Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 183/ШШ2022/01560

 

 

 

 

 

2022 оны 05 сарын 18 өдөр                          Дугаар 183/ШШ2022/01560                       Улаанбаатар хот

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 12 дугаар хороо, 00-000 тоотод оршин суух, О овогт Б.Д /РД:ШЖ00000000/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 12 дугаар хороо, өөрийн байранд байрлах, Б ТӨХХК /РД:0000000/-д холбогдох

Ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Б.Д

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: С.Ү,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.Б,

Шүүх хуралдааны  нарийн бичгийн дарга Э.Дөлгөөн нар оролцов.

                                             ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгч Б.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.Д нь 1991 оноос 07 дугаар сарын 03-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд Б ТӨХХК-д Вакцин үйлдвэрлэлийн 1-р цехэд технологич их эмч, мөн тус цехэд эрхлэгч их эмч, Үйлдвэрлэл-технологийн албаны дарга, Чанарын Хяналтын албаны дарга, Чанарын хяналт, шинжилгээний лабораторийн эрхлэгчийн ажил үүргийг тус тус гүйцэтгэн ажиллаж байсан болно. Мал эмнэлгийн ухааны доктор (РНЭ) зэрэгтэй, Монгол улсын “Малын Зөвлөх эмч” мэргэшлийн зэрэгтэй. Миний бие Б.Д нь Б ТӨХХК-ийн Чанарын Хяналт, Шинжилгээний лабораторийн эрхлэгчээр ажиллаж байхад буюу 2021,10.26-ны өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн гэсэн үндэслэлээр Хөдөлмөрийн гэрээ цуцлах мэдэгдлийг хүлээн авсан болно. Улмаар Хүний нөөцийн мэргэжилтэн н.Днь 2021.11.30-ны өдрийн 15 цаг 30 минутад буюу ажлын цаг дуусахаас 1 цаг 30 минутын өмнө Б ТӨХХК-ийн Гүйцэтгэх Захирлыг Түр Орлон Гүйцэтгэгчийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/000 тоот ажлаас чөлөөлөх тухай тушаалыг өгсөн юм. Уг тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дүгээр зүйлийн 43.1 болон 43.2 дах заалтыг тус тус зөрчсөн байсан тул 2021-12-01-ний өдөр ажлаа хүлээлгэн өгсөн болно. Түүнчлэн Б/000 тоот тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх заалт “талууд харилцан тохиролцсон”-аар Хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болсон гэжээ. Миний бие ажлаас чөлөөлөгдөх талаар ажил олгогчтой буюу Б ТӨХХК-ийн Захирлыг түр орлон гүйцэтгэгч С.Т-тай амаар болон албан бичгээр ямар нэгэн харилцан тохиролцсон асуудал байхгүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Мөн Б/000 тоот тушаалд дурдсан Нийгмийн Даатгалын Сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3.2 дах заалт нь Хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болсон байна. Энэхүү хуулийн 4 дүгээр зүйлийн 3.2 дах заалтад «..., түүнчлэн нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 7 жил 6 сараас доошгүй хугацаагаар мөн нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 45 нас хүрсэн бол тус тус өөрийн хүсэлтээр.» өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй гэж заажээ. Миний бие нь энэхүү хуулийн холбогдох заалтын дагуу хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсээгүй, түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 дах заалтад зааснаар 60 нас хүрээгүй тул ажил олгогч талд өндөр насны тэтгэвэр тогтоолгох тухай хүсэлтийг өгөөгүй буюу өөрийн хүсэлтийг гаргаагүй болно. Учир нь, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан 4 дүгээр зүйлийн 3.2 дах заалт нь ажилтанд хуулиар олгосон субьектив эрх бөгөөд уг эрхээ хэрэгжүүлэх эсэхийг ажилтан өөрөө шийдвэрлэх учраас ажил олгогч албадан хэрэгжүүлэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Түүнчлэн Б/000 тоот тушаал нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн Сайдын 2004 оны 77 дугаар тушаалын хавсралт болох Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалтын 2 дугаар бүлгийн 13 дах заалтыг үндэслэж намайг ажлаас чөлөөлсөн. байна. Иймд миний бие 2021.12.03-ны өдөр Хан-Уул дүүргийн Нийгмийн Даатгалын Газарт өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор хүсэлт гаргасан болно. Гэвч тус газрын тэтгэврийн байцаагч А.Сг нь 1991.07.03-ний өдөр Бад анх ажилд орсноос 2021.12.01-ний өдөр ажлаас чөлөөлөгдөх хүртэлх нийт хугацааны ажлын байрны шилжилт хөдөлгөөний талаар гарсан Бын Захирлуудын тушаалууд болон 1991-2021 оны Хөдөлмөрийн дэвтэр болон Нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн ажил, албан тушаалын өөрчлөлтийн тэмдэглэл зэрэг холбогдох бүх баримт бичгийг нягтлан үзэж, хянаад «Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн Сайдын 2004 оны 77 дугаар тушаалын хавсралтад заасан Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалтын 2 дугаар бүлгийн 13 дах заалтад “эрхлэгч” гэсэн ажлын байр байхгүй байна. Таны хувьд нийт ажилласан хугацааны 1 жил 2 сар нь уг жагсаалтад заасан технологичийн ажлын байранд ажилласан байна. Тодруулж хэлэхэд, Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд 1 жил 2 сар ажилласан байна, хортой нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгоход 6 жил 4 сар дутуу байна. Иймд хөдөлмөрийн хортой нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүй байна.» гэдгийг надад мэдэгдсэн болно. Биокобинат ТӨХХК-ийн Захирлыг түр орлон гүйцэтгэгчийн Б/000 тоот тушаал нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль болон Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дээр дурдсан холбогдох заалтуудыг ажил олгогчийн хувийн ашиг сонирхлоор зөрчиж, ажлаас чөлөөлөх шийдвэрийг гаргасан хууль бус үйлдэл юм. Миний хувьд дээрх хуулиудад заасан эрх зүйн үндэслэл үүсээгүй буюу 60 насанд хүрээгүй байхад, түүнчлэн хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлөөр өндөр насны тэтгэвэрт гарах нөхцөл бүрдэж эрх үүсээгүй, өндөр насны тэтгэвэрт гарахыг өөрөө хүсээгүй, зөвшөөрөөгүй байхад ажлаас чөлөөлж байгаа нь миний ажиллах хөдөлмөрлөх эрхийг хэт бүдүүлгээр зөрчсөн, хуульд тодорхой заасан заалтуудыг ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Иймд Б ТӨААТҮГ-ын Захирлыг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/000 тоот ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож ажилд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалинг хариуцагчаас гаргуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дах заалтад зааснаар ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлж холбогдох дэвтэрт бичилтийг нөхөн бичүүлж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Б ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Д нь "Б" ТӨҮГ-ын Вакцин үйлдвэрлэлийн 1-р цехэд малын их эмчээр 1991.07.04-ний өдрөөс 2006.03.15-ны өдрийг хүртэл, Чанарын хяналт, шинжилгээний лаборатори буюу малын эм бэлдмэл шалгах лабораторийн малын их эмч, эрхлэгчээр 2006.03.15-ны өдрөөс 2009.09.16-ны өдрийг хүртэл, Вакцин үйлдвэрлэлийн 1-р цехэд малын их эмч буюу эрхлэгчээр 2011,09.07-ны өдрөөс 2011.10.27-ны өдрийг хүртэл хүртэл, Үйлдвэрлэл технологийн албаны даргаар 2011.10.27-ны өдрөөс 2014.10.24-ний өдрийг хүртэл, Чанарын хяналтын алба буюу малын эм бэлдмэл шалгах лабораторийн малын их эмч буюу эрхлэгчээр 2014.10.24-ний өдрөөс 2014.12.04-ний өдрийгхүртэл, Чанарын хяналтын албаны даргаар 2014.12.04-ний өдрөөс 2015.04.10-ны өдрийг хүртэл, Чанарын хяналтын алба буюу малын эм бэлдмэл шалгах лабораторийн малын их эмч, эрхлэгчээр 2016.03.10-ны өдрөөс 2021.11.29-ний өдрийг хүртэл ажилласан. Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 77 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт” -ын 2 дугаар хэсгийн 13 дахь заалтад хамаарагдах /малын боом, бруцеллёз, галзуу, сүрьеэ, ям зэрэг өвчний вакцин цехийн малын их эмчээр-14 жил 11 сар, малын эм бэлдмэл шалгах лабораторийн малын их эмч, эрхлэгчээр-9 жил/ тус тус ажиллаж, нийт хортой нөхцөлд 23 жил 11 сар ажилласан байна. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3.2-т “нийтдээ 20-оос доошгуй жил, үүнээс 10-аас доошгүй жил нь хөдөлмөрийн хортой, халуун нөхцөлд ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 50 нас хүрсэн, түүнчлэн нийтдээ 20-оос доошгүй жил, үүнээс 1 жил 6 сараас доошгүй хугацаагаар мөн нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 45 нас хүрсэн бол тус тус өөрийн хүсэлтээр” өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжтойг хуульчилсан байдаг. Хуулийн дээрх шаардлагыг нэхэмжлэгч Б.Д нь хангасан бөгөөд ажил олгогчоос өндөр насны тэтгэвэрт тогтоолгох мэдэгдэл хүргэхэд тэрээр татгалзаагүй нь зэрэгцээ өндөр насны тэтгэвэр тогтоолгосны дараа хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үргэлжлүүлэн ажиллаж, вакцин үйлдвэрлэлд ажиллаж буй залуу эмч мэргэжилтнүүдэд туршлага суулгах замаар ажил үүргээ гүйцэтгэхээр олгогчтой тохиролцсон болно. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3. Нэхэмжлэгч талаас: Иргэний үнэмлэхийн хуулбар, 2021.11.30-ны өдрийн Б/000 дугаар Б ТӨХХК-ийн захирлын ажлаас чөлөөлөх тухай тушаал, 2021.10.26-ны өдрийн Б ТӨХХК-ийн захиргаанаас ирүүлсэн мэдэгдэл, Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Хөдөлмөрийн гэрээ, 2021.11.30-ны өдрийн 1/209 дугаар Б ТӨХХК-аас Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газарт гаргасан тодорхойлолт, 2021.11.30-ны өдрийн Б/000 дугаар Б ТӨХХК-ийн захирлын ажил хүлээлцэх ажлын хэсэг байгуулах тухай тушаал, Ажил хүлээлцсэн акт, Албан тушаалын тодорхойлолт,

Хариуцагч талаас улсын бүртгэлийн гэрчилгээг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Б.Д Б ТӨХХК-д холбогдуулан ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

2. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3.2-т “нийтдээ 20-оос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил нь хөдөлмөрийн хортой, халуун нөхцөлд ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 50 нас хүрсэн, түүнчлэн нийтдээ 20-оос доошгүй жил, үүнээс 1 жил 6 сараас доошгүй хугацаагаар мөн нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 45 нас хүрсэн бол тус тус өөрийн хүсэлтээр” өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжтойг хуульчилсан байдаг. Хуулийн дээрх шаардлагыг нэхэмжлэгч Б.Д нь хангасан тул хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

3. Нэхэмжлэгч Б.Д 1991 оноос Б ТӨҮГ-т малын их эмчээр ажиллаж байсан бөгөөд 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Б ТӨХХК-тай чанарын хяналт, шинжилгээний лабораторийн эрхлэгчийн ажилд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулжээ.

Хариуцагч Б ТӨХХК 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр цуцлахыг мэдэгдсэн байна.

Улмаар 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Б ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын Б/000 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3.2 дахь заалт, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалын хавсралт болох Тэтгэврийг хөнгөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалтын 2 дугаар бүлгийн 13 дахь заалтыг үндэслэн Б ТӨХХК-ийн Чанарын хяналт, шинжилгээний лаборатори буюу малын эм бэлдмэл шалгах лабораторийн мал их эмч буюу эрхлэгч ажилтай Б.Дгийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн тул 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д талууд харилцан тохирсон бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлахаар зохицуулсан бөгөөд ажил олгогч, ажилтан нар харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээ цуцалсан гэх баримт хавтаст хэрэгт авагдаагүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “нэхэмжлэгчид мэдэгдэл өгсөн тул харилцан тохиролцсон” гэж тайлбар гаргажээ.

Харилцан тохиролцох гэдэг нь хамтран хэлэлцээд асуудлыг тохирох утгатай бөгөөд Б.Д Б ТӨХХК нар харилцан тохирсон гэх байдал хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй, өөрөөр хэлбэл ажилтанд олгосон мэдэгдлээр харилцан тохиролцсон гэх байдал үгүйсгэгдэж байна.

 Нийгмийн даатгалы сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3.2-т “нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил нь хөдөлмөрийн хортой, халуун нөхцөлд ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 50 нас хүрсэн, түүнчлэн нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 7 жил 6 сараас доошгүй хугацаагаар мөн нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 45 нас хүрсэн бол тус тус өөрийн хүсэлтээр” өндөр насны тэтгэвэр авах эрх нээгдэхээр зохицуулжээ.

Гэтэл ажил олгогч буюу Б ТӨХХК өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн гэх үндэслээр Б.Дгийн өөрийн хүсэлтээр бус ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нийээгүй байна.

Эдгээр үндэслэлээр Б.Дг Б ТӨХХК-ийн Чанарын хяналт, шинжилгээний лаборатори буюу малын эм бэлдмэл шалгах лабораторийн мал их эмч буюу эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.

4. Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журмын” 7-ын А-д зааснаар тооцвол нэг сарын дундаж цалин Б.Дгийн дундаж цалин хөлс /2021 оны 7, 10, 11 сарын дундажаар бодоход/ 1.443.843 төгрөг, нэг өдрийн дундаж цалин хөлс /1.443.843:21.5=67.155/ 67.155 төгрөг байна.

Ажилтан Б.Д дундаж цалин хөлсийг түүний 2021 оны 7, 10, 11 сараар бодсон бөгөөд тэрээр 2021 оны 8, 9 дүгээр сард ээлжийн амралттай байсан болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Б ТӨХХК-иас Б.Дгийн ажилгүй байсан хуацаа буюу 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүртэл нийт 5 сар ажлын 13 хоногийн нөхөн олговорт /5х1.443.843=7.219.215, 13х67.155=873.015, 7.219.215+873.015=8.092.230/ 8.092.230 төгрөгийг гаргуулан олгох нь зүйтэй байна.

5. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй”, 46.2-т “ ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу хариуцагч Б ТӨХХК нэхэмжлэгч Б.Дгийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг үүрэг болгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1 Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Оточ овогт Б.Д /РД:ШЖ00000000/-г Б ТӨХХК-ийн Чанарын хяналт, шинжилгээний лаборатори буюу малын эм бэлдмэл шалгах лабораторийн мал их эмч буюу эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Б ТӨХХК-иас 8.092.230 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Дд олгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг даатгуулагчийн төлбөл зохих Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлж, энэ талаар нэхэмжлэгч Б.Дгийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Б ТӨХХК-нд даалгасугай.

4. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Д нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Б ТӨХХК улсын тэмдэгтийн хураамжид 144.426 төгрөг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай. 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.СОЛОНГО