Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 181/ШШ2023/00688

 

 

 

 

 

2023 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 181/ШШ2023/00688

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Цэлмэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар


Нэхэмжлэгч: Ж.Д нэхэмжлэлтэй,

Хариуцагч: МД ХХК холбогдох

12,236,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ариунзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ж.ДМиг даатгал ХХК-д холбогдуулан даатгалын гэрээний дагуу нөхөн олговорт 12,236,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Нэхэмжлэгч Ж.Дшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Дминий бие Таван богд ХХК-с саарал өнгийн Тоёота Ланд круйзер 200 авто машиныг худалдан авч, 2021 оны 10 сарын 26-ны өдрөөс 2024 оны 10 сарын 25-ны өдрийг хүртэл 3 жилийн хугацаатай тээврийн хэрэгслийн бүрэн буюу 100% даатгалын гэрээг Миг даатгал ХХК-тай байгуулсан. 2021 оны 12 сарын 26-ны өдөр өөрийн эзэмшлийн 7973 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслээр Төв аймаг, Мөнгөн морьт сумын нутгаар дайран Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутаг халуун рашаан явах замдаа Хэрлэн голд усанд цөмөрч машины урд буфер, зүүн гишгүүр, хойд дугуй зүүдэг доод хэсэг, мөн хойд крыло зураадас хэсэг эвдэрч гэмтсэн. Миний бие гэрээний дагуу хохирол төлбөр барагдуулах талаар Миг даатгал ХХК-д удаа дараа хандаж байсан ч 2022 оны 01 сарын 12-ны өдрийн 01/12-51 дугаартай албан бичгээр төлбөр олгохоос татгалзсан хариуг ирүүлсэн, мөн Санхүүгийн зохицуулах 2022 оны 03 сарын 01-ний өдрийн 9/772 дугаартай албан бичгээр мөн төлбөр олгохоос татгалзсан хариу ирүүлсэнийг 2022 оны 03 сарын 10-ны өдөр хүлээн авсан.

Миний зүгээс тээврийн хэрэгслийн бүрэн буюу 100%-н даатгалын гэрээг Миг даатгал ХХК-тай байгуулсан атал хариуцагч байгууллага нь үл ялих шалтгаанаар гэрээний үүргээ биелүүлэхээс татгалзсан нь талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 10 сарын 26-ны өдрийн тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 2 дугаар зүйлд заасан үүргээ биелүүлэхээс санаатайгаар зайлсхийж байна гэж үзэж байна.

Нэхэмжлэгчийн хувьд өөрийн тээврийн хэрэгслийг худалдан авсан газар болох Таван богд ХХК-р үнэлгээ гаргуулсан бөгөөд өнөөдрийг хүртэл хугацаанд өөрийн тээврийн хэрэгслийг засварлуулж чадаагүй байна.

Иймд хариуцагч Миг даатгал ХХК-иас даатгалын гэрээний дагуу хохирлын төлбөр болох 12,236,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Яагаад 12,236,000 төгрөг гэж нэхэж байгаа вэ гэхээр Ж.Д  нь тухайн авто машиныг Таван богд ХХК-иас худалдан авсан. Таван богд ХХК-иас машины  үйлчилгээ хийгддэг. Гэмтэлтэй хэсгийг Таван богд ХХК-иар засуулан нэхэмжлэх ирүүлсэн тул нэхэмжлэхийн дагуу 12,236,000 төгрөг гаргуулж өгнө үү. 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр гэрээ байгуулсан. Гэрээний дагуу хохирлоо нэхэмжилж байгаа  гэв. 

 

2. Хариуцагч Миг даатгал ХХК нь шүүхэд гаргасан тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Аззаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.ДМиг даатгал ХХК-тай 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулсан. Хаан банкны эзэмшлийн тоёота ланд крузер G200 маркийн  7973УБТ тээврийн хэрэгслийг даатгуулсан. Даатгуулагч нөхөн төлбөр нэхэмжлэх үедээ манай компанид гаргасан өргөдөл болон шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр өөрийн эзэмшлийн авто машинтай Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум руу халуун рашаанд явж байхдаа Хэрлэн голоор гарч байх үед  мөс цөмрөөд урд купер, зүүн гишгүүр, хойд дугуй, хойд кардан зэрэг  гэмтсэн гэдэг. Миг даатгал ХХК-ийн 75756000 утсанд холбогдохдоо 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр  осол болсон талаар дурдаж хэлсэн. Манай талаас зураг, бичлэг байх юм бол баримтаа өгөөрэй гэсэн. Даатгуулагч манайд авч ирж өгсөн зураг нь ослын газар авсан зураг биш хотод ирээд авсан зургаа өгсөн. Манайх руу залгасан дуудлага нь осол болсон баримтаас харахаар даатгалын гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.18, 4.1.14-т заасан даатгуулагчийн үүргээ биелүүлээгүй байна. Иймд үүргээ биелүүлээгүй бөгөөд тухайн ослын улмаас хохирол учирсан баримт байхгүй. Осол гарсан шалтгаан юу байсан талаар нотлогдохгүй, тодорхой бус учраас даатгалын гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.2-т заасны дагуу хохирлын шалтгаан тодорхой бус одоо хохирлын шалтгааныг тогтоох боломжгүй гэж үзээд төлбөр олгохгүйгээр шийдсэн. Даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т даатгуулагчийн эрх үүргийн 10.1.15-д даатгалын тохиолдол болсон үед хохирлыг багасгах зорилгоор бололцоотой арга хэмжээ авахыг мөн даатгагчид нэн даруй мэдэгдэнэ гэж хуульчилсан. Даатгуулагч өөрийн даатгалын хэрэгсэл болон эрсдэл учирч болзошгүй нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх ёстой. Гэтэл тээврийн хэрэгслийг ямар нэг даатгалын компанид даатгуулснаар өөрөө тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хамгаалах, арчлах аюул учирч болох нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэхгүй байж болно гэж ойлгож болохгүй. Тиймээс даатгуулагчийн нэхэмжлэлд дурдаад байгаагаар Хэрлэн голоор гарахад мөс цөмөрсөн гэдэг нь даатгуулагч нь хууль болон гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй. Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1-т заасан даатгалын тохиолдол бий болох нөхцөл орчныг бүрдүүлсэн гэж үзэх нөхцөл бий болсон. Гол гатлах үед мөс цөмөрсөн нь Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.2.15-д зааснаар зам гэсэн нөхцөлд хамаарахгүй байна. Даатгалын зүйлийн хөдөлгөөн өөрөө зам дээр явагдаагүй. Мөн даатгалын гэрээнд бүх төрлийн осол гэж заасан эрсдэл нь  Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д зааснаар зам тээврийн осол гэж юу болох талаар тодорхойлсон. Мөн даатгалын гэрээний байгалийн эрсдэл буюу зогсоол гражид байх үеийн газар хөдлөлт, үер, аянга, аадар бороо зэрэг байгалийн эрсдэлд хамаарахгүй, зам тээврийн осолд ч хамаарахгүй тохиолдол байна. Даатгалын гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.3-т заасан бусад шалтгаанаар хохирол гарсан, мөн даатгалын гэрээний 3.1.17-д зааснаар хохирлын шалтгаан тодорхой бус байна.  Түүнчлэн Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1-д зааснаар даатгалын тохиолдол бий болох нөхцөл бий болгосон. Даатгалын гэрээний 8 дугаар зүйлийн 8.5.3-т даатгалын  гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахгүй орхиж өгнө үү гэв.  

 

3. Нэхэмжлэгч талаас 2021 оны 10 сарын 26-ны өдрийн Миг даатгал ХХК-тай байгуулсан Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ, мэдүүлгийн маягт, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Хаан банкны мемориалын баримт, иргэний үнэмлэхний хуулбар, Миг даатгал ХХК-ийн 2022.01.12-ны өдрийн 01/12-51 дугаар албан бичиг, Санхүүгийн зохицуулах хорооны 2022.03.01-ний өдрийн 9/772 дугаар албан бичиг, Таван богд ХХК-ийн нэхэмжлэх, 7 ширхэг фото зураг, орон нутгийн тусгай хамгаалалттай газарт нэвтрэх эрхийн бичгийг шүүхэд гаргаж өгсөн.

 

Хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Санхүүгийн зохицуулах хорооны 2022.01.28-ны өдрийн 9/314 дугаар албан бичгийн хуулбар, Миг даатгал ХХК-ийн 2022.02.10-ны өдрийн 01/12-126 дугаар хариу албан бичиг, ослын дуудлагын бүртгэлийн хуулбарыг тус тус шүүхэд гаргаж өгсөн.

 

Шүүхийн журмаар Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийг бүрдүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Нэхэмжлэгч нь Миг даатгал ХХК-тай 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 3 жилийн хугацаатай тээврийн хэрэгслийн бүрэн даатгалын гэрээ байгуулсан. 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээр халуун рашаан явах замдаа Хэрлэн голын усанд цөмөрч машинд гэмтэл учирсан. Иймд хариуцагч Миг даатгал ХХК-иас даатгалын гэрээний дагуу хохирлын төлбөр болох 12,236,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Нэхэмжлэгч нь тухайн даатгалын тохиолдлын талаар нэн даруй мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй, хэрэв мэдэгдэх боломжгүй үед хохирлын шалтгааныг тодорхойлох зураг авч, баталгаажуулах үүргээ хэрэгжүүлээгүй. Ингээгүйн улмаас хохирлын шалтгаан тодорхой бус, одоо хохирлын шалтгааныг тогтоох боломжгүй болсон хохирол гэж, мөн даатгалын зүйлд эрсдэл учруулахгүй байх, эрсдэл учирч болзошгүй нөхцөл байдлуудаас урьдчилан сэргийлэх үүргээ биелүүлээгүй, мөн гол гаталж, мөс цөмөрсөн нь зам тээврийн осол биш учир даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан гэж үзэж, нөхөн төлбөрийг төлөхөөс татгалзаж байна.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

- Зохигчид хоорондоо Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ-г 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацаатай байгуулж, 7973 УБТ улсын дугаартай Тоёото ланд круйзер 200 маркын тээврийн хэрэгслийг даатгалын зүйл байхаар тусгаж, даатгалын хураамжид жил бүр 936,000 төгрөг төлөхөөр тохиролцжээ. /хх-5-7/

- Талуудын байгуулсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 431.4-т заасан шаардлагыг хангасан, хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан байх бөгөөд гэрээг үгүйсгэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

- Нэхэмжлэгч Ж.Днь Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т заасны дагуу Санхүүгийн зохицуулах хороонд даатгалын нөхөн төлбөр гаргуулах тухай гомдол гаргасныг Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 9/772 дугаар албан бичгээр хариу өгч шийдвэрлэсэн байна. /хх-11/

- Даатгалын зүйл болох авто машинд урд буфер, зүүн гишгүүр, хойд дугуй зүүдэг доод хэсэг, хойд крило зураадас хэсэг эвдэрч, гэмтсэн нь Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн үнэлгээний тайлан, Таван богд ХХК-ийн нэхэмжлэх, Миг даатгал ХХК-ийн ослын дуудлагын бүртгэл, авто машины гэрэл зургууд болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /хх-65-80,12, 33, 13-19/

- Нэхэмжлэгч нь 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр тухайн осол болсон гэж нэхэмжлэлдээ дурдсан бөгөөд даатгалын компани руу 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ярьж, ослын талаар мэдэгдсэн нь ослын дуудлагын бүртгэл, талуудын тайлбараар тогтоогдож байна. /хх-33/

 

5. Талуудын маргааны зүйл нь нэхэмжлэгчийг даатгалын гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй, мөн даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан гэж маргаж байгаа бөгөөд осол болсон эсэх, даатгалын зүйлд эвдрэл гэмтэл гарсан эсэхэд маргадаггүй.

 

6. Талуудын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлд заасан даатгалын гэрээ байгуулагдсан бөгөөд хуулийн 431.1-т Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ, мөн Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т Даатгалын тохиолдол гэж даатгуулсан зүйлд учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэхийг, хуулийн 4.1.6-д даатгалын нөхөн төлбөр гэж гэрээний дагуу даатгалын тохиолдол үүссэн нөхцөлд даатгагчаас даатгуулагчид олгох мөнгөн хөрөнгийг ойлгохоор хуульд тодорхойлсон.

 

- Талуудын хооронд байгуулсан тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний үндсэн эрсдлийн хамгаалалтад зам тээврийн хөдөлгөөний бүх төрлийн осол гэж заасан хэдий ч Хэрлэн гол дээгүүр авто машинаар явах нь зам тээврийн хөдөлгөөнд оролцож байх үед хамаарахгүй гэж шүүх дүгнэсэн тул даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол учирсан гэж хариуцагчийн маргаж байгааг хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

- Мөн талуудын хооронд байгуулсан гэрээний 4.1.18-д Даатгалын тохиолдлын талаар ... нэн даруй мэдэгдэж ... ослын шалтгааныг тогтоолгох үүрэгтэй. Хэрэв мэдэгдэх боломжгүй бол хохирлын шалтгааныг тодорхойлох зураг авч баталгаажуулна гэж заасан үүргээ нэхэмжлэгч тал хэрэгжүүлээгүй гэж хариуцагчийн маргаж байгаа нь үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгч ослын талаар даатгалын компанид мэдэгдсэн дуудлага нь осол болсноос хойш 5 өдрийн дараа ярьсан, авсан гэрэл зургууд нь ослын үеийн зургууд биш байгаа нь тус зургуудаар нотлогдож байна.

- Нэхэмжлэгч нь даатгалын гэрээнд заасан үүргээ хэрэгжүүлээгүй, мөн нэхэмжлэлд дурдсан тухайн осол болсон шалтгаан нь даатгалын гэрээгээр тохиролцсон болзол бүрдсэн, даатгалын тохиолдол үүссэн гэж үзэх үндэслэлгүй байх тул хариуцагчийн даатгалын тохиолдлын талаар нэн даруй мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй, мэдэгдэх боломжгүй үед хохирлын шалтгааныг тодорхойлох зураг авч, баталгаажуулах үүргээ хэрэгжүүлээгүй. Гол гаталж, мөс цөмөрсөн нь зам тээврийн осол биш учир даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан гэж үзэж, нөхөн төлбөрийг төлөхөөс татгалзсан нь талуудын хооронд байгуулсан тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 3 дугаар зүйлд заасан нөхөн төлбөр олгохгүй байх нөхцөлийн 3.1.3-т Даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан, 3.1.17-д Хохирлын шалтгаан тодорхой бус, одоо хохирлын шалтгааныг тогтоох боломжгүй болсон хохирол гэдэгт хамаарч байх тул хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймээс нэхэмжлэгч Ж.Д даатгалын нөхөн төлбөрт 12,236,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,726 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3-т зааснаар нэхэмжлэгч Ж.Д Миг даатгал ХХК-д холбогдуулан гаргасан даатгалын нөхөн төлбөр 12,236,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Д улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,726 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЦЭЛМЭГ