2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2026 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 2026/ШЦТ/496

 

 

 

 

 

 

 

 

  2026            02            24                                         2026/ШЦТ/496

 

 

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Лхагвацэнд,

улсын яллагч Д.Бум-Аюуш, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр явуулсан шүүх хуралдаанаар:

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2505 00000 0000 дугаартай хэргийг 2026 оны 01 дугаар  сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2004 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, график дизайн мэргэжилтэй, хувиараа шивээс хийдэг ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, арьс шир үн 00-0 гудамж 0 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй.

Б овогт Эгийн Э /РД:**00000000/.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 9 дүгээр сарын 10-аас 11-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах байранд хохирогч У.Нтай үл ялих шалтгааны улмаас маргалдаж У.Нын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2025 оны 11 дугаар сарын 27-ны өдрийн 764 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, хохиролтой холбоотой баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч *******.

1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон.

2. Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлэг, гэм буруугийн талаарх дүгнэлт, мэтгэлцээнийг дүгнээд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг дараах үндэслэлээр хүлээн авав.

Хэргийн нөхцөл байдлыг сэргээн дүгнэхэд: Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 9 дүгээр сарын 10-аас 11-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах байранд хохирогч У.Нтай үл ялих шалтгааны улмаас маргалдаж хохирогчийн биед эрүү ясны хугарал, 1 шүдний булгаралт, зүүн бугалга, зүүн гуяны шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.

Энэ нь хохирогч У.Нын “...Би 2025 оны 9 дүгээр сарын 10-аас 11-нд шилжих шөнийн 5-аас 6 цагийн үед найз болох Э, Д, Э, Г нарын хамт бичлийн арын Эын замаар хойшоо өгсөөд Хүслийн өргөө сургуулийн зүүн талд байрлах байранд хамт архи ууж байгаад найз болох Этай маргалдсан яг юунаас болж маргалдсан сайн санахгүй байна тухайн үед архи согтууруулах ундааны зүйл их хэрэглэсэн байсан тэгсэн манай найз Э хутга гаргаж ирэнгүүтээ би даанч ганц найзыгаа хутгалж чадахгүй гээд хэлэхээр нь би чи намайг хутгалчих гээд нэг удаа хутгалсан тухайн үедээ би хутгалуулснаа мэдээгүй тэгсэн Э намайг эмнэлэгт хүргэж өгье наадхаа оёулахгүй бол сүрхий юм болно гээд бид хоёр гэрээс гараад орцонд байхад Э над руу орилж байгаад гараараа миний эрүү рүү нэг удаа цохисон тэгсэн миний эрүүнээс их хэмжээний цус гараад би тэндээсээ шууд эмнэлэг явсан харин Э гэр лүүгээ харилаа гээд явсан" гэсэн мэдүүлэг /хх10-11/,

Гэрч Ч.Уын "...Миний хүү У.Н нь найзуудтайгаа хамт Баянгол дүүрэгт байр түрээсэлдэг ямар найзууд гэдгийг би танихгүй. Өглөө 09 цаг өнгөрч байхад найз нь гэх 88174766 дугаараас У.Н хутгалуулсан байна гэмтэл дээр байна гэж хэлэхээр нь би гэмтэлд ирсэн одоогоор биеийн байдал хэвийн гуяны ард хутгалуулсан урд шүд нь хугарсан байна гэж хэлсэн" гэсэн мэдүүлэг /хх13-14/, хохирогчийн биед учирсан хохирлын тодорхойлсон дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдож байна.

3. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн ЕГО725/11809 дугаартай дүгнэлтэд "..У.Нын биед эрүү ясны хугарал, 1 шүдний булгарал, зүүн бугалга, зүүн гуяны шарх, зөөлөн эдийн няцрал, эрүүний зулгаралт, баруун хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон хурц ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүснэ. Тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Гэмтэл авсны дараа бие даан үйлдэл хөдөлгөөн хийх чадвартай. Шүдний булгарал нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10 хувь алдагдуулна” гэжээ. /хх22-24/,

4. Хохирогчийн биед учирсан дээрх хүндэвтэр хохирол нь шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэрээр хохирогчийн нүүрэн тус газарт цохих, хутгалах үйлчлэлээр үүсгэгдсэн нөхцөл байдал тогтоогдож байна. Хэрэгт авагдсан баримт, хохирогч, шүүгдэгчийн мэдүүлгээс тухайн цаг хугацаанд хохирогч У.Н, шүүгдэгч ******* нар хоорондоо маргалдсан, хохирогч нь өөрийнх нь биед учирсан хохирлыг шүүгдэгч учруулсан талаар тодорхой мэдүүлсэн байна.

5. Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

                       

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

6. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэндэд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” нөхөн төлүүлнэ гэж заасан.

Мөн Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй”, мөн зүйлийн 505.2 дахь хэсэгт “Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй” гэж заасан.

7. Хохирогч У.Н нь баримтаар хохирол нөхөн төлбөр нэхэмжлээгүй, сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжлэхгүй талаарх хүсэлтийг гаргажээ. /хх 11, 39-р тал /,

8. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” нөхөн төлүүлнэ гэж заасан.    

Иргэний нэхэмжлэгч Д.Г мэдүүлэхдээ “У.Н нь эрүүл мэндийн байгууллагаас 3,543,000 төгрөгийн тусламж үйлчилгээ авч, уг зардал эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан болох нь эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн мэдээллээр тогтоогдож байх тул эрүүл мэндийн даатгалын төрийн дансанд тухайн мөнгийг буруутай этгээдээс гаргуулж өгнө үү” гэсэн ба /хх57/ хохирогчийн эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл /хх55/ хэрэгт авагджээ.

Хохирогч У.Н нь эмнэлгийн тусламж үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын сангаас 3,543,000 төгрөгийн зардал гарсан болох нь баримтаар тогтоогдож байх тул тухайн зардлыг гэм буруутай этгээд болох шүүгдэгчээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын газрын Төрийн сангийн 100900020080 дугаар дансанд төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

9. Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг гаргасан, шүүгдэгчээс торгуулийн ял оногдуулж өгнө үү. Хохирлоо нөхөн төлнө гэжээ.

10. Хэрэгт авагдсан нотлох баримтаас шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх нөхцөл болох тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар ял оногдуулахад эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтайд тооцон, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

11. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлын хувьд урьд ял шийтгэгдэж байгаагүйг харгалзан үзлээ.

12. Шүүгдэгчийн үйлдэлд хуульд зааснаар 450 нэгжээс 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240 цагаас 720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 1 сараас 1 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял” шийтгэнэ гэж заасан.

13. Иймд шүүхээс гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн хувийн байдлын хувьд хөдөлмөр эрхэлдэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан торгох ялыг сонгон оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгж буюу 1,000,000 төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

14. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Энхцэцэгийн Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 1000 нэгж буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар 3,543,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   М.МӨНХБААТАР