Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
---|---|
Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
Хэргийн индекс | 135/2022/00430/И |
Дугаар | 135/ШШ2022/01783 |
Огноо | 2022-12-15 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 135/ШШ2022/01783
2022 12 15 135/ШШ2022/01783
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 135/2022/00430/и/
******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: У. хот, Х. дүүргийн 03 дугаар хороо, ажилчдын гудамж, байрлах ... ажлын алба /РД: ..../-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* аймгийн ******* сумын 3 дугаар баг, ******* хэсэг хөдөө тоотод оршин суух, ******* овогт П.гийн Д. /РД: .../-т холбогдох,
"гэрээний үүрэг 2,500,000 төгрөг, алданги 1,250,000 төгрөг, нийт 3,750,000 төгрөг гаргуулах тухай" нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /цахимаар/,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох ******* аймгийн Прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч ...,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дурсахбаяр нар оролцов.
(Хариуцагч П.Д.д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Х... нь хариуцагч П.Д.д холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлд 3,750,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Иргэн П.Д. нь хуучин тариалан эрхлэх дэмжих сангаас 5 сая төгрөгийн үнэ бүхий бага оврын тракторыг авсан. 2012 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 094 тоот гэрээгээр 5,000,000 төгрөгийн КТ-200 маркийн бага оврын трактор, хадлангийн иж бүрдлийн хамт урьдчилгаа 50 хувь болох 2,500,000 төгрөг төлөн үлдэгдэл 50 хувь болох 2,500,000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлөхөөр гэрээ байгуулсан.
Гэвч өнөөг хүртэл зээлээ төлөөгүй байгаа бөгөөд 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар хугацаа хэтэрсэн өр 2,500,000 төгрөг байна. Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэл нь одоог хүртэл биелэгдэхгүй байгаа тул Иргэний хуулийн 232.4 дэх заалтыг баримлан анз буюу алданги 1,250,000 төгрөг, нийт 3,750,000 төгрөг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан гэв.
3. Хариуцагч П.Д. шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
******* дэмжих сангаас 5,000,000 төгрөгийн үнэтэй бага оврын трактор авсан нь үнэн. Үнийг нь төлсөн. Яг төлсөн он, сар, өдрийг мэдэхгүй байна гэжээ.
4. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Иргэний хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудад дүгнэлт хийхэд *******н сангийн ажлын алба болон иргэн П.Д. нарын хооронд 2012 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн бага оврын тракторыг худалдан борлуулах, санхүүгийн түрээсийн гэрээ хийгдээд 1 ширхэг хадлангийн иж бүрдэл олгогдсон байдаг. 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийт төлбөрийг төлж барагдуулах үүрэг хүлээсэн. *******н сангийн ажлын албанаас 5 сая төгрөгийн иж бүрдлээс 2,500,000 төгрөгийг авсан, үлдэгдэл 2,500,000 төгрөг дээр нэмээд 1,250,000 төгрөгийн анзыг гаргуулах нэхэмжлэл гаргаж байна гэж ойлгож байгаа. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2 дахь хэсэгт зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан харагдаж байна. Гэхдээ *******, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 134 дугаартай тушаалаар тариалан эрхлэлтийн дэмжих сангийн тайлан, үлдэгдлийг *******н дэмжих санд балансаас балансад шилжүүлсэнтэй холбоотойгоор хөөн хэлэлцэх хугацааг мөн хугацаагаар тооцож үзэхэд үндсэн төлбөр, анзыг гаргуулах бүрэн боломжтой харагдаж байна. Тэгэхээр хөөн хэлэлцэх хугацаа яригдахгүй. П.Д.ы хувьд үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулсан гэсэн тайлбарыг хэлсэн. Энэ нь холбогдох баримтаар хавсаргаагүй, хэзээ, ямар дансанд төлбөрийг шилжүүлсэн талаар баримт байхгүй байгаад байна. Тэгэхээр энийг *******н дэмжих сангийн ажлын албанаас нэхэмжлэх нь үндэслэлтэй байна гэв.
