Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ц.Амармэнд |
Хэргийн индекс | 181/2023/01134/И |
Дугаар | 181/ШШ2023/01887 |
Огноо | 2023-06-09 |
Маргааны төрөл | Нийгмийн даатгалын багц хуулиар бусад, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 181/ШШ2023/01887
2023 оны 06 сарын 09 өдөр | Дугаар 181/ШШ2023/01887 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Э.Т-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “Ү” ХХК-д холбогдох
Нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүйн улмаас үүссэн хохирол, ажилгүйдлийн тэтгэмж 5,174,004 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Санжаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Э.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие ”Ү” ХХК-д 2021 оны 12 сарын 27-ны өдөр Ерөнхий нягтлан бодогчийн ажилд орж, 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажилласан. Сарын 2,100,000 төгрөгийн цалин авдаг байсан. Тус компани цалингаа удаа дараа цаг хугацаандаа олгохгүй байсан учир өөрийн хүсэлтээр ажлаас гарах өргөдлөө 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдөр өгсөн. Гэвч ажлаас чөлөөлөх тушаал гаргаж өгөөгүй. Иймд 2022 оны 9-р сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд ажлаас чөлөөлсөн тушаал гаргуулах нэхэмжлэл гаргаж, 2022 оны 12-р сарын 23-ны өдөр тус нэхэмжлэлийг хангаж 181/ШШ2023/00048 дугаартай шийдвэр гаргасан. Тус компаниас 2023 оны 2-р сарын 02-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн Б/112 дугаартай тушаалын хуулбар хувийг гардуулж өгсөн. Иймд Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлд Ажлаас халагдсан даатгуулагч ажил олгогчтойгоо тооцоо хийж дууссанаас хойш 14 хоногийн дотор, хүндэтгэн үзэх шалтгаантай бол 3 хүртэл сарын дотор оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ хөдөлмөр эрхлэлтийн алба, уг бирж байхгүй брл нийгмийн даатгалын байгууллагад буртгүүлэх үүрэгтэй гэснийг зөрчсөн. Мөн тус компани Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-т заасныг удаа дараа зөрчин нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй бөгөөд Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зуйлийн 6.2-т ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө гэж заасан. Иймд “Ү” ХХК-иас төлөгдөөгүй саруудын нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэхийг даалгах, даатгуулагч надад учирсан хохирол буюу Ажилгүйдлийн даатгалын сангаас авах боломжтой байсан даатгалын хувь хэмжээ болох 5,174,004 төгрөгийг “Ү” ХХК-иас гаргулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч “Ү” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Э.Т 2021 оны 12 дугаар сард ажилд орж 2022 оны 8 дугаар сар хүртэл ажилласан. Манай байгууллага Э.Тын нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй нь үнэн. Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн дагуу даатгуулагч ажилгүй болохоос өмнө 24 сараас доошгүй хугацаанд, сүүлийн 9 сарын хугацаанд тасралтгүй нийгмийн даатгалын шимтгэл төлсөн бол ажилгүйдлийн тэтгэмж авах эрх үүсдэг. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.2-д ажилтан ажил үүргийг гүйцэтгэх зорилгоор олгосон баримт бичиг, бусад зүйлийг ажил олгогчид хүлээлгэн өгөх үүрэгтэй. Гэтэл Э.Т нь 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдөр “Ү” ХХК-д хийж байсан ажлыг хүлээлцсэн гэх боловч албан ёсоор ажлаа хүлээлцээгүй орхиод явсан. Манай компанийн буруугаас нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл нь 8 сар төлөгдөөгүй болохыг зөвшөөр байна. Э.Т ажилгүйдлийн тэтгэмж авахын тулд нийгмийн даатгалын шимтгэлийг 24 сар төлөх ёстой боловч шимтгэл төлөгдсөн хугацаа нь 19 сар болж байгаа. Төлөгдөөгүй 8 сарыг бид төлнө. Ажилгүйдлийн тэтгэмжийн хохирлыг шаардсаныг зөвшөөрөхгүй. Э.Ттай хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон 2022 оны 8 сарын 31-ний өдрийн ажлаас чөлөөлөх тушаалтай маргах зүйлгүй гэжээ.
3. Зохигчид дараах баримтуудыг гарган хавтаст хэрэгт өгсөн байна:
Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, №Б/112 дугаартай хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаал, ажилгүйдлийн тэтгэмж олгох хуваарь, нийгмийн даатгалын ерөнхий газрын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт,
Хариуцагчаас: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, “Ү” ХХК-ийн дүрэм, итгэмжлэл зэрэг баримтууд зэрэг хэрэгт авагджээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэстэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч Э.Т нь “Ү” ХХК-д холбогдуулан тус компанид ажилласан хугацаанд нь хөдөлмөрийн хөлсөнд ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг нь төлөөгүй, мөн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхөд халагдах тушаалыг нь гардуулж өгөхгүй байснаас шалтгаалан ажилгүйдлийн тэтгэмжийг холбогдох байгууллагаас зохих журмын дагуу авч чадаагүй тул ажилгүйдлийн даатгалын сангаас авах боломжтой байсан 5,174,004 төгрөгийг хохиролд тооцон хариуцагчаас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
3. Хариуцагч “Ү” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэж татгалзсан. Э.Т нь 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн “Ү” ХХК-ийн Ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд томилогдон ажиллаж байгаад 2022 оны 08 сарын 01-ний өдөр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн боловч ажлаа бүрэн хүлээлгэж өгөөгүй нь Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийг зөрчсөн. Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн дагуу даатгуулагч ажилгүй болохоос өмнө 24 сараас доошгүй хугацаанд, сүүлийн 9 сарын хугацаанд тасралтгүй нийгмийн даатгалын шимтгэл төлсөн бол ажилгүйдлийн тэтгэмж авах эрх үүсэх ёстой. Гэвч энэ шаардлага хангагдаагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.
4. Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
5. Нэхэмжлэгч Э.Т нь 2021 оны 12 дугаар сард “Ү” ХХК-ийн Ерөнхий нягтлан бодогчийн ажилд орж, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаасаа чөлөөлөгджээ. /хх-4, 6, 24-26/
а/ Нэхэмжлэгч Э.Тыг “Ү” ХХК-д ажилласан хугацаанд буюу 2021 оны 12 дугаар сараас 2022 оны 8 дугаар сард хөдөлмөрийн цалин хөлсөнд ногдох хэмжээгээр нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогчоос мэдүүлсэн боловч шимтгэлийг төлөөгүй болох нь хариуцагчийн тайлбар, Э.Тын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт лавлагаагаар тогтоогджээ.
б/ Иймд ажил олгогч хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд шимтгэл төлөх Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 17.1.1-т заасан үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй гэж үзнэ.
6. Хариуцагчийн зүгээс Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-т зааснаар Даатгуулагч ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо өмнө 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 9 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд ажилгүйдлийн тэтгэмж авах, мэргэжлийн сургалтад хамрагдах эрх анх үүснэ гэж заасан, Э.Т нь 24 сарын хугацаанд тасралтгүй шимтгэл төлсөн эсэх нь тодорхой бус байх тул ажилгүйдлийн тэтгэмж авах эрх үүсэхгүй гэж маргаж байгаа боловч хариуцагчийн тайлбар үндэслэлгүй гэж үзэв.
а/ Учир нь Э.Т нь 2013 оны 6 дугаар сараас хойш 2021 оны 11 дүгээр сарыг дуустал нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, “Ү” ХХК-д 2021 оны 12 дугаар сард ажилд орохоос өмнөх 8 жил 6 сарын хугацаанд тасралтгүй төлж байжээ.
б/ Харин 2022 оны 9 дүгээр сараас 2023 оны 2 дугаар сарын хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй болох нь тогтоогджээ. Энэ хугацааг тооцож үзвэл “Ү” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогчийн ажлаас чөлөөлөгдсөнөөсөө хойш Э.Т нь 5 сар гаруйн хугацаа буюу ажилгүйдлийн тэтгэмж тооцогдох 76 ажлын хоногоос дээш хугацаанд ажилгүй байсан гэж үзэхээр байна. /хх-24/
в/ Мөн Э.Т нь “Ү” ХХК-д 2021 оны 12 дугаар сараас 2022 оны 8 дугаар сар хүртэл ажилласан боловч ажил олгогчоос нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх үүргээ хэрэгжүүлээгүй байна.
7. Иймд Э.Т нь ажилгүй болохоосоо өмнө 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 9 сард нийгмийн даатгалын шимтгэлийг тасралтгүй төлсөн тул Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-т зааснаар ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй юм.
8. Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасан болзол журмын дагуу шимтгэл төлж нийгмийн даатгалд даатгуулсан иргэн хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж авах эрхтэй гэж, мөн хуулийн 6.2-т Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө гэж тус тус хуульчилжээ.
9. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.6-д зааснаар ажил олгогч ажилтанд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон тухай шийдвэр, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, бусад баримт бичгийг хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон өдөр хүлээлгэн өгөх, цалин хөлс, олговор, тэтгэмжийг хууль, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд заасны дагуу олгох үүрэгтэй.
10. “Ү” ХХК нь Э.Тын нийгмийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлснөөс суутгасан боловч хуульд заасан хугацаанд төлөх, ажлаас халагдсан, ажилгүйдлийн тэтгэмж авах эрх үүсэх даатгуулагчтай холбогдох тооцоог хийж дууссан тухай тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон тухай тушаал, шийдвэрийг даатгуулагчид гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.
11. Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.2-т Ажилтан ажил үүргийг нь гүйцэтгүүлэх зорилгоор олгосон аливаа ажлын багаж, төхөөрөмж, техник хэрэгсэл, эд хөрөнгө, ажил үүргийн дагуу бүрдүүлсэн баримт бичиг, биет болон цахим мэдээлэл, холбогдох бусад зүйлийг нэг бүрчлэн ажил олгогчид хүлээлгэн өгөх үүрэгтэй гэж заасныг зөрчиж, үүрэгт ажлаа бүрэн хүлээлгэж өгөөгүй учраас ажлаас чөлөөлөгдөх тушаалыг нь гардуулж өгөөгүй гэх тайлбарыг гаргаж маргаж байгаа боловч тухайн асуудлаар өмнө нь маргасан, үйл баримт тогтоогдоогүйгээс гадна, энэ нь ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхгүй байх шалтгаанд хамаарахгүй юм.
12. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн №09 тогтоолоор баталсан Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгож журам-ын 4 дүгээр зүйлд заасан аргачлалаар:
Э.Тын сүүлийн бүтэн ажилласан 3 сарын буюу 2022 оны 5 дугаар сарын цалин 1,983,909 төгрөг, 6 сарын цалин 4,669,329 төгрөг, 7 дугаар сарын цалин 2,475,750 төгрөг байх ба Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т заасан хувь хэмжээгээр тооцоход ажилгүйдлийн тэтгэмж нь 5,454,426 төгрөг болохоор байна.
/1,983,909+4,669,329+2,475,750=9,128,988 төгрөг, 9,128,988:3=3,042,996 төгрөг, 3,042,996х50%=1,521,498 төгрөг, 1,521,498:21,2=71,768 төгрөг, 71,768х76=5,454,426 төгрөг/
13. Нэхэмжлэгч Э.Тын ажилгүйдлийн тэтгэмжийг холбогдох журмын дагуу тооцоход 5,454,426 төгрөг болохоор тооцогдсон боловч Э.Тын нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо шаардсан 5,174,004 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.1.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, Иргэний хуулийн 219.1-т заасныг баримтлан хариуцагч “Ү” ХХК-иас 5,174,004 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.Тт олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч Э.Тын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 97,735 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ү” ХХК-иас 97,735 төгрөгийг гаргуулан Э.Тт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД