| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүнбаярын Баярдаваа |
| Хэргийн индекс | 104/2023/00364/И |
| Дугаар | 104/ШШ2023/00339 |
| Огноо | 2023-08-01 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 104/ШШ2023/00339
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Баярдаваа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Хариуцагч: *******, 3 дугаар хороо, *******, ******* гудамжны тоотод оршин суух, ын /РД:/-д холбогдох
Худалдах, худалдан авах гэрээний үүрэг 2,624,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.,
Хариуцагч Б.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ууганчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Х.******* нь 2023 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Б.оос Солонгос маркийн газан хөдөлгүүртэй дугаартай машиныг ам тохиролцоотой 2,500,000 төгрөг бэлнээр өгч авсан.
Нэхэмжлэгч тал анх машиныг хүлээлгэн өгөхдөө цонх, хаалга нь эвдэрхий машин өгсөн. Цагаан сараас хойш янзлаад өгнө гэж хэлээд алга болсон. Хариуцагчийн аав нь манай нөхөрт архи өгч согтоож байгаад 2 бичиг өгч явуулсан байсан. Тус бичигт машины өмчлөгч нь н., эзэмшигч нь н. гэсэн байсан. Би хариуцагчийнд очиж машиныг үзэхэд би янзлаад өгнө гэж хэлээд манай хашаанд авчирч өгсөн. Манай хашаанд уг машин 3 сар болсон. Унах аргагүй машин байсан. Би дараа нь өмчлөгч нь н. дээр очоод чи яагаад Б.ын нэр дээр машинаа шилжүүлээгүй юм бэ гэхэд би 3,000,000 төгрөгөөр н.од зарсан би мэдэхгүй гэж хэлсэн. Ахиад н.той очиж уулзахад би Б.од 900,000 төгрөгөөр зарсан надад хамаагүй гэж хэлсэн. Сүүлд хариуцагчийн эгч нь манайх машинаа зарахаар боллоо та тэр хүнээс мөнгөө 3 хуваагаад аваарай гэж хэлсэн. Намайг доромжилж удаа дараа худлаа хэлсэн. Одоо бид гомдолтой байгаа тул бүх өгсөн мөнгө, хохирол зардал нийт 2,624,000 төгрөгийг гаргуулна гэв.
2. Хариуцагч Б. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би машинаа 2,500,000 төгрөгөөр үнэлж нэхэмжлэгчээс 2,500,000 төгрөгийг бэлнээр авсан. Би энэ хүмүүсийг банкнаас зээл авч надаас машин ав гэж гуйгаагүй. Илүү нэхэмжлээд байгаа мөнгийг яагаад надаас нэхэж байгаа би ойлгохгүй байна. Өөрсдөө машиныг авч 2 сар унаж хэрэглэсэн. Газны 40,000 төгрөгийг мөн адил хүлээн зөвшөөрөхгүй байна.
Намайг гэрт байхад Х.******* манай хорооны ахтай орж ирээд танайх энэ машинаа зарна гэсэн үү? Үзье гэж асуусан. Би уг машиныг хамт ажиллаж байсан залуугаас худалдаж авсан. Тухайн үед тэр залуугийн аавынх нь бие муу эмнэлэгт байсан учраас машиныг нэр дээрээ шилжүүлж авч чадаагүй. Би хавар болохоор унана гэж бодоод хашаандаа тавьсан байхад Х.******* манай гэрт машинаа зарах уу гээд ирсэн. ..Энэ хүн өөрөө байнга гуйж ирдэг. Би танд асаагаад маргааш аваачаад өгий гэхэд ах нь өнөөдөр заавал авмаар байна гээд шөнөжингөө машинаа асаах гэж оролдсон. Тэгээд маргааш нь эгч над руу залгаад элдэв муугаар хараагаад мөнгөө авмаар байна гэж хэлсэн. Гэтэл Х.******* маргааш нь манай гэрт ирээд би машинаа буцаах хүсэлгүй байгаа боловч манай эхнэр намайг хардаад, машинаа буцаахаас аргагүй болсон гэж хэлсэн. Би тухайн үед жирэмсэн байсан учраас сэтгэл зүйн хувьд стресстэй байдалд оруулсан. Би дутуу төрөөд охин маань 1,5 килограмм төрсөн. Би сард 375,000 төгрөгөөр охиндоо нэмэгдэл хоол тэжээл авч өгдөг. Би үүнийгээ нэхэмжилбэл эрх нь нээлттэй байгаа гэдгийг хэлмээр байна. Би нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, өгөх боломжгүй гэв.
3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгч Х.*******ын иргэний үнэмлэхийн хуулбар, авто машины гэрчилгээ, итгэмжлэл зэргийг баримтаар өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч тал худалдах, худалдан авах гэрээний үүрэг 2,500,000 төгрөг, автомашин худалдан авахад зориулсан зээлийн хүү 84,000 төгрөг, автомашины газны зардал 40,000 төгрөг, нийт 2,624,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
3.Нэхэмжлэгч Х.******* дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
Би банкнаас зээл авсан мөнгөөрөө хариуцагч Х.оос машин худалдан авсан. Уг машиныг 2,500,000 төгрөгөөр авсан ба мөнгөө бэлнээр өгсөн.
Гэтэл хариуцагчийн худалдсан машин нь доголдолтой байсан тул машинаа буцаагаад Б.ын эзэмшилд өгсөн. Машин ын хөрөнгө биш байсан бөгөөд Б. нэр шилжүүлэх үүргээ биелүүлээгүй. Би тухайн үед доголдолтой машин худалдан авсанаас болж, ашиглаж чадаагүй бөгөөд надад 124,000 төгрөгийг зардал гарсан. Энэ бүх мөнгөө гаргуулна гэж маргасан.
4.Хариуцагч Б. нэхэмжлэлийг дараах байдлаар үгүйсгэсэн. Үүнд:
Талууд машин худалдах, худалдан авах гэрээг амаар байгуулсан, 2,500,000 төгрөгийг нэхэмжлэгч Х.*******аас авсан, одоо уг машин өөрийнх нь эзэмшилд байгаа талаар маргаагүй.
Харин нэхэмжлэгч Х.******* гэрээнээс татгалзсан нь миний буруу биш, би анхнаасаа машины бичиг баримт болон эд хөрөнгийн доголдлын талаар нэхэмжлэгч Х.*******т хэлсэн. Үүнийг ойлгож мэдсэн учраас бид тохиролцсон. Би нялх хүүхэдтэй саяхан амаржсан, байнгын орлогогүй учраас энэ мөнгийг өгч чадахгүй гэж маргасан.
5. Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
-Хариуцагч Б. нэхэмжлэгч Х.*******т 2023 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Kia Lotze маркын улсын дугаартай автомашиныг 2,500,000 төгрөгөөр худалдсан байна.
-Нэхэмжлэгч Х.******* Kia Lotze маркын дугаартай автомашиныг худалдан авахаас татгалзаж, автомашиныг хариуцагч Б.ын эзэмшилд буцаан шилжүүлжээ.
-Маргаан бүхий автомашин одоо хариуцагч Б.ын эзэмшилд байна.
- Kia Lotze маркын улсын дугаартай автомашин Гомбосүрэнгийн ын өмчлөлд бүртгэлтэй байна.
Хэрэгт авагдсан баримт болон талуудын хооронд үүссэн үйл баримтаас харахад Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-т зааснаар Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэснээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
Уг гэрээний зүйл болох Kia Lotze маркын дугаартай автомашиныг хариуцагч Б. бусдаас худалдан авсан гэж тайлбарлаж байх боловч өөрийн тайлбарыг нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй, мөн өмчлөгч Г.оос Б.од дугаартай автомашиныг бусдад худалдан борлуулах үйлдэл хийх эрхийг олгосон итгэмжлэл хэрэгт авагдаагүй байна.
Иргэний хуулийн 113 дугаар зүйлийн 113.1.-д Хууль буюу гэрээнд заасан бол эд хөрөнгийн дагалдах баримт бичиг буюу үнэт цаасыг шилжүүлснээр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжсэнд тооцно., 113.2.-т Зөвшөөрлийн үнэт цаасаар гэрчлэгдэх эрхийн өмчлөх эрх уг үнэт цаасанд бичилт хийснээр шилжинэ. гэж тус тус хуульчилжээ.
Худалдагч тал маргаан бүхий автомашиныг бодит байдлаар худалдан авагч талд шилжүүлэн өгсөн боловч дагалдах баримт бичиг буюу тээврийн хэрэгслийн гэрчилгээг худалдан авагчийн нэр дээр шилжүүлээгүй байна.
Хариуцагч Б. тухайн автомашины өмчлөгч биш, худалдах, худалдан авах гэрээг аман хэлбэрээр байгуулахдаа зохих этгээдийн /өмчлөгч/ зөвшөөрлөөр хийсэн болохоо баримтаар нотлоогүй тул талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзлээ.
Иймд хариуцагч Б.оос автомашины үнэ болох 2,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч талд олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар зохигчид шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.
Гэтэл нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардсан зээлийн хүү 84,000 төгрөг, газны үнэ 40,000 төгрөг, нийт 124,000 төгрөгийн зардлын баримтаа хэрэгт ирүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 124,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
6.Шүүх нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56.750 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 54.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 118, 119 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-т заасныг баримтлан хариуцагч Б.оос 2,500,000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Х.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 124,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56,750 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагчаас 54,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАЯРДАВАА