Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 19

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч М.Мөнхдаваа, шүүгч Д.Эрдэнэбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 146/ШШ2019/00198 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн *** сумын ЭЗ музей ТБАГУТҮГ-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч ДБШБ, ЭЗДС-д холбогдох

“ЭЗ-н Цогчин хурлын гэр дуганыг албадан нүүлгэж, газар чөлөөлүүлэх” тухай иргэний хэргийг давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Э.Энхболд оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн *** сумын ЭЗ музей ТБАГУТҮГ нь анхан шатны шүүхэд гаргасан  нэхэмжлэлдээ:

“...ЭЗ музейн үйл ажиллагаа, орчны бүсэд Монгол улсын хууль тогтоомжийн хэрэгжилт, аюулгүй байдал, стандарт хэрхэн хангагдаж байгааг мэргэжлийн хяналт болон төрийн бусад хяналтын байгууллагуудыг удаа дараа шалган үнэлэлт дүгнэлт өгөн зөвлөмж, шаардлага ирүүлсэн болно. ЭЗ-н цогчин хурал нь 2004 оноос үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд хяналт шалгалтаар "Соёлын өвийг хамгаалах тухай" хуулийн 45.3 /Түүх соёлын дурсгалт газрын хамгаалалтын бүсэд энэ хуулийн 38.1-д зааснаас гадна доор дурдсан үйл ажиллагаа явуулахыг хориглоно/, 45.3.3 /гэр, сууц, барилга, байгууламж барих/-т заасны дагуу, мөн Монгол улсын стандарт MNS 5634:2006 Музейн үйл ажиллагаанд тавигдах шаардлагын 16.3 /Музейн гадна үүд болон барилгын төрх үзэмж, үйлчилгээнд муугаар нөлөөлөх түр байр барих, бүс үйлчилгээ явуулахгүй/ гэснийг тус тус зөрчиж байгаа тул гэр барин, хурал үйл ажиллагаа явуулж байгааг таслан зогсоохыг удаа дараа шаардаж “ЭЗ-н цогчин хурал", "ДС"-ийн үйл ажиллагаа зөвшөөрлийг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2004 оны 65 дугаар тогтоолоор олгосон боловч ЭЗ-н хашаанд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгоогүй болно. Дээрх шаардлагын дагуу ЭЗ-н цогчин хурлын тэргүүн лам Д.Х-д албан бичгээр болон амаар удаа дараа мэдэгдэж байсан бөгөөд 2018 оны 12 сард Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагч, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагч нар лам нартай уулзаж 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр гэхэд нүүхээр мэдэгдэж харилцан тохиролцсон билээ.

Гэтэл өнөөдрийг хүртэл гэрээ нүүлгэхгүй, янз бүрийн шалтаг тооцсон албан бичиг ирүүлсээр байна.

 Иймд Монгол Улсын хууль тогтоомж зөрчин төрийн байгууллагуудаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй үйл ажиллагаа явуулж байгаа “ЭЗ-н цогчин хурлын гэр дуганыг албадан нүүлгэж, газар чөлөөлүүлж өгнө үү ...гэжээ.

 

Нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн *** сумын ЭЗ музей ТБАГУТҮГ-ын захирал Н.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлага бол газар чөлөөлүүлэх, албадан нүүлгэх байгаа. Түүнээс ЭЗ-н цогчин хурал Дамбаравжаалин дацан сангийн үйл ажиллагааг зогсоох гэсэн оролдлого биш. Сангийн үйл ажиллагаагаа явуулах байраар чөлөөтэй хангагдсан байгаа тул хууль зөрчиж үйл ажиллагаа явуулж байгаа гэрийг нүүлгэж, газрыг нь чөлөөлүүлэх хүсэлтийг гаргасан. Тус гэр нь ЭЗхийдийн хэрэмний голд, алтан суварганы зүүн урд талд үйл ажиллагаа явуулж байна. Тухайн үед ДДС Цогчин дуганыг сэргээх гэдэг утгаар нь үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн болохоос яг хажууд нь гэр бариад үйл ажиллагаа явуул гэсэн зөвшөөр гэж би  харахгүй байна. Шинэ дуган хийдтэй болох хүртэлх хугацаанд зөвшөөрсөн. Гэтэл өчнөөн хугацаа өнгөрч байна. Тиймээс Цогчин хурлын гэрийг албадан нүүлгэж, газрыг чөлөөлүүлж өгнө үү. Тухайн газар нь ЭЗмузейн эзэмшилд байдаг газар байгаа юм ...гэжээ.

Хариуцагч   ДБШБ,   ЭЗДС-гийн тэргүүн Д.Х шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа :

ЭЗмузей нь Монголчуудын Их хаадаас бүтээж, Дэлхийн хүн төрөлхтөний соёлд оруулсан Бурхан шашны дахин давтагдашгүй соёлын их өв билээ. Монгол оронд Бурханы шашин гурвантаа дэлгэрч, 3 удаа буурсан түүхтэй. Анхны дэлгэрсэн газар нь ЭЗбилээ. Хүннү нарын үед анх Бурхан багшаа бүтээж, Өгөөдэй хаан бээр, Хархорин хот байгуулалтын ажилтай эн тэнцүүд авч үзэн, Эрдэнэ зууг сэргээсэн ба Автай хаан өнөөдрийн гол Зуугийн сүмийг барьж эхлүүлсэн нь 3 удаагийн дэлгэрэлтийн анхны шүтээн болохыг Манзуширын хувилгаан Заваа Дамдин ламтны сүмбумд магтан мөргөсөн байдаг. Зуугаад жилийн өмнөх Заваа Дамдин ламтны магтаалд ирээдүй цагт Лалын цэргүүд 10 зүгээс босч ирэхэд цорын ганц аврал танд мөргөе хэмээн Эрдэнэ зууг магтсан нь одооны террорист халдлагыг аль эрт мэдсэн нь гайхамшигтай байдаг. Эрдэнэ зууг 1930-аад онд коммунист төр хэлмэгдүүлж 60 гаруй сүм дуганы 40 гаруйг нь туурь болгож, эрдэмтэн доктор лам нарыг шууд буудаж, дунд насны лам нарыг 10 жилийн ялаар шийтгэж, хүүхдүүдийг нь хөөж тараасан нь одоо ЭЗ-н өвөрмөц шашны зан үйл тасарч, 3 үеийн лам наргүй болоод байна. Үүнийг Монголын төр, хэлмэгдүүлсэн алдаагаа засч БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1990 оны 02 дугаар сарын 22-ны 10 тоот тогтоолоор 1990 оноос ЭЗ-н уламжлалт хурлыг сэргээх болсон.

Мөн Дэлхийн өвийн төв 2004 онд, Дэлхийн соёлын өвд бүртгэхдээ ЭЗбол зөвхөн музей бус, Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын чухал бүрэлдэхүүн, шашин соёлын амьд өв хэмээн бүртгэсэн байдаг. Манай Цогчин хурал ЭЗ-н уламжлалт 6 дацангийн нэг Цогчин дацанг сэргээж, хойч залуу үед уламжлан үлдээхээр ажиллаж байна. Манай дацан “ЭЗПС-р” ЭЗ-н Цогчин дуганыг улсаас нэг ч төгрөг гаргалгүй сэргээхээр Дэлхийн өвийн дэмжлэгийг авч, Боловсрол соёл шинжлэх ухааны Сайдын 2002 оны 04 дүгээр сарын 25-ны 114 тоот тушаал гаргуулж уг ажлыг эхлүүлсэн боловч музейн захиргаа элдэв шалтаг гаргаж бариулаагүй тул арга буюу өөр газар барьсан болно. Тэр ч байтугай шалгалт хийлгэж археологийн малтлага хийлгээгүй хэмээн худлаа дүгнэлт гаргаж байсан. Одоо музейн захиргаанаас Өвөрхангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2009 оны 06 дугаар сарын 10-ны 04 тоот тогтоолыг хэрэгжүүлж гэрээгээр ажиллаж байсныг зогсоож улмаар түүхэн уламжлалыг хадгалж буй Цогчин дацанг хөөж байгаа нь Бурханы шашны зан үйлийг жинхэнэ утгаар нь хойч үед үлдээхэд ноцтой хохирол учирч байна.

Хэрэв Цогчин дацан Эрдэнэ зуугаас гарвал 3 манаач, 2 бичээч шууд ажилгүй болж, цаашлаад 29 өрх гэрийн амьдрал хөндөгдөх болно. Музейн шаардлага нь Олон улс ЮНЕСКО Дэлхийн өвийн суурь зарчимтай зөрчилдөж байна. Их хаадаас уламжилж шүтсэн Бурханы шашны “Голомт төв" ЭЗ-н язгуур өөрчлөгдөн устаж Европ маягийн музейн стандартыг мөрдөх болж байна.

Иргэний хуулийн иргэдийн шүтэх бишрэх эрх зөрчигдөж буйн илрэл нь ЭЗшүтээнд өргөсөн өргөл нь музейн орлого болж байна. Гадаад орнууд өөрийн уламжлалт шашнаа төрийн бодлогоор санхүү болон бусад дэмжлэгүүдийг үзүүлж олон улсад түгээж байхад манай төр хавчин гадуурхаж хөөж байна. Үүний илрэл нь Цогчин дуганыг сэргээн барих ажлыг гадаад нөхцөл олон улсын байгууллага ЮНЕСКО Дэлхийн өв дэмжээд байхад монголчууд өөрсдөө хойш татаж бариулаагүй болно. Сүүлийн үед хуулийг тодорхой хэсэг хүмүүсийн ашиг сонирхлоор засаж шударга заалтыг хасдаг, ёс бус зүйлийг нэмдэг нь тодорхой болж энэхүү хуулийн гажуудлаас бурханы шашин дахин хэлмэгдэх ёсгүйг анхаарч монгол үндэстний язгуур эрх ашгийг эрхэмлэж баримт нотолгоог судлаж үнэн зөв шийдэж өгөхийг хичээнгүйлэн хүсье ...

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.И анхан шатны шүүхийн  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. ЭЗ-н цогчин хурал, ДДС нь гэрт хурал хурах үйл ажиллагаа явуулж байгаа нь үнэн. Энэ үйл ажиллагааг 2003 оноос эхлэн явуулсан. Тухайн үед үйл ажиллагаа явуулахыг аймаг орон нутаг, Боловсрол соёл шинжлэх ухааны яам хүлээн зөвшөөрөөд өдий хүртэл үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Энэ үйл ажиллагааг явуулж байх хугацаанд аймгийн иргэдийн хурлаас 2 удаа тогтоол гарч Цогчин дуганыг сэргээн барихаар тохиролцоод энэ ажиллагаагаа шат дараалалтай хийж эхэлсэн. Одоо ч энэ үйл ажиллагаа явагдаж байна. Энэ ажил хийгдэж байх хугацаанд гэрт үйл ажиллагаа явуулаад хурлаа хийх зөвшөөрөл авсан. Гэтэл 2007 оны 03 дугаар сарын 13-ны өдөр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын комисс байгуулагдаад дүгнэлт гаргасан. Сөрөг нэхэмжлэлтэй хавсаргаж өгсөн баримтан дээр дуганыг сэргээн босгоход ямар үйл ажиллагаа явуулж байгаа нь дэс дараалалтай харагдаж байгаа. Ингээд үйл ажиллагаагаа явуулж байхад нь гэр барьж болохгүй, гэрийг нүүлгэнэ гэсэн. Сая нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлаж байхдаа миний гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэж би ойлгож байна. Би сөрөг нэхэмжлэл дээрээ Цогчин дуганыг сэргээн засварлах үйл ажиллагааг сэргээж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэтэл сая нэхэмжлэгч маань үйл ажиллагаагаа явуулдгаараа явуул манайх ганцхан гэрийг л нүүлгэнэ гэж ярьж байна. Анхнаасаа үйл ажиллагаа явуулахыг хүлээн зөвшөөрсөн болохоор гэр барьж үйл ажиллагаа явуулсан. Хууль дүрэм зөрчөөгүй гэж үзэж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна ..гэжээ.

Анхан шатны шүүх, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.3.3-т зааснаар нэхэмжпэгч Өвөрхангай аймгийн *** сумын ЭЗмузей ТБАГУТҮГ-ын 20 га газарт барьсан хашаанд хариуцагч ДБШБ, ЭЗДС-н шашны үйл ажиллагаа явуулж буй гэр дуганыг албадан нүүлгэж, хууль бус ззэмшлээс газрыг чөлөөлөн,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц зохигч, түүний өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдан шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.И давж заалдах гомдолдоо:

ЭЗмузей нь Монголчуудын Их хаадаас бүтээж  дэлхийн  хүн төрөлхтөний соёлд оруулсан бурхан шашны дахин давтагдашгүй соёлын их өв билээ. Монгол оронд бурханы шашин гурвантаа дэлгэрч 3 удаа буурсан түүхтэй. Анхны дэлгэрсэн газар нь ЭЗюм. Хүннү нарын үед анх бурхан багшаа бүтээсэн нь Өгээдэй хаан билээ. Хархорин хот байгуулалтын ажилтай эн тэнцүү авч үзэн, Эрдэнэ зууг сэргээсэн ба Автай хаан өнөөдрийн гол Зуугийн сүмийг барьж эхлүүлсэн нь 3 удаагийн дэлгэрэлтийн анхны шүтээн болохыг Манзуширын хувилгаан Заваа Дамдин ламтны сүм бумд магтан мөргөсөн байдаг. Зуугаад жилийн өмнөх Заваа Дамдин ламтны магтаалд ирээдүй цагт Лалын цэргүүд 10 зүгээс босч ирэхэд цорын ганц аврал танд мергөе хэмээн Эрдэнэ зууг магтсан нь одооны террорист халдлагыг аль эрт мэдсэн нь гайхамшигтай байдаг. Эрдэнэ зууг 1930-аад онд коммунист төр хэлмэгдүүлж 60 гаруй сүм дуганы 40 гаруйг нь туурь болгож, эрдэмтэн доктор лам нарыг шууд буудаж, дунд насны лам нарыг 10 жилийн ялаар шийтгэж, хүүхдүүдийг нь хөөж тараасан нь одоо ЭЗ-н өвөрмөц шашны зан үйл тасарч, 3 үеийн лам наргүй болоод байна. Үүнийг Монголын төр хэлмэгдүүлсэн алдаагаа засч БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1990 оны 02 дугаар сарын 22-ны өрийн 10 тоот тогтоолоор 1990 оноос ЭЗ-н  уламжлалт хурлыг сэргээх болсон.

Мөн Дэлхийн өвийн төв 2004 онд дэлхийн соёлын өвд бүртгэхдээ ЭЗбол зөвхөн музей бус Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын чухал бүрэлдэхүүн, шашин соёлын амьд өв хэмээн бүртгэсэн байдаг. Манай цогчин хурал ЭЗ-н уламжлалт 6 дацангийн нэг Цогчин дацанг сэргээж, хойч залуу үед уламжлан үлдээхээр ажиллаж байна. Дамбаравжаалин дацан сан нь гэрт хурал хурах үйл ажиллагаа явуулж байгаа нь үнэн. Цогчин дуганы үйл ажиллагааг 2003 оноос эхлэн явуулсан. Тухайн үед үйл ажиллагаа явуулахыг аймаг, орон нутаг, Боловсрол соёл, шинжлэх ухааны яам хүлээн зөвшөөрөөд өнөөдрийг хүрсэн. Энэ үйл ажиллагааг явуулж байх хугацаанд Аймгийн Иргэдийн Хурлаас 2 удаа тогтоол гарч, Цогчин дуганыг сэргээн барихаар тохиролцоод энэ ажиллагаагаа шат дараалалтай хийж эхэлсэн, одоо ч энэ үйл ажиллагаа явагдаж байна.

Энэ ажил хийгдэж байх хугацаанд гэрт үйл ажиллагаа явуулаад хурлаа хийх зөвшөөрөл авсан. Цогчин дуганыг сэргээн босгох ажлыг хийж байгаа тохиолдолд ЭЗмузейн хашаанд байгаа гэр дуганыг нүүлгэн гаргах боломжгүй юм.

Учир нь гэр барьж үйл ажиллагаа явуулж байгааг шүүх ойлгохгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү ...гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн *** сумын ЭЗ музей нь хариуцагч ДБШБ, ЭЗДС-д холбогдуулан ЭЗ-н Цогчин хурлын гэр дуганыг албадан нүүлгэж, газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагч ДБШБ, ЭЗДС-н нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, Цогчин дацанг хөөж байгаа нь бурхан шашны зан үйлийг жинхэнэ утгаар нь хойч үед үлдээхэд ноцтой хохирол учруулж байна гэж маргасан байна.

ЭЗмузей нь Өвөрхангай аймгийн *** сумын ЭЗ түүх соёлын дурсгалт газрыг хамарсан 20 га газрыг эзэмшин  үйл ажиллагаа явуулдаг болох нь хэрэгт авагдсан, 1070001055  дугаартай, 9045201 регистртэй, Улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 25х/, 0299191 дугаартай Төрийн байгууллагад газар эзэмших эрхийн гэрчилгээ /хх-ийн 81х/ зэрэг баримтуудаар нотлогдсон,

 ЭЗмузей нь дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн, улсын хамгаалалттай, соёлын өв, түүхэн дурсгалт газар бөгөөд Засгийн газраас тогтоосон хамгаалалтын бүсэд Цогчин дуганыг сэргээх ДБШБ 8133514 регистрийн дугаартай, 1080001004 улсын бүртгэлийн дугаартай, улсын бүртгэлийн гэрчилгээтэй, 1002554 регистрийн дугаартай, 1081001006 улсын бүртгэлийн дугаартай ЭЗДС-н улсын бүртгэлийн гэрчилгээтэй Дамбаравжаалин сан нь гэр дуган барин үйл ажиллагаа явуулдаг болох нь үзлэгийн тэмдэглэл, уг дуганы байршилыг харуулсан гэрэл зураг /хх-ийн 90х/ зэрэг баримтуудаар тогтоогдож байх ба хариуцагч ЭЗДС нэхэмжлэгч ЭЗмузейтэй гэрээ байгуулан гэр дуганыг барьж, түрээсийн төлбөр төлж байсан нь зохигчийн тайлбараар батлагдсан байна.

Цогчин дуганыг сэргээх ДС нь гэр барин улсын хамгаалалттай түүхэн дурсгал ЭЗмузейн хамгаалалтын бүсэд үйл ажиллагаа явуулж Соёлын өвийг хамгаалах тухай хуулийг зөрчсөн талаар Монгол улсын Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2013 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 15/90 дугаартай хяналт шалгалтын танилцуулга,

 Улсын хамгаалалтын бүсэд орсон ЭЗ музейн хашаанд байрлах гэрийг нүүлгэж хамгаалалтын бүсээс гаргуулах, эрсдэл бууруулах тухай Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын, улсын ахлах байцаагчийн 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 15109/030/137 дугаартай зөвлөмжийг *** сум дахь ЭЗмузейд ирүүлж байсан бөгөөд  уг танилцуулга, зөвлөмжийн дагуу  *** сум дахь ЭЗмузей нь газар чөлөөлүүлэх тухай шаардлагыг ДБШБ, ЭЗДамбаравжаалин санд  удаа дараа хүргүүлж байсан байна.

Анхан шатны шүүх, хариуцагч ДБШБ, ЭЗДС нь ЭЗ музейн улсын хамгаалалтын бүсэд гэр дуган барин үйл ажиллагааг явуулж байгаа нь Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.3 дахь хэсгийн 45.3.3-т заассан “...түүх, соёлын дурсгалт газрын хамгаалалтын бүсэд гэр барьж үйл ажиллагаа явуулахыг хориглоно...” гэсэн заалтыг зөрчсөн,  ДБШБ, ЭЗДС нь улсын хамгаалалтад байх түүх соёлын дурсгалт газар буюу ЭЗ музейн хашаанд газар эзэмших эрхтэй болох нь хариуцагч байгууллагаас гаргаж өгсөн нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэж тус тус дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч ДБШБ, ЭЗДС-н улсын хамгаалалтанд байх, түүх соёлын дурсгалт газар буюу ЭЗмузейн хашаанд барьсан гэр дуганыг албадан нүүлгэж, газрыг чөлөөлүүлж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан байх тул шийдвэрийг хэвээр үлдээн, ДБШБ, ЭЗДС-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.И-н давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.И-н давж заалдах гомдлыг хангахгүй орхисон тул  тус байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг төсвийн орлогод хэвээр үлдээв.

Монгол улсын Иргэний  хэрэг  шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн  167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.1-д заасныг  удирдлага болгон

ТОГТООХ  нь:

1. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 146/ШШ2019/00198 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Өвөрхангай аймгийн *** суманд үйл ажиллагаагаа явуулдаг ЭЗДС, ДДШБ давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч ЭЗДС, ДДШБ-н төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

   3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

   4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.