Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2023/02913

 

 

 

 

 

2023 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2023/02913

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Зүмбэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: У ТӨХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Б холбогдох,

Эрчим хүч хэрэглэсний төлбөрт 793,027 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Б, хариуцагч Б.Б, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Г.Алтаннаран нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээтэй, 3051192 кодтой хэрэглэгч Б.Б нь цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөрөө 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүртэл нийт 793,027 төгрөгийг төлөлгүй Монгол улсын Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2, Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний (Ахуй 2.2.9)-т заасныг зөрчиж хэрэглэгчдэд үйлчлэх төвтэй байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй байгууллагыг хохироож байна. Хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөрөө төлөхийг хэрэглэгчийн бүртгэлтэй утасны дугаарт мессежээр илгээх, мөн түдгэлзүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг авсан боловч одоог хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа тул хэрэглэгчтэй байгуулсан цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний 3.1.11-т заасан эрхийн дагуу шүүхэд шилжүүлж байна. Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээтэй 3051192 кодтой хэрэглэгч Балдандоржийн Батцэцэгээс цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөр болох 793,027 төгрөгийн төлбөрийг гаргуулж, хэрэглэгчийн гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлтийг хангуулж өгнө үү. гэв.

2. Хариуцагч хариу тайлбартаа: Би ... оршин суухгүй олон жил болсон. Чингэлтэй дүүрэгт байдаг учир энэ төлбөрийг төлөх боломжгүй. Тэр хашаанд манай ээж, хамаатны хүмүүс байдаг. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. гэжээ.

3. Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 4/, Баянгол дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 2981 дугаар эрэн сурвалжлалтыг зогсоосон албан бичиг /хх 6/, Хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан /хх 7-10/, хэрэглэгчтэй байгуулсан цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ /хх 11-13/, хариуцагчаас Баянгол дүүргийн дугаар хорооны засаг даргын тодорхойлолт /хх 24/, Чингэлтэй дүүргийн  дугаар хорооны засаг даргын тодорхойлолт /хх 25/, түрээсийн гэрээ /хх 26/ тус тус гарган шүүхэд өгчээ.

ҮНДЭСЛЭХ нь:

4. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

5. Нэхэмжлэгч У ТӨХК нь хариуцагч Б.Б-с 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны эрчим хүч хэрэглэсний төлбөрт 793,027 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, эрчим хүчийг хэрэглээгүй учир төлөхгүй гэж маргажээ.

6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч У ТӨХК нь хариуцагч Б.. оршин суугч Б.Б-тэй харилцан тохиролцож, 3051192 кодтой хэрэглэгчээр бүртгэжээ.

Хариуцагч нь эрчим хүч хэрэглээгүйгээ нотлох зорилгоор түрээсийн гэрээ, хорооны засаг даргын тодорхойлолт гаргасан боловч түрээсийн гэрээ засвартай, хорооны засаг даргын тодорхойлолтыг эргэлзээгүй гэж дүгнэхэд хангалтгүй байна. Түүний тайлбар нь Баянгол дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 2981 дугаар эрэн сурвалжлалтыг зогсоосон албан бичгээр давхар үгүйсгэгджээ.

Мөн 3051192 хэрэглэгчийн кодтой Б.Б-н 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн дансны дэлгэрэнгүй тайлгаас үзэхэд 784,980.96 төгрөгийн эрчим хүч хэрэглэсэн байна.

7. Нэхэмжлэгч Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК нь  оршин суугч, 3051192 кодтой хэрэглэгч Б.Батцэцэгт 793,027 төгрөгийн цахилгаан эрчим хүч нийлүүлсэн байх тул зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. заасан гэрээ байгуулагджээ.

Нэхэмжлэгч У ТӨХК нь Эрчим хүчний тухай хуулийн 3.1.16-д заасан дулаан түгээх зохицуулалттай хангалт эрхлэх үндсэн чиг үүрэг бүхий тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд бөгөөд мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1-д зааснаар стандартын шаардлагад нийцсэн эрчим хүчээр хэрэглэгчийг хангах үүргээ биелүүлсэн, харин хэрэглэгч Б.Б нь мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т заасан эрчим хүчний төлбөрөө гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд төлбөрийг гаргуулахаар шаардах эрхтэй.

Хэрэгт авагдсан 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй баримтаар хариуцагч Б.Б нь эрчим хүчний үндсэн төлбөрт 784,980.96 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй байна.

Иймд У ТӨХК нь хариуцагч Б.Б-с 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны эрчим хүч хэрэглэсний төлбөр 793,027 төгрөг гаргуулахаар шаардах эрхтэй болжээ. 

8. Хариуцагч гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэх асуудлаар маргаагүй боловч нэхэмжлэлийг бүхэлд нь эсэргүүцэж байх тул шүүх энэ талаар дүгнэлт хийх нь зүйтэй гэж үзлээ.

Энэхүү худалдах-худалдан авах гэрээгээр нэхэмжлэгч нь гэрээний үүргээ биелүүлсэн, хариу үүргийг шаардах эрхтэй боловч шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болжээ.

Зохигчид урьд цахилгаан эрчим хүч худалдах-худалдан авахаар харилцан тохиролцсон бөгөөд нэхэмжлэгч 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүртэл нийлүүлсэн цахилгаан эрчим хүчний төлбөрийг гаргуулах эрхээ албадан хэрэгжүүлэхээр шүүхэд хандах боломжтой болсон байна.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байх ба энэ нь гэрээний бүх төрөлд хамаардаг болохоор нэхэмжлэгч гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн дотор гаргах байтал 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэл гаргажээ.

9. Иймд хариуцагч Б.Б-с цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 793,027 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлого болгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 75 дугаар зүйлийн 75.2.1, 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар Б.Б-т холбогдох, У ТӨХК-ийн нэхэмжилсэн 793,027 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.    

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 23,583 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай. 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.ЗҮМБЭРЭЛ