Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лувсанноровын Угтахбаяр |
Хэргийн индекс | 143/2021/00313/И |
Дугаар | 143/ШШ2022/00446 |
Огноо | 2022-09-30 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 143/ШШ2022/00446
Нэхэмжлэгч: Г.Т
Хариуцагч: Х ХХК
******* ХХК-ийн уурхайн дарга бөгөөд ерөнхий инженерийн ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор 48 328 000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, 4 769 692 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Нармандах, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, Т.******* /цахимаар/, нарийн бичгийн дарга А.Эрдэнэсувд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.******* миний бие 2007 онд ******* ХХК-д уулын мастераар ажилд орж улмаар тус компанийн маркшейдэр инженер, уурхайн дарга бөгөөд ерөнхий инженер зэрэг ажлуудыг албан тушаал дэвшин эрхэлж ирсэн. Уг компани нь ******* ХХК-ийн 100 хувийн эзэмшилд шилжиж ******* ХХК болон өөрчлөгдөх үед уурхайн дарга бөгөөд ерөнхий инженерийн ажлыг хийж байсан бөгөөд тасралтгүй 15 жил энэ компанид ажилласан билээ. Ажиллах хугацаандаа ямар нэг алдаа зөрчил гаргаж байгаагүй, амжилт бүтээлээр дүүрэн ажиллаж байсан болно. ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн б/59 дүгээр тушаалаар Г.******* намайг уг компанийн уурхайн дарга бөгөөд ерөнхий инженерийн албан тушаалаас ажлаас халсан юм. Ажлаас халах тушаалд Хөдөлмөрийн дотоод журмын 18 дугаар зүйлийн 18.2.9, Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.8-р заалтуудыг үндэслэсэн байдаг бөгөөд эдгээр заалтуудад Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг даалгасан хугацаанд зохих ёсоор биелүүлээгүй, ажлын хариуцлага алдсаны улмаас ноцтой үр дүн, хохирол гарсан зөрчил гаргасан талаар тусгасан байдаг. Тушаалын үндэслэлийг тодруулан бичихдээ Г.******* нь өөрийн удирддаг хэсгийн ажилтнуудын хөдөлмөрийн процесст хяналт тавих, уурхайн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах үндсэн үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандаж, хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан гэжээ. Миний хувьд ажил үүргээ өөрийн ажлын байрны тодорхойлолтод заагдсаны дагуу болон ажил үүргийн хуваарийн дагуу гүйцэтгэж байсан бөгөөд ажлын хариуцлага алдаж ******* ХХК-д ноцтой үр дүн, хохирол учруулсан зүйл үгүй. Миний бие ноцтой зөрчил гаргаагүй байхад яагаад ажлаас халж байгаа талаар гүйцэтгэх захирал И.*******гаас лавлахад чи ажилдаа хайнга хандаж, доод албан тушаалтнаа захирч чадаагүйн улмаас өөр нэг ажилчин нас барсан байна гэсэн тайлбарыг өгсөн. Нас барсан миний ажлын хариуцлага алдсаны улмаас нас бараагүй, ажлын байран дээрээ ажил үүргээ гүйцэтгэж байхдаа амь насаа алдаагүй, тухайн өдөр ажилдаа огт ирээгүй, түүнчлэн уг ажилчныг ажилдаа ирээгүйг надад мэдээлэх үүрэг бүхий миний шууд удирдлагад ажилладаг албан тушаалтан түүнийг ажилдаа ирээгүй талаар надад илтгэж мэдээлээгүй үйл баримт болсон. Ажилчин нас барсан нь миний ажил үүрэгтэй огт хамаагүй, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэг, ажлын байрны тодорхойлолтод заасан үүрэгтэй огт холбоогүй болно. Гэтэл намайг өөрийн удирддаг хэсгийн ажилтнуудын хөдөлмөрийн процесст хяналт тавих, уурхайн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах үндсэн үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандаж, хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж үзэж ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй юм. Компани өөрчлөгдөн зохион байгуулагдсантай холбогдуулан намайг эрхэлж байсан ажил албан тушаалаас минь үндэслэлгүйгээр чөлөөлсөнд гомдолтой байна.
Иймд миний урьд эрхэлж байсан ******* ХХК-ийн уурхайн дарга бөгөөд ерөнхий инженерийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 8 082 000 төгрөгийг ******* ХХК-иас гаргуулж өгнө үү. /жич: Нэг сарын цалин 4 041 000 төгрөг бөгөөд шүүхэд хэрэг хянан шийдвэрлэгдэж байх үеийн цалинг нэмж нэхэмжилсэн болно. Цаашид нэхэмжлэлийн шаардлагаа тухай бүр нэмэгдүүлнэ./ гэжээ.
Нэхэмжлэгч Г.******* 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Г.******* нь ажилдаа эгүүлэн тогтоолгох, 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 8.082.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргуулах нэхэмжлэлийн үндсэн шаардлага гаргасан бөгөөд одоо нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацааны цалин 24.246.000 төгрөг нэхэмжилж байна. Мөн Г.*******гийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч талд даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Г.******* 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Г.******* нь ажилдаа эргүүлэн тогтоолгох, 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 8 082 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн үндсэн шаардлага гаргасан бөгөөд одоо нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх хугацааны цалин 16 000 000 төгрөг нэхэмжилж байна. Мөн Г.*******гийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч талд даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Г.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2007 онд Шинжлэх ухааны технологийн их сургуулийг уулын ашиглалтын технологийн инженерээр төгсөөд тухайн үед Чинхуа-Мак Нарийнсухайт ХХК-д уулын мастер орж байсан. 2007 оны 03 дугаар сараас эхэлж ажиллаж эхэлсэн. Ингээд бодоход 15 жил ажилласан байна. Энэ хугацаандаа уулын мастераас авахуулаад маршетер инженер, уурхайн дарга бөгөөд ерөнхий инженер гэсэн албан тушаалуудад дэвшиж ажилласан. Мөн ажиллах хугацаандаа байгууллагын урамшуулал, шагнал авч хийсэн ажилдаа үнэнч ажилласан гэдэг утгаараа 2 ч удаа гадаадад аялах эрхээр шагнуулж байсан. Мөн аймгийн удирдлагаас жуух бичгээр шагнуулж байсан. Залуучуудын холбоотой 2 алтан медальтай. Мөн уул уурхайн салбарын тэгш ойн медалиуд байгаа. Мөн тэргүүний уурхайчин, компанийн оны аварга ажилтан зэрэг шагналуудаар шагнагдаж байсан. Энэ нь ажилдаа ямар ажиллаж байсныг нотлох байх гэж бодож байна. Ингэж олон жил залуу насаа тэнд өнгөрөөчихөөд надаас хамааралгүй хэрэг дээр гүтгэж тушаал гаргаж халж байгаа явдалд би маш их гомдолтой байгаа. Тийм учраас энэ нэхэмжлэлийг гаргасан. Тэгээд нэхэмжлэлийнхээ дагуу албан тушаал дээрээ буцаж ажиллах, алдагдсан цалин, алдагдсан нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх хүсэлтэйгээр шүүхэд хандсан гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Нармандах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.******* нь ******* ХХК-д уурхайн дарга бөгөөд ерөнхий инженер албан тушаалд ажиллаж байсан. Ингэж ажиллаж байгаад 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр тус компанийн захирлын Б59 дугаартай тушаалаар ажлаасаа халагдсан байдаг юм. Г.*******г ажлаас халсан тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.4, хөдөлмөрийн дотоод журмын 18.2.9, хөдөлмөрийн гэрээний 6.2.8 гэсэн заалтуудыг үндэслэж энэ хүнийг ажлаас чөлөөлсөн байдаг юм. Эдгээр заалтуудыг тодруулж ажлаас халах, сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалдаа Г.******* өөрийн удирддаг хэсгийн ажилтнуудын хөдөлмөрийн процесст хяналт тавих, уурхайн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах үндсэн үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандаж, хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасан тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцаллаа гэсэн шийдвэр гарсан. Уг тушаалыг гаргахдаа үндэслэл болгосон хуулийн заалт болон байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээний заалтуудыг задалж хэлье. Үүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь хэсгийг баримталсан байгаа. Энэ нь хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах талаар зохицуулсан хуулийн зохицуулалт. Мөн 1.3 дахь хэсэг нь ажлаас халах талаар зохицуулсан зохицуулалт байдаг юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийг мөн баримталсан байгаа. 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчил удаа дараа гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан гэсэн хуулийн зохицуулалт байгаа. Хөдөлмөрийн дотоод журмын 18.2.9 дэх хэсэгт хавтаст хэрэгт авагдсан байгаа. Компанийн хөдөлмөрийн дотоод журамд удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг даалгасан хугацаанд зохих ёсоор гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй, ажлын хариуцлага алдсан зөрчлийг удаа дараа гаргасан гэсэн дотоод журмын заалт байгаа. Энэ дотоод журмынхаа заалтыг тодруулаад 18.2.4 дэх хэсэг ажлын хариуцлага алдсан гэдэгт нь хууль тогтоомж, компанийн хэмжээнд дүрэм журам, заавар болон ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг зохих журмын дагуу биелүүлээгүй тохиолдолд ажлаас шууд халж хөдөлмөрийн гэрээг цуцлах дотоод журмын заалт байгаа. Компаниас Г.*******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.2.8 дахь хэсгийг үндэслэсэн байдаг. Энэ заалтад удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг даалгасан хугацаанд зохих ёсоор үүргээ билүүлээгүй, ажлын хариуцлага алдсаны улмаас ноцтой үр дүн, хохирол учирсан гэсэн заалтууд байна. Г.*******гийн хувьд Хөдөлмөрийн гэрээний 6.2.8 дахь хэсэгт зааснаас эхлэн дурдвал Г.******* нь байгууллагаас өгсөн ямар нэгэн үүрэг дагаврыг зохих ёсоор биелүүлээгүй үйлдэл байхгүй. Энэ талаар нь хэрэгт нотолсон баримт байдаггүй юм. Компанид ноцтой үр дүн, хохирол учирсан гэдэг нь хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбараас юу гэж харагддаг вэ гэхээр тухайн үедээ ажилтан Амарбаяр нь ажилдаа ирээгүй. Өөрийгөө боомилж нас барснаас компанид 4 700 000 гаруй төгрөгийн хохирол учирсан. Энэ нь Г.*******гийн үйлдэл холбогдолтой холбоотой юм гэсэн хариу тайлбарыг шүүхэд ирүүлсэн байдаг юм. Ингээд хэрэгт цугларсан баримт болон хариуцагчийн хариу тайлбараас харахад уг ноцтой хохирол учруулсан гэдгээ шинжээчийн дүгнэлт гаргуулж нотолдог. Энэ нь хөдөлмөрийн гэрээн дээрээ юу гэж заасан байдаг вэ гэхээр байгууллага тогтоосон эсхүл, өөр бусад хөдөлмөрийн байгууллагын тогтоосноор энэ хохирол учруулсан нь тогтоогдвол ноцтой хохиролд тооцно. Тэгээд энэ хохирлоо тухайн компанид мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 840 000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлсэнтэй гэхээр 4 000 000 гаруй төгрөгөөс дээш хохирол учруулсан байх юм ноцтой хохирол учруулсанд тооцно гэдэг зүйл байдаг юм. Энэ 4 700 000 гаруй төгрөгийг компанид хохирол учруулж байгаа, тэр үеийн компанийн нүүрс олборлолтыг олох байсан орлого гээд үзэж байгаа шинжээчийн дүгнэлтээр хариуцагч тал нотлох гэж хичээдэг. Энэ шинжээчийн дүгнэлтийг нь аваад үзэхээр Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан хуулийн хэд хэдэн шаардлагыг хангаагүй шинжээчийн дүгнэлт шүүхэд гарч ирсэн байдаг юм. Шинжээчид хэрвээ худал дүгнэлт гаргах юм бол эрүүгийн хариуцлагад татах хууль сануулсан зүйл байхгүй шинжээчийн дүгнэлт байгаа. 2021 онд орох 2 000 000 тонн нүүрснээс олборлох компанийн төлөвлөгөөнөөс тооцож энэ мөнгийг гаргаж компанид хохирол учруулсан байна гэж тооцож байгаа нь үндэслэлгүй нэхэмжлэл, тайлбар болоод явж байгаа юм. Энэ талаар сөрөг нэхэмжлэл гаргасан байгаа. Мөн энэ шинжээчийн дүгнэлттэй нь холбогдуулж үзэх юм бол шинжээчийн дүгнэлтэд яг энэ уул уурхайн компанийн олборлох байсан орлого дээр нарийн тусгай мэргэжил шаардсан шинжээч дүгнэлт гаргасан уу? гэхээр үгүй байдаг. Мөн шинжээчийн дүгнэлттэй холбогдуулаад хэлэхэд энэ уурхайн өдөрт олох байсан нүүрсний орлогыг тухайн компанид ажилладаг 199 хүнд хуваагаад гаргасан тооцоолол учраас энэ нь үндэслэл муутай нь тооцоолол байдаг. Байгууллагын дотоод журмын 18.2.9 дэх хэсгийг баримталсан байгаа. Түрүүн би 18.2.9 дэх хэсэгт заасныг уншсан. Энэ дээр мөн Г.*******гээс болж ажлын хариуцлага алдлаа гэж ойлгогдохоор нотлох баримт хэрэгт байхгүй. Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн хариу болон өнөөдөр шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудтай танилцаад хэлэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 41.4 дэх хэсэгт зааснаар сахилгын зөрчлийг давтан гаргасан эсхүл, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор ноцтой зөрчлийг гаргасан гэсэн үндэслэлийг нотлох гэж Г.*******д 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр ажлын хариуцлага алдсаны 2021 оны 07 дугаар сарын төлөвлөгөөг 2 хоногоор хэтрүүлж батлуулсан гэсэн үндэслэлээр 1 сар 10 хоногийн цалин хасах сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг гаргаж ирүүлсэн байна. Энэ тушаалтай танилцаад мөн хэрэгт цугласан бусад баримтуудтай харьцуулан үзэхэд энэ тушаал нь үндэслэлгүй, нөхөж гаргасан тушаал байх боломжтой байна. Учир нь гэх юм бол Г.*******гийн нийгмийн даатгалын төлөлтийн хуулбар хавтаст хэрэгт авагдсан байгаа. Энэ дээр Г.******* 07 дугаар сард 6 800 000 гаруй төгрөгийн цалин хөлс авсан байдаг. Хэрвээ энэ хүн тухайн үед 1 сар 10 хоногийнхоо цалинг хасуулах сахилгын шийтгэл хүлээсэн бол энэ нь тухайн сарынхаа цалин дээрээс хасагдаад явах байсан байх. Харин ч сард авдаг цалингаа 50 хувь нугалж авсан баримт хэрэг байна. Бас нэг зүйл нь гэх юм бол амь хохирогч *******ыг хэдийд нас барсныг тогтоосон шинжээчийн дүгнэлт байгаа. Тэрийг авч хавсруулъя гэсэн тайлбарыг шүүхэд гаргасан боловч шүүх хүлээж аваагүй. Энэ нь хариуцагч талаас тэр хүн нас барснаас болоод компани тухайн өдрийнхөө ажлын үүргийг гүйцэтгэж чадаагүйгээс болж хохирсон гэсэн үндэслэлийг нотлох гэж байна. Тэгэхээр энэ нь юугаар үгүйсгэгдэж байна вэ гэхээр тухайн хүн өрмийн туслах ажил хийдэг байсан. Гэвч тэр үед өрөм нь зогссон байсан учраас өрмийн туслахын ажлаа хийгээгүй. Зүгээр туслах ажилтны ажлыг орлон гүйцэтгэж байсан гэсэн талаар манай талаас шүүхэд гаргаж өгсөн. Хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоолд заасан Баярхүүгийн өгсөн мэдүүлгээр тогтоогддог. Энэ нь тэр хүн тэр өдөртөө өрмийн туслахын ажлаа хийгээгүй. Өрөм нь зогссон байсан. Туслах ажилтан хийж байсан гэж мэдүүлсэн мэдүүлэг прокурорын тогтоолд хавсаргагдсан байдаг юм. Ажлаас халах, сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал нь өөр юугаар няцаагдаж байна вэ гэхээр тухайн үед ажлын наряд буюу ажлын үүргийг уурхайн мастер ажилтай хүн өгдөг байсан. Өнөөдрийн шүүхэд гаргаж өгсөн баримтуудаар энэ нь уурхайн мастер биш, харин хэсгийн удирдлага буюу ерөнхий инженер өгдөг байсан мэтээр нотлох баримтыг шүүхэд гаргаж ирүүлсэн байна. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримттай он сарын хувьд тохирохгүй байна. Сүүлд бий болсон албан тушаалыг хольж өнөөдрийн шүүх хуралдаанд засварласан байдлаар ирүүлсэн байх магадлалтай гэж харагдаж байна. Учир нь Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын ажиллах журам нь дандаа шинэ цаасан дээр шинээр хэвлэсэн байна. Тэрийг баталсан компанийн захирлын тушаалын цаасны хувьд энгийн нүдээр харсан ч мэдэгдэхүйц хэмжээний хуучин цаас байх жишээний. Тэгээд мөн он, сар, өдөр нь тохирохгүй байх зүйлүүд ажиглагдаж байна. Ингээд Г.*******гийн ажлаас халагдах, цахилгаан шийтгэл ногдуулах тушаал нь хууль зүйн хувьд ямар ч үндэслэлгүй гарсан тушаал байхгүй тул Г.*******г тухайн үед ажиллаж байсан уурхайн дарга буюу ерөнхий инженерийн албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин 48 328 000 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг ******* ХХК-д даалгаж өгөх нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.
Хариуцагч ******* ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Г.*******гийн нэхэмжлэлтэй ******* ХХК-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбар, татгалзлыг гаргаж байна.
Хариуцагч ******* ХХК болон нэхэмжлэгч Г.******* нарын хооронд 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр ХГ/УХ/ИТА-01 дугаартай Хөдөлмөрийн гэрээ байгуулагдан хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн. Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу нэхэмжлэгч Г.******* нь Уурхайн дарга бөгөөд Ерөнхий инженер-ийн албан тушаалтнаар ажиллаж байсан.
Уурхай дарга бөгөөд ерөнхий инженер нь Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар баталгаажсан Бизнес төлөвлөгөө-ний дагуу Уулын хэсгийн ажлын 2021 оны төлөвлөгөөт бүтээл болох 12.0 сая.мЗ хөрс хуулах ажил, 2.0 сая.тн нүүрс олборлох ажлыг зохион байгуулж, Уулын хэсгийн ажилтнуудыг шууд удирдлагаар хангаж, хөдөлмөрийн процесст хяналт тавьж ажиллах үндсэн үүргийг хүлээсэн.
Г.******* нь ажилтнуудын ажлын цагийн ашиглалтад хяналт тавьж, ажил үүргийг хуваарилах, үүрэг даалгавар өгөх, гүйцэтгэлийг хянах үндсэн чиг үүргээ биелүүлээгүй. 2021 оны 8 дугаар сарын 11-ний 06 цаг 40 минутад ээлжит ирц бүртгэл болон наряд өгөх үед тус хэсгийн ажилтан цооног өрөмдөгч М.******* ирээгүй. Уурхайн дарга бөгөөд ерөнхий инженер Г.******* нь ажлын даалгавар өгөх ажиллагаанд хүн дутуу байсныг мэдээгүй бөгөөд хүн дутуу бүрэлдэхүүнтэй уурхайчин баг бүрэлдэхүүн уулын ажлын талбайд ажилласан байна.
Г.******* нь ажилчид дутуу байгаа эсэхэд хяналт тавьж, ажлын бүрэлдэхүүн дутуу байгааг дор бүр нь илрүүлж, удирдах албан тушаалтанд яаралтай мэдэгдэж, ирээгүй байгаа ажилтныг амралтын өрөөнөөс дуудан авчирч ажилдаа гарахад нь бэлдсэний дараа ажлыг эхлүүлэх үүрэгтэй байсан ч энэ үүргээ биелүүлээгүйн улмаас уулын хэсгийн ажил дутуу хийгдэж компанид 4 769 692 төгрөгийн хохирол учирсан.
Компанид учирсан 4 769 692 төгрөгийн хохирол гэдэгт ТУЗ-ийн даргын баталсан "Бизнес төлөвлөгөө-ний дагуу нэг өдөр ажиллах нэг хүний хөдөлмөрийн бүтээмж нь 27.92 тн нүүрс байхаар тусгасан бөгөөд нэг тонн нүүрсийг 170 850.40 /нэг зуун далан мянга найман зуун тавь төгрөг, дөчин мөнгө/ төгрөг байх тооцооллын дагуу нэг хүнд оногдох бүтээмжийн мөнгөн дүн (27.92 тонн нүүрс * 170 850.40 төг/тонн) 4 769 692 төгрөг болсон юм.
Цооног өрөмдөгч М.******* ажилдаа ирээгүйг Компанийн уулын мастер илрүүлж тус ажилтныг амралтын байрнаас дуудан авчруулахаар компанийн ажилтан терексийн оператор Д.Дэлгэрбаярыг М.*******ын амралтын өрөө рүү явуулсан байдаг. 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 16 цагийн орчимд Д.Дэлгэрбаярыг дээрх ажилтны өрөөнд ирэхэд цооног өрөмдөгч М.******* нь амралтын өрөөндөө амиа хорлосон байдалтай олдсон.
Уулын хэсгийн ажилтан М.******* өөрийн амь насаа егүүтгэсэн үйлдэлд нэхэмжлэгч Г.*******г буруутгаагүй бөгөөд гагцхүү удирдлага дор нь ажилладаг ажилтан нь ажлын талбар дээрээ очилгүй бүтэн ажлын өдөр өнгөрч, ажлын бүтээмж 27.92 тонн нүүрс олборлолтоор буурчихаад байхад Уурхайн дарга бөгөөд Ерөнхий инженер нь мэдээгүй байгаа нь ажлын хариуцлага алдсан ноцтой үйлдэлд тооцож байгаа юм.
Талуудын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 6.2.8-т ажлын хариуцлага алдсаны улмаас ноцтой үр дүн, хохирол гарсан гэж заасан байдаг нь нэгдүгээрт ажлын хариуцлага алдсаны улмаас ноцтой үр дүн гарсан, хоёрдугаар хохирол учирсан байх гэсэн тус тусдаа нөхцөлүүдийг заасан байдаг. Энэ хоёр нөхцөлийн аль нэг нь гарсан тохиолдолд ажилтныг ноцтой зөрчил гаргасанд тооцно. Харин нэхэмжлэгч Г.*******гийн хувьд дээрх үйлдлийг хоёуланг нь гаргасан байдаг.
Байнга оршин суугаа газраасаа хол байрлаж, нэг амралтын байранд амьдарч, нэг өрөөнд ирц бүртгэл хийдэг хамтран ажиллагч нь нас бараад бүтэн өдөр өнгөрсөн байхад тус ажилтны удирдах албан тушаалтан Ерөнхий инженер мэдэлгүй бүтэн өдөр өнгөрсөн байгаа нь ажлын хариуцлага алдсан үйлдэлд шууд хамруулан ойлгож болох юм.
Талийгаачийг нас барсантай холбоотойгоор түүний Ээж нь Уурхайн удирдлагуудад
хандаж хэлэхдээ ... ажилтан нь ажилдаа ирэлгүй бүтэн өдөр өнгөрсөн байхад, удирдлагууд юу хийж байсан юм бэ?... хэмээн асуусан бөгөөд энэ үгийг ч бидний зүгээс үгүйсгэх аргагүй юм. Энэхүү нөхцөл байдалтай холбоотойгоор Гүйцэтгэх захирлын санаачилгаар ар гэрийнхэнд тодорхой хэмжээний эд хөрөнгийн болон хүн хүчний тусламж үзүүлсэн.
Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмаар зохицуулагддаг харилцааг хөдөлмөрийн эрх зүй гэж нэрлэдэг ч, хуулиар зохицуулагддаггүй тэр харилцаанд Ёс зүйн хэм хэмжээг баримталдаг. Уурхайн дарга бөгөөд Ерөнхий инженер Г.******* нь хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн биелүүлээгүй эс үйлдэхүй гаргасан бөгөөд хууль тогтоомж хийгээд нийтээр дагаж мөрдөх зан суртахууны хэм хэмжээг ноцтой зөрчсөн харагдаж байна.
Иймээс ажлын хариуцлага алдаж, ноцтой үр дүн, хохирол учруулсан Ерөнхий инженер Г.*******г албан тушаалаас ажлаас халах хариуцлага хүлээлгэх тухай ажил олгогчийн тушаал 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдөр гарсан билээ. Ажил олгогчийн зүгээс Г.*******г ажлаас халж, эргүүлэн бага албан тушаалд авч болох тухай санал гаргасан боловч нэхэмжлэгч Г.******* нь зөвшөөрөөгүй бөгөөд ажлаасаа гармаар байна гэж хэлсэн билээ.
Ёс суртахуун бол хуулийн амин сүнс бөгөөд ажил олгогчийн санаачилгаар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалд Г.******* нь өөрийн удирддаг хэсгийн ажилтнуудын хөдөлмөрийн процесст хяналт тавих, уурхайн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах үндсэн үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандаж, хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан тул хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халсан тухай заасан.
Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, өөрийн удирдлага дор байдаг ажилтан нь ирц бүртгэлд оролцоогүй, уурхайн бүрэлдэхүүн дутуу ажиллаж байхыг мэдээгүй, хяналт тавиагүй, хөрөнгө мөнгөөр үнэлшгүй, эрдэнэт хүний алтан амь үрэгдээд бүтэн өдөр өнгөрсөн байхад мэдээгүй нь энэ хүний ёс суртахууны доголдлыг илтгэнэ.
Хууль зүйн үндэслэл
Уурхайн дарга бөгөөд Ерөнхий инженер Г.*******гийн дээр гаргасан зөрчилд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасан ажлаас халах хэлбэрийн сахилгын шийтгэл оногдуулсан.
Тус сахилгын шийтгэлийн дагуу хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж заасан үндэслэлээр гэрээг хариуцагч компани цуцалсан.
Монгол Улсын дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай тухай 33 дугаар тогтоолын 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсгийн 15.4.2 дах зүйлээр "ноцтой зөрчил" гэх ойлголтыг тайлбарласан.
Дээрх тогтоолоор Ноцтой зөрчил- гэдэгт ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байна гэж ойлговол зохино. Гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байна гэж тодорхойлжээ.
Дээр заасны дагуу талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.2-т Дараах тохиолдолд ажилтны гаргасан үйлдлийг ноцтой зөрчил гаргасан гэж үзэн ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг шууд цуцалж, ажлаас хална гэж ноцтой зөрчлийг тодорхойлсон бөгөөд 6.2.8-т ажлын хариуцлага алдсаны улмаас ноцтой үр дүн, хохирол гарсан байх тусгай зохицуулалтыг тусгасан.
Г.*******гийн гаргасан зөрчилд ноцтой үр дүн гэдэгт удирдлага дор байх ажилтан нь нас барсныг бүтэн өдөр мэдээгүй, эрэл хайгуул хийгээгүй үйлдлийг ойлгож байна. Ноцтой л гэдэгт хяналт тавих үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас Бизнес төлөвлөгөө-нд заасан нэг хүний бүтээмжийн алдагдал буюу бодит хохирол болох 4 769 692 төгрөг-ийг тодорхойлж байгаа юм.
Хөдөлмөрийн дотоод журмын 18 дугаар зүйлийн 18.2.9-т Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг даалгасан хугацаанд зохих ёсоор гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй, ажлын хариуцлага алдсан гэж заасан. Тус заалтын ажлын хариуцлага алдсан гэдгийг хөдөлмөрийн дотоод журмаар тодорхойлсон бөгөөд дараах байдлаар зохицуулсан.
Ажлын хариуцлага алдсан гэж хууль тогтоомж, компанийн хэмжээнд мөрдөгдөж буй дүрэм, журам, заавар болон ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг зохих журмын дагуу биелүүлээгүйгээс эсвэл хангалтгүй биелүүлснээс компанид энэхүү журмын 18.2.14-д заасан хэмжээний хохирол учирсныг ойлгоно хэмээн тодорхойлжээ.
Компанид учирсан хохирлыг хөдөлмөрийн дотоод журмын 18.2.14-т Компанийн мөрдөж буй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин ба түүнээс дээш хэмжээний хохирол компанид учруулсан нь компанийн болон бусад байгууллагын акт баримтаар тогтоогдсон гэдгийг ойлгосон.
******* ХХК-ийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь 840 000 төгрөг байгаа бөгөөд түүнийг 5 дахин үржүүлэхэд 4 200 000 төгрөг байна. Нэхэмжлэгч Г.*******гийн компанид учруулсан хохирлын хэмжээ нь энэхүү үнийн дүнгээс давж байгаа бөгөөд Хөдөлмөрийн дотоод журмын 18.2.14, 18.2.9-д тус тус заасан ажлын хариуцлага алдсанд тооцож болохоор байна.
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, 40 дүгээр зүйлийн
40.1.4, Улсын дээд шүүхийн тайлбар 2006.7.3/ дугаар 33-15 дугаар зүйлийн 15.4.2, Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.8, Хөдөлмөрийн дотоод журмын 18 дугаар
зүйлийн 18.2.9, 18.2.14, ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021
оны 8 дугаар сарын 17-ны өдрийн Б/59 дугаар тушаалыг хууль зүйн үндэслэлтэйд тооцож,
нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Ажил олгогч ******* ХХК нь хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн
үүргээ зохих ёсоор, шударгаар, хугацаанд нь биелүүлж, Уулын хэсгийн ахлагч, Уурхайн
дарга бөгөөд Ерөнхий инженер Г.*******г хөдөлмөрийн таатай нөхцөлөөр хангаж, өндөр
цалин хөлс олгож, эрүүл, аюулгүй орчинд ажиллах бүхий л нөхцөлийг бүрдүүлсэн.
Тухайлбал:
1. Г.******* нь Ерөнхий инженерийн албан тушаалд ажиллаж байх хугацаандаа буюу 2021 оны 01 дүгээр сараас 2021 оны 08 дугаар сар хүртэл нийт 41 688 326 төгрөгийн олговол зохих цалинг ******* ХХК-аас гаргуулсан. Энэхүү цалинг харьцуулан үзвээс: Монгол улсын хэмжээнд хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн нийт дундаж цалин хөлс-өөс 4.2 дахин их, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ-ээс 12.4 дахин их, нийт 190 мянга гаруй, төрийн албан хаагчдын цалин хөлс-өөс 4.8 дахин их, Салбарын буюу Уул уурхай, олборлолт-ын дундаж цалин хөлснөөс 1.7 дахин их цалин хөлсийг авч байсан.
2. ******* ХХК нь Ерөнхий инженерээр ажиллаж байсан Г.*******гийн ажлын хэрэгцээнд зориулан тээврийн хэрэгслээр хангасан бөгөөд тав тухтай аюулгүй байдлыг бодолцон үзэж 5815 УНХ улсын дугаартай Тоуоtа land cruiser 200 маркийн авто машиныг Г.*******гийн шууд эзэмшилд олгосон.
3. Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Хөдөлмөрийн дотоод журамд заасан Эрүүл аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг хангах үүргийн хүрээнд ажил олгогчийн зүгээс шаардлагатай арга хэмжээг бүгдийг авсан. Тухайлбал: Байгаль орчны хүрээнд 110 сая төгрөг, Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны хүрээнд 192 сая төгрөг, Эрүүл ахуйн хүрээнд 62 сая төгрөг төлөвлөн, зарцуулж байсан.
4. Хууль эрх зүйн болон нийгмийн амьдралын бусад давуу эрх, нөхцөл боломжийг
Г.*******д олгож байсан бөгөөд хөдөлмөрийн зах зээл дэх харьцангуй өндөр боломж, нөхцөлийг түүнд олгож байсан гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Б/59 дугаартай тушаалаар уурхайн дарга бөгөөд ерөнхий инженер Г.*******г ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр ажлаас нь халж шийдвэрлэсэн. Энэхүү тушаал гарах болсон гол шалтгааныг ерөнхийдөө 2 хувааж үзэж болж байгаа юм. Нэгдүгээрт, 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр уулын хэсгийн цооног өрөмдөгч А гэдэг ажилтан амралтын байрандаа амиа егүүтгэснийг тухайн үед уурхай хариуцаж байсан уурхайн дарга буюу ерөнхий инженер Г.******* мэдэлгүй хариуцлага алдсан үйлдэл байгаа. Хоёрдугаарт, удаан хугацааны турш уурхайн дарга, ерөнхий инженер хийсэн Г.******* өөрийн үндсэн үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандаж ирсэн нь тодорхой болсон. Энэ нь юунаас үндэслэдэг вэ гэхээр 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдөр компанийн удирдлагууд дотоод хурал хийж асуудлыг ярьсан байдаг. Энэ явцад Г.*******гээс ийм үүрэг байхгүй, надад мэдэгдээгүй гэх байдлаар хариулж байсан нь ажилдаа хариуцлагагүй хандаад удаан хугацаанд явчихсан, ийм муу жишиг тогтоочихсон байсныг нь өөрийнх нь хэлж байсан тайлбараас тодорхой харагддаг. Тэгээд энэ 2 үндэслэлээр Г.******* гэдэг хүн өөрийнхөө албан тушаалын хувьд ажлын хариуцлага алдсан гэдэг үндэслэлийг барьсан. Тушаалын үндэслэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх хэсэг буюу хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэдэг үндэслэлийг барьж байгаа. ******* ХХК, Г.******* нарын хооронд 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хөдөлмөрийн гэрээгээ шинэчлэн байгуулсан байдаг. Энэ гэрээний 6.2.8 гэдэг заалт дээр ажлын хариуцлага алдсаны улмаас ноцтой үр дүн, хохирол гаргасан гэдэг заалтыг үндэслэж байгаа. Ажлын хариуцлага алдсан гэдэг ойлголтыг ******* ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журамд хууль тогтоомж, компанийн хэмжээнд мөрдөгдөж буй дүрэм журам, заавар болон ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг зохих журмын дагуу биелүүлээгүйгээс, эсхүл хангалтгүй биелүүлснээс компанид энэхүү журмын 18.2.14 дэх хэсэгт заасан хэмжээний хохирол учирсныг ойлгоно гэж хөдөлмөрийн дотоод журам дээрээ заасан. Сая ярьсан текстэд дотор ордог 18.2.44 дэх заалт нь хөдөлмөрийн дотоод журмын заалт байна. Энэ дээр компанийн хэмжээнд мөрдөж буй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин ба түүнээс дээш хэмжээний хохирол учруулсан нь компанийн болон бусад байгууллагын акт баримтаар тогтоогдсон бол гэсэн заалт бий. Сая миний хэлсэн 2, 3 заалтууд хэрэгжих урьдчилсан нөхцөлүүдийг нь тодорхойлох юм бол дараах 3 нөхцөл бүрдсэн байх ёстой. Нэгдүгээрт, хууль тогтоомж, компанийн хэмжээнд мөрдөж буй дүрэм, заавар болон ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг зохих журмын дагуу биелүүлээгүй, эсхүл хангалтгүй биелүүлсэн байх буюу ажлын хариуцлага алдсан гэдэг үйлдэл байх ёстой. Хоёрдугаарт, компанид мөрдөгдөж буй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахь ахин ба түүнээс дээш хэмжээний хохирол учруулсан байх гэдэг заалт байна. Дараа нь хохирлын хэмжээ нь компанийн болон бусад байгууллагын акт баримтаар тогтоогдсон байх ёстой гэдэг 3 үндэслэлийг хангасан байх ёстой. Би энэ дээр нэг зүйлийг хэлье. 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдөр болсон ******* ХХК-ийн удирдах ажилтнуудын хурал 08 дугаар сарын 11-ний өдөр болсон энэ нөхцөл байдлын талаар компанийн гүйцэтгэх захирлаас дараах асуудлуудыг ярьсан байдаг. Хурлын тэмдэглэл эх хувиараа хэргийн материалд авагдсан. Энэ дээр гүйцэтгэх захирал ******* гэдэг хүнээс ийм асуудлуудыг ярьсан байдаг. Тухайн үед уурхай хариуцаж үлдсэн уурхайн дарга Г.******* ажилтан ажлын нарятад ороогүй байхад мэдээгүй, яагаад ажилтан гараагүй талаар цаг тухайд нь санаа тавиагүй, ажлын процесст хяналт тавиагүй байна. Уулын хэсгийн үйл ажиллагаа яагаад ийм болтлоо назгайрав?. Энд хэн буруутай юм бэ?. Хэн хариуцлага хүлээх юм?. Ажилтан чинь ажлын нарятад ороогүй, ирцээ бүртгүүлээгүй, эрүүл мэндийн үзлэгт ороогүйгээр барахгүй бүтэн өдөржин хэл чимээгүй алга болсон байхад мэдээгүй байсан юм уу?. Яагаад ийм зохион байгуулалтгүй байгаа юм бэ?. Өөрийн багийн ажилтнуудаа зөв удирдан чиглүүлж ажилласан бол тухайн өдөр нэг ажилтан нь ажилдаа гараагүй байсныг бүтэн өдөржин анзаарахгүй болтлоо назгайрах байв уу?. Тухайн ажилтан нарятад орж ирээгүй, ирцээ бүртгүүлээгүй байхад цаг тухайн үед нь асуудлыг тодруулаагүй, дутуу хүнтэй ажлын багийг ажилд гаргачхаад бүтэн өдөржин юу хийж байсан юм бэ? гэдэг зүйлийг гүйцэтгэх захирал *******гаас Г.*******д хандаж хурал дээр хэлсэн байгаа юм. Г.*******гийн зүгээс тус хурал дээр дараах зүйлийг ярьсан байгаа юм. Ажлын уялдаа холбоо муутай байснаас өнөөдөр ийм зүйлд хүрлээ. Уулын мастер ажилтнуудын ирц бүртгээд наряд өгөхдөө ирээгүй ажилтан байгаа бол надад мэдэгдэх ёстой байхад энэ процесс хийгдээгүй. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ажилтан, инженер, уулын мастер миний удирдлагад ажилладаг. Надад алдаа дутагдал байгааг би хүлээн зөвшөөрч байна. Ийм санаанаас гадуур зүйл болно, үүснэ гэж үнэхээр санасангүй. Уулын мастер өглөө тэр ажилтны талаар надад мэдээлэл өгсөн бол ийм хариуцлага хүлээхгүй байсан. Үүссэн асуудлыг орой мэдсэн учраас ийм хариуцлага ногдуулж байна гэж ойлгож байна гэдэг зүйлийг Г.******* тухайн хурал дээр ярьсан нь тэмдэглэл дээр тусгагдсан байна. Би түрүүн хэлсэн. 3 урьдчилсан нөхцөлийг хангах ёстой. Г.******* ажлын хариуцлага алдсан, ноцтой зөрчил гаргасан гэдгийг би энэ талаар товчхон тайлбарлая. Нэгдүгээрт, хууль тогтоомж, дүрэм журам, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ зохих журмын дагуу биелүүлээгүй, хангалтгүй биелүүлсэн байх гэдэг талаар. Тухайн үед үйлчилж байсан Хөдөлмөрийн тухай хуулийн 6.2 дахь заалтад ажилтан нь үнэнчээр хөдөлмөрлөх, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, аюулгүй байдал, эрүүл ахуйн нийтлэг шаардлагыг сахин биелүүлэх үүрэгтэй гэж заасан байдаг. Г.*******тэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 5.2.1 гэсэн заалт бий. Энэ дээр хууль, дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, бусад дүрэм журам, зааврыг сахин биелүүлж ажиллах үүрэгтэй гэсэн заалт байна. Дараагийнх нь 5.2.9 гэх заалт Г.*******гийн гэрээн дээр байгаа. Хариуцсан ажилдаа сэтгэлээсээ, өөриймсөг хандан компанийн нэр хүнд, ашиг сонирхлыг тэргүүн ээлжид тавьж ажиллах үүрэгтэй гэдэг заалт байна. Энэ заалт дээр нэг зүйлийг тодотгон хэлье гэж бодож байна. ******* ХХК гэдэг бол санхүүгийн хэсэг, эдийн засаг тооцооллын хэсэг, захиргаа, хүний нөөцийн хэсэг, уулын хэсэг гэсэн 4 хэсгээс бүрддэг. Г.******* үүнийг сайн мэдэж байгаа. Энэ 4 хэсгийн нэг удирдлага нь уурхайн дарга, ерөнхий инженерийн албан тушаалыг хашиж байсан Г.******* байгаа. Энэ талаар хөдөлмөрийн дотоод журмын 3.4.2 гэдэг заалт бий, мөн журмын 1.5.2, 3.1, 3.4.3 гэх заалтуудад уурхайн дэд удирдлага мөн хэсгийн дарга юм гэсэн байгаа. Энэ албан тушаал дээр Г.******* халагдах хүртлээ ажиллаж байсан. Үүнтэй юуг холбогдуулан хэлэх гээд байна вэ гэвэл Г.*******гийн ажлын байрны тодорхойлолт хэргийн материалд авагдсан. Энэ дээр Г.*******гийн дээд талын шууд удирдлага нь гүйцэтгэх захирал байна. Өөр дарга байхгүй гэсэн үг. Тэгэхээр Г.******* энэ компанийн хувьд бол 2 дахь удирдлага нь болсон албан тушаал дээр ажиллаж байсан. Ажлын байрных нь тодорхойлолтод эдгээр асуудлууд байдаг. Уулын хэсгийн ажилчдыг удирдан зохион байгуулах, үүрэг даалгавраар хангах, хөдөлмөрийн процесст хяналт тавих гэдэг бол ажлын байрных нь зорилго, зорилт дээр нь заагдсан. Өөрөө үүн дээр анхаарч ажиллах ёстой. Мөн уулын хэсгийн ажилтнуудаа шууд удирдлагаар хангаж ажиллах ёстой гэдэг заалт байна. Мөн ажлын байрны тодорхойлолт дээр хууль, дүрэм журам, эх зүйн актын заалтыг баримталж хариуцлагатай ажиллах ёстой гэдэг заалт ажлын байрны тодорхойлолт дээр нь бий. Сая гэрээ, ажлын байрны тодорхойлолтод нь ямар үүрэг хүлээсэн байдаг гэдгийг ярьсан бол дотоод журам дээр Г.******* нь уурхайн дарга, ерөнхий инженер гэж албан тушаалын нэртэй. Дотоод журамд заагдсанаар хэсгийн удирдлагад хамаарна. Хөдөлмөрийн дотоод журмын 3.5 дах заалтад хэсгийн удирдлагууд нь харьяа хэсгийн ажилтнуудаа мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж, эрхэлсэн асуудал бүрэн эрхийн хүрээнд ажил үүргийг хуваарилах, үүрэг даалгавар өгөх, гүйцэтгэлийг хянах, шаардлага тавих үндсэн чиг үүрэгтэй гэж байгаа юм. Мөн хөдөлмөрийн дотоод журмын 7.2.1 дэх заалтад хууль, дүрэм журам, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг дүрэм журамд заасан технологийн горимыг чанд мөрдөх гэдэг заалт бий. Мөн хөдөлмөрийн дотоод журмын 8.6 дахь заалтад ажлын цаг ашиглалтад харьяа хэсгийн удирдлагууд хяналт тавьж ажиллана гэсэн байгаа. Харьяа хэсгийн удирдлагууд буюу уулын хэсгийн удирдлагад уурхайн дарга, ерөнхий инженер буюу Г.******* гэдэг хүн байгаа юм. Тэгэхээр энэ ажлын цаг ашиглалтад бол хяналт тавьж ажиллах ёстой, ийм хүн дараагийнх нь хөдөлмөрийн дотоод журам, гэрээ юу ярьчихлаа, бусад дүрэм журмууд бий. Өнөөдөр хэргийн материалд өгсөн 2 журмуудын талаар би товчхон хэлчихье 2020 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 04 дугаартай журам батлах тухай тушаалаар бол 10 хэсэг тийм журмыг бол баталсан, үүний 3-ыг нь энэ хэрэгт хамааралтай, тэр дотоод журмаас гадна эрх үүрэг тогтоосон юм байгаа учраас оруулсан. үүний 2-дугаар сургалтаар батлагдсан хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын сургалт орох зааварчилгаа өгөх, шалгалт авах журам байгаа, энд 2-дугаар хавсралтаар батлагдсан журмын 7.2 заалт бий, энэ дээр хэсгийн удирдлага болон анхан шатны удирдлагуудын эрх үүрэг гэж байгаа юм, хэсгийн удирдлага гэдэг бол тэгшээгээ л хэлж байгаа гэсэн үг, ажилд гарах боломжгүй болсон ажилтны ажил үүргийг зохион байгуулж, шаардлагатай арга хэмжээг авч ажиллуулах үүрэгтэй гэдэг ийм заалт байна, 0/04 дугаартай тушаалын тавдугаар хавсралтаар Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын зөвлөлийн ажиллах журам батлагдсан, тус журмын 3.1, 3.4 бол ерөнхий инженер, хэсгийн дарга нь энэ Хөдөлмөрийн эрүүл эрүүл мэнд, аюулгүй байдлын зөвлөлийн гишүүнээр ажиллана гэдэг ийм заалт бий. энэ аа. 04 дугаартай тушаалын 10-дугаар хавсралтаар нь үйлдвэрлэлийн осол, урт хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн үед авах арга хэмжээг зохицуулах журам батлагдсан, энэ журмын 5.7 гээд байгаа хэсгийн дарга эрх үүргийг энэ дээр ийм заалтаар 5.7.2 хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын холбогдолтой арга хэмжээг цаг тухай бүрд нь хийж гүйцэтгэх үүрэгтэй гэдэг ийм заалт байгаа. Энэ дээрээс багцлаад үзэх юм бол уурхайн дарга, ерөнхий инженер Д.*******гийн хувьд бол хуульд заасан хөдөлмөрийн гэрээнд заасан ажлын байрны тодорхойлолтод заасан хөдөлмөрийн дотоод журамд заасан, мөн бусад хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдалтай холбоотой журмын заалтуудыг зөрчсөн, албан үүргээ хангалтгүй биелүүлж, ажлын хариуцлага алдсан гэдэг энэ нөхцөл байдал бол тогтоолгож байна гэж үзэж байгаа гэв.
Хариуцагч ******* ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ******* ХХК болон Г.******* нарын хооронд 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр ХГ/УХ/ИТА-01 дугаартай Хөдөлмөрийн гэрээ байгуулагдан хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн. Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу нэхэмжлэгч Г.******* нь Уурхайн дарга бөгөөд Ерөнхий инженер-ийн албан тушаалтнаар ажилласан.
Уурхай дарга бөгөөд ерөнхий инженер нь Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар баталгаажсан Бизнес төлөвлөгөө'-ний дагуу Уулын хэсгийн ажлыг 2021 онд 12.0 сая.мЗ хөрс хуулж, 2.0 сая.тн нүүрс олборлон борлуулах төлөвлөгөөтэйгөөр удирдан зохион байгуулах, шууд удирдлагаар хангаж, хөдөлмөрийн процесст хяналт тавьж ажиллах үндсэн үүргийг хүлээсэн. Г.******* нь Ажлын байрны тодорхойлолтын ажлын байрны үндсэн зорилго хөдөлмөрийн процесст хяналт тавих, үндсэн зорилт компанийн үйл ажиллагааг төлөвлөгөөний дагуу удирдан явуулах, Ажлын байрны гол үйл ажиллагаа Үйлдвэрлэл үйл ажиллагааг бүтээгдэхүүн гаралт, тоо хэмжээ, өртөг зардал, цаг хугацаа, шаардагдах -ажиллах хүчин зэргээр нь нарийвчлан төлөвлөх үүргээ биелүүлээгүй байна.
Г.******* нь ажилтнуудын ажлын цагийн ашиглалтад хяналт тавьж, ажил үүргийг хуваарилах, үүрэг даалгавар өгөх, гүйцэтгэлийн хянах үндсэн чиг үүргээ биелүүлээгүйн улмаас 2021 оны 8-р сарын 11 -ны өдөр бүрэн бус бүрэлдэхүүнтэй уурхайн ажил эхэлсэнд хяналт тавиагүй. Үүний улмаас нэг хүнд ноогдох бүтээлийн хэмжээ буурж компанид 4.769,692 төгрөгийн хохирол учирсан байна.
Компанид учирсан 4,769,692 төгрөгийн хохирол гэдэгт ТУЗ-ийн даргын баталсан Бизнес төлөвлөгөө-ний дагуу нэг өдөр ажиллах нэг хүний хөдөлмөрийн бүтээмж нь 27.92тн нүүрс байхаар тусгасан бөгөөд нэг тонн нүүрсийг 170 850.40 /нэг зуун далан мянга найман зуун тавь/ төгрөг байх тооцооллын дагуу нэг хүнд оногдох бүтээмжийн мөнгөн дүн (27.92 тонн нүүрс * 170 850.40 төг/тонн) 4 769 692 төгрөг болсон юм.
******* ХХК болон Г.******* нарын хооронд 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ байгуулагдсанаар Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйл, Иргэний хуулийн 369 дүгээр зүйлд заасан Хөдөлмөрийн гэрээ-г байгуулсан.
Ажилтан Г.******* нь Хөдөлмөрийн гэрээний 5.2.1 /Ажлын байрны тодорхойлолтыг чанд сахин биелүүлж ажиллах ... ажлын байрны үндсэн зорилго, үндсэн зорилт, ажлын байрны гол үйл ажиллагаагаа... /, Хөдөлмөрийн дотоод журмын 3.5 / Хэсгийн удирдлагууд нь харьяа хэсгийн ажилтнуудаа мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж, эрхэлсэн асуудал, бүрэн эрхийн хүрээнд ажил үүргийг хуваарилах, үүрэг даалгавар өгөх, гүйцэтгэлийг хянах, шаардлага тавих, үндсэн чиг үүрэгтэй байна/, 8.6 / Ажлын цагийн ашиглалтад харьяа эсгийн удирдлагууд хяналт тавьж ажиллана/ үүргээ тус тус биелүүлээгүйн улмаас компанид 4 769 692 төгрөгийн бодит хохирол учирсан байна.
Иргэний хуулийн 369.1-т Иргэн нь иргэн болон хуулийн этгээдтэй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж болно гэж заасны дагуу иргэний эрх зүйн харилцаанд орсон бөгөөд үүрэг гүйцэтгэгч Хөдөлмөрийн гэрээний 5.2.1 /АБТ, ХДЖ-3.5, 8.6/-Д заасан үүргээ биелүүлээгүй Г.*******гээс иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй.
Г.*******гийн компанид учруулсан 4 769 692 төгрөгийн бодит хохирол нь иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж зааснаар хохирлыг шаардах эрхтэй байна.
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, Иргэний хуулийн 369 дүгээр зүйлийн 369.1-т заасан гэрээний эрх зүйн харилцаанд үүрэг гүйцэтгэгч Г.******* Хөдөлмөрийн гэрээний 5.2.1, хөдөлмөрийн дотоод журмын 3.5, 8.6, ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ биелүүлээгүй байх тул иргэний хуулийн 227.3, 219.1-т заасны дагуу учирсан бодит хохирол 4 769 692 төгрөгийг хариуцагч Г.*******гээс гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нармандах сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Г.*******г хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтоор заасан үүргээ биелүүлээгүйн улмаас компанид учирсан хохирол 4.769.692 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Ажлаа тасалсан ажилчин нас барсан нь миний хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс шалтгаалаагүй бөгөөд хэрэв ажилчин ажилтан ажлаа хийгээгүйгээс компанид хохирол учирсан бол ажилчдыг ажилдаа ирсэн эсэхийг шалгаж мэдээлэх үүрэгтэй албан тушаалтны ажлын хариуцлагатай холбоотой болно гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болон талуудын тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.******* нь ******* ХХК-д холбогдуулж тус компанийн уурхайн дарга бөгөөд ерөнхий инженерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор 48 328 000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч ******* ХХК нь Г.*******д холбогдуулж 4 769 692 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.
Нэхэмжлэгч Г.******* нь 2007 оноос эхлэн хариуцагч компанийн уурхайд ажилласан ба 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээгээр ******* ХХК-ийн Уулын хэсгийн Уурхайн дарга бөгөөд ерөнхий инженерийн ажилд ажиллаж байжээ.
Улмаар 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Б/59 дугаартай /хх-20/ тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.4, компанийн Хөдөлмөрийн дотоод журмын 18 дугаар зүйлийн 18.2.9, Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.8 дахь хэсэгт заасныг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан тухай мэдэгдэж, нэхэмжлэгч шүүхэд 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр ажилдаа эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзсэн болно.
Нэхэмжлэгч тал ... намайг өөрийн удирддаг хэсгийн ажилтнуудын хөдөлмөрийн процесст хяналт тавих, уурхайн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах үндсэн үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандаж, хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж үзэж ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй юм... гэжээ.
Хариуцагч тал ... Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, өөрийн удирдлага дор байдаг ажилтан нь ирц бүртгэлд оролцоогүй, уурхайн бүрэлдэхүүн дутуу ажиллаж байхыг мэдээгүй, хяналт тавиагүй, хөрөнгө мөнгөөр үнэлшгүй, эрдэнэт хүний алтан амь үрэгдээд бүтэн өдөр өнгөрсөн байхад мэдээгүй нь энэ хүний ёс суртахууны доголдлыг илтгэнэ ... гэсэн тайлбарыг гаргаж маргаж байна.
Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачлагаар цуцлахдаа хөдөлмөрийн гэрээг цуцлах нөхцөлийг заасан Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг баримтлах ёстой бөгөөд хариуцагч ******* ХХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Б/59 дугаартай тушаалаар Г.*******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.4, компанийн Хөдөлмөрийн дотоод журмын 18 дугаар зүйлийн 18.2.9, Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.8 дахь хэсэгт заалтуудыг үндэслэл болгожээ.
Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж заасан байна.
Нэхэмжлэгч Г.*******г Уулын хэсгийн уурхайн дарга бөгөөд ерөнхий инженерээр ажиллаж байх үед уулын хэсгийн ажилтан амиа егүүтгэсэн үйл баримт зохигчдын тайлбараар нотлогдож байх ба ажил олгогч нь дээрх хэрэг учралд холбогдуулж өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Г.******* нь өөрийн удирдлага дор ажилладаг ажилтан нь ажлын талбай дээрээ очилгүй бүтэн ажлын өдөр өнгөрсөн байхад түүнчлэн ажлын бүтээмж 27.92 тонн нүүрс олборлолт буурсан байхад мэдээгүй нь ажлын хариуцлага алдсан ноцтой үйлдэл гэж үзэж хөдөлмөрийн сахилгын шийтгэл оногдуулсан байна. Зохигчдын тайлбараас үзэхэд тухайн компанийн ажилчдын аюулгүй ажиллагаа, цаг бүртгэлтийг хариуцах үүрэг бүхий ажилтан буюу өөр этгээдэд сахилгын шийтгэлийг оногдуулахдаа ялгамжтай оногдуулсан нь тогтоогдож байх ба адил хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн гэж үзвэл шийтгэлийг ялгамжтай оногдуулах тухай эрх зүйн үндэслэлээ ажил олгогч нотлоогүй, хуульд заасан шат дараалсан сахилгын шийтгэл оногдуулах боломжгүй нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул ажил олгогчийн сахилгын шийтгэл оногдуулсан шийдвэр нь үндэслэлгүй байна гэж үзлээ.
Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж заасан ба Г.*******д ажил олгогч 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Б/55 дугаартай тушаалаар цалинг 10 хувиар хасах сахилгын шийтгэл оногдуулсан гэх тайлбар нь хх-65 дугаар талд авагдсан цалингийн жагсаалтаар Г.******* нь цалин суутгуулаагүй болох нь тогтоогдож байх тул ажилтан сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх ажил олгогчийн тайлбар үгүйсгэгдэж байна.
Иймд ******* ХХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Б/59 дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Г.*******г ******* ХХК-ийн уурхайн дарга бөгөөд ерөнхий инженерийн ажилдаа эгүүлэн тогтоох үндэслэлтэй байна гэж үзлээ.
******* ХХК-ийн захирлын 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Б/59 дугаартай тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцлаж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байх тул нэхэмжлэгч Г.*******гийн ажилгүй байсан хугацааны цалинг ажлаас чөлөөлсөн мөн өдрөөс нь эхлэн тооцох нь зүйтэй байна.
Г.*******гийн ажилгүй байсан хугацааны дундаж цалинтай тэнцэх нөхөх олговрыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7 дахь хэсэгт ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно гэж заасны дагуу тооцох үндэслэлтэй байна.
Г.*******гийн ажиллаж байсан үеийн сүүлийн 3 сар болох 2021 оны 06 дугаар сар 2 357 500 төгрөг, 07 дугаар сар 6 941 555 төгрөг, 08 дугаар сар 2 471 000 төгрөг болох нь түүний нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-164/-оор тогтоогдож байна.
Түүнчлэн нэхэмжлэгчийн нэг сарын дундаж цалин 11 770 055 : 3 сар = 3 923 351 төгрөг, нэг өдрийн цалин 3 923 351 : 21.5 өдөр = 182 481 төгрөг байна
Иймд ажилгүй байсан хугацаа буюу 12 сар 7 хоног /12 сар * 3 923 351 = 47 080 212, 7 хоног * 182 481 = 1 277 367/ , нийт 48 357 579 төгрөг байх боловч шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 48 328 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар ажил олгогч нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй гэжээ.
Иймд ******* ХХК-д Г.*******гийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж шийдвэрлэв.
4 769 692 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн тухайд:
Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ ...Г.******* нь ажилтнуудын ажлын цагийн ашиглалтад хяналт тавьж, ажил үүргийг хуваарилах, үүрэг даалгавар өгөх, гүйцэтгэлийн хянах үндсэн чиг үүргээ биелүүлээгүйн улмаас 2021 оны 8-р сарын 11 -ны өдөр бүрэн бус бүрэлдэхүүнтэй уурхайн ажил эхэлсэнд хяналт тавиагүй. Үүний улмаас нэг хүнд ноогдох бүтээлийн хэмжээ буурж компанид 4 769 692 төгрөгийн хохирол учирсан байна. Компанид учирсан 4 769 692 төгрөгийн хохирол гэдэгт ТУЗ-ийн даргын баталсан Бизнес төлөвлөгөө-ний дагуу нэг өдөр ажиллах нэг хүний хөдөлмөрийн бүтээмж нь 27.92тн нүүрс байхаар тусгасан бөгөөд нэг тонн нүүрсийг 170 850.40 /нэг зуун далан мянга найман зуун тавь/ төгрөг байх тооцооллын дагуу нэг хүнд оногдох бүтээмжийн мөнгөн дүн (27.92 тонн нүүрс * 170 850.40 төг/тонн) 4 769 692 төгрөг болсон юм... гэж, нэхэмжлэгч ... Ажлаа тасалсан ажилчин нас барсан нь миний хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс шалтгаалаагүй бөгөөд хэрэв ажилчин ажилтан ажлаа хийгээгүйгээс компанид хохирол учирсан бол ажилчдыг ажилдаа ирсэн эсэхийг шалгаж мэдээлэх үүрэгтэй албан тушаалтны ажлын хариуцлагатай холбоотой болно ... гэсэн тайлбар гаргаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргадаг.
Шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ болгосон нэг ажилтаны нэг өдөр ажил үүргээ гүйцэтгээгүйгээс компанид учирсан 4 769 692 төгрөгийн хохирлыг Г.*******гийн үйлдэл эс үйлдэхүйгээс учирсан хохирол гэж үзэж нэхэмжлэгчид хариуцуулах үндэслэлгүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Зохигчдын маргаж буй маргаан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.1 дэх хэсэгт зааснаар гомдлоор үүсдэг бөгөөд гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл нь бүхэлдээ улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдаж , нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.1, 116, 118, 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Цоо овогт Ганбаатарын *******г ******* ХХК-ийн Уурхайн дарга бөгөөд ерөнхий инженерийн ажилдаа эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ХХК-иас ажилгүй байсан үеийн цалинтай тэнцэх нөхөх олговор 48 328 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.*******д олгосугай.
3.Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.******* болон ажил олгогчийн төлбөл зохих нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг ******* ХХК-д даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч ******* ХХК-ийн 4 769 692 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.******* нь улсын тэмдэгтийн хураамж 399 590 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 91 266 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-иас 399 590 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.УГТАХБАЯР