Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 183/ШШ2023/00319

 

 

2023 оны 01 сарын 25 өдөр  Дугаар 183/ШШ2023/00319  Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Нэгдсэн үндэстний гудамж, 00-00тоот хаягт байрлах, Я.П ББСБ ХХК /0000000/-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, 19 дүгээр хороолол, С.Шарав гудамж, 00 байр, 000 тоот хаягт оршин суух, Х овогт Б. А /ОБ00000000/-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 30 525 725,94 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Тамир

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Я.ПББСБ ХХК нь Б.А-д холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 30 525 725,94 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай  нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:  Б.А болон хамтран зээлдэгч Ж.Д нар нь манай компанитай 2019 оны 00дугаар сарын 21-ний өдөр 00/000 тоот зээлийн гэрээ байгуулан 60 000 000 төгрөгийг нэг сарын 4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн. Уг зээлийн барьцаанд Б.А, Ж.Д нар нь манай компанитай 2019 оны 00дугаар сарын 21-ний өдөр 00/000 тоот баталгаат ипотекийн гэрээ байгуулж, Б.А нь өөрийн өмчлөлийн улсын бүртгэлийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай Хан-Уул дүүрэг 3 дугаар хороо, 19 дүгээр хороолол, Б.Шарав гудамж, 00байр, 000 тоотод байрлах, 75 м.кв талбайтай 3 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх, эд хөрөнгийг барьцаалсан. Зээлийн гэрээг дахин сунгаагүй. Гэтэл Б.А, Ж.Д нар нь 2020.09.30-ны өдрөөс хойш зээлийн төлбөр огт төлөөгүй бөгөөд зээлийн гэрээний үндсэн нөхцлийн дагуу гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлэхгүй зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн. Өнөөдрийн байдлаар Б.А, Ж.Д нар нь үндсэн зээлийн төлбөрт 44 716 871,18 төгрөг, зээлийн хүүнд 26 589 101,79 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1 366 554,23 төгрөг буюу зээлийн гэрээний үүрэгт нийтдээ 72 672 527,38 төгрөгийг төлсөн боловч 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш зээлийн үлдэгдэл төлбөрт нэг ч төлбөр төлсөнгүй. Зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн тул манай компанийн зүгээс Б.А, Ж.Д нарт зээлээ төлөх тухай удаа дараа мэдэгдэл өгч, утсаар мэдэгдэх, уулзалт хийх зэрэг арга хэмжээнүүдийг авч, зээлийн төлбөрөө төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдэж байсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн өр төлбөр төлөгдсөнгүй. Иймд 2019 оны 00дугаар сарын 21-ний өдрийн 00/000 тоот зээлийн гэрээний үүрэгт нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар буюу 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар дараахь зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг зээлдэгч Б.А, Ж.Д нараас гаргуулахаар шаардлага гаргасан. Гэвч Ж.Дий оршин суух хаяг тодорхойгүйн улмаас хариуцагч Ж.Дөөс татгалзаж байна. Иймд хариуцагч Ж.А-оос үндсэн зээл 15 283 128,82 төгрөг, зээлийн хүү 12 700164,27 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 540 432,85 төгрөг, нийтдээ 30 525 725,94 төгрөгийг Б.А, Ж.Д нараас гаргуулж, зээлдэгч нар зээлийн төлбөрөө төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Б.А-йн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай Хан-Уул дүүрэг 3 дугаар хороо,19 хороолол, Б.Шарав гудамж, 00байр, 000 тоот хаягт байрлах, 75 м.кв талбайтай гурван өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэв.

2. Хариуцагч Б.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Би төрсөн ах Б.А-ийн найз Ж.Д гэх хүнийг таньдаггүй байсан бөгөөд 2019.02.19-ний өдөр ахтайгаа уулзахад манай найз Ж.Дд яаралтай мөнгө хэрэг болоод бйана, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээ түр өгч бай, манай найзтай яваад гэрээ байгуулаад гарын үсгээ зурчих, 7 хоноод гэрчилгээг ч инь буцаагаад өгнө гэж хэлсэн. Ингээд би ахдаа болон нйзад нь итгэж, Ж.Дий хамтаар Голомт банк орж карт захиалаад мөн Я.ПББСБ орж гэрээ байгуулж гарын үсэг зурсан. Надад тухайн үед ямар ч гэрээний хувь өгөөгүй. Зээлийн гэрээний үнийн дүнгээс би нэг ч төгрөг авч хувьдаа ашиглаагүй, бүгдийг Ж.Дд шилжүүлсэн. Тухайн үед болсон үйл явдлыг, намайг зээлийг авч ашиглаагүйг Я.ПББСБ маш сайн мэдэж байгаа. Зээлийн эргэн төлөлтийг ч Ж.Д ганцаар төлж байсан. Би Ж.Дд зээлээ хурдан төлж дуусгаад миний байрны гэрчилгээг чөлөөлж өгөхийг удаа дараа сануулж байсан боловч төлөлгүй өнөөдрийг хүрсэн байна. Иймд Я.ПББСБ ХХК-ний гаргасан нэхэмжлэлийн үнийн дүнг хариуцагч Ж.Дөөр төлүүлж өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмлжлэл, зээлийн гэрээ, улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, 2019.10.07-ны өдрийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэлийн нэгдсэн архивын тодорхойлолт, зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн график, барьцааны гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, зээлийн дэд хорооны хурлын шийдвэр, хамтран зээл хүсэгчийн анкет, зээлийн эргэн төлөлтийн график, 2020.05.20-ны өдрийн Я.ПББСБ ХХК-ийн 00/00дугаар мэдэгдэл зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. /хх 2-20 хуу/

4. Хариуцагчаас ямар нэгэн бичгийн нотлох баримт өгөөгүй байна. 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч Я.ПББСБ ХХК хариуцагч Ж.А-ид холбогдуулан 30 525 725 төгрөг гаргуулах, төлбөрөө төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Б.А-йн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг 3 дугаар хороо,19 хороолол, Б.Шарав гудамж, 00байр, 000 тоот хаягт байрлах, 75 м.кв талбайтай гурван өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлага гаргаж, шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Б.А болон хамтран зээлдэгч Ж.Д нартай 2019.02.21-ний өдөр 00/000 тоот зээлийн гэрээ байгуулж, 60 000 000 төгрөгийг нэг сарын 4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдүүлж, мөн өдрөө 9/015 тоот баталгаат ипотекийн гэрээ байгуулж, Б.А-йн өмчлөлийн улсын бүртгэлийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 19 дүгээр хороолол, Б.Шарав гудамж, 00байр, 000 тоот хаягт байрлах, 75 м.кв талбай бүхий 3 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх, эд хөрөнгийг барьцаалсан. Зээлийн гэрээний хугацааг сунгаагүй. Зээлдэгч нар 2020.09.30-ны өдрөөс хойш зээлийн төлбөр огт төлөөгүй зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн. Хариуцагч нар үндсэн зээлийн төлбөрт 44 716 871 төгрөг, зээлийн хүүнд 26 589 101 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1 366 554 төгрөг, нийт 72 672 527 төгрөгийг төлсөн боловч 2020.09.30-ны өдрөөс хойш зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөөгүй. Иймд нэхэмжлэл гаргах үеийн байдлаар үндсэн зээл 15 283 128,82 төгрөг, зээлийн хүү 12 700164,27 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 540 432,85 төгрөг, нийтдээ 30 525 725,94 төгрөгийг Б.А, Ж.Д нараас гаргуулж, зээлдэгч нар зээлийн төлбөрөө төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Б.А-йн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай Хан-Уул дүүрэг 3 дугаар хороо,19 хороолол, Б.Шарав гудамж, 00байр, 000 тоот хаягт байрлах, 75 м.кв талбайтай гурван өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Хариуцагч Ж.Дий оршин суугаа хаяг тодорхойгүй эрэн сурвалжлах ажиллагаа үр дүнд хүрэхгүй байгаа тул хариуцагч Ж.А-оос гэрээний үүргийг бүхэлд нь шаардаж байна гэж тайлбарлаж байна.

3. Хариуцагч Б.А нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Зээлийн мөнгөн хөрөнгийг өөрөө авч ашиглаагүй, ахынхаа найзын хүсэлтээр зээлийн гэрээнд гарын үсэг зурж, өөрийн өмчлөлийн үл хөддөх эд хөрөнгөө барьцаанд бариулсан. Энэ талаар нэхэмжлэгч мэдэж байгаа бөгөөд Ж.Д зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэж байсан үйл баримтаар нотлогдоно гэж тайлбарлаж байна.

4. Хэрэгт авагдаж тус шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 3 дугаарт дурдагдсан үйл баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1 2019.02.21-ний өдөр Я.ПББСБ ХХК, Б.А, Ж.Д нарын хооронд 60 000 000 төгрөгийг нэг сарын 4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдүүлэхээр тохиролцсон зээлийн гэрээ байгуулагдсан,

4.2 2019.02.21-ний өдөр 00/000 тоот барьцааны гэрээ байгуулж, Б.А-йн өмчлөлийн улсын бүртгэлийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 19 дүгээр хороолол, Б.Шарав гудамж, 00байр, 000 тоот хаягт байрлах, 75 м.кв талбай бүхий 3 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх, эд хөрөнгийг зээлийн барьцаанд бариулахаар тохиролцсон,

4.3 2019.02.21-ний өдөр 60 000 000 төгрөгийг Б.А-йн эзэмшлийн 3635127657 дугаарын данс руу шилжүүлсэн,

4.4 Зээлдэгч нар зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 44 716 871 төгрөг, зээлийн хүү 26 589 101 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 366 554 төгрөг төлсөн зэрэг үйл баримт тогтоогдож байна.

5. Зохигч гэрээний хүчин төгөлдөр байдал, мөнгөн хөрөнгийг хүлээн авсан эсэх, гэрээний үүрэгт гүйцэтгэсэн үнийн дүн зэрэгт маргаангүй, харин зээлийн мөнгөн хөрөнгийг захиран зарцуулаагүй үндэслэлээр гэрээний үүргээс чөлөөлөгдөх эсэхэд маргаантай.

6. Зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцаа нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээнд хамаарах хүчин төгөлдөр хэлцэл байх бөгөөд барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байх ба барьцааны бүртгэлийг зохих журмын дагуу эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байна.

Нэхэмжлэгч зээлийн гэрээг хуульд нийцүүлэн байгуулсан, зээлийн мөнгөн хөрөнгийг хариуцагчийн эзэмшлийн Голомт банкны данс руу шилжүүлсэн тул гэрээнд заасны дагуу төлөгдөөгүй үндсэн зээл, зээлийн хүү, хэтэрсэн хугацааны хүү болон нэмэгдүүлсэн хүүг хариуцагчаас шаардах эрхтэй гэж, хариуцагч зээлийн мөнгөн хөрөнгийг хамтран зээлдэгч Ж.Д захиран зарцуулсан, энэ талаар зээлдүүлэгч мэдэж байсан тул гэрээний үүргийг хариуцах үндэслэлгүй гэж маргасан. 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, 2019.02.21-ний өдөр Я.ПББСБ ХХК, Б.А, Ж.Д нарын хооронд 60 000 000 төгрөгийг нэг сарын 4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдүүлэхээр тохиролцсон зээлийн гэрээ, зээлийн барьцаанд Б.А-йн өмчлөлийн улсын бүртгэлийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 19 дүгээр хороолол, Б.Шарав гудамж, 00байр, 000 тоот хаягт байрлах, 75 м.кв талбай бүхий 3 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх, эд хөрөнгийг бариулахаар тохиролцсон барьцааны гэрээ тус тус байгуулагдаж, талууд гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажуулсан байх тул нэхэмжлэгч зээлийн гэрээний төлөгдөөгүй төлбөрийг үндсэн хүүгийн хамт шаардах эрхтэй.

Түүнчлэн, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995/-ийн 24 дүгээр зүйлийн 3-т Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж, 25 дугаар зүйлийн 2-т Хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр зээлийн гэрээнд тусгана гэж тус тус заажээ.

Зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2020.02.21-ний өдөр дууссан байх боловч гэрээний 2.11-т ...гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлдэг зээл , хүү, нэмэгдүүслэн хүүг төлнө. Зээлийн гэрээний хугацаа дууссан нь хугацаа хэтэрсэн зээл, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү, бусад авлагыг төлөхгүй байх үндэслэл болохгүй гэж тусгасан нь дээр дурдсан хуулийн зохицуулалтад хамаарах хэтэрсэн хугацааны хүүгийн хэмжээг тохиролцсон гэж үзэх үндэслэл болох тул Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хэтэрсэн хугацааны хүүг мөн шаардах эрхтэй байна.

Гэхдээ, Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй гэж заасан бөгөөд нэхэмжлэгч гэрээний хугацаа дуусахаас өмнө буюу 2020.02.21-ний өдрөөс өмнөх хугацаанд нэмэгдүүлсэн хүүд 004 187 төгрөг хуримтлуулан тооцсон нь уг хуулийн заалтад нийцэхгүй тул 004 187 төгрөгийг зээлийн хэтэрсэн хугацааны хүүгээс хасч тооцохоор шийдвэрлэв.

Мөн, нэхэмжлэгч анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагч Б.А, Ж.Д нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг шаардсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж.Дөөс татгалзаж, зээлийн гэрээний үүргийг хариуцагч Б.Аоос гаргуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж заасан үүрэг гүйцэтгүүлэгчийн эрхэд хамаарах үндэслэлээр шүүх гэрээний үүргийг хариуцагч Б.А хариуцах үндэслэлтэй гэж дүгнэснийг дурдах нь зүйтэй.

Түүнчлэн, нотариатын зардал 12 500 төгрөг нь нэхэмжлэгч шаардах эрхээ хэрэгжүүлэх зорилгоор шүүхэд нэхэмжлэл гаргасан зардал байх учир уг төлбөрийг хариуцагч хариуцах үндэслэлгүй.

Дээрхийг нэгтгэвэл, хариуцагч Б.Аоос үндсэн зээл 15 283 128 төгрөг, зээлийн хүү 12 227 977 төгрөг, нэмэгдүүлсэн 2 445 595 төгрөг, нийт 29 956 700 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Я.ПББСБ ХХК-д олгохоор, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 581 525 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор, хариуцагч сайн дураар шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 19 дүгээр хороолол, Б.Шарав гудамж, 00байр, 000 тоот хаягт байрлах, 75 м.кв талбай бүхий 3 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх, эд хөрөнгийг хуульд нийцүүлэн худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнгийн хэмжээнд ногдох хэмжээгээр хариуцчид хариуцуулах нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болго

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус зааснаар хариуцагч Х овогт Б. А /ОБ00000000/-оос 29 956 700 /хорин есөн сая есөн зуун тавин зургаан мянга долоон зуун/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Я.ПББСБ ХХК /0000000/-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 581 525 /таван зуун наян нэгэн мянга таван зуун хорин таван/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 19 дүгээр хороолол, Б.Шарав гудамж, 00байр, 000 тоот хаягт байрлах, 75 м.кв талбай бүхий 3 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хуульд нийцүүлэн албадан худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 310 642 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 307 733 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ          Д.ЭНХЦЭЦЭГ