Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 113/ШШ2023/0003

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Ганзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны I танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.М (РД:.............),

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Н,

Хариуцагч: ГСАССЗД,

Гуравдагч этгээд: Л.А, Н.Х нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, түүний өмгөөлөгч П.Наранхүү, Д.Энхцэцэг, хариуцагч Т.Б /цахимаар/, гуравдагч этгээд Л.А, Н.Х, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Э.Сайханаа, гэрч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Энхбат нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нь ГСАССЗД-д холбогдуулан, С.Ц-н газар эзэмших эрхийг Л.А-т шилжүүлсэн сумын Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн А/226 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, маргажээ.

2. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Иргэн С.Ц нь ................................................................................................ тоот хаяг байршилтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 750 кв.м талбайх бүхий газрын эзэмших эрхийг Сүмбэр сумын Засаг даргын 2015 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн А/05 дугаар захирамжаар өөрийн хүүхэд болох Р.Э-с шилжүүлж авсан бол /уг газар дээрх/ эрхийн улсын бүртгэлийн .................. дугаарт бүртгэгдсэн, Сүмбэр сумын ................ тоот хаяг байршилтай, 114 кв.м талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө /байшин/-ийг 2015 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөс охин Р.Н-тай хамтран өмчилжээ.

2.2. Бодит байдалд, С.Ц-н эзэмшиж, өмчилж байсан дээрх хашаалсан газар, байшинд Б.М нь түүнтэй тохиролцсоны дагуу 2012 оноос хойш гэр бүлийн хамт амьдарч ирсэн гэх ба тэдний хооронд үл хөдлөх эд хөрөнгийг түрээслүүлсэн, бэлэглэсэн, худалдах худалдан авах гэрээ байгуулсан зэргээр эзэмших эрх бүхий газар болон түүний дээрх үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн эсэх талаар иргэний болон захиргааны хэргийн шүүхэд харилцан адилгүй тайлбар гаргаж, маргаан үүсгэсэн байна.

Харин маргаан бүхий газар, түүний дээрх үл хөдлөх эд хөрөнгийн эзэмших, өмчлөх эрхийг гэрчилсэн зарим баримт бичигт хаяг байршлыг “ХБ 20-1, ХБ 20-2, Ганзам 5-501 тоот” гэхчлэн бичсэн ч энэ нь байршлын хувьд нэг газар гэдгийг хэргийн оролцогчдын хэн аль нь тайлбарлаж, уг асуудлаар маргаагүй.

2.3. Улмаар С.Ц нь маргаан бүхий газрын эзэмших эрхийг 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу Л.А-т шилжүүлэх хүсэлт гаргасныг Сүмбэр сумын Засаг дарга; охин Р.Н-тай дундаа хамтран өмчилж байсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг худалдах, худалдан авах гэрээний дагуу Л.А, Н.Х нарт шилжүүлэх хүсэлт гаргасныг Говьсүмбэр аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс; тус тус шийдвэрлэж, газар эзэмших эрх болон байшингийн өмчлөх эрхийг шилжүүлжээ. 

2.4. Нэхэмжлэгч нь Сүмбэр сумын Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх тухай А/226 дугаар захирамжийг эс зөвшөөрч Говьсүмбэр аймгийн Засаг даргад 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдөр гомдол гаргасан ба аймгийн Засаг даргаас 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн А/429 дүгээр албан бичгээр хариу өгснийг эс зөвшөөрч, 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.

3. Хэргийн оролцогчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Сүмбэр сумын ......................... тоотод байршилтай 750 м.кв газрын эзэмших эрхийг, 114 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн хамт С.Ц-с анх бэлгэнд авсан гэх боловч сүүлд 15 сая төгрөгөөр худалдан авахаар тохирч, засвар үйлчилгээг хийгээд байтал 2015 онд тохиролцсон үнийг 31,6 сая болгон өөрчилсөн. Харин сүүлд 2018 онд 20 сая төгрөг болгосон. Ингээд төлөлт хийгээд явж байтал 2019 оноос Ковид-19 цар тахлаас хамаарч төлөх боломжгүй болсон. 2021 оноос нийгэм эдийн засгийн байдал харьцангуй өөрчлөгдөж ирсэн болохоор үргэлжлүүлэн төлж эхлэх гэж байтал өөр бусад хүмүүсээр хөөлгөх, айлгах сүрдүүлэх байдлаар дарамталж эхэлсэн. Бид гэр бүлээрээ тус газарт олон жил амьдарч ирсэн тул шударга эзэмшигчээр тогтоолгохоор иргэний шүүхэд хандаад, маргаанаа шийдүүлээгүй байтал сумын Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн А/226 дугаар захирамжаар, биднийг мэдээгүй байтал өөр этгээдэд газрыг шилжүүлсэн байна.

3.2. Энэхүү захирамжийн үр дагаварт миний болон гэр бүлийн минь 7 гишүүний шударгаар газар эзэмших эрх ашиг ноцтойгоор хөндөгдөөд байгаа төдийгүй амьдарч буй орон гэр, арчилж тордсон газраа алдахад хүрээд байна гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлно.

3.3. Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: .... иргэн С.Ц нь Н.Х-т Говьсүмбэр аймгийн тойргийн нотариатчийн үйлдсэн 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 0132 дугаартай итгэмжлэлээр эзэмшил газрын эрх шилжүүлэх болон бусад эрхийг шилжүүлэн өгсөн байсан. С.Ц-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х нь 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Говьсүмбэр аймаг Сүмбэр сум ................................ тоот хаягт байрлах газар эзэмших эрхээ шилжүүлэх хүсэлтээ гаргасан тул тухайн өргөдлийг хариуцсан мэргэжилтэн Б.А цахимаар хүлээн авч, материалыг сумын Засаг даргад танилцуулсан.

3.4. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт заасны дагуу ажлын 15 өдрийн дотор шийдвэрлэх байтал иргэн Б.М-ын өргөдөлтэй холбоотойгоор хойшлуулсан боловч тэрээр шаардлага хангасан нотлох баримтыг ирүүлээгүй тул сумын Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн А/226 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг шилжүүлж, хуулийн дагуу шийдвэрлэсэн тул иргэн Б.М-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэнэ.

3.5. Гуравдагч этгээдүүд шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: ... бид С.Ц-тэй ярьж тохиролцоод уг үл хөдлөх хөрөнгийг хууль ёсны дагуу худалдан авсан бөгөөд газрын эзэмших эрх шилжүүлэх тухай Сүмбэр сумын Засаг даргын захирамж хууль зөрчсөн зүйл байхгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг эсэргүүцнэ.

3.6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2012 онд тухайн маргаантай газарт нөхөр бид хоёр иргэн С.Ц-тэй аман гэрээ байгуулж, тухайн оноос хойш одоог хүртэл амьдарч байгаа. Гэтэл бид нарт худалдах, худалдан авах гэрээ байгааг үл харгалзан С.Ц болон гуравдагч этгээдүүд нь хоорондоо гэрээ хийсэн байсан. Хэрвээ тухайн үед сумын Засаг дарга, газрын даамал нь надаас бичиг баримт шаардсан бол би нууж, хаах зүйлгүйгээр бүх юмнуудаа өгөөд, өөр яриа хэлэлцээр үүсэх байсан байх гэж бодож байгаа. Би иргэний хэргийн шүүх дээр маргаан үүссэн байгаа гэж хэлэхэд газрын даамал Б.А тэр тухай шүүгчийн захирамжаа авч ир гэсэн. Тухайн үед шүүгчийн захирамж нь бичгээр гараагүй байхаар нь шүүгчийн туслахаар иргэний хэрэг үүсэж байгаа тухай утсаар хэлүүлсэн. Гуравдагч этгээд нарын өмгөөлөгч нь бид нарыг тэнд амьдарч байгаагүй гэсэн ойлголттой байгаа юм байна. Гэтэл А гэдэг хүн бид нарыг амьдраад, ямар зүйлийг ямар болгосныг хажуунаас харж байсан. Манай нөхөртэй найз нөхдийн харилцаатай байсан. Далдуур хуйвалдаан болоод манайхыг хавчиж, шахаж байна гэж ойлгож байгаа. Энэ захирамжаас үүдээд эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байна. Хүүхдүүдийн сурч боловсрох, бидний ажил хөдөлмөр эрхлэх эрх зөрчигдөж байна. Яагаад гэхээр тухайн гуравдагч этгээдүүд эрхээ хасуулсан, хоригдож буй хүмүүсийг авчирч зунаар ажиллуулдаг. Хааяа архидан согтуурдаг. Нөхөр бид хоёр хоёулаа гадуур ажил хийдэг. Манайд 3-13 насны хүүхдүүд байгаа. Хүүхдүүд маань хараа хяналтгүй үлддэг. Гуравдагч этгээдүүд хашаа байшинг худалдаж авсан нэрийдлээр хашааг нураачихсан учраас бусдаас хүүхдүүдээ хамгаалах ямар ч нөхцөл бололцоогүй болчихсон. Манай гэр бүлийн 7 гишүүний шударгаар газар эзэмших эрх зөрчигдөөд байгаа учраас энэ эрхийг сэргээж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан” гэв.

3.7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч П.Наранхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Яагаад сумын Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулах гэж байгаа вэ гэхээр нэгэнт иргэний маргаан байгаа, өмчлөгч эзэмшигч нь өөр этгээдүүд болсон. Тэр этгээдэд байгаа өмчлөлийн асуудалтай холбоотойгоор захиргааны байгууллага, албан тушаалтны албан ёсны шийдвэр хүчинтэй байгаа нөхцөлд иргэний хэргийн шүүхийн шийдвэр харьцангуй тодорхой гарах нь мэдээж. Сумын Засаг даргын захирамжийг хүчингүй болгож байж иргэний эрх зүйн маргаан цааш үргэлжлэх нь зайлшгүй шаардлагатай байна гэсэн дүгнэлтээр энэ захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Ийм учраас бид нар иргэний хэргийн маргаан дээрээ шударга эзэмшигч баймаар байна. Засаг дарга хоёр хоногийн дотор тухайн газрыг шилжүүлэх тухай шийдвэр гарсан. Шийдвэр гарах гээд байна гэдгийг нь мэдээд сумын захиргаан дээр очсон. Сумын Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулах хууль зүйн үндэслэл нь юу вэ гэхээр Захиргааны ерөнхий хуулийн 13.1 дэх заалтыг барьж байгаа. Захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогч гэдэгт захиргааны актын эрх зүйн үйлчлэл шууд болон шууд бусаар чиглэсэн этгээд гэж томъёолсон байгаа. Энэ томъёололд нэхэмжлэгч Б.М болон түүний гэр бүл хамаарна гэж үзэж байна. Эрх зүйн хувьд эрх ашиг нь хөндөгдөхгүй гэж дүгнэж байгаагаараа хариуцагч хууль зүйн хувьд энэ заалтыг тоохгүй орхисон. Мөн А/226 дугаартай захирамж гаргахтай холбоотойгоор оролцогчийн эдлэх эрхийг олгоогүй учраас Захиргааны ерөнхий хуулийн 15 дугаар зүйлд жагсааж бичсэн эрх зөрчигдөж байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 13, 15 дугаар зүйлд заасан оролцогчийн эрхийг хангах үүргээ биелүүлээгүй байна. Мөн 27-29 дүгээр зүйлд заасан ажиллагааг хийгээгүй. Тухайн шийдвэр нь өөрөө хуульд нийцсэн байж хууль ёсных болно. Захиргааны байгууллага, албан тушаалтны ямар ч шийдвэр хуульд нийцсэн байх ёстой. Хариуцагчийн хариу тайлбарт Б.М-ын өргөдөлтэй холбоотойгоор хойшлуулсан боловч шаардлага хангасан нотлох баримтыг ирүүлээгүй тул захирамжийг гаргаж, газар эзэмших эрхийг Л.А-т шилжүүлсэн гэж байгаа. Энэ тайлбар ямар утгатай харагдаж байна вэ гэхээр би чамд боломж олгоод, чи шаардлага хангасан баримт ирүүлээгүй учраас би хуульд нийцсэн шийдвэр гаргасан гэсэн логик үүсэхгүй. Захиргааны байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэр логик болон хууль зүйн үндэслэлийн хувьд хуульд бүхэлдээ захирагдах ёстой. С.Ц-с Л.А-т шилжүүлэхдээ газар эзэмшүүлэх гэрээг дүгнэсэн эсэх нь тодорхойгүй байгаа, энэ ажиллагаа өөрөө дүгнэлттэй байх ёстой. Ийм ажиллагаа хийгдээгүй шилжсэн байгаа учраас энэ эрхийн зөрчилтэй. Дүгнэх ажиллагаа хийгдээгүйгээс энэ нь тогтоогдохгүй байгаа. Дүгнэсэн бол арай өөр байх байсан.  Харин тэр газрыг жинхэнээр нь засан сайжруулж эзэмшсэн хүмүүс нь нэхэмжлэгч тал байгаа. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

3.8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Энхцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хамгийн анх энэ газар С.Ц гэх хүний төрсөн хүү болох Р.Э гэх хүний газар байсан. 2012 оноос Б.М, Г.Н нар нь уг газар дээр амьдарч эхэлсэн. Анх энэ газар ашиглахгүй орхисон газар байсныг засан сайжруулж амьдарч эхэлсэн. Маргаан гарахаас өмнөх хугацаанд Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д зааснаар ашиглахгүй байсан газрыг засан сайжруулаад энэ хүмүүс ашиглаад эзэмшээд байгаа. С.Ц гэх хүн 2015 онд тухайн газрыг өөрийнхөө нэр дээр шилжүүлж авчихаад Л.А, Н.Х нарын нэр дээр шилжүүлэх хүртлээ энэ хүмүүсийн хэн ч засан сайжруулахгүй орхисон газрыг манай үйлчлүүлэгч нар засан сайжруулаад, хашаа бариад эзэмшээд амьдарч байсан гэдгийг сумын Засаг дарга ч мэдэж байсан. Тэгвэл энэ дээр ямар хууль үйлчлэх байсан юм бэ гэхээр Газрын тухай хуулийн 40.1.6-д зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй бол тухайн эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор заасан байдаг. 2012 оноос 2021 он хүртэл эзэмшсэн, ашигласан, засан сайжруулж өөд нь татсан энэ газраа Г.Н, Б.М хоёр өөрсдийнхөө нэр дээр шилжүүлэх тухай хүсэлт, өргөдлүүдээ гаргаад явж байсан. Хүүхдүүдийн эрх зөрчигдөж байна. Мөн шударгаар газар эзэмших эрх нь зөрчигдөж байгаа. Энэ байдлуудаа тайлбарлаж хэлээд байгаа юм. Шүүх шийдвэр гаргахдаа тухайн цаг хугацаанд үнэхээр энэ хүмүүс хэрхэн засан сайжруулж амьдарч байсан нөхцөл байдал болон Газрын тухай хуульд заасан нөхцөл байдлыг харгалзан үзээд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

3.9. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Л.А, С.Ц гэх хүмүүсийн хооронд газар эзэмших эрх шилжүүлэх асуудлаар ирсэн материал нь нэгдүгээрт хууль зүйнд хувьд бүрдэл хангасан байсан. Уг нь бид нар Б.М гэх хүний эрх ашиг нь хөндөгдөж байгаа талаар манай байгууллагаас мэдэгдэж байсан. Тэрийгээ гэхдээ би сонсох ажиллагаа гэж үзэхгүй байгаа учраас шүүхэд тийм тайлбар өгсөн. Нэхэмжлэгч тал эргээд ямар хариу өгсөн бэ гэхээр манай хөрөнгө учраас ямар нэгэн шийдвэр гаргахаа түдгэлзүүлж өгөөч гэдэг өргөдлийг манайд өгсөн. Л.А, С.Ц хоёрын хооронд газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлтийг шийдвэрлэх асуудал нь өөрөө хуулийн хугацаатай. Энэ хугацаанд шийдвэрлэхгүй бол тэдний эрх ашиг нь хөндөгдөх байсан. Бид нар энэ хуулийн хугацааг зөрчиж, 18 хонож шийдвэр гаргасан. Хуулийн энэ 15 хоногийн дотор энэ талаар нотлох баримтаа өгөөч ээ гэж Б.М-т хэлж байсан. Л.А нь С.Ц-тэй гэрээ байгуулаад нотариатаар батлуулаад Газрын тухай хууль болон хууль тогтоомжид заасны дагуу бүх зүйлээ бүрдүүлээд ирсэн. Тэр хүний эрх ашиг зөрчигдөх гээд байсан учраас би энэ шийдвэрийг гаргасан. Би Газрын тухай хуулийг хэрэгжүүлж ажилласан учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэв.

3.10. Гуравдагч этгээд нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бид С.Ц гэх хүнтэй тохиролцоод худалдах, худалдан авах гэрээг хууль ёсоор нь байгуулж, хууль ёсны эх баримтыг нь аваад, тохирсон мөнгөө шилжүүлээд худалдаж авсан учраас дараа нь ийм асуудал гарна гэдгийг мэдэхгүй байсан. Бид нар өндөр зээлтэй, одоо маш хүнд байдалд орсон байгаа. Амьдарч байгаа эднийх ч түрээс төлөхгүй байгаа. Хүн хэдийгээр олон хүүхэдтэй байж болох ч гэсэн тэр хүүхдүүдийг сайн сайхан амьдруулах нь эцэг эхийн үүрэг гэж үзэж байгаа. Хүний байранд түрээс төлөхгүй амьдарснаараа эдгээр хүүхдүүдийн эрх хамгаалагдана гэж үзэх ёсгүй. Бусад хүмүүс насаараа өдөр шөнөгүй ажиллаж олсон мөнгөөрөө хөрөнгө худалдаж авсан байхад тэр хүмүүс хэцүү байдалд оруулаад байгаа мэтээр тайлбар хэлж байгааг ойлгохгүй байна. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

3.11. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус, ямар эрх ашиг нь хөндөгдөөд байгаа талаараа тодорхойлоогүй. Хүүхдийн сурч боловсрох эрх зөрчигдөж байна гэсэн хамааралгүй тайлбарыг хэлж байна. Энэ захирамж гарснаараа энэ газрыг эзэмших эрх нь хэрхэн яаж зөрчигдөөд байгаа гэдэг нь чухал болохоос биш энэ гэр бүлийн амьдрах газаргүй байна уу, хүүхдүүд нь сурч боловсрох боломжгүй байна уу гэдэг нь энэ захирамжид хамааралгүй. Удаан жил амьдарсан гэдгээрээ энэ газрын эзэмшигч болно гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. Энэ үл хөдлөх хөрөнгө анхнаасаа С.Ц гэх хүнийх байсан, одоо Л.А, Н.Х нарынх болсон. Харин Б.М-нх байснаа өөрчлөгдсөн зүйл байхгүй. Иргэний шүүхэд маргахад ямар ч нөлөөлөх хүчин зүйл байхгүй. Шударгаар газар эзэмших эрхийг нь зөрчсөн гээд нэхэмжлэгч тал зовлон тоочоод байдаг. Хаана ч газар эзмших эрхтэй, гагцхүү өөр хүний эзэмшиж, ашиглаж байгаа газартай давхцаж болохгүй. Нэхэмжлэгч талын хүсээд байгаа газар бол С.Ц гэх хүний хууль ёсны өмч, одоо Н.Х, Л.А нарын хууль ёсны эзэмшлийн газар. Тийм учраас миний газар эзэмших эрхийг зөрчлөө гэж гомдол гаргах боломжгүй. Эзэнгүй газар байсныг Б.М очиж амьдраад эзэмших эрхтэй юм шиг зүйл яриад байх юм. Гуравдагч этгээд нарт хууль ёсны  эрх олгосон захирамж, гэрээ, гэрчилгээ нь байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-т иргэн, хуулийн этгээдийн өргөдөл, гомдлыг ханган шийдвэрлэж байгаа тохиолдолд сонсох ажиллагаа явуулах шаардлага байхгүй. Энэ үндэслэлийнхээ хүрээнд Засаг дарга захирамж гаргаж, иргэдийн өргөдлийг шийдвэрлэсэн байгаа. Нэхэмжлэгчийн оролцоог нь хангахын тулд Б.М-ыг өөрийнхөө өмч хөрөнгө гэдгийг нотлох ямар нэгэн баримт авчрахыг мэдэгдэж, зохих хугацаанд хүлээсэн боловч нэхэмжлэгч тал өөрсдөө хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан баримтыг авчирч өгөөгүй учраас Засаг дарга А/226 дугаар захирамжийг гаргасан байдаг. Энэ захирамж өөрөө газар эзэмших эрхтэй холбоотой учраас Газрын тухай хууль зөрчсөн эсэхийг хамгийн түрүүнд авч үзэх ба энэ хуулийг зөрчөөгүй. Харин Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан эрх, үүргийн хүрээнд Засаг дарга бүрэн ажилласан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

4. Энэ хэрэгт нэхэмжлэгч Б.М /гэр бүлийн хамт/-ын амьдарч буй гэх Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын .............................. тоот хаяг байршилтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 750 кв.м талбай бүхий газрын эзэмших эрхийг С.Ц-ээс Л.А-т шилжүүлсэн Сүмбэр сумын Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн А/226 дугаар захирамж нэхэмжлэгчийн /тухайн/ газрыг эзэмших эрхийг зөрчсөн эсэх маргаан хэлэлцэгдсэн болно.

5. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан тайлбарыг, хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцэж, шинжлэн судлагдсан нотлох баримтуудтай харьцуулан дүгнэж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

6. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн А/226 дугаар захирамжаар, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 27 дугаар зүйлийн 27.1, 27.2, 38 дугаар зүйлийн 38.4, 39 дүгээр зүйлийн 39.1.3 дахь заалтыг тус тус үндэслэн, С.Ц-ийн гаргасан хүсэлтийн дагуу ............................... тоотод байршилтай 750 кв.м газрын эзэмших эрхийг Л.А-т гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар, /үлдсэн/ 8 жилийн хугацаагаар шилжүүлсэн.

Маргаан бүхий газрын хаягийг сумын Засаг даргын захирамж, газар эзэмших эрхийн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, нэхэмжлэгчийн оршин суух хаягийн лавлагаа зэрэгт Хувийн байр 20-2, Ганзам 5-501 гэхчлэн тэмдэглэх ч энэ нь байршлын хувьд нэг газар болох нь хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдох бөгөөд гэрч Б.А, С.Ц нар “ерөөсөө нэг л хаягтай, маргаан байхгүй, хаягжилт л шинэчлэгдсэн” гэж мэдүүлсэн, хэргийн оролцогчид энэ талаар маргаагүй болно. (хэргийн I хавтасны 13, 36, 42-49, 62, 65, 90, 107-108, 144-146, II хавтасны 113 дахь талд, мөн 4201010559 дугаар нэгж талбарын газрын хувийн хэргийн 1-2, 18 дахь талд)

7. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн өргөдөл, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбараас үзэхэд маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулах шаардлагын үндэслэлээ дараах агуулгаар тодорхойлж байна. Үүнд:

7.1. С.Ц-тэй тохиролцож, 2012 оноос хойш амьдарч байгаа тус хашаа байшинг бидэнд мэдэгдэлгүйгээр, байгуулсан худалдах худалдан авах гэрээг үл харгалзан, бусдад шилжүүлсэн. С.Ц-ийн газар эзэмших эрхийг Л.А-т шилжүүлсэн талаар сумын Засаг дарга мэдэгдээгүй, эрх ашиг хөндөгдөж байгаа биднийг оролцуулаагүй, сонсох ажиллагаа явуулаагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 13, 15, 27-29 дүгээр зүйлийг зөрчсөн, захиргааны байгууллага хууль дээдлэх зарчмыг хэрэгжүүлээгүй.

7.2. С.Ц-ийн газар эзэмших эрхийг Л.А-т шилжүүлэхдээ газар эзэмших гэрээг дүгнээгүй, энэ ажиллагааг хийгээгүй.

7.3. С.Ц нь Сүмбэр сумын Засаг даргын 2015 оны А/05 дугаар захирамжаар шилжүүлж авсан эзэмшил газраа ашиглаагүй, үүнийг хариуцагч мэдэж байсан тул Газрыг тухай хуулийн 40.1.6-д зааснаар газар эзэмших эрхийг цуцлах байсан. Харин Б.М нь үүнийг засан сайжруулж эзэмшсэн тул Газрын тухай хуулийн 27.5-д заасны дагуу эзэмших эрхтэй, уг газрыг эзэмшихээр хүсэлт гаргаж байсан.

7.4. Маргаан бүхий захиргааны актын улмаас миний болон гэр бүлийн 7 гишүүний шударгаар газар эзэмших, эрүүл аюулгүй орчинд амьдрах, ажил хөдөлмөр эрхлэх, хүүхдүүдийн сурч боловсрох эрх зөрчигдсөн.

8. Харин хариуцагч болон гуравдагч этгээд нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй тухай татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлно. Үүнд:

8.1. Хариуцагч, С.Ц-с Л.А-т газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлт, хавсаргасан баримтууд нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасантай нийцэж байсан тул хүсэлтийг тус хуулийн дагуу шийдвэрлэсэн, тухайн газар, дээрх хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхтэй гэдгээ нотлох баримтаа ирүүлэхийг Б.М-т мэдэгдсэн боловч ирүүлээгүй.

8.2. Гуравдагч этгээд, түүний өмгөөлөгчийн хувьд, үл хөдлөх эд хөрөнгө, түүний доорх газрыг С.Ц-с хуульд заасан журмын дагуу шилжүүлж авсан. Энэ тохиолдолд сумын Засаг дарга нь бидний өргөдлийг шийдвэрлэхийн тулд захирамж гаргасан учир Захиргааны ерөнхий хуулийн 28.1.3-т заасны дагуу сонсох ажиллагаа явуулах шаардлагагүй байсан.

8.3. Маргаан бүхий акт нь нэхэмжлэгч, түүний гэр бүлийн гишүүдийн газар эзэмших эрхийг зөрчөөгүй, нэг удаа үнэгүй эзэмшиж болох 0.07 га газар хаана ч байж болох ч бусдын эзэмшлийн газартай давхцалгүй байх ёстой. С.Ц-н газар эзэмших эрх хүчинтэй байсан тул энэ газрыг ашиглалтгүй, эзэнгүй байсан гэж үзэхгүй. Газрын маргаанд хүүхдийн сурч боловсрох, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх хамааралгүй гэжээ.

9. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд газар эзэмших эрхийг шилжүүлэхтэй холбоотой харилцааг тодорхойлсноос бус тухайн тохиолдолд захиргааны албан тушаалтнаас газар эзэмших эрх олгох, уг эрхийг бусдад шилжүүлэх талаар шийдвэр гаргах ажиллагааны журмыг нарийвчлан зохицуулаагүй тул энэ харилцаанд Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.4-д “Захиргааны байгууллагын үйл ажиллагааг тухайлсан хуулиар зохицуулснаас бусад харилцааг энэ хуулиар зохицуулна” гэж заасны дагуу Захиргааны ерөнхий хууль үйлчилнэ.

10. Өөрөөр хэлбэл, Сүмбэр сумын Засаг дарга нь 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн А/226 дугаар захирамжийг гаргахдаа шийдвэр гаргах ажиллагааны оролцогчийг Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасан зарчмын дагуу тодорхойлох буюу татан оролцуулж, түүнийг сонсох, тайлбар гаргах боломж олгох зэргээр тус хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасан оролцогчийн эрхийн хангаж, нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хэрэгжүүлсний үндсэн дээр холбогдох шийдвэрийг гаргаж, энэ тухай хувийн хэрэг бүрдүүлэх үүргийг Захиргааны ерөнхий хуулийн 24-29 дүгээр зүйлд заасны дагуу хүлээсэн.

11. Нэхэмжлэгч Б.М бол тухайн тохиолдолд маргаан бүхий захиргааны актын үйлчлэл шууд бусаар чиглэсэн этгээд болохын хувьд захиргааны шийдвэр гаргах ажиллагааны оролцогч мөн, энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлтэй. 

12. Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн гаргасан “... газар эзэмших эрхээ Л.А-т шилжүүлэх тухай С.Ц-н хүсэлтийг Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-д заасны дагуу ажлын 15 өдрийн дотор шийдвэрлэх байтал, эрх ашиг нь хөндөгдөж магадгүй гэж манайхаас Б.М-т мэдэгдсэн, 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр ирүүлсэн түүний өргөдөлтэй холбоотойгоор хойшлуулсан ч энэ хооронд нэхэмжлэгч нь хууль ёсны нотолгоо тайлбарыг ирүүлээгүй, захирамж гарснаас хойш Говьсүмбэр аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн шүүгчийн захирамжийг ирүүлсэн” гэх тайлбар, гэрч Б.А-н “газар эзэмших эрхтэй холбоотой маргаан болоод байна гэдгийг Б.М, Г.Н нарыг биечлэн ирж уулзахад мэдэгдэж байсан, өөрсдийнх нь амьдардаг газрыг эзэмшигч нь эзэмших эрхээ өөр хүнд шилжүүлэх гэж байна, бид ямар арга хэмжээ авах вэ гэж зөвлөгөө авч байсан. Сүмбэр сумын 1 дүгээр багт газар өмчилж, эзэмших талаар 2 удаа хүсэлт гаргаж байсан. Тухайн үед хүссэн газар нь олгох боломжгүй байсан учраас хариуг утсаар хэлж байсан”[1] гэх агуулга бүхий мэдүүлэг, Б.М-с Сүмбэр сумын Засаг даргад хандан, 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр гаргасан “... С.Ц нь бидэнд хэлэлгүйгээр Л.А-т 40 сая төгрөгөөр худалдан, нэр шилжүүлсэн байгааг шүүхээр шийдвэрлэгдэх хүртэл түр зогсоож өгнө үү” гэх агуулгатай өргөдөл, 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр гаргасан “... 0.07 га газраа өмчилж аваагүй байгаа тул газар өмчлөх болон эзэмших хүсэлт гаргаж байгааг хүлээн авч шийдэж өгнө үү” гэсэн агуулга бүхий хүсэлт зэргийг (хэргийн I хавтасны 35-36, 219-220, 225, II хавтасны 113-114 дэх талд) харьцуулан үзэхэд, Сүмбэр сумын Засаг дарга, газрын даамал нь маргаан бүхий захирамжийг гаргахтай холбогдуулан, С.Ц, Л.А нарын гаргасан газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлтийг шийдвэрлэх талаар Б.М-т мэдээлэл өгсөн, баримт тайлбар ирүүлэх боломжийг олгосон, нэхэмжлэгчээс тухайн асуудлаар Засаг даргад тодорхой шаардлага тавьж, өргөдөл хүсэлт гаргасан байх тул захиргааны шийдвэр гаргах ажиллагаа бүхэлдээ хууль зөрчсөн гэж дүгнэх боломжгүй юм.

13. Хэлбэрийн хувьд, шийдвэр гаргах ажиллагаанд оролцогчийг татан оролцуулах, сонсох ажиллагаа явуулах талаар мэдэгдэл хүргүүлж, тэмдэглэл хөтлөх, шийдвэрийн хувийн хэрэг бүрдүүлэх зэрэг холбогдох ажиллагааг захиргааны байгууллага, албан тушаалтны зүгээс хэрэгжүүлээгүй нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтаар тогтоогдсон, хариуцагч энэ талаар маргаагүй боловч захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд эрх ашиг нь хөндөгдсөн этгээдийг зохих байдлаар оролцуулаагүй, оролцогчийн эрхийг бүрэн хангаагүй, шийдвэрийн хувийн хэрэг бүрдүүлж, баримтжуулаагүй гэх шийдвэр гаргах ажиллагааны эдгээр зөрчил нь дангаараа маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгохгүй.

Иймд шүүх энэ хэсгийн 7.1 заасан буюу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн гаргасан үндэслэлээс зөвхөн захиргааны шийдвэр гаргах ажиллагааны зарим зөрчлийг харгалзаж, Сүмбэр сумын Засаг даргын 2021 оны А/226 дугаар захирамжийг хууль бус гэж дүгнэх эрх зүйн үндэслэлгүй.

14. Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсын ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийн шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1.3-д “нэхэмжлэл гэж хүн, ... /ээс/ захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсын ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг /хэлнэ/”, 52 дугаар зүйлийн 52.5.1-д “захиргааны акт, ... -/ыг/ хүчингүй болгуулах, ... нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн”, 106 дугаар зүйлийн 106.3.1-д “захиргааны акт, ... хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох;” гэж тус тус зааснаар нэхэмжлэгчээс захиргааны хэргийн шүүхэд хандаж хүчингүй болгуулахаар маргаж буй захиргааны акт нь (а) хууль зөрчсөн байхын зэрэгцээ (б) тэдгээрийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан бол шүүх тухайн захиргааны актыг хүчингүй болгох боломжтой.

15. Тодруулбал, нэхэмжлэгчийн шүүхээс сэргээлгэхээр шаардаж буй эрх, ашиг сонирхол хуулийн дагуу үүссэн байх нь маргаан бүхий захиргааны актыг шүүхээс хүчингүй болгох замаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, уг зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг өмнөх байдалд нь сэргээн тогтоох урьдчилсан нөхцөл болно.

          16. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зөрчигдсөн гэж тодорхойлж буй “ажил хөдөлмөр эрхлэх болон эрүүл аюулгүй орчинд амьдрах, хүүхдүүдийн сурч боловсрох эрх” нь Газрын тухай хуульд заасан зохицуулалтын хүрээнд иргэний газар эзэмших эрх шилжүүлэх асуудлыг шийдвэрлэсэн маргаан бүхий захиргааны акттай хамааралгүй тул тэдгээр эрхийн зөрчлийн талаар энд дүгнэхгүй.

Түүнчлэн Б.М (гэр бүлийн гишүүдийн хамт)-ын хувьд, шүүхээр сэргээлгэх шаардлагатай хэмээн маргаж буй газар эзэмших эрх, ашиг сонирхлыг хууль ёсны буюу түүнд Газрын тухай хуулиар олгосон гэж үзэх боломжгүй тул маргаан бүхий захирамжийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

          17. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “газар эзэмших гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг”, 6 дугаар зүйлийн 6.1-д “Газрыг Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн ... энэ хуульд заасны дагуу эзэмшиж ашиглана”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж тус тус заасан нь “газар эзэмших эрх”-ийн хууль зүйн үндсэн агуулгыг илэрхийлсэн зохицуулалт бөгөөд гагцхүү эрх бүхий этгээдийн гаргасан шийдвэрт үндэслэж, эрхийн гэрчилгээ олгох зэргээр төрөөс баталгаажуулсан нөхцөлд энэ эрх хуулийн дагуу үүссэн, хууль ёсны байх зарчмыг хангасан гэж ойлгоно. 

          18. Тухайлбал, иргэнд эзэмшүүлэхээр сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газарт, хуульд заасан болзол шаардлага хангасан этгээдийн шинээр газар эзэмшихээр гаргасан хүсэлтийн дагуу сумын Засаг даргаас захирамж гаргаж, гэрээ байгуулж, гэрчилгээ олгох; эсхүл бусдын газар эзэмших эрхийг сумын Засаг даргын зөвшөөрлөөр, хуульд заасан журмын дагуу шилжүүлэн авах замаар газар эзэмших эрх үүснэ.

19. Сумын Засаг даргын захирамжаар маргаан бүхий тухайн газрыг С.Ц-с Л.А-т шилжүүлэн эзэмшүүлж, түүнийг үндэслэн газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгосон, газрын төлбөрийг төлсөн нь хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтуудаар (хэргийн I хавтасны 65, 219, 223-224 болон 4201010559 дугаар нэгж талбарын газрын хувийн хэргийн 18, 32-35 дахь талд) тогтоогдож байх тул газар эзэмших эрхийг Л.А-т шилжүүлэх тухай Сүмбэр сумын Засаг даргын 2021 оны А/226 дугаар захирамж гарах хүртэл С.Ц-г маргаан бүхий газрын хууль ёсны эзэмшигч байсан гэж үзэхээр байна. 

          20. Б.М, Г.Н нар нь маргаан бүхий газар дээрх үл хөдлөх эд хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-........... дугаарт бүртгэгдсэн, 114 кв.м талбайтай байшинг 45,000,000 төгрөгөөр худалдан авах, төлбөрийг 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн дотор төлөх нөхцөлтэйгөөр С.Ц, Р.Н нартай 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр гэрээ байгуулж, 297 дугаартай нотариатчаар гэрчлүүлсэн байх боловч ч уг гэрээний дагуу тус үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд шилжүүлж аваагүй, тухайн газар дээр Б.М нарын өмчлөлд бүртгэлтэй эд хөрөнгө байхгүй зэрэг нь “С.Ц газрыг бусдын эзэмшилд шилжүүлэхээр 2015-2021 онд хүсэлт ирүүлээгүй” гэх агуулга бүхий Сүмбэр сумын Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн А/279 дүгээр албан бичиг, “297 дугаартай нотариатчийн гэрчилсэн уг гэрээ эрхийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй” гэх Говьсүмбэр аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 571 дүгээр албан бичгээр ирүүлсэн лавлагаа  болон гэрч С.Ц-н “... хүүхдүүдээ дагаад хот руу ирсэн болохоор энэ байшингаа ашиглахгүй, зарахаар болсон. Б.М авъя гээд авсан, 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн дотор бүх төлбөрөө төлөх ёстой байсан ч 8 жил болоход ямар ч мөнгө өгөөгүй. Газар эзэмших эрхийг Б.М-т шилжүүлэхээр Засаг дарга дээр очиж байгаагүй” гэх мэдүүлэг, маргаан бүхий газарт хийсэн шүүхийн үзлэгийн тэмдэглэлээр тус тус нотлогдоно. (хэргийн I хавтасны 64, 89-92, 144-146, II хавтасны 11-12, 17 дахь талд)

          21. Мөн Б.М-с 2021 оны 11 дүгээр сарын 03-н өдөр “0.07 га газар үнэгүй эзэмших буюу өмчлөх”, 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдөр “маргаан бүхий газар буюу Сүмбэр сумын 1 дүгээр багийн орчимд 380 кВт дагуулан газартай болох” агуулга бүхий хүсэлтийг Сүмбэр сумын Засаг даргад гаргаж байсан гэх (хэргийн I хавтасны 220-222 дахь талд) үйл баримтыг, газар эзэмших эрх олгох харилцааг зохицуулсан дээрх хуулийн заалттай харьцуулж үзэхэд, маргаан бүхий тухайн газрыг эзэмших эрх түүнд хуулийн дагуу үүсээгүй байх тул гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн “... хаана ч газар эзэмших эрхтэй, гагцхүү өөр хүний эзэмшиж, ашиглаж байгаа газартай давхцаж болохгүй. Нэхэмжлэгч талын хүсээд байгаа газар бол С.Ц гэх хүний хууль ёсны өмч, одоо Н.Х, Л.А нарын хууль ёсны эзэмшлийн газар” гэх тайлбар үндэслэл бүхий байна.

          22. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “С.Ц-тэй тохиролцож, 2012 оноос хойш амьдарч байгаа тус хашаа байшинг бидэнд мэдэгдэлгүйгээр, байгуулсан худалдах худалдан авах гэрээг үл харгалзан, бусдад шилжүүлсэн. Маргаан бүхий захиргааны актын улмаас миний болон гэр бүлийн 7 гишүүний шударгаар газар эзэмших зөрчигдсөн” гэх агуулга бүхий энэ хэсгийн 7.1, 7.4.-д  тодорхойлсон үндэслэлийг хүлээн авах боломжгүй гэж дүгнэв.

          23. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцалгүй байна” гэж заасан нь газар төрийн хяналтад байх, газар эзэмшихэд шударга, тэгш байдлыг хангах зарчмыг хэлбэржүүлсэн зохицуулалт төдийгүй газар эзэмшигчид тогтоосон хамгаалалт юм.

24. Энэ хэсгийн 19-21-д дүгнэсэнчлэн, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын .....................тоотод хаяг байршилтай, 750 кв.м талбай бүхий газар, түүний дээрх 114 кв.м талбай бүхий байшингийн эзэмших, өмчлөх эрх С.Ц-с Л.А, Н.Х нарт шилжсэн,  эзэмших эрхийн гэрчилгээ хүчинтэй байна.

25. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар, газар эзэмших эрхийг сунгах, дуусгавар болгох буюу эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тохиолдолд газар эзэмшүүлэх гэрээг дүгнэхээр зохицуулсан, харин газар эзэмших эрх шилжүүлэх нөхцөлд, энэ гэрээг дүгнэсэн байх шаардлагыг тус хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 38.3 дахь хэсэгт тусгайлан шаардаагүй байх тул мөн энэ хэсгийн 7.2-т заасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн тайлбар хууль зүйн үндэслэлгүй.

          26. Б.М-т хуулийн дагуу үүссэн эзэмших, өмчлөх эрх тухайн газарт байхгүй, тэрбээр тухайн орчмын байршилд шинээр газар эзэмшихээр 2 удаа хүсэлт гаргаж байснаас үзэхэд “С.Ц 2015 онд тухайн газрыг өөрийнхөө нэр дээр шилжүүлж авчихаад Л.А-т шилжүүлэх хүртлээ газрыг ашиглаагүй, Газрын тухай хуулийн 40.1.6-д зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй бол тухайн эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох байсан. 2012-2021 он хүртэл эзэмшсэн, ашигласан, засан сайжруулж өөд нь татсан энэ газраа Г.Н, Б.М хоёр өөрсдийнхөө нэр дээр шилжүүлэх тухай хүсэлт, өргөдлүүдээ гаргаад явж байсан. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д зааснаар ашиглахгүй байсан газрыг засан сайжруулаад энэ хүмүүс ашиглаад эзэмшээд байгаа” гэх энэ хэсгийн 7.3-д заасан үндэслэлийг ч хүлээн авах боломжгүй юм.

 27. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.2-т зааснаар талууд газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлтдээ “эрхийн гэрчилгээ шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухайн нотолгоо”-г хавсаргах шаардлагатай, тухайн тохиолдолд уг баримтыг үйлдээгүй нь зөрчилтэй боловч нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгчийн зүгээс шаардлагын үндэслэлдээ үүнийг тодорхойлж маргаагүй болохыг; мөн уг зөрчил нь энэ хэсгийн 14-22-т заасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох шийдвэрийн үндэслэлийг үгүйсгэхгүй болохыг; тус тус тэмдэглэв.

28. Нэгтгэн дүгнэвэл, нэхэмжлэгчийн шүүхээс сэргээн тогтоохыг шаардаж буй /шударгаар/ газар эзэмших эрх түүнд Газрын тухай хуульд заасан журмын дагуу үүсээгүй, Сүмбэр сумын Засаг даргын 2021 оны А/226 дугаар захирамж нь Б.М-ын уул эрхэд халдаагүй, маргаан бүхий захиргааны актыг шүүхээс хүчингүй болгосноор уг газарт хамаарах сэргэх эрх, хууль ёсны ашиг сонирхол нэхэмжлэгчид байхгүй болох нь дээрх байдлаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 6 дугаар зүйлийн 6.1, 27 дугаар зүйлийн 27.1, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийг тус тус баримтлан Б.М-ын гаргасан “Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн А/226 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1–д зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         З.ГАНЗОРИГ

 

 

      

 

[1] 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан мэдүүлгийг тоймлов.