Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батсүрэнгийн Хишигбаатар |
Хэргийн индекс | 184/2023/01648И |
Дугаар | 184/ШШ2023/02666 |
Огноо | 2023-07-18 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 184/ШШ2023/02666
2023 оны 07 сарын 18 өдөр | Дугаар 184/ШШ2023/02666 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: дүүрэг, ******* дүгээр хороо, 141 дүгээр байр, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт *******ы ******* /регистрийн дугаар:ИФ0121*******03/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: дүүрэг, 18 дугаар хороо, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, *******ийн төв ийн байранд байрлах, *******ийн ******* шинжилгээний төв ААТҮГ /регистрийн дугаар: *******/-т холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгах, хэл болон насаар гадуурхсан болохыг тогтоолгох нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Мөнхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Э.******* нь *******ийн ******* шинжилгээний төв ААТҮГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгах, хэл болон насаар гадуурхсан болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ: Миний бие *******ийн *******, шинжилгээний төв ААТҮГ-т захирлын туслах албан тушаалд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад тус газрын захирлын 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Б/240 дугаартай Э.*******ын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Тус байгууллага нь Монгол улсын Засгийн газрын тогтоолоор 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр *******ийн *******-шинжилгээний төв ААТҮГ болон өөрчлөгдөн зохион байгуулагдсан. *******ийн ******* шинжилгээний төв ААТҮГ-ын захирал Д. нь 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Захирлын туслах албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулж, миний бие нь түүний туслахаар ажилласан. Захирал Д. нь 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр намайг ажлаа хүлээлгэн өгөхийг хүсэж, тэр өдөртөө шинээр захирлын туслах томилсон ба 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл амарч бай, өөр ажлын байраар хангана гэж хэлсэн боловч амлалтаа биелүүлээгүй. Мөн Солонгос хэлгүй тул энэ ажлын байранд ажиллаж болохгүй, ажлыг чинь өөр хүн авч байгаа, өнөөдөр ажлаа өг гэх зэргээр хэл болон насаар ялгаварлан гадуурхсан. Захирлын туслахын албан тушаалд өөр хүнийг томилон, ажлаа хүлээлгэн өгөхийг надад даалгаж өөр ажлын байр санал болгосон нь ажил олгогчийн санаачилгаар хийгдсэн үйлдлүүд бөгөөд миний зүгээс хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, захирлын туслах ажлын байрнаас чөлөөлөгдөхөөр ажил олгогчтой харилцан тохиролцоогүй. Миний бие нь 03 дугаар сарын 01-ний өдөр захирлын туслах албан тушаалтай дүйцэхүйц ажлын байраар хангаж өгөхийг хүсэхэд 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 109 тоот албан бичгээр Химийн шинжилгээний ийн дээжийн хөдөлгөөн хариуцсан лаборант ажлыг санал болгосон. Энэхүү ажлын байрыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Энэ ажлын байр нь хөдөлмөрийн хүнд нөхцөлд хамаардгаас гадна цалин хөлсний хувьд өмнөх ажлын байрны цалингаас бага юм. Ажил олгогч нь дүйцэхүйц ажлын байранд шилжүүлэх амлалтаа биелүүлээгүй тул өмнөх ажилдаа буцаж орох үндэслэлтэй хэмээн тайлбарласан.
2. Хариуцагч *******ийн *******, шинжилгээний төв ААТҮГ нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн. Хариуцагч татгалзлын үндэслэлээ: Э.******* нь Үйлдвэрийн газрын удирдлагатай харилцан тохиролцсоны үндсэн дээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон. Үндэслэл нь захирлын туслахын ажлын байранд солонгос хэлтэй хүн авч ажиллуулах нөхцөл шаардлага үүсэж, үйлдвэрийн газрын удирдлагын зүгээс ажлын байранд тавигдах шаардлагыг Э.*******д танилцуулж, энэ шаардлагыг хангаж байгаа эсэх талаар тодруулахад тэрээр солонгос хэлгүй гэдгээ хэлсэн. Энэ нөхцөл шаардлагын дагуу Үйлдвэрийн газрын удирдлагын зүгээс Э.*******д өөр ажлын байр санал болгохоор талууд харилцан тохиролцож, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, харилцан тохиролцсоны дагуу Үйлдвэрийн газрын удирдлага нь нэхэмжлэгч Э.*******д Химийн шинжилгээний ийн дээжийн хөдөлгөөн хариуцсан лаборант-ын ажлын байрыг саналыг болгосон боловч Э.******* нь санал болгосон ажлын байранд ажиллах боломжгүйгээ хэлсэн. Нэхэмжлэлд дурдаад байгаа ажил олгогчийн санаачилгаар хийгдсэн үйлдлүүд гэж бичсэнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрсний үндсэн дээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаагаа харилцан тохиролцож дуусгавар болгосон. Үнэхээр нэхэмжлэл дээр дурдсан үйлдэл байсан гэж үзэж байгаа бол уг тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа хуульд заасан хугацааны дотор илэрхийлж, маргаанаа холбогдох газарт нь хандаж шийдвэрлүүлэх эрхтэй байсан. Үйлдвэрийн газрын удирдлагын зүгээс Э.*******ын хөдөлмөр эрхлэлтийн нөхцөлийг хангах боломжтой бүхий л арга хэмжээг авсан гэж үзэж байгаа. гэж тайлбарласан.
3. Нэхэмжлэгчээс шүүхэд дараах баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Үүнд: Иргэний үнэмлэхийн лавлагаа, 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ, *******ийн *******, шинжилгээний төв ААТҮГ-ын 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Ажлын санал хүргүүлэх тухай №109 тоот албан бичиг, *******ийн *******, шинжилгээний төв ААТҮГ-ын захирлын 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Э.*******ын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай №Б/240 дугаар тушаал, 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Х.Цэвээнжавт олгосон итгэмжлэл, 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Б.ад олгосон итгэмжлэл.
4. Хариуцагчаас шүүхэд дараах баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Үүнд: *******ийн *******, шинжилгээний төв ААТҮГ-ын 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн №148 тоот итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Монгол улсын Засгийн газрын 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн Төрийн өмчит зарим үйлдвэрийн газрын талаар авах арга хэмжээний тухай №317 дугаар тогтоол, *******ийн *******, шинжилгээний төв ААТҮГ-ын дүрэм.
5. Шүүхийн журмаар дараах нотлох баримтыг бүрдүүлсэн. Үүнд: *******ийн *******, шинжилгээний төв ААТҮГ-ын албан тушаалын жагсаалт, үндсэн цалин, *******ийн *******, шинжилгээний төв ААТҮГ-ын захирлын 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Э.*******ын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай №Б/240 дугаар тушаал, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн *******ийн *******, шинжилгээний төв ААТҮГ-ын зохион байгуулалтын бүтцийн схем, албан тушаалын жагсаалт батлах тухай №5 дугаар тогтоол, тогтоолын хавсралт, ажлын байрны тодорхойлолт, 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн мэдэгдэх хуудас, *******ийн *******, шинжилгээний төв ААТҮГ-ын захирлын 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Албан тушаалын жагсаалт баталж, цалин тогтоох тухай №А/02 дугаар тушаал, *******ийн ******* шинжилгээний төв ААТҮГ-ын хөдөлмөрийн дотоод журам, Э.*******ын анх ажилд орох үеийн ажлын байрны тодорхойлолт /2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс өмнөх/, 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Захирлын туслахын албан тушаалтай дүйцэхүйц ажлын байраар хангаж өгөхийг хүссэн өргөдөл, *******ийн *******, шинжилгээний төв ААТҮГ-ын захирлын 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн *******ийн *******, шинжилгээний төв ААТҮГ-ын Хөдөлмөрийн дотоод журам батлах тухай №А/23 дугаар тушаал, тушаалын хавсралт.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
1. Нэхэмжлэгч Э.******* нь хариуцагч *******ийн *******, шинжилгээний төв ААТҮГ-т холбогдуулан захирлын туслахын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин, хөлстэй тэнцэх олговор олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгах, хэл, насаар ялгаварлан гадуурхсан болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
2. Нэхэмжлэгч Э.******* нь нэхэмжлэлийн үндэслэлээ: Захирлын туслахын ажилтай дүйцэхүйц адил чанарын өөр ажил албан тушаалд шилжүүлнэ гэсэн боловч энэ амлалтаа биелүүлээгүй, мөн Солонгос хэлгүй тул ажиллаж болохгүй, ажлыг чинь өөр хүн авч байгаа, өнөөдөр ажлаа өг гэх зэргээр хэл болон насаар ялгаварлан гадуурхсан гэж тайлбарласан.
3. Хариуцагч *******ийн ******* шинжилгээний төв ААТҮГ татгалзлын үндэслэлээ: Нэхэмжлэгчийг ялгаварлан гадуурхсан гэдэг нь үндэслэлгүй, мөн адил чанарын хэд хэдэн ажил албан тушаал санал болгосон боловч нэхэмжлэгч өөрөө тухайн ажилд ороогүй, нэхэмжлэгчийн мэдлэг ур чадвар ажлын байрны шаардлагыг хангахгүй байсан, мөн нэхэмжлэгчтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон нь хууль зөрчөөгүй гэж тайлбарласан.
4. Нэхэмжлэгч Э.******* нь 2022 оны 5 дугаар сараас хариуцагч байгууллагын захирлын туслахаар ажиллаж эхэлсэн ба 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулж, *******ийн ******* шинжилгээний төв ААТҮГ-ын захирлын туслахын ажил албан тушаалд 1 сарын 1.300.000 төгрөгийн цалинтай, хугацаагүй хөдөлмөр эрхлэхээр ажил олгогчтой харилцан тохиролцжээ.
5. Ажилтан Э.******* нь дээрх гэрээний дагуу *******ийн *******, шинжилгээний төв ААТҮГ-ын захирлын туслахаар ажиллаж байгаад ажил олгогчийн 2023 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн Б/240 дугаартай Э.*******ын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн байна. Ажилтан Э.******* нь ажил олгогчийн энэ шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргажээ.
6. Шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбараас үзвэл, ажилтан болон ажил олгогч нар нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааны явцад харилцан бие биедээ илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийллийн талаар маргасан байна. Тодруулбал, ажилтан болон ажил олгогч нар 2023 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн Б/240 дугаартай тушаал гарах үед ямар хүсэл зоригтой байсан, тэдний дунд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохоор хэлцэл хийгдсэн эсэх, эсхүл өөр агуулга бүхий хэлцэл хийгдсэн эсэх нь талуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэх үндэслэл болж байна.
7. Иргэний хуулийн 369 дүгээр зүйлд Иргэн нь иргэн болон хуулийн этгээдтэй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж болно., Хөдөлмөрийн гэрээ байгуулах нөхцөл, журмыг хуулиар тогтооно., Хуульд өөрөөр заагаагүй бол хөдөлмөрийн гэрээнд энэ хуулийн ерөнхий үндэслэлийг хэрэглэнэ. гэж заажээ. Хуулийн энэ зохицуулалтаас үзвэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан хөдөлмөрийн гэрээ нь иргэний эрх зүйн гэрээний тусгай төрлүүдийн нэг мөн байх тул хөдөлмөрийн хуулиар нарийвчлан зохицуулаагүй харилцаанд иргэний хуулийг хэрэглэх боломжтой.
8. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д: Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ. гэж заажээ. Хуулийн энэ зохицуулалтаас үзвэл, аливаа гэрээг байгуулах, түүнийг өөрчлөх, цуцлах талаар талууд хүсэл зоригоо илэрхийлж буй үйлдлийг мөн хэлцэл хийж буй үйлдэл гэж үзнэ.
8.1 Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болохоор, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.4-т хэлцлийн агуулгыг тодорхойлох боломжгүй бол уг хэлцлийг хийгдээгүйд тооцохоор тус тус заажээ. Эдгээр зохицуулалтаас үзвэл, талуудын дотоод хүсэл зориг болон түүний гадаад илэрхийлэл зөрүүгүй байдлаар давхацсан тохиолдолд хэлцэл хийгдсэн гэж үздэг.
8.2 Нөгөө талаас, Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т зааснаар хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх замаар талуудын хүсэл зоригийн илэрхийллийг тайлбарлахаар заажээ.
8.3 Нэхэмжлэгчийн: Захирлын туслахын ажилтай дүйцэхүйц адил чанарын өөр ажил албан тушаалд шилжүүлнэ гэсэн боловч энэ амлалтаа биелүүлээгүй гэх тайлбар, хариуцагчийн: Адил чанарын хэд хэдэн ажил албан тушаал санал болгосон боловч нэхэмжлэгч өөрөө тухайн ажилд ороогүй гэх тайлбар, мөн Э.*******ын 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдөр *******ийн *******, шинжилгээний төв ААТҮГ-ын захиргаанд гаргасан ...Миний бие 2022 оны 5 дугаар сард Захирлын туслахаар томилогдон ажиллаад 2023 оны 2 дугаар сарын 09-ний өдөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн тул Захирлын туслах албан тушаалтай дүйцэхүйц ажлаар хангаж өгнө үү... гэх өргөдөл, *******ийн *******, шинжилгээний төв ААТҮГ-ын захирлын 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн Ажлын санал хүргүүлэх тухай №109 тоот албан бичиг зэргээс үзвэл 2023 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн Б/240 дугаартай тушаал гарах үед талууд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг бүр мөсөн дуусгавар болгох /хөдөлмөрийн гэрээг цуцлах/ хүсэл зориггүй, харин ажилтан Э.*******ыг өөр ажил, албан тушаалд шилжүүлэн ажиллуулах буюу хөдөлмөрийн гэрээний зарим нөхцөлийг өөрчлөх хүсэл зоригтой байжээ.
8.4 Талууд дээрх хүсэл зоригийг илэрхийлэхдээ ажилтныг ямар цалин, нөхцөлтэй, ямар ажил албан тушаалд хэзээ, хэрхэн яаж шилжүүлэн ажиллуулах талаар хүсэл зоригоо хангалттай, тодорхой, бүрэн гүйцэд илэрхийлээгүй байна. Энэ тохиолдолд талуудын хооронд хөдөлмөрийн гэрээг өөрчлөх талаар хэлцэл хийгдээгүй гэж үзнэ.
8.5 Нөгөө талаас, талуудын хооронд байгуулсан 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ-ний 8 дугаар зүйлийн 8.1-д: Энэхүү гэрээнд талууд харилцан тохиролцсоноор нэмэлт, өөрчлөлт оруулж болох ба энэ тохиолдолд нэмэлт, өөрчлөлтийг бичгээр үйлдэж, гэрээнд хавсаргана гэж заажээ. Ийнхүү талууд хөдөлмөрийн харилцааг өөрчлөхдөө хүсэл зоригоо бичгээр илэрхийлэхээр Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасны дагуу харилцан тохиролцсон боловч хуулийн энэ шаардлагыг талууд биелүүлээгүй байна. Энэ тохиолдолд, талуудын хүсэл зориг хөдөлмөр эрхлэлтийн харилцааг өөрчлөх талаар туйлын тодорхой байдлаар нэгдэж, хэлцэл хийгдсэн байсан ч уг хэлцэл нь хэлбэрийн шаардлага хангахгүй буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус болно.
9. Дээр дурдсанаар ажилтан хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар хүсэл зоригоо илэрхийлээгүй, талуудын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг өөрчлөх талаар хэлцэл хийгдсэн гэж үзэх үндэслэлгүй байхад ажил олгогч 2023 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Б/240 дугаартай тушаал гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1-д заасан үндэслэлээр, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг бүр мөсөн дуусгавар болгосон нь буруу байна. Иймд ажилтан Э.*******ын өмнө үүсгэсэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т зааснаар бүхэлд нь сэргээх нь зүйтэй гэж шүүх үзсэн ба ажилтан энэ талаар гомдол гаргах Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д заасан 30 хоногийн хугацааг хэтрүүлээгүй байна.
10. Хариуцагч талаас, ажилтан Э.*******ыг ажлаас халснаас хойш түүний ажлын байранд тавигдах шаардлага өөрчлөгдсөн /Солонгос болон Англи хэлний орчуулга хийх чадвартай байх/ ба уг шаардлагыг нэхэмжлэгч Э.******* хангахгүй тул түүнийг захирлын туслахын албан тушаалд буцаан ажиллуулах үндэслэлгүй гэж маргасан.
10.1 Нэг талаас, Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т зааснаар ажилтны өмнөх хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шүүх буцаан сэргээж байгаа нь ажил олгогчийн тушаал / 2023 оны 2 сарын 13-ны Б/240 дугаартай тушаал/ огт гараагүй гэж үзэх хууль зүйн үр дагаврыг бий болгодог. Нөгөө талаас, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д: Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ гэж заасан тул ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалснаас хойш ажлын байранд тавигдах шаардлагыг ажил олгогч өөрчилсөн явдал нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй буюу хуулийн дээрх зохицуулалтыг дагаж мөрдөхөөс татгалзах үндэслэлд хамаарахгүй юм.
10.2 Мөн хариуцагч тал ажилтан Э.*******ын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон гэх нэг үндэслэлээ: ажилтан мэргэжил, ур чадварын хувьд тухайн ажлын байранд тэнцэхгүй байсан гэж тодорхойлсон. Ажил олгогч энэ үндэслэлээр ажилтныг үүрэгт ажлаас чөлөөлөх шаардлагатай болсон бол Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т зааснаар энэ тухай ажилтанд өмнө нь анхааруулж, мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацаа олгосон байх ёстой. Хариуцагч ийм хугацаа олгосон болохоо баримтаар нотлоогүй.
10.3 Хариуцагч тал дээр дурдсанаар боломжит хугацаа олгосон болохоо нотлоогүй, мөн хэд хэдэн ажлын байр санал болгосон гэх тайлбараа баримтаар нотлоогүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч өөрийн татгалзлаа нотлох үүрэгтэй ба энэ үүргээ биелүүлээгүй бол тухайн үйл баримтыг тогтоогдоогүй гэж үздэг.
11. Ажилтан Э.*******ын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг өмнөх байдлаар бүхэлд нь сэргээсэн тул дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулахыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг мөн хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.
11.1 Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д: Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно. гэж заажээ. Иймд Э.*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан өдрөөс эхлэн захирлын туслахын ажлыг гүйцэтгүүлж эхлэх хүртэл хугацааны олговрыг түүний өмнө авч байсан цалин хөлсний дунджаас зохих журмын дагуу тооцож олгохыг хариуцагч байгууллагад даалгах нь зүйтэй.
11.2 Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар ажил олгогч нь ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах үүрэгтэй байна. Иймд ажилтан Э.*******ыг өмнө эрхэлж байсан ажил болох захирлын туслахын ажлыг гүйцэтгүүлж эхлэх хүртэл хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагчид даалгана.
12. Нэхэмжлэгч Э.******* хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд ажил олгогч нас болон хэлээр ялгаварлан гадуурхсан болохыг тогтоолгох шаардлага гаргасан. Нэхэмжлэгч ийнхүү үйл баримт тогтоолгох шаардлага гаргасан нь ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл гэж үзэхээр байх боловч хэргийн энэ тохиолдолд шүүх шийдвэрлэвэл зохих бие даасан шаардлага мөн гэж үзэх нь зүйтэй байна.
12.1 Учир нь, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч өөрөө чөлөөтэй тодорхойлох эрхтэйгээс гадна Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхагдсан гэж үзсэн этгээд энэ талаарх гомдлоо шүүхэд гаргаж болохоор заажээ.
12.2 Нэхэмжлэгч Э.******* Солонгос хэл мэдэхгүй тул ажлаа хүлээлгэж өг гэж ажил олгогч хэлсэн нь ажилтныг хэлээр ялгаварласан үйлдэл мөн гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Ажил олгогч ажлын байрны шалгуур үзүүлэлтийг өөрөө тогтоох эрхтэй ба тухайн ажил, албан тушаалын онцлогоос шалтгаалан ажлын байр бүр ажилтнаас өөр өөр онцлог ур чадваруудыг шаардаж болно. Энэ талаар ажил олгогчийн зүгээс тавьсан шаардлагыг Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д заасан ялгаварлан гадуурхалт гэж үзэхгүй бөгөөд мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.3.1-д нарийвчлан зохицуулжээ.
12.3 Мөн нэхэмжлэгч Э.******* нь дөнгөж сургууль төгссөн, анх ажил хийж байгаа хүнийг насаар гадуурхсан буюу ажлаа хүлээлгэн өгөхийг тулган шаардсан, дарамталсан гэх боловч хэрэгт авагдсан баримтын хэмжээнд ажил олгогчийн зүгээс ажилтныг дарамталсан, тулган шаардсан үйл баримт тогтоогдоогүй. Нөгөө талаас, нэхэмжлэлд дурдсан энэ үйл баримт нь насаар ялгаварлан гадуурхаж буй үйлдэл биш юм.
13. Ажил олгогчийн зүгээс ажилтныг нас болон хэлээр ялгаварлан гадуурхсан гэх үйл баримт тогтоогдоогүй, ингэж үзэх хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
14. Хариуцагч *******ийн *******, шинжилгээний төв ААТҮГ-т хөдөлмөрийн маргаан таслах комисс байдаггүй талаарх баримт хэрэгт авагдсан, мөн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогч шууд дуусгавар болгосон, талуудын хэн аль нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т заасан хөдөлмөрийн маргаан таслах байгууллагаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагагүй буюу хуулиар олгосон энэ эрхээ хэрэгжүүлэхээс татгалзсан тул шүүх мөн хуулийн 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2-т зааснаар ажлаас халагдсан талаарх ажилтны гомдлыг шууд хүлээн авч шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.
14.1 Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т ажилтан хөдөлмөрийн маргаан таслах байгууллагад шүүхээс өмнө хандах эрхтэй талаар заасан ба энэ талаар үүрэг хүлээгээгүй байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2-т ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон талаарх гомдлыг хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагаар шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл шууд шүүхэд хандах эрхтэй талаар тус тус заажээ. Энэ нь хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн зарим төрлийн маргааныг шийдвэрлүүлэх харьяаллыг ажилтан өөрөө сонгох боломжийг олгосон зохицуулалт мөн юм.
15. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг тул нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа тэмдэгтийн хураамж төлөөгүй нь зөв байна.
15.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэл хангагдсан байдлаар талуудад хариуцуулахаар заасан тул ажлаас үндэслэлгүй халагдсан талаарх гомдолд хамаарах тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй.
15.2 Нэхэмжлэгчийн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэхийг хариуцагчид даалгах шаардлагууд нь ажлаас үндэслэлгүй халагдсантай холбоотойгоос гадна шүүхийн шийдвэр гарах үед хэмжээг нарийвчлан тодорхойлох боломжгүй шаардлага тул нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал төлснийг баталгаажуулахыг даалгах шаардлагуудыг нэгтгэн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар 70.200 төгрөгөөр тооцох нь зүйтэй гэж үзсэн.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2-т заасныг баримтлан Э.*******ыг *******ийн *******, шинжилгээний төв ААТҮГ-ын захирлын туслахын ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг тус тус баримтлан, Э.*******ын өмнө нь авч байсан дундаж цалин хөлсийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын дагуу бодож, 2023 оны 2 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн Э.*******ыг *******ийн *******, шинжилгээний төв ААТҮГ-ын захирлын туслахын ажлыг гүйцэтгүүлж эхлэх хүртэл хугацааны олговор олгохыг, мөн энэ хугацаагаар тооцон, хуульд заасан хэмжээгээр нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг тус тус ажил олгогч *******ийн *******, шинжилгээний төв ААТҮГ-т даалгасугай.
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д заасан үндэслэлгүй тул ажил олгогч ажилтныг хэл болон насаар гадуурхсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгч Э.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар Э.*******ын нэхэмжлэл тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч *******ийн *******, шинжилгээний төв ТӨҮГ-аас 70.200 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР