Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 112/шш2023/0005

 

 

 

 

 

 

 

2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр         Дугаар 112/ШШ2023/0005           Есөнбулаг сум

 

 

 

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар               

Нэхэмжлэгч:Т Г  ХХК-иийн захирал Д.А, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм,

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Татварын хэлтсийн дарга Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х, Э.Г, В.А  нарын хоорондын татварын акттай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.А, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х, Э.Г, В.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн нар оролцов.

 

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

  1.Нэхэмжлэгч нь аймгийн Татварын хэлтэст холбогдуулан Аймгийн Татварын хэлтсийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн НА-05210000028 дугаартай нөхөн ногдуулалтын актаар 2018, 2019, 2020 оны үл хөдлөх хөрөнгийн албан татвар 666310022.31 төгрөг, торгууль 244422694.84 төгрөг, алданги 102607655.4 төгрөгийн акт төлбөр ногдуулсныг хүчингүй болгуулах шаардлага  эцэслэн тодорхойлсон. 

  2. Нэхэмжлэгч нь маргааны бүхий актыг эс зөвшөөрч Татварын Ерөнхий газрын маргаан таслах зөвлөлд 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 21 дугаар албан бичгээр гомдол гаргасанд Татварын маргаан таслах зөвлөл нь 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 15 дугаар албан бичгээр тухайн аймгийн татварын албаны дэргэдэх маргаан таслах зөвлөл хянан шийдвэрлэхээр байна гэсэн хариуг ирүүлдэг.

  3. Нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны актыг эс зөвшөөрч 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан.

          4. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Говь-Алтай аймгийн Татварын хэлтэсээс 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалтыг зохион байгуулсан.

Тус хяналт шалгалтаар 2018-2020 онд 2,994,700 төгрөгийн үнэлгээтэй граш, 152,734,520 төгрөгийн үнэлгээтэй Г т  -ын барилга, 13,503,650 төгрөгийн үнэлгээтэй бага далан, 1,474,200,469 төгрөгийн үнэлгээтэй ашиглалтын туннель, 31,573,974,210 төгрөгийн үнэлгээтэй үндсэн далан, 3,281,320,469 төгрөгийн үнэлгээтэй Т сум дахь ..-ын барилга, 242, 240,074 төгрөгийн үнэлгээтэй богоош далан, 367,105,370 төгрөгийн үнэлгээтэй оффисын байр нийт 37,108,073,462 төгрөгийн үнэлгээтэй эд хөрөнгийг балансад тусгаж, элэгдлийн зардлыг тооцож, татвар ногдуулах орлогоос хасч тайландаа тусгасан боловч 666,310,042 төгрөгийг тооцож тайлагнаагүй гэж акт тогтоож, торгууль алданги тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй гэж нэхэмжлэгчийн хувьд үзэж байна.

Т-Г ......ХХКнь А-...... ТӨХК-ийн охин компани бөгөөд үйл ажиллагаа, ашиглалтын зардал өндөртэй (2017 онд 360,099,251.24 төгрөгийн алдагдалтай, 2018 онд 1,206,095,587.84 төгрөгийн алдагдалтай, 2019 онд 856,833,678.36 төгрөгийн алдагдалтай, 2020 онд 982,914,197.77 төгрөгийн алдагдалтай) тайлагнасан.

           А-....... нь улсын төсвөөс татаас авч санхүүждэг бөгөөд охин компаниудын алдагдлыг үүрч ажилладаг. Энэ талаараа Т Г ........ ХХКнь улсын төсвөөс санхүүждэг аж ахуйн нэгжид хамаарах боломжтой.

Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын болон орон нутгийн төсвөөс санхүүждэг хуулийн этгээдийн үл хөдлөх эд хөрөнгийг албан татвараас чөлөөлөхөөр хуульчилсан байхад үл хөдлөх хөрөнгийн албан татвар ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

   Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 нийтийн эзэмшлийн барилга байгууламжийг албан татвараас чөлөөлөхөөр хуульчилсан бөгөөд Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 барилга байгууламж гэж орон сууц, иргэн, үйлдвэр, эрчим хүч, харилцаа холбоо, ус, нефтийн барилга, ус суваг, далан хаалт зэрэг байгууламж түүний инженерийн шугам сүлжээг, 4 дүгээр зүйлийн 4.1.35 инженерийн шугам сүлжээ гэж ус хангамж, цахилгаан, дулаан, ариутгах татуурга, цэвэрлэх байгууламж, газрын тос болон төрөл бүрийн хий дамжуулах хоолой, харилцаа холбооны төвлөрсөн байгууламжийг ойлгоно гэж хуульчилсан бөгөөд дээрх заалтын хүрээнд үл хөдлөх хөрөнгийн албан татвараас чөлөөлөгдөхөөр хуульчилсан.

  Говь-Алтай аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн НА-05210000028 татварын нөхөн ногдуулалтын акт нь Үл хөдлөх хөрөнгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.3 дахь заалтыг зөрчиж гаргасан шийдвэр тул Т-Г ....... ХХК -ийн 2018, 2019, 2020 оны үл хөдлөх хөрөнгийн албан татвар 666310022.31 төгрөг, торгууль 244422694.84 төгрөг, алданги 102607655.4 төгрөгийн акт төлбөр тогтоосон хууль бус шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

         

   5.Нэхэмжлэгч шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Элэгдлийг тарифтаа тусгаж хэрэглэгчдээс авч байна гэсэн. Хоёрдугаарт бууруулж татварт ногдох орлогоо багасгаж алдагдалтай ажиллаж байна гэсэн. Монгол улсын эрчим хүчний салбарын хэмжээнд сүүлийн 20-иод жил яригдаж байгаа. Эрчим хүчний тарифт элэгдлийн зардлыг тусгаж өгөхгүй байгаа нь хэрэгт авагдсан албан бичгүүд дээр байгаа. Зөвхөн ажиллагсдын цалин, урсгал засвар гээд бага хэмжээний зардлыг санхүүжүүлэхээр тарифыг баталж өгөөд бусад хөрөнгө оруулалт, урсгал зардал зэрэг нь алдагдалтай байгаа. Улсын төсвөөс татаас авдаг А У э хүчний систем толгой компани, Засгийн газраа байгуулсан төлөөлөн удирдах зөвлөлөөс баталсан зардлын дагуу явагддаг. Тэгэхээр элэгдлийн зардалд тарифт суутгагдаж хэрэглэгчдээс авч байгаа гэдэг нь буруу ойлголт юм. Урт хугацаат өр төлбөр 42,8 тэрбум төгрөг гэж байгаа. Үүнийг Үндэсний аудитын газар болон яамнаас дамжуулан зээлдэх гэрээ байгуул 800,000,000-1,2 тэрбум төгрөг 40 жилийн хугацаатай төл гэдэг одоог хүртэл баланст урт хугацаат зээл бүртгэлтэй шийдэгдээгүй явж байна. Эрчим хүчний яамаар дамжуулан удаа дараа Сангийн яаманд бичиг хүргүүлсэн. Өнгөрсөн 7 хоногт эрчим хүчний яам дамжуулан зээлдүүлэх гэрээний шинэчилсэн судалгаа авч Засгийн газарт танилцуулан ажиллаж байна. Жилийн алдагдлаас элэгдлийн зардлыг хасахад ашигтай байх тохиолдол байхгүй. Орон нутагт ажиллаж байгаа компанийн тухайд бултах гэсэн зүйл байхгүй гэдгийг тайлбарлаж хэлмээр байна. Шүүхээс 2013 онд энэ маргаан үүсэж төлөхгүй юм байна гэж тайлбарлахад 2 тал хүлээн зөвшөөрсөн. Дараа нь үргэлжлээд маргаан гарсан. Удаа дараа өөр өөр шийдвэрүүд гарч байсан. Эрчим хүчний зохицуулах хорооноос баталсан тарифаар явдаг. Монгол улсын хэмжээнд хамгийн хэцүү байгаа салбар нь эрчим хүчний салбар байна. Үүнийг нь хатуу барьсантай холбоотой. Сүүлийн жилүүдэд мэргэжилтэн, инженер техникийн ажилтан дутагдалтай болж байна. Энэ жилийг хүртэл манай ажилтнууд цалинг нэмнэ гэсэн итгэлтэй хүлээж байсан. Санасан хэмжээнд нэмэгдээгүй учраас ажиллагсад маань өргөдлөө өгч ажлаас гарч байна. Х компани цахилгаанчин 2,500,000 төгрөгөөр цалинжуулахад манайд 1,000,000 төгрөгийн цалинтай байгаа ажилчид өргөдлөө өгч ажлаас гарч байна. Удаа дараагийн шүүх хуралдаан, данс барилтаас манай компани цаашдаа ирээдүүгүй юм байна гэдэг утгаараа өнгөрсөн жил 7 ажилчин шилжсэн байгаа. 100 хувь төсөвт байгууллага биш. Сангийн яаманд өгсөн баримтаа төсөвт байгууллага гэж өгөх боломжгүй гэв.

 

          6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөөгч О.А шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын тухайд Говь-Алтай аймгийн Татварын хэлтсийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн НА-05210000028 дугаартай нөхөн ногдуулалтын актаар 2018, 2019, 2020 оны үл хөдлөх хөрөнгийн албан татвар 666,310,022.31 төгрөг, торгууль 244,422,694.84 төгрөг, алданги 102,607,655.4 төгрөгийн акт төлбөр ногдуулсныг хүчингүй болгуулах шаардлага гаргасан. Татварын байгууллага үл хөдлөх хөрөнгийн албан татвар ногдуулахдаа 2 үндэслэлээр ногдуулж байна. Т Г .........ХХКнь ашгийн төлөө үйл ажиллагаа явуулж байгаа компани гэж үзэж байна. Мөн тухайн хөрөнгө нь Т Г .......... ХХК-ийнхөрөнгөд бүртгэлтэй байгаа учраас нийтийн эзэмшлийн хөрөнгө биш. Тиймээс үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулна гэж байгаа юм. Тус маргаантай холбоотой урд нь 2 шатны шүүхийн шийдвэр гарч хүчин төгөлдөр болсон байгаа. Гэхдээ өнөөдрийн маргаанд тухайн шийдвэрүүд нөлөөлөхгүй. Шүүх өөрийн эрх хэмжээнд үнэлэлт өгч шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Үл хөдлөх эд хөрөнгийн маргаатай холбоотой Т Г УЦС ХХК-ийнхөрөнгийн эх үүсвэр байгуулагдсан талаар ярих нь зүйтэй гэж бодож байна. Монгол улсын Засгийн газрын 2008 оны 233 дугаар тогтоолын 2 дугаар заалтаар А-Уэрчим хүчний системийн охин компанийг байгуулж 3 дахь заалтаар Т............ ХХК-уудыг шинээр үүсгэн байгуулж тус компанийн охин компани хэлбэрээр эхлүүлж, 4 дэх заалтаар охин компанийн хөрөнгийг төрийн өмчид бүртгэж ав гэсэн шийдвэр гарсан байгаа. Т Г ........... ХХК-ийндалан барилга байгууламж нь 2004-2007 онд баригдсан. Тухайн орнуудад Говь-Алтай аймаг цахилгаан эрчим хүчний хязгаарлалттай, дутагдалтай байсан. Үүнийг Татварын байгууллага гэлтгүй Говь-Алтай аймгийн ард иргэд бүгд мэдэж байгаа. Уг усан цахилгаан станцыг барихдаа Кувейтийн сан болон Арабын 42,6 тэрбум төгрөгийн зээлээр тухайн бүтээн байгуулалтыг байгуулж Засгийн газар эхлүүлж Сангийн яам, Эрчим хүчний яам тухайн сангуудтай дамжуулан зээлдүүлэх гэрээ байгуулсан. Үүнээс харахад үүсгэн байгуулагч нь Иргэний хууль болон Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд зааснаар Засгийн газар үүсгэж байгуулж санхүүжилтийг Сангийн яам, Эрчим хүчний  газар байгуулсан байгаа нь энэ компани ХХК хэлбэртэй үйл ажиллагаа явуулж байгаа боловч ашгийн төлөө бус төрийн өмчийн компани гэдэг нь харагдаж байна. Иргэний хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т чиг үүргээ хэрэгжүүлэх болон нийгмийн хэрэгцээг хангах зорилгоор төр өөрийн өмчөөр буюу дангаар болон хамтраад хуулийн этгээд байгуулж болно гэж заасан байгаа. Хуулийн этгээд байгуулахдаа  ХХК байх ёстой юм уу? төрийн өмчит компани байх ёстой юм уу гэдгийг тодорхой заагаагүй. Иргэнийн хуулийн 25.1-т зааснаар өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ тусгайлан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаас бий болсон үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч юм уу? хариуцагч байж чадах тодорхой зорилготой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэж байгаа. Тэгэхээр Иргэний хуулийн 30.2-т заасан Засгийн газраас өөрийн хөрөнгөөр байгуулсан хуулийн этгээд нь Т Г....... гэдэг нь тодорхой харагдаж байна. Монгол улсын Засгийн газрын 2008 оны 233 дугаар тогтоолын 4 дэх заалтад зааснаар төрийн өмчид хөрөнгийг бүртгэж авахыг төрийн өмчийн хороонд даалгасан байдаг. Т Г ......нь нэлээд онцлогтой хуулийн этгээд байгаа. Засгийн газрын тогтоол шийдвэрээр байгуулагдсан өмч хөрөнгө нь төрийн өмчийн хороонд бүртгэлтэй. Төрийн өмчийг гэрээгээр ашиглаж байгаа. Хэрэгт нотлох баримтаар өгсөн. Т Г .........нь үйлдвэрлэсэн эрчим хүчээ толгой компани буюу  А У эрчим хүчний систем компанид Эрчим хүчний зохицуулах хорооноос баталсан тарифын хүрээнд борлуулж тухайн борлуулалтын орлогоо авч, алдагдалтай гарсан тохиолдолд алдагдлыг нь “А У” компани хүлээж байгаа. Яагаад гэхээр толгой компани, охин компани нь Компанийн тухай хуульд зааснаар санхүүгийн нэгдсэн тайлантай. Ингээд үзэхээр Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын болон орон нутгийн төсвөөс санхүүждэг хуулийн этгээдийн үл хөдлөх эд хөрөнгийг албан татвараас чөлөөлнө. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 нийтийн эзэмшлийн барилга байгууламжийг албан татвараас чөлөөлөхөөр хуульчилсан. Т Г .......-ыг  ашгийн төлөө хуулийн этгээд гэж хариуцагч тал маргаж байгаа. Ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг байсан бол Эрчим хүчний зохицуулах хорооноос баталсан тарифаар үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчээ худалдахгүй байх байсан. Үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш Т Г ........ХХК-ийн санхүүгийн тайланг үзвэл алдагдалтай ажиллаж байсан. 2017-2020 оны санхүүгийн тайлангууд хавтаст хэрэгт авагдсан байгаа. Түүнээс харвал 2017 онд 360,000,000 төгрөгийн, 2018 онд 1,2 тэрбумын 2019 онд 856,000,000 төгрөгийн, 2020 онд 982,000,00 төгрөгийн алдагдалтай ажиллаж байсан. Энэ алдагдал юунаас болж үүсэж байна гэхээр өөрийнхөө үйлдвэрлэсэн эрчим хүчийг өөрсдийн баталсан тарифаар худалдаж чадахгүй, Эрчим хүчний зохицуулах хорооноос баталсан тарифын дагуу Эрчим хүчний яамны өмнө хүлээсэн үүргээ Говь-Алтай, Завхан аймгийн иргэдийг цахилгаан эрчим хүчээр хангах үүргээ энэ хязгаарлалтад багтааж үзүүлсний хүрээнд алдагдалтай ажиллаж байгаа. Тэгэхээр энэ компанийг ашгийн төлөө компани гэж харах боломжгүй. Т Г ..........-ыг анхны өртөг нь 42,6 тэрбум буюу өртөг өндөр, үйл ажиллагааны орлого нь жилдээ 800,000,000 төгрөгөөс 1 тэрбум төгрөг гэж бодохоор олж байгаа орлого нь нийгмийн даатгал, орлогын татвар, ажилчдын цалин хөлс, бусад засвар үйлчилгээнд хүрдэггүй. Ямар нэгэн байдлаар томоохон эвдрэл гэмтэл гарахад өөрсдийн санхүүгийн эх үүсвэрээр засах боломжгүй. Толгой компани буюу улсын төсвөөс татаас авдаг А-У компаниас санхүүжилт авдаг. Тэгэхээр Т Г .......нь Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д улсын болон орон нутгийн төсвөөс санхүүждэг хуулийн этгээд болох нь тодорхой харагдаж байна. Иргэний хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т Чиг үүргээ хэрэгжүүлэх болон нийгмийн хэрэгцээг хангах зорилгоор төр өөрийн өмчөөр дангаар буюу хамтран хуулийн этгээд байгуулж болно гэж заасан. Эрчим хүч цахилгаан гэдэг нь ард түмний амьдралд өдөр тутмын хэрэгцээтэй. Энэ хэрэгцээг хангахын тулд Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах газраас баталсан  тарифын хүрээнд хэрэгжүүлж ажиллаж байгаагийн төлөө татварын алдангид орж байгаа нь болохгүй байна. Засгийн газрын 2016 оны 80 дугаар тогтоолоор төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд төрийн өмчийг хэрэгжүүлэх журмыг баталж Засгийн газрын 2018 оны 335 дугаар тогтоолоор эрчим хүчний салбарын Таван толгой дулааны цахилгаан станц төрийн өмчит хувьцаат компаниас бусад төрийн өмчит компаниудын хувьцааны 70 хувийг Эрчим хүчний яам, 30 хувийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар тус тус эзэмшинэ гэж байгаа. Тэгэхээр  А-У компани,зэргийн хувьцааг өөр газрууд эзэмшиж байгаа. Анхнаасаа ХХК хэлбэртэй байгуулсан болохоос өмчлөл, эзэмшил нь яам, төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт байна. Дараагийн дугаарт Төрийн өмчийг гэрээгээр ашиглах гэрээг байгуулж энэ компани ашиглах, эзэмших гэрээгээр тухайн объектыг ашиглаж үйл ажиллагаа явуулж байгаа. Үндсэн өөрийнх нь хөрөнгө гэж үзэх боломжгүй. Мөн Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 7.1.3. нийтийн эзэмшлийн барилга байгууламжийг албан татвараас чөлөөлөхөөр заасан. Татварын ерөнхий газрын даргын зөвлөлийн 2001 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн хурлын шийдвэрээр нийтийн эзэмшлийн газар биш гэсэн байдаг. Гэтэл хуулийг тайлбарлах эрхийг Улсын Дээд Шүүх хэрэгжүүлж байгаа. Хэн нэгэн албан тушаалтан, даргын зөвлөлд хууль тайлбарлах эрх байхгүй. Ингэж үзэж байгаа нь хууль зөрчиж байна. Дараагийн дугаарт Засгийн газрын 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 281 дүгээр тогтоолоор Цагдаа, дотоодын цэргийн цагдаагийн хамгаалалтад авах улсын онц чухал объектын жагсаалт батлах тухай тогтоол байна. Уг жагсаалтын хавсралтын 3-т  Дотоодын цэргийн төсөвт хамгаалалтад байх объект гээд 3.13 дээр Тайширын усан цахилгаан станц улсын онц чухал объектод хамаарна гэсэн шийдвэр гарсан. Дурын компани дээр Засгийн газар үүсгэн байгуулах шийдвэр гаргаад, улсын онц чухал объектод авах шийдвэр гаргана гэж байхгүй. Энэ шийдвэрээс хархаар Т Г .........нь төрийн өөрийн өмчийн хөрөнгөөр баригдсан, төрийн хамгаалалтад байдаг нь харагдаж байна. Хаан банкнаас авсан лавлагаагаар дансыг 3 удаа хаасан байна. Улсын онц чухал объектын үйл ажиллагааг алдагдуулах хэмжээнд дансыг хааж байгаа нь болохгүй асуудал. Т Г ...........нь шуурхай ажиллагаа явагддаг. Аваар осол гарсан тохиолдолд ажиллах дүрэм журамтай. Засвар үйлчилгээ хийх горимтой. Тэгэхээр дансыг нь хааснаас шалтгаалж засвар үйлчилгээний санхүүжилтийг гаргаж чадахгүй, үйл ажиллагаа явуулж чадахгүй, 2, 3 сар дараалан ажилчдын цалинг олгож чадахгүй байгаагаас шалтгаалж зарим ажилчид ажлаас гарч уул уурхайн ажил эрхэлж байгаа. Говь-Алтай, Захан аймгийг эрчим хүчээр хангаж байгаа стратегийн онц чухал объектын үйл ажиллагааг алдагдуулж байгааг дурдах нь зүйтэй байна. Дотоодын цэргийн хамгаалалтын гэрээг 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Дотоодын цэргийн тусгай салбарын захирагч н.З, компанийн захирал Д.А нар байгуулж, гэрээг Цагдаагийн газрын дарга, ........... эрчим хүчний системийн гүйцэтгэх захирлууд баталж дотоодын цэргийн хамгаалалтад орсон байгаа. Нийтийн эзэмшлийн барилга байгууламж гэж маргаж байна. Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 "барилга байгууламж" гэж орон сууц, иргэн, үйлдвэр, эрчим хүч, харилцаа холбоо, ус, нефтийн барилга, ус суваг, далан хаалт зэрэг байгууламж түүний инженерийн шугам сүлжээг, 4.1.35."инженерийн шугам сүлжээ" гэж ус хангамж, цахилгаан, дулаан, ариутгах татуурга, цэвэрлэх байгууламж, газрын тос болон төрөл бүрийн хий дамжуулах хоолой, харилцаа холбооны төвлөрсөн байгууламжийг хэлнэ гэж заасан. Татварын хэлтсээс Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 7.1.1, 7.1.3-г зөрчиж татварын акт төлбөр ногдуулж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хөөн хэлэлцэх хугацааны талаар ярьж байна. Хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байсан учраас шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хэлэлцэж байна. Дараагийн дугаарт шинжээчийн дүгнэлтийн талаар ярьж байна. Шинжээчийн дүгнэлтийн хувьд нэхэмжлэгч татварын хувь хэмжээн дээр маргахгүй байгаа. Харин Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 7.1.1, 7.1.3-г зөрчиж хууль бус акт шийдвэр гаргалаа гэж үзэж байна. Шинжээчийн дүгнэлтийг баримтлах боломжгүй байна. Яагаад гэхээр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны тогтоолыг үндэслээд гаргасан байгаа. 2012, 2019 оны тогтоолууд нь нийтээр дагаж мөрдөн хэм хэмжээний актын улсын бүртгэлд байхгүй гэж хэрэгт Хууль зүйн яамны лавлагаа ирсэн. Тэгэхээр тэр дүгнэлтийг ярих шаардлагагүй болж байна. Өмнөх шийдвэрээ дагаж шийдвэр гарах байх гэж байна. Анхны удаа давж заалдах шатны шүүхийн шийдвэр нэхэмжлэгчийн талд гарч хүчин төгөлдөр болсон. Дараа нь 2017 онд Улсын Дээд Шүүхэд маргаан эцэслэн шийдвэрлэгдэж хариуцагчийн талд шийдсэн. Тэгэхээр практикаар шийдэх боломжгүй гэв.

 

          7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын агуулгын хүрээнд хэрэг хянан шийдвэрлэгдэх ёстой. Говь-Алтай аймгийн Татварын хэлтсийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн НА-05210000028 дугаартай нөхөн ногдуулалтын актаар 2018, 2019, 2020 оны үл хөдлөх хөрөнгийн албан татвар 666310022.31 төгрөг, торгууль 244422694.84 төгрөг, алданги 102607655.4 төгрөгийн акт төлбөр ногдуулсныг эс зөвөөрч хүчингүй болглуулах шаардлага гаргасан байгаа. Тухайн маргаан бүхий актаар нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг хөндөж байна гэж захиргааны хэргийн шүүхэд хандсан байгаа. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд мэтгэлцээний хүрээнд хэрэг шийдвэрлэгдэх ёстой. Нөгөө талаас няцааж байгаа тайлбарт дараах тайлбарыг хэлье. Урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явагдаагүй гэж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.3-т заасан хуулийн дагуу урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж нотлох баримтууд авагдсан байгаа. Дараагийн дугаарт нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг хөндөгдөж байгаа захиргааны актын хууль зүйн үндэслэл дээр өмгөөлөгч тайлбараа хэлье. Нэлээд олон хуудас бүхий акт үйлдэгдсэн байдаг. Актын тогтоох хэсгийг харахаар заалтыг тус тус зөрчиж гэж хуулийн заалт бичиж дагаж мөрдөх тухай хуулийн цэг цэг дүгээр зүйлийн гэсэн байгаа юм. Үүн дээр ямар хуулийн зүйл заалт байгаа нь тодорхойгүй, ойлгомжгүй байна. Захиргааны актын тогтоох хэсэгт дурдсан 42.1, 79.1, 79.4.3, цэг цэг гэж заасан байгаа нь татварын байцаагчид эрх хэмжээ олгосон хуулийн заалт байгаа. Ямар хуулийн заалтыг үндэслэл татвар ногдуулалтын акт, алданги, торгууль тогтоож байгаа нь харагдахгүй байна. Акт нь Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд хэр нийцэж байгаа талаар дүгнэлтээ хэлж байна. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т Г .-ынүндсэн статусыг ярьсан гэж үзэж байна. Татварын байцаагч хэлэхдээ бид татварын тухай хууль тогтоомжоо барина гэж байна. Мэдээж өөрсдийн ажиллаж байгаа байгууллагын мөрдлөг болгож байгаа хуулийг баримтлах нь зөв. Гэхдээ энэ тохиолдолд ганцхан татварын хууль тогтоомжийг үндэслэх нь хязгаарлагдмал ойлголт юм. Татварын хууль тогтоомж бусад хууль тогтоомжтой хэрхэн нийцэж байгаа тал дээр үнэлэлт дүгнэлт хийж татвар ногдуулалтын асуудлаа хийх хэрэгтэй. Иргэний хуульд тухайн байгууллагын статус байгаа. Барилгын тухай хуулийг ярихаас өөр аргагүй. Нийтийн эзэмшлийн барилга байгууламж гэдэг талаар төлөөлөгч тодорхой хэлсэн. Тэгэхээр энэ баримтууд ашгийн төлөө юм уу ашгийн төлөө бус хуулийн этгээд юм уу гэдэг нь тухайн хавтаст хэрэгт авагдсан баримтаар шийдэгдэнэ. Хавтаст хэрэгт гаргаж өгсөн баримтаар энэ нь нийтийн эзэмшлийн барилга байгууламжид орохоор байна. Иргэний хуулийн 30.2-т ашгийн төлөө бус нийгмийн хэрэгцээг хангахад чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг байгууллага болох нь харагдаж байна. Тухайн акт Захиргааны ерөнхий хуульд нийцэж гарсан уу? гэдэг асуудал байна. Акт үйлдэгдэж болно. Энэ өөрөө Захиргааны ерөнхий хуультай хэрхэн нийцэж байгаа юм гэдэгт үнэлэлт дүгнэлт өгөх ёстой. Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1-т зааснаар хуулийн заалтыг тусгаж байгаа нь тодорхой байх ёстой. Бидэнд акт тавих эрх олгогдсон гэж эрх олгогдсон хуулийн зүйл заалтаа тусгаад байгаа болохоос ямар хуулийн зүйл зайлтын 4.2.5-т зааснаар тухайн акт гарахдаа зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд  зөрчиж нөхөн ногдуулалтын актыг тухайн үл хөдлөх эд хөрөнгөд тавих болсон талаар актдаа дурдаж өгөх ёстой. Дараагийн дугаарт Захиргааны ерөнхий хуульд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх ёстой байтал эдгээрийг зөрчиж гаргасан гэж үзэж байна. Хариуцагч хэлэхдээ 2 удаа шүүхийн шийдвэр гарсан. Урд нь шийдвэрлэгдсэн шийдвэрийг баримтлаад өгөөч гэж байна. Шүүх хараат бус байх ёстой. Тухайн маргаан кейс болгон өөр өөр тохиолдол байгаа. Хэрэгт авагдсан зүйлүүд өөр өөр байгаа. Шүүхэд хараат бус байх зарчим байгаа. Энэ шийдвэр хэрхэн биелэгдэж байгаа юм. Хэний өмчийн асуудал юм. Энэ аж ахуйн нэгжийн 70 хувь эрчим хүчний яам, 30 хувь нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар хариуцдаг. Тэгэхээр их хэмжээний нөхөн ногдуулалтын акт тавьсан шийдвэр нь хэрхэн биелэгдсэн юм. Улсын Дээд Шүүхийн шийдвэр урд нь биелэгдсэн юм уу? бодит байдалд биелэгдэх боломжгүй акт шийдвэр байна. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3 захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах ёстой гэж байгаа. Бичгээр гаргаж байгаа актын хууль зүйн үндэслэл нь түрүүн дурдсанчлан ойлгомжгүй, тодорхойгүй байна. Хавтаст хэргийн материалд авагдсан нотлох баримтын хүрээнд хариуцагч талаас мэтгэлцэж байгаа зүйл нь нийтийн эзэмшлийн барилга байгууламж биш гэж маргаж байгаа. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэргийн оролцогч өөрийн гаргаж байгаа тайлбар татгалзлаа нотолж оролцох үүрэгтэй. Энэ компани ашгийн төлөө хуулийн этгээд, энэ талбай нь нийтийн эзэмшлийн үл хөдлөх хөрөнгөд орохоор байна гэсэн нотлох баримт гаргаж өгсөн юм уу? энэ баримтаа гаргаж өгөөгүй. Өөрсдөө авах боломжгүй бол шүүхийн журмаар гаргуулах боломжтой. Татварын хууль тогтоомжоор акт тогтоосон гэж байгаа болохоос энэ байдлуудаа нотлоогүй. Энэ тайлбараа няцаасан нотлох баримтаа өгөх үүрэгтэй. Дараагийн дугаарт шинжээчийн дүгнэлтийг баримтлаад шийдээд өгөөч гэж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд тодорхой зааж өгсөн. Шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлт гаргах эрх хэмжээ талуудад байгаа. Шинжээчийн дүгнэлтийг баримтлан шийдвэр гаргана гэсэн хуулийн заалт байхгүй. Шинжээчийн дүгнэлтийг хэрхэн дүгнэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал байгаа. Дараагийн дугаарт иргэдийн хурлын 2 тогтоолын асуудал яригдаж байна. 2 тогтоол хоёулаа захиргааны хэм хэмжээний актад бүртгэлгүй гэсэн лавлагаа ирсэн байгаа. Бодит байдал дээр хүчингүй болсон зүйл байхгүй. 2012 оны тогтоол 2019 оны тогтоолоор хүчингүй болсон байхад хэн нэгэн этгээд хуулиас гадуур гарсан тогтоол байна гэх эрх байхгүй. 2019 оны тогтоол хүчингүй болсон, илт хууль бус акт байна гэсэн бол иргэдийн Төлөөлөгчдийн Хурал өөрөө хүчингүй болгох эсвэл шүүхийн журмаар хүчингүй болгохоор байгаа. Тухайн татварын хууль тогтоомжийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурал зөрчиж татварын байгууллагын хууль ёсны эрх ашиг хөндөгдөж байна гэвэл шүүхэд хандаж хүчингүй болгуулах эрх хэмжээ байгаа. Гэтэл шүүхэд хандаж хүчингүй болгосон зүйл байхгүй. Тэгсэн атлаа 2012 оны тогтоолыг барьж 0,6 хувиар манайх татвар ногдуулсан гэж байна. Хүчингүй байгаа актаар татвар ногдуулж байгаа нь хэр үндэслэлтэй юм. Татвар ногдуулснаар нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг хөндөгдөж байгаа. Харин эсрэгээрээ 2019 оны тогтоолоор 2012 оны тогтоол хүчингүй болсон. 2019 оны тогтоол хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа. Түүнийг хэрхэн үнэлэх нь бас шүүхийн эрх хэмжээний асуудал байгаа. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 7.1.1-т улсын болон орон нутгийн төсвөөс санхүүждэг хуулийн этгээдийн үл хөдлөх эд хөрөнгө; 7.1.3. нийтийн эзэмшлийн барилга байгууламжийг албан татвараас чөлөөлнө гэсний дагуу тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь нийтийн эзэмшлийн барилга байгууламж байх тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү? бодит байдал дээр акт үйлдэх болсон хууль зүйн үндэслэл нь тодорхой бус, биелэгдэх боломжгүй байна. Хүчин төгөлдөр бүртгэгдээгүй хэм хэмжээний актаа үндэслээд ногдуулалт хийсэн гэж байгаа гэв.

