Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 101/ШШ2022/05181

 

 

 

 

 

 

 

2022 12 08

101/ШШ2022/05181

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ш.Г-н гаргасан,

 

Хариуцагч: БЗД г з б а-д холбогдох,

 

Нөхөн олговорт 10,960,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

  

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ч, нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.

  

ТОДОРХОЙЛОХ нь:


Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Миний бие БЗД г а-с хууль, тогтоомжид нийцүүлэн олгосон зөвшөөрлийн дагуу тус дүүргийн 18 дугаар хорооны нутагт баригдсан автомашины гаражийг 2004 онд худалдан авч, харъяа газрын албатай 2004 оны 12 дугаар сарын 16-ны өдөр  тоот гэрээ байгуулж, 129 дүгээр цэцэрлэгийн баруун талд байршилтай 0.0018 га газрыг автогаражийн зориулалтаар эзэмшиж байсан. Би, өнгөрсөн бүх жилүүдэд газрын төлбөрийг гэрээний дагуу тогтмол, хугацаанд нь төлж, газрыг зориулалтын дагуу, үүргийн ямар нэгэн зөрчилгүйгээр эзэмшиж байсан. 

 

Тодруулбал, хууль, журам зөрчихгүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 18 жил эзэмшиж байхдаа газрын төлбөрийг цаг тухай бүрт нь төлж, гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлж байсан тул өөрийгөө тухайн автогараж баригдсан газрыг хуулийн дагуу эзэмшиж, ашиглаж байсан гэж ойлгож байна. Гэтэл төрийн захиргааны байгууллагаас миний газар эзэмших эрх дуусгавар болсон талаар шийдвэр гаргаж, автогаражийн хаалган дээр буулгах буюу чөлөөлөх мэдэгдлийг наасан бөгөөд тухайн газар дээр нийтийн эрх ашигт нийцсэн барилга байгууламж барих гэж байгааг би хүлээн зөвшөөрсөн тул энэ талаар маргаагүй.

 

Гэвч үүргийн аливаа зөрчилгүйгээр, мөн төрийн эрх бүхий байгууллагаас зөвшөөрсний дагуу 18 жил эзэмшсэн газрын эрхийг минь цуцалж, миний эзэмшиж байсан автогаржийг буулгахдаа иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний 5 дугаар үйлийн 5.2 дахь хэсэгт 2 тал харилцан тохиролцож шийдвэрлэнэ гэсний дагуу тодорхой хэмжээний нөхөн олговор олгох асуудлыг шийдвэрлүүлэхээр БЗД г з б а-нд 2 удаа хандахад 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 10/301 тоот албан бичгээр нөхөн олговор олгох хууль эрх зүйн зохицуулалт байхгүй гэж, мөн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн  тоот албан бичгээр хууль зөрчиж газар эзэмшиж байгаа тул таны хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэсэн агуулгатай хариу өгсөн.

 

Би, нөхөн олговор олгох хууль зүйн зохицуулалтгүй гэдэгтэй болон намайг хууль зөрчиж газар эзэмшсэн гэдэгтэй аль алинтай нь санал нийлэхгүй байна. Монгол Улсын иргэн нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, эмчлэх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө гэж, түүнчлэн Иргэний хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д аливаа этгээд нь хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлахгүйгээр эдийн баялаг болох эд юмс болон эдийн бус баялаг болох оюуны үнэт зүйлс, эрхийг олж авч болох бөгөөд энэ тохиолдолд дээрх баялаг нь хөрөнгө болно гэж өмчлөх эрхийн суурь зохицуулалтыг тодорхойлсон.

 

Хэдийгээр миний эзэмшиж байсан автогаражийн доорх газар эзэмших эрх дуусгавар болсон ч уг газар дээр зохих зөвшөөрлийн дагуу барьж, ашиглаж байсан автогараж нь миний эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд хамаарах эд хөрөнгө юм. Өөрөөр хэлбэл, миний эзэмшлийн автогараж нь Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2 дахь хэсэгт зааснаар газрын үндсэн бүрдэл хэсэг гэж үзэж байна. Надад газар эзэмших эрхийг гэрээгээр олгосон нэг талын санаачлагаар гэрээнээс татгалзаж, үнэ өртөг бүхий хөрөнгийг маань нурааж, ашиглах боломжгүй болгож байгаатай холбоотойгоор тодорхой хэмжээний нөхөн олговор олгохыг шаардах хууль зүйн боломж бий гэж үзэж байна. Би, өөрийн эзэмшлийн автогаражийн үнийг хэт өндөр, эсхүл хэт бага үнэлэхээс зайлсхийж, асуудалд бодитой хандахын тулд үнэгүй.мн (unegui.mn) вэб сайтад 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөр байршуулсан байсан Улаанбаатар хотод байгаа ижил төрлийн 5 автогаражийн үнийг нотариатаар баталгаажуулан авч, тэдний үнийн арифметик дунджаар тооцож, нийт 10,960,000 төгрөгийн нөхөн олговор гаргуулж авахыг шаардах эрхтэй гэж үзэж байна.

 

Би, тус автогаражийг иргэн И.Х-с 5,000,000.00 төгрөгөөр худалдан авсан ба тухайн үед түүнд газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон эсэх талаар мэдэхгүй, намайг 18 жилийн хугацаанд эзэмшиж байхад чөлөөлөх талаар мэдэгдэл ирж байгаагүй тул гэрчилгээ авах хүсэлтийг албан ёсоор өгч байгаагүй. Миний бие газар чөлөөлөх тухай төрийн эрх бүхий байгууллагын шат шатны тушаал, шийдвэрийн хууль зүйн үндэслэлийн талаар огт маргаагүй, харин Газрын тухай хуульд зааснаар надад нөхөн олговор олгох ёстой гэж маргаж байна. Иймд БЗД г а-тай 2004 оны 12 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан тоот гэрээг нэг талын санаачлагаар цуцалсантай холбоотойгоор эд хөрөнгө (автогараж) устгагдсаны нөхөн төлбөрт 10,960,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

  

Хариуцагчаас тус шүүхэд хуралдаанд хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2004 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн дугаар захирамжаар иргэн И.Х-д 180 метр квадрат газрыг автогаражийн зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмших эрх олгосон ба тус иргэн хугацаа сунгах хүсэлт гаргаагүй тул Газрын хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1 дэх заалтын дагуу газар эзэмших эрх нь дуусгавар болсон. Ийм учраас тус хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт заасны дагуу газраа чөлөөлөх ёстой боловч чөлөөлөөгүй байсан. 

 

Нэхэмжлэгч Ш.Г-ийн хувьд Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх заалтыг зөрчиж нийтийн эзэмшлийн газрыг зөвшөөрөлгүй эзэмшиж байсан тул Захиргааны ерөнхий хуулийн дагуу түүнд удаа дараа мэдэгдэл хүргүүлэн сонсгох ажиллагаа хийсэн ба Нийслэлийн Засаг даргын 2022 оны тоот газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай захирамжаар Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны 129 дүгээр цэцэрлэгийн баруун талд байрлах автогаражуудаг буулгаж, газрыг чөлөөсөн.

 

Манай байгууллагын зүгээс газар чөлөөлөх тухай ямар нэгэн шийдвэр гаргаагүй, харин Нийслэлийн Засаг даргын захирамжийн биелэлтийг хангахаар тус дүүргийн засаг даргын захирамжаар зөвхөн санхүүгийн асуудлыг шийдвэрлэж, үйл ажиллагаанд хяналт тавих зорилгоор ажилласан. Өөрөөр хэлбэл, автогараж буулгах буюу газар чөлөөлөх ажлыг санаачилж хийгээгүй учраас хариуцагч биш. Тухайн газар нь нийтийн эзэмшлийн газар бөгөөд нэхэмжлэгч Ш.Г нь Газрын тухай хуульд зааснаар гэрээ, гэрчилгээтэй эзэмших ёстой ба манай байгууллагад хүсэлт гаргаж байгаагүй. Хэрэгт авагдсан газар эзэмших гэрээний хувьд газрын төлбөрийн жишиг үнээр гэрээ, гэрчилгээгүй газар эзэмшиж байгаа хүмүүсээс төлбөр авахаар ийм гэрээ байгуулсан гэж ойлгож байна. 

 

Тодруулбал, энэхүү гэрээгээр нэхэмжлэгчид газар эзэмших эрхийг тухайлан олгоогүй, тэрээр хууль бусаар газрыг эзэмшиж байсан учир түүнд чөлөөлөх тухай мэдэгдэл өгч, улмаар чөлөөлөөгүй тул Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлд зааснаар албадан чөлөөлсөн юм. Иймд, нийтээр эзэмших газрыг зохих зөвшөөрөлгүй эзэмшиж байсан газрыг чөлөөлсөн тул нөхөх олговор олгогддоггүй болно гэв.

 

Талуудын шүүхэд өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтаас нэхэмжлэгчийн өгсөн нотлох баримт нь:

 

1.      2004 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ,

2.      И.Х-н эзэмших, ашиглах газрын баталгаат хэмжээг тогтоосон акт, сунгалт,

3.      2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Улаанбаатар хотын банк ХХК-ийн мөнгөн шилжүүлгийн баримт,

4.      2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Капитал банк ХХК-ийн кассын орлогын баримт,

5.      2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Улаанбаатар хотын банк ХХК-ийн мөнгөн шилжүүлгийн баримт,

6.      2015 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн Хас банк ХХК-ийн кассын орлого/зарлагын маягт, төлбөрийн баримт,

7.      2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Улаанбаатар хотын банк ХХК-ийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт,

8.      2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Unegui.mn цахим хуудаст байршуулсан зар,

9.      2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Голомт банк ХХК-ийн орлогын мэдүүлэг,

10.   Хас банк ХХК-ийн орлогын ордерын баримт,

11.   2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Анод банк ХХК-ийн кассын орлогын мэдүүлэг, 2007 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Улаанбаатар хотын банк ХХК-ийн мөнгөн шилжүүлгийн баримт,

12.   2010 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Хадгаламж банк ХХК-ийн орлогын мэдүүлэг,

13.   Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт,

14.   2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн БЗД г з б а ны мэдэгдэх хуудас,

15.   2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн БЗД г з б а ны шаардах хуудас,

16.   2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Ш.Гийн БЗД г з б а-нд өгсөн хүсэлт,

17.   Монгол шуудангийн баримт,

18.   2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 10/301 дүгээр Нийслэлийн БЗД г з б а ны иргэн Ш.Г-т өгсөн хариу,

19.   Өргөдлийн шийдвэрлэлт,

20.   2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 03-06/917 дугаар Нийслэлийн БЗД г з б а ны иргэн Ш.Г-т өгсөн хариу,

21.   Unegui.mn сайтад байршуулсан зар,

 

Хариуцагчаас өгсөн нотлох баримт:

 

1.            2004 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 113 дугаар Баянзүрх дүүргийн Засаг даргын газар эзэмшүүлэх тухай захирамж, хавсралт

2.            Бүртгэл-хяналтын карт,

3.            Орлогын ордерын тасалбар, И.Х-н эзэмших, ашиглах газрын баталгаат хэмжээг тогтоосон акт,

4.            2004 оны 05 дугаар сарын 02-ны өдөр И.Хишигдоржийн БЗД г а-д гаргасан өргөдөл,

 

Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримт:

 

1.            2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн  тоот албан бичгээр БЗД г а-с ирүүлсэн 2004 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 113 дугаартай Баянзүрх дүүргийн Засаг даргын газар эзэмшүүлэх тухай захирамж, хавсралт, Бүртгэл-хяналтын карт, орлогын ордерын тасалбар, И.Хишигдоржийн эзэмших, ашиглах газрын баталгаат хэмжээг тогтоосон акт, 2004 оны 05 дугаар сарын 02-ны өдөр И.Х-н БЗД г а-д гаргасан өргөдөл,

5.            2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 01/1050 дугаар дугаартай Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас ирүүлсэн хариу, 

6.            2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 4/3135 дугаартай Баянзүрх дүүргийн Татварын хэлтсээс ирүүлсэн хариу,

7.            2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 02/1559 дугаартай Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 10 дугаар байр оот хаягт оршин суугч Ш.Г-ийн ашиглаж байсан автогаражийн газрын төлбөрийн ногдуулалтын тухай тайлбар, 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/,  А/ дугаартай Баянзүрх дүүргийн Засаг даргын газар албадан чөлөөлөх тухай захирамж, 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаартай Нийслэлийн Засаг даргын газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай захирамж, 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 01-08/5426 дугаартай Газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн албан бичиг, 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаартай Нийслэлийн Засаг даргын захирамж, түүний хавсралт.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.Г-өөс хариуцагч БЗД г з б а-нд холбогдуулан нөхөн олговорт 10,960,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, талуудад хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна. 

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас газар чөлөөлөх буюу автогаражийг албадан буулгахдаа холбогдох Газрын тухай хуульд зааснаар нөхөн олговор олгох ёстой байсан гэсэн үндэслэлээр 10,960,000.00 төгрөгийг нэхэмжилсэн. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс үзвэл Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4-д зааснаар учруулсан хохирлыг арилгуулахыг хүсчээ. Гэвч шүүх, хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

1.            Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар Баянзүрх дүүргийн Засаг даргын 2004 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн тоот захирамжаар иргэн И.Х-д тус дүүргийн 18 дугаар хорооны 129 дүгээр цэцэрлэгийн баруун талд автогаражийн зориулалтаар нийт 180 м.кв талбайтай газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр болжээ. 

 

Ингээд уг захирамжийн дагуу газар эзэмшигч И.Х нь 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн Газрын албатай иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай гэрээ байгуулж, 0.0018 га газрыг автогаражийн зориулалтаар эзэмшсэн байна /х.х-ийн 5-8, 62-69 хуудас/.

 

Гэтэл нэхэмжлэгч Ш.Г нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа газар эзэмшигч И.Х-с дээрх 0.0018 га газар дээр баригдсан автозогсоолыг газар эзэмших эрхийн хамт 2004 онд 5,000,000.00 төгрөгөөр худалдаж авсан бөгөөд хариуцагч БЗД г з б а нь түүнтэй байгуулсан иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай гэрээг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгасан, жил бүр газар ашиглах гэрээний дагуу холбогдох төлбөрийг авдаг байсан боловч газрын төлбөрийг 2020 онд харъяа дүүргийн татварын албанд төлөх тул гэрээний хугацааг сунгахыг түр хойшлуулж байсан хэдий ч газрыг албадан чөлөөлөхдөө хуульд зааснаар нөхөн олговор өгөөгүй гэж маргасан. 

 

2.            Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/338 тоот захирамжаар нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай дахь орц, гарц, явган хүний замыг хааж, хөдөлгөөнд саад учруулж байгаа захирамжийн хавсралтад заасан байршилд байгаа зөрчилтэй газрыг албадан чөлөөлөхөөр шийдвэрлэсэн ба үүнд нэхэмжлэгч Ш.Г-ийн эзэмшиж байсан Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны  дүгээр цэцэрлэгийн баруун талд байсан автогараж хамрагдсан байна /х.х-ийн 143-148 хуудас/. 

 

Түүнчлэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/224 тоот захирамжаар уг дүүргийн 18 дугаар хорооны 129 дүгээр цэцэрлэгийн баруун талд байрлах 22 ширхэг автогаражийг албадан буулгах шийдвэр гаргасан ба энэхүү шийдвэрийн дагуу нэхэмжлэгчийн эзэмшлийн автогаражийг буулгасан үйл баримтын талаар зохигчид маргаагүй /х.х-ийн 133 хуудас/.

