Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 218/МА2019/00013

 

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 07 сарын 03 өдөр                             Дугаар 218/МА2019/00013                                           Сайнцагаан сум

 

 

 

Эын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч ******* даргалж, шүүгч *******, ******* нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар 

Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 сарын 4-ний өдрийн 139/ШШ2016/00308 дугаар шийдвэртэй,  

Нэхэмжлэгч Эын нэхэмжлэлтэй, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч шүүгч *******ын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Э

Нарийн бичгийн дарга ******* нар оролцов.

 

Нэхэмжлэгч Э шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд                        гаргасан тайлбартаа: Миний бие 1965 онд төрсөн, улсад 25 жил ажиллаж байна. 1983 оноос 1986 онд цэргийн алба хааж ирсэн. Түүнээс хойш тухайн үеийн соёлын ордонд дагалдан жүжигчин, үлээвэр хөгжимчин, бүжигчинээр ажилласан. Театрт ажиллаж байгаа жүжигчин ганцхан төрлөөр биш хэд хэдэн чиглэлээр ажил хийдэг байсан юм. Миний бие 1986 оны 12 сараас 2001 оны 11 cap хүртэл тасралтгүй үлээвэр хөгжимчинөөр ажиллаж байсан ба энэ хугацаанд олон хөгжмийн наадамд аймаг орон нутгаа төлөөлөн оролцож, орон нутгаа сурталчилан таниулах үйл хэрэгт үр бүтээлтэй ажиллаж ирснийг үнэлж 2016 онд Монгол улсын “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнагдсан. Миний 1986 оны 12 сарын 01-нээс 1989 оны 03 сарын 01-нийг хүртэл Дундговь аймгийн Соёлын ордонд, 1989 оны 03 сарын 01-нээс 1991 оны 09 сарын 20-ныг хүртэл Дундговь аймгийн Хөгжимт жүжгийн театрт үлээвэр хөгжимчинөөр, 1991 оны 09 сарын 20- ноос 2001 оны 11 сарын 20-ныг хүртэл Дундговь аймгийн Хөгжимт жүжгийн театрт үлээвэр хөгжимчин, жижүүрээр тус тус ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэрт жижүүрээр ажиллаж байсан гэж бичсэн байгаа юм. Иймд дээрх хугацаанд үлээвэр хөгжимчинөөр ажиллаж байсныг тогтоож өгнө үү. Үлээвэр хөгжимчин нь хөдөлмөрийн хүнд нөхцөлд ордог учир шүүхээр тогтоолгох шаардлагатай байна гэжээ.

 

         Анхан шатны шүүх

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овгийн *******гийн Э /*******/ нь 1986 оны 12 сарын 01-нээс 1989 оны 03 сарын 01 -нийг хүртэл Дундговь аймгийн Соёлын ордонд, 1989 оны 03 сарын 01-нээс 1991 оны 09 сарын 20-ныг хүртэл Дундговь аймгийн Хөгжимт жүжгийн театрт үлээвэр хөгжимчинөөр, 1991 оны 09 сарын 20-ноос 2001 оны 11 сарын 20- ныг хүртэл Дундговь аймгийн Хөгжимт жүжгийн театрт үлээвэр хөгжимчин, жижүүрээр тус тус ажиллаж байсан болохыг тогтоож,

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжпэгчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

            Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Би 1965 онд төрсөн бөгөөд улсад 25 жил ажилласан. 1989 оны 3 сарын 1-нээс 2001 оны 11 сарын 20-ныг хүртэл Дундговь аймгийн хөгжимт жүжгийн театрт үлээвэр хөгжимчнөөр ажиллаж байснаа тогтоолгох шаардлага гаргасны дагуу шүүх 2016 оны 11 сарын 04-ний өдөр 308 тоот шийдвэрээр тухайн онуудад ажилласныг тогтоосон хэдий ч үлээвэр хөгжимчин, жижүүрээр ажилласан гэж тогтоосон юм. Өөрөөр хэлбэл жижүүрээр ажилласан нь үндсэн ажил болох хөгжимчний ажилтай хавсарч хийж байсан бөгөөд миний хүсээгүй шаардлага байсан юм.

            Тухайн шийдвэрт үлээвэр хөгжимчин, жижүүрээр ажилласан гэж тогтоосноос болоод нийгмийн даатгалын байгууллага жижүүр гэдэг үг чинь саад болоод байна гээд одоо хүртэл миний тэтгэврийг тогтоож өгөхгүй байгаа юм.

            Би шүүхийн шийдвэр гарсанаас хойш одоог хүртэл аймгийн болон улсын Нийгмийн даатгалын байгууллагуудад удаа дараа хандсаар байгаа юм.

            Тухайн байгууллагын эрх бүхий ажилтнууд энэ асуудал шийдэгдэж болно та төдийд ир, өдийд ир гэж явуулсаар байгаад шийдэхгүй болохоор шат дараалан гомдлоо гаргасаар байгаа болно.

            Аймгийн нийгмийн даатгалын гомдлын шаардлагын зөвлөлд гомдлоо гаргасан боловч надад ашигтай шийдвэр гараагүй, дараа нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын гомдлын шаардлагын зөвлөлд 2018 оны 6 сард дахин өргөдөл өгсөн боловч гомдол хүлээн авсан ажилтан нь таны материалыг олохгүй байна гэсэн, дараа нь хурлаар оруулсан боловч болсонгүй, дараагийн хурлаар оруулна гэж надад худал үнэн ярьсаар өнөөдрийг хүрлээ. Өргөдөл гомдлын хуулийн дагуу ядаж болохгүй гэсэн хариу нь ирэх байх гэж хүлээсээр иргэн би цөхөрч дахин шүүхэд хандаж байна.

            Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4.6-д ... найрал хөгжмийн үлээвэр хөгжимчнөөр 20-оос доошгүй жил ажилласан, эсхүл нийтдээ 25-аас доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил дурьдсан мэргэжлээр ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн иргэн, мөн 25-аас доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл телж ... ажилласан даатгуулагч өөрөө хүсвэл нас харгалзахгүйгээр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй гэсэн хуулийн заалтын дагуу би тэтгэвэр • тогтоолгох эрх үүсэх учир хуульд заасан энэ эрхээ эдлэхээр удаа дараа холбогдох болон хуулийн байгууллагад хандаж байна. Тухайн үед найрал хөгжмийн үлээвэр хөгжимчнөөр ажиллаж байсныг нотлох баримт, гэрчүүдийн мэдүүлэг хэрэгт байгаа болно.

            Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 308 тоот шийдвэр биелэгдсэн бол иргэн миний бие тэтгэвэрт гарах болзол хангагдах байтал шүүхийн шийдвэр биелэгдэхгүй 2 жил 6 cap болсон байна.

            Би нийгмийн даатгалын байгууллагад хандаж өнөөдрийг хүртэл хариу харсаар байгаад шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн бөгөөд энэ бүхний эцэст миний эрх хангагдаагүй учир давж заалдах гомдол гаргах хугацааг сэргээлгэж, тус шүүхээр хэргийг дахин хянуулах хүсэлтэй байна.

            Давж заалдах шатны шүүхээс миний эрхийг хангаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж дээрх онуудад Дундговь аймгийн хөгжимт жүжгийн театрт найрал хөгжмийн үлээвэр хөгжимчнөөр ажиллаж байсныг тогтоолгохыг хүсч энэхүү гомдлыг гаргаж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүхээс сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 сарын 4-ний өдрийн 139/ШШ2016/00308 тоот шийдвэртэй Дамбарэнцэнгийн Этай холбогдох ажилласан байдал тогтоолгох хүсэлт бүхий хэргийг нэхэмжлэгчийн гомдлоор хянан үзэв.

Шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг бүрэн хангаагүй байна гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Нэхэмжлэгч Э нь шүүхэд хандан Дундговь аймгийн Соёлын ордон, хөгжимт жүжгийн театр гэсэн нэртэй байсан байгууллагуудад үлээвэр хөгжимчин ажлыг хийж байснаа тогтоолгохоор нотлох баримтыг бүрдүүлж шүүхэд ханджээ.

Шүүх нэхэмжлэлийг үндэстэй байна гэж үзэж хангаж шийдвэрлэхдээ Эыг үлээвэр хөгжимчин жижүүрээр ажилласан гэж тогтоожээ.

Э нь давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол тайлбартаа зөвхөн үлээвэр хөгжимчнөөр ажилласнаа тогтоолгохыг хүссэн болохоос жижүүрээр ажилласныг тогтоолгохыг хүсээгүй гэжээ.

Шүүхээс жижүүр, үлээвэр хөгжимчнөөр ажилласан болохыг тогтосон шийдвэр түүний тэтгэвэрт гарах болзол шаардлагыг хангахгүй байгаа талаар нэхэмжлэгч гомдолдоо дурдсан төдийгүй, шүүхийн шийдвэр өнөөдрийг хүртэл биелэгдэхгүй байгаа, ажилтны эрх зөрчигдсөн зэрэг нөхцөл байдал тогтоогдсон байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг шүүх үндэстэй, бөгөөд нотлох баримтаар нотлогдож байна гэж үзэн шийдвэрлэсэн ч нэхэмжлэгчийн хүсэл зоригоо илэрхийлээгүй асуудлыг шүүх өөрийн санаачлагаар шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.

Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж бүрэн чадаагүй байна гэж дүгнэн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын “үлээвэр хөгжимчин, жижүүрээр” гэснийг “найрал хөгжмийн үлээвэр хөгжимчинөөр” гэж өөрчлөх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг шийдвэр хүчин төгөлдөр болмогц шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 сарын 4-ний өдрийн 139/ШШ2016/00308 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “үлээвэр хөгжимчин, жижүүрээр” гэснийг “найрал хөгжмийн үлээвэр хөгжимчинөөр” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ                              Ц.ОТГОНЦЭЦЭГ

 

                                          ШҮҮГЧИД                              Т.БЯМБАЖАВ  

 

   Ш.ТӨМӨРБААТАР