| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2023/03776/И |
| Дугаар | 102/ШШ2024/01585 |
| Огноо | 2024-03-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 102/ШШ2024/01585
| 2024 оны 03 сарын 28 өдөр | Дугаар 102/ШШ2024/01585 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, *** дугаар хороо, *** гудамж, *** таун, *** дугаар байр, *** тоот хаягт оршин суух, О овогт Д-ийн Г,
Хариуцагч: Баянгол дүүрэг, *** дугаар хороо, *** дугаар хороолол, *** гудамж, *** байр, *** тоот хаягт оршин суух, Б овогт Б-ийн У,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 3,790,000 төгрөг гаргуулах тухай,
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Г, хариуцагч Б.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Г нь хариуцагч Б.У-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,790,000 төгрөг гаргуулахаар шаардаж, шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Би Б.У-д 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 924,000 төгрөг, 2022 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 924,000 төгрөг, 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 3,000,000 төгрөг, 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 1,300,000 төгрөг, 2022 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 700,000 төгрөг, 2022 оны 8 дугаар сарын 07-ны өдөр 1,000,000 төгрөг тус тус шилжүүлсэн. Энэ хугацаанд буцааж авсан мөнгийг хасаад зөрүү үлдэгдэл 3,790,000 төгрөгийг шаардаж байна гэв.
2. Хариуцагч хариу тайлбартаа: Д.Г-гийн шилжүүлсэн мөнгийг манай үйлчлүүлэгч Б.М авсан. Би гоо сайхан хийдэг. Д.Г болон Б.М нар надад удаан үйлчлүүлж байсан хүмүүс. Б.М удаан үйлчлүүлсэн төрсөн эгч дүү шиг дотно хүн байсан. Б.М нэг удаа мөнгө хэрэгтэй байна, зээлэх хүн байна уу гэж асуусан. Тэгээд Д.Г үйлчлүүлж байхдаа мөнгө зээлнэ гэж байсан болохоор би Б.М гэсэн эгч мөнгө зээлж авна гээд байсан, найдвартай хүн гээд хооронд нь чатаар холбож өгөөд Б.М-ийн чатыг Д.Г руу явуулж, Б.М-ээс ирсэн чатыг Д.Г руу явуулсан. Д.Г над руу шилжүүлж, би шууд Б.М руу шилжүүлсэн. Би мөнгийг өөрөө хэрэглээгүй болохоор төлөх боломжгүй байна гэв.
3. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхний хуулбар, 2022.08.07-ны өдрийн 1,000,000 төгрөгийн шилжүүлгийн баримт, 2022.07.30-ны өдрийн 700,000 төгрөгийн шилжүүлгийн баримт, 2022.07.29-ний өдрийн 1,300,000 төгрөгийн шилжүүлгийн баримт, 2022.05.22-ны өдрийн 3,000,000 төгрөгийн шилжүүлгийн баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
Шүүхээс хариуцагчийн хүсэлтээр зохигчдын хоорондын фэйсбүүкийн мессенжерийн чатад үзлэг хийсэн тэмдэглэл үйлдсэн, нэхэмжлэгчийн Хаан банк дахь *** тоот данс, хариуцагчийн Хаан банк дахь *** тоот дансны 2022.04.21-2023.07.24-ний өдрийг хүртэлх хуулгыг нотлох баримтаар бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Би Б.У-д 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 924,000 төгрөг, 2022 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 924,000 төгрөг, 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 3,000,000 төгрөг, 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 1,300,000 төгрөг, 2022 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 700,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 1,000,000 төгрөг тус тус шилжүүлсэн. Энэ хугацаанд буцааж авсан мөнгийг хасаад зөрүү үлдэгдэл 3,790,000 төгрөгийг шаардаж байна гэв.
3. Хариуцагч нэхэмжлэлийн зарим хэсгийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн Үүнд: Д.Г-гийн шилжүүлсэн мөнгийг манай үйлчлүүлэгч Б.М авсан. Би гоо сайхан хийдэг. Д.Г болон Б.М нар надад удаан үйлчлүүлж байсан хүмүүс. Д.Г үйлчлүүлж байхдаа мөнгө зээлнэ гэж байсан болохоор би Б.М гэсэн эгч мөнгө зээлж авна гээд байсан, найдвартай хүн гээд хооронд нь чатаар холбож өгөөд Б.М-ийн чатыг Д.Г руу явуулж, Б.М-ээс ирсэн чатыг Д.Г руу явуулсан. Д.Г над руу шилжүүлж, би шууд Б.М руу шилжүүлсэн. Би мөнгийг өөрөө хэрэглээгүй болохоор төлөх боломжгүй байна гэв.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2022.08.07-ны өдрийн 1,000,000 төгрөгийн шилжүүлгийн баримт, 2022.07.30-ны өдрийн 700,000 төгрөгийн шилжүүлгийн баримт, 2022.07.29-ний өдрийн 1,300,000 төгрөгийн шилжүүлгийн баримт, 2022.05.22-ны өдрийн 3,000,000 төгрөгийн шилжүүлгийн баримт, зохигчдын хоорондын фэйсбүүкийн мессенжерийн чатад хийсэн үзлэгийн тэмдэглэл, нэхэмжлэгчийн Хаан банк дахь *** тоот данс, хариуцагчийн Хаан банк дахь *** тоот дансны 2022.04.21-2023.07.24-ний өдрийг хүртэлх хуулга, зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5. Хариуцагчийн таньдаг хүн мөнгө зээлэх талаар санал тавьж, хариуцагч нь нэхэмжлэгчтэй холбогдоход нэхэмжлэгч нь тухайн хүнийг танихгүй учраас найдвартай юм бол чамаар дамжуулж харилцана гэсэн тохиролцоо хийж, 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн хугацаанд 6 удаагийн гүйлгээгээр нийт 7,848,000 төгрөгийг хариуцагчийн Хаан банк дахь *** тоот дансанд шилжүүлж, хариуцагчаас 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн хугацаанд 36 удаагийн гүйлгээгээр нийт 5,086,000 төгрөгийг нэхэмжлэгчийн Хаан банк дахь *** тоот дансанд буцаан шилжүүлсэн болох нь зохигчдын Хаан банкны дансны хуулгаар тогтоогдлоо.
6. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан.
7. Нэхэмжлэгч нь хариуцагчийн данс руу мөнгө шилжүүлэн өгсөн хэдий ч зохигчдын тайлбараар талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэхэд учир дутагдалтай байна.
8. Харин Иргэний хуулийн 406 дугаар зүйлийн 406.1-д Хөрөнгө итгэмжлэх гэрээгээр итгэмжлэгч нь хөдлөх эд хөрөнгө буюу эрхийг итгэмжлэгдсэн өмчлөгчид шилжүүлэх, итгэмжлэгдсэн өмчлөгч нь итгэмжилсэн хөрөнгийг хүлээн авч итгэмжлэгчийн эрх, ашиг сонирхолд нийцүүлэн, захиран зарцуулах үүрэг тус тус хүлээнэ гэж заасан хөрөнгө итгэмжлэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэх үндэслэлтэй байна.
9. Учир нь нэхэмжлэгч нь өөрийн нэрийн өмнөөс гуравдагч этгээдэд мөнгө зээлдүүлж, буцаан авах, шилжүүлэх үүргийг хариуцагчид хүлээлгэн байх бөгөөд энэ нь талуудын тайлбар, үзлэгийн тэмдэглэл, дансны хуулгаар давхар нотлогдож байна.
10. Хэдийгээр хөрөнгө итгэмжлэх гэрээг бичгээр байгуулах шаардлага тавигддаг хэдий ч талууд гэрээний гол нөхцөлийн талаар тохиролцож, бодит үйлдлээр хүлээн зөвшөөрсөн байх тул гэрээг байгуулагдсан гэж дүгнэлээ.
11. Иргэний хуулийн 406 дугаар зүйлийн 406.3-т Итгэмжлэгдсэн өмчлөгч нь итгэмжилсэн хөрөнгийг өөрийн нэрийн өмнөөс, итгэмжлэгчийн зардал, эрсдлээр захиран зарцуулах үүрэгтэй, 406.4-т Итгэмжлэгдсэн өмчлөгч гуравдагч этгээдтэй харилцаанд орохдоо өмчлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлж, үр дагаврыг нь хариуцах бөгөөд итгэмжлэгчийн ашиг сонирхолд харш үйл ажиллагаа явуулсны улмаас түүнд учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй гэж зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчийн итгэмжилсэн хөрөнгө болох 7,848,000 төгрөгийг хүлээн авч, 5,086,000 төгрөгийг буцаан өгсөн байна.
12. Иймд хариуцагчаас дутуу шилжүүлсэн 2,762,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,028,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 59,142 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 406 дугаар зүйлийн 406.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Б.У-ас 2,762,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Г-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,028,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75,590 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.У-ас улсын тэмдэгтийн хураамжид 59,142 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Г-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