Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 135/ШШ2023/01302

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Номин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ... аймаг, ... сум, ... баг, ... хороолол, ... байр, ... тоотод оршин суух хаягтай, ... овгийн Д-ийн Т (РД:..., утас:...)-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ... аймаг, ... сум, ... баг, ... гудамж, ... тоотод оршин суух хаягтай, ... овгийн С-ын О (РД:..., утас: ...)-д холбогдох

"1,278,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдааны оролцогчид:

 Нэхэмжлэгч: Д.Т,

 Хариуцагч: С.О,

 Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

           

1.Нэхэмжлэгч Д.Т нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

...Миний бие нь С.О-тай 2022 оны 06 дугаар сарын 03-нд ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, захиалагч миний материалаар 6 өрөөний 18 ширхэг хэсэг буйданг 1 ширхэгийг 100,000 төгрөгөөр үнэлэн 1,800,000 төгрөгөөр буйдангийн бүрээсийг сольж бүрэхээр тохиролцон хийлгэсэн билээ. Гэтэл буйдангууд удалгүй оёдол наалтаараа урагдан чанарын шаардлага хангахгүй сармайж унжих болсон. Иймд гэрээний дагуу С.О-тай утсаар холбогдон 2023 оны 08 дугаар сарын 19-ний өглөө 09 цагийн үед үзүүлэхэд “өө завгүй, яахав мөнгө өгвөл засаж өгье” гэхэд миний бие “гэрээний дагуу чанаргүй оёсон тул чи өөрөө засаж өгөх үүрэгтэй шүү дээ” гэтэл О нь “Юун даварцан п...а вэ, юу гэж үнэгүй юм хийдэг юм” гээд над руу салаавчаа гарган п...а, я...н гэж элдвээр доромжлоод /камерын бичлэг байгаа/ барахгүй эд материал болон мөнгөн хөрөнгөний хохирол учруулсан билээ. Иймд С.О-аас 1,800,000 төгрөгийн 50% болох 900,000 төгрөг, гэрээний дагуу хугацаандаа хийж гүйцэтгээгүй 21 хоног хугацаа алдалтын 0.3 хувь болох 378,000 төгрөг, нийт 1,278,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

 

2.Хариуцагч С.О шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие С.О нь буйдан бүрэх, засах ажлыг захиалгаар хийдэг. 2022 оны 6 дугаар сард 9-р багт байрлах Ц төвийн подвалд байрлах караокены 6 өрөөний буйданг бүрсэн. Нийт 18ш буйданг ажлын хөлс 1,800,000 төгрөгөөр бүрэхээр тохирсон. Тухайн буйданг анх байгуулахдаа хийлгэсэн, 10 гаран жил ашиглачихсан хуучин буйдан юм. Анх хийлгэсэн газар нь буйдангийн ерөнхий хэмжээ, стандартыг мэддэггүй буйдангийн мужаан цехээр хийлгэсэн болохоор хүн суух хэсэг нь 40 см /уг нь дор хаяж 50 см байж хүн гүйцэд тухтай суудаг/, порлоныг нь урагш давуулаад маш урт нугалчихсан унжаад байгаа, порлоныг нь тайраад хаячихна гэхээр 40 см байгаа суудал нь бүүр хүн суухын аргагүй болчихоод өөрт нь асуудлыг нь хэлээд, задалсан дээрээ приус мод нэмэх үү арай тухтай болгохын тулд мужааны ажил нэмэгдэнэ, порлон нэмэх шаардлагатайг хэлэхэд тэр чигт нь бүрүүлчхээд бүтэн жилийн дараа бүх зүйл шинээрээ байх ёстой юм шиг, чи луйварчин, хулгайч гэж гүтгэн гудамж талбайгаар орилж хашхирч миний нэр төрд халдаж байна. Уг буйдан бүрэхэд 94м материал орно гээд хэлэхэд тийм их лидрин орохгүй гээд өөрийнхөө тооцоогоор материалаа өөрсдөө авсан. 70 метр лидрин л авсан байх. Тэгээд миний лидринийг хулгайлсан гээд С 380-ын гудамжаар хашхираад ажлыг чинь хийлгэхгүй, хулгайлсан лидринээ авъя гээд орилоод би бүүр зугтааж ажил дээрээ ирсэн. Би хүний өчнөөн жил ашигласан хуучин хамрын тамхи шиг үйрсэн порлонтой хамгийн заваан зүйлийг нь бүрж өгчхөөд хулгайч луйварчнаараа дуудуулж байгаадаа гомдолтой байна. Гэрээний дагуу хугацаа гэж юу яриад байгааг ойлгохгүй байна. Буйданг ажлын байран дээр нь бид нар өөрсдөө очиж бүрж өгсөн. Биднээс шалтгаалж ажил нь ажиллаагүй өдөр байхгүй. Лидрин урагддаггүй хагардаг, халцардаг юм шүү, урагдсан гэж худлаа ярьж байна. Буйданг давхар ултай /мяндсан утсаар/ машинаар 1, 2-р оёдол хийгээд оёсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэв.

3.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт эхээр, иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн “Ажил гүйцэтгэх гэрээ” эхээр, буйдангийн фото зураг 8 ширхэг зэрэг нотлох баримтыг ирүүлсэн. /хх 2-9,26,31-35 хуудас/

 

4.Хариуцагчаас хариу тайлбарын татгалзалтай холбогдуулан фото зургууд, флаш диск 1 ширхэг зэрэг нотлох баримтыг ирүүлсэн. /хх 24, 25, 32-36 хуудас/

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

           

          Нэхэмжлэгч Д.Т-гийн хариуцагч С.О-д холбогдуулан гаргасан 1,278,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

         1.Нэхэмжлэгч Д.Т “2022 оны 06 дугаар сарын 03-ний өдөр С.О-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, захиалагч миний материалаар караокены 6 өрөөний 18 ширхэг /хэсэг/ буйданг 1 ширхэгийг 100,000 төгрөгөөр үнэлэн 1,800,000 төгрөгөөр бүрээсийг сольж бүрэхээр тохиролцсон. Гэтэл буйдангууд удалгүй оёдол наалтаараа урагдаж чанарын шаардлага хангахгүй болсон. Гэрээний дагуу уг буйдангуудыг засахыг хэлэхэд хэл амаар доромжилсон. Харьцахад их төвөгтэй хүн. Иймд 1,800,000 төгрөгийн 50 хувь болох 900,000 төгрөг болон гэрээний дагуу ажлыг хугацаандаа хийж гүйцэтгээгүй 21 хоногийн хугацааны алданги 378,000 төгрөг нийт 1,278,000 төгрөг гаргуулна” гэж нэхэмжлэлийн шаардлагын шаардах эрхийг тодорхойлж байна.

 

2.Хариуцагч С.О “би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие буйдан засах, бүрэх ажлыг захиалгаар хийж гүйцэтгэдэг. Ц төвийн подвальд байрлах караокены 6 өрөөний 18 ширхэг буйданг 1,800,000 төгрөгөөр захиалагчийн буюу нэхэмжлэгчийн материалаар бүрэхээр тохиролцсон. Тухайн буйдангуудын хэмжээ стандартын бус, порлон суусан зэргээс үүдэн бүрээс сул зайтай болсон болохоос бүрээстэй холбоотой, миний хийсэн ажилд ямар нэг доголдол байхгүй” гэж нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байна.

 

3.Хэрэгт авагдсан баримтаар талууд 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 01 дугаартай ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд кароакены 6 өрөөний 18 ширхэг буйдангийн бүрээсийг нэхэмжлэгчийн материалаар нэг бүрийг 100,000 төгрөгөөр үнэлэн нийт 1,800,000 төгрөгөөр сольж бүрэхээр тохиролцжээ. /хх 5-7 хуудас/

 

4.Зохигч ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, ажлын хөлс, гэрээний хугацааг тохирсон асуудалд маргаагүй, харин гүйцэтгэсэн ажлын доголдол, ажлыг хугацаандаа гүйцэтгээгүй талаар маргаж байна.

 

5.Зохигчийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасны дагуу ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.

 

6.Талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 01 дугаартай ажил гүйцэтгэх гэрээний 4.3-т: захиалагч гүйцэтгэсэн ажилд ямар нэгэн доголдол байвал ажил хүлээж авснаас хойш 36 сарын дотор гомдлын шаардлага гаргах эрхтэй, 4.5-д: хийж буй ажлын чанарын гологдол гаргасан тохиолдолд гүйцэтгэгч тал хариуцан гаргасан зардлыг төлнө гэжээ.

 

Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-д “Ажил гүйцэтгэгч гэрээний нөхцөлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш зургаан сарын дотор, хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гаргана. Барилга, байшингийн ийм дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш гурван жилийн дотор гомдлын шаардлага гаргаж болно” гэж, 349.2-т “Хууль буюу гэрээнд баталгаат хугацаа заасан бөгөөд уг хугацааны дотор ажлын дутагдлыг илрүүлсэн бол гомдлын шаардлага гаргах хугацааг дутагдал илрүүлсэн өдрөөс эхлэн тоолно” гэж заасан.

 

Өөрөөр хэлбэл, талууд гэрээгээр ажил хүлээж авснаас хойш 36 сарын хугацааны дотор гомдлын шаардлага гаргах эрхтэй гэж тохиролцсон ба нэхэмжлэгч уг хугацааны дотор гүйцэтгэсэн ажлын доголдолын талаар гомдлын шаардлага гаргасан нь хууль болон гэрээнд нийцсэн байна.

 

Иймд нэхэмжлэгч Д.Т нь хариуцагч С.О-аас ажлын доголдлыг арилгуулахаар шаардах эрхтэй байна.

 

7.Нэхэмжлэгчээс буйдангийн хуучин бүрээсийг авахгүйгээр дээрээс нь давхар бүрснээс болж бүрээс гүйж оёдол нь задарсан гэж, хариуцагч буйдангийн порлон суулт өгсөн, буйдангууд стандарт бус хэмжээтэй учраас бүрээсэнд сул зай үүссэн гэж мэтгэлцэж байна.

 

Хэрэгт нэхэмжлэгч болон хариуцагч нараас буйдангийн талаарх фото зургууд баримтаар гаргаж өгсөн бөгөөд буйдангийн бүрээс оёдолоороо задарсан болох нь харагдаж байх боловч нийт бүрэхээр тохирсон 18 ширхэг буйдангийн хэдэн буйданд ийм доголдол үүссэн болох нь тодорхойгүй.

 

Мөн Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2-т доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэхээр шаардлага гаргах эрхтэй гэж хуульчилсан.

 

Нэхэмжлэгч нь гүйцэтгэсэн ажлын доголдолыг арилгуулахаар хариуцагчаас 900,000 төгрөгийг шаардаж байгаа бөгөөд доголдолыг арилгахад 900,000 төгрөгийн зардал нэхэмжлэгчээс гарсан эсэх нь тогтоогдохгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж заасан ба нэхэмжлэгч уг үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

 

8.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан.

 

Харин талууд ажил гүйцэтгэх гэрээний 6.1-д: гүйцэтгэгч ажлыг хугацаандаа гүйцэтгээгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0.3 хувийн алданги тооцно гэж тохиролцсон нь дээрх хуульд заасан алданги төлөхөөр тохиролцсон гэж үзэхээргүй байна.

 

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж заасан.

 

Тодруулбал, алдангийг хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцохоор хуульд заасан ба ажил гүйцэтгэх гэрээгээр талууд алдангийг хэрхэн тооцох буюу ямар үнийн дүнгээс 0.3 хувиар тооцохоор тохиролцсон эсэх нь тодорхой бус байна.

 

Түүнчлэн талууд буйдангийн бүрээс бүрэх ажлыг 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор хийж гүйцэтгэхээр хугацааг тохирч, 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хариуцагч ажлын үр дүнг хүлээлгэн өгч, нэхэмжлэгч үлдэгдэл хөлсийг төлсөн болох нь зохигчийн тайлбар, ажил гүйцэтгэх гэрээгээр тогтоогдож байх ба нэхэмжлэгч тухайн үед үлдэгдэл ажлын хөлсийг бүрэн төлж, алдангийг суутгаагүй байгаа нь алданги шаардах эрхээс татгалзсан гэж үзэх үндэслэлтэй.

 

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35,222 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 352 дугаар зүйлийн 352.2.2-т заасныг баримтлан Д.Т-гийн хариуцагч С.О-д холбогдуулан гаргасан 1,278,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

 

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35,222 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах

 

 

журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

        

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Б.НОМИН