Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 2026/ШЦТ/47

 

 

 

 

 

 

 

 

 

                            2026/ШЦТ/47

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч М.Бямбаахүү даргалж, ерөнхий шүүгч Ч.Жаргалан, шүүгч П.Дониддолгор нарын бүрэлдэхүүнтэй,

           Улсын яллагч: Ж.У

Иргэдийн төлөөлөгч: Л.С

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Э

            Шүүгдэгч: Г.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар  

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Гын Дд холбогдох эрүүгийн 2512............. дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 12 дугаар сарын 11-ний өдөр ....... аймгийн .......... суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, блокны үйлдвэрт ажиллаж байсан, ам бүл 2, эхнэрийн хамт ....... аймгийн ...... сумын ....... дугаар баг, .......... тоотод оршин суух, урьд нь Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 58 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.2, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 06 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн, улсаас авсан гавьяа шагналгүй, Б овгийн Гын Д /ИБД:.........../

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Д нь согтуурсан үедээ 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 21-нд шилжих шөнө ...... аймгийн ........ сумын ....... дугаар баг, ........ тоотод байх иргэн Б.Пн гэрт, мөн 11-21 тоотод байх өөрийн гэртээ бага насны хохирогч М.Сг цохиж зодон, амь насыг нь хохироосон буюу бага насны хүүхдийг алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн байцаалтын шатанд 2512......... дугаартай эрүүгийн хэргээс:

 

Мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Оын мэдүүлсэн: ... Миний охин М.С нь 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 3 нас 6 сартай. 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр А аймгийн Э сумын .... баг, Наранбулаг хорооллын 11-21 тоотод байх гэртээ хамтран амьдрагч Г.Д, охин М.С нарын хамт байсан. Гэртээ байхад хөрш айлын хүн болох Г эгч бид нарыг орж ирж хоол ид гэсэн. Тэгэхээр нь Г.Д, М.С бид гурав Г эгчийнд орсон. Бид нарыг тэднийд орох үед цаг ойролцоогоор 19 цаг болж байсан санагдаж байна. Тэнд хоол идчихээд байж байхад Г эгчийн нөхөр П 2.5-тай нийслэл нэртэй пиво задалсан. Тухайн пивийг Г.Д, П ах бид нар уусан. Тухайн пивоноос би 3 аягыг уусан, өөр ахиж уугаагүй. Тэгсэн нөгөө пиво нь дууссан чинь Д хүний юмыг зүгээр уугаад яахав би нэг пиво аваад ирье гээд дэлгүүр орж ахин 2.5-тай нийслэл нэртэй пиво авчирсан. Уг пивийг П, Д хоёр хувааж уусан. Тухайн пивийг уугаад Д нэлээн согтсон. Ингээд байж байхад Г эгчийнд хөдөөнөөс хүн ирсэн. Тэр хүмүүсийн нэрийг нь би мэдэхгүй. Тухайн хүмүүст пиво Г.Д аягалж өгсөн. Тэгэхэд нөгөө хүмүүс пивоноос уугаагүй. Ингээд байж байхдаа би Г эгчид хандаж хүүхдүүддээ ундаа авчирч өгье гэсэн чинь тэгье гэсэн. Г эгчийнхээс дэлгүүр орохоор П, Г болон нөгөө хөдөөнөөс ирсэн хоёр хүний хамтаар бид дэлгүүр рүү явсан. Тэр үед 23 цаг өнгөрч байсан байх, нарийн цаг анзаарч хараагүй. Дэлгүүр явах үедээ охин Сг авч явах гэсэн чинь Г.Д би хараад охиноо унтуулж байя, маргааш цэцэрлэгт явах юм чинь эрт унтуулсан нь дээр гэхээр нь тэг гэж хэлээд охин М.С, Г.Д нарыг Г эгчийнд үлдээгээд явсан. Дэлгүүр ороод ойролцоогоор 3-5 минут орчим болсон. Буцаад Г эгчийнд ирсэн чинь тэдний гэрийн хаалга онгорхой харин Г.Д, М.С нар гэрт нь байхгүй байсан. Тэгэхээр нь гэр рүүгээ хариад амарсан юм байх гэж тэр үедээ бодсон. Тэгээд Г эгчийн нөхөр П ах шалан дээр цус болсон байна, хүүхдийн чинь хамраас цус гарсан юм байхдаа хүүхэд чинь гайгүй байгаа” гэхээр нь би шууд гэр рүүгээ ганцаараа гүйсэн. Гэрт очиход гэрийн хаалгыг дотор талаас цоожилсон байсан. Тэгэхлээр нь би хаалгаа онгойлгооч хүүхэд зүгээр үү гэж асуухад хүүхдийг чинь зодчихсон гээд гэрийн хаалга онгойлгож өгсөн. Гэрт ороход охин маань зүүн талын орон дээр дээш харсан байдалтай нүүр хэсэгт нь гар нүүрний алчуурыг тавьсан байсан. Охин дээр очиход ухаангүй хамраас болон баруун талын хөмсөг хэсгээс их хэмжээний цус гарч нүүр хэсэг нь мэдэгдэхийн аргагүй аймаар болчихсон байсан. Би Г.Дд хандаж хүүхэд яагаад зодож байгаа юм бэ гэхэд миний өөдөөс хараад инээгээд зогсоод байсан. Би охиноо тэврээд орилж чарлаж байх үед Г эгч манай гэрт орж ирсэн. Энэ үед Д худлаа жүжиглэж ухаан алдаж доош унаад байсан. Тэр үед түргэний эмч дуудсан байсан юм шиг байна лээ, яг хэн дуудсан талаар би мэдэхгүй байна. Ямар ч байсан түргэний эмч ирж үзээд охиныг эмнэлэг рүү аваад явсан. Ер нь бол ийм л зүйл болсон. Д нэлээн согтсон байсан. Хөл дээрээ тогтож ядаж байсан. Ер нь бол өөрийгөө хянах чадвар муу байсан. Д, С нар хоёулаа үлдсэн. Түүнээс өөр хүн байгаагүй. Г.Д нь 2025 оны 09 дүгээр сарын 20-дын үеэр санагдаж байна тус аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг, Наранбулаг хорооллын 11-21 тоотод байдаг гэртээ байх үедээ намайг цохиж, зодсон энэ үед миний охины үснээс нь зулгааж байсан. Түүнээс өөр цохиж, зодож байсан удаа байхгүй. Би дэлгүүр явах үедээ охин Сг хамтран амьдрагч Г.Дын хамт Г эгчийн гэрт үлдээсэн. Харин дэлгүүр яваад ирсэн чинь Г эгчийн гэрт байхгүй өөрийнхөө гэрт охиныг аваад оччихсон, гэрийн хаалгыг дотор талаас нь түгжчихсэн хаалга онгойлгож өгөхгүй байсан. Хаалганы завсраар харахад Д баруун талын орон дээр суучихсан, харин охин маань зүүн талын орон дээр дээш харсан байдалтай нүүр хэсэгт нь нүүр гарын алчуур тавьчихсан байсан. Намайг гэр рүү орох үед охин маань зүүн талын орон дээр дээш харсан байдалтай нүүр хэсэг нэлэнхүйдээ хавдсан, хамар, баруун хөмсөг хэсгээс их хэмжээний цус гарсан байдалтай байсан. Хоёр гар нь бугуй хэсэг хүртлээ хөхөрсөн ухаангүй байсан. Д бид хоёр 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр фейсбүүкээр танилцаад түүнээс хойш одоог хүртэл хамтран амьдарч байна. Бид хоёр дундаасаа хүүхэдгүй харин би одоо Дын хүүхдийг тээж байгаа, одоо 3 сартай жирэмсэн. Миний охин С Дын хүүхэд биш. Сгийн аав нь Дорнод аймагт ажиллаж амьдардаг. Эын М гэж хүн байдаг. Миний охин С нь өвөө, эмээ хоёр дээрээ Төв аймгийн Эрдэнэ суманд хөдөө өссөн. Архангай аймагт энэ зун буюу 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр ирсэн. Намайг дэлгүүр явах үед Г эгчийн гэрийн хоймор хэсэгт газар тоглоод үлдсэн. Миний охиныг зандарч, загниж байгаа зүйл ажиглагдаагүй. Тоглож байсан болохоор хоёуланг нь үлдээгээд явсан. Ер нь өөрийнх нь хүүхэд биш болохоор уурлаж, загнаж байгаа зүйл их ажиглагддаг, гадуурхсан байдалтай байдаг. Маш их гомдолтой байна. Зүгээр байсан хүүхдийг минь цохиж зодож эрүүл мэндэд нь гэмтэл учруулсан болохоор Г.Д гэх хүнд хуулийн дагуу арга хэмжээ авхуулмаар байна.” гэх мэдүүлэг /1хх-ийн 20-24 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Оын дахин мэдүүлсэн: ... Миний өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Миний санаж байгаагаар тухайн үед хүнсний дэлгүүр хаасан байсан. Манай тэр хавийн хорооллын дэлгүүрүүд шөнийн 22 цагт хаадаг. Тэгэхээр бид нарыг “Сиюу /CU/ дэлгүүр орох үед 23 цаг  өнгөрч байсан байх гэж бодож байна. Пийн гэрээс 23 цаг өнгөрч байхад гарсан. Яг хэдэн минутад гарсан талаар нарийн сайн мэдэхгүй байна. Дэлгүүр орох үед цаг хэд болж байсныг мэдэхгүй байна. Бид тавуулаа орсон. Дэлгүүр ороод Г эгч дэлгүүрээс хүүхдийн ундаа болон хүнсний эд зүйл авсан. Тухайн үед би гар утсаа авч яваагүй. Учир нь манай хүүхэд миний гар утсыг үзэж байсан болохоор үлдээгээд явсан. Мөн би дэлгүүр ороод юм худалдан аваагүй. Харин Г эгч юм худалдан авсан. Тухайн юм худалдан авсан гүйлгээг харах юм бол бид нар хэдэн цагаас дэлгүүрээс гарсан тодорхой болно. Миний бие 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдөр мэдүүлэг өгөх үедээ 3-5 минут болоод буцаад ирсэн талаар мэдүүлсэн. Тэр үед сэтгэл санаа тавгүй байсан болохоор цаг минутыг буруу хэлсэн байж магадгүй. Дэлгүүр ороод бид нар нэлээн удсан ойролцоогоор 20-30 минут болсон байх. Дэлгүүрт дотор ороод нэлээн тойрч алхсан. Бид нар дэлгүүрээс гараад П ахын гэр рүү очиход ойролцоогоор 5-10 минутын дотор очсон байх. Хөдөөнөөс ирсэн Э эгч тээврийн хэрэгсэл жолоодож байсан. Их удаан явдаг эгч байсан. Дөнгөж жолоо төгсөөд удаагүй гэж ярьж байсан санагдаж байна. Би түрүүлээд П ахын гэр рүү ороод ширээний хажууд суусан. Миний араас Г эгч нөхрийн хамтаар, түүний араас нөгөө хөдөөнөөс ирсэн ах эгч хоёр орж ирсэн. Г эгч гэрт орж ирээд шалан дээр юун цус болчихов гэж хэлээд хүүхдийн чинь хамар амнаас цус гарсан юм болов уу гэсэн, тэгэхээр нь би шууд гэрээс гарч өөрийн гэр рүүгээ гүйсэн. Гэрт очиход манай гэрийн хаалга цоожтой байсан. Тэгэхлээр нь би хаалгаа онгойлгооч охин зүгээр үү гэж асуусан чинь охиныг чинь би зодчихлоо гээд Д надад хариу хэлсэн. Тэгэхлээр нь би хаалганы хөндийн завсраар харахад охин маань зүүн талын орон дээр дээш харсан байдалтай, Д баруун талын орон дээр сууж байсан. Тэгээд хаалгаа онгойлгооч гэсэн чинь Д хаалга онгойлгож өгсөн. Хаалга онгойлгож өгөхлөөр нь би шууд охин дээрээ очиход миний охины нүүр хэсэг дээр хүрэн өнгийн алчуур тавьсан байсан. Алчуурыг нь аваад харахад нүүр хэсгээс нь нэлээн цус гарсан байхаар нь охиноо тэврээд уйлсан. Ингээд байж байхад манай гэрт Г эгч орж ирсэн. Гэрт орж ирээд Г эгч өөрийнхөө нөхрийг дуудсан. Тэгээд П ах болон хөдөөнөөс ирсэн ах, эгч нар манай гэрт орж ирээд цагдаа болон эмнэлэг дуудсан. Миний охины нүүрэн дээр тавьсан байсан алчуурыг авахад нүүр хэсэг нь нэлэнхүйдээ хөхөрч хавдсан, уруул нь бомбойж хавдсан, баруун талын хөмсөг хэсэгт язарч тухайн газраас цус гарч тогтохгүй байсан. Мөн хамраас нь их хэмжээний цус гарсан байсан. Гарын сарвуу хэсгээс бугуй хүртэл хөхөрсөн байсан. Зарим хэсэг газраар самардсан гэмээр зулгарсан шархтай байсан. Хүзүүний баруун, зүүн, хэсгээр хөхөрсөн байсан. Миний охин зүгээр үү гэж асуухад ямар нэгэн хариу урвалгүй ухаангүй байсан. Хэвлий гол хэсэгт бага зэргийн хөхөрсөн байсан, өөр ямар нэгэн гэмтэл бэртэл нүдэнд харагдах зүйл байгаагүй. Манай гэр П ахын гэрээс ертөнцийн зүгээр зүүн талд байдаг. Шууд хашаанаас гараад шулуун яваад очдог ойролцоогоор 70-80 метр зайтай. Маш их гомдолтой байна. Зүгээр байсан хүүхдийг минь цохиж зодож эрүүл мэндэд нь гэмтэл учруулсан болохоор Г.Д гэх хүнд хуулийн дагуу арга хэмжээ авхуулмаар байна.” гэх мэдүүлэг /1хх-ийн 28-30 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Оын дахин мэдүүлсэн: “...Миний өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Би тухайн үед мэдүүлэг өгөхдөө сэтгэл санаа тавгүй байсан болохоор Си юу /CU/ дэлгүүр орсон гэж андуурч хэлсэн байж магадгүй. Хойд талын гудамжны дэлгүүртэй андуурсан байх. Ямар ч байсан Си юу /CU/ дэлүүрээс пиво зарж байна уу гэж П ах орсон. Си юу /CU/ дэлгүүрээс юм худалдан аваагүй. Пиво зарах нуу гэж П ах орж асуугаад гарч ирсэн. Тэгээд зарахгүй гэж байна гээд буцаад гарч ирсэн. Өмнө Г.Д, амь хохирогч хоёрыг огт үлдээж байгаагүй. Байнга гурвуулаа хамт дагуулаад явдаг байсан. Хохирогч маань байнга намайг дагаад явдаг байсан. Түүнээс бол огт хоёуланг нь үлдээж байгаагүй. Харин бие засах, түлээ мод хагалах үед үлдээдэг байсан. Цэцэрлэгт нь хүртэл амь хохирогчийг Д бид хоёр хүргэж өгөөд хамт авдаг байсан. Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгоно. Миний бие шүүх шинжилгээний ерөнхий газар очиж мөрдөгчийн тогтоолын дагуу шинжээч эмчид үзүүлсэн. Тухайн шинжээч эмч манай намайг үзээд дүгнэлтийг нь гаргаад шуудангаар Архангай аймаг руу явуулна гэж хэлсэн. Маш их гомдолтой байна. Зүгээр байсан хүүхдийг минь цохиж зодож амь насыг нь хохироосон Г.Д гэх хүнд хуулийн дагуу арга хэмжээ авхуулмаар байна.” гэх мэдүүлэг /2хх-ийн 72-73 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Ггийн мэдүүлсэн: “... Би нөхөр хүүхдийн хамт 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр А аймгийн Э сумын .... багийн нутаг Баянбулаг хорооллын 11-14 тоотод гэртээ байж байгаад орой 19 цаг 07 минутад гал дээр адууны мах хийж буцалгаад болж байх хооронд нь зэргэлдээ хашаанд амьдардаг айл болох Ш.Оын утас руу залгаад манайд орж ирж адууны мах ид гэж хэлсэн. Тэгтэл удалгүй гаднаас О нөхөр Д охин нарын хамт гурвуулаа орж ирсэн. Орж ирээд махаа идээд дуусаад байж байтал урд талын гудамжны үзүүрт байх дэлгүүрээс ундаа авахаар болоод бид нар бүгдээрээ манай машинд суугаад урд дэлгүүр орсон. Дэлгүүрийн гадаа ирж Д эхнэр хүүхдээ дэлгүүр дагуулж ороод дэлгүүрээс нэг ширхэг том савалгаатай коко кола ундаа, 2.5-тай нийслэл нэртэй пиво нэг ширхэгийг аваад гарч ирсэн. Тэгтэл манай нөхөр машин дотор хүүхдээ тэвэрч сууж байгаад миний хань хүн юм аваад байгаа юм чинь ороод нэг пиво авахгүй юу даа гэхээр нь тухайн дэлгүүрээс орж мөн 2.5-тай нэг ширхэг пиво авсан. Түүний дараа манай гэрт ирж дэлгүүрээс авсан хоёр савтай пивийг манай нөхөр П, Д, О гурав хувааж уусан. Би архи согтууруулах ундааны зүйл уудаггүй юм. Пиво уугаад сууж байтал манай хуурай ах, эгч болох Ч, Э нар хөдөөнөөс ирж байна гээд манай гэрт хүрээд ирсэн. Тэр хэдийн ууж байсан пиво дуусаад байж байтал О аниа хэдүүлээ Сиюу /CU/ дэлгүүр ороод ирье, ундаа ус авч ирье гэж хэлсэн. Тэгээд манай хуурай эгч болох Э өөрийн машинаа унаад нөхөр Ч, манай нөхөр П болон манай бага насны хүүхэд бид хэд машинд суух гээд байж байтал ардаас О би цуг явъя, хүүхэддээ ундаа авч өгье гээд гараад ирсэн. Манай гэрт Д охин С хоёр үлдсэн юм. Тэгээд бид хэд машинд сууж замын урд талд байх миний дэлгүүрийн доод давхарт байх Сиюу /CU/ дэлгүүрийн гадаа ирээд манай хүн пиво зарж байвал аваад гараад ирье гээд ганцаараа орсон. Удалгүй нэг ширхэг том савтай ундаа аваад архи, пиво зардаггүй юм байна гээд гарч ирсэн. Ойролцоогоор 4-5 минут болсон байх гэж бодож байна. Бид хэд буцаж манай гэрийн гадаа очоод гэрт орох гэтэл манай байшингийн хаалга хаалттай байсан. Тэгээд О бид хоёр түрүүлээд манай гэрт ортол гэрт хэн ч байхгүй байсан. Түүний дараа ардаас манай нөхөр болон Ч ах, Э эгч орж ирээд хүүе ээ энэ шалан дээр цус байгаа юм биш үү гэхэд О гадагшаа орилоод л гүйгээд гарсан. Би Э эгчтэй хамт гадагшаа гараад Оын ардаас чимээ чагнатал О гэрийнхээ ойролцоо очоод аниа хурдлаарай гээд хашхираад байхаар нь би Э эгчийн хамт тэдний гэр рүү гүйгээд очтол гэрийнхээ хаалгыг дотроос нь цоожилсон байсан. Би хаалгаа нээгээчээ гээд орилтол Д хаалга онгойлгож өгөөд Э эгчтэй гэрт ортол О уйлаад хүүхдээ тэвэрч байсан. Тэгтэл Э эгч хүүхэд дээр гүйж очоод чи хүүхдээ яаж байгаа нь энэ вэ, ямар муухай юм бэ гээд орилохоор нь би буцаж гэр рүү гүйгээд нөхөр болон Ч ахыг дуудсан. Тэгээд бид нар буцаж Дын гэрт ортол манай нөхөр гялс түргэн, цагдаа дуудаарай биеийн байдал нь муу байна гэж хэлсэн. Тэгээд би өөрийн утаснаас 01 цаг 21 минутад түргэн тусламж болон цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм. Удалгүй эмнэлэг ирээд хүүхдийг авч явсан. Харин эргүүлийн цагдаа нар ирээд Дыг аваад явсан. Д нь 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр манай гэрт эхнэр хүүхдийн хамт орж ирэх үедээ эрүүл орж ирсэн. Тэгээд манайд мах идээд бид нар дэлгүүр орж 2.5-тай хоёр ширхэг нийслэл нэртэй пивийг манай нөхөр П болон Д, О гурав хувааж уусан. Би Дыг биеэ авч явах чадвартай байсан гэж бодож байна. Манайх А аймгийн Э сумын .... баг Баянбулаг хорооллын 11-14 тоотод суурьшиж амьдраад нэг жил гаруй хугацаа өнгөрч байгаа юм. 2025 оны 07 дугаар сарын дунд үеэр наадмын өдрүүд байсан санагдаж байна. Би өглөө босоод бие засах гээд явж байтал зэргэлдээ хашаанд эмэгтэй хүн чанга орилоод байхаар нь хашааны гадаа гараад харахад хашааны буланд нэг эмэгтэй хүнийг нэг эрэгтэй том чулуу гэмээр зүйл хоёр гартаа барьсан цохих гэж байхаар нь би гүйж очоод зогсоож байсан юм. Тэр цагаас хойш манайх хот, хөдөө ийш тийшээ явах үедээ Оын дугаарыг аваад хашаа хороогоо эргэж тойруулдаг байсан юм. Тэрнээс хойш надад намайг тэгж зодоод охин хүүхэд айлгаад байх юм гээд таарах үедээ ярьдаг байсан. Би тухайн үед нь наад хүн чинь чамд хань болохгүй юм байна даа, миний дүү хүний нутагт ингэж амьдарч байхаар гэртээ харь ч гэж хэлж байсан. О нь их сэргэлэн цовоо ажилсаг мундаг эмэгтэй байгаа юм. Д нь Оыг их зовоож байсан надад ярьж байсан яриагаар нь бол. Хүүхдэд нь хэрхэн хандаж байсан талаар нь би сайн мэдэхгүй байна. Манайд энэ өдөр л анх гурвуулаа орж ирсэн юм. Манай гэрт орж ирэх үедээ биеийн аль нэг хэсэгт шарх, сорви байгаагүй. С, цовоо манай хүүтэй тоглоод хүүхэлдэйн кино үзээд суугаад байсан.” гэх мэдүүлэг /1хх-ийн 33-35 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Ггийн дахин мэдүүлсэн: “... Миний хувьд 2025 оны 7 дугаар сард тухайн хашаанд Ш.О, Г.Д нарыг амьдардаг гэдгийг мэдсэн. Түүнээс өмнө бол ямар хүмүүсийг амьдардаг байсныг мэддэггүй байсан. Ш.О, Г.Д нарыг дундаасаа хэдэн хүүхэдтэй гэдгийг мэддэггүй байсан. Харин 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр манай гэрт орж ирэхэд бага насны нэг хүүхэд юм байна гэж бодсон. Миний хувьд гэр бүлийн хамт тухайн хаягт ирж амьдраад 1 жил гаран болж байна. 2024 оны 4 дүгээр сард тухайн тоот хашаанд ирж амьдарсан. Гэхдээ энэ хугацаанд байхаас байхгүй нь их байсан. Гэхдээ амьдарч байх хугацаанд Ш.О, Г.Д нар хоорондоо маргалдаж болон хүүхдээ цохиж зодож байгаа зүйл ажиглагдаагүй. Харин миний нүдэнд нэг удаа ажиглагдсныг дээр мэдүүлэгт дурдсан байгаа. Харин манай гэрт тэр өдөр орж ирэхдээ хүүхдэдээ их л сайн байсан. Хоорондоо тоглоод инээж хөхрөлдөөд байсан. Тэгэхээр нь би их гоё уур амьсгалтай гэр бүл байна ямар сайн хосууд вэ гэж бодож байсан. 2025 оны 7 дугаар сард Д Оыг чулуугаар цохих гэж байх үед хүүхэд байсан эсэхийг нь мэдэхгүй байна. Гадаа байсан болохоор гэр рүү нь ороогүй. 2025 оны 10 дугаар сарын 20-ны шөнө 00 цаг өнгөрч байх үед Сиюу /CU/ дэлгүүр орохоор гарсан. Ойролцоогоор 00 цаг 30-аас 40 минутын үед гарсан байх гэж бодож байна. Гэхдээ буруу хэлсэн байж магадгүй. Сиюу /CU/ дэлгүүр ороод пиво авах гэсэн чинь зарахгүй байна гэсээр манай нөхөр гарч ирсэн Сиюу /CU/ дэлгүүрт ороод ямар нэгэн худалдан авалт хийгээгүй. Шууд гэр рүү явсан. Сиюу /CU/ дэлгүүр рүү манай нөхөр П ганцаараа орсон. Ороод энд пиво зардаггүй юм гэсээр гарч ирсэн. Харин Ш.О, Ч, Э бид машин дотроо сууж байсан. Ш.О андуурсан байж магадгүй. Харин миний мэдүүлсэн бол үнэн зөв, манай нөхөр П ганцаараа орсон. Тэрийг батлах нь дэлгүүрийн камер байгаа. Тэрийг харах юм бол тодорхой харагдана. Уг нь бөөндөө орох гэж байгаад больсон. Манай гэрээс Сиюу /CU/ дэлгүүр нэлээн зайтай ойролцоогоор 1 километр гаран байх гэж бодож байна. Нарийн хэмжиж үзээгүй болохоор сайн хэлж мэдэхгүй байна. Энэ хоёрын хооронд ойролцоогоор 5-10 минутын дараа гэрт очсон байх. Анх гэрээс гараад дэлгүүр ороод буцаад гэр рүү явах үед ойролцоогоор 20-30 минутын хугацаа зарцуулсан байх гэж бодож байна. Сиюу /CU/ дэлгүүрээс гэрийн гадаа ирээд би түрүүлж гэртээ орсон. Харин миний араас Ш.О, Ш.Оын араас манай нөхөр П, түүний араас Э эгч, Ч ах хоёр орж ирсэн. Гэрт ороод би хүүхдээ хөхүүлээд сууж байсан. Тэгэхэд манай нөхөр орж ирэнгүүтээ юун цус шалан дээр болсон байна аа гэсэн. Тэгэхэд Ш.О хүүхдийн хамраас цус гарсан юм болов уу гээд гэрээс шууд гүйгээд гараад явсан. Гэрт ороод сууж байхад орны толгой хэсэг бага зэргийн харагдах төдий цацарсан цус болсон байсан. Шалан дээр болсон цус 2 ширхэг цусны толбо байсан. Мөн зүүн гар талын хана хэсэг болон хөшиг зэрэгт цацарсан цус болсон байсан. Ингээд би хашаан дотор Дын гэрийн чиг рүү чимээ сонсоод байж байхад эмэгтэй хүн орилох чимээ гарсан. Тэгэхээр нь Нараа эгчийг дуудаад хоёулаа явъя нөгөө Оыг Д зодож байж магадгүй гээд гэр рүү нь очсон. Гэрт нь очиход хаалга нь дотроосоо цоожтой О гэр рүүгээ орсон байсан. Тэгэхээр нь Ш.Оаа яасан бэ хаалга онгойлго гэж 3-5 минут хаалгыг нь нүдсэн. Хаалгаа онгойлгохгүй байсан. Гэрт дотор О арайчдээ гээд уйлаад байсан. Тэгээд удалгүй Г.Д хаалгаа онгойлгосон. Ингээд гэр рүү ороход О хүүхдээ тэвэрчихсэн баруун талын орны буланд сууж байсан. Хүүхдийн нүүр хэсэгт нь цустай нойлын цаас тавьсан байсан. Түүнийг хараад ухаан санаа балартаж юу болж байгааг хараагүй. Хүүхдийг хальт харахад нүүр нь нэлэнхүйдээ хөхөрсөн, нүд хөхөрч хавдаж, нүд, ам мэдэгдэхгүй байсан. /нүд нь зураас шиг харагдаж байсан/ Ингээд би гэрээс нь гарч гүйгээд нөхөр болон Ч ах нарыг дуудаж цагдаагийн байгууллага болон эмнэлгийн байгууллагад дуудлага өгсөн. Намайг Дын гэр рүү ороход Д гэрийнхээ баруун талын орон дээр доош хараад над руу эгцэлж харахгүй байсан. Мөн гар хуруу нэлээн цус болчихсон. Өмсөж явсан хувцас нь бас цус болсон байсан. О баруун талын модон орны ертөнцийн зүгээр зүүн урд талын буланд хүүхдээ тэвэрчихсэн уйлаад байж байсан. Хүүхдийн толгойг өөрийнхөө баруун гар дээр тавьж өөрөө шалан дээр хоёр хөлөө жийгээд сууж байсан. Хүүхдийг гэр рүү ороод харахад нүүр хэсгээс нь их хэмжээний цус гарч хөхөрч хавдсан, өмссөн хувцаснууд нь битүү цус болсон байдалтай байсан. Ер нь бол нүүр хэсэг нь хүн харахын эцэсгүй хөхөрч хавдсан байсан. Баруун хөмсөг байсан санагдаж байна тэр хэсгээс их цус гарч тухайн газар нойлын цаас тавьчихсан нөгөө газраас нь цус их гараад байсан.” гэх мэдүүлэг /1хх-ийн 138-141 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Пийн мэдүүлсэн: “... Пиво ууж дуусаад сууж байтал Архангай аймгийн Цэнхэр сумаас манай хуурай ах, эгч хоёр ирээд бид хэд ойр зуурын юм ярилцаад байж байтал доод замын урд байдаг Сиюу /CU/ дэлгүүр орж ундаа, пиво зэргийг авахаар манай гэрээс гарах гэтэл Дын эхнэр О би хамт явна гээд гэрээс гарч ирээд бид хэдийн суусан байсан машинд орж ирээд суусан. Гэрт Д охины хамт үлдсэн. Манай ахын эхнэр болон манай эхнэр бид хоёрыг хамт дэлгүүр явуулахаар архи үнэртүүлж машин тэрэг бариад зогсоовол асуудал үүснэ гээд л хамт явахаар болсон юм. Урд Сиюу /CU/ дэлгүүрийн гадаа зогсоод би орж пиво авах гээд ортол архи пиво зардаггүй гэхээр нь харьж амарцгаая гээд гэрт ортол манай гэрт хүн байхгүй байсан. Гэрт орж ирээд энд цус байна болсон байна юу болов, үлдсэн хоёр хаашаа явсан юм бол гэтэл О манай гэрээс орилоод гүйгээд гарсан. Ардаас нь манай эхнэр болон Э эгч хоёр гарсан. Удалгүй манай эхнэр сандарсан орж ирээд Дын гэрт хамт оръё гэж хэлсэн. Би ах Чын хамт Дын гэрт очтол О нь гэрийнхээ баруун талын орны урд газарт охиноо тэврээд суусан уйлаад байж байсан. Харин Д нь орны хажууд юу ч болсон шинжгүй, үг дуугүй сууж байсан. Би чи яагаад ингэж байгаа юм бэ, юу болов түрхэн зуур гээд асуухад ямар ч хариулт хэлэхгүй байсан. Тэгээд ор нь дээрээ хойшоо савж унаад нүдээ эргэлдүүлээд ухаан алдсан юм шиг жүжиглээд байх шиг байсан. Тэгээд охины царайг хартал нүд хальтрам болсон байсан. Цус маш ихээр гарч байсан. Тэгээд би эхнэрийг хурдан цагдаа, түргэн дуудаарай гэж хэлээд эмнэлэг, цагдаа дуудсан. Цагдаа ирээд Дыг авч явах үед Д наад чинь миний хүүхэд биш ээ гэж хэлж байсан. Д, О бид гурав 2.5-тай хоёр ширхэг нийслэл нэртэй пивийг хувааж уусан. Нэг их хүн согтоод, ухаан мэдрэлээ алдахаар зүйл болоогүй. Гаднаас гурвуулаа орж ирэх үедээ инээж хөхрөөд л орж ирсэн. Хэрэлдсэн маргалдсан юм уу гэмээр зүйл ажиглагдаагүй. Манай гэрт ч маргалдах зүйл болоогүй. 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр М.С нь аав, ээжийн хамт манай гэрт орж ирэх үедээ биеийн байдал нь хэвийн, гэмтэл шарх байгаагүй.” гэх мэдүүлэг /1хх-ийн 38-40 хуу/

            Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Чын мэдүүлсэн: “... Би 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд сургуулийнхаа хүүхдүүдийн хувцас хунарыг дөхүүлж өгөхөөр орж ирээд эхнэрийн хамт орой Цэнхэр сум руугаа буцах гэж байгаад танил дүү болох Пийн гэрт аймаг орж ирсэн дээрээ ороод гаръя хэдхэн хоногийн өмнө аав нь бурхан болсон юм хөөрхий гэж бодоод гэрт нь иртэл урьд өмнө харж байгаагүй эрэгтэй, эмэгтэй хоёр хүн бага 2-3 настай юм уу гэмээр жаахан хүүхдийн хамт гурвуулаа сууж байсан. Гэрт нь орох үед хоол цай идэж ганц нэг пиво уусан бололтой л харагдаж байсан. Бид хоёр ороод цай цүү уугаад сууж байтал П урд талын дэлгүүр ороод ирье гэхэд тэдний гэрт байсан танихгүй хүүхэн би хамт явнаа хүүхэддээ ундаа авна гээд бид хэд машинд сууж байсан чинь ардаас гараад ирсэн. Пийн гэрт нөхөр нь хүүхдийн хамт үлдсэн. Бид хэд төв замын урд байх дэлгүүр дээр очоод П тухайн дэлгүүрт ороод буцаад нэг ундаа аваад гараад ирсэн. Энд пиво зардаггүй юм байна гэхээр нь бид нар буцаж хөдлөөд Пийн гэрт ортол нөгөө залуу хүүхэдтэйгээ байхгүй байсан. Тэгээд байж байтал нөгөө хүүхэн зөрөөд л гараад гүйсэн. Би юу болоод байгааг ч ойлгоогүй. Пийн гэрт орж ирээд сууж байтал манай эхнэр Э, Г нар нөгөө хүүхний ардаас гүйгээд л гарцгаасан. Тэгтэл Г буцаж орж ирээд та хоёр гараад ирээ, энэ талын айл руу хамт оръё гээд дуудтал П намайг хамт оръё гээд бид хоёр зэргэлдээ хашаа руу ортол хашаан дотор байсан гэрийн хаалга онгорхой, хүн орилоод байгаа сонсогдсон. Гэрт яваад ортол эхнэр нь хүүхдээ тэврээд орны урд суугаад уйлаад байсан. Харин нөгөө нөхөр нь юу ч болоогүй юм шиг, яадаг юм би хүүхдийг чинь зодчихлоо, одоо үхнэ наадах чинь гээд инээгээд байсан. Би ч тухайн үедээ айгаад л ухаан санаа самуураад чи чинь яаж байгаа хар пизда вэ, энэ чинь нялх амьтан шүү дээ гэхэд өөдөөс юу ч болоогүй юм шиг миний хүүхэд биш шүү гээд байсан. Тэгээд орон дээрээ хойшоо савж унаж байснаа цагдаа нар ороод ирсэн чинь юу ч болоогүй юм шиг босож ирээд цагдаагийн машинд гадуур куртикээ өмсөөд суугаад яваад өгсөн. Би хүүхдийг нь нарийн тогтож хараагүй нүүр нь авах юмгүй болсон харагдаж байсан цус их алдсан, тархи толгой нь хагарсан юм шиг харагдаж байсан. Би 2025 оны 10 дугаар сарын 20-ны орой 20 цаг өнгөрч байхад Пийн гэрт орсон юм. Гэрт нь орох үед танихгүй хүүхэн залуу хоёр жаахан хүүхэдтэйгээ байж байсан. Тэр хэд ганц, хоёр пиво л уусан байх. Намайг орох үед дууссан байх шиг байсан. Тухайн залуу ярьж хөөрөөд л ширээ тойроод сууцгааж байсан. Ухаангүй согтсон, тасарсан гэхээр харагдаагүй. 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Б.Пийн гэрт орох үед М.С гэх 3 настай, эмэгтэй хүүхдийн биеийн байдал нь хэвийн байсан, гэмтэл шарх байгаагүй. Би гэрт нь орох үедээ хараад уур хүрээд чи яагаад ингэж байгаа юм бэ гэхэд урдаас инээгээд наадах чинь ямар миний хүүхэд биш дээ гэж хэлж байсан. Ёстой аймаар хүн байна бурхан минь би хүүхдийг хараад их айсан. Би гаднаас орж ирсэн даруйдаа нэг их анзаараагүй юм. Сүүлд л П, Г нар байшингийн шал болон хана цус болсон байна, бид нарыг гараад явсан даруйд л манайд зодож дээ гэж ярьж байсан.” гэх мэдүүлэг /1хх-ийн 43-45 хуу/  

Мөрдөн байцаалтын шатанд гэрч О.Эгийн мэдүүлсэн: “... Би тухайн өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн Бүрд гэх газраас аймгийн төв рүү орж ирсэн. Ингээд орой буцахаар болсон. Энэ үед хамаатны дүү болох Пийн гэрээр ороод гаръя гээд нөхөр Чын хамтаар очсон. Бид хоёрыг очих үед 22 цаг болж байсан байх гэхдээ цаг сайн хараагүй болохоор хэд болж байсныг мэдээгүй. Ямар ч байсан нэлээн орой болсон байсан. Дүү Пийн гэрт ороход П эхнэрийн хамтаар мөн хөрш айлын эхнэр нөхөр гээд эрэгтэй, эмэгтэй хоёр залуучууд хүүхдийнхээ хамт байсан. Бид хоёрыг орох үед П хөрш айлын залуугийн хамт 2 пиво уусан шинжтэй нэг пиво нь дуусчихсан нэг нь талаас доош орсон байсан. Ингээд байж байхад П ах, эгч хоёр ирлээ онгорхой дэлгүүр байна уу дэлгүүр орчихоод ирье гээд П, түүний эхнэр Г болон хөрш айлын охин бид тав дэлгүүр рүү явсан. Харин Пийн гэрт хөрш айлын залуу хүүхдийнхээ хамт хоёулахнаа үлдсэн. Бид нар дэлгүүр ороод удаагүй. Ойролцоогоор 3-5 минут болоод ирсэн. Ирэхэд Пийн гэрийн хаалга онгорхой нөгөө хөрш айлын залуу хүүхдийн хамтаар байхгүй байсан. Пийн гэр рүү ороход зүүн талын хана, шал, ор хэсэгт нь цус болчихсон байсан. Тэгэхэд нөгөө хөрш айлын охин гэр рүү гүйсэн. Араас нь Г явсан. Гг ирэхгүй болохоор нь П болон манай нөхөр бид гурав нөгөө хөрш айлынд очсон. Гэрт нь ороход хөрш айлын эхнэр нь хүүхдээ тэвэрчихсэн уйлаад сууж байсан. Нөгөө залуу баруун талын орон дээрээ сууж байсан. Хүүхдийнх нүүр хэсгээс их хэмжээний цус гарч байсан. Тэгээд цагдаа болон эмнэлэг рүү дуудлага өгсөн. Дуудлагын дагуу эмч ирээд нөгөө охиныг аваад явсан. Харин цагдаа нар ирж нөгөө хөрш айлын залууг аваад явсан. Ер нь бол миний мэдэх зүйл энэ. Хөрш айлын залуу болох Даас ямар шалтгааны улмаас охиноо зодсон болох талаар асуугаагүй. Намайг Пийн гэрт орох үед дотор талын шал хэсэг, баруун талд байрлуулсан орон дээр, зүүн талын хана хэсгээр цацарсан цус болчихсон байсан. Д тухайн үед нээх согтуу байгаагүй. Өөрийгөө хянах бүрэн чадвартай байсан. Бид нарыг дэлгүүр явах үед Д Пийн гэрийн хоймор хэсэгт газар хэвтчихсэн харин охин нь дээр суучихсан тоглоод байж байсан. Пийн гэр рүү орох үед Д хэн нэгэн хүнтэй хэрүүл маргаан хийсэн зүйл огт ажиглагдаагүй. Зүгээр хэвийн байцгааж байсан. Намайг Пийн гэрт ороход Сгийн биед ил харагдах ямар нэгэн бэртэл гэмтэл байгаагүй.” гэх мэдүүлэг /1хх-ийн 48-50 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Эын мэдүүлсэн: “... Миний төрсөн ах Г.Д нь 1991 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн. Г.Дыг манай аав бага байхад Г гэх айлаас өргөж авч байсан. Г нь миний аавын төрсөн дүү байсан юм. Бага насаа Архангай аймгийн Тариат сумын Тэрх багийн нутаг дэвсгэрт хөдөө аав, ээжийн гар дээр өссөн. Цэцэрлэг, сургуульд сурч байгаагүй. Ер нь хөдөө мал маллан өссөн. Г.Д нь түргэн ууртай. Түүнээс өөр ямар нэгэн элдвийн буруу зан араншингүй. Миний нүдэнд архи соггууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй. Харин тамхийг багаасаа татсан. Миний ах Д нь цэргийн алба хааж байгаагүй. Миний ах Г.Д нь гэр бүл зохиож тусдаа гарч байгаагүй. Харин Ш.О гэх хүнтэй 2024 оны 09 дүгээр сард фейсбүүкээр танилцаж, түүнээс хойш одоог хүртэл хамт амьдарч байгаа. Ш.О нь анх манайд ирэх үедээ Улаанбаатар хотынх гэж байсан. Нэг удаа манай гэр бүлийнхэн суулгахгүй гээд Ш.Оын аав, ээжийг нь дуудаж хүлээлгэж өгч байсан. Тэгээд аав, ээж хоёр ирээд охиныг нь авч ирсэн. Ш.Оыг аваад яваач гэхээр бид нарын үгэнд ордоггүй гээд үлдээгээд явсан байсан. Тэгсэн Ш.Оыг үлдээгээд охиныг нь аваад явсан байсан. Г.Д, Ш.О нарын гэр бүлийн хоорондын харилцаа холбоо хамаарал нь ямар байдаг талаар сайн мэдэхгүй. Учир нь байнга хамт байдаггүй. Миний ах Д нь Архангай аймаг руу шилжээд ирсэн, аймгийн Эрдэнэбулган сумын …. дугаар баг Наранбулаг хорооллын ....тоотод оршин суудаг. Тухайн газар нь миний төрсөн эх Цгийн эзэмшлийн газар байгаа юм.” гэх мэдүүлэг /1хх-ийн 67-69 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Эын мэдүүлсэн: “... Миний ач охин болох С нь 2022 оны 04 дүгээр сарын 02-ны Дорнод аймгийн Хэрлэн сумын төрөх тасагт төрсөн. Төрөөд Дорнод аймагт байж байгаад манай бэр болох Ш.О нь би хүүхдээ аав, ээж хоёр дээрээ аваачиж өсгөнө гээд 1 сар гаран болоод Төв аймгийн Эрдэнэ сум руу явсан. Тэрнээс хойш бол уулзаагүй. Харин гар утсаар буюу фейсбүүк чатаар видео калл хийж ярьдаг байсан. Ш.О нь хүний үгэнд ордоггүй эрх дураараа, савал хийвэл хүүхдээ аваад явна гээд аваад явчихдаг хүүхэд байсан. М, О нар 2020 билүү 2021 онд танилцаж байсан санагдаж байна. Гэхдээ буруу хэлсэн байж магадгүй. Манай хүүтэй үерхэж найзлаад 1 жил билүү 2 жил болсон. Тэгээд хүүхэдтэй болсон. Энэ үед манай хүү гар утасны хулгайн хэрэгт холбогдсон. Түүнээс Ш.О нь манай хүүхдээс зай барьж хүүхдийг нь хүртэл аавтай нь уулзуулдаггүй байсан. Амь хохирогч хэлд орсон, гайгүй ярьдаг байсан. Би ярилгүй нэлээн удсан болохоор бас сайн мэдэхгүй байна... “гэх мэдүүлэг /1хх-ийн 72-74 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Нийн мэдүүлсэн: “... Би 2025 оны 10 дугаар сарын 20-оос 21-нд шилжих шөнө Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байх өөрийн гэртээ амарч байтал нэг үл таних ........... дугаараас дуудлага ирэхээр нь утсаа автал манай охин Ш.Оын хоолой сонсогдож байсан. Юу болсон талаар асуухад өөдөөс орилоод уйлаад унасан. Би чи уйлахаа азнаад юу болсон талаар тайван яриадах гэтэл охин бид хоёр эмнэлэгт ирсэн байна, Г.Д охиныг зодоод одоо ухаангүй сэхээнд байна гэж хэлсэн. Бид хоёр орноосоо босоод л Архангай аймаг явахаар болоод бие нь ямар байгааг асуугаад яваад байтал сэхээнд орсон гэдэг үг л хэлсэн. Би бодохдоо эмнэлгийн хаалгаар орсон, бараадсан юм чинь юундаа санаа зовох вэ одоо удахгүй босоод ирнэ гэж бодоод л замд давхиад байлаа. Тэгээд 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 12 цаг болох гэж байхад аймгийн төвд орж ирээд шууд эмнэлэг дээр очих үед манай зээ охин амьсгал хураасан байдалтай байсан. Эмнэлгийн өрөөнд ороод царайг нь харах үед үнэхээр нүд халтрам болгосон байсан. Царайг нь хараад би зээ охиноо таниагүй. Тэгээд тухайн үедээ шууд шоконд орж бие маань хямарсан одоо арай дээрдэж байна. Миний хоёр хүүхэд 2025 оны 02 дугаар сарын сүүл үеэр сар шинийн баяр болж байхад Архангай аймагт анх ирж байсан санагдаж байна. Тэгээд 4 дүгээр сард нь манай нөхөр бид хоёр хүүхдээ ирж авч явмаар санагдаад Архангай аймагт өөрсдөө ирж зээ охиноо аваад 2025 оны 08 дугаар сар хүртэл Төв аймгийн Эрдэнэ суманд гэртээ байлгасан юм. Тэгтэл манай охин Ш.О, хамтран амьдрагч Г.Дын хамт Архангай аймгаас ирээд бид хоёр охиныг авч явъя гээд гуйж гувшаад унасан юм. Г.Д зээ охиныг минь авч явах үедээ Ш.О охиноо санаад байх юм аа цэцэрлэг сургуульд оруулж тэндээ бөөндөө тухтай сайхан амьдрана гээд нөхөр бид хоёрт гоё, гоё юм ярьж хэлж, цаасан малгай өмсгөж байгаад аваад явсан юм. Өөрийгөө надад буруу зөрүү зан байхгүй, архи уудаггүй, тамхи л татдаг гэж хэлж байсан. Одоо сонсоод байхад дандаа худал хэлж байсан байна лээ. Би хоёр хүүхэдтэйгээ орой бүхэн л чатаар залгаж ярьдаг байсан юм. Тэгэхэд гурвуулаа давгүй л аж төрж байгаа юм шиг санагддаг байсан. Манай охин Ш.О урьд өмнө нэг амьдрал зохиогоод бүтээгүй салж сарнисан болохоор энэ Г.Д гэх залуутай амьдралаа болгоё, бүтээе гэж зорьсон юм шиг байгаа юм. Нөхөр бид хоёроос байгаа байдлаа нуугаад огт зодож нүдээд байна гэж хэлдэггүй байсан. Миний зээ охин чинь 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр манай охин Ш.Оын анхны охин болж мэндэлж байсан юм. Өөрийн төрсөн аавын нутаг болох Дорнод аймагт төрж байсан. Тэгээд аав, ээж хоёр нь хоёр тийшээ салах болоод 1 сар гарантай байх үедээ манай гэрт ирж нөхөр бид хоёр хоёр нас хүртэл нь гэртээ өсгөж байсан. Тэгтэл ээж Ш.О нь 2024 оноос Архангай аймагт нэг залуутай танилцаж тус аймагт ирэх болсноос хойш зээ охиныг минь ганц нэг удаа өөр дээрээ авах болсон юм.” гэх мэдүүлэг /1хх-ийн 77-79 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Шийн мэдүүлсэн: “... 2025 оны 10 дугаар сарын 21-ний шөнө 02 цагийн үед манай охин Ш.О утсаар залгаад охины бие муу байна сэхээнд орсон ир гэхээр 2025 оны 10 дугаар 21-ний шөнийн 03 цагийн үед Архангай аймаг руу гарсан. Тэгээд өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сум руу орж ирэхэд М.Сг нас барсан талаар хэлсэн. Үүний дараа 13 цагийн үед Архангай аймагт ирээд эмнэлэг дээр очиход цагаан даавуугаар толгойг ороож мөн цагаан даавуугаар бүтээсэн байдалтай байсан тэгээд моорогт байрлуулсан. Амь хохирогч М.С архаг хууч өвчин байхгүй. Манай охин Ш.О өнгөрсөн жилээс хойш Архангай аймагт нэг залуутай танилцаад хамт амьдарч байгаа гэж ээж нь хэлж байсан. Өнгөрсөн 8 дугаар сард Г.Д, Ш.О нар ирээд амь хохирогчийг цэцэрлэгт оруулна гэж хэлээд аваад явсан би тухайн үед нь хэлж байсан хүний хүүхдийг өсгөж чадах юм уу гэхэд Г.Д чадна гэж хэлж байсан. Манай охин Ш.О гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байсан талаар мэдэхгүй. Нарийн ширийн асуудлыг ээждээ л хэлдэг байсан.” гэх мэдүүлэг /1хх-ийн 82-83 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ж.Цгийн мэдүүлсэн: “... 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Бортын бригадын Хужирт гэх газар хөдөө гэртээ байж байтал манай охин Э залгаад Нямаа ах цагдаа дээр хэрэгт холбогдоод хүрээд иржээ, та нэг аймаг ороод ирэх үү гэхээр нь би унаа олоод аймагт ирсэн юм. Тэгтэл охин маань ээж минь та тайван байгаарай, нөгөө Нямаа ах чинь хамтран амьдарч байсан хүүхнийхээ хүүхдийн амь насыг нь бүрэлгэсэн байна, юунаас болсон болохыг нь мэдэхгүй юм гэж хэлсэн. Тэгээд миний бие хямраад тухайн үедээ өөрийн мэдрэлгүй, ухаан санаагаа алдсан. Ш.О нь 2024 оны 09 дүгээр сард Архангай аймагт байх манай хүү Г.Дын гэрт ирсэн байсан. Би Г.Даас хаанаас ирсэн хүүхэн юм бэ, ээж аав нь хаана байдаг юм гэхэд Улаанбаатар хотоос ирсэн. Бид хоёр фэйсбүүкээр танилцаад найзалж байсан юм гэж хэлсэн. Би тухайн үедээ утасны цаанаас танилцаад суудаг юм гэж юу байдаг юм зан чанарыг нь сайн таниагүй байж хүн дагуулж ирээд гээд тухайн үедээ загнаад өнгөрч байсан. Тэрнээс хойш Дын гэрт хамт амьдарсан. Харин хүүхдийг нь 2025 оны 08 дугаар сарын эхэн үеэр хоёулаа Төв аймгийн Эрдэнэ суманд байх Оын аав ээжээс нь авч ирсэн байх тэгээд аймагт цэцэрлэгт оруулсан гэж хэлж байсан. Би Дын амьдралд их оролцоод байдаггүй юм. Өөрт байсан мал ахуйгаа зараад Дд хашаа, гэр авч өгч тус тусдаа амьдралаа бүтээ гэж бодсон юм. Хоорондоо чухам ямархуу харилцаатай байсан талаар нь сайн мэдэхгүй байна. Манай аймагт амьдардаг охин маань хааяа нэг гэр орноор нь очих үед О нь архи дарс уусан байдалтай байж байдаг, тэр хүүхэн ч манай ахад хань болохооргүй хүүхэн байна даа гэж надад ярьдаг байсан. Д нь манай гэрт 5 настайдаа ирж байсан юм. Төрсөн аав ээж нь бага насанд нь хоёр тийшээ салсан учраас наашаа гэх хүн амьтан олдохгүй Улаанбаатар хот руу хэрэг төвөг тарьж алга болоод тэндээ траншейн зэрэгт амьдарч байсан. Бид нар наашаа татаж аваад ойр зуурын ажил хийлгэх гэтэл дэлгүүр хоршоо ухаж, хулгай хийгээд тухайн дэлгүүрээ хүртэл шатааж байсан. Түүнээс болоод хэдэн жил шорон оронгоор явсан. Сүүлийн хэдэн жил ч арай дээр болж айлын мал ахуй хараад тогтоод байсан. Суурь хүмүүжил бол маш муу гэж би хэлнэ. Их шаралхуу зантай, гэв гэнэт л алга болдог, зөнгөр зантай хүн байгаа юм.” гэх мэдүүлэг /1хх-ийн 86-88 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Дын мэдүүлсэн: “... М.С нь 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс манай ангид суралцах болсон. Хичээлийн шинэ жил эхлээгүй байхад 08 дугаар сарын 25-ны өдөр ээж нь хүүхдээ дагуулж ирээд бүртгүүлж байсан. Манай цэцэрлэгийн системд бүртгэгдсэн судалгаан дээр А аймгийн Э сумын .... баг, Баянбулаг хороололд аав, ээжийн хамт ам бүл гурвуулаа, гэрт амьдардаг гэж бүртгэгдсэн байсан. Намар хичээл эхэлсний дараа ээж нь ганцаараа хүргэж ирээд байсан. Сүүлийн үед хойд аав нь гэх хүн ээжтэй нь ээлжлээд хүргэж ирээд авдаг болсон. 2025 оны 10 дугаар сарын 20-ны орой хойд аав нь гэх эрэгтэй орж ирж ангиас аваад хувцаслаад гараад явсан. Би ээж нь яасан юм гэхэд гадаа хүлээж байгаа гэж хэлж байсан. Архи уусан гэхээр шинж ажиглагдаагүй юм байна. Хойд аав нь болон ээж нь ирээд ангийн хаалгыг онгойлгоод нэрээр нь явъя гээд дуудахаар урдаас нь гүйгээд л очдог байсан. Хүүхэд л болсон хойно гэртээ харих гээд бөөн хөөр болдог. 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хэд хоног таслахгүй явж байгаад 09 дүгээр сарын дунд үеэр 7 хоног ирэхгүй таг алга болсон. Би ээжтэй нь холбоо барих гээд залгатал утас нь болохгүй байж байгаад дараа долоо хоногоос нь хүрээд ирсэн. 7 хоног таслаад явахдаа аав, ээжтэйгээ гурвуулаа самарт явсан л юм ярьсан. Өглөө авах бүртээ л бид нар хүүхдүүдийнхээ биеийг нь аль болох эргүүлж тойруулж хардаг юм. Хөхөрсөн шалбарсан гэхээр зүйл ажиглагдаж байгаагүй. Талийгаач маань үеийн хүүхдүүдээ бодвол их хэрсүү охин байсан юм. Ангид хичээл дасгал хийх үед хамгийн түрүүнд эмх цэгцтэй хурдан түргэн хийдэг байсан. Ангийн хүүхдүүдтэйгээ эвтэй найртай найзуудтайгаа муудахгүй. Тоглоом болон хичээлийн хэрэглэгдэхүүнээ хураагаарай гэхэд хамгийн түрүүнд хурааж үгэнд сайн ордог байсан. Биеийн хөгжил өсөлт сайн хэл нь их хурц тод биш ч гэсэн өөрийгөө илэрхийлэх чадвартай.” гэх мэдүүлэг /1хх-ийн 159-161 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Дгийн мэдүүлсэн: “... Хэрэг болсон гэх А аймгийн Э сумын .... багийн нутаг дэвсгэр Б хороолол ..... тоотод оршин суудаг айлаар орж уулзаж байгаагүй. Амь хохирогч М.Сг хүчирхийлэлд байдаг талаар мэдээлэл ирж байгаа. Мөн хүүхдийн тусламжийн 108 дугаарын утас болон хөрш зэргэлдээд айлууд, цэцэрлэгийн багш зэрэг хүмүүсээс хүчирхийлэлд өртөж байгаа талаар мэдээлэл ирээгүй. Хүчирхийлэлд өртөж байсан талаар мэдээлэл ирж байгаагүй болохоор урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар нэгэн ажил арга хэмжээ зохион байгуулж байгаагүй. Багийн иргэдтэй улиралд нэг удаа уулзалтыг зохион байгуулдаг. Харин цагдаагийн байгууллагаас албан мэдэгдэл ирсэн тохиолдолд мэдэгдлийн дагуу ажил, арга хэмжээ зохион байгуулдаг. Энэ оны 1,2,3 улиралд уулзалтыг зохион байгуулсан. 2025 оны 1 дүгээр улиралд 4 удаа багийн иргэдтэй уулзалтыг зохион байгуулсан. Гэхдээ би яг сар, өдрийг санахгүй байна. 2 дугаар улиралд багийн төв дээр зохион байгуулсан. Зохион байгуулсан сар 2 дугаар сард байх нарийн санахгүй байна. Хамгийн сүүлд 10 дугаар сарын 03-ны өдөр тус тус зохион байгуулсан. Багийн иргэдийн уулзалт зохион байгуулах үед тухайн хэрэг болсон газарт оршин суудаг эхнэр, нөхөр болон хүүхдүүд нь огт ирж байгаагүй. Тухайн хаягт нүүж ирснээс хойш хүн амын өрхийн мэдээллийн санд бүртгүүлж байгаагүй. Бүртгүүлэх талаар хэлж ярьж байгаагүй. Харин бүртгүүлэх асуудлыг тухайн хүн өөрөө ирж бүртгүүлэх үүрэгтэй. Түр оршин суугчаар явдаг. Үндсэн хаяг нь Архангай аймгийн Тариат суманд бүртгэлтэй. Яг тухайн хэрэг болсон газар бол эмзэг цэгт ордоггүй. Тухайн хүмүүсийг архидан согтуурч байгаа нь орой үдшийн цагаар явах үед мэдэгддэггүй байсан. Хамт ажилладаг хүн болон хөрш айлуудтай нь ярилцлага хийхэд архидан согтуурдаггүй байсан талаар мэдээлэл өгсөн. Хамт ажилладаг хүнийг С, хөрш зэргэлдээ айлын хүмүүс нь гэвэл В, Г гэж хүмүүстэй байдаг. Тухайн хүмүүстэй уулзалт ярилцлага хийсэн. Д нь түр оршин суугчаар бүртгүүлсэн бүртгэл огт байхгүй. Тухайн газарт өмнө нь ямар нэгэн айл байсан талаар шүүх боломжгүй. Харин хүний нэрээр нь хайх юм бол шүүж болно. О, Д нартай биечлэн огт уулзаж байгаагүй.” гэх мэдүүлэг /1хх-ийн 166-168 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч О.Бын мэдүүлсэн: “... Миний амьдардаг газрын ойролцоо зэргэлдээ хөрш айлуудын нэрийг бол сайн мэдэхгүй ямар ч байсан ертөнцийн зүүн талд хөгшин настай хоёр хүн, урд талд Д, О нар баруун болон хойд талд айл байхгүй. О, Д нар нь хоорондоо хэрүүл маргаан хийж байсан. Цаг хугацаа нь гэвэл 2025 оны 08 дугаар сарын сүүлээр санагдаж байна. Өдрийг нь бол сайн санахгүй байна. Гэрт нь ирж хүмүүс архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн юм шиг байгаан хүмүүс явсаны дараа О, Д нар хоорондоо хэрүүл маргаан хийгээд байсан. Гэрт байхад тэр сонсогдоод байсан. Ер нь бол манай урд талын хашаа юу болж өнгөрч байгаа зүйл нь сонсогддог. Тухайн үед бол гэрт нь ороогүй. Тэр цаг нь шөнийн 22-23 цагийн үед болж байсан. Нэг эмэгтэй хүн чи аавыгаа аав гэж дуудсангүй ааваа гэж дууд гэж загниж зандраад байдаг. Мөн 2025 оны 08 дугаар сард О гэх эмэгтэй нь бага насны хүүхдийг гэрээсээ гаргаад гадаа зогсоогоод байсан. Тэр үйл явдал нь өдөр болсон. Тэгэхэд нь би хашааны завсраар харсан юм. Тэгснээ дараа нөгөө эмэгтэй нь гарч ирээд хүүхдээ аваад гэр рүүгээ орсон. Миний мэдэж байгаа нь түүнээс өөр надад мэдэх зүйл байхгүй. 2025 оны 08 дугаар сарын сүүлээр санагдаж байна. Манай ээж Оийг хашаан дотроо юм хийж байхад нь О гэх эмэгтэй нь хүүхэд рүүгээ чанга чанга хашхираад байхаар нь хашаа руу орсон чинь гэр рүүгээ оруулахгүй та нарт ямар хамаа байна хөөж туусан талаар надад хэлсэн. Би 2025 оны 10 дугаар сард гэртээ байгаагүй. Учир нь төрчихсөн эмнэлэгт байсан. 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн. Төрөөд эмнэлэгт 10 гаруй хоног байж байгаад гэртээ 10 сарын 11, 12-ны үеэр ирсэн. Ер нь бол хоёулаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг. Байнгын хүмүүс ирдэг. Миний мэдэхийн 2-3 удаа хүмүүс ирж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нөхөртэйгөө хэрүүл маргаан хийгээд байдаг. Би огт цагдаагийн байгууллагад дуудлага өгч байгаагүй. Тухайн эмэгтэй ааштай ууртай хүн байдаг гэсэн болохоор нь цагдаагийн байгууллагад дуудлага өгөөгүй юм.” гэх мэдүүлэг /1хх-ийн 199-201 хуу/  

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Л.Оийн мэдүүлсэн: “... Миний амьдардаг газрын ойролцоо зэргэлдээ хөрш айлуудын нэрийг бол сайн мэдэхгүй ямар ч байсан ертөнцийн зүүн талд хөгшин настай хоёр хүн, урд талд Д, О нар баруун болон хойд талд айлгүй. Тухайн хүмүүсийн нэрийг нь мэдэхгүй. Танилцаж байгаагүй. Би өглөө гараад оройдоо гэртээ ирж амардаг. Тийм болохоор яг нарийн сайн бол мэдэхгүй. Харин манай хөрш айлын залуу хосууд хоорондоо хэрүүл маргаан хийж байгаа сонсогддог. Миний санаж байгаагаар 2025 оны 08 дугаар сард гэхдээ өдрийг нь сайн санахгүй байна. Манай хашаан дотор байдаг нойлын харалдаа ертөнцийн зүгээр урд талд байдаг хөрш айлын гэр нь байдаг. Нойл орох гээд явж байтал гэрт дотор нэг эмэгтэй хүн чи аав гэж дууд гээд байсан. Тэгэхээр нь би тэр үед хашаанаасаа гараад нөгөө урд талд байдаг хөрш айлын хашаа руу орсон. Тэгсэн миний урдаас нэг эмэгтэй гарч ирээд зайл чи чамд хамаагүй гэж үгийн зөрүүгүй уурласан. Мөн чи тэр гэдсээ чирсэн охиноо хүмүүжүүлж тэрэндээ хэл гэхээр нь би яваад өгсөн. Тэрнээс хойш хэрүүл маргаан хийж байгаа болон хүүхэд хүчирхийлж байгаа чимээ сонсож байгаагүй. Би өглөө эрт гэрээс гараад орой гэрт орж ирдэг болохоор нарийн сайн мэдэхгүй байна. Манайхыг 2023 оны хавар нүүж ирэхэд тухайн хашаанд Дынх нүүгээд ирсэн байсан. Манайхыг хашаагаа барьж байхад Д ирээд ахаа эгчээ би хөдөө явах гэж байгаа юм хашаа харж байгаарай гэж хэлж байсан. Тэр үед эхнэр хүүхэдгүй ганц бие гэж байсан. О гэх хүнийг хэзээ ирснийг нь би мэдэхгүй байна. Нэг мэдсэн хүүхэдтэй эмэгтэй ирсэн байсан. Миний нүдэнд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаа харагдаж байгаагүй. Би огт цагдаагийн байгууллагад дуудлага өгч байгаагүй. Нөгөө эмэгтэй надад хандаж би таныг цагдаа дуудаж өгнө гэсэн. Хариуд нь би өг өг гэж хэлсэн. Хэнийнх буруу болохыг цагдаагийн алба хаагч ирээд шидээд өгнө гэж хэлээд яваад өгсөн. Цагдаа дуудах юм бол үнэн учрыг нь хэлээд өгнө гэж бодоод тэр үед нөгөө охиныг цагдаа дуудсан байх гэж бодоод цагдаагийн байгууллагад дуудлага өгөөгүй юм.” гэх мэдүүлэг /1хх-ийн 204-206 хуу/  

Мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Н мэдүүлсэн: “Миний бие Архангай аймгийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газарт 5 дугаар багийг хариуцсан хүүхэд гэр бүлийн нийгмийн ажилтан ажлыг 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс эхэлж томилогдон одоог хүртэл ажиллаж байна. Тухайн тоот хаягт байдаг хүмүүстэй огт очиж уулзаж байгаагүй. ... Амь хохирогч М.Сг хүчирхийлэлд байдаг талаар мэдээлэл ирж байгаагүй. Мөн амь хохирогч хүчирхийлэлд орж байгаагүй. Хүүхдийн тусламжийн 108 дугаарын утсанд дуудлага ирж байгаагүй, мөн тухайн айлын ойр орчимд хяналтаар эргэлт хийх явцад зөрчил гарсан, архидан согтуурсан тийм зүйл ажиглагдаж байгаагүй болохоор урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулж байгаагүй. Багийн иргэдтэй улиралд нэг удаа уулзалтыг зохион байгуулдаг. 1, 2, 3 дугаар улиралд багтаан багийн иргэдтэй уулзалтыг зохион байгуулсан. Хамгийн сүүлд 2025 оны 10 дугаар сард өдрийг нь санахгүй байна. Уулзалтыг зохион байгуулж айх үед О, Д нар ирж байгаагүй. Яг тухайн хэрэг болсон газар эмзэг цэгт ордоггүй. ...О, Д нартай биечлэн огт уулзаж байгаагүй.” гэх мэдүүлэг /1хх-ийн 209-210 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Бийн мэдүүлсэн: “... Миний бие цагдаагийн газрын даргын баталсан томилгооны дагуу 2025 оны 10 дугаар сарын 20-ны шөнө 22 цагаас 2025 оны 10 дугаар сарын 21-ний шөнийн 05 цагийн хооронд шөнийн эргүүлийн үүрэг эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлагч М.Уранбаярын хамт үүрэг гүйцэтгэж ажилласан. Үүрэг гүйцэтгэж байх хугацаанд буюу 2025 оны 10 дугаар сарын 20-оос 21-нд шилжих шөнийн 00 цаг өнгөрч байхад билүү 00 цагийн үед ............ тоот хаягаас хойд аав нь хүүхдээ зодсон гэсэн дуудлага ирлээ гэж жижүүрээс ярьсан. Тэгэхээр нь тухайн дуудлагыг хүлээн авч дуудлага өгсөн хаяг дээр ирэхэд хөрш айлын хүн болох Г гэх хүн нөхрийнхөө хамт Д гэх хүнтэй гурвуулаа байсан. Юу болсон талаар дуудлага өгсөн хүнээс асуухад Д гэх хүн 3 настай хүүхдээ зодсон хүүхэд нь ухаангүй түргэний эмч ирээд эмнэлэг рүү аваад явсан гэж хэлсэн. Тэгээд нөгөө хүүхдээ зодсон гэх залуу болох Дыг аваад цагдаагийн газарт ирж эрүүлжүүлэх саатуулах байранд хүлээлгэн өгсөн. Дуудлагаар очих үед Д нь гэр дотроо зогсчихсон нөгөө хөрш айлын хоёр хүн ямар учраас хүүхдээ зодож байгаа юм гэх зэргээр загнаж байсан. Тус үйлдэлд Д гэх залуу ямар нэгэн хариу өгөхгүй чимээгүй зогсоод байсан. Тэгээд шууд аваад явсан. Түргэн дуудаад түргэний эмч ирээд аваад явсан гэж хөрш айлын хүн нь хэлсэн. Түүнээс дуудлагаар очих үед бол амь хохирогч байгаагүй. Би тухайн үед бол нээх анзаараагүй миний нүдэнд ил харагдахаар цус нүж болсон зүйл байгаагүй. Гэрт дотор эд зүйлс эмх цэгцтэй харин хүүхдийн хувцас энэ тэрүүгээр хөглөрсөн байсан...” гэх мэдүүлэг /2хх-ийн 110-111 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Г.Дын мэдүүлсэн: “... Би уншиж бичиж чадахгүй. Мөн сургуульд сурч байгаагүй болохоор ямар нэгэн боловсрол эзэмшээгүй. Тийм учир өмгөөлөгч сонгон авсны дараа мэдүүлэг өгнө.” гэх мэдүүлэг /1хх-ийн 113-114 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Г.Дын дахин мэдүүлсэн: “... Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж ухаанаа алдсан байсан болохоор юу ч санахгүй байна. Тийм болохоор миний үйлдэл тохирохгүй байна. 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр нэг дэх өдөр байсан. Өглөө 08 цаг 30 минутын үед тус аймгийн Эрдэнэбулган сумын 9 дүгээр цэцэрлэгт хүүхдээ хүргэж өгсөн. Хүүхдээ хүргэж өгөх үед эхнэр О надтай хамт явсан. Явган хүргэж өгсөн. Хүүхдээ хүргэж өгөөд буцаад 09 цаг 05 минут гэхэд өөрийн гэр болох тус аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр ......... тоотод байх гэртээ О бид хоёр ирсэн. Гэртээ ирээд би Д гэх 40 гараад 50 дөхөж байгаа танил ахын гэр болох 4 дүгээр баг Бор толгой хороололд байдаг, тухайн хаягийг нь би мэдэхгүй, ямар ч байсан гэрт нь Оын хамт очсон. Тэднийд очоод түлээг нь хагалж өгсөн чинь 25.000 төгрөг надад өгсөн. Тэндээс өдрийн 15 цаг өнгөрч байхад гарч гэр рүүгээ О бид хоёр явсан. Гэрт ирээд өөрийн түлээний модоо хагалж дуусаад хүүхдийн цэцэрлэгийн тарах цаг нь болсон болохоор Оын хамт охины цэцэрлэг рүү явсан. Цэцэрлэгээс хүүхдээ аваад гэртээ ирэхэд 17 цаг 30 минут болж байсан байх. Гэрт байж байхад урд талын хөрш айл болох Сонио гэдэг ахаас нүүрс асуусан. Тэгсэн байхгүй байсан гэсэн. Ингээд Г эгчээс очиж нүүрс асуухад тал ногоон шуудайтай нүүрс өгсөн. Тухайн нүүрсийг аваад гэртээ ирсэн чинь О Г эгч хоол ид гэнэ гэсэн. Тэгэхээр нь би хоёр ширхэг 20 литрийн сав аваад худаг руу усанд явсан. Намайг гэртээ ус аваад ирэхэд О охиныг дагуулаад Г эгчийн гэр рүү орсон байсан. Тэгсэн над руу О залгаад Г эгчийнд ороод ирээч гэсэн. Гэр рүү нь ороход охин С болон Г эгчийн хүүхэд хоёр нохойн гөлөгөөр булаацалаад тоглоод байж байсан. Тэгэхээр нь Г эгчийн нөхрөөс нөгөө айлд чинь нохойн гөлөг байгаа юу гэж асуухад байгаа гэсэн. Тэгээд Г эгчийн нөхөр болон С бид гурав нөгөө айлаас очиж нохойн гөлөг авахаар явсан. Очиход манай охин С энэ нохойн гөлгийг авъя аав гээд цагаан чихтэй цагаан халтар гөлөг рүү заасан. Тэгэхээр нь нөгөө нохойн гөлөгийг аваад гэртээ авчирч тавьсан энэ үед цаг 19 цаг 30 минут өнгөрч байсан. Ингээд гэрт О, охин С бид гурав байж байхад Г эгч хоол ид гэж дахин дуудсан. Тэгээд бид гурав дахиад гэр рүү нь орсон. Гэрт нь орсон мах чанасан байсан. Нөгөө махнаас нь идээд байж байхад С аав зурагт үзье гэхээр нь Г эгчид хандаж хүүхэлдэйн кинон дээр тавиад өгөөч гэхэд хүүхэлдэйн кино тавьж өгсөн. Хоол идэж байсан чинь Г эгчийн нөхөр нийслэл нэртэй 2.5-тай хоёр ширхэг пиво панта гэсэн нэртэй 2 литрийн ундаа гаргаж ирсэн. Тухайн пивийг О, Г эгчийн нөхөр бид гурав уусан. Харин тухайн пивоноос Г эгч 2 аягыг уусан. Тухайн 2 пивийг хоёуланг нь ууж дуусгасан. Энэ үед 21 цаг өнгөрч байсан. Би өөрт байсан мөнгөөр Г эгчид хандаж аниа би хүний юм уусан юм чинь би нэг пиво авчих уу гэж асуусан. Тэгэхэд О тэгье тэгье гэсэн. Дэлгүүр орохоор болж бид нар бөөнөөрөө буюу зургуулаа манай гудамжинд байдаг “Б” нэртэй дэлгүүр орж дэлгүүрээс би 2 ширхэг 2.5-тай нийслэл нэртэй пиво, Г эгч бас ижил 2 ширхэг пиво аваад ингээд нийт 4 ширхэг пиво авч Г эгчийн гэрт ирсэн. Дэлгүүрээс авсан 4 ширхэг пивоноос 3 ширхэг пивийг нь О, Г эгчийн нөхөр бид гурав хувааж уугаад дуусгасан. Ингээд байж байхад Г эгчийн нөхөр нь нэг хүмүүс рүү яриад байсан. Тэгсэн гаднаас эрэгтэй, эмэгтэй хүмүүс орж ирсэн. Энэ үед цаг 21 цаг 40 минут болж байсан байх. Орж ирээд цай цүү болоод 4 дэх пивийг задалсан. Тухайн пивийг би аягалж байсан чинь согтоод хүмүүсээ хольж хутгаад аягалсан чинь О уурласан. Тэгэхээр нь миний хайр аягалчих гээд өөрт нь өгсөн. Пиво аягалж байснаа О охин С руу уурлаж гичий минь дуугай бай гээд байсан. Тэгсэн Г эгч чи яаж байгаа юм хүүхдээ тэгж хэлдэг нь гэсэн. Тэгсэн С над дээр ирээд аав утсаа өгчих гэсэн хариуд нь би өөрийн гар утсаа өгсөн. О тэгсэн энэ дандаа аав аав гээд байдаг гэж хэлээд бөгс руу нь алгадсан. Тухайн пивийг ууж байгаад би гэр рүүгээ орж куртикээ аваад галд нүүрс хийгээд ирье гээд явсан. Ингээд гэртээ байж байхад миний араас О орж ирээд чи яачихав гээд орж ирсэн. Би ч гэсэн дараад байна гээд миний куртикийг өмссөн. Ингээд байж байхад манай гэрийн гадаа Г эгч нөхрийн хамт, мөн нөгөө ирсэн байсан эрэгтэй, эмэгтэй ах эгч хоёр Г эгчийн хүүхэд, манай охин С, О бид нар бүгдээрэй өмнө орж пиво авсан дэлгүүрээс дахин 3 ширхэг 2.5-тай нийслэл, сэрүүн гэсэн нэртэй пиво авсан. Уг пивийг аваад П ахын гэрт очоод уусан. Би нэг пивийг нь ууж байсан тэрнээс хойш юу ч санахгүй байгаа. Пивийг авчрах үед 22 цаг 40 гаруй минут болж байсан байх. Энэнээс хойш би юу ч санахгүй байгаа. Би Пийн гэрт Сгийн хамт үлдээгүй. Харин бид нар бөөндөө дэлгүүр рүү явсан. Би тэр асуудлыг мэдэхгүй байна. Ямар ч байсан гурван удаа дэлгүүр орсон. Гурав дахь явалтад нь яваад Пийн гэрт ирээд нэг пивийг нь уугаад тасарчихсан байна лээ. Оыг дэлгүүр ороод ирэх үед нь өөрийн гэртээ ороод хаалгаа цоожлоод онгойлгохгүй байх үедээ охиныг чинь би зодчихлоо гэж хэлсэн талаар би санахгүй байна. Би уг нь Сг цохиж зодож үзээгүй. Тийм зүйл ч болоогүй. Ер нь би гэртээ ширүүхэн дуугарах асуудал байдаггүй юм. Ширүүхэн дуугарахаар О хүүхэд рүүгээ уурлаад байдаг. Тэгэхлээр нь хүүхдээ зодоод алчих юм болов уу гэж боддог. 2025 оны 10 дугаар анх цас орсон үеэр О охин Сг гэрээс гаргаж цасан дээр гаргаж хаясан. Тэгэхэд охин маань уйлаад байсан. Тэгээд Сг би араас нь шалдан гарч гэрт оруулж ирсэн. Тэгээд надаас салахаа байсан хүүхэд байсан юм. Ухаан ороод сэрсэн чинь миний гарын сарвуу, алга, өмсөж байсан хувцас эд нар цус болсныг мэдсэн. Түүнээс өөр мэдэх зүйл байхгүй. Орой Ггийн гэр рүү явах үед дээрх газрын хөрсөнд наалдаж хөлдсөн цус мэт улаан өнгийн зүйл болоогүй байсан. Би тэрийг ёстой мэдэхгүй байна. 3 удаа дэлгүүр орж пиво авахдаа өөр өөр дэлгүүр орсон. Б дэлгүүр рүү хоёр удаа орсон. Цэнхэр буян хүнсний дэлгүүр зэргээр орсон.” гэх мэдүүлэг /1хх-ийн 144-147 хуу/

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн АРХ............. тоот шинжээчийн дүгнэлт: “Дүгнэлт хэсэгт 1. Г.Дын гэх цусанд 0,6 промилли спиртийн зүйл илрэв. 2. Энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /1хх-ийн 153-154 хуу/

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ЕГ............ дугаартай шинжээчийн дүгнэлт: “Дүгнэлт хэсэгт 1. Шинжилгээнд ирүүлсэн ягаан өнгийн куртик, цайвар өнгийн хос бээлий, цэнхэр өнгийн юүдэнтэй цамц, шар өнгийн цэцэгтэй ногоон өнгийн футболк, саарал өнгийн даавуун өмд, ягаан өнгийн даавуун өмд, саарал болон хөх өнгийн даавуун трико, пүүзэн гутал 1 хос дээрх улаан хүрэн өнгийн толбонуудад цус илэрсэн. Ягаан өнгийн дотоож, ягаан өнгийн хос оймс дээр цус илрээгүй. Дээрх хувцаснуудад биологийн гаралтай өөр бусад толбо илрээгүй. 2. Ягаан өнгийн куртик, цайвар өнгийн хос бээлий, цэнхэр өнгийн юүдэнтэй цамц, шар өнгийн цэцэгтэй ногоон өнгийн футболк, саарал өнгийн даавуун өмд, ягаан өнгийн даавуун өмд, саарал болон хөх өнгийн даавуун трико, пүүзэн гутал 1 хос дээр илэрсэн цусны толбонуудад нэг эмэгтэй хүний ДНХ-ийн тогтоц тогтоогдсон. 3.  Ягаан өнгийн куртик, цайвар өнгийн хос бээлий, цэнхэр өнгийн юүдэнтэй цамц, шар өнгийн цэцэгтэй ногоон өнгийн футболк, саарал өнгийн даавуун өмд, ягаан өнгийн даавуун өмд, саарал болон хөх өнгийн даавуун трико, пүүзэн гутал 1 хос дээрх цусны толбонд илэрсэн нэг эмэгтэй хүний ДНХ-ийн тогтоц нь ЕГ......... дугаартай дүгнэлтийн М.Сгийн ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.” гэх дүгнэлт /1хх-ийн 174-175 хуу/

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн ЕГ........ дугаартай шинжээчийн дүгнэлт: “Дүгнэлт хэсэгт 1. Шинжилгээнд ирүүлсэн ягаан өнгийн куртик, цэнхэр өнгийн цамц, цагаан саарал өнгийн хагас ханцуйтай цамц, саарал өнгийн өмд, ягаан өнгийн өмд, саарал хөх өнгийн дотуур өмд, ягаан өнгийн дотоож, ягаан өнгийн оймс 1 хос, саарал өнгийн гутал 1 хос нь шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд ирүүлсэн ягаан өнгийн куртикт үүссэн 330 мм хэмжээтэй гэмтэл татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн шинэ ханзралт байна. Цагаан саарал өнгийн хагас ханцуйтай цамцанд үүссэн 170мм, 480мм хэмжээтэй гэмтэл нь хурц үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ зүсэгдэлт байна. /Хайч байж болно/ Шинжилгээнд ирүүлсэн цэнхэр өнгийн цамц, саарал өнгийн өмд, ягаан өнгийн өмд, саарал хөх өнгийн дотуур өмд, ягаан өнгийн дотоож, ягаан өнгийн оймс 1 хос, саарал өнгийн гутал 1 хос гэмтэл илрэхгүй байна.” гэх дүгнэлт /1хх-ийн 186-188 хуу/

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн ЕГ........ дугаартай шинжээчийн дүгнэлт: “Дүгнэлт хэсэгт 1. Шинжилгээнд ирүүлсэн хар саарал өнгийн куртик нь шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн куртик үүссэн 53 мм хэмжээтэй гэмтэл нь татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн шинэ ханзралт, 13х7мм, 90х50мм, хэмжээтэй гэмтэл дулааны үйлчлэлээр үүссэн шинэ түлэгдэлт байна.” гэх дүгнэлт /1хх-ийн 248-249 хуу/

Шүүх сэтгэц эмгэг судлалын 18 дугаартай дүгнэлт: Дүгнэлт хэсэгт: “1. Шинжлүүлэгч Г.Д нь гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд сэтгэцийн өвчингүй байсан байна. Сэтгэцийн өвчингүй тул тэр үедээ өөрийн хийж буй үйлдлийг зөв ойлгож, мэдэж, удирдаж чадах чадвартай байсан. 2. Шинжлүүлэгч нь одоо сэтгэцийн өвчингүй байна. Гэмт хэрэг үйлдэгдэхээс өмнө өвчингүй байна. 3. Сэтгэцийн өвчингүй тул түүнд албадан эмчилгээ хийлгэх шаардлагагүй. Энэ хүнд албадан эмчилгээний ямар нэг арга хэмжээ авах шаардлагагүй. 4. Шинжлүүлэгч Г.Д нь тухайн үед болсон гэмт хэргийн үйл явдлыг зөв тусган авч, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. 5. Шинжлүүлэгч Г.Д хэрэг хариуцах чадвартай.” гэх дүгнэлт /1хх-ийн 218-219 хуу/

Архангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн АРХ.............. тоот шинжээчийн дүгнэлт: “Дүгнэлт хэсэгт 1. Амь хохирогч М.Сгийн биед их тархины зүүн зулайн дэлбэнгийн тархины эдийн гүн дэх голомтлог цус харвалт, зүүн зулай, чамархайн дэлбэнгийн аалзан хальсан доорх цус харвалт, их тархины зүүн зулайн дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа /20 мл орчим/, хуйхан доорх тархмал цус хуралт, хоёр чамархайн булчинд цус хуралт, элэгний холбоос, голт, уушигны уг, нурууны нугалмын зүүн хажуугийн зөөлөн эдэд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. Нас барахын өмнө үүссэн шинэ гэмтлүүд байна. 3. Тархины аалзан хальсан доорх цус харвалт, их тархины зүүн зулайн дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа гэмтэл нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.3-д зааснаар хохирлын хүнд зэрэгт хамаарна. 4. Амь хохирогч нь гавал тархины битүү гэмтэл түүний хүндрэлийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдлаар нас баржээ. 5. Шинжилгээгээр үхэлд хүргэхээр архаг хууч өвчин тогтоогдоогүй. 6. Амь хохирогч нь 3 дугаар бүлгийн цустай байна. Цусанд спиртийн зүйл илрээгүй.” гэх дүгнэлт /2хх-ийн 13-18 хуу/ 

Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн ЕГ............ тоот шинжээчийн дүгнэлт: “Дүгнэлт хэсэгт 1.  Амь хохирогч М.С, яллагдагч Г.Д нарын хатаасан цус, The North face гэсэн бичиглэлтэй хар саарал өнгийн куртик зэрэг нь шинжилгээнд тэнцэж байна. 2. Яллагдагч Г.Дын өмсөж явсан The North face гэсэн бичиглэлтэй хар саарал өнгийн куртикнээс цус илэрсэн. 3. Амь хохирогч М.С, яллагдагч Г.Д нарын хатаасан цус, The North face гэсэн бичиглэлтэй хар саарал өнгийн куртикээс илэрсэн цус зэргийн ДНХ-ийн тогтцыг тогтоов. 4. Яллагдагч Г.Дын өмсөж явсан The North face гэсэн бичиглэлтэй хар саарал өнгийн куртикээс илэрсэн цуснаас нэг эмэгтэй хүний ДНХ-ийн тогтоц тогтоогдсон нь амь хохирогч М.С гэх хатаасан цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.” гэх дүгнэлт /2хх-ийн 36-37 хуу/

Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ЕГ............ тоот шинжээчийн дүгнэлт: “Дүгнэлт хэсэгт 1. Шинжилгээнд ирүүлсэн амь хохирогч М.Сгийн биеэс авсан арчдас 1 ширхэг нь шинжилгээнд тэнцэнэ. 2. Амь хохирогч М.Сгийн биеэс авсан арчдас дээр эр бэлгийн эс, үрийн шингэн илрээгүй. 3. Амь хохирогч М.Сгийн биеэс авсан арчдас дээр нэг эмэгтэй хүний ДНХ-ийн тогтоц тогтоогдсон. Арчдас дээр илэрсэн эмэгтэй хүний ДНХ-ийн тогтоц нь ЕГ0325/7758 дугаартай дүгнэлтийн М.Сгийн ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.” гэх дүгнэлт /2хх-ийн 49-50 хуу/

Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ЕГ............ тоот шинжээчийн дүгнэлт: “Дүгнэлт хэсэгт 1.Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газраас хураан авсан биологийн мөр гэх нунтаг хүрэн өнгийн толбо, хүрэн өнгийн толботой өвс шороо, яллагдагч Г.Дын хумснуудад цус илэрсэн. 2.  Хэргийн газраас хураан авсан биологийн мөр гэх нунтаг хүрэн өнгийн толбо, хүрэн өнгийн толботой өвс шороон дээр илэрсэн цусанд нэг эмэгтэй хүний ДНХ-ийн тогтоц тогтоогдсон. 3. Хэргийн газраас хураан авсан биологийн мөр гэх нунтаг хүрэн өнгийн толбо, хүрэн өнгийн толботой өвс шороон илэрсэн нэг эмэгтэй хүний ДНХ-ийн тогтоц нь М.Сгийн ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. 4. Яллагдагч Г.Дын хумснуудад холимог ДНХ-ийн тогтоц илэрсэн. 5. Яллагдагч Г.Дын хумснуудад илэрсэн холимог ДНХ-ийн тогтоцод М.С болон Г.Д нарын ДНХ-ийн тогтоц тус тус илэрч байна…гэх дүгнэлт /2хх-ийн 61-62 хуу/

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ШСШ........... дугаартай Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжээчийн дүгнэлт: “Дүгнэлт хэсэгт 1. Хууль ёсны төлөөлөгч Шийн О /РД:............./-ын сэтгэцэд дээрх гэмт хэргийн улмаас уй гашуугийн сэтгэл хямралын шинжүүд хүнд түвшинд илэрч байна. 2. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршигийн дөрөвдүгээр зэрэглэлд хамаарна. 3. Цаашид сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай.” гэх дүгнэлт /2хх-ийн 158-160 хуу/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 03-14 хуу/

            Амь хохирогч М.Сгийн төрсний гэрчилгээний хуулбар /1хх-ийн 53 хуу/

            Хүний биеэс цус авсан тэмдэглэл /1хх-ийн 57 хуу/

 

            Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 58-62 хуу/

 

            Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 92 хуу/

 

            Шүүгдэгч Г.Дын хувийн байдалтай холбоотой баримтууд /1хх-ийн 94-97 хуу/

 

            Хувцас, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 127-131 хуу/

 

            Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 58 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1хх-ийн 133-135 хуу/

            Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-ийн 10-12 хуу/

 

            Насанд хүрээгүй амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Оаас гаргаж өгсөн хохирлын баримтууд  /2хх-ийн 79-87 хуу/

 

            Б овгийн Мийн Сгийн насыг тоолсон тэмдэглэл /2хх-ийн 103-104 хуу/

 

            А аймгийн Э сумын .... багийн Засаг даргын 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 73 дугаартай “А аймгийн Э сумын .... багийн түр оршин суугч иргэн Г.Дын амьдардаг 11-14 хаяг нь Баянбулаг хороололд хамаардаг болно” гэх тодорхойлолт /2хх-ийн 106 хуу/

 

            Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /2хх-ийн 112-113 хуу/  

 

            Шүүх хуралдааны үед шүүгдэгчийн өмгөөлөгчийн шинээр гаргаж өгсөн 1 хуудас Ж.Цгийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

 Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй,  хэргийг шийдвэрлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. 

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 21-нд шилжих шөнө Архангай аймгийн ....... сумын ......... дугаар баг, ........ тоотод байх иргэн Б.Пийн гэрт, мөн ........ тоотод байх өөрийн гэртээ бага насны хохирогч М.С бусдад зодуулж, биед нь их тархины зүүн зулайн дэлбэнгийн тархины эдийн гүн дэх голомтлог цус харвалт, зүүн зулай, чамархайн дэлбэнгийн аалзан хальсан доорх цус харвалт, их тархины зүүн зулайн дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа /20 мл орчим/, хуйхан доорх тархмал цус хуралт, хоёр чамархайн булчинд цус хуралт, элэгний холбоос, голт, уушигны уг, нурууны нугалмын зүүн хажуугийн зөөлөн эдэд цус хуралт гэмтэл үүсч, хохирогч нь гавал тархины битүү гэмтэл түүний хүндрэлийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдлаар 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдөр нас барсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Уг гэмт хэргийг шүүгдэгч Г.Д үйлдсэн гэм буруутай болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Оын: “... охин С, Д нарыг Г эгчийнд үлдээгээд явсан. Буцаад Г эгчийнд ирсэн чинь тэдний гэрийн хаалга онгорхой харин Д, С нар гэрт нь байхгүй байсан. ... Би хаалгаа онгойлгооч хүүхэд зүгээр үү гэж асуухад хүүхдийг чинь зодчихсон гээд гэрийн хаалга онгойлгож өгсөн. Гэрт ороход охин маань зүүн талын орон дээр дээш харсан байдалтай нүүр хэсэгт нь гар нүүрний алчуурыг тавьсан байсан. Охин дээр очиход ухаангүй хамраас болон баруун талын хөмсөг хэсгээс их хэмжээний цус гарч нүүр хэсэг нь мэдэгдэхийн аргагүй аймаар болчихсон байсан. Дд хандаж би хүүхэд яагаад зодож байгаа юм бэ гэхэд миний өөдөөс хараад инээгээд зогсоод байсан. ...” /1хх-ийн 20-24 хуу/  гэх,  “... Дэлгүүр ороод бид нар нэлээн удсан ойролцоогоор 20-30 минут болсон байх. ... Бид нар дэлгүүрээс гараад П ахын гэр рүү очиход ойролцоогоор 5-10 минутын дотор очсон байх. ... Хаалга онгойлгож өгөхөөр нь би шууд охин дээрээ очиход миний охины нүүр хэсэг дээр хүрэн өнгийн алчуур тавьсан байсан. Миний охины нүүрэн дээр тавьсан байсан алчуурыг авахад нүүр хэсэг нь нэлэнхүйдээ хөхөрч хавдсан, уруул нь бомбойж хавдсан, баруун талын хөмсөг хэсэгт язарч тухайн газраас цус гарч тогтохгүй байсан. Мөн хамраас нь их хэмжээний цус гарсан байсан. Гарын сарвуу хэсгээс бугуй хүртэл хөхөрсөн байсан. Зарим хэсэг газраар самардсан гэмээр зулгарсан шархтай байсан. Хүзүүний баруун, зүүн, хэсгээр хөхөрсөн байсан. Миний охин зүгээр үү гэж асуухад ямар нэгэн хариу урвалгүй ухаангүй байсан. Хэвлий гол хэсэгт бага зэргийн хөхөрсөн байсан. ...” /1хх-ийн 28-30 хуу/ гэх мэдүүлгүүд,

 

гэрч Э.Ггийн : “... Тэгээд О бид хоёр түрүүлээд манай гэрт ортол гэрт хэн ч байхгүй байсан. Түүний дараа ардаас манай нөхөр болон Ч ах, Э эгч араас орж ирээд хүүе ээ энэ шалан дээр цус байгаа юм биш үү гэхэд О гадагшаа орилоод л гүйгээд гарсан. ... Э эгчтэй гэрт ортол О уйлаад хүүхдээ тэвэрч байсан. ... Манай гэрт орж ирэх үедээ биеийн аль нэг хэсэгт шарх, сорви байгаагүй. Сэргэлэн, цовоо манай хүүтэй тоглоод хүүхэлдэйн кино үзээд суугаад байсан...” /1хх-ийн 33-35 хуу/ гэх,  “... Гэрт ороод би хүүхдээ хөхүүлээд сууж байсан. Тэгэхэд манай нөхөр орж ирэнгүүтээ юун цус шалан дээр болсон байна аа гэсэн. Тэгэхэд Ш.О хүүхдийн хамраас цус гарсан юм болов уу гээд гэрээс шууд гүйгээд гараад явсан. Гэрт ороод сууж байхад орны толгой хэсэг бага зэргийн харагдах төдий цацарсан цус болсон байсан. Шалан дээр болсон цус 2 ширхэг цусны толбо байсан. Мөн зүүн гар талын хана хэсэг болон хөшиг зэрэгт цацарсан цус болсон байсан. ... Ингээд гэр рүү ороход О хүүхдээ тэвэрчихсэн баруун талын орны буланд сууж байсан. Хүүхдийн нүүр хэсэгт нь цустай нойлын цаас тавьсан байсан. Түүнийг хараад ухаан санаа балартаж юу болж байгааг хараагүй. Хүүхдийг хальт харахад нүүр нь нэлэнхүйдээ хөхөрсөн, нүд хөхөрч хавдаж, нүд, ам мэдэгдэхгүй байсан. /нүд нь зураас шиг харагдаж байсан/ ... Д гэрийнхээ баруун талын орон дээр доош хараад над руу эгцэлж харахгүй байсан. Мөн гар хуруу нэлээн цус болчихсон. Өмсөж явсан хувцас нь бас цус болсон байсан. Хүүхдийг гэр рүү ороод харахад нүүр хэсгээс нь их хэмжээний цус гарч хөхөрч хавдсан, өмссөн хувцаснууд нь битүү цус болсон байдалтай байсан. Ер нь бол нүүр хэсэг нь хүн харахын эцэсгүй хөхөрч хавдсан байсан. Баруун хөмсөг байсан санагдаж байна тэр хэсгээс их цус гарч тухайн газар нойлын цаас тавьчихсан нөгөө газраас нь цус их гараад байсан.” /1хх-ийн 138-141 хуу/ гэх мэдүүлгүүд,

 

гэрч Б.Пийн: “... Гэрт Д охины хамт үлдсэн. ... Гэрт орж ирээд энд цус болсон байна юу болов, үлдсэн хоёр хаашаа явсан юм бол гэтэл О манай гэрээс орилоод гүйгээд гарсан. ... Тэгээд охины царайг хартал нүд хальтрам болсон байсан. Цус маш ихээр гарч байсан. ... Цагдаа ирээд Дыг авч явах үед Д наад чинь миний хүүхэд биш ээ гэж хэлж байсан. 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр М.С нь аав, ээжийн хамт манай гэрт орж ирэх үедээ биеийн байдал нь хэвийн, гэмтэл шарх байгаагүй.” гэх мэдүүлэг /1хх-ийн 38-40 хуу/

 

гэрч Б.Чын: “... П урд талын дэлгүүр ороод ирье гэхэд тэдний гэрт байсан танихгүй хүүхэн би хамт явнаа хүүхэддээ ундаа авна гээд бид хэд машинд сууж байсан чинь ардаас гараад ирсэн. Пийн гэрт нөхөр нь хүүхдийн хамт үлдсэн. ... Гэрт яваад ортол эхнэр нь хүүхдээ тэврээд орны урд суугаад уйлаад байсан. Харин нөгөө нөхөр нь юу ч болоогүй юм шиг, яадаг юм би хүүхдийг чинь зодчихлоо, одоо үхнэ наадах чинь гээд инээгээд байсан. ... Би хүүхдийг нь нарийн тогтож хараагүй нүүр нь авах юмгүй болсон харагдаж байсан цус их алдсан, тархи толгой нь хагарсан юм шиг харагдаж байсан. 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Б.Пийн гэрт орох үед М.С гэх 3 настай, эмэгтэй хүүхдийн биеийн байдал нь хэвийн байсан, гэмтэл шарх байгаагүй.” гэх мэдүүлэг /1хх-ийн 43-45 хуу/ 

гэрч О.Эгийн: “... Харин Пийн гэрт хөрш айлын залуу хүүхдийнхээ хамт хоёулахнаа үлдсэн. … Ирэхэд Пийн гэрийн хаалга онгорхой нөгөө хөрш айлын залуу хүүхдийн хамтаар байхгүй байсан. Пийн гэр рүү ороход зүүн талын хана, шал, ор хэсэгт нь цус болчихсон байсан. Тэгэхэд нөгөө хөрш айлын охин гэр рүү гүйсэн. … Гэрт нь ороход хөрш айлын эхнэр нь хүүхдээ тэвэрчихсэн уйлаад сууж байсан. Нөгөө залуу баруун талын орон дээрээ сууж байсан. Хүүхдийнх нүүр хэсгээс их хэмжээний цус гарч байсан. Намайг Пийн гэрт ороход Сгийн биед ил харагдах ямар нэгэн бэртэл гэмтэл байгаагүй.” гэх мэдүүлэг /1хх-ийн 48-50 хуу/

гэрч Б.Нийн: “... Би 2025 оны 10 дугаар сарын 20-оос 21-нд шилжих шөнө Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байх өөрийн гэртээ амарч байтал нэг үл таних 94077103 дугаараас дуудлага ирэхээр нь утсаа автал манай охин Ш.Оын хоолой сонсогдож байсан. Юу болсон талаар асуухад өөдөөс орилоод уйлаад унасан. Би чи уйлахаа азнаад юу болсон талаар тайван яриадах гэтэл охин бид хоёр эмнэлэгт ирсэн байна, Г.Д охиныг зодоод одоо ухаангүй сэхээнд байна гэж хэлсэн. Тэгээд 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 12 цаг болох гэж байхад аймгийн төвд орж ирээд шууд эмнэлэг дээр очих үед манай зээ охин амьсгал хураасан байдалтай байсан. Эмнэлгийн өрөөнд ороод царайг нь харах үед үнэхээр нүд халтрам болгосон байсан. Царайг нь хараад би зээ охиноо таниагүй.” гэх мэдүүлэг /1хх-ийн 77-79 хуу/

гэрч Ц.Шийн: “... 2025 оны 10 дугаар сарын 21-ний шөнө 02 цагийн үед манай охин Ш.О утсаар залгаад охины бие муу байна сэхээнд орсон ир гэхээр 2025 оны 10 дугаар 21-ний шөнийн 03 цагийн үед Архангай аймаг руу гарсан. Тэгээд өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сум руу орж ирэхэд М.Сг нас барсан талаар хэлсэн. Амь хохирогч М.С архаг хууч өвчин байхгүй.” гэх мэдүүлэг /1хх-ийн 82-83 хуу/

гэрч Ж.Цгийн: “... 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Архангай аймгийн .........бригадын Хужирт гэх газар хөдөө гэртээ байж байтал манай охин Э залгаад Нямаа ах цагдаа дээр хэрэгт холбогдоод хүрээд иржээ, та нэг аймаг ороод ирэх үү гэхээр нь би унаа олоод аймагт ирсэн юм. Тэгтэл охин маань ээж минь та тайван байгаарай, нөгөө Нямаа ах чинь хамтран амьдарч байсан хүүхнийхээ хүүхдийн амь насыг нь бүрэлгэсэн байна, юунаас болсон болохыг нь мэдэхгүй юм гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 86-88 хуу/  

гэрч Г.Дын: “... 2025 оны 10 дугаар сарын 20-ны орой хойд аав нь гэх эрэгтэй орж ирж ангиас аваад хувцаслаад гараад явсан. Би ээж нь яасан юм гэхэд гадаа хүлээж байгаа гэж хэлж байсан. … Өглөө авах бүртээ л бид нар хүүхдүүдийнхээ биеийг нь аль болох эргүүлж тойруулж хардаг юм. Хөхөрсөн шалбарсан гэхээр зүйл ажиглагдаж байгаагүй. Талийгаач маань үеийн хүүхдүүдээ бодвол их хэрсүү охин байсан юм. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 159-161 хуу/,

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ЕГ.......... дугаар /1хх-ийн 174-175 хуу/, 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн ЕГ........ дугаар /2хх-ийн 36-37 хуу/, 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ЕГ.......... дугаар /2хх-ийн 61-62 хуу/ шинжээчийн дүгнэлтүүд, Архангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн АРХ........ тоот шинжээчийн дүгнэлт /2хх-ийн 13-18 хуу/, шүүх сэтгэц эмгэг судлалын 18 дугаартай дүгнэлт /1хх-ийн 218-219 хуу/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 03-14 хуу/, хүний биеэс цус авсан тэмдэглэл /1хх-ийн 57 хуу/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 58-62 хуу/, хувцас, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 127-131 хуу/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-ийн 10-12 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг “бага насны хүүхдийг алсан” гэж тодорхойлжээ.

Энэ хуульд заасан “бага насны хүүхэд” гэж арван дөрвөн насанд хүрээгүй хүнийг ойлгох бөгөөд хохирогч М.С нь 2022 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр төрсөн, хэрэг болох цаг хугацаанд 3 нас 6 сартай бага насны хүүхэд болох нь мөрдөгчийн нас тоолсон тэмдэглэл, хохирогч М.Сгийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогддог.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцохоор заасан бөгөөд шүүгдэгч Г.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч М.Сг зодож түүний биед их тархины зүүн зулайн дэлбэнгийн тархины эдийн гүн дэх голомтлог цус харвалт, зүүн зулай, чамархайн дэлбэнгийн аалзан хальсан доорх цус харвалт, их тархины зүүн зулайн дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа /20 мл орчим/, хуйхан доорх тархмал цус хуралт, хоёр чамархайн булчинд цус хуралт, элэгний холбоос, голт, уушигны уг, нурууны нугалмын зүүн хажуугийн зөөлөн эдэд цус хуралт гэмтлүүд учруулж, амь насыг хохироосон нь өөрийн үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирна, хууль бус болохыг мэдсээр байж хүсч үйлдсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Шүүгдэгч Г.Дын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан бага насны хүүхдийг алсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Г.Дд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгч нь хэрэг хариуцах чадвартай болох нь  Шүүх сэтгэц эмгэг судлалын 18 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан бага насны хүүхдийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчөөс “шүүгдэгч Г.Дыг бага насны хүүхэд М.Сг цохиж, зодож амь насыг нь хохироосон гэм буруутай нь тодорхой байна, тогтоогдсон байна” гэсэн дүгнэлт гаргасан нь шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн үйл баримттай тохирсон үндэслэл бүхий дүгнэлт гаргасан гэж үзлээ.  

 

               Хохирол хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор тус тус заасан.

 

Шүүгдэгч Г.Дын үйлдлийн улмаас бага насны М.Сгийн амь нас хохирч, 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн мөрдөгчийн тогтоолоор насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр Ш.Оыг тогтоосон.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Оаас хэрэгт гараар бичиж ирүүлсэн:

 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 27-ны өдөр хүртэл, 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 25-ны өдөр хүртэл байр, буудал, ажил явдал, хоол хүнс, бензиний зардалд 15,248,549 төгрөг /2хх-ийн 76 хуу/,

2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 27-ны өдрийн хооронд Дорнодоос ирсэн 3 хүний ирж, буцсан унааны зардал, хоолны мөнгө 800,000 төгрөг /2хх-ийн 76 хуу/,

2025 оны 10 дугаар сарын 27-ны хөдөөлүүлэх өдөр 50 л бензин 129,500 төгрөг, жолоочийн хөлс 250,000 төгрөг, хүнд гар цайлгасан мөнгө 320,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Архангай аймаг явж хэрэгтэй танилцахад машин янзлуулсан, тос маслоны мөнгө 550,000 төгрөг, 80 литр бензиний үнэ 207,200 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 4-ний өдөр 49 хоногоор нь хүүхэд баярлуулж, ном хуруулахад 550,000 төгрөг, 21 хоногоор нь хүүхэд баярлуулж, ном хурахад 250,000 төгрөг бүгд 2,256,700 төгрөг /2хх-ийн 78 хуу/, нийт 18,305,249 төгрөг нэхэмжилнэ гэснээс 2 дугаар хавтаст хэргийн 79-87 дугаар хуудсанд авагдсан 68 ширхэг баримтын хүрээнд хохирлыг 12,763,250 төгрөгөөр тооцож ирүүлжээ.

 

Дээрх 68 ширхэг баримтын үнийн дүнг тооцоход 9,597,105 төгрөг болж байх ба үүнээс нотлох баримтын шаардлага хангахгүй /2 дугаар хавтасны 81-р хуудсанд 26 гэж дугаарласан 126,000 төгрөгийн баримтанд бараа бүтээгдэхүүний нэр бичигдээгүй, юу авсан нь тодорхойгүй, 29 гэж дугаарласан 30,000 төгрөгийн баримт хэрэг үйлдэгдэхээс өмнөх цаг хугацааны буюу 2025 оны 10 сарын 15-ны өдрийн огноотой, 31 гэж дугаарласан 5,900 төгрөгийн баримт хэрэгт хамааралгүй, 82 дугаар хуудсанд 34 гэж дугаарласан 11,500 төгрөгийн, 38 гэж дугаарласан 350,000 төгрөгийн,  85 дугаар хуудсанд 57 гэж дугаарласан 6,000 төгрөгийн баримтуудад тус тус бараа бүтээгдэхүүний нэр бичигдээгүй, юу авсан нь тодорхойгүй, 87 дугаар хуудсанд 59 гэж дугаарласан 50,000 төгрөгийн баримт хэрэг үйлдэгдэхээс өмнөх цаг хугацааны буюу 2025 оны 10 сарын 16-ны өдрийн огноотой, 60 гэж дугаарласан 73,000 төгрөгийн баримтанд огноо болон юуны баримт болох нь тодорхойгүй, бичвэр бүдгэрч харагдахгүй болсон, 63 гэж дугаарласан 11,000 төгрөгийн баримт хэрэгт хамааралгүй, 65 гэж дугаарласан 44,000 төгрөгийн баримт хэрэг үйлдэгдэхээс өмнөх цаг хугацааны буюу 2025 оны 10 сарын 16-ны өдрийн огноотой/ 707,400 төгрөгийн үнийн дүн бүхий 10 ширхэг баримтыг хохирлоос хасч, баримтаар 8,889,705 /найман сая найман зуун наян есөн мянга долоон зуун тав/ төгрөгийн хохирол тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 508 дугаар зүйлийн 508.1-д “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон энэ хуулийн 508.5-д зааснаас бусад гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэж заасан.

 

Иймд шүүгдэгч Г.Даас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар хохиролд 8,889,705 /найман сая найман зуун наян есөн мянга долоон зуун тав/ төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэлээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгох талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ШСШ0826/005 дугаар дүгнэлтээр гэмт хэргийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл дөрөвдүгээр зэрэглэлд хамаарч байгаа нь тогтоогдож байна. 

 

Хууль зүй, Дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар тушаалаар баталсан "Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам"-ын 2.5-д  "Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хүн нас барсан бол хохирогчоор тогтоогдсон гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хор уршгийг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4, 511.5 дахь хэсэгт заасны дагуу арилгана" гэж,

 

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор батлагдсан "Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын 3.3 дахь хэсэгт “Хохирогч нас барсан бол Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасны дагуу гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэж,

 

 Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-т “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ”, 511 дүгээр зүйлийн 511.5-т “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэж тус тус заажээ.

 

Энэхүү хэм хэмжээний зохицуулалтын зүйл нь гэмт хэргийн төрөл, ангилал, гэм буруугийн хэлбэр зэргээс үл шалтгаалан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон сэтгэцийн эмгэгийн зэрэглэлийг харгалзахгүй, урьдач нөхцөлгүйгээр гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах явдал юм.

 

Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “гэр бүлийн гишүүн” гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг ойлгохоор заасан бөгөөд насанд хүрээгүй хохирогч М.Сгийн төрсөн эх, хууль ёсны төлөөлөгч Ш.О нь хохирогчийн гэр бүлийн гишүүнд хамаарч байна.

 

Иймд амь хохирогчийн гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг хэмжээг гэмт хэрэг үйлдэгдэх үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 792,000 төгрөгийг 150 дахин нэмэгдүүлж, 118,800,000 төгрөгөөр тогтоож, шүүгдэгчээс гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Од олгуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн шинээр гаргаж өгсөн Ж.Цгийн депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар 2025 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 500,000 төгрөгийг “............ буяны хандив” гэсэн утгатайгаар .............. тоот данс руу шилжүүлсэн байх боловч уг төлбөрийг хохиролд өгсөн эсэх, хэнд шилжүүлсэн нь тодорхойгүй байх тул үүнийг шүүгдэгчээс гаргуулах хохирлоос хасч тооцоогүй болно.

 

Иймд амь хохирогчийг оршуулахтай холбогдсон зардалд 8,889,705 төгрөг, гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлбөрт 118,800,000 төгрөг, нийт 127,689,705 /нэг зуун хорин долоон сая зургаан зуун наян есөн мянга долоон зуун тав/ төгрөгийг шүүгдэгч Г.Даас гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Бага насны хүүхдийг алсан бол арван хоёр жилээс хорин таван жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ” гэж уг гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийн төрөл хэмжээг хуульчлан тогтоосон.

                                                                                                                                                                         

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.


 

Шүүгдэгч Г.Д нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ....... дугаар баг, .......... тоотод бага насны хохирогч М.С, Ш.О нартай хамтран амьдарч байсан бөгөөд тэрээр бага насны хүүхдийг асран хамгаалж, өсгөн хүмүүжүүлж, зөв үлгэр дуурайлал үзүүлэх, энэрч хайрлаж, хүүхдийн хөгжил, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй эрсдэлт нөхцөлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах ёстой байтал 3 нас 6 сартай бага насны М.Сг зодож олон тооны гэмтэл учруулж амь насыг нь хохироож нийгэмд тогтсон ёс суртахуун, зан заншлын хэм хэмжээг үгүйсгэж, нийгэмд байж боломгүй хэрэг үйлджээ.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба шүүгдэгч нь хохирогчийг 3 нас 6 сартай биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж гэмт хэрэг үйлдснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шударга ёсны зарчимд нийцүүлсэн Г.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан бүх насаар нь хорих ял оногдуулж, түүнийг хаалттай хорих байгууллагад тусгаарлаж бүх насаар хорих ял эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч Г.Д нь энэ хэрэгт 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа Цагдан хорих байранд 115 хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Дын цагдан хоригдсон 115 /нэг зуун арван тав/ хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан газрын хөрсөнд шингэсэн цус мэт улаан өнгийн зүйл, Г.Дын гарын 10 хурууны хумсны дээж, амь хохирогч М.Сгийн өмсөж байсан гэх ягаан өнгийн "kuromi" гэсэн латин бичиглэл бүхий куртик-1 ширхэг, цэнхэр өнгийн малгайтай, энгэр хэсгээрээ хүүхэлдэйн дүрслэл бүхий, урд энгэр хэсэгт ил халаастай цамц 1 ширхэг, цагаан саарал өнгийн шар цэцгэн хээтэй хагас ханцуйтай цамц 1 ширхэг, саарал өнгийн баруун, зүүн гуяны дээд хэсэгт хоёр ширхэг далд халаастай даавуун өмд 1 ширхэг, ягаан өнгийн даавуун өмд 1 ширхэг, саарал болон хөх өнгийн өвдөг хэсэгтээ муурны дүрслэл бүхий ноосон тирко 1 ширхэг, ягаан өнгийн хүүхэлдэйн дүрслэл бүхий дотуур хувцас 1 ширхэг, хар өнгийн ултай саарал өнгийн пүүзэн гутал 1 хос, ягаан өнгийн даавуун оймс 1 хос, Г.Дын өмсөж явсан гэх The north face гэсэн бичиглэлтэй хар саарал өнгийн энгэр хэсэгт хоёр ширхэг далд халаастай, доод хэсэгт 2 ширхэг ил халаастай, куртик 1 ширхгийг устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасныг тус тус удирдлага болгон       

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Б овгийн Гын Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан бага насны хүүхдийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Дыг бүх насаар нь хорих ял шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Дыг хаалттай хорих байгууллагад тусгаарлаж бүх насаар хорих ял эдлүүлсүгэй. 

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Дын цагдан хоригдсон 115 /нэг зуун арван тав/ хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,  508 дугаар зүйлийн 508.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т зааснаар шүүгдэгч Г.Даас 127,689,705 /нэг зуун хорин долоон сая зургаан зуун наян есөн мянга долоон зуун тав/ төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Од олгосугай.  

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан газрын хөрсөнд шингэсэн цус мэт улаан өнгийн зүйл, Г.Дын гарын 10 хурууны хумсны дээж, амь хохирогч М.Сгийн өмсөж байсан гэх ягаан өнгийн "kuromi" гэсэн латин бичиглэл бүхий куртик-1 ширхэг, цэнхэр өнгийн малгайтай, энгэр хэсгээрээ хүүхэлдэйн дүрслэл бүхий, урд энгэр хэсэгт ил халаастай цамц 1 ширхэг, цагаан саарал өнгийн шар цэцгэн хээтэй хагас ханцуйтай цамц 1 ширхэг, саарал өнгийн баруун, зүүн гуяны дээд хэсэгт хоёр ширхэг далд халаастай даавуун өмд 1 ширхэг, ягаан өнгийн даавуун өмд 1 ширхэг, саарал болон хөх өнгийн өвдөг хэсэгтээ муурны дүрслэл бүхий ноосон тирко 1 ширхэг, ягаан өнгийн хүүхэлдэйн дүрслэл бүхий дотуур хувцас 1 ширхэг, хар өнгийн ултай саарал өнгийн пүүзэн гутал 1 хос, ягаан өнгийн даавуун оймс 1 хос, Г.Дын өмсөж явсан гэх The north face гэсэн бичиглэлтэй хар саарал өнгийн энгэр хэсэгт хоёр ширхэг далд халаастай, доод хэсэгт 2 ширхэг ил халаастай куртик 1 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц тус тус устгасугай.  

 

  1. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Г.Дд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                          М.БЯМБААХҮҮ

 

                                          ШҮҮГЧИД                                          Ч.ЖАРГАЛАН

 

                                                                                                     П.ДОНИДДОЛГОР