Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 114/ШШ2023/0008

 

 

 

                                

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

        

                                                                                          Хэргийн индекс: 114/2023/0025/З

          Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунчимэг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д******* оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

          Гомдол гаргагч: Д*******

          Хариуцагч: Дархан-Уул аймаг дахь Гаалийн газрын улсын байцаагч Б*******

      Гомдлын шаардлага “Дархан-Уул аймаг дахь Гаалийн газрын улсын байцаагч Б*******ийн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай”  ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд:

          Гомдол гаргагч Д*******

          Хариуцагч Б*******,

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т*******  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          1. Гомдол гаргагч Д*******аас 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр тус шүүхэд Дархан-Уул аймгийн Гаалийн газрын улсын байцаагч Б*******т холбогдуулан “Дархан-Уул аймгийн Гаалийн газрын улсын байцаагчийн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” ******* тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий гомдлыг гаргажээ.

             2. Хариуцагч Дархан-Уул аймаг дахь Гаалийн газрын улсын байцаагч Б******* 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр иргэн Д*******ыг эрх бүхий байгууллагын тусгай зөвшөөрөлгүй эмийг импортолсон гэж Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар илгээмжээр ирсэн 3 хайрцаг, 5 ширхэг эмийг хураан авч,100 нэгж буюу 100.000 төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулжээ.

          3. Гомдол гаргагч Д******* нь шүүхэд ирүүлсэн гомдолдоо: Миний бие уушгины хүнд өвчтэй учир тус уушгины цацлагыг Сонгдо эмнэлгийн хяналтад орж 2016 оноос хойш хэрэглэж байгаа. Би дээрх эмийг нууц далд аргаар эсхүл худал мэдүүлж хилээр оруулж ирсэн зүйл байхгүй миний амь настай зайлшгүй холбоотой. Энэхүү эм нь Монгол улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон, хязгаарласан, эсхүл хэмжээ нь зааж журамласан зүйл байхгүй байхад зөрчил үйлдсэн гэж тооцож эмийг хураан авч намайг хохироож байгаад гомдолтой байна гэжээ.

          4. Хариуцагч Дархан-Уул аймгийн Гаалийн газрын хяналтын улсын байцаагч Б******* шүүхэд ирүүлсэн тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т*******гаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б******* байцаагч Гаалийн тухай хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд иргэн Д*******т холбогдох Герман улсаас улс хоорондын шуудан илгээмжээр ирсэн илгээмжид гаалийн хяналт шалгалтыг хэрэгжүүлэх явцад Фостер гэх эм нь импортлогч орны тусгай зөвшөөрөлгүй байсныг илрүүлэн Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 100000 /нэг зуун мянга/ төгрөгөөр торгох, зөвшөөрөлгүй эмийг хураах шийтгэлийг оногдуулсан. Илгээмж хүлээн авагчийг ирэх хүртэл гаднах сав баглаа хөндөгдөх ёсгүй. Ачилтын явцад хэлбэр дүрс өөрчлөгдсөн байж магадгүй. Б******* байцаагч хяналт шалгалт хийхээр илгээмж хүлээн авагчаар өөрсдөөр нь задлуулж шалгах гэтэл та нар яагаад үзэх гээд байгаа юм вэ, та нарт шалгуулах албагүй гэж хэлээд дургүйцсэн үйлдэл гаргасан байсан.

     Монгол Улсын Засгийн газрын 2002 оны №219 тогтоолоор Улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх кодолсон барааны жагсаалтыг баталсан. Уг тогтоолын 5 дугаар зүйлд Улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх кодолсон барааны жагсаалтад заагдаагүй боловч улсын хилээр нэвтрүүлэхэд төрийн захиргааны байгууллагаас зөвшөөрөл авч байхаар холбогдох хууль тогтоомжид заасан барааг улсын хилээр нэвтрүүлэх журмыг баталсан. Иргэн Д*******т илгээмжээр ирсэн Foster Nexthaler эмийн талаар төрийн эрх бүхий байгууллага болох Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газраас тодруулга авахаар хандахад “Foster” эмийн олон улсын нэршил нь беклометазон формотерол нэртэй, зөвхөн Монгол эм импекс концерн ХХК импортолж Монгол Улсад албан ёсны зөвшөөрөлтэйгөөр худалдан борлуулдаг, бусад ижил төрлийн “Foster Nexthaler” эм нь монгол улсын эмийн бүртгэлд бүртгэлгүй” гэсэн хариу ирсэн.

     Энэ нь Д*******т илгээмжээр ирсэн “Foster Nexthaler” эм нь импортлогч орны зөвшөөрөлгүй болохыг нотлон харуулж, Зөрчлийн тухай хуулийг зөрчсөн гэм буруутай үйлдэл гэдэг нь харагдаж байна.

     Монгол Улсын Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 6 дугаар зүйлд “Эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүний үйлдвэрлэл, импорт, экспорт, худалдаа. түгээлт, хяналттай холбоотой үйл ажиллагааг төрийн зүгээс нэгдсэн зохицуулалтаар хангана” гээд 6.6.2-д “."үйлдвэрлэх, импортлох, худалдах тусгай зөвшөөрөл” авна. Мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.9 “Эм.эмнэлгийн хэрэгсэл импортлох, экспортлоход дараах зүйлийг хориглоно” 15.9.3 Тусгай зөвшөөрөлгүй хуулийн этгээд, иргэн эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг импортлох. Монгол улсын Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйл Тусгай зөвшөөрлийн жагсаалт, 13 дахь хэсэг “Эрүүл мэндийн чиглэлээр доор дурдсан үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх бөгөөд дараах этгээд олгоно. 13.18 дахь заалтад “хүний эм, эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэх, импортлох, экспортлох, ханган нийлүүлэх" гэсэн хуулийн заалтуудыг үндэслэн гаалийн хяналт шалгалтыг хэрэгжүүлж ажилласан.

     Эмийг улсын хилээр импортлох үйл ажиллагааг Монгол Улсын Зөвшөөрлийн тухай хуульд Эмийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага буюу Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар тусгай зөвшөөрөл олгохыг хуульчилсан. Хууль мэдэхгүй байх явдал нь иргэнийг хуулийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд эрх зүйт нийгэмд иргэн, хуулийн этгээд нь гагцхүү хуульд захирагдаж амьдрах ёстой, хэн ч хуулиас гадуур байх ёсгүй. Иймд иргэн Д*******ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

  1.  Гомдол гаргагч Д******* нь Дархан-Уул аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын

байцаагч Б*******ийн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай”  ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлагыг шүүхэд гаргасан байна.

  1.  Шүүх гомдол гаргагч Д*******ын гомдол, хариуцагчийн тайлбар, хавтаст хэрэгт

авагдсан бусад холбогдох бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

          2.1 Хариуцагч Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Б******* нь 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” ******* дугаартай шийтгэлийн хуудсаар иргэн Д*******т Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эм, эмийн түүхий эд, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүн импортлох, эсхүл экспортлоход тавигдах шаардлага, эсхүл хориглох зүйлийг зөрчсөн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж зааснаар зөрчилд шийтгэл оногдуулахдаа 100 нэгжтэй тэнцэх хэмжээний 100.000 /нэг зуун мянга/ төгрөгөөр торгож, 3 хайрцаг 5 ширхэг эмийг хураан  авч улмаар Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргын дэргэдэх орон тооны бус зөвлөлд шилжүүлсэн байна.

          2.2 Гомдол гаргагч иргэн Д*******т Герман улсаас ирсэн CV 568458243 DE дугаартай шуудангийн илгээмжээс “Foster Next haler ” гэх нэртэй 3 хайрцаг,1 хайрцаг дотроо 2 ширхэг, нийт 6 ширхэг амьсгалын дутагдалд хэрэглэх зориулалттай эм ирсэн нь 2023 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн дотоодын дамжин өнгөрүүлэх манифестийн жагсаалт, CN-23 шуудангийн маягт, эрх бүхий албан тушаалтны 2023 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн “ Хэргийн газрын үзлэг хийсэн тухай”, ”Эд зүйл, баримт бичгийг хураан авсан тухай” 02 дугаартай тэмдэглэлүүдээр, мөн холбогдогчид 1 ширхэг эмийг буцаан өгсөн нь 2023 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн “Холбогдогчоос мэдүүлэг авсан тухай” тэмдэглэл, гомдол гаргагч, хариуцагч нарын тайлбар,  ******* дугаартай шийтгэлийн хуудас зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

          2.3 Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1. “Эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүний үйлдвэрлэл, импорт, экспорт, худалдаа, түгээлт, хяналттай холбоотой үйл ажиллагааг төрийн зүгээс нэгдсэн зохицуулалтаар хангана 6.2.”Энэ хуулийн 6.1-д заасан төрийн зохицуулалтыг дараах үйл ажиллагаагаар хэрэгжүүлнэ”, 6.2.2.”үйлдвэрлэх, импортлох, худалдах тусгай зөвшөөрөл”, 6.2.3 “импорт, экспортын бүртгэл, хяналт, зохицуулалт”, 6.3.”Энэ хуулийн 6.2-т заасан зохицуулалтыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага гүйцэтгэнэ”.15 дугаар зүйлийн 15.9.”Эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох, экспортлоход дараах зүйлийг хориглоно”, 15.9.3.”тусгай зөвшөөрөлгүй хуулийн этгээд, иргэн эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг импортлох гэж тодорхойлжээ.

           2.4 Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд иргэн Д*******ын Герман улсаас оруулж ирсэн “Foster Next haler ” гэх нэртэй эм нь  импортлогч орны эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй, улсын бүртгэлд бүртгэгдсэн Фостер /beclometasone-formotero/ эмийн хаяглалт, савлалт нь Foster Next haler  эмээс өөр байгаа нь эм зүйн мэдээллийн сангаас гарган авсан / 2023 оны 1 дүгээр сарын 25, 2 дугаар сарын 6-ны өдөр/ гэх фостер /beclometasone-formotero/  гэх эмийн савлалт, эмийн  босоо хайрцагны 4 хуудас зураг, гомдол гаргагчийн оруулж ирсэн гэх Foster Next haler эмийн хэвтээ зураг, Дархан-Уул аймаг дахь Гаалийн газрын 2023 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 02/37 дугаартай албан бичиг, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 04/293 дугаартай албан бичиг, түүнд хавсаргасан зураг, монгол улсад бүртгэгдсэн Фостер худалдааны нэршилтэй эмийн дэлгэрэнгүй мэдээлэл зэргээр тогтоогдож байгаа болно.

2.5 Хариуцагч нь иргэн Д*******ыг эм, импортлоход тавигдах шаардлага болох  Эм

эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.2-д заасан ”үйлдвэрлэх, импортлох, худалдах  тусгай зөвшөөрөл” авах, 15 дугаар зүйлийн 15.9.3. ”тусгай зөвшөөрөлгүй хуулийн этгээд, иргэн эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг импортлох”-ыг хориглосон хуулийн заалтыг зөрчин улсын бүртгэлд бүртгэгдсэн Фостер /beclometasone-formotero/ эмийн загвараас зөрүүтэй Foster Next haler гэх эмийг импортоор оруулсан нь Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эм, эмийн түүхий эд, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүн импортлох, эсхүл экспортлоход тавигдах шаардлага, эсхүл хориглох зүйлийг зөрчсөн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан зөрчлийг гаргасан гэж үзэж шийтгэл ногдуулсан гаалийн улсын байцаагчийн  маргаан бүхий шийтгэлийн хуудас үндэслэлтэй байна.

          2.6 Хэдийгээр гомдол гаргагч нь “ уушгины өвчиндөө хэрэглэхээр өмнө нь гурав, дөрвөн удаа захиалан авч байсан” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлах боловч дээрх хуулийн заалтаар эмийг импортлоход эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас заавал зөвшөөрөл авахаар хуульчилсан байх тул Гаалийн газрын гаалийн улсын байцаагчийн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” ******* дугаартай шийтгэлийн хуудасны улмаас гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхгүй юм. 

             2.7 Иймд Дархан-Уул аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагчийн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” ******* дугаартай шийтгэлийн хуудсыг  хүчингүй болгуулах гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй  байна гэж шүүх үзлээ.

          Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 2, Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.2, 6.2.3, 6.3, 15 дугаар зүйлийн 15.9, 15.9.3 дахь заалтыг тус тус баримтлан гомдол гаргагч Д*******ын хариуцагч Дархан-Уул аймгийн Гаалийн газрын улсын байцаагч Б*******т холбогдуулан гаргасан “2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай”   ******* тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

          2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Д*******аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

          3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.1, 113.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдол гаргагч, хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ж.ОЮУНЧИМЭГ