Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 183/ШШ2022/01270

 

 

 

 

 

2022 оны 04 сарын 27 өдөр

                Дугаар 183/ШШ2022/01270

                       Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

УДИРТГАЛ ХЭСЭГ

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Г овогтой, Б-ын Г-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Н газарт холбогдох,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: “А ” ХЗХ,

 

           Нэхэмжлэлийн шаардлага: Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  М.О.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б.

Гуравдагч этгээдийн итгэмжийн төлөөлөгч Б.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Ц.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Г нь Н газарт холбогдуулан үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 5239 дүгээр захирамжаар Б.Г , Ө.Д нараас 171.480.778 төгрөгийг гаргуулж “А ” ХЗХ-д олгохоор шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэрт шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж төлбөр төлөгч Б.Г ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн бөгөөд Н газрын тасгийн дарга бөгөөд Хан-Уул дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Ц.Гантуяагийн 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 4-140/18422 дугаар мэдэгдэлд, "Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан төлбөрт хураагдсан төлбөр төлөгч Б.Г ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т зааснаар шинжээч нь Хан-Уул дүүргийн 11 хороо, /17012/ Их монгол улс гудамж, 125 дугаар байрны 211 тоот 64 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцыг 182.400.000 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн тул хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т зааснаар төлбөр төлөгч Б.Г оос тухайн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар санал аваагүй тул уг шинжээчийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

2.  Хариуцагч хариу тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШШ2018/00993 дугаар захирамжаар Б.Г , Ө.Д нараас 171.450.778 төгрөгийг гаргуулж А  ХЗХ-д олгохоор шийдвэрлэсэн гүйцэтгэх баримт бичигт 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 21290522 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Төлбөр төлөгч нарт шүүхийн гүйцэтгэх хуудсанд дурдсан төлбөрийг сайн дураараа төлж барагдуулах мэдэгдлийг удаа дараа өгсөн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар үүргийн гүйцэтгэлд барьцаалсан төлбөр төлөгч Б.Г ийн өмчлөлийн эрхийн улсын Ү-2206060558 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил 125-р байрны 211 тоот, хоёр өрөө орон сууцыг 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 21290626/01 дугаар тогтоолоор битүүмжлэн, 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 21290522/02 дугаар тогтоолоор хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар талууд харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-д зааснаар хөрөнгийн үнэлгээний “Б ” ХХК-ийг шинжээчээр томилоход 182.400.000 төгрөгөөр үнэлсэн. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний орлого болон өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно” гэж зохицуулан заажээ. Хөрөнгийн үнэлгээний тайлангаас үзэхэд шинжээч нь төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний орлого болон өртгийн, зах зээлийн хандлагын аргаар тус тус үнэлж, хөрөнгийн үнэ, цэнийг илүү бодитой илэрхийлнэ гэж зах зээлийн харьцуулалтын үнэлгээг сонгон авч тухайн барилгын бүтэц, хийц, төвийн шугам сүлжээ, ашиглалтад орсон он, гадна, тохижилт, байршилтай, ойролцоо, худалдахаар зарлагдаж байгаа байрнуудтай харьцуулах замаар зах зээлийн үнэлгээг тогтоосон байна. Нэхэмжлэгч шинжээчийн үнэлгээг хэт доогуур үнэлсэн болохыг баримтаар нотлоогүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт “Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасан байх тул үнэлгээтэй холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Г  нь барьцаа хөрөнгийн үнэлгээтэй танилцсаны дараа 2021 оны 10 дугаар сарын 01 -ны өдөр Н газарт барьцаа хөрөнгөө бие даан худалдан  борлуулах хүсэлтээ бичгээр гаргасан байна. Төлбөр төлөгч бие даан худалдан борлуулах хүсэлт өгчхөөд дараа нь үнэлгээтэй холбоотой гомдол гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан. Энэ бүгдээс дүгнэхэд төлбөр төлөгч хугацаа хожих гэсний үүднээс шүүхэд гомдол, нэхэмжлэл гаргасан тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Хариуцагчаас Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 183/ГХ2021/00522 дугаар Гүйцэтгэх хуудас, тус шүүхийн шүүгчийн 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШЗ2021/06809 дүгээр захирамж, Талуудын эвлэрлийг баталгаажуулах тухай 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШЗ2021/05239 дүгээр захирамж, 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 21290626 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 21290626/01 дүгээр Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 21290522/02 дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоол, Үнийн санал ирүүлэх тухай албан бичиг, Шинжээч томилох тухай тогтоол, Хөрөнгийн үнэлгээний тайлан хүлээлцэх тухай акт, Хөрөнгийн үнэлгээний тайлан, мэдэгдэл, хугацаа олгох тухай гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Г ийн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу төлбөрт хураагдсан Б.Г ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 хороо, /17012/ Их монгол улс гудамж, 125 дугаар байрны 211 тоот 64 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцыг 182.400.000 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т зааснаар төлбөр төлөгч Б.Г оос тухайн үл хөдлөх эд хөрөнгийн үнийн санал аваагүй. Иймд төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар төлбөрт хураагдсан Б.Г ийн өмчлөлийн орон сууцыг дуудлага худалдаагаар худалдах санал болгох доод үнийг төлбөр төлөгч, төлбөр авагч нар харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-д зааснаар хөрөнгийн үнэлгээний “Б ” ХХК-ийг шинжээчээр томилж, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д зааснаар шинжээч нь орон сууцыг 182.400.000 төгрөгөөр үнэлсэн. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д “талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасан хугацаа хэтэрсэн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 183/ГХ2021/00522 дугаар Гүйцэтгэх хуудас, тус шүүхийн шүүгчийн 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШЗ2021/06809 дүгээр захирамж, Талуудын эвлэрлийг баталгаажуулах тухай 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШЗ2021/05239 дүгээр захирамж, 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 21290626 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 21290626/01 дүгээр Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 21290522/02 дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоол, Үнийн санал ирүүлэх тухай албан бичиг, Шинжээч томилох тухай тогтоол, Хөрөнгийн үнэлгээний тайлан хүлээлцэх тухай акт, Хөрөнгийн үнэлгээний тайлан, мэдэгдэл, хугацаа олгох тухай гэсэн баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШЗ2021/05239 дүгээр захирамжаар “...А  ХЗХ-ны өргөдлийн шаардлага болох 171.450.778 төгрөгийг уригдсан тал Б.Г , Ө.Д нар төлөхийг хүлээн зөвшөөрч, тохирсон хугацаанд үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Б.Г ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 хороо, /17012/ Их монгол улс гудамж, 125 дугаар байрны 211 тоотод байрлах, 64 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон 2021.04.08-ны өдрийн 163 дугаар эвлэрлийн гэрээг баталгаажуулсугай” гэж шийдвэрлэжээ.     

