Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сономдовчингийн Энхтөр |
Хэргийн индекс | 183/2019/01771/И |
Дугаар | 1775 |
Огноо | 2019-10-02 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 1775
Ж.Г-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Т.Туяа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2019/01790 дүгээр шийдвэртэй, Ж.Г-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ЗТН- ОНӨААТҮГ-т холбогдох, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.
Нэхэмжлэгч Ж.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2012 оны ЗТН- ОНӨААТҮГазарт ажилд орж, 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Б/174 тоот тушаалаар газрын Захиргаа удирдлага, Хүний нөөцийн хэлтсийн даргаар томилогдон ажиллаж байгаад 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/25 тоот тушаалаар 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл хүүхэд асрах чөлөө авсан. Үүнээс хойш 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ажилдаа орох өргөдлөө өгсөн боловч өнөөдрийг хүртэл шийдвэрлээгүй байна. Тиймээс би Хүний эрхийн үндэсний комисст гомдол гаргасан бөгөөд комиссоос Нийслэлийн Засаг дарга С.А-д 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 2/18 тоот шаардлага хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл ажилд томилохгүй байна. Иймд намайг хуучин эрхэлж байсан Хүний нөөцийн хэлтсийн даргаар ажилд эгүүлэн томилж, 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс ажилд томилогдсон өдөр хүртэл хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг ЗТН- ОНӨААТҮГазарт даалгаж өгнө үү. Мөн цалин хөлсийг хариуцагчийн төлөөлөгчийн тооцсон дүн буюу 13 729 560 төгрөгөөр тогтооход татгалзах зүйлгүй гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ж.Г нь 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Б/174 тоот тушаалаар Захиргаа удирдлага хүнийн нөөцийн хэлтсийн даргаар томилогдсон. Б/25 тоот тушаалаар хүүхэд асрах чөлөөг олгосон. Ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын хувьд хариуцагч байгууллагын зүгээс маргаан байхгүй. Жирэмсний амралттай байсан нь баримтаар тогтоогдож байгаа учир ажилд эгүүлэн тогтоолгох үүрэгтэй. Нэхэмжлэгч өргөдөлдөө 2017 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл ажлын 169 хоног байна. 169 хоногийн мөнгийг цалин хөлсний тооцооны картнаас харахад 2016 оны 7-9 сарын цалинг авсан. 2016 оны 9 сард 3 084 513 төгрөг, ээлжийн амралтын 1 317 113 төгрөгийг хасч тооцсон. Энэ мөнгө орохгүй. Энэ бичилт нь нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэртэй таарч байна. Тус мөнгийг хасахад 5 468 400 төгрөг болж байгаа бөгөөд 2016 оны 7-9 сарын хоол унааны хөнгөлт 228 000 төгрөгийг хасч тооцоод Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 55 дугаар тогтоолоор баталсан дундаж цалин хөлс бодох журамд зааснаар 21.5 хоногт хуваахад нэг өдрийн цалин 81 240 төгрөгийг ажлын 169 хоногт тооцоод 13 729 560 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нь хуульд нийцнэ гэж үзэж байна. Гэхдээ нэхэмжлэгчийн хувьд шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэж байгаа тул шүүхийн шийдвэрээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Г-ийг ЗТН- ОНӨААТҮГ-ын Захиргаа удирдлага, хүний нөөцийн хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 13 729 560 төгрөгийг хариуцагч ЗТН- ОНӨААТҮГ-аас гаргуулан Ж.Г-т олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан Ж.Г-ийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг шимтгэлийг төлж, нөхөн бичилт хийхийг ЗТН- ОНӨААТҮГазарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, нэхэмжлэгч Ж.Г-ээс 2190600823006 нэхэмжлэхийн дугаартай улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн 100200100941 тоот данснаас гаргуулан Ж.Г-т олгож, хариуцагч ЗТН- ОНӨААТҮГазраас улсын тэмдэгтийн хураамжинд 226 598 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Ж.Г-ийн нэхэмжлэлтэй "ЗТН-" ОНӨААТҮГ-т холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлээд гаргасан Хан-Уул дүүргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 01790 дугаар бүхий шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлд заасан эрхийнхээ дагуу давж заалдах гомдол гаргаж байна. Тодруулбал, нэхэмжлэгч Ж.Г- нь 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр харьяа дүүргийн шүүхэд ажилд эгүүлэн тогтоолгох агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд Ж.Г-ийн хүүхэд асрах чөлөөний хугацаа 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөр дуусгавар болсон байдаг. Ж.Г- нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх тодорхой шалтгаангүйгээр хэтрүүлсэн учир тус хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Нэхэмжлэгч Ж.Г- нь хариуцагч ЗТН- ОНӨААТҮГ-т холбогдуулан урьд эрхэлж байсан Захиргаа удирдлага, хүний нөөцийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ./хэргийн 1-2, 24 дүгээр тал/
Хариуцагч ЗТН- ОНӨААТҮГ-ын захирлын 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Б/174 тоот тушаалаар нэхэмжлэгч Ж.Г- нь тус нэгтгэлийн Захиргаа удирдлага, хүний нөөцийн хэлтсийн даргаар томилогдон ажиллаж, 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/25 тоот Хүүхэд асрах чөлөө олгох тухай тушаалаар 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл хүүхэд асрах чөлөөтэй байсан үйл баримтын талаар талууд маргаагүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т “жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа үед ажил албан тушаалыг хэвээр хадгална” гэж, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт “Хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эх, эцэг өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй...” гэж заажээ.
Дээрх хуулийн заалт болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн томилох болон ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 13 729 560 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нь хуульд нийцнэ” гэх тайлбарыг үндэслэн нэхэмжлэгч Ж.Г-ийг ЗТН- ОНӨААТҮГ-ын Захиргаа удирдлага, хүний нөөцийн хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 13 729 560 төгрөг гаргуулж шийдэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасанд нийцжээ.
Нэхэмжлэгч нь чөлөөний хугацааг хэтрүүлсэн гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нь 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр М.Эрхсаран охиныг төрүүлсэн байх бөгөөд хариуцагч байгууллагад эргэн ажилдаа орох хүсэлт гаргасан өдөр нь түүний охин нь 2 настай байжээ. /хэргийн 11 дүгээр тал/
Хэдийгээр хариуцагч 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл хүүхэд асрах чөлөөг түүнд олгосон боловч, Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэхэсгт зааснаар ажил олгогч 3 хүртэлх насны хүүхэдтэй эмэгтэйд чөлөө олгохоор зохицуулсан болон мөн хуулийн 100 дугаар зүлйийн 100.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч 3 хүртэлх насны хүүхэдтэй эхийг ажлаас халахыг хоригложээ.
Түүнчлэн, хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ажилдаа эргэн орох хүсэлтэд хариу өгөөгүй тул үүнтэй холбогдуулан Монгол Улсын хүний эрхийн үндэсний комисст хандан, уг газраас 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр ЗТН- ОНӨААТҮГ-ын захирал Г.Төмөрбаатарт шаардлага хүргүүлжээ./хэргийн 7-8 дугаар тал/ Улмаар нэхэмжлэгч нь анхан шатны шүүхэд 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэл гаргасан байна.
Дээрх хугацаанд нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх нь зөрчигдсөн хэвээр байсан тул уг хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулсан нь хууль зөрчөөгүй байна. Иймд хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2019/01790 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 226 600 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД Т.ТУЯА
С.ЭНХТӨР