Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 182/ШШ2017/01885

 

2017 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 182/ШШ2017/01885

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д.У нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* холбогдох

Санхүүгийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, гэрээний дагуу төлсөн урьдчилгаа төлбөр 51,300,000 төгрөг, түрээсийн үндсэн төлбөр 8,404,470 төгрөг, хүүгийн төлбөр 23,618,483 төгрөг, нийт 83,322,953 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тамир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Тэмүүлэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн ******* болон Хас лизинг ХХК нь 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 40000293 дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээг байгуулж, 5 жилийн хугацаанд нийт 254,960,310 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож. Land Cruiser 200 суудлын авто машиныг түрээслэхээр болсон юм. Гэрээ байгуулагдах өдөр буюу 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр ******* би *******-нд гэрээний урьдчилгаа төлбөр болгон 51,300,000.00 төгрөгийг шилжүүлж, түрээслүүлэгчтэй байгуулсан гэрээ, журмыг зөрчихгүйгээр cap бүр тодорхой хэмжээгээр гэрээний үүргээ гүйцэтгэж ирсэн. Өнөөдрийн байдлаар ******* би Хас лизинг ХХК-нд нийт 84,362,069.00 төгрөгийг гэрээний дагуу шилжүүлсэн байдаг.

Гэтэл 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр ******* би Хас лизинг ХХК-нд гэрээний дагуу түрээсийн төлбер төлсөн байхад *******-ийн хүмүүс 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр гэрээний зүйл болох 77-87 УБЗ улсын дугаартай авто машиныг гаражаас надад мэдэгдэлгүй авч явсан байдаг.

Миний хувьд санхүүгийн түрээсийн зүйлийг хураан авах хэмжээний зөрчил болон талуудын хооронд байгуулсан гэрээ, Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 15.1.4-д заасан түрээсийн төлбөрийг 3 удаа дараалан төлөөгүй зэрэг зөрчлийг гаргаж байгаагүй болно.Улмаар Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-д зааснаар үүргийг ялимгүй зөрчсөн тохиолдолд гэрээнээс татгалзаж болохгүй талаар зохицуулсан, талуудын хооронд байгуулсан гэрээг цуцлах үндэслэл бүрдээгүй байхад түрээслүүлэгч нь гэрээнээс үндэслэлгүйгээр, хууль бусаар татгалзсан байдаг.

Тийм учраас ******* би санхүүгийн түрээсийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.6-д заасны дагуу түрээслүүлэгч болох "*******-д холбогдуулан талуудын хооронд байгуулсан Санхүүгийн түрээсийн гзрээг үргэлжлүүлэхийг даалгуулахаар шаардлага гарган шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд энэхүү маргаан эцэслэн дуусаагүй байхад түрээслүүлэгч түрээсийн зүйл болох авто машиныг бусдад түргэн шуурхай худалдан борлуулсан байдаг. Энэ нь шүүхийн маргаан яаж ч шийдвэрлэгдсэн байсан гэрээг цаашид үргэлжлүүлэн хэрэгжих боломжгүй болгосон.

Дээрх нөхцөл байдлаас харахад ******* нь харилцан тохиролцсон тохиролцоогоо биелүүлдэггүй, боломж олдвол ялимгүй зөрчлийг далимдуулж гэрээнээс татгалзсан нэрийдлээр түрээслэгчид мөнгө, авто машины алийг нь ч өгөхгүй хохироох, бусдад түрээслүүлсэн эд зүйлсээ буцаан авч, түүнээс ашиг олдог юм байна гэсэн хардлагыг төрүүлж байна.

Нэхэмжлэгч ******* миний хувьд энэхүү маргааны явцад хариуцагч *******-ай байгуулсан Санхүүгийн түрээсийн гэрээ-г сайн гэгч нь уншиж үзэхэд талуудын хооронд байгуулсан гэрээг аливаа үндслэлээр дуусгавар болгосон тохиолдолд түрээсийн төлбөрийг хэрхэх талаар болон маргаангүйгээр дуусгавар болгохоор харилцан тохиролцсон зүйл тусгагдаагүй байсан байна. Энэ ч утгаараа түрээсийн гэрээтэй холбоотой төлбөрийн маргаан үргэлжилж байна. Иргэний хуулийн 313 дүгаар зүйлийн 313.2, 313.3 дахь зохицуулалтаас харахад Санхүүгийн тууээсийн гэрээнд гэрээ хүгацаанаасаа өмнө дуусгавар болох тохиолдолд гэрээний үнийг төлж дуусах жүрмыг тусгасан байх бөгөөд хэрэв энэхүү журмыг түсгаагүй тохиолдолд гэрээ бүхэлдээ хүчин төгөлдөр бүс байхаар зохицүүлсан байдаг.

Мөн талуудын хооронд байгуулсан Санхүүгийн түрээсийн гэрээний нөхцлүүдийг *******-ийн гүйцэтгэх захирлын 2014 оны 33 дугаар тушаалын 1-р хавсралтаар баталсан стандарт нөхцлүүдтэй байх тул гэрээний нөхцөл нь тухайн саналыг хүлээн авагч талд ашигтайгаар тайлбарлагдах ёстой.

Иймд дээрх үндэслэлээр талуудын хооронд байгуулагдсан Санхүүгийн түрээсийн гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ байх тул талуудын хооронд 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан 40000293 дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, гэрээний дагуу шилжүүлсэн нийт 84,362,069.00 (наян дөрвөн сая гурван зуун жаран хоёр мянга жаран есөн) төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага буюу 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 40000293 дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, 84,362,069 төгрөг гаргуулахыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч тайлбар гаргаж байна.

Хэрэгт авагдсан нотлох баримт буюу 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Хас Лизинг ХХК болон Мөнххада ХХК-ийн хооронд байгуулагдсан 40000293 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ-ний 1.2-т Хас Лизинг нь уг гэрээнд заасан автомашиныг ямар зорилгоор худалдан авч байгааг тодорхой заажээ. Өөрөөр хэлбэл, уг автомашиныг нэхэмжлэгчид Санхүүгийн түрээсээр ашиглуулах зорилгоор худалдан авсан байна. Харин зохигчид Иргэний хуулийн 26 дугаар бүлэг болон Санхүүгийн түрээс /лизинг/-ийн тухай хуулийг удирдлага болгон 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Санхүүгийн түрээсийн гэрээ байгуулсан байна. Үүнээс авч үзвэл зохигчийн хооронд Санхүүгийн түрээсийн харилцаа үүссэн болох нь тодорхой юм. Санхүүгийн түрээсийн гэрээ бол Иргэний хуульд зааснаар бусдын эзэмшил, ашиглалтад эд хөрөнгө шилжүүлэх гэрээний төрөлд хамаардгаараа бусдын өмчлөлд эд хөрөнгө шилжүүлэх гэрээний төрлөөс ялгаатай. Тийм ч учраас Иргэний хуулийн 317 дугаар зүйлийн 317.1 дэх хэсэгт Санхүүгийн түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний талаарх журам үйлчилнэ гэж заасан байдаг.

Зохигчийн хооронд нэгэнт санхүүгийн түрээсийн харилцаа үүссэн тул нэхэмжлэгчээс манай компанид төлсөн мөнгөн хөрөнгө нь түрээсийн төлбөр буюу түрээсийн зүйл болох автомашиныг биет байдлаар эзэмшиж, ашигласны төлбөр бөгөөд үүнийг Иргэний хуулийн 317 дугаар зүйлийн 317.1 дэх хэсэг буюу эд хөрөнгө хөлслөх гэрээний зохицуулалтын үүднээс авч үзвэл хариу төлбөргүй үүрэг юм. Жишээлбэл, бусдын орон сууцыг хөрөнгө хөлслөх гэрээний дагуу эзэмшиж байсан этгээд уг гэрээний харилцаа дуусгавар болоход орон сууцанд амьдарч байсан хугацаанд төлсөн төлбөрөө буцаан шаардах эрхгүйтэй адил юм.

Нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг дараах хоёр үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үүнд:

1. Санхүүгийн түрээсийн гэрээ нь хэлбэрийн хувьд заавал бичгээр хийх хуулийн шаардпагатай. Тийм ч учраас талууд Санхүүгийн түрээсийн гэрээг бичгээр хийсэн тул хэлбэрийн хувьд хуулийн шаардлага хангаж байгаа. Нөгөө талаас, нэхэмжлэгч Иргэний хуулийн 313 дугаар зүйлийн 313.2 дахь хэсгийн зохицуулалтыг санхүүгийн гэрээнд тусгаагүй учир мөн хуулийн 313.3 дахь хэсэгт заасан үр дагавар үүснэ гэж нэхэмжлэлийнхээ шаардлагын эрх зүйн үндэслэлийг тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. Тодруулбал, гэрээний нийт үнийг гэрээний 1.5-д тодорхой тусгасан, түрээсийн төлбөр, түүнийг төлөх журам, хугацааг санхүүгийн түрээсийн гэрээний 1.2.1 буюу Хавсралт 1: Түрээсийн болон даатгалын төлбөрийн хэмжээ, төлөх хугацааг тогтоосон хуваарь-аар туйлын тодорхой зохицуулсан. Харин санхүүгийн түрээсийн гэрээний Зургаа. Түрээслэгч үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүйгээс бий болох үр дагавар хэсэг бүхэлдээ, тэр дотроо гэрээний 6.5-д гэрээ хугацаанаас өмнө дуусгавар болох тохиолдолд гэрээний үнийг хэрхэн төлж дуусах-тай холбоотой харилцааг зохицуулсан. Тийм учраас нэхэмжлэгчийн Санхүүгийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлага нь эрх зүйн үндэслэлгүй.

2. Нэхэмжлэгч санхүүгийн түрээсийн гэрээг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох бүрэн боломжтой. Өөрөөр хэлбэл, санхүүгийн түрээсийн гэрээний хавсралт 1-т түрээсийн төлбөрийн үлдэгдлийг хуваарьт огноо бүрээр харуулсан байгаа бөгөөд нэхэмжлэгч нь түрээсийн төлбөрийн үлдэгдлийг бүрэн төлснөөр гэрээг хугацаанаас өмнө дуусгавар болгох эрх нь нээлттэй, нэхэмжлэгчийн энэхүү эрхийг хязгаарласан зохицуулалт гэрээнд байхгүй. Нөгөө талаас, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.7 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд анз төлөхөөр гэрээнд заагаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч анз шаардах эрхгүй гэж зохицуулсны дагуу нэхэмжлэгч нь түрээсийн төлбөрийг хугацаанаас нь өмнө бүрэн төлснөөр аливаа анз төлөх зохицуулалт санхүүгийн түрээсийн гэрээнд байхгүй тул мөн л үүргээ хугацаанаас нь өмнө бүрэн гүйцэтгэснээр гэрээг хугацаанаас дуусгавар болгох боломжтой.

Нэгэнт гэрээ нь түүнд оролцогч талуудын тохиролцоо учраас талууд хүсэл зоригоо харилцан тэгш эрхтэй илэрхийлэх эрхтэй.

Нэхэмжпэгчийн зүгээс санхүүгийн түрээсийн гэрээний нөхцлийг зөвшөөрч хүсэл зоригоо илэрхийлсэн. Түүнчлэн, санхүүгийн түрээсийн гэрээний нөхцөлтэй танилцаад түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар санал гаргаж байгаагүй. Мөн нэхэмжлэгч өөрчилсөн шаардлагадаа ... гэрээний нөхцөл нь тухайн саналыг хүлээн авагч талд ашигтайгаар тайлбарлагдах ёстой гэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь Иргэний хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсгийн энэхүү зохицуулалтыг гэрээний стандарт нөхцөлийг илэрхийлсэн үг хэллэгийн утга санаа ойлгомжгүй тохиолдолд хэрэглэдэг бөгөөд талуудын байгуулсан санхүүгийн түрээсийн гэрээнд ойлгомжгүй, хоёрдмол болоод салаа утгатай үг хэллэг байхгүй, нэхэмжлэлд ч энэ тухайгаа дурдсангүй. Хэрэгт авагдсан баримт болох нэхэмжлэгч манай компанид хандан гаргасан 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн хүсэлтээр талууд Санхүүгийн түрээсийн гэрээг түрээслүүлэгч буюу Хас Лизинг ХХК-ийн санаачилгаар цуцалсан болохыг хүлээн зөвшөөрч, энэ талаар маргаагүй бөгөөд дахин Санхүүгийн түрээсийн гэрээ байгуулах

Манай компанийн саналыг нэхэмжпэгч хүлээн зөвшөөрсөн байдаг. Нэхэмжлэгч нь уг саналыг хүлээн авахдаа гэрээ байгуулах урьдач нөхцлийг 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн дотор гүйцэтгэхээр хугацаа заасан бөгөөд үүнийг Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.5 дахь хэсгийн зохицуулалтын үүднээс авч үзвэл манай компани энэ хугацаанд гэрээ байгуулах саналаасаа татгалзаагүй.

Түрээсийн зүйлийг түр буцаан авах өдөр буюу 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар төлбөрийн үлдэгдэл 113,355,367 төгрөг байсан.

Нэгэнт манай компани дээрх байдлаар гэрээ байгуулах саналаасаа татгалзах эрхгүй байх хугацаа дууссан учир талуудын хооронд байгуулсан Санхүүгийн түрээсийн гэрээний 6.5-д заасны дагуу түрээсийн зүйл болох автомашиныг бусдад худалдан борлуулах эрх үүссэн. Энэ талаар ч бидний зүгээс нэхэмжлэгчид хүргүүлсэн 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 460 дугаартай албан бичигт тодорхой дурдсан.

Санхүүгийн түрээсийн гэрээний 6.5-д зааснаар талуудын тохиролцсон зүйл бол гэрээг цуцалсан тохиолдолд түрээсийн зүйл болох автомашиныг шүүхийн бус журмаар, үл маргах байдлаар худалдан борлуулж гэрээ цуцалснаас учирсан хохирлыг барагдуулах юм. Тийм ч учраас манай компани 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр буюу гэрээ байгуулах саналаас татгалзах эрхгүй байх хугацаа дууссанаас хойш 10 хоногийн дараа АТЦИНМ ХХК-тай Санхүүгийн түрээсийн гэрээ байгуулж маргааны зүйл болох автомашиныг 112,600,000 төгрөгөөр тооцон уг компанийн ашиглалтад шилжүүлэн АТЦИНМ ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэн 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 112,600,067 төгрөгийг төлсөн тул гэрээний 2.4-т заасны дагуу автомашины өмчлөх эрхийг шилжүүлж манай компани 755,300 төгрөгийн алдагдал хүлээсэн.

Дээрх байдлаас харвал нэхэмжлэгч гэрээний дагуу төлсөн төлбөрийг буцаан шаардах эрхгүй, санхүүгийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох эрх зүйн үндэслэлгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Уранчимэг нь хариуцагч *******-нд холбогдуулан санхүүгийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, гэрээний дагуу төлсөн урьдчилгаа төлбөр 51,300,000 төгрөг, түрээсийн үндсэн төлбөр 8,404,470 төгрөг, хүүгийн төлбөр 23,618,483 төгрөг, нийт 83,322,953 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Анх нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо гэрээ цуцалсан шийдвэрийг хүчингүй болгож, гэрээг цаашид үргэлжлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан боловч 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж маргаан бүхий тээврийн хэрэгсэл нэгэнт гуравдагч этгээдийн өмчлөлд шилжсэн байх тул санхүүгийн түрээсийн гэрээний төлбөрт төлсөн 84,362,069 төгрөгийн хохирлыг арилгуулах болгож, 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр санхүүгийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, нийт 84,362,069 төгрөгийг гаргуулах болгон тус тус өөрчилсөн болно. Гэвч 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн шүүх хурал дээр нэхэмжлэгч тээврийн хэрэгсэлтэй холбогдуулан төлсөн татвар, даатгалын төлбөрийг хасаж 83,807,069 төгрөг болгон нэхэмжлэлийн шаардлагаа бууруулсан байна. /хх-ийн 192 дугаар тал/

Харин хэргийг хянан шийдвэрлэсэн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдааны үеэр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын дүнг дахин бууруулж санхүүгийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох, гэрээний дагуу төлсөн урьдчилгаа төлбөр 51,300,000 төгрөг, түрээсийн үндсэн төлбөр 8,404,470 төгрөг, хүүгийн төлбөр 23,618,483 төгрөг, нийт 83,322,953 төгрөгийг гаргуулах болгон багасгасан болно.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, Хариуцагчтай санхүүгийн түрээсийн гэрээ байгуулсан боловч Иргэний хуулийн 313 дугаар зүйлд заасан холбогдох зохицуулалтыг тус гэрээнд тусгаагүй байх тул хэлцэл хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд хэлцлээр шилжүүлсэн зүйлээ шаардан нэхэмжилж байна. Түүний зэрэгцээ хэлцлийг хүчин төгөлдөр гэж шүүхээс дүгнэвэл хуульд заасан гэрээнээс татгалзах эрх түрээслүүлэгч *******-нд байхгүй болохыг анхаарах шаардлагатай. Учир нь гэрээнээс татгалзахуйц үр дагаварт хүргэхээр хэмжээнд гэрээний үүргийг нэхэмжлэгч зөрчөөгүй гэж тайлбарлаж байна.

Хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ өөр хоорондоо зөрчилтэй байдлаар гаргаж байна. Иргэний хуулийн 313.2-т заасан нөхцлүүдийг гэрээнд бүрэн тусгасан учир гэрээ хүчин төгөлдөр, нөгөөтэйгүүр нэхэмжлэгчийн гаргасан гэрээний үүргийн зөрчлийн улмаас гэрээг цуцласан. Ийнхүү гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсантай холбоотойгоор манай байгууллагад хохирол учирсныг зохих журмын дагуу тооцсон. гэж хариу маргаж байна.

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад тогтоогдсон дараах үйл баримт хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах нь зүйтэй байна. Үүнд:

1. Талуудын хооронд 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр байгуулагдсан гэх санхүүгийн түрээсийн гэрээний зүйл нь 171,000,000 төгрөгийн үндсэн төлбөртэй 7783 УБЗ улсын дугаартай, JTMHVO5J104164131 арлын дугаартай Toyota Land Cruiser 200 маркийн суудлын автомашин болох талаар зохигчид харилцан маргахгүй байна /хх-ийн 66 дугаар тал/. Түүнчлэн тус гэрээг байгуулах үедээ гэрээний зүйлийн үндсэн төлбөрийн 30 хувь буюу 51,300,000 төгрөгийг урьдчилгаа төлбөрт, гэрээ хэрэгжих хугацаанд үндсэн төлбөрийн дүнд 8,404,470 төгрөг, хүүгийн төлбөрт 23,618,483 төгрөгийг тус тус шилжүүлсэн үйл баримт, түрээсийн гэрээний зүйлийн Мөнххада ХХК-аас санхүүгийн түрээсээр *******т шилжүүлэх зорилгоор Хас Лизинг ХХК 171,000,000 төгрөгөөр худалдан авсан үйл баримтын талаар харилцан маргахгүй байна.

Хэрэв талуудын хооронд байгуулсан гэрээний хүчин төгөлдөр байдад нөлөөлөх өөр хүчин зүйл үгүй бол талуудын хооронд Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 312.2, 312.3-т заасан онцлог бүхий санхүүгийн түрээсийн гэрээ байгуулагдсан байх боломжтой байна.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлохдоо талуудын хооронд байгуулсан санхүүгийн түрээсийн гэрээ Иргэний хуулийн 313 дугаар зүйлийн 313.2-т заасан нөхцлийг бүрэн тусгаагүй тул хүчин төгөлдөр бус гэж маргаж байх боловч нөгөө талаар гэрээ хүчин төгөлдөр гэж шүүхээс дүгнэвэл гэрээг нэг талын санаачилгаар цуцалсан, эсхүл гэрээнээс татгалзсан түрээслүүлэгчийн үйлдэл хууль бус гэж үзэж байгаагаа давхар илэрхийлж байна. Өөрөөр хэлбэл ийнхүү түрээслүүлэгч гэрээг хууль бусаар дуусгавар болгосны улмаас түрээслэгчид учирсан хохирол нь түүний түрээслүүлэгчид төлсөн урьдчилгаа төлбөр, үндсэн төлбөр, хүүгийн төлбөрөөс бүрдэх юм гэж тайлбарлаж байна.

Хэдийгээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөр хоорондоо харилцан зөрчилтэй байдлаар тодорхойлж буй хэдий ч түүний ийнхүү мэтгэлцэж байгааг процессын эрх зүйн үүднээс хууль зөрчсөн гэж буруутгах боломжгүй. Түүнчлэн аль нэг талын санаачилгаар гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах хууль зүйн үндэслэл байсан эсэхийг тодорхойлохын өмнө шүүх зүй ёсоор гэрээ хүчин төгөлдөр эсэхэд дүгнэлт өгнө. Тодруулбал, гагцхүү хүчин төгөлдөр гэрээнд л гэрээнээс татгалзах, цуцлах асуудал яригдах боломжтой.

3. Шүүх талуудын хооронд байгуулсан санхүүгийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзлээ. Тодруулбал, зохигчдын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 313 дугаар зүйлийн 313.2-т заасан ... гэрээ хугацаанаас өмнө дуусгавар болох тохиолдолд гэрээний үнийг төлж дуусах журмыг заана. гэж, 313.3-т Энэ зүйлд заасан журмыг зөрчсөн санхүүгийн түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж тус тус заажээ.

Зохигчдын хооронд байгуулсан гэх санхүүгийн түрээсийн гэрээний хувьд түрээсийн гэрээний зүйлийг эцэст нь түрээслэгчийн өмчлөлд шилжүүлэх зорилго агуулсан байна. Энэ тохиолдолд Иргэний хуулийн 313 дугаар зүйлийн 313.2-т заасан гэрээ хугацаанаасаа өмнө дуусгавар болсон тохиолдолд гэрээний үнийг хэрхэн тодорхойлж талуудын хооронд бий болсон харилцаа, үр дагаврыг зохицуулах тухай тохиролцоо хэлцлийн нэн чухал хэсэг байх болно.

Маргаан бүхий тохиолдолд түрээслүүлэгч нь түрээслэгч гэрээнд заасан үүргээ зөрчсөн гэх үндэслэлээр гэрээ байгуулснаас хойш 11 сарын дараа автомашиныг түрээслэгчийн эзэмшлээс буцаан авч, улмаар гэрээг цуцлан, түрээсийн зүйлийг АТЦИНМ ХХК-нд худалдан борлуулсан байдаг. Хариуцагч ийнхүү гэрээг хугацаанаас нь өмнө дуусгавар болгосноос хойш нэхэмжлэгчийн урьдчилгаа төлбөр, үндсэн төлбөр, хүүгийн нийлбэр нийт 83,322,953 төгрөгийг гэрээ байгуулснаас хойш машиныг эзэмшиж ашигласны төлбөр гэж үзэн өөртөө үлдээсэн болохыг шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа дурдсан байна. Түүнчлэн гэрээний зүйл автомашиныг гуравдагч этгээдэд захиран зарцуулсны орлого 112,600,067 төгрөгийг өөрт учирсан хохиролд суутган тооцож авчээ. /Зохигчдын тайлбар, шүүх хуралдааны тэмдэглэлүүд/

Хариуцагч хариу тайлбартаа ...Түрээсийн зүйлийг түр буцаан авах өдөр буюу 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар төлбөрийн үлдэгдэл 113,355,367 төгрөг байсан. ... АТЦИНМ ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэн 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 112,600,067 төгрөгийг төлсөн тул гэрээний 2.4-т заасны дагуу автомашины өмчлөх эрхийг шилжүүлж манай компани 755,300 төгрөгийн алдагдал хүлээсэн. гэжээ /хх-ийн 182 дугаар тал/.

Хариуцагч өөрт учирсан хохирлоо 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн байдлаарх төлбөрийн үлдэгдлээр тооцсон мэт ойлголт түүний шүүхэд бичгээр гаргасан тайлбараас харагдаж буй боловч уг дүнг хэрхэн тооцоолон 113,355,367 төгрөг гаргасан нь тодорхойгүй байна. Ингээд хариуцагч уг хохирлын ихэнх хэсгийг автомашиныг бусдад худалдах замаар арилгасан гэж тайлбарлаж байна. Түүний зэрэгцээ урьдчилгаа төлбөрт төлсөн 51,300,000 төгрөг, түрээсийн үндсэн төлбөр 8,404,470 төгрөг, хүүгийн төлбөр 23,618,483 төгрөг, нийт 83,322,953 төгрөгийг нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлэх замаар түүнд төлсөн төлбөр тул зүй ёсны орлого гэж үзэж байна.

Харин нэхэмжлэгч нь хариуцагч өөрт учирсан хохирлоо буюу шаардлагын хэмжээгээ яаж тогтоож байгаа нь ойлгогдохгүй байна гэж мэтгэлцэж байгаа.

Түрээслүүлэгч өөрт учирсан хохирол буюу шаардлагын хэмжээг хэрхэн тооцоолсон тухай үйл баримт нь гэрээ хүчин төгөлдөр эсэхэд нөлөөлөхүйц бөгөөд хэрэгт ач холбогдол бүхий гэж шүүх үзлээ.

Хариуцагч санхүүгийн түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бөгөөд Иргэний хуулийн 313 дугаар зүйлийн 313.2-т заасан ...гэрээ хугацаанаас өмнө дуусгавар болох тохиолдолд гэрээний үнийг төлж дуусах журмыг заана. гэсэн нөхцлийг гэрээнд дэлгэрүүлэн тусгасан талаар тайлбарлахдаа Иргэний хуулийн 315 дугаар зүйл болон талуудын хооронд байгуулсан гэрээний Түрээслүүлэгч үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүйгээс бий болох үр дагавар гэсэн зургаадугаар зүйлийн 6.5-ийг тус тус иш үндэс болгож байна. Гэрээний 6.5-д Энэхүү гэрээний 6.4-т заасан үүргийн зөрчлийг түрээслэгч ердийн боломжит хугацаанд арилгаагүй тохиолдолд түрээслүүлэгч дангаараа түрээсийн гэрээг шууд цуцалж түрээсийн зүйл болон барьцааны зүйлийг шүүхийн бус журмаар, үл маргах байдлаар худалдан борлуулж гэрээ цуцалснаас учирсан хохирлыг нөхөн төлүүлнэ. Түрээсийн зүйл болон барьцааны эд хөрөнгө нь хохирлыг бүрэн барагдуулахад хүрэлцэхгүй бол түрээслэгч бусад эд хөрөнгөөрөө хохирол барагдуулна. гэжээ.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 6.5 дахь заалт нь гэрээг цуцалснаар түрээслүүлэгчид учирсан хохирлыг төлөхийг түрээслэгчид үүрэг болгон Иргэний хуулийн ерөнхий ангийн холбогдох заалтыг давтсан шинжтэй хэдий ч гэрээг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох тохиолдолд нэгэнт төлчихсөн гэрээний үнэ, ирээдүйд төлөх байсан үнэ зэргийг уялдуулан гэм буруугүй талд учрах хохирлыг хэрхэн тооцох талаар нарийвчилсан зохицуулалт болж чадаагүй байна. Гэтэл Иргэний хуулийн 315 дугаар зүйлийн 315.1-д Түрээслэгчийн гэм буруугаар санхүүгийн түрээсийн гэрээ хугацаанаасаа өмнө дуусгавар болох тохиолдолд түрээслүүлэгчээс тавих шаардлагын хэмжээг тодорхойлохдоо түрээсэлсэн эд юмсын элэгдлийг тооцсон үнэ, төлөгдөөгүй төлбөр болон хэмнэгдсэн бусад зардлыг харгалзан үзнэ гэж заажээ. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн энэ заалтыг хэрхэн хэрэглэх талаар талуудын хооронд нарийвчилсан тохиролцоо санхүүгийн түрээсийн гэрээнд тусгагдах шаардлагатай байжээ.

Хариуцагч ******* өөрийн хохирлыг 113,355,367 төгрөг гэж тодорхойлохдоо 11 сар хэрэглэсэн машины ердийн элэгдэл, хорогдол, машиныг хүлээж авах үеийн бодит нөхцөл байдал буюу механик эвдрэл гэмтэл, түрээслэгчийн нэгэнт жилээр нь төлсөн гэх даатгалын болон татварын зардал зэрэг хэмнэгдэж болох бусад зардал, урьдчилан төлсөн 51,300,000 төгрөгийг хохиролтой хэрхэн уялдуулан тооцсон нь ойлгомжгүй байна. Тодруулбал, 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр анх шинээр худалдаж авахад 171,000,000 төгрөгөөр үнэлэгдэж байсан машин юуны учир ямар үндэслэлээр 11 сарын дараа 112,600,067 төгрөгөөр үнэлэгдэж үнэлгээ нь 50 орчим сая төгрөгөөр буурах болсон шалтгаан нь тодорхойгүй байна. Зүй нь энэхүү үнэлгээг тогтоосон арга механизм нь эргээд түрээслэгчийн түрээслүүлэгчид учруулсан гэх хохирлыг барагдуулахад чухал хүчин зүйл болох юм. Түрээслэгчийн гэм буруугийн улмаас түрээслүүлэгчид учирсан хохирлын хэмжээ нь гэрээ цуцлагдах үеийн түрээсийн зүйлийн үнэлгээ, шинж байдлаас ихээхэн шалтгаалах бөгөөд улмаар тэрхүү үнэлгээ нь уг эд хөрөнгийг цааш худалдан борлуулахад суурь болж, эргээд түрээслэгчээс түрээслүүлэгчид учирсан хохирлоо төлөхөд оруулан тооцох дүн болох учиртай юм.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 6 дугаар зүйл нь түрээсийн зүйлийн элэгдэл хорогдол, бусад зардал, тухайн үеийн чанар байдал, түрээслүүлэгчийн шаардлагын хэмжээ буюу түүнд учирсан гэх хохирлыг тогтооход яаж нөлөөлөхөөр байгаад хариулт өгч чадахгүй байна. Түүнчлэн машины элэгдэл хорогдол, чанар байдал, зах зээлийн үнэлгээг хэрхэн тооцоолж, зах зээлийн үнэлгээг 112,600,067 төгрөгөөр тогтоосон талаар аливаа баримт хэрэгт авагдаагүй байна.

Иймд Иргэний хуулийн 313 дугаар зүйлийн 313.2, 313.3-т заасны дагуу талуудын хооронд байгуулсан Санхүүгийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасны дагуу хариуцагчаас урьдчилгаа төлбөр 51,300,000 төгрөг, түрээсийн үндсэн төлбөр 8,404,470 төгрөг, хүүгийн төлбөр 23,618,483 төгрөг, нийт 83,322,953 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна. Хариуцагч хүчин төгөлдөр бус санхүүгийн түрээсийн гэрээний дагуу түрээсийн зүйлийг нэхэмжлэгч бодитой хэрэглэж эзэмшсэн тодорхой хугацаанд холбогдох асуудлаар тус хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд аливаа сөрөг шаардлага гаргаагүй болохыг дурдаж байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээ улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,432,752 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 574,565 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Иргэний хуулийн 313 дугаар зүйлийн 313.2, 313.3-т заасны дагуу талуудын хооронд байгуулсан Санхүүгийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасны дагуу хариуцагч *******-аас 83,322,953 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Уранчимэгт олгосугай.

 

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээ улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,432,752 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 574,565 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.

 

4.  Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

5.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРМАА