Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 2022/ДШМ/05

 

Х.Анхтамирт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс 166/2021/0066/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, шүүгч Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Ч.Мядагбадам

Хохирогч Э.Эрдэнэсүрэн

Хохирогчийн өмгөөлөгч П.Батжаргал

Шүүгдэгч Х.Анхтамир

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар

Нарийн бичгийн дарга Г.Чойном нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж, ерөнхий шүүгч Я.Туул, шүүгч Б.Ихтамир нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Х.Анхтамирын өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатарын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Х.Анхтамирт холбогдох 2118000000019 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1987 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сэтгэл зүйн багш мэргэжилтэй, Зэвсэгт хүчний 330 дугаар ангид жолооч ажилтай, ам бүл 1, Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр багийн 4.2 дугаар байрны 127-01 тоотод оршин суух хаягтай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 189 дүгээр зарлигаар “Энхийн төлөө” медалиар шагнагдаж байсан, урьд ял шийтгэлгүй Цахиур овгийн Хүрэлчулууны Анхтамир. РД:МЮ87012516/

Шүүгдэгч Х.Анхтамир нь 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 01-нд шилжих шөнө 01.00 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн Алтангадасын 1-5 тоотод байрлах халуун усны газарт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч Э.Эрдэнэсүрэнг түлхэн унагаж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймгийн Прокуророос Х.Анхтамирын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1.т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаар шийтгэх тогтоолоор:

-Шүүгдэгч Цахиур овогтой Хүрэлчулууны Анхтамирыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1.т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4.т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1.т зааснаар шүүгдэгч Х.Анхтамирт 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгэж,

-Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.т зааснаар шүүгдэгч Х.Анхтамирт оногдуулсан 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаас 2 жилийг өршөөн хасаж, биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 1 жил 5 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4.т зааснаар ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4., 1.7., 1.8., 1.9.т зааснаар шүүгдэгч Х.Анхтамир нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж,

-Хохирогч Э.Эрдэнэсүрэн нь энэ тогтоолоор тогтоогдсон гэмтэлтэй холбоотой цаашид гарах гэм хорын зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5.д зааснаар шүүгдэгч Анхтамирт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн тоолж,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1.т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2.т зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Х.Анхтамирт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар давж заалдах гомдолдоо:

... Э.Эрдэнэсүрэн нь шинэ жилийн баяр тэмдэглэж шампанск, пиво, архи зэргийг их хэмжээгээр хэрэглэж согтсон үедээ Х.Анхтамирт агсам тавьж, улмаар түүнийг хэл амаар доромжилж эрх чөлөөнд нь халдаж эхэлсэн байдаг. Х.Анхтамир түүнд “ганцаараа пиво битгий их уу” гэж хэлсний төлөө Э.Эрдэнэсүрэн нь “чи надаас пиво харамлаад байгаа юм уу?” гээд аягатай пиво нүүр лүү нь цацсан, мөн цаад талын өрөө рүү орж ирээд хувинтай угаадас авчирч бие рүү цацсаны улмаас хувцсаа аваад гарч явах гэхэд нь гаргахгүй ноцолдож, улмаар хаалгаа дотроос нь түгжээд шампанскийн шилээр толгойн тус газар нь цохиж хагалсан, архины шилийг хананд цохиж хагалан бариад дайрахаар нь хаахад баруун гарын шууг нь зүссэн бөгөөд шалны мод, шүүр зэргийг барьж түүний баруун мөрний тус газар нь цохих үед тараараа цээж рүү нь түлхэхэд Э.Эрдэнэсүрэн толгойгоороо шал руу савж унасан байна.

Энэ талаар ч насанд хүрээгүй гэрч Э.Дөлгөөний өгсөн ...Э.Эрдэнэсүрэн эгч Х.Анхтамир ахыг цохиж зодоод байгаа нь сонсогдож байсан. Би гадаа нь бараг цаг гаран хүлээж зогссон. Х.Анхтамир ах “чи яагаад намайг цохиод зодоод байгаа юм бэ” гэхэд нь Э.Эрдэнэсүрэн эгч “чамд ямар хамаатай юм” гэж байсан. Х.Анхтамир ах цонхоор надад машины түлхүүрээ өгөөд ”машинд халуун усны түлхүүр байгаа, гаднаас онгойлгоод ороод ир” гэсний дагуу би түлхүүрийг нь олоод гаднаас нь онгойлгоод ороход Х.Анхтамир ахын гар, хүзүү нь цус болсон байдалтай, сандал, шил зэрэг эд зүйлс хагарсан, эмх замбараагүй байсан. Э.Эрдэнэсүрэн эгч шалны мод, шүүр зэргийг бариад Х.Анхтамир ахыг цохиод байсан, тэгэхэд нь Х.Анхтамир ах Э.Эрдэнэсүрэн эгчийн цээж рүү нь хоёр гараараа түлхэж унагасан” гэсэн мэдүүлэг,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021.01.11-ний өдрийн №39 шинжээчийн дүгнэлтэд: ...Х.Анхтамирын биед баруун гарын шуун дахь зулгаралт, зулайн хуйхны хавдар тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой...гэсэн нотлох баримтуудаас дүгнэж үзэхэд Х.Анхтамир нь өөрийн амь нас, эрүүл мэндийг хамгаалсан аргагүйн хамгаалалтын шинжтэй үйлдэл хийсэн байна.

Аргагүй хамгаалалт хийх эрхийг иргэдэд хуулиар олгосон нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах, халдашгүй чөлөөтэй байх эрхээ гэмт халдлагаас хамгаалах хууль зүйн чухал баталгаа болсон байдаг.

Өөрийн болон бусдын эрх, ашиг сонирхлын эсрэг чиглэсэн халдлага эхэлсэн, үргэлжилж байгаа, дуусаагүй буюу эхлээгүй ч аюултай заналхийлэл тулгарсан үед хийсэн хамгаалалтыг цаг үеэ олсон, хууль ёсны гэж үздэг.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд “Өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй” гэж заасан байх тул шүүгдэгч Х.Анхтамирын үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бөгөөд довтолгооны эсрэг хийсэн хамгаалалтын шинжтэй үйлдэл байх тул Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022.12.23-ны өдрийн 02 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож Х.Анхтамирт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах тогтоол гаргаж өгнө үү... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар тайлбартаа:

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэж хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн. Энэ гэмт хэрэгт хохирогчийн буруутай үйлдэл хамгийн их нөлөөтэй. Хохирогч маш их согтолттой байсан нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогддог. Шинжээч эмчийн дүгнэлтэд шүүгдэгчид тодорхой хэмжээний гэмтэл учирсан нь нотлогддог. Эрүүгийн хуулийн 4.1-д заанаар миний үйлчлэгчийн үйлдэл нь аргагүй хамгаалалт байсан гэж үзэж байгаа тул хэргийг анхан шатны шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, миний үйлчлүүлэгчийг цагаатгаж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Х.Анхтамир тайлбартаа:

Надад оногдуулсан ял шийтгэлийг хөнгөлж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч П.Батжаргал тайлбартаа:

Зодоон маргаан болсон гэдэгт маргадаггүй. Хамгийн сүүлд хохирогчийг түлхсэнээр толгойндоо хүнд гэмтэл авсан байдаг. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Э.Эрдэнэсүрэн тайлбартаа:

Эрүүл мэндээрээ хохирсондоо маш их гомдолтой байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ч.Мядагбадам дүгнэлтдээ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан. Аргагүй хамгаалалт гэж үндэслэл тогтоогддоггүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Х.Анхтамирын өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатарын  гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийн бүх үйл ажиллагааг болон шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1., 3.т зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.

Дархан-Уул аймгийн Прокуророос шүүгдэгч Х.Анхтамирыг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 01-нд шилжих шөнө 01.00 цагийн үед халуун усны газарт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч Э.Эрдэнэсүрэнг түлхэн унагаж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1.т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Х.Анхтамирыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч Э.Эрдэнэсүрэнгийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэм буруутай гэж дүгнэн түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1.т зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл тохироогүй гэж үзнэ.

Хэргийн нөхцөл байдал, болсон үйл баримтыг дүгнэж үзвэл шүүгдэгч Х.Анхтамир, хохирогч Э.Эрдэнэсүрэн нар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтын амьдралтай хамтран амьдрагч мөн бөгөөд шүүгдэгч Х.Анхтамир нь халуун усны газарт хамтран амьдрагч Э.Эрдэнэсүрэнтэй маргалдан түүнийг түлхэн унагаж эрүүл мэндэд нь гавал тархины битүү гэмтэл, тархины баруун тал бөмбөлгийн дагз-чамархай хэсгийн хатуу хальсан доорх цус хуралт, баруун зулайн аалзан бүрхүүл доорх цус харвалт бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон, гэмтлийг хэрхэн учруулсан талаар хийсэн анхан шатны дүгнэлт үндэслэлтэй хэдий ч хэрэг учрал болсон тухайн цаг хугацаанд, түүнээс ч өмнө Х.Анхтамир нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1.т заасан бие махбодын, сэтгэл санааны, эдийн засгийн, бэлгийн зэрэг хүчирхийллийн шинжтэй үйлдлүүдийн аль нэгийг үйлдэхдээ зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан, бусад эрхэд халдсан зэргээр байнгын, давтагдсан шинжтэй үйлдсэн, үйлдэж байсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул түүний үйлдлийг зүйлчилсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зөвтгөж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1.т зааснаар зүйлчлэх үндэслэлтэй байна.

Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан шүүгдэгч,    хохирогч, гэрч Б.Соронзонболд, Ц.Цэцгээ, насанд хүрээгүй гэрч Э.Дөлгөөн, шинжээч эмч Д.Туяа нарын мэдүүлэг, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 38 дугаартай хохирогч Э.Эрдэнэсүрэнгийн биед гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн байх тул шүүгдэгч Х.Анхтамирыг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 01-нд шилжих шөнийн 01 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн Алтангадасын 1-5 тоотод байрлах халуун усны газарт хамтран амьдрагч Э.Эрдэнэсүрэнтэй маргалдан, түүнийг түлхэн унагаж эрүүл мэндэд нь гавал тархины битүү гэмтэл, тархины баруун тал бөмбөлгийн дагз-чамархай хэсгийн хатуу хальсан доорх цус хуралт, баруун зулайн аалзан бүрхүүл доорх цус харвалт бүхий хүнд хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1.т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчийн гэм буруу, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэж, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Шүүгдэгч Х.Анхтамир нь “хохирогч Э.Эрдэнэсүрэн нь миний бэртэлтэй гар руу нэг удаа цохичхоод дахиад цохих гэхээр нь би өөрийгөө хамгаалаад түүнийг түлхсэн” гэж мэдүүлсэн, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар нь шүүгдэгч Х.Анхтамир нь хохирогч  Э.Эрдэнэсүрэнгээс өөрийн амь нас, эрүүл мэндийг хамгаалсан аргагүйн хамгаалалтын шинжтэй үйлдэл хийсэн нь гэмт хэргийн шинжгүй тул цагаатгаж өгнө үү гэж анхан шатны шүүх хуралдаанд мэтгэлцэж, мөн энэ агуулгаар давж заалдах гомдол гаргажээ.

Болсон хэргийн үйл баримтаас үзэхэд хэрэг учрал болох үед хохирогч Э.Эрдэнэсүрэн, шүүгдэгч Х.Анхтамир нар хоорондоо удаан хугацаанд маргалдаж муудалцсан, улмаар маргалдах явцдаа шүүгдэгч нь хохирогчийн цээжин тус газар нь түлхэж газар унагасан болох нь гэрч Б.Соронзонболдын “Анхтамир надад хэлэхдээ ...Би Эрдэнэсүрэнг түлхээд унагаасан” гэж, насанд хүрээгүй гэрч Э.Дөлгөөний “Анхтамир ах Эрдэнэсүрэн эгчийн цээж рүү хоёр гараараа түлхэж унагаасан. Эрдэнэсүрэн эгч унахдаа халуун усанд ордог өрөөний хана мөргөөд шалан дээр ар дагзаараа газар унасан” гэх мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад баримтаар хангалттай нотлогдон тогтоогдсон байх ба хохирогч Э.Эрдэнэсүрэн нь шүүгдэгчийн амь насанд аюултай нөхцөл байдал үүсгэсэн, түүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахаар довтолсон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгч Х.Анхтамирыг аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1.т “Өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй”, 3.т “Аргагүй хамгаалалтыг бусдын хууль бус халдлага эхэлсэн, эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед хийнэ. Довтолгоо төгссөн хойно хийсэн үйлдлийг аргагүй хамгаалалтад тооцохгүй” гэж хуульчилжээ.

Халдлага бодитой эхэлсэн, эсхүл халдагч этгээдийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд хохирол учруулах нь тодорхой болсон үед аргагүй хамгаалалт хийх эрх үүсэх бөгөөд энэ эрх үүсээгүй байхад хийсэн үйлдлийг аргагүй хамгаалалт гэж үзэж, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлгүй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй тул давж заалдах шатны шүүхээс шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолд доорх өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1., 2., 3 дахь заалтыг:

“1.Дархан-Уул аймгийн Прокуророос шүүгдэгч Цахиур овогтой Хүрэлчулууны Анхтамирыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1.т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 болгож хөнгөрүүлэн өөрчилсүгэй” гэж,

“2.Шүүгдэгч Х.Анхтамирыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1.т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй” гэж,

“3.Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.т зааснаар шүүгдэгч Х.Анхтамирт оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялаас 2 жилийг өршөөн хасаж биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 1 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4.т зааснаар ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэж.., тус тус өөрчлөн, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Х.Анхтамирын өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогчид болон тэдний өмгөөлөгч магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

             ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Б.МАНЛАЙБААТАР

                                                           ШҮҮГЧИД                         Б.ЭРДЭНЭХИШИГ

                                                                                                     Ц.АМАРЖАРГАЛ