Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 135/ШШ2016/00569

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
 
 

Хэргийн индекс:135/2016/00373/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь даргалж,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *** дугаар баг, *** дугаар байр *** тоотод оршин суух *** овгийн *** /РД: ***, утас: ***/
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *** дугаар баг, *** дугаар гудамж *** тоотод оршин суух *** овгийн *** /РД: ***, утас: ***/-д холбогдох
840,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч ***, хариуцагч ***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа нар оролцов.
 
ТОДОРХОЙЛОХ нь:
 
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие *** нь ***д зээлийн гэрээ хийлгүйгээр 3,000,000 төгрөг 50 хоногийн хугацаатай 3,600,000 болгож өгнө гэж аман гэрээ байгуулж өгсөн. Шалтгаан нь миний хажууд суудаг хуурай эгч болох *** нь миний хамаатан болох хүн байгаа юм эгч нь амьд гэрч болно, хугацаа хэтрүүлэлгүй хүүтэй нь хамт өгүүлнэ гэж хэлсэн. Тийм учраас нотариатын гэрээ байгуулаагүй итгэж мөнгө зээлүүлсэн. Би нөхрөө Солонгос явуулах гэж цуглуулж байсан мөнгөө зээлүүлсэн болно. Анх 2015 оны 08 сарын 30-нд мөнгөө зээлүүлсэн. Нэг удаа ч хүү өгөөгүй, 2 удаа гэрт нь очиж 2015 оны хүү болох 700,000 төгрөг өгөөч гэхэд 2015 оны 11 сарын 30-нд өгнө гэж хэлсэн. Дараа нь эвлэрүүлэн зуучлах товчоогоор орсон, дуудсан цагт ирээгүй. Одоо ***аас 840,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
 
Хариуцагч *** шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие ***аас 3 сая төгрөг зээлж авсан. Зээлэхдээ бид бичгээр зээлийн гэрээ байгуулаагүй, би уг мөнгийг буцааж өгөхдөө 2,620,000 төгрөгийг дансаар 600,000 төгрөгийг бэлнээр өгсөн ба үүний дээр 55,000 төгрөгийн үнэ бүхий спорт загварын үүргэвч, 35,000 төгрөгийн цүнх өгсөн. Ингээд нийт 3,310,000 төгрөг болгож өөрийн чадах чинээгээрээ буцаан өгсөн.
Иймд надад одоо ***д төлөх төлбөр байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
 
Нэхэмжлэгч *** нь хариуцагч ***аас 840,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасаныг дараахь үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлдүүлэгч нэхэмжлэгч *** нь зээлдэгч хариуцагч ***ын өмчлөлд 3 000 000 төгрөг шижлүүлэх үүргээ биелүүлсэн бөгөөд хариуцагч *** нь шижлүүлэн авсан мөнгө болох 3 310 000 төгрөгийг эргүүлэн өгсөн талууд энэ талаар маргаангүй бөгөөд мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар мөнгийг шилжүүлсэн тул гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
Нэхэмжлэгч *** хариуцагч ***ыг зээлийн гэрээний хугацаанд буюу 50 хоногт мөнгөө эргүүлэн төлөөгүйгээс хүү бодсон, үлдэгдэл 840 000 төгрөгийг гаргуулна гэж тайлбарлаж байгаа боловч Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ, энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана ... гэж хуульчилсаны дагуу зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул хүү шаардах эрхгүй, зээлдэгч хариуцагч ***ын өмчлөлд шилжүүлэн өгсөн 3 000 000 төгрөгийг буцаан авсан тул зээлийн үлдэгдэл төлбөр гэж шаардах эрхгүй бөгөөд хариуцагч ***ын ... нийт 3,310,000 төгрөг болгож өөрийн чадах чинээгээрээ буцаан өгсөн. Иймд надад одоо ***д төлөх төлбөр байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна ... гэсэн татгалзал үндэслэлтэй байна.
 
Иймд хариуцагч ***аас 840 000 төгөрг гаргуулах тухай нэхэмжлэгч ***ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
 
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106, 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар ***ын нэхэмжлэлтэй ***д холбогдох 840 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
 
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч ***аас 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр ******* банк төрийн сан 190 000 941 тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж 24,710 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
 
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
 
 
 
 
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