Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гүндсамбын Энх-Амгалан |
Хэргийн индекс | 131/2023/01083/И |
Дугаар | 131/ШШ2024/00205 |
Огноо | 2024-03-07 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 131/ШШ2024/00205
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* ******* овогт *******ын *******,
Хариуцагч: ******* овогт *******гийн *******,
Нэхэмжлэлийн шаардлага: 4,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******,
Хариуцагч: Ё.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Бадамсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Х.******* нь хариуцагч Ё.*******т холбогдуулан 4,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1 2021 оны 4 сард Ё.******* нь Архангай аймгаас хүнээс хонь худалдан авах гэсэн юм мөнгө зээлээч удахгүй буцааж авч өгнө гээд 4,500,000 төгрөгийг Ё.*******ын ******* тоот данс руу шилжүүлсэн. Прокурорт энэ асуудлаар хандахад иргэний хэргийн шүүхэд хандах боломжтой талаар хариу мэдэгдсэн. Түүнээс хойш зээлсэн мөнгөө өгөхгүй, утсаар холбогдохгүй байгаа тул Ё.*******аас 4,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж тайлбарлаж байна.
1.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2021 оны 4 сард Ё.******* нь Архангай аймгаас хүнээс хонь худалдан авах гэсэн юм мөнгө зээлээч удахгүй буцааж авч өгнө гээд 4,500,000 төгрөгийг Ё.*******ын ******* тоот данс руу шилжүүлсэн. Прокурорт энэ асуудлаар хандахад иргэний хэргийн шүүхэд хандах боломжтой талаар хариу мэдэгдсэн. Түүнээс хойш зээлсэн мөнгөө өгөхгүй, утсаар холбогдохгүй байгаа тул Ё.*******аас 4,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч Ё.******* нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: 2.1. Иргэн *******тэй анх 2008 онд Өвөрхангай аймгийн Уянга сумын Өлтийн уурхайд *******гийн хүсэлтээр 8 сараас 11 сар хүртэл 3 сар ажилласан. 2 сарын мөнгө 400,000 төгрөг бодож өгсөн. 1 сарын цалин өгөөгүй. 2021 онд би Бөмбөгөр сумын Дэлийн Бор булаг гэдэг газар Улаанбаатар хотын харьяат Энхбаярын уурхайд нөхөн сэргээж алт олборлолтын ажил хийсэн. 2021 оны хавар ******* нь надтай уулзаж би газар олж өгье танайх техникээ оруул гэсний дагуу Энхбаяртай Өлзийт паласт улзуулсан. Тэгээд уурхайг нүүлгэж Бөмбөгөр сумын Элстэй гэдэг газар өлзийт голын хөвөөнд ямар ч зөвшөөрөлгүй газар буулгаж үйл ажиллагаа явуулсан боловч экологийн цагдаагаас бүх техник хураасан. ******* нь ямар ч тусламж үзүүлж чадалгүй уурхайг алдагдалд оруулсан. ******* нь газар олсны төлбөр гэж нэхсэн. Тухайн газраас юу ч хийгээгүй ээ. Гэтэл ******* нь эхнэр Долгор дүү Арилдий нарын хамт манай уурхай дээр 4 хонож байгаад 26т алт авч явсан. Бид алдагдалд орсон. Энэ байх хугацаанд нь Улаанбаатар хотын харьяат Магнай Бөмбөгөр сумын Хатавгын булаг гэдэг газар А лицензтэй ажиллаж байсан. Магнай манай уурхай дээр ирээд надтай уулзаж, ирэх жил би ажиллахгүй. Сүхээ чи манай газар дээр чи ажил гэсэн санал тавьсан энэ үед ******* хажууд байсан. ******* нь Баянхонгор аймагт ирсэн хойноо 2020 оны өвөл манайд ирж олон удаа Магнайтай уулзуулж өгөөч А лицензтэй газар нь би ажиллая гэдэг санал тавьсан. Хариуд нь надад мөнгө болон унаж яваа саарал 100 машинаа өгөх аман хэлэлцээр хийгээд үүний дагуу би Магнайтай уулзуулж ******* нь намайг уурхайн даргаар ажиллах санал тавьсан. Эхний удаа зөвшөөрсөн. Гэвч ******* нь намайг гэрт нойл бөглөрөх, ус алдах, юм ачих хөдөө идэш хоолонд явах зэрэг ажилд байнга дууддаг болсон. Ийм байдлаас болж бид хоёр *******тэй ажиллахыг хүсээгүй. Би *******гээс 4,500,000 төгрөг авсан нь үнэн. ******* нь А лицензтэй газар олж өгсний хөлс болгож өгнө гэсэн зүйлээ өгөөгүй учир энэ мөнгийг буцаан төлөх сонирхолгүй байна гэж тайлбарыг гаргасан.
2.2. Хариуцагч Ё.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би Х.*******гээс 4,500,000 төгрөгийг зээлж аваагүй. Гэхдээ мөнгийг Энхбаяр гэх хүнд өгөх гэж авсан нь үнэн. Би Х.Регсүрэнгийн уурхайд албан ажлаа хийгээд сууж байсан бол нэг өөр, харин надаар гэрийнхээ ажлыг хийлгэж ямарваа нэг зүйлд байнга зарж байсан. Би бүхий л ажилд тусалсан. Тэр барьцаанд байсан экскаваторыг худалдан авч барьцаанаас гаргаж өгсөн. Хэрвээ тэгвэл надад өгнө гэсэн машинаа буцаагаад өгчих, тэр уурхайд өнгөрсөн жил ажилласан бол өөр байх байсан. Би мөнгийг өгөх боломжгүй байна гэв.
4. Нэхэмжлэгчээс өөрийн иргэний үнэмлэхийн лавлагаа, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын Прокурорын 170 дугаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоол, шүүхэд төлөөлөх итгэмжлэл зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй зүйтэй гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч Х.******* 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 0147 дугаар итгэмжлэлээр өөрийн төлөөлөгчөөр *******ыг томилж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан бүх эрх, үүргийг олгосон.
Дээрх итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-д заасан бичгээр олгох итгэмжлэлийн шаардлагыг хангасан болно.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...4,500,000 төгрөгийг зээлүүлсэн, зээлийн гэрээний харилцаа үүссэн. Иймд Ё.*******аас 4,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэж тодорхойлсон.
3.Хариуцагч ...нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй... гэж үгүйсгэсэн.
4.Хэрэгт авагдсан нотлох баримтаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн №170 дугаартай тогтоолоор Х.*******гээс гаргасан гомдолд мөрдөн шалгах ажиллагаа явуулж Ё.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан залилах гэмт хэргийн шинжгүй байна гэсэн үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан байна. /хх 1-4/
5.Нэхэмжлэгч Х.******* 2021 оны 4 дүгээр сард хариуцагч Ё.*******ын ******* тоот данс руу 4,500,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна. Энэ үйл баримтад талууд маргаагүй.
6. Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-т ...эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр... гэрээ байгуулагдсанд тооцно.
Гэрээ байгуулахдаа Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй байдаг.
7.Нэхэмжлэгч, хариуцагч нар 4,500,000 төгрөг өгсөн, авсан үйл баримт тогтоогдсон, энэ талаар маргаагүй боловч гэрээний гол нөхцөлийн талаар харилцан тохиролцсон гэдэг нь тогтоогдохгүй байх тул зохигчдийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй байна.
8.Нэхэмжлэгч Х.******* нь хариуцагч Ё.*******тай гэрээ байгуулж, тэдний хооронд эрх зүйн харилцаа үүсээгүй, аливаа байдлаар төлбөр төлөх үүрэг хүлээгээгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон.
9. Хэрэгт авагдсан дээрх үйл баримтыг үндэслэн, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт ...Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс буцаан шаардах эрхтэй байна гэж заасны дагуу хариуцагч Ё.*******ыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
10.Хариуцагч Ё.******* нь нэхэмжлэгч Х.*******гээс хүлээн авсан 4,500,000 төгрөгийг түүнд буцаан төлөх үүрэг хүлээнэ.
11. Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Ё.*******аас 4,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.*******д олгох нь зүйтэй гэж үзлээ.
12.Хариуцагч шүүх хуралдаанд ....нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй... гэж тайлбарлаж мэтгэлцсэн хэдий ч тухайн хэрэг маргааны талууд нотлох үүргийн хуваарилалтын хувьд өөрт ашигтай тайлбар, татгалзлаа баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-д заасны дагуу нотлоогүй болно.
13.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.*******гээс тэмдэгтийн хураамжид төлсөн 86,950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ё.*******аас 86,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.*******д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ё.*******аас 4,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.*******д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.*******гээс тэмдэгтийн хураамжид төлсөн 86,950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ё.*******аас 86,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш зохигчид нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан хугацаанд тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН