| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрсүхийн Энхтуяа |
| Хэргийн индекс | 182/2022/03996/И |
| Дугаар | 182/ШШ2022/03667 |
| Огноо | 2022-12-16 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 182/ШШ2022/03667
2022 12 16 182/ШШ2022/03667
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, шүүгч Х.Дашдэчмаа, Н.Нарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С.А-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Т.Тд холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зам тээврийн ослын улмаас учирсан гэм хорын хохиролд 5,057,550 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч П.Ц,
Хариуцагч Т.Т,
Иргэдийн төлөөлөгч О.Д,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: 2022.07.18-ны өдөр өглөө 6 цаг 40 минутын үед миний охин С.А нь цагийн ажилдаа явж байгаад, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт, талбайн хажууд замаар гарах гэж яваад хариуцагчийн жолоодон явсан, 39-** УНХ улсын дугаартай автомашинд мөргүүлж, зам тээврийн осолд орсон. Энэхүү зам тээврийн осолд хариуцагч Т.Т буруутай болох нь тогтоогдсон бөгөөд ослын улмаас миний охин С.Ан биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан. Тийм учраас миний охин С.А нь 7 хоног эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн, бариа засал хийлгэсэн. Тухайн үед хариуцагч Т.Т нь 1,000,000 төгрөгийг эмчилгээнд өгсөн. Үүнээс хойш дараах эм тариа хийлгэж, эвдэрсэн утсыг үнэлүүлж өөрөөсөө зардал гаргасан. Үүнд:
- ажлын 25 хоног ажлаа хийж чадаагүй. Ажлын 8 цаг, 1 цаг нь 6900 төгрөг, нийт 1,380,000 төгрөг,
- унаа, шатахууны зардал 455,000 төгрөг. Миний хувьд машингүй учир хүүхдээ аваад гэрээсээ эмнэлэг явах, эмнэлгээс гэр лүүгээ ирэхэд заавал такси барих шаардлага үүсч байсан. Мөн танил хүмүүсийнхээ машинд шатахуун хийж унаж явах шаардлага байсан. Автобусаар явах боломжгүй.
- эм болон бариа засал 539,300 төгрөг,
- гар утас 180,000 төгрөг. Тухайн үед барьж явсан гар утас нь юу ч үгүй эвдэрсэн.
- тухайн үед өмсөж явсан өмд, цамцны үнэ 85,000 төгрөг. Өмсөж явсан өмд, цамц нь урагдаад өмсөх боломжгүй болсон.
- цаашид авах эм 268,250 төгрөг, зайлшгүй авч уух шаардлагатай байгаа боловч мөнгөгүйн улмаас авч чадахгүй байгаа.
- Охины толгой ихээр өвдөж байгаа учир эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай байгаа. Тиймээс Гранд мед эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх зардалд үзлэг 40,000 төгрөгөөс 50,000 төгрөг, ор хоног, 1 хоногийн 60,000 төгрөг, 10 хоногийн 600,000 төгрөг, шинжилгээний зардал 500,000 төгрөг, эм, эмчилгээний зардал 1,000,000 төгрөг, шүүхийн нэхэмжлэл гаргасан тэмдэгтийн хураамж 98,000 төгрөг, нийт 5,155,550 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
2.Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд гэм буруугийн хувьд маргахгүй, тухайн осол миний буруугаас болж гарсан нь үнэн. Нэхэмжлэлээс эм, тарианы бодитой гарсан зардлыг төлөхийг зөвшөөрнө. Харин таксины төлбөр, хувцас хэрэгслийн мөнгө, утасны төлбөр зэргийг нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
3.Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Хариуцагч осол гаргасан, гэм буруутайгаа хүлээн зөвшөөрсөн учир гэм буруутай байна. Шаардлага хангасан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх хэрэгтэй гэжээ.