5. Нэхэмжлэгчээс 2012 оны 07 сарын 25-ны өдрийн №094 дугаартай Бага оврын тракторыг худалдан борлуулах санхүүгийн түрээс /лизинг/-ийн гэрээ /хх-3,4 хуудас/, 2012 оны 07 сарын 30-ны өдрийн №1058 дугаартай Эрин интернэшнл ХХК-ийн менежер Б.Мөнхбатад техник, тоног төхөөрөмж олгох зөвшөөрлийн хуудас /хх-5 хуудас/, 2012 оны 07 сарын 30-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт /хх-7 хуудас/, өр авлагын дэлгэрэнгүй журнал /хх-8 хуудас/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
6. ******* аймгийн Прокурорын газрын 2022 оны 03 сарын 10-ны өдрийн 1/516 дугаартай албан бичгээр төрийн ашиг сонирхол хөндөгдөж байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд прокурорыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлт болон итгэмжлэл зэргийг ирүүлсэн байна. /хх-16, 17 хуудас/
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Х...ны хариуцагч П.Д.д холбогдуулан гаргасан 3,750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Х... шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа 2012 оны 07 сарын 25-ны өдрийн 094 дугаартай байгуулсан Бага оврын тракторыг худалдан борлуулах санхүүгийн түрээс /линзинг/-ийн гэрээг үндэслэн нийт 3,750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийнхээ үндэслэлийг хариуцагч нь гэрээний үндсэн үүрэг 2,500,000 төгрөгийг төлөөгүй тул үндсэн үүргийн үлдэгдэл, мөн гэрээнд заасан алданги шаардах эрхтэй гэж тайлбарлаж байна.
3. Хариуцагч П.Д. нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ гэрээний үүргийг биелүүлсэн гэж маргаж байна.
4. Хэрэгт 2012 оны 07 сарын 25-ны өдрийн 094 дугаартай Бага оврын тракторыг худалдан борлуулах санхүүгийн түрээс лизин-ийн гэрээ авагдсан бөгөөд тус гэрээгээр нэг талаас Тариалан эрхлэлтийг дэмжих сан, нөгөө талаас П.Д. нар тохиролцож, 5,000,000 төгрөгийн үнэ бүхий FT-200 маркын хадлангийн иж бүрдлийг хадлан бэлтгэх үйл ажиллагааг дэмжих, хөгжүүлэх зориулалтаар олгохоор, тус гэрээний хугацаа 5 жил буюу 60 сар байх, эд хөрөнгийг хүлээн авахдаа нийт үнийн дүнгийн 50 хувь болох 2,500,000 төгрөгийг П.Д. нь Тариалан эрхлэлтийг дэмжих санд төлөх, үлдэх 2,500,000 төгрөгийг 2013 оноос 2017 он хүртэлх хугацаанд жил бүр 500,000 төгрөгөөр хуваан төлж дуусгахаар тус тус тохирчээ. Мөн гэрээний 3.3-т хуваарьт төлбөрийг төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,05 хувийн алданги төлөхөөр заасан байна.
5. Дээрх гэрээний дагуу гэрээний зүйл болох эд хөрөнгийг хүлээн авахдаа хариуцагч П.Д. нь гэрээнд заасны дагуу эд хөрөнгийн үнийн 50 хувь болох 2,500,000 төгрөгийг төлсөн болох нь талуудын тайлбар, 2012 оны 07 сарын 30-ны өдрийн техник тоног төхөөрөмж олгох зөвшөөрлийг хуудас, Хадгаламж банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тус тус тогтоогдож байна. /хх-5-7 дугаар хуудас/
6. Хэрэгт авагдсан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01 сарын 08-ны өдрийн 16 дугаартай Х... байгуулах, орон тооны хязгаарыг батлах тухай тогтоолоор Х... байгуулж, орон тооны хязгаарыг тогтоож, тус албаны дүрэм, зохион байгуулалтын бүтцийг орон тооны хязгаар, батлагдсан төсөвт багтаан баталж, хяналт тавьж ажиллахыг *******, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад даалгасан байна. Үүний дагуу хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны 04 сарын 24-ний өдрийн А-134 дугаартай *******г дэмжих санд хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай тушаал гарч, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн 2019 оны жилийн эцсийн аувитын нэгтгэсэн санхүүгийн тайлангийн үлдэгдэл, тус тайланд нэгтгэгдсэн Японы засгийн газрын төсөл хөтөлбөрийн хугацаа дууссан КР-1, КР-2, БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн БОТ санхүүгийн тайлангийн үлдэгдлийг хааж хаалтын тайлан гарган, *******г дэмжих санд балансаас балансад шилжүүлсэн байна.
Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.6-д: Шаардах эрхийг шинэ үүрэг гүйцэтгүүлэгчид шилжүүлснээр түүнтэй холбоотой бусад эрх болон түүнийг хангах арга нэгэн зэрэг шилжинэ гэж заасны дагуу Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн олгосон зээлтэй холбоотой шаардах эрх *******г дэмжих санд дээрх шийдвэрүүдээр шилжсэн байх тул *******г дэмжих сан нь гэрээний үүргийн талаар шаардлага гаргах эрхтэй этгээд мөн байна.
7. Шүүх хуралдаанд оролцсон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох ******* аймгийн Прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч ... тайлбартаа дээрх гэрээний дагуу шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг дурдаж, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байгаа боловч хэрэгт авагдсан Монгол Улсын Засгийн газрын тогтоол, *******, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын тушаалын дагуу шаардах эрх шилжсэн үеэс хөөн хэлэлцэх хугацаа тасарсан тул энэ үеэс хөөн хэлэлцэх хугацааг шинээр тоолохоор байна гэж тайлбарлаж байна.
8. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ төлбөрийг төлсөн гэж тодорхойлж байгаа бөгөөд хөөн хэлэлцэх хугацааны талаар маргаагүй боловч шүүх хуралдаанд оролцсон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хөөн хэлэлцэх хугацааны талаар тайлбарлаж байх тул шүүх энэ талаар тодруулж, хууль зүйн дүгнэлт хийх үндэслэлтэй гэж үзсэн болно.
Нэхэмжлэгч талаас хариуцагч П.Д.тай байгуулсан гэрээний үүргийн талаар өмнө нь шаардлага гаргаж, эрх бүхий байгууллагад хандаж байсан эсэх талаар тодруулахад анх удаа шүүхэд 2022 оны 02 сарын 16-ны өдөр нэхэмжлэл гаргасан талаар тайлбарлаж байна.
9. Талуудын байгуулсан 2012 оны 07 сарын 25-ны өдрийн 094 дугаартай Бага оврын тракторыг худалдан борлуулах санхүүгийн түрээс лизин-ийн гэрээгээр гэрээний хугацааг 5 жил гэж тогтоосон бөгөөд гэрээний хугацаа 2017 оны 07 сарын 25-ны өдөр дуусгавар болсон байна.
Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна 75 дугаар зүйлийн 75.2.1-т: гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил, 76 дугаар зүйлийн 76.1-т: Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэж тус тус заажээ.
Талуудын байгуулсан гэрээ нь санхүүгийн түрээсийн гэрээ гэсэн нэртэй боловч талуудын тохирсон гэрээний нөхцөл, тохиролцооноос үзэхэд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна гэж үзэхээр байна.
Өөрөөр хэлбэл талууд гэрээний зүйл болох FT-200 маркын хадлангийн иж бүрдлийг худалдан авах зориулалтаар үнийг 5,000,000 төгрөгөөр тохирсон, урьдчилгаа үнэ 2,500,000 төгрөгийг хариуцагч тал төлсөн, нэхэмжлэгч тал тухайн эд хөрөнгийг хариуцагчийн буюу худалдан авагчийн өмчлөлд шилжүүлсэн, одоо үлдэгдэл үнийг шаардаж байгаа байдал нь дээрх хуульд заасан гэрээний шинжийг агуулж байна.
Энэхүү гэрээний дагуу шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь хуульд зааснаар 3 жил бөгөөд нэхэмжлэгч талын шаардах эрхийн хугацаа 2017 оны 07 сарын 26-ны өдрөөс эхлэн тоологдох тул шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2020 оны 07 сарын 26-ны өдөр дууссан байна.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан талаар эрх шилжих үетэй холбон тайлбарлаж байгаа боловч энэхүү тайлбар нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-т: Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж заасан бөгөөд энэхүү үндэслэлд дээрх тайлбар хамаарахгүй байна.
Мөн Иргэний хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-т зааснаар нэхэмжлэгдвэл зохих эд хөрөнгө нь эрх залгамжлалын журмаар гуравдагч этгээдэд шилжсэн бол өмнөх эзэмшигчийн эзэмшилд байх үеэс хөөн хэлэлцэх хугацааг үргэлжлүүлэн тоолно гэж зааснаас үзвэл шаардах эрх шилжсэн нь хөөн хэлэлцэх хугацаа тасалдах, зогсох хууль зүйн үндэслэлд хамаарахгүй юм.
Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т: Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй, 82.2-т: Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг үүрэг гүйцэтгэгч мэдээгүй байхдаа үүргийн гүйцэтгэлийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд үүргийн гүйцэтгэлээс татгалзах эрхгүй гэж тус тус зааснаас дүгнэхэд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь хөөн хэлэлцэх хугацаатай хамааралгүй боловч нэгэнт нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй татгалзаж байгаа тул хариуцагчаас гэрээний үүргийн биелэлтийг гаргуулж шийдвэрлэх боломжгүй юм.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.
10. Шүүх нэхэмжлэгч нь төрийн байгууллага тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 243 дугаар зүйлийн 243.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Х...ны хариуцагч П.Д.д холбогдуулан гаргасан 3,750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор ******* аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