Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 181/ШШ2023/03006

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Ч Б ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  А.Б-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 23,414,249.39 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г, хариуцагч А.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.  Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.Ц нь 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр №18208/01/СС-2019 тоот зээлийн гэрээг байгуулж, 20,000,000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн болно. Дээрх Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 18208/01/РА/01-2019 тоот барьцааны гэрээг байгуулж, А.Цийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 39 хаягт байрлах, 49.6 м.кв талбай бүхий хувийн сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан.

 

Зээлдэгч А.Ц зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэхгүй байгаа тул банкны зүгээс эргэн төлөлтийг төлөхийг мэдэгдэж, сануулж байсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү болон үндсэн төлбөрийг төлж дуусгаагүй. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан уг хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 451.2-т зээлийг гэрээг бичгээр хийнэ гэж зааснаар Ч ХХК нь зээлийн гэрээний дагуу 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 20,000,000 төгрөгийг зээлдэгч А.Цт олгосон ба зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгийг хүүгийн хамт буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул Ч ХХК нь үүргийн биелэлтийг шаардах үндэслэлтэй. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан, мөн талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд энэ талаар харилцан тохиролцсон байх тул зээлдэгч нь зээлийг ашигласны хүү, хугацаандаа төлөөгүйн хариуцлага болох нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй байна. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа нь 2021 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр дууссан боловч зээлийг бүрэн төлж дуусгаагүй байна.

Иймд А.Цээс үндсэн зээл 12,797,080.84 төгрөг, зээлийн хүү 9,754,455.34 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 862,713.21 төгрөг, нийт 23,414,249.39 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангаж өгнө үү гэжээ.

  

2. Хариуцагч А.Ц шүүхэд гаргасан хариу тайлбартаа: А.Ц миний бие өөрт байсан хэвлэлийн машинаар амьжиргаа залгуулахын тулд Ч ХХК-иас 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр эргэлтийн хөрөнгийн 20,000,000 төгрөгийг зээл авсан. Тухайн зээлийг авснаас хойш сар бүр 1,060,000 төгрөг төлсөөр ирсэн. Цар тахалаас өмнө төлөгдсөн нийт эргэн төлөлт сар бүр 1,060,000 /хүүтэй нь/, эргэн төлсөн нийт мөнгөн дүн 12,460,000 төгрөг төлсөн. Зээлийн эргэн төлөлт доголдсон шалтгаан нь корона вирус буюу цар тахал миний хийж байсан ажлыг уналтад оруулахад том нөлөө үзүүлж, үүнээс хойш ажил хөдөлмөр муудаж өрөнд орж дампуурсан. Миний зээлсэн 20,000,000 төгрөг хүүгийн хамт 25,361,203.74 төгрөг болсон байхад хэдэн давхар хүү бодсоныг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд миний бие анх гэрээнд заасан зээл болон хүүгийн үлдэгдэл 12,797,080.84 төгрөгийн зээлээ л төлөх хүсэлтэй байна. Харин Ч ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн хүү 9,754,455.34 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 862,713.21 төгрөг, нийт 10,617,168.55 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Зохигчид дараах баримтуудыг гарган хавтаст хэрэгт өгсөн байна:

 

Нэхэмжлэгчээс: 

-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,

-Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,

-Итгэмжлэл,

-А.Цийн зээлдэгчийн мэдээлэл бүхий анкет,

-А.Цийн Ч ХХК-д гаргасан 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн зээлийн хүсэлт,

-А.Цийн Ч ХХК-д гаргасан 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн зээл хүссэн өргөдөл,

-Ч ХХК-ийн зээлийн хорооны 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн шийдвэр,

-2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн №18208/01/СС-2019 дугаар зээлийн гэрээ,

-2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн №18208/01/РА/01-2019 барьцааны гэрээ,

-№000694588 дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ,

-№000537982 гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ,

-№11-11411255 барьцаалбар,

-№70489005130 мемориалын баримт,

-№5104001092 тоот зээлийн дансны хуулга,

-Харилцагч А.Цийн дансны хуулга,

-Зээл, зээлийн хүү нэмэгдүүлсэн тооцоолол,

 

Хариуцагчаас: 

-Иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч Ч ХХК нь хариуцагч А.Цт холбогдуулан 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн №18208/01/СС-2019 Зээлийн гэрээний үндсэн үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 12,797,080.84 төгрөг, зээлийн хүү 9,754,455.34 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 862,713.21 төгрөг, нийт 23,414,249.39 төгрөгийг гаргуулах, мөн Ч ХХК нь болон А.Ц нарын хооронд 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан №18208/01/РА/01-2019 Барьцааны гэрээний дагуу А.Цийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 399в тоот хаягт байрлах, 49.6 м.кв талбай бүхий хувийн сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 3. Хариуцагч А.Ц нь зээл авсны дараагаас цар тахал буюу коронавирусийн халдварт өвчний нөлөөгөөр зээлийн эргэн төлөлт доголдож, дампуурсан бөгөөд энэ талаар нэхэмжлэгчид мэдэгдэж байсан. Төлбөрийн чадваргүй болсон тул үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 12,797,080.84 төгрөгийн үүргийг хүлээн зөвшөөрнө, харин нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн хүү 9,754,455.34 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 862,713.21 төгрөгийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж хариу тайлбар гарган маргажээ.

 

4. Зохигчдын тайлбар, нэхэмжлэлийн шаардлага, хэрэгт цугларсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон болно.

 

5. Нэхэмжлэгч Ч ХХК, хариуцагч А.Ц нарын хооронд 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр №18208/01/СС-2019 Зээлийн гэрээг байгуулж, зээлийн гэрээний үндсэн нөхцөлөөр 20,000,000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай зээлдүүлэхээр харилцан тохиролцсон, түүнчлэн мөнгөн хөрөнгийг зээлдэгч хүлээн авсан, 24 сарын хугацаанд үндсэн зээл болон зээлийн хүүг хэрхэн төлөх талаарх зээлийн эргэн төлөлтийн хуваарийг гэрээний хавсралтаар баталжээ.

  

6. Зохигчийн хооронд 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан №18208/01/СС-2019 Зээлийн гэрээний хугацаа 2021 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр дуусгавар болсноос хойш Ч ХХК нь зээлийн гэрээний үүргийг шаардаж, 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд хариуцагч нь зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй байна.

 

7. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон боловч зээлдэгч нь Зээлийн гэрээний үүрэгт нийт 11,794,900 төгрөгийг төлсөн, зээлийн гэрээний үндсэн үүрэгт 12,797,080.84 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа талаар хэн алин нь маргаагүй байна.

  

8. Банкнаас зээл олгосон гэрээгээр банк нь мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээх бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийж, талууд гэрээнд гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болно. Ч ХХК нь зээлийн гэрээнд заасан мөнгийг шилжүүлэх, зээлдэгч А.Ц нь гэрээнд заасан хугацаанд зээл, хүү төлөх үүрэг хүлээж, гэрээг бичгээр байгуулж талууд гарын үсэг зурсан байх тул гэрээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2-т зааснаар хүчин төгөлдөр бөгөөд гэрээний дагуу нэхэмжлэгч шаардах эрхтэй.9. Иймд А.Ц нь тухайн зээлийн гэрээг байгуулсан, мөнгөн хөрөнгийг хүлээн авсан талаар маргаагүй боловч уг зээлийг буцаан төлөх төлбөрийн чадваргүй болсон гэх үндэслэлээр зээлийн гэрээний үүрэг, хүү зэргийг хариуцахгүй гэх татгалзал нь үндэслэлгүй бөгөөд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй юм.

 

9. Мөн үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ нь хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангасан, талууд барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдал болон барьцааны зүйлийн талаар маргаагүй тул хуульд нийцсэн, хүчин төгөлдөр гэж үзнэ. Нэгэнт гэрээ хүчин төгөлдөр учир талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй. Ч ХХК нь зээлийн гэрээнд заасан мөнгийг зээлдэгчид шилжүүлсэн учир зээлдэгчээс үүргийн биелэлтийг шаардах эрхтэй, шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасан журмын дагуу үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй.

10. Харин хэрэгт авагдсан баримт, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг харьцуулан дүгнэж, 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн №18208/01/СС-2019 Зээлийн гэрээний үүрэгт  гэрээний хугацаа дуусгавар болсон /2021.04.18/ хугацаанаас хойш нэхэмжлэгч нь хүү, нэмэгдүүлсэн хүүг хариуцагчаас шаардах эрхгүй гэж үзлээ.

 

10.1. Учир нь талуудын хооронд байгуулсан 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн №18208/01/СС-2019 Зээлийн гэрээний хугацаа 2 жил буюу 2021 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр дуусгавар болжээ.

 

10.2. Гэтэл гэрээний хугацаа дуусгавар болсон 2021 оны 4 дүгээр сараас шаардах эрхээ хэрэгжүүлээгүй, улмаар 2 жил 2 сар өнгөрсөн байхад гэрээний үүргийг шаардаж, шүүхэд нэхэмжлэл гаргасан нь зээлийн гэрээний хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хугацаа хэтэрч хуримтлагдахад нэхэмжлэгчийн буюу үүрэг гүйцэтгүүлэгчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн гэж үзнэ.

 

10.3. Нөгөө талаас хариуцагч А.Ц нь зээлийн эргэн төлөлтийг эхний нэг жилийн хугацаанд гэрээний дагуу гүйцэтгэж байсан боловч 2020 оны 3 дугаар сараас хойш хугацаандаа биелүүлж чадахгүй нөхцөл байдал нь графикт төлөлтийн хугацааг зөрчиж эхэлснээр бодитой болсон, энэ талаар Ч ХХК-д 2022 онд өөрөө бичгээр мэдэгдэл өгсөн, түүнээс хойш зээлийн гэрээний үүргийг төлж барагдуулах боломжгүй байсан талаар шүүх хуралдаанд тайлбарласантай холбоотойгоор нэхэмжлэгч мөн энэ үйл баримтын талаар маргаагүй тул хариуцагчид үүссэн нөхцөл байдлыг урьдаас мэдэж байсан гэж үзэхээр байна.

 

11. Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж хуульчилсан тул зээлийн гэрээний хугацаа өнгөрмөгц зээлийг буцаан төлөхийг шаардах эрх үүснэ. Мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.6-д үүрэг гүйцэтгэгч төлбөрийн чадваргүй болсон буюу үүргийн гүйцэтгэлийг хангах эд хөрөнгийн хэмжээ багассан, эсхүл эд хөрөнгөгүй болсон бол гэрээгээр тогтоосон хугацаанаас өмнө үүргээ нэн даруй гүйцэтгэхийг шаардах эрхтэй хэмээн заажээ.

 

12. Гэтэл нэхэмжлэгч нь дээр дурдсан шаардах эрхээ боломжит хугацаанд буюу хариуцагчийн гэрээний үүргийн зөрчил эхэлсэн 2020 оноос хойш хэрэгжүүлээгүй байна.

 

12.1. Түүнчлэн хариуцагч нь гэрээний үүргийг биелүүлж чадахгүй нөхцөл байдал үүссэн болох нь гэрээний графикт хугацааны эргэн төлөлтийг ноцтой зөрчсөн үйл баримт, болон хариуцагч энэ талаар бичгээр нэхэмжлэгчид мэдэгдсэн /талууд шүүх хуралдааны явцад тус үйл баримтын талаар маргаагүй, хүлээн зөвшөөрсөн/ зэргээр хангалттай нотлогдсон байхад үүрэг гүйцэтгүүлэх шаардах эрхээ хэрэгжүүлээгүй, мөн талуудын хооронд байгуулсан гэрээний 15 дугаар зүйлд зааснаар гэрээг цуцлах санаачилга гаргах эрх, үүргээ нэхэмжлэгч бодитоор хэрэгжүүлээгүй байна.

 

13. Иймд 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн №18208/01/СС-2019 зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон хугацаанаас хойшх зээлийн гэрээний хүү, нэмэгдүүлсэн хүүг хариуцагч А.Ц-ээс шаардах эрхгүй гэж үзэв.

 

14. Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгүүлэгч гэм буруутай эсэхээс үл хамааран мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдах үр дагавар үүсэх тул зээлийн гэрээний үүргийг шаардах талаар хууль болон гэрээгээр хүлээсэн эрх, үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй нэхэмжлэгч нь хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхгүй.

 

15. Эдгээр үндэслэлээр Ч ХХК, А.Ц нарын хооронд 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан 20,000,000 төгрөгийн №18208/01/СС-2019 Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 12,797,080.84 төгрөг, зээлийн хүү 3,007,758.71 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.

 

15.1. Хариуцагч А.Ц нь 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд зээлийн хүүг графикийн дагуу төлж байгаад, 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс графикт төлөлтийн хугацааг алдаж эхэлсэн бөгөөд 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт зээлийн хүүд 3,467,980.42 төгрөгийг төлөх ёстой байжээ./хх-27-28/

 

15.2. Үүнээс 2020 оны 3 дугаар сарын 15-ны өдөр зээлийн хүүд 52,979.79 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 407,241.92 төгрөгийг тус төлсөн байх тул эдгээр хүүг графикт хугацаанаас хасаж тооцов. /3,467,980.42-52,979.79-407,241.92=3,007,758.71төгрөг/

 

15.3. Түүнчлэн зээлийн гэрээний хугацаа 2021 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөр дуусгавар болсон хугацаанаас хойш 2022 оны 6 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд тооцсон /197,000+197,000+99,500+97,000+99,500=690,000/ 690,000 төгрөгийн нэмэгдүүлсэн хүүг дээр дурдсан үндэслэлээр шаардах эрхгүй гэж үзэв.

 

15.4. Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 12,797,080.84 төгрөг, зээлийн хүү 3,007,758.71 төгрөг, нийт 15,114,839.55 төгрөгийг хариуцагч А.Цээс гаргуулан, Ч ХХК-д олгож, үлдэх 8,299,409.84 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч А.Ц-ээс 15,114,839.55 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч ХХК-д олгож, нэхэмжлэлээс 8,299,409.84 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т заасныг баримтлан хариуцагч А.Ц нь төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны хөрөнгө болох Улсын бүртгэлийн Ү-2203040267 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 399 тоот хаягт байрлах, 49.6 м.кв талбайтай А.Цийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 345,221 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Ц-ээс 233,524 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ц.АМАРМЭНД