Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пунцагжавын Болормаа |
Хэргийн индекс | 147/2022/00232/и |
Дугаар | 147/шш2023/00065 |
Огноо | 2023-02-15 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 02 сарын 15 өдөр
Дугаар 147/шш2023/00065
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 19-р хорооны ..... гудамжны .... тоот хаягт оршин суух хаягтай, 1970 онд төрсөн, эрэгтэй, утасны дугаар:...., Б овогт М-жийн Г-ийн
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын ....-р багт оршин суух, 1988 онд төрсөн, эрэгтэй, утасны дугаар:....., Х овогт С-ын Б-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 05 сарын 25-ны өдөр хүлээн авч, 2022 оны 05 сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч М.Г /цахимаар/
Хариуцагч: С.Б /цахимаар/
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ариунжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч М.Г нь хариуцагч С.Б-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Миний бие иргэн С.Б-д 2019 онд Турк улсаас оруулж ирсэн 1,500,000 төгрөгийн үнэ бүхий эрэгтэй хүний нэхий дээлийг худалдаж, түүнээс нэхий дээлний үнэд 1 тооны адуу /хязаалан үрээ/, 100.000 төгрөгийг авахаар тохирсон. С.Б нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын ...-р багт амьдардаг байсан бөгөөд ирж адуугаа аваарай гэхээр нь Улаанбаатар хотоос нийт 3 удаа хүн явуулж байсан. Гэтэл тэрээр хүн очих бүрт адууг өгөөгүй, буцаан явуулдаг байсан. Дээрх үйлдлийг залилан гэж цагдаад хандсан ч гэмт хэргийн шинжгүй, иргэний журмаар ханд гэсэн тогтоол гарсан. Нэхий дээлний үнийг 1.500.000 төгрөгт тохиролцож, 100,000 төгрөгийг бэлнээр, нэмж хязаалан үрээг 1.400.000 төгрөгт тооцож өгөхөөр тохиролцсон. Тэгээд адуугаа аваагүй дээл одоо зах зээлийн үнэ нь 5,000,000 төгрөг болсон. Хариуцагчийн найз бас нэгийг авч адуу өгсөн гэв.
2. Хариуцагч С.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 онд М.Г наймаа хийгээд явж байхад нь би нэхий куртикийг хязаалан үрээн дээр 100,000 төгрөг өгөөд авахаар тохирсон. Хот руу буцахад нь 100,000 төгрөгөөр түлш хийж өгөөд явуулсан. Замдаа манай дүүгийнхээр ороод адуу аваад явчих гэж хэлтэл харанхуй шөнө очсон байсан. Шөнө адуугаа хурааж өгөх хүн гэж байхгүй. Тэгээд би хавар нь 6 адуу ачаад хот явахдаа хязаалан адууг нь зүсээр нь аваачиж өгсөн. Өгөхдөө би өөрт нь өгөөгүй. Өмнө таньдаггүй байсан Д заан гэх хүн нь чи Г-д үрээ өгөх юм уу, би хэд хоногоос Сүхбаатар явна чи сумандаа байдаг уу гэж над руу ярьсан. Би хотод үрээг нь ачаад ирсэн байна гээд Д гэх хүнд үрээг нь өгөөд явуулсан. Үрээг нь өгөхөд надтай хамт байсан хоёр гэрч байгаа. Үрээг нь өгөхдөө Д гэх хүнтэй сайхан танилцаж үлдсэн нэг даагаа бэлэглэсэн. Намайг сайн яваарай гээд 300,000 төгрөг өгсөн.
Г-т бол үрээг нь өгөөгүй. Г намайг блоклосон байсан. Өөртэй нь холбогдож чадаагүй учраас *******т өгчихөөрэй гээд Д-д өгсөн гэв.
3. Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа, улсын тэмдэгтийн хураамжид 38.950 төгрөг төлсөн баримт зэрэг нотлох баримтууд,
4. Хариуцагчаас нэхэмжлэлийн хариу тайлбар, гэрчээр Д.Д-г асуулгах тухай хүсэлт, Сүхбаатар аймгийн Прокурорын газрын 2022 оны 07 сарын 07-ны өдрийн 1/626 тоот албан бичигт хавсарган ирүүлсэн гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл зэргийг шүүхэд гаргаж өгсөн байна.
5. Хариуцагчийн хүсэлтээр гэрчээр Д.Д-г асуусан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Г нь хариуцагч С.Баас 1.500.000 төгрөгийг гаргуулах шаардлагыг шүүхэд гаргасан.
Шүүх нэхэмжлэгч М.Г-ийн 1,400,000 төгрөг гаргуулах шаардлагыг хангаж, 100,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч М.Г нь “...С.Б нь надаас 2019 онд Турк улсад үйлдвэрлэсэн эрэгтэй хүний нэхий дээлийг 100,000 төгрөгийг бэлнээр өгч, нэмж хязаалан насны халзан үрээ өгнө гэж тохиролцож, худалдан авсан. Тухайн өдрөө миний дээлийг өмсөөд явсан. Харин би адуунаас нь тэр өдөртөө үрээгээ авахаар очиход нөгөө айл нь хэлээгүй гээд барьж өгөөгүй. Өнөөдрийг хүртэл адуугаа өгөхгүй, хууран мэхэлж байх тул 1,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэж шаардах эрхээ тодорхойлсон.
Хариуцагч нь “...би 2019 онд М.Г-тэй нэхий дээлний наймааг 1,500,000 төгрөгөөр үнийг нь тохиролцож, бэлнээр 100,000 төгрөг өгөөд нэмж хязаалан үрээ 1 ширхгийг өгөхөөр тохиролцож хийсэн нь үнэн. Хязаалан үрээгээ 2019 онд Улаанбаатар хот руу ачиж оруулаад Д заанд өгсөн. Тэр хүн Г авчихаарай гэсэн гээд авсан тул би төлбөрөө бүрэн төлсөн, хязаалан үрээ нь одоо байхгүй учраас нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй...” гэж маргаж байна.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн талуудын тайлбар, гэрч Д.Д-гийн мэдүүлэг зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.
Талуудын хооронд 2019 онд Турк улсад үйлдвэрлэгдсэн эрэгтэй хүний нэхий дээлийг 100,000 төгрөгийг бэлнээр өгч халзан зүстэй хязаалан насны үрээг 1,400,000 төгрөгнд тооцож, өгч, худалдан авахаар тохиролцсон үйл баримт тогтоогдож байна. Зохигчид дээрх үйл баримтын талаар маргаагүй.
Нэхэмжлэгч М.Г нь хариуцагч С.Б-д Турк улсад үйлдвэрлэсэн эрэгтэй хүний нэхий дээл 1 ширхгийг 1,500,000 төгрөгөөр үнэлж, дээлний үнэд 100,000 төгрөгийг бэлнээр авч, үлдэгдэл төлбөрт хязаалан үрээ 1 ширхгийг тухайн өдөртөө авахаар, зарахаар харилцан тохиролцсон байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д заасан хэлцэл хийгдсэн гэж үзлээ.
Дээрх хэлцлээр нэхэмжлэгч нь эрэгтэй хүний нэхий дээлийг нийлүүлэх, хариуцагч нь дээлний үнэд 100,000 төгрөгийг бэлнээр төлөхөөр, хязаалан үрээг мөн өдрөө өгөхөөр амаар харилцан тохиролцсон байх тул шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан “худалдах-худалдан авах гэрээ”-ний харилцаа үүссэн байна.
Нэхэмжлэлийн агуулгаас үзэхэд арилжааны гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байх хэдий ч талуудын тайлбараар 100,000 төгрөгийг бэлнээр төлсөн болох нь тогтоогдсон мөн Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.3-т арилжааны гэрээнд худалдах худалдан авах гэрээний талаарх энэ хуулийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарна гэж заасны дагуу худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.
Нэхэмжлэгч нь нэхий дээлийг хүлээлгэн өгсөн, хариуцагч нь 100,000 төгрөгийг бэлнээр төлсөн гэдэгт зохигч маргаагүй харилцан зөвшөөрсөн. Харин хариуцагчийн халзан зүсмийн хязаалан үрээ 1 ширхгийг гэрч Дгээр дамжуулан өгсөн гэсэн нь нотлогдохгүй байна. Гэрч Дгийн “.. би 2019 оны 8 сарын үед Өлзийт хороололд С.Баас 800.000 төгрөгөөр үрээ худалдан авсан. Тухайн өдрөө 300,000 төгрөг өгсөн, дараа нь 500,000 төгрөг дансаар шилжүүлсэн. Миний авсан адуу бол *******т өгөх адуу биш би өөрөө худалдан авсан гэх мэдүүлэг, 500,000 төгрөг шилжүүлсэн дансны хуулга зэргээр хариуцагчийн тайлбар үгүйсгэгдэж байх тул үлдэгдэл төлбөр 1,400,000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна.
Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар зохигч хэргийн үйл баримт, гэм буруу болон шаардлага ба татгалзлаа нотлох үүрэгтэй бөгөөд хариуцагч татгалзлаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзлээ.
Нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж нэхий дээлийг хариуцагчид хүлээлгэн өгсөн, хариуцагч нь үнийг төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй 100,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 1,400,000 төгрөгийг төлөөгүй байх тул М.Г-өөс худалдах-худалдан авах гэрээний үүрэг 1,400,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Г-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 100,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн учраас Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 37,350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Г-т олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч С.Б-аас худалдах, худалдан авах гэрээний үүрэг 1,400,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Г-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 100,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Б-аас 37,350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Г-т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БОЛОРМАА