Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 181/ШШ2022/03095

 

 

 

 

 

2022 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 181/ШШ2022/03095

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: .............байранд байрлах, Б.Бш ХХК /Регистрийн дугаар:/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ......... байрлах, МУЗГт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Түрээсийн гэрээний үүрэгт 307.515.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б.Бш ХХК нь МУЗГт холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 307.515.000 төгрөг гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Б.Бш ХХК 2013 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн түрээсийн гэрээгээр Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайвны өргөн чөлөө 15А хаягт байрлах 1.232 мкв өөрийн өмчлөлийн 5 давхар байрны тодорхой хэсгийг Сайншанд АҮЦ ХХК /нэр өөрчлөгдөж АҮЦ ТӨХК болсон/-д түрээсэлсэн бөгөөд түрээсийн үлдэгдэл төлбөрийг төлөөгүй. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, татан буулгах комисст төлбөр барагдуулах хүсэлтийг удаа дараа гаргахад түрээсийн төлбөрийг төлж барагдуулаагүй аль алин нь түрээсийн төлбөрийг төлөхөөс татгалзсан. Анх цогцолбор бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх, үйл ажиллагааг хариуцан зохион байгуулах үндсэн зорилго бүхий төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийг 2012 оны 9 дүгээр сард байгуулсан байдаг. Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 76 дугаар тогтоолоор Сайншанд АҮЦын бүтээн байгуулалтыг эхлүүлэх чиглэл өгсөн. Мөн Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 9 тоот тогтоолоор АҮЦ" ТӨХК-г татан буулгахаар шийдвэрлэж, комисс байгуулагдсан. Төрийн өмчийн хорооны 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн А-1/467 тоот албан тоотыг хүлээн авч удаа дараа хүсэлт гаргасны эцэст 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын тушаалаар батлагдсан комисс дээрх компанийн хөрөнгүүдийг тоолж хүлээлцэн, түрээсийн байрыг суллаж, энэ өдөр Б.Бш ХХК-д хүлээлгэн өгсөн тул энэхүү 5 дугаар сар хүртэлх төлбөрийг нэхэмжилж байна. Хөрөнгө хүлээн авснаас хойш Төрйн өмчийн бодлого зохицуулалтын газраас хөрөнгийн дуудлага худалдаа, борлуулалт, өр авлага барагдуулах талаар мэдээллээр хангах тухай, 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн ББ/103 тоотоор төлбөрийг нэхэмжлэхэд хариу ирүүлээгүй, 2021 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн А-4/1229 тоотоор төлбөр төлөх боломжгүй гэсэн хариуг татан буулгах комиссоос ирүүлсэн тул анх татан буулгах комиссыг томилсон Засгийн газрыг хариуцагчаар ийнхүү шүүхэд хандахаас өөр аргагүй байдалд хүрлээ.

Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д Хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна гэж заасны дагуу нэхэмжилж байгаа. АҮЦ-ыг Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор байгуулж, татан буулгасан, 100 хувийн төрийн өмчийн компани. Хэрэгт авагдсан компанийн дүрэмд хувьцаа эзэмшигч нь Засгийн газрыг төлөөлж Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар гэж тусгагдснаас үзвэл Засгийн газар өөрөө хувьцаа эзэмшигч гэдэг нь харагдаж байна. Анх Сайншанд АҮЦ ХХК-тай 2013 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр түрээсийн гэрээг байгуулж, гэрээний дагуу 2013 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 501 тоотын 130 мкв 3 өрөөг нэг метр квадрат тутамд 35.000 төгрөгөөр тооцож нэг сард 4.550.000 төгрөгөөр түрээслэсэн. Түүнчлэн 2013 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн нэмэлт гэрээгээр 2013 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 502 тоотын 86 мкв 4 өрөөг адил нөхцлөөр тооцож нэг сард 7.560.000 төгрөгөөр, дараа нь 2013 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 203 тоотын 40 мкв 1 өрөөг нэг мкв тутамд 35.000 төгрөгөөр тооцож нэмж түрээслэснээр нэг сарын түрээсийн төлбөр нийт 8.960.000 төгрөг болсон. 2014 оны 3 дугаар сарын 01-нийг хүртэл дээрх гэрээний дагуу төлбөл зохих төлбөрийг түрээслэгч тал тухай бүрд нь төлсөн. 2014 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс хойш түрээсийн төлбөрийг төлөөгүй бөгөөд Б.Бш ХХК удаа дараа төлбөрийг төлж барагдуулах тухай хүсэлтийг гаргахад түрээсийн зардал нь 2014 оны төсөвт тусгагдаагүй гэх шалтгаанаар түрээсийн төлбөр төлөх хугацааг хойшлуулах хүсэлтийг гаргаж байсан. 2014 онд 202 тоот өрөөг дараа нь 502 тоот өрөөг буцаан өгөх хүсэлт гаргаснаар 2014 оны 6 дугаар сараас нэг сарын төлбөр 4.550.000 төгрөгөөр тооцсон. 2015 оны 4 дүгээр сараас үлдээсэн барааг 501 тоотын гурван өрөөний нэг 77 мкв талбайд хурааснаар энэ хугацаанаас хойш төлбөр нэг сард 2.695.000 төгрөгөөр тооцогдож эхэлсэн. Түрээсийн төлбөр тооцоог 2014 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар 58.170.000 төгрөгөөр, 2015 оны 3 дугаар сарын 31-ний байдлаар 71.820.000 төгрөгөөр, 2015 оны 4 дүгээр сарыг дуустал 74.515.000 төгрөгөөр тус тус тооцоо нийлсэн акт үйлдэж баталгаажуулсан бөгөөд 2017 оны 4 дүгээр сарын 01-нийг хүртэл 136.500.000 төгрөгийн түрээсийн авлага хуримтлагдсан. Энэхүү түрээсийн төлбөрийг 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл буюу татан буулгах комисс өрөөг суллаж авах хүртэлх хугацаагаар тооцоход 77 м.кв өрөөний төлбөр 1 сарын 2.695.000 төгрөг, нийт төлбөл зохих төлбөр 207.515.000 төгрөг байна. Б.Бш ХХК нь 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн ББ/47 тоот албан бичгээр түрээсийн гэрээний үүргийн зөрчлийн талаар, гэрээний 2.4-т заасны дагуу 6.671.400 төгрөгний алданги нэхэмжлэх тухай, 2015 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн ББ/14 тоот албан бичгээр 2015 оны 4 дүгээр сараас хүлээлгэн өгөөгүй өрөөний төлбөр сар тутамд 2.695.000 төгрөгөөр тооцогдох тухай, өр төлбөрөө барагдуулах тухай, байрыг бүрмөсөн суллаж өгөх тухай, 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн ББ/24 албан тоотоор тооцоо нийлж баталгаажсан дүнгээр Б.Бш ХХК-ийн татварын өрөнд суутган тооцуулах тухай хүсэлт гаргасан, 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн ББ/20 албан тоотоор н.Равдандаш дарга "түрээсийн тооцоог барагдуулах арга замуудын тухай, түрээсийн байрыг суллахыг мэдэгдсэн, 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн ББ/27 албан тоотоор Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт хандаж, түрээсийн өр төлбөрийг барагдуулахад хамтран ажиллах туслалцааг тус компанид, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, татан буулгах комисст удаа дараагийн бичгээр, биечлэн уулзах болон утсаар түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөрийг удаа дараа нэхэмжилсэн боловч үр дүнд хүрээгүй. Иймд Монгол Улсын засгийн газраас АҮЦ ТӨХК-ийн түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр болох 207.515.000 төгрөг, гэрээний 2.4-т төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд алданги тооцох бөгөөд хэтэрсэн хоног тутамд төлбөл зохих дүнгийн 0,5 хувьтай тэнцэнэ гэж зааснаар алданги 100.000.000 төгрөг, нийт 307.515.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Нэхэмжлэлд үндсэн төлбөрийг 194.040.000 төгрөг гэж алдаатай бичсэн байна гэв.

 

2.Хариуцагч МУЗГ нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр маргаж байна. Үүнд: Нэхэмжлэгч Б.Бш ХХК Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас дээрх мөнгийг гаргуулахаар нэхэмжилж байсан бөгөөд 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 101/Ш32021/08206 дугаар шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3, 65.1.10-т заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Шүүгчийн захирамж хүчин төгөлдөр болсон. Шүүгчийн захирамжаар татан буулгах комисс ажиллаж байгаа, шүүхээс гадуур тухайн комисст хандаж шийдвэрлүүлэх боломжтой гэж үзсэн.

Иргэний хуулийн 32 дугаар зүйл, Компанийн тухай хуульд татан буулгах комиссын хийх ажил, ингэхдээ төлбөр барагдуулах дарааллыг зааж өгсөн, түүний дагуу ажиллагааг явуулна. Өнөөдрийн байдлаар татан буулгах комисс ажилласан хэвээр байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шийдвэр, хэргийг хэрэгсэхгүй болгосон ... шүүгчийн захирамж байгаа үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Монгол улсын Засгийн газрын тухайд нэхэмжлэгчтэй гэрээ байгуулаагүй, эрх зүйн харилцаанд ороогүй болно. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар заасан эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 9 дүгээр тогтоолоор АҮЦ ТӨХК-г татан буулгахаар шийдвэрлэж, татан буулгах комиссыг байгуулсан. Мөн хэрэгт авагдсан баримтаар татан буугдсан хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар болохоос МУЗГ биш. Мөн төр 34 хувийн хувьцаа эзэмшигч болно. Үүнээс гадна нэхэмжлэгч хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн эсэхэд дүгнэлт өгөх шаардлагатай. Иргэний хуульд зааснаар гэрээний үүргийн биелэлт шаардах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар заасан. Нэхэмжлэгч 2013 оноос хойш өнөөг хүртэл гэрээний үүргийг шаардаж байсан эсэх, хугацаа хэтрүүлсэн эсэхийг харгалзах ёстой. Түүнчлэн Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй гэдгээ нэхэмжлэгч зөвшөөрч байх тул хэлцэл анхнаасаа хүчин төгөлдөр бус болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: 2013 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн ажлын байрны түрээсийн гэрээ, ажлын байрны түрээсийн гэрээний нэмэлт-1 гэрээ, тооцооны үлдэгдлийн баталгаа, түрээсийн тооцоолол, Сайншанд АҮЦ ТӨХК-ийн 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 1/06 дугаар мэдэгдэл, Сайншанд АҮЦ ТӨХК-ийн 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 1/38 дугаар хүсэлт, 2014 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 1/92 дугаар хүсэлт, 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 1/136 дугаар хүсэлт, 2014 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 1/179 тоот хүсэлт, Б.Бш ХХК-ийн 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн ББ/43 дугаар албан бичиг, Сайншанд АҮЦ ТӨХК-ийн Төрийн өмчийн хороонд хүргүүлсэн 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 1/201 дугаар дэмжлэг хүсэх тухай албан бичиг, Сайншанд АҮЦ ТӨХК-иас Б.Бш ХХК-д хүргүүлсэн 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1/202 дугаар албан бичиг, 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1/233 дугаар мэдээлэл хүргүүлэх тухай албан бичиг, Б.Бш ХХК-ийн 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн ББ/47 дугаар албан бичиг, Сайншанд АҮЦ ТӨХК-ийн 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 1/20 дугаар ажлын байрыг суллаж өгөх тухай албан бичиг, Сайншанд АҮЦ ТӨХК-ийн Төрийн өмчийн хороонд хүргүүлсэн 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 1/37 дугаар асуудлыг шийдвэрлэж өгөх тухай албан бичиг, Б.Бш ХХК-ийн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт хүргүүлсэн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн ББ/27 дугаар албан бичиг, Б.Бш ХХК-ийн Сайншанд АҮЦ ТӨХК-д хүргүүлсэн 2015 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн ББ/14 дугаар албан бичиг, 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн ББ/23 дугаар албан бичиг, 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн ББ/24 дугаар албан бичиг, 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн ББ/28 дугаар албан бичиг, 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн ББ/20 дугаар албан бичиг, Б.Бш ХХК-ийн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт хүргүүлсэн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн ББ/65 дугаар албан бичиг, 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн ББ/65 дугаар албан бичиг, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1/803 дугаар албан тоот, Б.Бш ХХК-ийн Татварын ерөнхий газарт гаргасан 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн ББ/15 дугаар албан бичиг, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 9 дүгээр тогтоол, Хөрөнгө хүлээлцсэн тухай акт, түүний хавсралт, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн А-1/467 тоот хариу, 2021 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн А-4/1229 дүгээр хариу, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн А/225 дугаар ажлын хэсэг байгуулах тухай тушаал, Б.Бш ХХК-ийн 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн ББ/25 дугаар албан бичиг, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, төлөөлөгчид эрх олгосон итгэмжлэл, Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 76 дугаар тогтоол, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэргийг ирүүлжээ. /1хх 6-55, 87/

Хариуцагчаас нотлох баримтаар: Төлөөлөгчид эрх олгосон итгэмжлэл, Б.Бш ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн хэригйг хэрэгсэхгүй болгох тухай 101/ШЗ2021/08206 дугаар шүүгчийн захирамж, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн А-1/1437 дугаар албан тоот, 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/36 татан буулгах комисс байгуулах тушаал, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн А-1/1906 дугаар албан тоот зэргийг баримтаар ирүүлжээ. /1хх 60-61, 64-73, 2хх 9-12, 27-30/

Шүүхийн журмаар: нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүгчийн захирамжаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 10/5921 дүгээр албан тоот хариу, түүний хавсралтаар АҮЦ-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа, хувийн хэрэг, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 3/1276 дугаар албан тоот, түүний хавсралтаар Сайншанд АҮЦ-ийн санхүүгийн тайланг баримтаар бүрдүүлжээ. /1хх 99-248, 2хх 9-12/

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

2.Нэхэмжлэгч Б.Бш ХХК нь МУЗГт холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 307.515.000 төгрөг гаргуулахаар шаардсан.

Шаардах эрхийн үндэслэлээ: хариуцагч Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Сайншанд АҮЦ-ийг үүсгэн байгуулж, татан буулгасан, татан буугдсан хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч тул Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д зааснаар хувьцаа эзэмшигчийн хувиар өр төлбөрийг төлөх үүрэгтэй гэж тайлбарласан.

3.Хариуцагч татгалзлын үндэслэлээ: хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хуулийн этгээдийг үүсгэн байгуулж, татан буулгасан, түүнчлэн татан буулгах комисс ажилласан хэвээр байгаа, хувьцаа эзэмшигч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар тул компанийн өрийг Засгийн газар хариуцах үндэслэлгүй, түүнээс гадна гэрээ анхнаасаа улсын бүртгэлд бүртгэгдээгүй тул хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж тайлбарласан. Мөн нэхэмжлэгч хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн, хүчин төгөлдөр шүүгчийн захирамжтай гэж тайлбарласан.

4.Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдсон. Үүнд:

4.1.Нэг талаас Б.Бш ХХК, нөгөө талаас Сайншанд АҮЦ ХХК нар 2013 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр харилцан тохиролцож, Түрээслүүлэгч нь өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 1-р хороонд байрлах барилгын 501 тоот 3 өрөө 130 мкв талбайг албан конторын зориулалтаар түрээслэгчийн эзэмшил ашиглалтад шилжүүлэхээр, Түрээслэгч нэг мкв талбайг 35.000 төгрөгөөр тооцож төлбөр төлөхөөр тохирч нэг жилийн хугацаагаар Ажлын байрны түрээсийн гэрээ-г, дахин 502 тоот 86 мкв талбайг 2013 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс нэмж адил нөхцлөөр түрээслэхээр нэмэлт 1 тоот гэрээг байгуулжээ. /1хх 6-11, 49/

4.2.Дээрх хоёр байгууллагын 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг дуусталх хугацааны өр авлагыг тулгаж Сайншанд АҮЦ ХК нэхэмжлэгчид 74.515.000 төгрөгийн өртэй гарсныг баталгаажуулж, тооцоо нийлсэн акт үйлджээ. /1хх 12, 13/

4.3.Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 76 дугаар тогтоолоор Сайншанд АҮЦ-ын бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр, харин Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Төрийн өмчит зарим хуулийн этгээдийг татан буулгах тухай 9 дүгээр тогтоолоор АҮЦ ТӨХК-г татан буулгахаар шийдвэрлэсэн, улмаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/36 дугаар тушаалаар татан буулгах комисс байгуулагдсан, тус комиссын үйл ажиллагаа 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар үргэлжилж байгаа болох нь хэрэгт авагдсан тогтоол, тушаал, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын шүүхэд ирүүлсэн тодорхойлолт зэргээр тогтоогдсон. /1хх 37, 38, 54, 55, 187, 2хх 27-30/

5.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШЗ2021/08206 дугаар шүүгчийн захирамжаар Б.Бш ХХК-ийн нэхэмжлэлтэй Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт холбогдох 307.515.000 төгрөг гаргуулах тухай хэргийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3, 65.1.10-д заасныг баримтлан хэрэгсэхгүй болгожээ. Дээрх шүүгчийн захирамжид АҮЦ ТӨХК-г татан буулгах комисст нэхэмжлэгч Б.Бш ХХК өргөдөл гаргаагүй буюу шүүхээс гадуур маргааныг урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг хэрэглэх боломжтой, мөн маргаантай эрх үүрэг эрх залгамжлагчид шилжээгүй үндэслэл заажээ. /1хх 69-74/

Нэхэмжлэгч Б.Бш ХХК-иас татан буулгах ажиллагааг хэрэгжүүлж байгаа Төрийн өмчийн бодлого зохицуулах газрын татан буулгах комисст хандсныг 2021 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн А-4/1229 дүгээр албан бичгээр хууль шүүхийн байгууллагаар шийдвэрлэгдээгүй байгаа, компани ширээ сандал принтер зэргээс өөр өөрийн хөрөнгөгүй тул шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг өгсөн байна. /1хх 47/

Иймд хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид дурдсан нөхцөл арилаагүй, маргаантай эрх үүрэг шилжээгүй хэвээр байгаа, татан буулгах комисс асуудлыг шийдвэрлэх ёстой тухай хариуцагчийн татгалзал үндэслэлгүй гэж үзнэ. Нөгөөтэйгүүр нэхэмжлэгчээс Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт холбогдуулан шаардсныг шүүх хэргийг хэрэгсэхгүй болгосон, харин энэ нэхэмжлэлээр Монгол Улсын засгийн газрыг хариуцагчаар тодорхойлсон тул хүчин төгөлдөр шүүгчийн захирамжтай гэж үзэхгүй.

6.Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна гэж заажээ.

Зохигчид татан буугдсан АҮЦ ТӨХК-ийн хувьцаа эзэмшигч МУЗГ мөн эсэх, компанийн тухай хуулийн дээрх зохицуулалтын дагуу өрийг хариуцах эсэхэд тус тус маргасан. Түүнээс гадна 34 хувиар эсхүл 100 хувиар хариуцах эсэхэд маргаж байна.

Хэрэгт авагдсан хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаагаар 5638143 регистртэй тус хуулийн этгээд анх Сайншанд АҮЦ ХХК нэртэйгээр Төрийн өмчийн хорооны даргын 2012 оны 204 дүгээр тушаалаар үүсгэн байгуулж, компанийн дүрмийг нэг бүрийн нэг төгрөгийн үнэтэй 1.000.000 ширхэг энгийн хувьцаатай, 100 хувь төрийн өмчит компани байхаар баталж, улмаар 2012 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдэж байжээ.

Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 76 дугаар тогтоолоор Сайншанд АҮЦын бүтээн байгуулалтыг эхлүүлэх, компанийн хэлбэрийг өөрчлөн байгуулахаар шийдвэрлэсний дагуу Төрийн өмчийн хорооны 2013 оны 107 дугаар тогтоолоор компанийн дүрмийг шинэчлэн баталснаар: нэг бүрийн 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 23,2 тэрбум ширхэг энгийн хувьцаанаас бүрдэхээр, 34 хувийн төрийн өмчийн оролцоотой хаалттай хувьцаат компани байхаар тусгаж, дээрх өөрчлөлтийг 2013 оны 6 дугаар сарын 06-нд улсын бүртгэлд бүртгүүлжээ. Хамгийн сүүлд Төрийн өмчийн хорооны 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 551 дүгээр тогтоолоор компанийн оноосон нэрийг АҮЦ ТӨХК болгон өөрчилж, дүрмийг шинэчлэн баталсныг 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр улсын бүртгэлд бүртгэсэн байна. /1хх 99-226/

Тус хаалттай хувьцаат компанийн дүрмийн 2.1-д компанийн нийт хувьцааны 34 хувийг төр эзэмшинэ гэж 1.4-т компанийн төрийн мэдлийнхээс бусад хувьцааг хувийн хэвшлийн компаниуд худалдан авах хүртэл хугацаанд хувьцаа эзэмшигчийн бүрэн эрхийг Монгол Улсын засгийн газрыг төлөөлж Төрийн өмчийн хороо хэрэгжүүлнэ гэж заасан байх тул МУЗГ хувьцаа эзэмшигч биш тухай хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна. /1хх 132/

Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 11/4043 дугаар албан бичгээр тус компани Хорооны нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан. /1хх 129/

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 9 дүгээр зүйлийн 9.1-д зааснаар компани үнэт цаас нээлттэй болон хаалттайгаар гаргах аль ч тохиолдолд Хороонд /Санхүүгийн зохицуулах хороо/ бүртгүүлэхээр зохицуулсан, АҮЦ хувьцаат компанийн дүрэмд төрийн эзэмшлийн 34 хувиас бусад хэсгийн хувьцааг зах зээлд хаалттай хүрээнд арилжаалахаар тусгагдсан ч дээрх Хорооны албан бичигт дурдснаар хувьцааг гаргаагүй, арилжаагүй, улмаар дүрмийн туххайн зохицуулалтууд хэрэгжээгүй болох нь тогтоогдож байх тул 100 хувийн хувьцаа эзэмшигч биш, 34 хувиар тооцогдох ёстой тухай хариуцагчийн тайлбар мөн үндэслэлгүй гэж үзнэ.

7.Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 23 дугаар зйлийн 23.1-д төрийн өмчит хуулийн этгээдийг татан буулгахад Иргэний хууль болон бусад хуульд заасан үндэслэл журмыг баримтлана гэж заажээ.

Компанийн тухай хуулийн 27 дугаар зүйлд компани татан буулгах үед баримтлах журмыг зааснаас 27.2-т комисс нь компанийг татан буулгах болон нэхэмжлэл гаргах журам, хугацааг нийтэд мэдээлэх бөгөөд нэхэмжлэл гаргах хугацаа нь татан буулгах тухай нийтэд мэдээлснээс хойш хоёр сараас доошгүй, зургаан сараас дээшгүй байна гэж, 27.3. комисс нь компанийг татан буулгах, нэхэмжлэл гаргах журам, хугацааг зээлдүүлэгчид бичгээр мэдэгдэх үүрэгтэй гэж, 27.6-д нэхэмжлэл гаргах хугацаа дууссанаар комисс татан буугдаж байгаа компанийн эд хөрөнгийн тухай мэдээ, зээлдүүлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн шийдвэрлэх дүнг агуулсан татан буулгах балансыг гаргаж танилцуулахаар, 27.7-д комисс нэхэмжлэлийг хэрхэн барагдуулах талаар зээлдүүлэгчид бичгээр мэдэгдэх бөгөөд зээлдүүлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргаж болох-оор заажээ.

Хэргийн баримтаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн А-1/467 дугаар албан бичгээр Компанийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т заасан үүргийнхээ хүрээнд нэхэмжлэгчид мэдэгдсэн боловч өнөөг хүртэл шийдвэрлээгүй, сүүлд татан буулгах комиссоос 2021 оны 7 дугаар сарын 13-ны өдөр өрийг шийдвэрлэх боломжгүй талаар бичгээр мэдэгдсэн байна. Иймд татан буулгах комисс ажилласан хэвээр байгаа хэдий ч маргааны энэ тохиолдолд комисс шийдвэрлэх боломжгүй тухайгаа нэхэмжлэгчид мэдэгдсэн байх тул нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасныг буруутгах үндэслэлгүй, шүүх хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

8.Хариуцагч түрээсийн гэрээг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т заасан улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангаагүй тул мөн зүйлийн 318.4-т зааснаар хүчин төгөлдөр бус гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан баримтаар Б.Бш ХХК-ийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, 1 дүгээр төрөхийн урд талд байрлах барилгын 4, 5 дугаар давхрын 504 мкв талбай бүхэлдээ нэг гэрчилгээтэй, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203008447 дугаарт бүртгэлтэй хөрөнгө байна. Харин Б.Бш ХХК, Сайншанд АҮЦ ХК нарын хооронд байгуулагдсан гэрээний зүйл тухайн барилгын 5 дугаар давхарын тодорхой нэг хэсэг талбай буюу Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.1 дэх эд юмсын бүрдэл хэсэг-т хамаарах тул энэ тохиолдолд түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байх мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т заасан зохицуулалт хамаарахгүй. Иймд гэрээ хүчин төгөлдөр, нэхэмжлэгч түрээсийн гэрээний үүргийг шаардах эрхтэй. /1хх 49/

9.Нэхэмжлэгчээс шүүх хуралдааны явцад төлбөрийг хэрхэн тооцсон талаар дараах тайлбарыг гаргасан. Үүнд:

-501 тоот 130 мкв талбайтай өрөөний нэг сарын төлбөр 4.550.000 /130*35.000/ төгрөг, 2013 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл түрээслэсэн,

-Нэмэлт гэрээгээр 502 тоот 86 мкв талбайтай өрөөний нэг сарын төлбөр 3.010.000 /86*35.000/ төгрөг, хөрөнгийг 2013 оны 6 дугаар сарын 10-ны өдөр эзэмшил ашиглалтад хүлээлгэн өгч 2014 оны 5 дугаар сард буцаан хүлээн авсан, /4.550.000+3.010.000=7.560.000/

-203 тоот 40 мкв талбайтай өрөөг бичгээр хийсэн гэрээгүй ч адил нөхцлөөр компанийн хүсэлтийн дагуу 2013 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 05 дугаар дуустал /1хх18/ эзэмшиж ашигласан, энэ хугацаанд түрээсийн төлбөрт 81.487.000 төгрөг төлсөн, 2014 оны 3 дугаар сараас хойшхи хугацааны төлбөрийг төлөөгүй.

Мөн 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш 501 тоот гурван өрөөний 77 мкв талбайтай нэг өрөөнд үлдээсэн эд хөрөнгө, хогшлыг хурааж лац тавиад нүүсэн боловч хөрөнгөө аваагүй тул Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр акт үлдэж хөрөнгийг авах хүртэлх хугацаанд нэг сард 2.695.000 /77*35.000/ төгрөгөөр төлбөрийг тооцсон гэж тайлбарласан. /1хх 14, 39-44/

9.1.Хэргийн баримтаар Сайншанд АҮЦ ТӨХК-ийн 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 1/20 тоот албан бичгээр гэрээг 2015 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс цуцлах тухай бичгээр мэдэгдсэн, талууд 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр тооцоо нийлсэн актаар төлбөрийн үлдэгдэл 74.515.000 төгрөгөөр баталгаажуулсан баримт авагдсан. Энэ тооцооны үлдэгдэл болоод дээр дурдсан нэхэмжлэгчийн тооцоолол, түрээсийн зүйлийг ашигласан хугацаа зэрэгт хариуцагч маргаагүй болно.

Хэрэгт авагдсан гэрээний 5.2-т гэрээ нэг жилийн хугацаатай байхаар, цуцлах санал гаргаагүй бол сунгагдсанд тооцох-р заасан, тухайн гэрээ үргэлжилсэн, түрээслэгч тал гэрээг цуцлах саналаа бичгээр 2015 оны 2 дугаар сард гаргасан байх тул Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.3-т заасны дагуу гэрээ 2015 оны 05 дугаар сараас цуцлагдсан, дуусгавар болсон гэж үзнэ.

Нэхэмжлэгчийн баримтаар ирүүлсэн хэргийн 14 дэх талд авагдсан тооцоолоос үзвэл 2015 оны 4 дүгээр сараас төлбөрийг сард 2.695.000 төгрөгөөр бууруулж тооцсон, үүнийг хуралдааны явцад 501 тоот өрөөний зөвхөн 77 мкв талбай хэсэгт эд хогшлийг хураасан, бусад хэсэгт төлбөр тооцогдоогүй тухай тайлбар, мөн нэхэмжлэлийн 2 дах хуудасны доороос 4 дэх мөрөнд тооцоолсон байдлаар энэ үеэс гэрээ цуцлагдснаар дуусгавар болсон үйл баримт тогтоогдож байна. Мөн Б.Бш ХХК-ийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн ББ/27 тоот Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт хүргүүлсэн албан бичгээр тогтоогдсон. /1хх 27/

Иймд хариуцагч МУЗГ нь Б.Бш ХХК, татан буугдсан АҮЦ ТӨХК нарын хоорондох түрээсийн төлбөрийн үлдэгдэл болох 74.515.000 төгрөгийг хувьцаа эзэмшигчийн хувиар Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д зааснаар төлөх үүрэг хүлээнэ.

9.2.Үүнээс хойшхи буюу 2015 оны 5 дугаар сараас 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд нэг сард 2.695.000 төгрөгөөр тооцсон хэсгийг шүүх хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

Шүүх гэрээг 2015 оны 5 дугаар сард цуцлагдснаар дуусгавар болсон гэж үзсэн тул энэ хугацаанаас хойшхи хугацааны төлбөрийг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар шаардах үндэслэлгүй. Харин хөрөнгийг суллаж өгөөгүйгээс гарсан зардлыг Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.2, 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар хохирол-оор шаардах эрхтэй ч шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч хохирол шаардаагүй гэж тайлбарласан тул лацадсан хугацаанаас хойш түрээсийн төлбөрөөр шаардсаныг хэрэгсэхгүй болгов.

10.Түрээсийн гэрээний 2.4-т хугацаандаа төлөөгүй тохиолдолд хоног тутамд 0,5 хувийн алданги төлөх-өөр тохиролцсон тул нэхэмжлэгч анз төлөхийг шаардах эрхтэй хэдий ч тэрээр гэрээний оролцогч этгээдээс бус харин компанийн хувьцаа эзэмшигчээс үүргийг шаардаж байгаа тул Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д заасан өр төлбөр-т алдангийг оруулж тооцох боломжгүй гэж үзлээ. Иймд алданги 100.000.000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

11.Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар заасан.

Хэрэгт авагдсан баримтаар тооцоо нийлсэн акт үйлдсэн 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш нэхэмжлэгч удаа дараа Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, АҮЦ ТӨХК, Аж үйлдвэрийн яаманд хандаж байсан, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас 2016 оны 12 дугаар сарын 19-нд, 2018 оны 2 дугаар сарын 19-нд, 2021 оны 7 дугаар сарын 13-нд хариуг өгч байсан, хөрөнгийг 2018 оны 7 дугаар сарын 31-нд акт үйлдэж хүлээлцсэн, түүнчлэн 2021 онд шүүхэд хандаж байсан баримтууд авагдсан тул шүүх Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1, 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан гэж үзэв. Иймд хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн тухай хариуцагчийн тайлбар үндэслэлгүй гэж үзэв. /1хх 26-35, 39, 45, 47/

Дээрхийг нэгтгээд хариуцагчаас нийт 74.515.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

12.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-т заасныг баримтлан Монгол Улсын Засгийн газраас 74.515.000 /далан дөрвөн сая таван зуун арван таван мянган/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Бш ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 233.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.695.523 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 530.525 төгрөг гаргуулан, нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