Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 182/ШШ2022/03164

 

 

 

 

 

 

2022       11        01                                           182/ШШ2022/03164

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, шүүгч Ж.Байгалмаа, шүүгч У.Сайнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар байр, 0 тоот хаягт оршин суух, О.Г-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ЗХГ /хуучин нэрээр НАЗХГ/-т холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 65,105,950 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч О.Г,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Алтанцэцэг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Төмөржав, Б.Батсүх,

Хариуцагчийн өмгөөлөгч Р.Батцогт,

Иргэдийн төлөөлөгч Л.Бат-Өлзий,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Цогзолмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна.

Миний бие нь 2021 оны 09 дүгээр сарын 11-ний өглөөний  07 цаг өнгөрч байхад өөрийн эзэмшлийн  67-97 УАР улсын дугаартай “Тоёота Ландкрузер-200” маркийн автомашин жолоодож яваад Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны уулзвар руу баруунаас зүүн чиглэлд нэвтрэх үедээ 82-89 УБҮ улсын дугаартай “Тоёота Ландкрузер-200” машинд мөргүүлж зам тээврийн осолд өртсөн юм. Уг уулзварт гэрлэн дохио байхгүй, би уулзвар луу нэвтрэх үедээ өөрийн хөдөлгөөнд оролцож байсан чиглэлийг гол зам гэсэн ойлголттой явж байсан. Учир нь уг уулзварын хойноос урагш чиглэлд замын баруун гар талд “Зам тавь” гэсэн тэмдэг байдаг бөгөөд энэ чиглэлээр өмнө нь хэд хэдэн удаа нэвтэрч баруунаас зүүн, зүүнээс баруун чиглэлд явж байгаа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгч байсан учир тэр өглөө өөртөө итгэлтэйгээр уулзвар луу орсон. Уулзварын 60 гаруй хувийг нэвтэрч явах үед миний хажуугаас 82-89 УБҮ улсын дугаартай “Тоёота Ландкрузер-200” машин мөргөсөн.

Тээврийн цагдаагийн албаны Зөрчил шалгах хэлтсээс дээрх ослын шалтгаан нөхцөлийг тогтоож, 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр “Эрх бүхий албан тушаалтны магадлагаа” гаргасан бөгөөд уг магадалгаагаар намайг “Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.10 Хөдөлгөөний дараалал нь энэ дүрмийн бусад заалтуудад тусгагдаагүй газарт жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасны дагуу 100.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.

82-89 УБҮ дугаарын автомашины жолооч С.Болдбаатарыг Замын хөдөлгөөний дүрмийн 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн гэж тогтоон хариуцлага тооцсон.

Нийслэлийн авто ЗХГ нь “Зам, замын байгууламжийн засвар арчлалтыг стандартын дагуу хийгээгүйгээс замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад саад учруулж, зам тээврийн осол зөрчил гаргах нөхцөлийг бүрдүүлсэн” гэж тогтоосон байдаг.  

Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны авто замыг Нийслэлийн Авто Замын Хөгжлийн газрын захиалгаар “Бэрэн групп” ХХКомпани барьж, 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр №01/2019 тоот актаар Улсын комисст хүлээлгэн өгсөн байдаг бөгөөд Авто зам, замын байгууламжийг ашиглалтад авах ажлын хэсгийн №01/2019 тоот акт дүгнэлтэд “Зам хариуцагч, ашиглагч байгууллага” болох Нийслэлийн авто ЗХГт “Авто замын тухай хуулийн 27.3-т заасны дагуу авто зам, замын байгууламжийн паспорт, картыг хянаж, хүлээн авч, бүртгэл мэдээллийн санд баяжилт хийж, холбогдох мэдээллийг жил бүрийн тогтоосон хугацаанд авто зам эзэмшигчид хүргүүлж байх болон Авто замын тухай хуулийн 23.3-т заасны дагуу чанарын баталгаат хугацаа дууссанаас хойш авто зам, замын байгууламжийн ашиглалтын бэлэн байдал, хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангаж, арчлалт, засварын ажлыг тогтоосон хугацаанд тогтмол хийж байх гэсэн 2 төрлийн үүрэг даалгавар өгсөн байдаг.

Гэтэл Нийслэлийн авто ЗХГ 2021 оны 10 сарын 06-ны байдлаар дээрх авто замын хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангах талаар Улсын комиссоос өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, осол болсон зам болон уулзварт гол зам, туслах зам, явган хүний гарц, анхааруулах бүхий л тэмдэг байх ёстой гэх боловч тэмдэг тэмдэглэгээ хийгээгүй, хийгээгүй шалтгаанаа зам тээврийн ослын улмаас эвдэрч гэмтэх, хулгайд алдах зэргээс алга болдог гэхээс өөрөөр тайлбарлаж чадаагүй юм.

Уг уулзварын хойноос урагшаа, зүүнээс баруун тийш явах чиглэлд “зам тавьж өгнө” гэсэн тэмдэг байсан, баруунаас зүүн, урдаас хойшоо явах чиглэлд огт тэмдэг тавиагүй байсан ба осол болсноос хойш  баруунаас зүүн тийш чигээрээ явах урсгалд, урдаас хойшоо явах урсгалд “гол зам” гэсэн тэмдэг тавьсан байдаг.

Энэ нь тухайн баруунаас зүүн тийш явах чиглэл анхнаасаа гол зам гэдгийг тогтоож байгаа ба энэ тэмдгийг тавиагүй буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж осол гарсан болохыг эрх бүхий албан тушаалтны магадалгаагаар тогтоосон гэж үзэж байна.

Мөн өөрийн байгууллагын буруутай үйл ажиллагааг хүлээн зөвшөөрсөн талаар итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Төмөржав гэрчээр  мэдүүлсэн, 2021 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр болсон ослын шалтгаан нөхцөлийг тогтоохдоо Нийслэлийн авто замын хөгжлийн газрын буруутай үйл ажиллагаанаас болсон гэж дүгнэсэн.

Уг ослын улмаас О.Г миний унаж явсан 67-97 УБҮ дугаарын “Тоёота Ландкрузер” машины урд болон хажуу, мөн арын хэсэг ноцтой гэмтэж, 63,585,950 төгрөгийн хохирол учирсан болохыг “Мастер үнэлгээ” ХХК-ийн үнэлгээгээр тогтоосон.

С.Болдбаатар бидний машин мөргөлдөж, замын хэсэгт зогсож байсан иргэн Ш.Цэрэндоржийн 60-59 УБР улсын дугаартай “Тоёота Приус-20” машин, иргэн Д.Чинзоригийн 50-40 УНТ улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн авто машинууд гэмтэж, миний бие Д.Чинзоригийн машинд учирсан хохирлын 50 хувь болох 1,520,000 төгрөгийг төлж барагдуулсан юм. 

Нийслэлийн авто ЗХГ нь Зам, замын байгууламжийн засвар арчлалтыг стандартын дагуу хийгээгүйгээс замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад саад учруулж, зам тээврийн осол зөрчил гаргах нөхцөлийг бүрдүүлсэн буруутай болох нь Тээврийн цагдаагийн албаны “Эрх бүхий албан тушаалтны магадлагаа”-гаар нотлогдон тогтоогдсон гэж үзэж байна.

Хариуцагч нь  Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Хангай хотхоны зам болон уулзварт гол зам, туслах зам, явган хүний гарц зэрэг анхааруулах тэмдэг, тэмдэглэгээ хийх үүргээ биелүүлээгүй  Нийслэлийн авто замын хөгжлийн газраас 2021 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр болсон ослын улмаас О.Г миний унаж явсан 67-97 УАР дугаарын “Тоёота Ландкрузер” автомашинд учирсан 63,585,950 төгрөгийн, иргэн Д.Чинзоригийн 50-40 УНТ дугаарын “Тоёота Приус-20” автомашинд учирсан хохиролд төлсөн 1,520,000, нийт 65,105,950 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

2. Хариуцагч “ЗХГ” татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

“...О.Гын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хэд хэдэн үндэслэлээр тайлбарыг гаргаж байна. Үүнд:

Тээврийн цагдаагийн албаны Зөрчил шалгах хэлтсээс 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр “Эрх бүхий албан тушаалтны магадлагаа”-аар Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт “Жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу уг зам тээврийн осолд нэхэмжлэгч О.Гыг буруутай гэж үзэж 100,000 төгрөгөөр торгосон. Энэ зөрчлийг О.Г зөвшөөрч гомдол гаргаагүй.

Тухайн зам тээврийн осол нь 82-89 УБҮ дугаартай тээврийн хэрэгслийн жолооч С.Болдбаатар Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан буруутай гэж үзэж 100 000 төгрөгийг торгосон. Энэ арга хэмжээнд С.Болдбаатар гомдол гаргасан боловч хэрэгсэхгүй болгосон байна.

Энэ баримтаас харахад нэхэмжлэгч нь Замын хөдөлгөөний дүрмийн 15.8, 15.12-ыг зөрчсөн, С.Болдбаатар нь Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-ыг зөрчсөн буруутай үйл ажиллагааны улмаас түүнд хохирол учирсан нь тогтоогдож холбогдох хуулийн хариуцлага хүлээж, эрх бүхий байгууллагын шийдвэр хүчин төгөлдөр болсон байх тул  зам тээврийн улмаас учирсан хохирлыг буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна.

Иргэний хуулийн 498.3-т “Хохирогч өөрөө санаатай буюу илтэд болгоомжгүй хандсан, эсхүл хууль тогтоомжид нийцсэн арга хэрэгслээр үүсч болох хохирлоос урьдчилан сэргийлэх оролдлого хийгээгүйгээс өөрт гэм хор учирсан бол энэ хуулийн 498.1, 498.2-т заасан байгууллагыг хариуцлагаас чөлөөлж болно” гэж заасан байдаг тул Нийслэлийн ЗХГ ямар нэг байдлаар нэхэмжлэгчид учирсан хохирлыг барагдуулах үүрэг хүлээхгүй.

Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “Зам, замын байгууламжийн засвар арчлалтыг стандартын дагуу хийгээгүйгээс замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад саад учруулж, зам тээврийн осол зөрчил гаргах нөхцөл бүрдүүлсэн” нь тогтоогдсон гэж бичжээ. Гэтэл дүгнэлтээс үзэхэд тэмдэг, тэмдэглэгээ тавиагүйгээс осол гарсан гэж огт бичээгүй, харин ч  2021 оны 09 сарын 11-ний өдрийн хэргийн газарт очиж үзлэг, хэмжилт хийсэн цагдаагийн ахмад Алтангэрэл замын нөхцөл байдал хэвийн байсан талаар тэмдэглэсэн байдаг.

Уг авто зам болох Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7-р хороолол доторх 1.2 км авто замыг “Бэрэн групп” ХХК барьж  ашиглалтад авах ажил нь 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 01/2019 дугаар актаар баталгаажсан бөгөөд ийнхүү авто замын чанарын баталгааны хугацаа нь 3 жил байхаар энэхүү комиссын актад тусгагдсан байдаг. Энэ талаар Авто замын тухай хуулийн 28.4-т “Шинээр барьж байгуулсан авто зам, замын байгууламжийн чанарын баталгаат хугацаа нь гүйцэтгэгч болон техник, технологийн хяналт тавьсан хуулийн этгээдэд тус бүр гурван жил байна” тодорхой зааснаар Бэрэн групп ХХК хариуцах үндэстэй.

Иймд нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаанаас болж зам тээврийн осол гарсан түүнээс гарсан хохиролд манай байгууллага хамааралгүй болох нь дээрх тайлбар болон холбогдох баримтуудаар нотлогдож байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү” гэв.

3. Иргэдийн төлөөлөгч Л.Бат-Өлзий шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Тухайн автозам нь хороолол дунд байдаг бөгөөд жолооч тээврийн хэрэгслийг 20 км/цагийн  хурдтай жолоодох үүрэгтэй. Нэхэмжлэгч О.Г нь гол замаар явж байсан ба туслах замаар явж байсан машин зам тавьж өгөөгүй буруутай тул нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлтэй байна гэжээ.

4. Нэхэмжлэгч нь нотлох баримтаар: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2022 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 1191 дугаар Хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзсан тухай тогтоолын хуулбар, 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 5/1816 дугаар Авто замын хөгжлийн газрын актын хуулбар, 2019 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн 01/2019 дугаар Авто зам, замын байгууламжийг ашиглалтад авах ажлын хэсгийн акт, дүгнэлтийн хуулбар, 2021 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Зам тээврийн газрын ослын газарт үзлэг хийсэн тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 5/1858 дугаар Авто замын хөгжлийн газрын албан тоотын хуулбар, С.Төмөржавын ажлын болон иргэний үнэмлэхийн хуулбар, 2021.10.15-ны өдрийн Гэрчээс мэдүүлэг авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэлийн хуулбар, 2021.09.13-ны өдрийн гэрчээс мэдүүлэг авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэлийн хуулбар, 2021.09.14-ний өдрийн хохирогчоос мэдүүлэг авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэлийн хуулбар, 2021.09.14-ний өдрийн хохирогчоос мэдүүлэг авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэлийн хуулбар, 2021.09.22-ны өдрийн хохирогчоос мэдүүлэг авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэлийн хуулбар, 2021.10.15-ны өдрийн холбогчдоос мэдүүлэг авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэлийн хуулбар, 2021.10.15-ны өдрийн магадлагаа гаргасан тухай магадлагааны хуулбар, 2021.10.15-ны өдрийн 0028519 дугаар шийтгэлийн хуудсын хуулбар, 2021.10.15-ны өдрийн 0028520 дугаар шийтгэлийн хуудсын хуулбар, 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн “Мастер үнэлгээ” ХХК-ийн үнэлгээний тайлангийн хуулбар, фото зураг, “Мастер үнэлгээ” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн тодорхойлолтын хуулбар, 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн авто машин техникийн үнэлгээний тайлан, 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн “Ашид Билгүүн” ХХК-ийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, 2021 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн 2022/ШЗЗ/06 дугаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, 2021.12.24-ний өдрийн 06 дугаар тэмдэглэлийн хуулбар, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, фото зураг, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, /х.х 4-72, 86, 165-168/

5. Хариуцагч талаас нотлох баримтаар : итгэмжлэл, хариу тайлбар 2019 оны 06 сарын 19-ны өдрийн 01/2019 дугаар Авто зам, замын байгууламжийг ашиглалтад авах ажлын хэсгийн акт, дүгнэлтийн хуулбар, 2022 оны 09 дүгээр сарын 01-ны өдрийн 184 дугаар Бэрэн группын Барьцаа хөрөнгө чөлөөлүүлэх тухай албан бичгийн хуулбар, 2022 оны 09 дүгээр сарын 22-ны Замын хөгжлийн газрын Арга хэмжээ авч ажиллах тухай 6/1811 дугаар албан бичгийн хуулбар, фото зураг, замын хөдөлгөөний зохион байгуулалтын зургийн хуулбар, улсын бүртгэлийн гэрчилгээ /х.х 75, 97, 99-112, 169/

6. Шүүхээс бүрдүүлсэн нотлох баримтаар: Тус шүүхийн шүүгчийн 2022.09.30-ны өдрийн захирамжийн дагуу 2022.10.03-ны өдөр зам тээврийн осол болсон уулзвар дээр тавигдсан дарааллын тэмдэгт хийсэн үзлэгийн тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зураг /х.х123-135/

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О.Г хариуцагч ЗХГт холбогдуулан зам тээврийн ослын улмаас өөрийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 63 585 950 төгрөг, Д.Чинзоригийн тээврийн хэрэгслийн хохиролд төлсөн 1 520 000 төгрөг, нийт 65 105 950 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нийслэлийн авто замын хөгжлийн газрын нэрийг ЗХГ гэж өөрчилсөн болох нь Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 360 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/1059 дугаар захирамжаар тогтоогдсон ба хариуцагчийн нэрийг өөрчлөгдсөн тухайд зохигч талууд маргаагүй болно.

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

1. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ, хариуцагч нь замын тэмдгийг зөв тавих үүргээ биелүүлээгүй, буруу тавьсан тэмдэгийн улмаас зам тээврийн осол гарахад шууд нөлөөлсөн. Хариуцагчийн буруутай үйлдлийг эрх бүхий байгууллага тогтоосон, энэ үүргээ биелүүлээгүй талаар С.Төмөржав  хүлээн зөвшөөрч гэрчээр мэдүүлсэн, иймд хуулийн этгээд нь үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирол болон бусад этгээдэд учруулсан хохирлыг нөхөн төлсөн төлбөрийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж,  

Хариуцагч татгалзлын үндэслэлээ, зам тээврийн осол нь тээврийн хэрэгслийн жолооч О.Г, С.Болдбаатар нарын Замын хөдөлгөөний дүрэм баримтлаагүйгээс гарсан болохыг эрх бүхий байгууллага тогтоож, холбогдогч нарт Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авсан, О.Г энэ арга хэмжээнд гомдол гаргаагүй... уг замыг барьсан гүйцэтгэгч байгууллага нь 3 жилийн хугацаанд засвар үйлчилгээ гүйцэтгэх үүрэгтэй, ...магадалгаанд  уг зам тээврийн осол нь замын тэмдэг тавиагүйгээс гарсан гэж дүгнээгүй гэх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй маргаж, мэтгэлцэж байна.

2. Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон зохигчдын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдож байна.

 

Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо 7 дугаар хороололын нутаг дэвсгэрт 1.2 км авто зам барилгын ажлыг Нийслэлийн авто Замын Хөгжлийн газрын захиалгаар Бэрэн групп ХХК барьсан ба  2018 оны 12 сарын 05-ны өдөр  Улсын комисс газар дээр нь ажиллаж хуралдсан хурлын тэмдэглэлд”...Тээврийн цагдаагийн албанаас оролцсон Б.Цогтбаатар ...7 дугаар хороолол гэрэлтүүлэг муутай, зам тээврийн осол их гардаг, хөдөлгөөн зохион байгуулалтын зураг байдаггүй, тэмдэг тэмдэглэгээ хазайсан...2012 оноос хойш дагаж мөрдөж байгаа замын тэмдэглэгээг стандантаар дагаж мөрдөх...гол замын тэмдгийг гарц болгон дээр тавьсан байна ингэж болохгүй... Хөдөлгөөний эрчим аюулгүй байдлыг хангах үүднээс дөрвөн замын уулзвар дээрх гэрлэн дохиолол тавиулах гэсэн” шаардлагыг дурдсан байх ба уг ажиллагаанд Нийслэлийн авто Зам хөгжлийн газраас хяналтын хэлтсийн дарга, авто замын хяналтын мэргэжилтэн, гэрэлтүүлгийн газрын мэргэжилтнүүд тус тус оролцож байсан байна. /хх11-13/

 

 Улмаар Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо 7 дугаар хороолол дээрх 1.2 км авто замын байгууламжийг  ашиглалтад авах ажлын хэсгийн 2019 оны 06 сарын 19-ний өдрийн 01/2019 акт, дүгнэлтээр уг авто замыг захиалагч тал болох Нийслэлийн авто ЗХГт хүлээлгэн өгсөн байна. /хх8-13/

Уг авто замыг Нийслэлийн авто ЗХГ хүлээн авсаны дараа буюу 2021 оны 09 сарын 11-ний өглөөний 07 цагийн үед Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Хангай хотхоны уулзвар зам дээр 67-97 УАР улсын дугаартай “Тоёото ландкруйзер-200” маркийн тээврийн хэрэгсэл, 82-89 УБҮ улсын дугаартай “Тоёото ландкруйзер-200” маркийн тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, зогсож байсан 50-40 УНТ улсын дугаартай “Тоёото приус” 20 маркийн тээврийн хэрэгсэл, 60-59 УБР улсын дугаартай “Тоёото приус” 20 маркийн тээврийн хэрэгслүүдийг мөргөсөн зам тээврийн осол гарчээ.

Тухайн зам тээврийн осол, зөрчилд  2021 оны 10 сарын 15-ны өдөр Эрх бүхий албан тушаалтан магадлагаа гаргасан ба уг магадалгаанд

- 67-97 УАР улсын дугаартай “Тоёото ландкруйзер-200” маркийн тээврийн хэрэгслийн жолооч О.Г нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.10. Хөдөлгөөний дараалал нь энэ дүрмийн бусад заалтуудад тусгагдаагүй газарт жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөн, 

- 82-89 УБҮ улсын дугаартай “Тоёото ландкруйзер-200” маркийн тээврийн жолооч жолооч С.Болдбаатар нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.  

- 50-40 УНТ улсын дугаартай тоёото приус 20 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Д.Чинзориг, 60-59 УБР улсын дугаартай тоёото приус 20 маркын тээврийн хэрэгслийн жолооч Ш.Цэрэндорж нар Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн гэж үндэслэлгүй байна.

- Нийслэлийн авто ЗХГ нь Зам, замын байгууламжийн засвар арчлалтыг стандартын дагуу хийгээгүйгээс замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад саад учруулж зам тээврийн осол, зөрчил гаргах нөхцөлийг бүрдүүлсэн гэх үндэслэлтэй байна гэжээ. /хх39-41/

Мөн 2021 оны 10 сарын 15-ны өдрийн 0028519 тоот шийтгэлийн хуудсаар О.Гыг Зөрчлийн тухай хуулийн 14.7 зүйлийн 51 дэх хэсэгт зааснаар 100 000 төгрөгийн торгох шийтгэл, 0028520 тоот шийтгэлийн хуудсаар С.Болдбаатарыг Зөрчлийн тухай хуулийн 14.7 зүйлийн 51 дэх хэсэгт зааснаар 100 000 төгрөгийн торгох шийтгэл тус тус оногдуулжээ. /хх42-43/

Зөрчилд холбогдогч С.Болдбаатар уг шийтгэлийг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргасан ба Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 12 сарын 24-ний өдрийн 2022/ШЗЗ/06 дугаар захирамжаар гомдлыг хэлэлцэхгүй буцаасан байна. /хх64-66/

3. Дээрх үйл баримтууд нь хэрэгт авагдсан, нэхэмжлэгчээс гаргасан нотлох баримтуудаар тогтоогдсон.

67-97 УАР улсын дугаартай “Тоёото ландкруйзер-200” маркийн тээврийн хэрэгсэл нь нэхэмжлэгч О.Гын эзэмшилд бүртгэлтэй, уг тээврийн хэрэгсэлд ослын улмаас 63 585 950 төгрөгийн хохирол учирсан болох нь Мастер үнэлгээ ХХК-ийн үнэлгээний тайлангаар тогтоогдож байна. /хх44-46/

Нэхэмжлэгч нь өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирол, ослын улмаас бусад этгээдэд төлсөн төлбөр болох нийт 65 105 950 төгрөгийн хохирлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасан үндэслэлээр хариуцагчаас шаардсан гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заажээ.  

Гэм хор учруулснаас үүсэх үүрэг нь хариуцагчийн буруутай үйлдэл, эс үйлдэхүй, нэхэмжлэгчид учирсан хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогдож байгаа эсэх энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа эсэхийг тус тус шалгадаг. 

Нэхэмжлэгч тал  уг зам тээврийн осол болсон замын уулзварт дарааллын тэмдэг болох “гол зам” гэсэн тэмдгийг баруунаас зүүн тийш чигээрээ явах урсгалд  тавих үүргээ биелүүлээгүй, “зам тавьж өгнө” гэсэн тэмдгийг хойноос урагшаа чиглэлд   тавьсан буруутай үйлдэл нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн мөн хариуцагч байгууллага өөрийн үүргээ биелүүлээгүй болохыг гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон гэх агуулгатай тайлбарыг гаргасан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.2-д нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотолно гэж заасан ба энэ үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.  

Шүүх хуралдаанаар хэлэлцсэн баримтаар хариуцагч хуулийн этгээд нь осол гарсан уулзварын баруунаас зүүн тийш явах чиглэлд  “гол зам” гэсэн тэмдэг тавих үүргээ биелүүлээгүй, бусад зорчих хэсэг буюу урдаас хойшоо, хойноос урагшаа, зүүнээс баруун чигт дарааллын тэмдэг тавих үүргийг зохих ёсоор биелүүлээгүй гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

Замын хөдөлгөөний дүрмийн 15.3-д гэрлэн дохио байхгүй буюу ажиллаагүй эсхүл анивчсан шар гэрлийн горимд ажиллаж байгаа, мөн зохицуулагч хөдөлгөөн зохицуулаагүй уулзварыг “зохицуулдаггүй уулзвар”-т тооцно гэж, мөн дүрмийн 3.1-т дарааллын тэмдэг нь уулзвар, зорчих хэсгийн огтлолцол буюу замын нарийссан хэсгээр тээврийн хэрэгслүүдийг нэвтрэх дарааллыг тогтооно. “Гол зам” тэмдэг нь “зохицуулдаггүй уулзвар” нэвтрэхэд давуу эрх олгоно гэж, 3.4-т “зам тавьж өгнө” тэмдэг нь хөдөлгөөний зохицуулгагүй үед жолооч хөндлөн замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэж  тус тус заажээ. 

Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Хангай хотхоны уулзвар нь зам тээврийн осол болох үед “гэрлэн дохиогүй”, баруунаас зүүн тийш чигээрээ явах урсгалд “гол зам” гэсэн тэмдэг тавиагүй байсан болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийсэн үзлэгийн ажиллагааны тэмдэглэл, түүнд хавсарган авсан гэрэл зургийн үзүүлэлт, зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийсэн тээврийн ослын газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл, зохигч талуудын тайлбараар тогтоогдож байх тул уг уулзварыг “зохицуулдаггүй уулзвар” гэж үзэхээр байна.

Мөн уг уулзварын баруунаас зүүн тийш чигээрээ явах урсгалд “гол зам”,  урдаас хойшоо чиглэлд явах чиглэлд “гол зам”, хойноос урагшаа чиглэл болон зүүнээс баруун тийш явах чиглэлд “зам тавьж өгнө” гэсэн дарааллын тэмдгийг 2021 оны 11 сард шинээр тус тус тавьсан болох нь уг уулзвар дээр хийсэн үзлэгийн ажиллагааны тэмдэглэл, түүнд хавсарган авсан гэрэл зургаар, зохигч талуудын тайлбараар тогтоогдож байна.

Дээрх баримтаас үзэхэд  2021 оны 09 сарын 11-ний өдөр буюу зам тээврийн осол болсон цаг хугацаанд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Хангай хотхоны уулзвар нь “зохицуулдаггүй уулзвар” байх бөгөөд нэхэмжлэгч О.Г нь тухайн уулзварыг нэвтрэхдээ Замын хөдөлгөөний дүрмийн 15.8-д “адил замын уулзварт жолооч баруун гар талаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө”, 15.12-т “дарааллын тэмдэггүй уулзварыг нэвтрэхийн өмнө жолооч уг уулзварт нийлсэн зорчих хэсгүүдийн гадаргуугийн ялгааг тодорхойлох боломжгүйгээс нэвтрэх дараалал тогтооход хүндрэлтэй байвал өөрийгөө туслах замаар явсанд тооцно” гэж заасныг баримтлах үүрэгтэй байна. 

Хариуцагч талын тайлбараас О.Гыг Замын хөдөлгөөний дүрмийн 15.8, 15.12-т заасныг зөрчсөн, Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөн дүрмийн 10.10-т заасныг зөрчсөнөөр шийтгэл оногдуулсан захиргааны шийтгэвэр хүчин төгөлдөр болсон байдал нь тухайн осол гарахад өөрийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн гэсэн хэсэг нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэгч О.Г зам тээврийн хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн зохих зүйл хэсгийг баримтлаагүйгээс зам тээврийн осол гарсан ба тухайн ослын улмаас өөрт нь болон бусад этгээдэд хохирол учирсан үйлдэлд  хариуцагч Замын хөгжлийн газрыг буруутгах үндэслэл тогтоогдоогүй байна. Тодруулбал нэхэмжлэгчид учирсан хохирол нь хариуцагчийн хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-н хооронд шалтгаант холбоо тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д Замын хөдөлгөөн зохион байгуулах ажил үйлчилгээг тухайн орон нутгийн авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хариуцана гүйцэтгэнэ...20.3-д “Замын хөдөлгөөн зохион байгуулах техник хэрэгсэл, замын тэмдэг, тэмдэглэл, гэрлэн дохионд тавих техникийн шаардлага, хэрэглэх дүрмийн үндэсний стандартыг авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага боловсруулж, стандартчиллын төв байгууллага батална гэж тус тус заажээ.

Хариуцагч ЗХГ нь хуульд зааснаар дээрх үүргээ хэрэгжүүлсэн талаар баримтгүй хэдий ч зам тээврийн хөдөлгөөнд оролцогч нь Замын хөдөлгөөний дүрмийг чанд баримтлах үүрэгтэйг хууль болон дүрмээр зохицуулжээ.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлнэ гэж заажээ.

Нэхэмжлэгч тал зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэдүүлсэн гэрч С.Төмөржавын мэдүүлэг, эрх бүхий албан тушаалтны магадалгаанд Нийслэлийн авто ЗХГ нь Зам, замын байгууламжийн засвар арчлалтыг стандартын дагуу хийгээгүйгээс замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад саад учруулж зам тээврийн осол, зөрчил гаргах нөхцөлийг бүрдүүлсэн гэх үндэслэлтэй гэсэн дүгнэлтээр хариуцагчийг замын тэмдэг тавих үүргээ биелүүлээгүй гэж нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ тодорхойлж байх хэдий ч энэхүү үндэслэл нь хэргийн бусад баримтаар нотлогдохгүй байна.  Тодруулбал тухайн авто замын уулзварын баруунаас зүүн тийш явах чиглэлд “гол зам” гэсэн тэмдэг тавигдах байсан талаар авто замыг зураг төсөлд тусгагдсан эсэхийг хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан журмаар буюу нотлох баримтыг бүрдүүлэх аргаар нотлоогүй болно. Иймд зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан магадлагааны хариуцагчид холбогдох хэсэг нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нотлох баримт бүрдүүлэх журмаар нотлогдохгүй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй болохыг дурдах нь зүйтэй.  

Мөн зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэдүүлсэн гэрчийн мэдүүлгийг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бичмэл баримт гэж үзэх ба тухайн бичмэл баримт нь бусад баримтаар нотлогдоогүй, хариуцагчаас гаргасан авто замын схем зураг нь ойлгомжгүй байх тул хэрэгт хамааралгүй гэж үзэхээр байна.    

5. Иргэдийн төлөөлөгч Л. Бат-Өлзий нь нэхэмжлэгч О.Гыг гол замаар зорчиж байсан гэж үзээд нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж дүгнэсэн боловч зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч О.Г нь замын хөдөлгөөний холбогдох дүрэм журмыг зөрчсөн гэж дүгнэсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хангана гэх иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзэв.

6. Тэмдэгтийн хураамж: Хуульд зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосноор нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн төгрөгийг улсын орлогод үлдээнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар ЗХГт /хуучин нэрээр Нийслэлийн авто ЗХГ/-т холбогдох 65,105,950 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч О.Г-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.   

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгч О.Гын тэмдэгтийн хураамжид төлсөн 489 172 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Èðãýíèé õýðýã ø¿¿õýä õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 119 ä¿ãýýð ç¿éëèéí 119.2., 119.3., 119.4., 119.7.‑ä çààñíààð øèéäâýð òàíèëöóóëàí ñîíñãîìîãö õ¿÷èíòýé áîëîõ áºãººä ø¿¿õ õóðàëäààíä îðîëöñîí òàë 7 õîíîãèéí õóãàöàà ºíãºðñíººñ õîéø 14 õîíîãèéí äîòîð ø¿¿õýä õ¿ðýëöýí èðæ øèéäâýðèéã ººðºº ãàðäàí àâàõ ¿¿ðýãòýé áà óã õóãàöààíä øèéäâýðèéã ãàðäàí àâààã¿é íü äàâæ çààëäàõ ãîìäîë ãàðãàõ õóãàöààã õóóëüä çààñàí æóðìûí äàãóó òîîëîõîä ñààä áîëîõã¿éã äóðäñóãàé.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.ЦОЛМОН

                                          ШҮҮГЧИД                              Ж.БАЙГАЛМАА

                                                                                                У.САЙНБИЛЭГ