 

4.2. Уг шүүгчийн захирамжийг төлбөр төлөгч нар сайн дураар биелүүлээгүйгээс тус шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 183/ГХ2021/00522 дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн Н газрын тасгийн даргын 2021 оны 6 дугаар сарын 23ы өдрийн 21290626 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 21290626/01 дүгээр Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор “...Б.Г ийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Стадион оргил /17012/ Их монгол улс гудамж, 125 дугаар байр, 211 тоот хаягт байршилтай, 64 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг битүүмжилж”, 2021 оны 9 дүгээр сарын 14ий өдрийн тогтоолоор уг үл хөдлөх эд хөрөнгийг хураан авчээ.

 

4.3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн эд хөрөнгийг битүүмжилсэн, хурааснаас хойш 1 сарын дотор хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан тухайн үеийн зах зээлийн ханшаар үнэлж, энэ талаар оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө” гэж заасан, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д “дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтооно...” гэж заасны дагуу шийдвэр гүйцэтгэгч нь дуудлага худалдаагаар худалдах Б.Г ийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Стадион оргил /17012/ Их монгол улс гудамж, 125 дугаар байр, 211 тоот хаягт байршилтай, 64 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцны үнэлгээний талаар төлбөр төлөгч Б.Г оос санал авахаар 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр мэдэгдэж, Б.Г  нь “...санал болгох үнэ 215.000.000 төгрөг” гэсэн хүсэлтийг 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Н газарт ирүүлжээ.

 

4.4. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар үнэлгээний талаар төлбөр төлөгч, төлбөр авагч нар тохиролцоогүй гэж үзэн, Н газрын 2021 оны 9 дүгээр сарын 21ий өдрийн 9/238 дугаар тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор “Б ” ХХК-ийг шинжээчээр томилжээ.

 

4.5. Шинжээчээр томилогдсон Хөрөнгийн үнэлгээний “Б ” ХХК-ийн 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн тайлангаар “Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Стадион оргил /17012/ Их монгол улс гудамж, 125 дугаар байр, 211 тоот хаягт байршилтай, 64 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцны зах зээлийн үнэ 182.400.000 төгрөг” гэсэн нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай нийцжээ. 

 

5. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар Н газар нь хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж, төлбөр төлөгчөөс хураагдсан эд хөрөнгийг хөндлөнгийн эрх бүхий байгууллагаар зах зээлийн үнэлгээг тогтоолгосон байх тул Н газарт холбогдох, үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Б.Г ийн гомдлыг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Г оос улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан Н газарт холбогдох, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Б.Г ийн гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Г оос улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

   

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ж.СЭМЖИД