4.Нэхэмжлэгч нь байнга оршин суугаа хаягийн лавлагаа, нотариатын зардал төлсөн баримт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022.07.22-ны өдрийн 10086 дугаар шинжээчийн дүгнэлт, Тээврийн прокурорын газрын 2022.08.12-ны өдрийн 728 дугаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай прокурорын тогтоол, 2022.08.05-ны өдрийн Мөрдөгчийн магадлагаа, хохирлын тооцоо, 2022.07.29-ний өдрийн Пиксел ХХК-ийн бэлэн мөнгөний орлогын баримт, 2022.07.18-ны өдрийн Лазер мед ХХК-ийн бэлэн мөнгөний орлогын баримт, АШУҮИС-ийн Төв эмнэлгийн 2022.07.01-ний өдрийн е-баримт, 2022.07.18-ны өдрийн Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, 2022.07.18-ны өдрийн Зэм тээврийн осол дээр тогтоосон акт, Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, хавсаргасан гэрэл зургуууд, Сэнтрал экспресс Си Ви Эс ХК-ийн 2022.08.04-ний өдрийн тодорхойлолт, Шатахуун түгээх станцын е-баримтууд, эмийн баримтууд, Хас үнэлгээ ХХК-ийн 2022.08.03-ны өдрийн үнэлгээний тайлан, 2022.08.02-ны өдрийн Мөрдөгчийн тогтоол, амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар, иргэний үнэмлэх гэсэн баримтуудыг шүүхэд гарган өгсөн байна.
5.Хариуцагч шүүхэд ямар нэгэн баримтыг ирүүлээгүй болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч С.А нь хариуцагч Т.Тд холбогдуулж зам тээврийн ослын улмаас учирсан гэм хорын хохиролд 5,155,550 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байх бөгөөд уг шаардлагадаа 98,000 төгрөгийн тэмдэгтийн хураамжийг оруулан тооцжээ. Харин улсын тэмдэгтийн хураамж нь нэхэмжлэлийн шаардлагад тооцогдохгүй бөгөөд шүүхээс хэргийг шийдвэрлэсний дараа зохигчдод хуваарилдаг тул 98,000 төгрөгийг хасч, нэхэмжлэлийн шаардлагыг 5,057,550 төгрөг гэж тодорхойллоо.
Шүүх бүрэлдэхүүн хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан нэхэмжлэгч талаас гарган өгсөн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч тал дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг хариуцагч Т.Т нь замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, зам тээврийн осол гаргаж, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан үйлдэлдээ гэм буруутай гэдэг нь тогтоогдсон, ослын улмаас С.А эм тариа, бариа засал хийлгэсэн, цаашид эмчлүүлэх шаардлагатай, мөн цалин хөлсгүй болж, байнга такси барих, бусдын машинд шатахуун хийж эмнэлэг явах, буцах зэргээр өөрөөсөө зардал гаргасан, мөн тухайн үед байсан гар утас эвдэрсэн, өмсөж явсан цамц, өмд урагдаж дахин өмсөх боломжгүй болсон учир хариуцагчаас хохирлыг шаардах эрхтэй гэж тайлбарлав.
Хариуцагч нь гэм буруугийн талаар маргахгүй, эм, тариа, бариа заслын бодитой гарсан зардлыг төлөхийг зөвшөөрнө, харин таксины төлбөр, хувцас хэрэгслийн мөнгө, утасны төлбөр зэргийг нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
3.Тээврийн прокурорын газрын 2022.08.12-ны өдрийн 728 дугаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай прокурорын тогтоолоор хариуцагч Т.Т нь 2022.07.18-ны өдрийн өглөө 07 цаг 40 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Төв шуудангийн зүүн урд уулзвар замд Тоёота приус маркийн 3895 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Çàìûí õºäºë㺺íèé ä¿ðìèéí 15.1-д “жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө”, 15.7-д “зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч нь уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаж байгаа тээврийн хэрэгсэл, зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаг гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч С.Аг мөргөж, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10-т зааснаар иргэн С.А-с гаргасан бүртгэлийн Г-1137 дугаартай гэмт хэргийн талаарх гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж, С.А нь иргэний журмаар хохирлоо арилгуулахаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Дээрх тогтоолын үндэслэл болсон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022.07.22-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр, энэхүү ослын улмаас нэхэмжлэгч С.Ан биед тархи доргилт, баруун өвдөгний үе, зүүн шилбэ, духны хуйхны зөөлөн эдийн няцрал, 2 өвдөг, баруун хацар, баруун чихний дэлбэн, дух, зүүн гарын чигчий, ядам, дунд хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдсон байх бөгөөд энэхүү гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байхаас гадна, нэхэмжлэгч С.Ан барьж явсан Samsung J7 маркийн гар утас газарт унан, хагарч гэмтсэн, 2022.08.03-ны өдрийн Хас үнэлгээ ХХК-ийн үнэлгээний тайлангаар Samsung J7 маркийн гар утсыг 150,000 төгрөгөөр үнэлсэн байна.
4.Уг прокурорын тогтоолд зохигчдын хэн аль нь гомдол гаргаагүй, прокурорын тогтоол хүчин төгөлдөр болсон байх бөгөөд прокурорын тогтоолд нэгэнт дүгнэгдсэн, хариуцагч Т.Тын гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч С.Ан эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл, эд хөрөнгөд хохирол учирсан үйл баримтын талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4‑т зааснаар шүүх дахин нотлох шаардлагагүй болно.
Хариуцагч Т.Т нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд тухайн үедээ нэхэмжлэгч С.Ад үзлэг, шинжилгээ, эмчилгээний зардалд 1,050,000 төгрөг төлсөн байх тул хариуцагч Т.Тын гэм буруугийн талаар дүгнэлт хийх шаардлагагүй, харин түүний гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч С.Ад учирсан хохирол нь үндэслэлтэй эсэх, эдгээрийн хооронд шалтгаант холбоо байгаа эсэхэд дүгнэлт өгөх нь зүйтэй гэж үзсэн.
5.Гэм хорыг арилгах үндэслэл, шаардах эрх нь гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, хохирогчид учирсан хохиролтой шууд шалтгаант холбоотой байхаас гадна гэм буруу нь тогтоогдсон байхыг шаарддаг бөгөөд энэ тохиолдолд нэхэмжлэгч С.Ад буруутай этгээдээс Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасан хохирол нэхэмжлэх эрх үүснэ.
Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д “Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно”, 228.4-т “хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй”,
505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй”,
510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.
6.Тодруулбал, хариуцагч Т.Тын гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч С.Ан эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учирч, тэрээр эм болон бариа засалд 539,300 төгрөг төлсөн, цаашид 268,250 төгрөгийн эм авах зайлшгүй шаардлагатай, энэхүү эм, тариа, бариа заслын мөнгийг хариуцагч Т.Т төлөхийг зөвшөөрсөн, мөн нэхэмжлэгч С.Ан барьж явсан Samsung J7 маркийн гар утас эвдэрч түүнд 150,000 төгрөгийн хохирол учирсан болох нь баримтаар тогтоогдсон тул нэхэмжлэгч С.Ад хуулийн дээрх заалтуудын дагуу шаардах эрх үүссэн, нөгөө талаар хариуцагч Т.Т нь нэхэмжлэгч С.Ан эрүүл мэндийг өмнөх байдалд нь сэргээх үүрэгтэй, тэрээр сэргээх боломжгүй бол Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар баримтаар тогтоодсон 957,550 төгрөгийг төлөх үүрэгтэй, түүний гэм буруутай үйлдэл, нэхэмжлэгч С.Ан эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Өөрөөр хэлбэл, Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар “Эрүүл мэнд” гэж хүн өвчин, эмгэггүй, бие бялдар, оюун санаа, нийгмийн амьдралын хувьд сайн сайхан байхыг хэлэх бөгөөд хариуцагч Т.Т нь нэхэмжлэгч С.Аг мөргөж, биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч С.А бие бялдар, оюун санаа, нийгмийн амьдралын хувьд сайн сайхан байх, эрүүл амьдрах боломж түр хугацаанд алдагджээ.
7.Нөгөө талаар, хариуцагч Т.Т нь нэхэмжлэгч С.Аг мөргөж, зам тээврийн осол гарган, түүний эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэм буруутай үйлдэл гаргаагүй байсан бол нэхэмжлэгч С.А нь эрүүл саруул байж, ажил хөдөлмөрөө эрхлэн, хэвийн амьдарч байх байсан бөгөөд биеэ эмчлүүлж өөрөөсөө зардал гаргах зайлшгүй шаардлага үүсэхгүй байсан гэж үзнэ.
Тиймээс иргэдийн төлөөлөгчийн гаргасан “...хариуцагч осол гаргасан, гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч байна, шаардлага хангасан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх хэрэгтэй...” гэсэн дүгнэлтийг үндэслэл бүхий байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
8.Иймд хариуцагч Т.Таас түүний төлөхийг зөвшөөрсөн, баримтаар тогтоогдсон нийт 957,550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Ад олгож, нэхэмжлэлээс үлдэх 4,100,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
8.1.Учир нь нэхэмжлэгч С.А Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг шаардах эрхтэй, тэрээр Сэнтрал Экспресс Си Ви Эс ХК-ийн 2022.08.04-ний өдрийн тодорхойлолтоор нэхэмжлэгч С.А нь тус компанид цагийн ажилтнаар 2022.06.09-ний өдрөөс эхлэн ажилласан нь харагдах ба, хэдэн төгрөгийн цалин хөлстэй болох, нийгмийн даатгалын шимтгэл төлдөг эсэх, ямар хугацаанд ажлаа хийгээгүй болох нь тодорхойгүй, баримтаар тогтоогдохгүй байх тул 1,380,000 төгрөгийн цалин хөлсийг шаардах боломжгүй юм.
8.2.Хэрэгт авагдсан шатахууны е-баримтуудаар шатахуун авсан байдал харагдах боловч уг шатахууныг нэхэмжлэгч С.Аг гэрээсээ эмнэлэг хүртэл, эмнэлэгээс гэр хүртэл машинаар тээвэрлэн явахад зарцуулсан гэж үзэхгүй, үүний улмаас 455,000 төгрөгийн хохирол учирсан байдал тогтоогдохгүй, түүнчлэн нэхэмжлэгч С.А тухайн үед ямар цамц, өмд өмсөж явсан болох нь тодорхойгүй, уг өмд, цамцыг 85,000 төгрөг болохыг тогтоосон баримтгүй байна.
8.3.Түүнчлэн нэхэмжлэгч С.А нь Гранд мед эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх зайлшгүй шаардлагатай, үүний улмаас хэвтэх, шинжилгээ хийлгэх, эм тариа хийлгэх зэргээр 2,150,000 төгрөгийн зардал гарах эсэх нь тодорхойгүй, ямар мэргэжлийн эмчийн заавар, зөвлөгөөгөөр Гранд мед эмнэлэгт хэвтэх зайлшгүй шаардлагатай болсон нь тодорхойгүй, энэ талаарх баримтгүй.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч С.А нь дээр дурдсан 4,100,000 төгрөгийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2-т зааснаар баримтаар нотолсонгүй.
9.Нэхэмжлэгч С.Ан тэмдэгтийн хураамжид төлсөн 97,439 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Т.Таас 27,531 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Ад олгох нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т заасантай нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.2.-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Т.Таас 957,550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Ад олгож, нэхэмжлэлээс үлдэх 4,100,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч С.Ан тэмдэгтийн хураамжид төлсөн 97,439 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Т.Таас 27,531 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Ад олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭНХТУЯА
ШҮҮГЧИД Х.ДАШДЭЧМАА
Н.НАРАНГЭРЭЛ