Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 131/шш2022/00669

 

 

 

2022 оны 10 сарын 31 өдөр Дугаар 131/ШШ2022/00669 Баянхонгор аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн ******* сумын 6 дугаар багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******,

Хариуцагч: Баянхонгор аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургууль, ******* регистрийн дугаартай, захирал Х.*******

Нэхэмжлэлийн шаардлага: Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн буцалтгүй тусламж 30.473.793 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2022 оны 06 дугаар сарын 30 ны өдөр хүлээн авч хэргийг хянан хэлэлцлээ. Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.*******, хариуцагч байгууллагын төлөөлөгч Х.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга В.Ундрах-Оргил нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч П.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:   Миний бие ******* сумын ******* 12 жилийн сургуульд 1988-2015 он хүртэл тасралтгүй 27 жил, 01 сар 16 хоног бага ангийн багшаар ажилласан. 2015 онд өвчний учир ажлаас чөлөөлөгдсөн. Одоо би ******* сумын ЕБС-ын дотуур *******аар ажиллаж байна. 2023 онд 55 нас хүрч өндөр насны тэтгэвэрт гарах эрх үүснэ. Тэгээд би сургуульдаа хандан дараа жил тэтгэврээ тогтоолгоно, тэтгэмжээ авна миний асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэж хүсэлт гаргасан. Сургууль миний асуудлыг судалж үзээд Баянхонгор аймгийн Боловсрол, Шинжлэх ухааны газарт миний хүсэлтийг уламжлан төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгуулахаар миний бичиг баримтыг явуулсан боловч нэг удаагийн буцалтгүй тусламж олгохгүй гэж байна гэж манай сургууль надад хариу өгчээ. Тэгээд миний бие аймгийн Боловсролын газар, БСШУЯ, аймгийн Төрийн санд хандан өргөдөл гомдол гаргасан бөгөөд Боловсрол шинжлэх ухааны газар 2022 оны 06 сарын 10-ны өдөр надад албан ёсоор хариу өгсөн. Хариу нь Засгийн газрын 2019 оны 07 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмын 1.2-д Эрүүл мэндийн болон боловсролын салбарын хуульд заасан шалгуур, нөхцөлд хамаарах төрийн үйлчилгээний албан хаагч болон төрийн тусгай албан хаагчаас бусад нь энэ журмын үйлчлэлд хамаарах төрийн албан хаагч нийтдээ 5 жил, үүнээс сүүлийн 3 жил төрийн албанд тасралтгүй ажилласан тохиолдолд нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрх үүснэ гэж заасны дагуу сүүлийн 3 жил төрийн албанд тасралтгүй ажилласан нөхцөл хангагдаагүй гэж үзэн тэтгэмжийг авах эрхгүй гэснийг зөвшөөрөхгүй байна. Миний бие ******* сумын сургуульд тасралтгүй 27 жил ажилласан тул хуульд заасан тэтгэмж авах шаардлагыг хангасан гэж үзэж байна. Би энэ асуудлаар БСШУЯ-нд хандахад яамны ТНБ-ын даргаас нэг удаагийн буцалтгүй тэтгэмж авах эрхтэй гэсэн хариу өгсөн. Яамны мэргэжилтэн нь аймгийн Боловсролын газрын мэргэжилтэнд заавар чиглэл өгсөн ч хүлээн авахгүй, шүүхэд ханд гэж надад хүндрэл учруулж байгааг ойлгохгүй байна. Сургуулийн зүгээс надад тэтгэмж өгөх асуудлыг дэмжиж жилийн төсөвт суулгах хүсэлт гаргадаг ч аймгийн Боловсролын газар хүлээн авахгүй байгаа юм. Нэхэмжлэлд шаардсан мөнгөн дүнг миний бие ******* сумын сургуулийн нягтлан бодогчоор тооцоолуулан гаргуулсан.

Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү..гэв.

2.Хариуцагч байгууллагын төлөөлөгч Х.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа; П.******* нь тус Ерөнхий боловсролын сургуульд 1988 оноос 2015 он хүртэл тасралтгүй 27 жил бага ангийн багшаар ажиллаж байгаад эрүүл мэндийн шалтгааны улмаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. Тухайн үед тэтгэвэрт гарах нас болоогүй байсан. П.******* нь тэтгэвэрт гарах нас болсон тул ажиллаж байсан байгууллагаасаа тэтгэврээ тогтоолгох, нэг удаагийн буцалтгүй мөнгөн тусламжийг олгуулах хүсэлт ирүүлснийг судалж үзэн 2022 оны 04 сарын 02 ны өдрөөс эхлэн дотуур *******аар томилон ажиллуулж тэтгэмжийн материалыг бүрдүүлэн Баянхонгор аймгийн Санхүү төрийн сангийн хэлтэс Боловсрол хариуцсан мэргэжилтэнд явуулсан боловч ажилласан нөхцөл хангагдаагүй учир тэтгэмж суугдахгүй, болохгүй гэсэн хариу ирүүлсэн учир багш ******* нь энэ асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхээр шийдэн хариуцагчаар Ерөнхий боловсролын сургуулийг татсан байна. ЁБС нь тухайн тэтгэмжийг төсөвт сууулгадаг эрх бүхий бүхий байгууллага биш гэж бодож байна. Шүүхийн шийдвэр гарч нэхэмжлэгч П.*******гийн тэтгэвэрт гарахад олгох 36 сарын цалинтай тэнцэх 30473793 төгрөгийн мөнгөн тэтгэмжийг төсөвт суугдсан тохиолдолд олгож болно. Мөнгөн дүн дээр маргах зүйл байхгүй цалингийн дундаж бодох аргачлалаар бодсон байгаа..гэв. Шүүх хуралдаанаар П.*******, Х.******* нарын иргэний үнэмлэхний хуулбар, ******* сумын ЕБС-ын захирлын 2022 оны 05 сарын 02-ны өдрийн 20 дугаар тушаал, П.*******гийн 250668 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, 257952, 601915, 257952 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, Баянхонгор аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын 2022 оны 06 сарын 10-ны өдрийн 229 дугаар албан бичиг, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны 2022 оны 07 сарын 01-ний өдрийн 03/236 дугаар албан бичиг, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчдын тайлбар зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П.******* нь Баянхонгор аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдуулан Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн буцалтгүй тусламж 30.473.793 төгрөг гаргуулахыг хүсэн шаарджээ. 1. Шүүх хэрэгт хуульд заасан журмаар цугларсан нотлох баримт, зохигчдын шүүхэд гаргасан тайлбаруудыг үндэслэн нэхэмжлэгч П.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна.

Үүнд:

2.1. П.******* нь 1988 оны 07 сарын 15 ны өдөр ******* сумын сургуульд бага ангийн багшаар томилогдон 2015 оны 08 сарын 28 ны өдөр хүртэл 27 жил 1 сар тасралтгүй ажиллаж байгаад эрүүл мэндийн шалтгаанаар ажлаас чөлөөлөгдөж, 2022 оны 04 сарын 02 ны өдрөөс ******* сумын сургуулийн дотуур *******аар үргэлжлүүлэн ажиллаж байна.

Улмаар 2023 оны 06 сард 55 нас хүрснээр өндөр насны тэтгэвэрт гарах эрх үүсэх тул Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4 дэх хэсэгт заасан төрийн болон орон нутгийн өмчийн мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт энэ хуулийн 43.1.2-т заасан албан тушаалд 25 ба түүнээс дээш жил ажилласан иргэн өндөр насны тэтгэвэр тогтоолгоход түүний үндсэн цалингаар тооцож нэг удаагийн буцалтгүй мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа байгууллагаас нь олгох бөгөөд шаардагдах зардлыг нь тухайн жилийн төсөвт тусгах гэсэн үндэслэлээр төрийн албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрхтэй..гэжээ.

2.2. Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4-т төрийн болон орон нутгийн өмчийн мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт энэ хуулийн 43.1.2-т заасан албан тушаалд 25 ба түүнээс дээш жил ажилласан иргэн өндөр насны тэтгэвэр тогтоолгоход түүний үндсэн цалингаар тооцож нэг удаагийн буцалтгүй мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа байгууллагаас нь олгох бөгөөд шаардагдах зардлыг нь тухайн жилийн төсөвт тусгах;..гэж хуулиар тодорхойлсон тул нэхэмжлэгч нь ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийг хариуцагчаар тодорхойлж, нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлтэй байна.

3. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

3.1. Нэхэмжлэгч П.******* нь 1988 оны 07 сарын 15 ны өдөр ******* сумын сургуульд бага ангийн багшаар томилогдон 2015 оны 08 сарын 28 ны өдөр хүртэл 27 жил 1 сар тасралтгүй ажиллаж байгаад эрүүл мэндийн шалтгаанаар ажлаас чөлөөлөгдөж, 2022 оны 04 сарын 02 ны өдрөөс ******* сумын сургуулийн дотуур *******аар үргэлжлүүлэн ажиллаж байгаа болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж ирүүлсэн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2022 оны 05 сарын 02-ны өдрийн 20 дугаар тушаал, 250668 дугаартай П.*******гийн хөдөлмөрийн дэвтэр, 257952, 601915 дугаартай П.*******гийн нийгмийн даатгалын дэвтэр зэргээр тогтоогдсон байна. 3.2. Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4 дэх хэсэгт заасан төрийн болон орон нутгийн өмчийн мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт энэ хуулийн 43.1.2-т заасан албан тушаалд /багш/ 25 ба түүнээс дээш жил ажилласан иргэн өндөр насны тэтгэвэр тогтоолгоход түүний үндсэн цалингаар тооцож нэг удаагийн буцалтгүй мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа байгууллагаас нь олгох бөгөөд шаардагдах зардлыг нь тухайн жилийн төсөвт тусгах гэсэн хуулийн шаардлагыг нэхэмжлэгч П.******* хангаж байх тул өндөр насны тэтгэвэр тогтоолгох үедээ нэг удаагийн буцалтгүй мөнгөн тэтгэмж авах эрхтэй гэж үзнэ.

3.3. Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 07 сарын 01-ний өдрийн 03/236 дугаартай албан бичигт иргэн П.******* нь Боловсролын тухай хуулийн 43.1.4-т заасан шаардлагыг хангасан байх тул тэтгэвэр тогтоолгох үедээ үндсэн цалингаар тооцож нэг удаагийн буцалтгүй мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа байгууллагаасаа авах эрхтэй тухай мэдэгдсэн байна.

4. Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно.

Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна.

Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно..гэж хууль зүйн эрх сурвалжийг тодорхойлсон.

4.1. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 сарын 09-ний өдрийн 07 дугаар тогтоолоор батлагдсан "Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам"ын 4.2Боловсролын тухай хуулийн 43.1.4, 43.5заасан төрийн үйлчилгээний албан хаагч өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн мөнгөн тэтгэмж тооцох цалингийн дундаж хэмжээг энэ журмын 2.1, 2.2-т заасны дагуу тогтоох бөгөөд тэдгээрийн ажилласан хугацаанд Боловсролын тухай хуулийн 3.1.15, 43.1.2-т заасан төрийн үйлчилгээний албан тушаалд ажилласан хугацаа болон энэ журмын 3.1-д заасан хугацааг оруулан тооцно.

Мөнгөн тэтгэмжийг энэ журмын 4.2, 4.3, 5.1-5.5-д заасныг баримтлан олгоно..гэжээ.

5. Харин Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам"ын 1.2-т заасан Эрүүл мэндийн болон боловсролын салбарын хуульд заасан шалгуур, нөхцөлд хамаарах төрийн үйлчилгээний албан хаагч болон төрийн тусгай албан хаагчаас бусад энэ журмын үйлчлэлд хамаарах төрийн албан хаагч нийтдээ  5 жил, үүнээс сүүлийн 3 жил төрийн албанд тасралтгүй ажилласан тохиолдолд нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрх үүснэ..гэсэн заалт нь Эрүүл мэндийн болон Боловсролын салбарын үйлчилгээний албан хаагчаас бусад буюу төрийн улс төрийн албан тушаал хашиж байсан алба хаагчид хамааралтай, тэдний эрх зүйн байдлыг тодорхойлсон заалт болохыг тайлбарлах нь зүйтэй.

5.1. Иймд Баянхонгор аймгийн Боловсрол, Шинжлэх ухааны газрын даргын 2022 оны 06 сарын 10-ны өдрийн 229 дүгээр албан бичгээр иргэн П.*******гийн Өндөр насны тэтгэвэр тогтоолгох үедээ нэг удаагийн мөнгөн тэтгэмж авах эрхийг хангаж, ******* сумын ЕБС-ын төсөвт уг тэтгэмжийн мөнгийг суулгаж өгөхийг хүссэн хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Боловсролын тухай хуулийн 43.1.4, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 сарын 09-ний өдрийн 07 дугаар тогтоолоор батлагдсан "Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам"ын 4.2-дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн байна гэж үзэв.

6. Нэхэмжлэгч П.******* нэхэмжлэлийн шаардлагаа Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн буцалтгүй тусламж 30.473.793 төгрөг гаргуулах гэснийг хариуцагч байгууллагын төлөөлөгч хүлээн зөвшөөрч маргаагүй бөгөөд нэхэмжлэлийн мөнгөн дүнг хариуцагч ******* сумын ЕБС-ын санхүүгээс тооцоолон гаргасан гэх тул шүүхээс дээрх мөнгөн дүнг нягтлан шалгах шаардлагагүй гэж үзсэн болохыг дурдав.

7. Иймд нэхэмжлэгч П.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч П.******* нь өндөр насны тэтгэвэр тогтоолгоход олгох нэг удаагийн буцалтгүй тусламж 30.473.793 төгрөгийн шаардагдах зардлыг нь тухайн жилийн төсөвт тусгахыг хариуцагч Баянхонгор аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуульд даалгаж шийдвэрлэв.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ..57 дугаар зүйлийн 57.1Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ.

Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно..гэснээр нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 310318 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баянхонгор аймгийн ******* сумын ЕБС-аас улсын тэмдэгтийн хураамж 310318 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.*******д олгов.


Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4, Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч П.*******гийн өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн буцалтгүй тусламж 30.473.793 төгрөгийн шаардагдах зардлыг тухайн жилийн төсөвт тусган, П.*******д олгохыг хариуцагч Баянхонгор аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуульд даалгасугай. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч П.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 310318 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Баянхонгор аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулиас улсын тэмдэгтийн хураамж 310318 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.*******д олгосугай. 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч  шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Ч.БАЯРЦЭНГЭЛ