  

Тодруулбал, нэхэмжлэгч Ш.Г нь автогараж албадан буулгах тухай эдгээр шийдвэрийн хууль зүйн үндэслэлийн талаар зохих байгууллагад маргахгүй гэсэн боловч газрыг тийнхүү чөлөөлөхдөө иргэн, хуулийн этгээдтэй байгуулсан газар эзэмшүүлэх тухай гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлж байсан газар эзэмшигч миний эрх ашгийг ноцтой зөрчиж, нөхөн олговор өгөөгүй үйлдлийг хууль зөрчиж байна гэсэн.

 

3.            Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй гэж, мөн Иргэний хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д Аливаа этгээд нь хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлахгүйгээр эдийн баялаг болох эд юмс болон эдийн бус баялаг болох оюуны үнэт зүйлс, эрхийг олж авч болох бөгөөд энэ тохиолдолд дээрх баялаг нь хөрөнгө болно гэж тус тус заажээ.

 

Тайлбарлавал, аливаа иргэн, хуулийн этгээд нь гэрээ болон хуулиар хүлээсэн эрх, үүргээ үнэнч шударгаар биелүүлж, эдийн болон эдийн бус баялагийг шударгаар буюу тодорхой үндэслэлээр олж авсан тохиолдолд уг эд хөрөнгийг өмчлөх болон эзэмших эрх үүсэх бөгөөд үндэслэлгүйгээр эд хөрөнгө олж авсан тохиолдолд эрх бүхий этгээдэд буцаан өгөх үүрэг үүсдэг байна.

 

Газрын тухай 3 дугаар зүйлийн 3.1.2газар өмчлөх гэж тухайн газрыг захиран зарцуулах эрхтэйгээр хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг хэлнэ гэж, 3.1.3-т газар эзэмших гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг хэлнэ гэж, 3.1.7газар эзэмших эрхийн гэрчилгээ гэж энэ хуулийн дагуу Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийг баталгаажуулсан баримт бичгийг хэлнэ гэж тус тус заасан. Өөрөөр хэлбэл, газар эзэмших болон өмчлөх эрхийн талаарх ойлголт өгч, аливаа этгээд гагцхүү эрх бүхий этгээдийн зөвшөөрлөөр газрыг өмчлөх, эзэмших учиртай.

 

Гэтэл хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Ш.Г нь уг 0.0018 га газрын эзэмших эрхийг түүн дээр баригдсан автогаражийн хамт иргэн И.Х-с 5,000,000.00 төгрөгөөр худалдан авсан гэсэн боловч тухайн газрыг хууль ёсоор эзэмших эрхтэй болох нь тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хариуцагч БЗД г з б а нь түүнтэй байгуулсан гэх иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд сунгаж байсан хэдий ч нэхэмжлэгч нь эрх бүхий этгээдэд хандаж уг газрыг албан ёсоор эзэмших хүсэлтийг гаргаж байгаагүй ажээ.

  

Энэ тохиолдолд Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлйин 38.1Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана гэж, мөн 38 дугаар зүйлйин 38.4Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлснээр эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь хүчин төгөлдөр болно гэж тус тус зааснаар нэхэмжлэгч Ш.Г-ийг тус 0.0018 га газрын эзэмших эрхийг өмнөх эзэмшигч И.Х-с хууль ёсны дагуу шилжүүлэн авсан эзэмшигч нь гэж үзэх боломжгүй байна

 

4.            Газар өмчлөх болон эзэмших эрх нь хуульд зааснаар үүсэх бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн гэж, мөн Иргэний хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д Монгол Улсад нийтийн болон хувийн өмч байна гэж, 99.2-т Нийтийн өмч нь төрийн, орон нутгийн, шашны, олон нийтийн гэсэн хэлбэртэй байна гэж тус тус заасан.

 

Өөрөөр хэлбэл, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 3 дугаар зүйлд Төрийн өмч нь төрийн нийтийн зориулалттай өмч, төрийн өөрийн өмчөөс бүрдэнэ. Төрийн нийтийн зориулалттай өмч, төрийн өөрийн өмч нь Иргэний хуулийн 84 дүгээр зүйлд заасны дагуу үл хөдлөх болон хөдлөх хөрөнгөд хуваагдана гэж, түүнчлэн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д иргэдэд өмчлүүлснээс бусад газар нь төрийн нийтийн зориулалттай өмч гэж, Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч мөн гэж тус тус зааснаар нэхэмжлэгч Ш.Г нь тухайн автогараж барьсан хэсэг 0.0018 га газрыг хуульд зааснаар эзэмшиж, өмчлөөгүй байх тул нэхэмжлэгчийг төрийн өмчийн газрыг зохих зөвшөөрөлтэй эзэмшиж, ашиглаж байсан гэж дүгнэхгүй.

 

5.            Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж, мөн 3 дугаар зүйлийн 3.1.5-д газрыг чөлөөлөх гэж тухайн газрыг эзэмших, ашиглах эрх дуусгавар болох, түүнчлэн газрыг зөвшөөрөлгүй ашигласан бол уг газар дээрх барилга байгууламж, бусад эд хөрөнгийг шилжүүлэх, газрыг засаж тохижуулах зэргээр хууль болон гэрээнд зааснаар газрыг өмчлөгчид нь эргүүлэн өгөхөд саадгүй болгохыг хэлнэ гэж, 57 дугаар зүйлийн 57.3-д Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө гэж тус тус заажээ. 

 

Тодруулбал, зөвшөөрөлгүйгээр эзэмшиж буй газрыг чөлөөлөх эрхийг Газрын тухай хуульд зааснаар эрх бүхий этгээд хэрэгжүүлэх журамтай ба хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч БЗД г з б а нь нэхэмжлэгч Ш.-Гт дээрх 0.0018 га газрыг чөлөөлөх талаарх мэдэгдлийг 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр, 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр тус тус өгсөн бөгөөд улмаар нэхэмжлэгчийг мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй учраас Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна гэж зааснаар албадан чөлөөлөх арга хэмжээг авсан байна /х.х-ийн 34, 35 хуудас/

 

6.            Харин Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал газрын харилцааны талаар дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гээд 20.1.4бусдын эзэмшил газрыг аймаг, сум, нийслэлийн тусгай хэрэгцээнд авахтай холбогдуулан гэрээний хугацаа дуусахаас өмнө газрыг солих буюу эргүүлэн авах тохиолдолд тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлснээр нөхөн олговор олгох шийдвэр гаргах гэж заасан нь зөвхөн хууль ёсны дагуу эзэмшиж буй газрыг тусгай хэрэгцээнд зориулан авахтай холбоотой юм.

 

Тодруулбал, Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт Төр газрын эзэнд газартай нь холбогдсон үүрэг хүлээлгэх, улсын тусгай хэрэгцээг үндэслэн нөхөх олговортойгоор газрыг солих буюу эргүүлэн авах, уг газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашиглавал хураан авч болно гэж зааснаар гагцхүү газар өмчлөх, эзэмших эрх нь хуулийн дагуу үүссэн иргэн, хуулийн этгээдээс улсын тусгай хэрэгцээг үндэслэн нөхөх олговортойгоор газрыг солих буюу эргүүлэн авахад нөхөн олговор олгох зорилготой зохицуулалт болно

 

Үүнээс үзвэл Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1Иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байна гэж, мөн 9.3Иргэний эрх зүйн хамгаалалтыг шүүх, арбитр хуулиар тогтоосон журам, аргаар хэрэгжүүлнэ гэж тус тус заасан нь хууль, эсхүл гэрээгээр үүссэн хууль ёсны эрхийг хамгаалах агуулгатай юм. Ингээд шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд нэхэмжлэгч Ш.Г нь тухайн газрын хууль ёсны эзэмшигч биш тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.            Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Ш.Г-ийн гаргасан хариуцагч БЗД г з б а-нд холбогдох нөхөн олговорт 10,960,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

  

2.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190,310.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР