. Манай интернэт худалдааны дансаар гадаадын хувь хүнээс болон картаар хуурамч мөнгө орж ирж байгаа эсэх талаар бид хянах ямар ч үүрэг, эрх, боломжгүй. Мэргэжлийн банкир санхүүч нар Монголын өнөөгийн интернет худалдааг Paypal, 2 check out гэх мэт олон улсын онлайн төлбөрийн сүлжээнд гарцтай болох боломж байгаа боловч Монгол улсын онлайн төлбөр тооцооны зэрэглэл эдгээр сүлжээний стандартыг хангаагүй гэсэн шалтгаан дүгнэлт байдгаас онлайн төлбөр тооцооны сүлжээ байгуулах хууль гаргаагүй байна. Хууль нь гараагүй байхад яагаад банк манай байгууллагад интернет худалдаа хийх зөвшөөрөл суваг нээж өгсөн нь ойлгомжгүй.

Тиймээс манайх хуулийн зүгээс “Х.Б”-ийг хуурч мэхэлсэн зүйл алга, харин манайх гадаадын худалдан авагчаа алдаад дээрээс нь Киргиз улсын Кэй.Жи.Ти энд Сөү компани / K.G.T and CO Compan/-тай байгуулсан гэрээ цуцлагдан хамтрагч түншээ давхар алдсан, үүнээс бий болсон эрсдэлээ банк хүлээх үндэслэлтэй. Одоог хүртэл 10 573.52 ам.долларыг буцааж татаж авсан гадаадын банкны баримт байхгүй. “Д.И” ХХК--ийн захирал асан Д.Э- компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны 12 дугаар сарын 30-ний өдрийн гадаад орнуудаас хөрөнгө, санхүү татан төсөл хөтөлбөрүүдэд оруулах болон зээл тусламж авах, гадаад дотоодын байгууллагуудтай хамтарч худалдаа арилжаа хийх ажлуудыг эхлүүлэх тогтоолоор зөвшөөрөлтэй байсан нь Монгол улсын хуулийг зөрчөөгүй.

Иймд олон улсын өмнө хүлээсэн үүргээ Монгол улсын хууль тогтоомжуудтай уялдуулан гүйцэтгэж байсан “Д.И” ХХК- нь уг гүйлгээ хийсэн төлбөрийг “Х.Б” ХХК--д төлөхгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч банкны хуулийн зөвлөх Б.Баттөр  цагдаагийн газар гаргасан өргөдөлдөө олон улсын мөнгө угаах террорист үйл ажиллагаа явуулсан талаар дурдаж, уг гомдлын дагуу хариуцагч компаниад эрүүгийн хэрэг үүсгэсэн, захирал Д.Э- хууль мэдэхгүй учир айсандаа өөрийгөө буруу үйлдэл хийсэн гэж ойлгож, нэхэмжлэгч банкинд төлбөр төлөх мэтээр гарын үсэг зурж байсныг айлган сүрдүүлэлт гэж үзнэ. Биднээс авсан мөнгөө Киргиз улсын Кэй.Жи.Ти энд Сөү компани /K.G.T and CO Compan/ нь буцааж төлөхгүй, танай хамтрагч “Х.Б” ХХК--ийн буруугаас бид хохиролд орсон учир буцаан төлөлт байхгүй гэдэг. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжилсэн мөнгийг бид төлөхгүй гэж үзэж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: Манай тал интернет худалдаа нээж, түүгээрээ дамжуулан дэлхийн бүх улс руу мэдээлэл сурталчилгааг түгээн тараах Монгол-Киргизийн талын гэрээний 1.2-т зааснаар худалдан авагч талын хүсэлтээр уг машинд цөл талд зам заагч, сансараас зүг чиг заагчийг хамтарч тоног төхөөрөмж нэмэлтээр 2 талаас мөнгө гарган суурилуулсан. Гэрээний дагуу эхний авто машиныг 50 000 ам.доллараар худалдахаар болсон бөгөөд худалдан авагч тал мөнгөө бүтнээр нь хийх байсан боловч “Х.Б” ХХК- 10 000 ам.доллараас илүүгээр гүйлгээ хийж болохгүй гэсэн учир хэсэгчилж хийсэн. Харилцагчийн урьдчилгаа 10 000 ам.доллар “Х.Б” ХХК--ийн “Найман шарга” тооцооны төв салбараар орж ирсэн. Интернет сайтын болон банкны бүртгэлд мөнгө илгээсэн хүний нэр хаяг, картын дугаар зэрэг нь бүртгэгдсэн байсан учир бид мөнгийг хүлээн аваад ажлаа үргэлжлүүлэн явуулсан.

“Х.Б” ХХК--ийн гадаадаас мөнгө хүлээж авах систем нь манай мөнгөн гүйлгээ хийхээс өмнө 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн засвартай, мөнгө шилжүүлэх боломжгүй байсан байдаг. Чингэлтэй дүүргийн прокурорын тогтоолын гэрчийн мэдүүлгийн хэсэгт нэхэмжлэгчийн ажилтан Б.Гантулга “...гүйлгээнд биш холболт болохгүй байсан юм” гэж хэлсэн нь манай тал буруугүйг нотлож байгаа юм. Үүнээс 2 сарын дараа манай сайтыг хааж хуурамч гүйлгээ хийсэн, өөрт байхгүй бараа сурталчилсан, банкийг хохироосон, хууран мэхэлсэн гэж хуулийн хариуцлага хүлээлгэн надтай хамт ажиллаж байсан хүү Э.Түвшинзаяаг цагдан хорихоор айлган сүрдүүлсэн тул би хуулийн өмнө бөхийж, хүүг маань хорино гэхээр нь айгаад буруутай юм хийсэн болж хувирсан.

“Х.Б” ХХК--ийн хуулийн зөвлөх Б.Баттөр намайг дарамтлан эвлэрлийн гэрээ байгуулж шүүхээр оруулж заавал төлүүлнэ гэхээр нь би зөвшөөрсөн нь үнэн. 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 483 дугаар эвлэрлийн гэрээг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр “Х.Б” ХХК--тай хийсэн боловч доорх үндэслэлээр цуцлагдсан. Үүнд, эвлэрүүлэн зуучлагч “Х.Б” ХХК--ийн төлөөлөгч Б.Баттөрөөс асуухдаа “....миний эрх үүрэгт “Х.Б” ХХК--иас татан авсан мөнгөний баримтыг нэхэх үүрэг байхгүй ч дараа нь энэ тал гомдол гаргавал шүүгчийн захирамж буцах учир танайх бичгийг авчирч өгөөрэй...” гэсэн боловч өгөөгүй.

Иргэн, компанийн аль нэгээс мөнгийг нэхэмжилж байгаа нь тодорхойгүй учир эвлэрлийн гэрээг шүүх баталгаажуулахаас татгалзсан. Одоог хүртэл 10 000 ам.долларыг буцааж татаж авсан гадаадын банкны баримт байхгүй байгаа нь бид энэ мөнгийг төлөх эрх зүйн үндэслэл үүсээгүйг харуулж байна.

“Х.Б” ХХК- гэрээг итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй хийх байтал итгэмжлэхгүй иргэн Д.Энхтуяатай хийсэн нь уг гэрээг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэл болох юм. Данс нээх үед нь гарын үсэг зурсан гэдэгтэй маргахгүй. Харин уг гэрээтэй миний бие танилцаагүй. Мөн нэхэмжлэгчийн тайлбар нотлох баримтгүй бөгөөд бид интернэтээс гаргаж авсан баримтыг нотлох баримт гэж үзэхгүй. Нэхэмжлэгчийн зүгээс мөнгийг буцаан татсан гэж тайлбарладаг ч Австрали улсын талаас мөнгөө буцаан татаж аваагүй гэдэг. Мөнгө хаана гацсан нь мэдэгдэхгүй байхад уг мөнгийг би төлөх асуудал үүсч байна. Манай улсад интернэт худалдааны харилцааг зохицуулсан хууль байхгүй атал гүйлгээ хийлгэсэн, мөнгөө гадаадын компани буцааж татсан гээд хариуцагч нартай хариуцлага ярьж байгаа тул  нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх:             Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Д.И” ХХК- /РД:2011123/-иас 19 985 880 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Х.Б” ХХК--д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5 525 909 төгрөг, хариуцагч Д.Э-т холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 285 509 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Д.И” ХХК--иас 257 879 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч “Д.И” ХХК--ийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх “Х.Б” ХХК- болон хариуцагч “Д.И” ХХК--ийн хооронд интернет банкны үйлчилгээний гэрээ байгуулагдсан, уг гэрээг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэсэн атлаа Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг шийдвэрлэсэн нь хууль буруу хэрэглэсэн. Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнөөс үүрэг үүсэхэд эд хөрөнгө олсон, хадгалсан явдал хууль болон гэрээнд үндэслэгдээгүй байх нэг гол нөхцөл байдаг.

Хариуцагч нь шоронд хорино, хууль бус худалдаа эрхэлсэн гэж дарамталсан учир мөнгийг буцаан төлөхийг хүлээн зөвшөөрч байсан. 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1292 тоот Чингэлтэй дүүргийн Прокурорын Газрын Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол нь эрүүгийн журмаар шалгасныг нотлох ба айлган сүрдүүлсэн эсэхийг нь шүүх буруу үнэлсэн. Тэгээд ч эвлэрлийн гэрээг Баянгол дүүргийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 102/Ш32016/27472 дугаар шүүгчийн захирамжаар батлаагүй. Хариуцагч нь “Х.Б” ХХК--иас мөнгө буцаан татсан эсэхийг нотлоогүй гэж маргасан, нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх нотлох баримтыг өөрөө гаргах үүргээ биелүүлээгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр үзлэгт хүрэлцэн ирээгүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасныг зөрчсөн. Мөн шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт заасны дагуу нотлох баримтыг хилийн чанадад бүрдүүлэх шаардлагатай байсан.

“Д.И” ХХК-, “Х.Б” ХХК--иас мөнгө буцаан татсан эсэхийг одоо болтол мэдэхгүй. Буцаан татсан мөнгөний хариуцлагын хязгаар нь эд хөрөнгө эзэмшиж буй этгээд уг эд хөрөнгийг үндэслэлгүй эзэмшиж буйгаа мэдсэн буюу мэдэх ёстой байсан үеэс хамааралтай. “Х.Б” ХХК--иас мөнгө татаж авсан эсэх үзлэгт оролцоогүй ба дансны гүйлгээг мэдэх боломжгүй юм. Мэргэжлийн хөндлөнгийн байгууллагаар дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн аваагүй нь хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нотлох баримт бүрдүүлэн дахин хэргийг шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх нотлох баримт бүрдүүлэхтэй холбоотой хуулиар тогтоосон журам зөрчсөн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасантай нийцэхгүй байна.

 

Нэхэмжлэгч “Х.Б” ХХК- нь хариуцагч “Д.И” ХХК-, Д.Э- нарт холбогдуулан Интернет банкны үйлчилгээний гэрээг зөрчсөнөөс учирсан хохирол гэх үндэслэл зааж, нийт 10 573.52 ам.доллар буюу 25 511 789 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч нар бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагад хамаарах, нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа буюу хариуцагчийн эзэмшлийн картны гадаад болон дотоод гүйлгээтэй холбоотой баримтуудад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар үзлэг хийлгэх хүсэлт гаргасан.

 

Шүүх 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШЗ2018/14362 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн дээрх хүсэлтийг хүлээн авч, тухайн баримтуудын хадгалагдаж байгаа газарт үзлэгийг явуулахаар шийдвэрлэсэн байх боловч уг захирамжид үзлэгийг хэзээ, хаана явуулах, хэргийн оролцогч нарт хэрхэн мэдэгдэх талаар огт тусгаагүй байна. /хх107,128/ Дээрх захирамжийн дагуу 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Х.Б картын системд шүүх үзлэг хийж тэмдэглэл үйлдсэн байдлаас  үзвэл уг ажиллагаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.5, 51.7 дах хэсэгт заасан шаардлагад нийцээгүй. Өөрөөр хэлбэл, ямар ажиллагааг хэн, хэзээ, хаана явуулсан, түүний эхэлсэн ба дууссан цаг, ажиллагаанд оролцсон буюу байлцсан хүн нэг бүрийн овог, эцгийн нэр, нэр, хаяг, түүнчлэн ажиллагааны дараалал, явц, илэрсэн нөхцөл байдлыг тодорхой бичих талаар журамлан зохицуулсныг шүүх зөрчжээ. /хх129-130/

 

Дээрхээс гадна, үзлэгт хөндлөнгийн гэрчээр оролцсон гэх А.Мичидмаа, Т.Саруултөгс нар нь хувийн болон албаны сонирхолгүй, эрх зүйн бүрэн чадамжтай байх, уг ажиллагаанд байлцсанаар үзлэгийн явц, агуулга, дүнг баталж өгөх үүрэг, энэхүү үүргээ биелүүлээгүй тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээх, улмаар үзлэг хийсэн тэмдэглэлд засвар оруулах эрхийг нь танилцуулсан баримт хэрэгт авагдаагүй байна. Иймд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, 48.3 дах хэсэгт зааснаар хөндлөнгийн гэрчид эрх, үүрэг болон хүлээлгэх хариуцлагын талаар урьдчилан сануулах ажиллагаа хийсэн гэж үзэхгүй бөгөөд гэрч гэх А.Мичидмаагийн бичиг баримт хэрэгт авагдаагүйг дурдах нь зүйтэй. /хх153/

 

Хариуцагч тал давж заалдах гомдлын үндэслэлээ “...үзлэг хийх ажиллагаанд  биечлэн оролцоогүй, мэргэжлийн бус учраас дансны гүйлгээний баримтыг ойлгож мэдэх боломжгүй байхад шүүх үзлэгийн тэмдэглэлийг үнэлсэн. Уг баримтуудад хөндлөнгийн буюу мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулах хүсэлт, хилийн чанадад нотлох баримт бүрдүүлэх тухай хүсэлт тус бүрийг хүлээн аваагүй...” гэх агуулгаар тайлбарласан байна.

 

Шүүхээс хийсэн үзлэгийн обьект болох баримтуудын хувьд энгийн харилцагч ойлгох боломжгүй, монгол хэл дээр орчуулагдаагүй, нэр томьёоны хувьд тоон үзүүлэлт бүхий код агуулсан, тусгай мэдлэг шаардагдахаар баримт байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхэд шинжлэх ухаан, тооцоо, тоо бүртгэлийн тусгай мэдлэг шаардагдах буюу тухайн асуудлыг тодруулахын тулд хэргийн оролцогчийн хүсэлтээр шинжээч томилох талаар ажиллагаа шаардлагатай байсан эсэхийг анхаараагүй байна. /хх131-152/

 

Дээрхээс дүгнэвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дах хэсэгт зааснаар нотлох баримтыг гаргах, цуглуулах талаарх хуульд заасан журмыг зөрчсөн бол тухайн баримт нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй. Гэтэл шүүх хуулиар тогтоосон журам зөрчиж  хийгдсэн үзлэгийн тэмдэглэлийг шийдвэрийн үндэслэлээ болгосон нь уг шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй юм. /хх163/

 

Түүнчлэн, талууд 10 573.52 ам.долларыг нэхэмжлэгч банкинд эзэмшдэг хариуцагчийн данснаас Австрали улсын банк буцаан татсан эсэх буюу гадаад гүйлгээний талаар маргаж буй тохиолдолд дурдсан гүйлгээ хийгдсэнтэй холбоотой нотлох баримтыг хилийн чанадад бүрдүүлэх тухай хариуцагч талын хүсэлтийг шүүх хүлээн авахаас татгалзаж, үндэслэлээ шүүх хуралдааны явцад хүсэлт гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаангүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ. /хх156/

 

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн гаргасан дээрх зөрчлүүдийг залруулах боломжгүй бөгөөд хариуцагч талын буруугаас нэхэмжлэгчид хохирол учирсан эсэх, талуудын хооронд үүссэн маргааны үйл баримт, түүний үр дагавар, хууль хэрэглээний талаар эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй байна. Иймд хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2018/02835 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн дүүргийн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Д.И” ХХК- давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 285 520 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ш.ОЮУНХАНД

                                                                       

                                                     ШҮҮГЧИД                                     Ч.ЦЭНД

 

                                                                                                           Т.ТУЯА