 

 8. Хариуцагч Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тухайн аймгийн нутаг дэвсгэрт Цахилгаан үйлдвэрлэх үйл ажиллагаа явуулдаг 3245845 татвар төлөгчийн дугаартай  нь 2022 оны 05 дугаар сарын 10-ний өдөр Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад хариу тайлбар хүргүүлэхэд:

Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.Татварын алба татварын хяналт шалгалтыг ерөнхий болон тусгай удирдамж томилолттой хийх бөгөөд бүрэн, эсхүл хэсэгчилсэн хэлбэрээр олон улсын жишиг, хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлнэ...; мөн хуулийн 41.3. Татвар төлөгчийн эрсдэлд үндэслэн хялбаршуулсан хяналт шалгалт хийж болно...; гэж заасны дагуу Татварын ерөнхий газрын даргын 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/41 дугаартай тушаалаар Эрсдэлд суурилсан татварын хяналт шалгалтад 2021 онд хамруулах төлөвлөгөөний нэгтгэл, “Татварын хяналт шалгалтад хамруулах эрсдэл бүхий албан татвар төлөгчдийн жагсаалтыг 1,2  дугаар хавсралтаар баталж ирүүлсэн бөгөөд жагсаалтын 10-д 44 хувийн эрсдэлтэй Т Г  ...... ххк төлөвлөгөөт хяналт шалгалтад хамрагдахаар ирсэн.

Тус хэлтсийн Хяналт шалгалтын тасгаас 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс тухайн байгууллагын 2017-2020 оны татвар төлөлт, ногдуулалт, тайлагналын байдалд иж бүрэн хяналт шалгалт хийх 521802314 дугаартай томилолт үүсгэж, шалгалтыг эхлүүлсэн.

Уг шалгалтаар Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэхь заалтыг зөрчсөн байсан учир татварын улсын байцаагчийн НА- 05210000028 дугаартай нөхөн ногдуулалтын акт үйлдсэн.

Иймд татварын улсын байцаагчийн акт зохих хууль тогтоомжийн дагуу тавигдсан учир нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

         9.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Ашүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: 2021 оны Татварын ерөнхий газраас хяналт шалгалт хийгдэхээр орж ирсний дагуу Т Г  ... ххк-дтатварын хяналт шалгалт хийж гүйцэтгэхээр мэдэгдлийг хуулийн хугацаанд танилцуулсан. Шалгалт 2021 оны 10 дуугаар сарын 01-ий өдрөөс хийж эхлэхээр байсан боловч тус компаниас аудит хийлгэх удирдамж ирсэн тул татварын хяналт шалгалтыг түр хугацаагаар хойшлуулж өгнө үү гэсэн албан бичиг ирсэн тул хойшлуулсан. Хяналт шалгалт хойшлоод 11 дүгээр сард нягтлан бодогч Г-ийн хүүхэд ковидын халдвар авч өвдсөн тул хяналт шалгалтыг дахин хойшлуулж өгнө үү гээд 2 удаа хяналт шалгалтыг хойшлуулсан. Нягтлан бодогч ирсэний дагуу хяналт шалгалт үргэлжилж яваад 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хяналт шалгалт дууссан. Татварын ерөнхий хуулийн 41-т заасны дагуу хяналт шалгалтыг хийсэн.Татвар төлөгч татварын хууль тогтоомжид заасны дагуу төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэт тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг татварын алба хянан шалгана гэж заасны дагуу иж бүрэн хянан шалгалтыг хийж гүйцэтгэсэн. Шалгалтаар хуулийн этгээдийн үл хөдлөх хөрөнгийг үндсэн хөрөнгөд бүртгэж, элэгдлийн зардлаа тооцож, татвар ногдуулахаа бууруулсан боловч үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараа тайлагнаагүй зөрчил илэрсэн. Тус зөрчлийг Үл хөдлөх эд хөрөнгийн татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т Газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулах үнэлгээг уул хөрөнгийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдээгүй бол хөрөнгийн даатгалд даатгуулсан үнийн дүнгээр, хөрөнгийн даатгалд даатгуулаагүй бол данс бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр тус тус тодорхойлно гэж заасныг зөрчсөн зөрчил илэрсэн тул үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг шалгалтаар нөхөн ногдуулж, хуулийн дагуу алданги торгууль тооцож акт үйлдсэн. Нөхөн ногдуулалтын акт тэмдэглэх, тогтоох гэсэн хэсгээ бүрдэнэ гэж заасны дагуу үнэн зөв акт үйлдсэн гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад гаргасан. Татварын маргаан таслах комисст эхэлж хандах ёстой байсан. Мөн хууль зөрчиж үндэслэлгүй акт гаргасан гэсэн. Манайх өдөр тутамдаа Татварын ерөнхий хууль болон, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хууль болон холбогдох хуулийн дагуу актаа үнэн зөв үйлдэж гаргасан. Аливаа маргаантай асуудлыг шинжээчийн дүгнэлтээр шийддэг. Акт нь ямар зүйл заалтаар хүчин төгөлдөр байгаа юм бэ? гэж байна. Татварын ерөнхий хуулийн 42-р зүйлийн 42.1.Татварын улсын байцаагч энэ хуулийн 16.2, 16.3, 36.1, 37.1, 41.1-д заасан үндэслэлээр нөхөн ногдуулалтын акт, эсхүл илтгэх хуудас үйлдэх бөгөөд нөхөн ногдуулалтын акт нь тэмдэглэх, тогтоох хэсгээс, илтгэх хуудас нь тэмдэглэх хэсгээс бүрдэнэ гэж заасан байгаа. Манайх тэмдэглэлээ хангалттай тэмдэглэж өгсөн байгаа. Тогтоох хэсэгт Зөрчлийн тухай хуулийн 19.1 дүгээр зүйл, 11.19 дүгээр зүйлийн 2, Татварын ерөнхий хуулийн 73.1, 82.2, 74.1 эх мэт зөрчсөн хуулийн заалт болгоныг тусгасан байгаа. Татварын ерөнхий хуулийн 79.1-т Татварын албанаас татвар хураах, хяналт тавих, татварын шалгалт хийхтэй холбогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ гаргасан шийдвэрийг мэдэгдэл, шаардах хуудас, битүүмжлэх акт, битүүмжлэлийн хуудас, нөхөн ногдуулалтын акт, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт, илтгэх хуудас, тэмдэглэл, татварын буцаан олголтын акт, нэхэмжлэх, урьдчилан нэхэмжлэх хуудас, мэдэгдэх хуудас, шаардлага, суутгалын хүсэлт, хуваарилалтын тооцооллын акт, зарлан дуудах хуудас, битүүмжлэх мэдэгдэх хуудас, зөвлөмж болон татварын албаны үйлдэх бусад баримт бичиг үйлдэн баталгаажуулна гэж заасан, 79.4.3-т татвар төлөгчид хууль тогтоомжийн дагуу татварыг нөхөн ногдуулж хариуцлага хүлээлгэх, алданги тооцоход нөхөн ногдуулалтын акт үйлдэх бөгөөд түүнд хяналт шалгалт хийсэн холбогдох нэгжийн дарга болон татварын улсын байцаагч гарын үсэг зурж, зөрчлийн тухай тэмдэглэл, шийдвэрлэсэн үндэслэл, уг актыг үйлдсэн он, сар, өдөр, дугаарыг тусгах гэж заасан байгаа. Актын дугаар цаанаасаа үүсэж гарч ирдэг. Уг акт хүчин төгөлдөр гэж үзэж байна. Нэхэмжлэгч талаас шинжээчийн дүгнэлт гаргуулсан. Уг дүгнэлт нь үнэн зөв гарсан учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

 10.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч талаас өмнө нь 2 удаа шүүхийн шийдвэр гарсан байгаа. Улсын Дээд Шүүхийн тогтоол гарсан. Тэр нь Татварын тухай хуулийг мөрдөж татвар төлөгч үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөх ёстой гэснийг шүүх харгалзан үзэх байх. Энэ маргааны он өөр болохоос өмнө нь яригдаж байгаа асуудал хэвээрээ байгаа. Өнөөдрийн маргаж байгаа акт нь 2018-2020 он байгаа. Өмнөх нь 2014, 2015 оны шийдвэр байгаа. Нийтийн өмчийг төрийн болон төрийн бус байгууллагын өмч гэж ангилж үздэг. Нийтийн эзэмшил гэдэгт эд хөрөнгө өмчлөлгүй гэдгээр ялгаатай. Т Г -ыг нийтийн эзэмшил гэж нэхэмжлэгч тал үзэж байна. Нийтийн эзэмшил юм бол элэгдлийн зардал тооцож, цахилгаан хэрэглэгчдээс төлбөр авах шаардлагагүй. Мөн он дараалан алдагдалтай ажиллаж байна гэсэн. Нэхэмжлэгч байгууллага нь элэгдлийн зардлаа тооцож, үл хөдлөх эд хөрөнгийн элэгдлийн зардал нь ихэнх хувийг эзэлж байгаа гэв.

 

11. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч талаас Засгийн газрын тогтоолуудыг ярьж байна. Манай Татварын алба иж бүрэн хуульчлагдсан, бүх хөрөнгийн төрөлд татвар төлөх, тайлагнах үүргийг тодорхой болгосон, цогц хуулийг бүрэн хэрэгжүүлдэг, жилд 1-2 удаа мэргэшүүлэх сургалтад хамрагддаг мэргэшсэн байцаагч нар ажиллаж байгаа, цахимжсан татварын алба байгаа. Үл хөдлөх эд хөрөнгийн татварын тухай хуульд зааснаар ногдуулсан акт нь хаана ч очсон хүчин төгөлдөр мөрдөгдөхөөр акт байгаа. Барилгын тухай хуулийг мөн ярьж байна. Барилгын тухай хуульд нийтийн эзэмшил гэж юу болох талаар заалт байгаа. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 7.1.1. улсын болон орон нутгийн төсвөөс санхүүждэг хуулийн этгээдийн үл хөдлөх эд хөрөнгө албан татвараас чөлөөлөгдөнө гэж заасан. Санхүүгийн балансаа Сангийн яаманд тушаахдаа аль заалтад хамаарч төсөвт байгууллагын балансаа илгээдэг юм. Бид хурлаас өмнө шалгахад аж ахуй нэгж гэсэн санхүүгийн тайланд баланс нь байгаа. Элэгдлийн зардлаа тооцож татвар ногдуулах орлогоо бууруулж өөрийнхөө эдлэх эрхээ эдэлсэн бүгдийг нь эдэлсэн байгаа. Гарын үсэг зурж баталгаажуулаад байгаа санхүүгийн балансынхаа нүүрийг харж үзвэл яасан юм.  Өөрсдөө баталгаажуулаад сангийн яам баталгаажуулж байгаа.

Татварын ерөнхий хууль, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хууль, Барилгын тухай хууль гэсэн 3 хуулийн хүрээнд ярилцаж байна. Татварын ерөнхий хуулийн зорилт нь Энэ хуулийн зорилт нь Монгол Улсад татвар бий болгох, тогтоох, татвар төлөгчийг бүртгэх, татвар ногдуулах, тайлагнах, төлөх, хянан шалгах, хураах, хөнгөлөх, чөлөөлөх, суутган тооцох, буцаан олгох эрх зүйн үндсийг тогтоож, Монголын Татварын алба /цаашид "Татварын алба" гэх/, татвар төлөгч болон энэ хуулийн дагуу татварын албаны өмнө үүрэг хүлээсэн бусад этгээдийн эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлон, тэдгээрийн хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино гэж заасан байгаа. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн зорилт нь  Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа үл хөдлөх эд хөрөнгөд /цаашид "үл хөдлөх эд хөрөнгө" гэх/ албан татвар ногдуулах, уг татварыг төсөвт төлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж заасан байгаа. Барилгын тухай хуулийн зорилт нь барилгын үйл ажиллагаа эрхлэх, барилгын материал үйлдвэрлэх, барилгын ажил гүйцэтгэх, түүнд хяналт тавих, ашиглалтад оруулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж заасан байна. Ийм учраас Барилгын тухай хуулийг барихгүй гэж үзэж байна. Тогтоолтой холбоотой хэлэхэд Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн захиргааны хэм хэмжээний актыг бүртгэсэн өдрөөс хойш 10 өдрийн дотор “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтлүүлнэ гэсэн байгаа. 2019 оны тогтоол Захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн санд бүртгэгдээгүй байна. Т Г ......-ынүл хөдлөх эд хөрөнгийн албан татвартай холбоотой нэхэмжлэл 2013 оноос явж байна. Нэлээд удаан үргэлжиллээ. Дээд шүүхийн тайлбар гарсан байгааг шүүгч харгалзаж үзэх байх. Шинжээчийн дүгнэлт дээр алданги дээр хоногийн зөрүү гарсан байгаа. Тэгэхээр шүүгч шинжээчийн дүгнэлтээр манай төлөх татварын хэмжээг тооцож өгнө үү? гэж хүсэж байна. Мөн Монгол улсын Үндсэн хуульд заасан татвар төлөгчийн үндсэн үүргээ санаатайгаар хойшлуулж цаг хугацаа авч байгаад холбогдох хуулиар эцэслэн шийдвэрлэж өгнө үү гэв.

 

                                                 ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон хэргийн оролцогч нарын тайлбарт тулгуурлан дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

12. Т Г  .... ххк-н Гүйцэтгэх захирал Д.А-ээс Говь-Алтай аймгийн Татварын хэлтэст холбогдуулан “Говь-Алтай аймгийн Татварын хэлтсийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн НА-05210000028 дугаартай нөхөн ногдуулалтын актаар 2018, 2019, 2020 оны үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар 666310022.31 төгрөг, торгууль 244422694.84 төгрөг, алданги 102607655.4 төгрөг, нийт 1,013,340,372.55 төгрөгийн актыг хүчингүй болгуулах” нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгчээс: “1. А ТӨХК нь улсын төсвөөс татаас авч санхүүждэг бөгөөд охин компаниудын алдагдлыг үүрч ажилладаг. Энэ талаараа Т г ХХК нь улсын төсвөөс санхүүждэг аж ахуйн нэгжид хамаарах боломжтой. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын болон орон нутгийн төсвөөс санхүүждэг хуулийн этгээдийн үл хөдлөх эд хөрөнгийг албан татвараас чөлөөлөхөөр хуульчилсан байхад үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. 2. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т нийтийн эзэмшлийн барилга байгууламжийг албан татвараас чөлөөлөхөөр хуульчилсан байхад татвар ногдуулсан” гэж маргадаг.

Хариуцагчаас: “...хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, тус хэлтсийн Хяналт шалгалтын тасгаас 2021 оны 08 дугаар сард тухайн байгууллагын 2017-2020 оны татвар төлөлт, ногдуулалт,  тайлагналтын байдалд иж бүрэн хяналт шалгалт хийсэн. Уг шалгалтаар Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх заалтыг зөрчсөн байсан учир татварын улсын байцаагчийн НА-05210000028 дугаартай нөхөн ногдуулалтын акт үйлдсэн.” гэж маргадаг.

Маргаан бүхий захиргааны акт болох НА-05210000028 дугаартай нөхөн ногдуулалтын актын хавсралтаас харахад хариуцагч нь 2018, 2019, 2020 онуудад нийт 37,108,073,462 төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгөнд татвар ногдуулж төлөөгүй гэж үзэж, 666,310022.31 төгрөгийн албан татвар, 244,422694.84 төгрөгийн торгууль, 102,607655.4 төгрөгийн алданги, нийт 1,013,340372.55 төгрөгийн төлбөрийг нэхэмжлэг ХХК-д ногдуулжээ.

13. Нэхэмжлэгч Т Г .ХХК нь Говь-Алтай аймгийн Говь-Алтай аймгийн Татварын хэлтсийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн НА-05210000028 дугаартай нөхөн ногдуулалтын актыг гардан аваад 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 11 дүгээр захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т зааснаар урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа хийлгэхээр хүлээн авахаас татгалзсан байна. Үүний дараа нэхэмжлэгч Говь-Алтай аймаг дахь Татварын маргаан таслах зөвлөлд хандсан боловч хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэсэн үндэслэлээр гомдлыг хэлэлцэлгүй буцаасан байна.

Захиргааны актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээд шүүхэд хандах эрхтэй бөгөөд иргэн, хуулийн этгээдийн энэхүү эрхийг хуульд зааснаас бусад үндэслэлээр хязгаарлахгүй.

Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.15-д Иргэн, хуулийн этгээд тогтоосон журмаар гомдол гаргасан, ... бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана., 33.16-д Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно. гэж тус тус заасан байна.

Иймээс нэхэмжлэгчийг хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

14. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 13 дугаар зүйлд: Төр чиг үүргээ хэрэгжүүлэх болон нийгмийн хэрэгцээг хангах зорилгоор төр өөрийн өмчөөр дангаараа байгуулсан хуулийн этгээдийг төрийн өмчит хуулийн этгээд гэнэ. Төрийн өмчит хуулийн этгээдийг эд хөрөнгийн эрхийн байдлаар нь дор дурдсанаар ангилна: 1/ төрийн байгууллага, албан газар; 2/ төрийн өмчит үйлдвэрийн газар. 3/төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлэг., 14 дүгээр зүйлд: 1.Төрийн өмчит үйлдвэрийн газраас бусад улсын төсвөөс санхүүждэг хуулийн этгээдийг төрийн байгууллага, албан газар гэнэ. 15 дугаар зүйлийн З-т Өөрт олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр төсвийн хөрөнгөөр санхүүждэг, зөвхөн төрийн хэрэгцээнд зориулсан үйлдвэрлэл, ажил, үйлчилгээ эрхэлдэг хуулийн этгээдийг улсын төсөвт үйлдвэрийн газар гэнэ. гэж тус тус заасан. Өөрөөр хэлбэл, төрийн байгууллага, албан газар, улсын төсөвт үйлдвэрийн газар нь улсын төсвөөс санхүүжиж эд хөрөнгийн эрхийн байдал нь энэхүү хуулиар тодорхойлогдно.

   Мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 1-д Төрийн өмчийн хувьцаатай буюу төр хувь хөрөнгөө оруулсан хуулийн этгээдийг төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд гэнэ., 2-т Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд төрийн өмчийн төлөөлөгчийг ... байдлаар томилно. гэжээ.

   Хуулийн эдгээр заалтуудаас харвал төрийн өмчийн хувьцаа, хувь хөрөнгөөр байгуулсан хуулийн этгээдийг улсын төсвөөс санхүүждэг үйлдвэрийн газраас ялган тодорхойлсон учир нэхэмжлэгч Т Г .......ХХК-ийг улсын төсвөөс санхүүждэг хуулийн этгээдтэй адилтган дүгнэх үндэслэлгүй.

Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д улсын болон орон нутгийн төсвөөс санхүүждэг хуулийн этгээдийн үл хөдлөх хөрөнгийг албан татвараас чөлөөлөхөөр заасан тул нэхэмжлэгч Т Г ......ххк-нүл хөлдөх хөрөнгө албан татвараас чөлөөлөгдөхгүй.

Иймээс нэхэмжлэгчийн “...А-..... ТӨХК нь улсын төсвөөс татаас авч санхүүждэг бөгөөд охин компаниудын алдагдлыг үүрч ажилладаг. Энэ талаараа Т г ХХК нь улсын төсвөөс санхүүждэг аж ахуйн нэгжид хамаарах боломжтой.” гэсэн тайлбарыг хүлээн авах боломжгүй.

   15. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т нийтийн эзэмшлийн барилга байгууламжийг албан татвараас чөлөөлөхөөр заасан.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 3 дугаар зүйлд: Төрийн өмч нь төрийн нийтийн зориулалттай өмч, төрийн өөрийн өмчөөс бүрдэнэ. Төрийн нийтийн зориулалттай өмч, төрийн өөрийн өмч нь Иргэний хуулийн 84 дүгээр зүйлд заасны дагуу үл хөдлөх болон хөдлөх хөрөнгөд хуваагдана., 4 дүгээр зүйлийн 1-д Үндсэн хууль, бусад хуулиар нийтийн зориулалтаар ашиглахаар бүх ард түмний өмч болгон заасан зүйлсийг төрийн нийтийн зориулалттай өмч гэнэ., 5 дугаар зүйлд:  1.Төрийн өөрийн өмчид энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаас бусад төр эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулж болох дараахь эд хөрөнгө хамаарна: ...З/ төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн төрд ногдох хувь хөрөнгө; гэж тус тус заажээ.

Тодруулбал төрийн нийтийн зориулалттай өмчид хамаарахгүй эд хөрөнгө төрийн өөрийн өмчид хамаарна. Төрийн өөрийн өмч гэсэн ангилалд төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн төрд ногдох хувь хөрөнгө багтана.

Өөрөөр хэлбэл нэг үл хөдлөх хөрөнгийн тухайд энэхүү хуульд заасан 2 ангилалд нэгэн зэрэг харьяалагдахгүй.

   Иймээс төрийн өмчийн хувьцаа, хувь хөрөнгөөр байгуулсан хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгүүдийг “нийтийн эзэмшлийн барилга байгууламж” гэх үндэслэлгүй байна.

Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т "барилга байгууламж" гэж орон сууц, иргэн, үйлдвэр, эрчим хүч, харилцаа холбоо, ус, нефтийн барилга, ус суваг, далан хаалт зэрэг байгууламж түүний инженерийн шугам сүлжээг; гэж тодорхойлсоноор нэхэмжлэгчийн үл хөдлөх хөрөнгүүд “барилга байгууламж” гэсэн ойлголтод багтах боловч гагцхүү “нийтийн эзэмшлийн” гэх шалгуурыг хэрхэн хангаж буйгаа нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй болно.

16. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 5-р зүйлийн 5.1-д Газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулах үнэлгээг уул хөрөнгийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдээгүй бол хөрөнгийн даатгалд даатгуулсан үнийн дүнгээр, хөрөнгийн даатгалд даатгуулаагүй бол данс бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр тодорхойлно, 6.1-д Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан үнэлгээнээс аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн хөрөнгийн байршил, зориулалт, хэмжээ, зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн байдлыг харгалзан 0,6-2,0 хувиар тооцож ногдуулна гэж заажээ.

Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 07 дугаар сарын  02-ны өдрийн 11/06 дугаар тогтоолын 2 дахь заалтаар үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хувь хэмжээг 0,6 хувиар тогтоосныг 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 23 дугаар тогтоолоор нэмэлт өөрчлөлт оруулсан байна. Ийнхүү нэмэлт өөрчлөлт оруулан батлахдаа “2. Үл хөдлөх хөрөнгийн албан татварын хувь хэмжээг 0,6 хувиар тогтоож, Төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой усан цахилгаан станц болон төвлөрсөн усан хангамжийн байгууллагын үйлдвэрлэлийн барилга, байгууламж, шугам сүлжээний үнийн дүнд ногдох үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг тооцохгүй байхаар тогтсугай.” гэжээ.

Татварын ерөнхий хууль/2008 он/-ийн 3 дугаар зүйлийн 3.1-т Татварыг зөвхөн Улсын Их Хурал хуулиар бий болгох, өөрчлөх, хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох эрхтэй., 8 дугаар зүйлийн 8.1-т Татварын хувь, хэмжээг Улсын Их Хурал, түүний эрх олгосноор Засгийн газар болон аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хууль тогтоомжийн дагуу тус тус тогтооно., 8.5-д Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал энэ хуулийн 7.4.2-7.4.6, 7.4.8, 7.4.10-7.4.14, 7.4.16-д заасан болон ... татварын хувь, хэмжээг Улсын Их Хурлаас баталсан хязгаарт багтаан тогтооно гэж тус тус заасан байна.

Өөрөөр хэлбэл тодорхой төрлийн татварыг Улсын Их Хурал хууль батлан бий болгох, өөрчлөх, хөнгөлөх, чөлөөлөх онцгой бүрэн эрхтэй байна. Харин аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Улсын Их Хурлаас эрх олгосноор тодорхой төрлийг татварын хувь хэмжээг доод дээд хязгаарын дотор багтаан тогтоохоор хуульчлагджээ .

Тодруулбал, Татварын ерөнхий хууль/2008 он/-ийн 7 дугаар зүйлийн 7.4.3-т заасан үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хувь хэмжээг Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан 0,6-1,0 хувь гэсэн хязгаарын дотор аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтоохоор байна.

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.4-т Захиргааны хэм хэмжээний актыг баталснаас хойш хуульд өөрөөр заагаагүй бол ажлын таван өдрийн дотор эрх бүхий байгууллагад хянуулж, бүртгүүлэхээр хүргүүлнэ., 64.6-т иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын баталсан захиргааны хэм хэмжээний актыг Засаг даргын хуульд заасан хориг тавих хугацаа дууссанаас хойш ажлын  таван өдрийн дотор эрх бүхий байгууллагад хянуулж, бүртгүүлэхээр хүргүүлнэ.”, 67 дугаар зүйлийн 67.1-т Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн захиргааны хэм хэмжээний актыг бүртгэсэн өдрөөс хойш 10 өдрийн дотор “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтлүүлнэ., 67.3-т Энэ хуулийн 67.2-т заасан шаардлагыг зөрчсөн тохиолдолд тухайн захиргааны хэм хэмжээний акт эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй бөгөөд биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдэд үүрэг, хариуцлага хүлээлгэхгүй. гэж тус тус заажээ.

Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 23 дугаар тогтоол нь Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй болох нь Хууль зүй, дотоод хэргийн яамны 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 3-2/113 дугаар лавлагаагаар нотлогддог.

Иймээс Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 23 дугаар тогтоолоор “Төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой усан цахилгаан станц болон төвлөрсөн усан хангамжийн байгууллагын үйлдвэрлэлийн барилга, байгууламж, шугам сүлжээний үнийн дүнд ногдох үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг тооцохгүй байх”-аар шийдвэрлэсэнийг зөвтгөн дүгнэх боломжгүй бөгөөд хуульд заасан доод хувь хэмжээгээр татвар ногдуулсан гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэл бүхий байна.

17. Татварын улсын байцаагч нар нэхэмжлэгч компанийн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг дансанд бүртгэгдсэн үнээр тооцож, үл хөдлөх эд хөрөнгийн нөхөн татварыг тодорхойлжээ. Энэ нь Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулах үнэлгээг уул хөрөнгийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдээгүй бол хөрөнгийн даатгалд даатгуулсан үнийн дүнгээр, хөрөнгийн даатгалд даатгуулаагүй бол данс бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр тус тус тодорхойлно.” гэж заасантай нийцжээ. 

Нэхэмжлэгч компани нь граш, Г т дахь .........барилга, бага далан, Т сум дахь ........., ашиглалтын тунель, үндсэн далан, богоош далан, оффисын байр зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг данс бүртгэлдээ өөрийн үндсэн хөрөнгөөр бүртгэн, жил бүр элэгдлийн зардлыг тооцож ирсэн байх боловч үл хөдлөх хөрөнгийн албан татвар тооцож тайлагнаагүй, төсөвт төлөөгүй нь 2018, 2019, 2020 оны үндсэн хөрөнгийн дэлгэрэнгүй бүртгэл, тайлан болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 122 дугаар шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна.

Шинжээчийн дүгнэлтэд нөхөн ногдуулалтын актын 2019 оны алдангийн хэмжээ 44,529,688.15 байхад 32,578,617.25 гэж, 2020 оныхыг 32,462,142.66 байхад 25,862,410.00 гэж алдаатай тооцоолсон гэж дүгнэжээ. Маргаан бүхий актад Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд “2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийг буцаан хэрэглэхэд татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар бол 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн холбогдох заалт, 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, 3, 4, 5 дахь хэсгийг буцаан хэрэглэж, тухайн хуулийн заалтыг дагаж мөрдөнө.”, Татварын ерөнхий хууль /2008 он/-ийн 74-р зүйлийн 74.1-д “Хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхгүй байна.” гэсний дагуу алдангийн хэмжээг тогтоосон нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулаагүй байна.

18. Нэхэмжлэгч үл хөдлөх эд хөрөнгийн татварыг тооцож тайлагнаагүй бөгөөд энэ талаараа маргадаггүй. Харин тухайн төрлийн татвараас чөлөөлөгдөх учраас тайлагнаагүй гэж тайлбарладаг. 

Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэгт өмчийн бүх төрөлд хамаарагдах компани, ...тэдгээрийн төлөөлөгчийн газар үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгч байна гэж зааснаар нэхэмжлэгч Т Г .....ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгч хуулийн этгээд тул дээрх хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн жилийн албан татварыг улирал бүрийн сүүлийн сарын 15-ны дотор тэнцүү хэмжээгээр тооцож төлөх үүрэгтэй байна.

Учир нь Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 3-р зүйлийн 3.1-д Монгол Улсын Иргэний хуулийн 84.3-т заасны дагуу тодорхойлогдсон бүх төрлийн үл хөдлөх эд хөрөнгөд албан татвар ногдуулна, Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-т Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөнд хамаарна гэж тус тус заажээ.

19. Татварын нөхөн ногдуулалтын актад тусгагдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг улсын бүртгэлд бүртгүүлсэн эсэх, хөрөнгийн даатгалд даатгуулсан эсэх, уг бүртгэлийн болон даатгалын үнэлгээнээс төлбөр тогтоох эсэх талаар талууд маргаагүй болно.

 20. Нэхэмжлэгчээс “...Татварын улсын байцаагчийн НА-05210000028 дугаартай нөхөн ногдуулалтын актын үл хөдлөх хөрөнгийн албан татвартай холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрөөгүй байхад 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 101 сая төгрөг татаж авсан. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй.” гэж маргадаг. Нэхэмжлэгч компанийн ХААН банкин дахь дансыг Татварын хэлтсээс 2021, 2022 онд нийт 3 удаа  барилт хийж мөнгө татсан байна. Говь-Алтай аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ж.Б-ийн Т Г .......ХХК 2016-2017 оны үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулалт, төлөлтийг шалгаж, 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 0175752 тоот шийтгэлийн хуудсаар нийт 655,910,643 төгрөгийн нөхөн төлбөр ногдуулсан байна. Энэхүү шийтгэлийн хуудсыг Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 68 дугаар захирамжаар баталгаажуулжээ. Мөн нэхэмжлэгч 2014, 2015 оны үл хөдлөх эд хөрөнгийн татварын нөхөн төлбөр 437,608,814 төгрөгийг бүрэн төлж барагдуулаагүй байгаа нь хэрэгт авагдсан баримт, шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байгаа тул Татварын улсын байцаагчийн НА-05210000028 дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүлээн зөвшөөрөөгүй байхад данснаас шууд мөнгө татсан гэсэн үндэслэл тогтоогдохгүй байна. Учир нь нэхэмжлэгч маргаан бүхий актаас өмнөх буюу шүүхээр шийдвэрлэгдсэн нөхөн төлбөрүүдээ бүрэн барагдуулаагүй байжээ.

21. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 23-ний өдрийн 122 дугаар Мэдэгдэл-ээр шинжээчийн ажлын хөлсөнд 2,800000 төгрөг нэхэмжилжээ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т Дараахь зардлыг хэргийн оролцогчоор нөхөн төлүүлнэ: 44.3.1.шинжээч, орчуулагч, хэлмэрчийн тээвэр, байр, хоолны зардал, шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжаар гүйцэтгэсэн ажил үндсэн ажлын чиг үүрэгт хамаарахгүй бол ажлын хөлс; гэж заасан байна. Шүүхийн шинжилгээний тухай хууль /2009 он/-ийн 3 дугаар зүйлийн 3.1-т “Эрүү, иргэн, захиргааны болон бусад хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн шинжилгээ хийхэд энэ хуульд заасан журмыг баримтална.” 37 дугаар зүйлийн 37.1-т Шүүхийн шинжилгээний байгууллага нь эрүү, иргэн, захиргааны болон бусад хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтыг илрүүлж бэхжүүлж авах, ул мөр, эд мөрийн баримтад үзлэг, шинжилгээ хийж, шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий төрийн байгууллага мөн. гэж заажээ. Шүүгчийн захирамжид заасан шинжилгээг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Эдийн засгийн газрын шинжээч З.Б-ын үндсэн ажлын чиг үүрэгт заасны дагуу гүйцэтгэсэн байх тул шинжээчийн ажлын хөлсийг хэргийн оролцогчоор нөхөн төлүүлээгүй болохыг дурдав.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт,  Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 4 дүгээр зүйлийн  4.1.3, 5 дугаар зүйлийн 5.1, 6 дугаар зүйлийн 6.1, 8 дугаар зүйлийн 8.1, 8.2, Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйл, Татварын ерөнхий хууль /2008 он/-ийн 74-р зүйлийн 74.1-д заасныг баримтлан Т Г .......ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.А-ээс Говь-Алтай аймгийн Татварын хэлтэст холбогдуулан гаргасан “Говь-Алтай аймгийн Татварын хэлтсийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн НА-05210000028 дугаартай нөхөн ногдуулалтын актаар 2018, 2019, 2020 оны үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар 666,310,022.31 төгрөг, торгууль 244,422,694.84 төгрөг, алданги 102,607,655.4 төгрөг, нийт 1,013,340,372.55 төгрөгийн актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

  3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дах хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

  4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ч.ОЮУНСҮРЭН