Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намсрайн Батзориг |
Хэргийн индекс | 102/2019/02117/и |
Дугаар | 1826 |
Огноо | 2019-10-25 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 1826
Д.Х-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Э.Золзаяа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2019/02102 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Д.Х-ын нэхэмжлэлтэй, хариуцагч “ОМ” ХХК-д холбогдох
Түрээсийн төлбөр, барьцаа 570 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хохирол 1 775 300 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяраагийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч Д.Х- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяраа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Х- нь “ОМ” ХХК-тай 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Арвидах худалдааны төвд талбай түрээслэх гэрээ байгуулсан. Мөн өдрөө компанийн санхүүд түрээсийн төлбөр, барьцааны мөнгө нийт 570.000 төгрөг хүлээлгэж өгсөн. Талуудын байгуулсан гэрээнд гарын үсэг зурснаар гэрээний 1.1-д заасан талбай хүлээлгэн өгч, хүлээж авна гэсэн үүргийг “ОМ” ХХК биелүүлээгүй. Д.Х- түрээсийн талбайд үйл ажиллагаа явуулаагүй тул “ОМ” ХХК-иас 570.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч Л.Батбаатар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Д.Х-тай харилцан тохиролцсоны үндсэн дээр Арвидах худалдааны төвд барилгын материалын худалдааны чиглэлээр талбай түрээслэн ажиллуулахаар 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдөр гэрээ байгуулсан. “ОМ” ХХК нь 2019 оны 2 дугаар сарын 15 өдрийн 1/5 тоот Барилгын захын нийт түрээслэгчдэд зориулан гаргасан мэдэгдлийн дагуу 19.400.000 төгрөгийн өртөгтэйгээр павильоныг захиалан хийлгүүлж, 2019 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр барилгын материалын чиглэлээр үйл ажиллагаа явуулахад ажлын байрыг 100 хувь бэлэн болгосон байсан. Барилгын материалын захад тусгайлан зориулан вакум хаалтуудыг “Ноц цонх” ХХК-тай 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдөр гэрээ хийж, ажил гүйцэтгүүлж төлбөрийг шилжүүлсэн. Гэрээний дагуу 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Д.Х- нь үйл ажиллагаа эхлүүлэх байсан болов ч Д.Х- болон 19 түрээслэгчийн хэн нь ч ирээгүй. “ОМ” ХХК нь 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 5/8 тоот мэдэгдэл хүргүүлж, түрээслэгч Д.Х-ыг түрээсэлсэн лангуу, павилиондоо үйл ажиллагаагаа эхлүүлэхийг албан ёсоор мэдэгдсэн. Д.Х- нь “ОМ” ХХК-ийг гэрээгээ зөрчсөн павильон байхгүй мэтээр шалтаг шалтгаан гаргаж байгааг гэрээнээс үндэслэлгүй татгалзаж байна гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Хариуцагч “ОМ” ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ”ОМ” ХХК нь 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 1/5 тоот Барилгын захын нийт түрээслэгчдэд зориулан гаргасан мэдэгдлийн дагуу 19.400.000 төгрөгийн өртөгтэйгээр вакум павильоныг захиалан хийлгүүлж, 2019 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр бүх павильоны вакум хаалтыг “Ноц цонх” ХХК-иар ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дээр хийж гүйцэтгүүлэн гэрээний үүргээ биелүүлсэн. Д.Х- нь нэхэмжлэлдээ 1 сарын дараа павилион бэлэн болгохоор тохиролцсон гэж ташаа бичсэн байна. Гэрээ ёсоороо 4 дүгээр сарын15-ны өдрөөс ажиллаж эхлэх байсан. 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Д.Х-тай гэрээ хийхдээ 4 дүгээр сарын түрээсийн төлбөр авсан. “ОМ” ХХК нь 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрөөс хойш түрээслэгчгүй болж үүнээс үүдэн манай компани нь дараах алдагдлыг хүлээгээд байна. Иймд Д.Х-тай байгуулсан гэрээнээс үүдэж “ОМ” ХХК-д учирсан түрээсийн орлого 915.000 төгрөг, Д.Х-т оногдох талбайн цахилгаан дулааны зардал 206.400 төгрөг, вакуум хаалт, хаалганы 653.900 төгрөг, нийт 1.775.300 төгрөгийг Д.Х-аас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяраа шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Д.Х- нь “ОМ” ХХК-ийн Арвидах худалдааны төвд нэг ч удаа үйл ажиллагаа явуулаагүй, тог цахилгаан дулаан хэрэглээгүй тул энэ мөнгийг төлөх үндэслэл байхгүй. “ОМ” ХХК вакум хаалга, хаалтыг түрээслэгч нарын мөнгөөр хийж, өөрийн өмч болгосон. Хариуцагч талын өөртөө хөрөнгө оруулсан төлбөрийг бусдаас нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Хариуцагч тал нэхэмжлэгчээс олох байсан орлогоо нэхэмжилсэн. Гэтэл өмнөх түрээслэгчийг хэзээ гаргасан нь тодорхойгүй, бусдад талбайгаа түрээслэх эсэх нь хариуцагч талын эрхийн асуудал. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлага 1.775.300 төгрөгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 227 дугаар 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Х-ын хариуцагч ”ОМ” ХХК-д холбогдуулан гаргасан 570.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч “ОМ” ХХК-ийн нэхэмжлэгч Д.Х-т холбогдуулан гаргасан 1.775.300 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Х-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17.750 төгрөгийг, хариуцагч “ОМ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43.354 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяраа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Гэрээ байгуулах үед хариуцагч талын бэлэн болгох үүрэг бүхий павилион, талбай бэлэн байгаагүйд талууд маргаагүй. Хариуцагчийн зүгээс түр хүлээж байхыг санал болгосноор бид 1 сар хүлээсний дараа гэрээг цуцлах тухай мэдэгдсэн. Хариуцагч тал ч 2, 3 сард гэрээг цуцлах тухай мэдэдсэнд маргаагүй. Хариуцагч “ОМ” ХХК-иас 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдөр 1/5 дугаар бүхий мэдэгдлийг хариуцагчид танилцуулан гарын үсэг зурсан нь гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулаагүй. Талбай түрээслэх энэхүү гэрээ хэрэгжээгүй. Хариуцагчийн төөрөгдүүлсэн байдлыг шүүх үнэн зөв шийдвэр гаргаагүй байх тул шийдвэрийг хянан үзэж, үнэн зөв шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч Д.Х- нь хариуцагч “ОМ” ХХК-д холбогдуулан түрээсийн төлбөрт болон барьцаа 570.000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, гэрээнээс учирсан хохиролд нийт 1.775.300 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч “ОМ” ХХК нь 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдөр 1/5 дугаартай мэдэгдэлд Д.Х- гарын үсэг зурсан гэж тайлбарлаж “мэдэгдлийг хүлээн зөвшөөрсөн түрээслэгчдийн гарын үсгийн баталгаажуулалт” гэх баримтыг хэрэгт хавсаргасан, уг мэдэгдэлд Д.Х- гарын үсэг зураагүй гэж маргасан байхад анхан шатны шүүх “уг мэдэгдэлд в2 дугаартай талбайг түрээслэгчээр Д.Х- гарын үсэг зурсан байна” гэж дүгнэсэн нь буруу байна.
Гэтэл уг мэдэгдлийн хавсралт гэх дээрх бичмэл баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дах хэсэгт заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангаагүй байхад шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн нь мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дах хэсэгт заасныг зөрчсөн байна. /хх-ийн 46-47/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дах хэсэгт зааснаар нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.
Иймд давж заалдах шатны шүүхээс дээрх алдааг зөвтгөн шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2019/02102 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17 750 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО
ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА
Н.БАТЗОРИГ