Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гоошоохүүгийн Даваадорж |
Хэргийн индекс | 181/2017/03528/и |
Дугаар | 210/МА2019/00564 |
Огноо | 2019-03-27 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 210/МА2019/00564
“ХБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2019/00185 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: “ХБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.А, Д.Т, “ИА” ХХК-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 259 169 605 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай маргаантай хэргийг
Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Тэмүүлэн,
Хариуцагч Б.А, “ИА” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Алтаншагай,
Хариуцагчийн өмгөөлөгч: З.Хүрэлсүх, Л.Батцэцэг нар,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Б.А, Д.Т нар нь “ХБ” ХХК-тай 2013 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 10500112622 дугаартай барьцаат зээлийн гэрээг байгуулж, 100 000 ам.долларын зээлийг 36 сарын хугацаатай, 365 хоногт 15,6 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар, 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 1050026165 дугаартай зээлийн гэрээг байгуулж, 50 000 000 төгрөгийн зээлийг, 48 сарын хугацаатай, 365 хоногт 24 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар тус тус авсан. Банк 1050012622 дугаартай ам.долларын зээлд ханшийн өсөлт, эдийн засгийн хямрал, орлогын бууралт зэргээс шалтгаалан зээлийн эргэн төлөлтөд хүндрэл үүссэн шалтгаанаар зээлдэгчийн зүгээс зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулах, зээлийн хугацааг сунгах хүсэлт гаргасны дагуу дараах нөхцөл өөрчлөлтүүдийг хийсэн байна. Үүнд 2013 оны 10 дугаар сарын 27-ны өдөр нөхцөл өөрчилж үндсэн зээлийн төлөлтөөс 6 сар чөлөөлж, зээлийн дансны дугаарыг 1050014591 болгож өөрчилсөн. 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр нөхцөл өөрчилж гэрээний зээлийн хугацааг 12 сараар сунгаж зээлийн дансны дугаарыг 1050021758 болгож өөрчилсөн. 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр дахин нөхцөл өөрчилж гэрээний зээлийн хугацааг 44 сараар сунгаж зээлийн дансны дугаарыг 1050026161 болгож өөрчилсөн. Зээлдэгч 1050012622 болон 1050026165 дугаартай зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 05/860 дугаартай баталгаат ипотекийн гэрээнд заагдсан дараах хөрөнгүүдийг барьцаалсан. Үүнд: Сүхбаатар дүүрэг, 18 дугаар хороо, Бэлхийн 45 дугаар гудамж 50б тоот, улсын бүртгэлийн Ү-2203019931 дугаар бүхий 517,75 м.кв хувийн сууц, Сүхбаатар дүүрэг, 18 дугаар хороо, Бэлхийн 45 дугаар гудамж 50б тоот, улсын бүртгэлийн Г-2203004514 дугаар бүхий 553 м.кв өмчлөх эрхтэй газар, Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо, Бэлхийн задгайд байрлах улсын бүртгэлийн Ү-2203009279 дугаар бүхий 96 м.кв дэлгүүрийн барилга, Сүхбаатар дүүрэг, 18 дугаар хороо 50а тоот, улсын бүртгэлийн Г-2203004515 дугаар бүхий 612 м.кв өмчлөх эрхтэй газар, 04-90 УНН улсын дугаартай сувдан өнгийн Ланд крузер-100 маркийн автомашин. Харин “ИА” ХХК нь Б.А, Д.Т нарын 1050026161, 1050026165 дугаартай зээлийн гэрээний үүрэг зөрчигдсөн тохиолдолд түүний өмнөөс үүрэг гүйцэтгэхээр ХБ-тай 1050026161-01, 105002665-01 дугаартай батлан даалтын гэрээ байгуулсан. Зээлдэгч Б.А, Д.Т, “ИА” ХХК нар нь зээлийн гэрээний гол нөхцөл болох эргэн төлөлтийн хуваарийн дагуу сар бүр зээл, зээлийн хүү төлөх үүрэгтэй боловч 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн нөхцөл өөрчлөлтөөс хойш дахин зээлийн төлөлтийн хугацаа хэтрүүлж улмаар банк ам.долларын зээлийг зээлдэгчтэй хамааралтай бус эрсдэл үүссэн гэж үзэн зээлдэгчид дахин боломж олгож, 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 49 632,27 ам.долларын зээлийг төгрөгт хөрвүүлж төгрөгийн зээлийн үлдэгдэл 50 000 000 төгрөгтэй нэгтгэн 168 968 551,19 төгрөгийн 1050031259 дугаартай дансыг шинээр үүсгэж мөн эргэн төлөлтийн хуваарийг шинээр гаргаж, зээлийн хүүг 24 хувиас бууруулан 16,5 хувийн хүүтэй болгосон. Уг нөхцөл өөрчлөлтийг хийхдээ шинээр байгуулсан гэрээний эргэн төлөлтийн хуваарийг зөрчөөгүй нөхцөлд 1050026165 дугаартай төгрөгийн зээлийн хуримтлагдсан хүү төгрөгийг төлүүлж, 1050026161 дугаартай ам.долларын зээлийн хуримтлагдсан хүү 9 854,09 ам.доллараас чөлөөлж үндсэн зээлээс 12 408 ам.долларыг ЗТУБЭХ сангаас хаахаар шийдвэрлэсэн. Гэсэн ч зээлдэгч зээлийн төлбөрөө хугацаа хэтрүүлж банкны зүгээс тавьсан удаа дараагийн мэдэгдэл шаардлагыг үл тоомсорлон төлбөр төлөх талаар арга хэмжээ авахгүй үүргээ биелүүлэхгүй, биелүүлэхээс санаатай зайлсхийж, гэрээний үүргээ ноцтой зөрчин өнөөдрийг хүрлээ. Иймд банк нэг талын санаачилгаар гэрээгээ цуцалж, одоогийн идэвхтэй байгаа зээл хүүгийн төлбөрийг, 2016 оны 10 сард чөлөөлөхөөр шийдвэрлэсэн зээл, зээлийн хүүгийн хамт нэхэмжилж байгаа болно. 2017 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар талуудын хооронд байгуулагдсан 1050031259 дугаартай зээлийн төлбөрт үндсэн төлбөр, 168 968 551 төгрөг, хүү 24 528 513 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 265 599 төгрөг, нийт 193 762 662 төгрөг, 1050026165 дугаартай зээлийн хүү 10 730 136,98 төгрөг, 1050026161 дугаартай зээлийн үндсэн төлбөр 12 408 ам.доллар, хүү 9 854,09 ам.доллар, нийт 22 262,09 ам.доллар буюу 54 676 806,14 төгрөг, нийт 259 169 605 төгрөгийг зээлдэгч Б.А, Д.Т, “ИА” ХХК нараас гаргуулан, үүргийн гүйцэтгэлийг барьцаанд байгаа үл хөдлөх эд хөрөнгүүдээр хангуулан өгнө үү гэжээ.
Хариуцагч нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Б.А Д.Т бид нар 2011 онд “ХБ, “Хаан” банканд 100 000 000 төгрөгийн зээл олгож өгөөч гэсэн хүсэлтийг аль алинд нь хүсэлт өгч зээлийн судалгаа хийлгэсэн. Зээлийн судалгаа хийлгээд байж байтал “Хаан” банк нэг өдрийн өмнө, дараа өдөр нь “Хас” банкны 100 000 000 төгрөг авах боломжтой гэсэн хариу гарсан. “Хас” банкнаас “Хаан” банк 0.2 хувиар хүү бага байсан учраас “Хаан” банктай харилцаж “Хаан” банкнаас 100 000 000 төгрөгийн зээл авсан. “Хаан” банканд 100 000 000 төгрөгийн зээлийн төлөлт хийгээд 50-60 хувийн төлөлт хийгээд хэвийн хэмжээнд явж байхад “ХБ-аас бидний байнгын харилцдаг байсан зээлийн мэргэжилтэн Алтансувд утсаар яриад “та нар яагаад манай банктай харилцахаа больсон бэ” гэхэд нь “Хаан” банктай харилцаж байгаа танайхаас 0.2 хувийн хүү бага учраас 100 000 000 төгрөгийн зээл авсан төлөлт явагдаж байгаа” гэж хэлсэн. Тэгэхэд Алтансувд хэлэхдээ “та нар мөнгөний хэрэгцээ байгаа бол манай банктай дахин харилцаарай би боломж олгоно” гэж хэлсэн. Би “Хаан” банк дээр 45.888.653 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа, бид малтай гэхдээ мал дээрээ фермийн аж ахуй байгуулах сонирхолтой байгаа гэхэд та нар манай банктай харилцаач гэсэн. Бид “ХБ-тай очиж уулзахад “та нарт зээл олгох боломжтой байна, “Хаан” банкны үлдэгдэл мөнгийг бид хааж өгье, та нар зээл авч болно” гэж хэлсэн. “ХБ-д 150 000 000 төгрөгийн зээл хүссэн хүсэлт өгсөн. 150 000 000 төгрөгийн хүсэлт өгөөд байж байхад “ХБ “манайд монгол мөнгөний нөөц бага байна долларын нөөцтэй байна та нар дээр 100 000 долларын зээл батлагдсан” гэж хэлсэн. “ХБ-ны эдийн засагч та нар найдвартай зээлдэгч тул манай банктай хамтарч ажиллаад “Хаан” банкны зээлийн үлдэгдэлээ “ХБ-аас авах зээлээсээ төлчих гээд “ХБ-аас 2013 оны 3 дугаар сарын 27-ны өдөр “Хаан” банкны үлдэгдэл 45 888 593 төгрөгийн зээлийг хааж, үлдэгдэл мөнгийг долларт шилжүүлэн бидний дансруу хийсэн байсан. Бид эргэн төлөлтийг дандаа төгрөгөөр хийдэг байсан. “ХБ үндсэн төлөлтөөс хийхгүйгээр 6 сарын хүү төлөх болгон өөрчилж биднийг хүндрэлтэй болгосон. Бид удаа дараа үүрэг үүсэх үеийн ханшаар бодож төгрөгт шилжүүлж өгөхийг хүсэж байхад банк зээл, зээлийн хүүгээ авахын тулд 2014 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр 30 000 000 төгрөг батлаад бидний зөвшөөрөлгүйгээр өмнөх эргэн төлөлт хүү болох 9 113 200 төгрөгийг 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр суутгаж, үлдэгдэл 18 800 000 төгрөгийг бид хоёрын гар дээр өгсөн. Үүний дараа дахиад “хүндрэлд орлоо бид дийлэхгүй байна” гэхэд “зөвхөн 6 сарын долларын хүүг төл тэр хугацаанд доллар бууж эхэлнэ тэр үед төлөлт хий” гэсэн. “Доллар буухгүй бол яах юм” гэж хэлэхэд “6 сард хангалттай бууна та нар зөвхөн хүүгээ төл” гэж хэлсэн. Ингээд 6 сарын хугацаанд зөвхөн хүү төлсөн. Дахиад үндсэн мөнгө рүү орж эхлэхэд төлж чадахаа больж 2-3 сар төлөлт хийгдээгүй. Их хэмжээний эргэн төлөлтөөс болж уналтад орлоо гэсэн хүсэлт өгөхөд 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 50 000 000 төгрөг баталж бидний зөвшөөрөлгүйгээр 15 363 372 төгрөгийг өмнөх зээл, зээлийн хүүд, 9 232 984 төгрөгийг долларт шилжүүлэн өмнөх зээл, зээлийн хүүд буцааж татаад бид нарын гар дээр 21 612 500 төгрөг гаргаж өгсөн. Ийм байдлаас болж бид хоёрын бизнес хүндэрч хаалгаа барьсан. Бид “ХБ-д нийт 160 000 000 орчим төгрөг төлсөн. Бидний авсан хэмжээний зээлийг төлж дөхүүлсэн гэж үзэж байна. Дахиж 168 000 000 төгрөгийг нэхэж байгаа хүний амьдралд байхгүй, хэд дахин нугалсан бизнес байхгүй нөхцөлд “ХБ-ны нэхэмжлэлийг ойлгохгүй байна. “ХБ байнга утасдаж, гэр, ажлын байранд ирж төлбөр төл гэж байнга дарамталж байсан учраас 30 000 000, 50 000 000 төгрөгийн зээлийн гэрээнд гарын үсэг зурахад хүргэсэн. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452.1 453.1. дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.А, Д.Т, “ИА” ХХК нараас 259 169 605 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, “ХБ” ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Сүхбаатар дүүрэг, 18 дугаар хороо, Бэлхийн 45 дугаар гудамж 502б тоот, улсын бүртгэлийн Ү-2203029931 дугаар бүхий 517,75 м.кв хувийн сууц, Сүхбаатар дүүрэг, 18 дугаар хороо, Бэлхийн 45 дугаар гудамж 502б тоот, улсын бүртгэлийн Г-2203004514 дугаар бүхий 553 м.кв өмчлөх эрхтэй газар, Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо, Бэлхийн задгайд байрлах улсын бүртгэлийн 2203009279 дугаар бүхий 96 м.кв дэлгүүрийн барилга, Сүхбаатар дүүрэг, 18 дугаар хороо, Сүхбаатар дүүрэг, 18 дугаар хороо 5а тоот, улсын бүртгэлийн Г-2203004515 дугаар бүхий 612 м.кв өмчлөх эрхтэй газар зэргийн үнийн дүнгээс хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53.1.1.,56.1.-т зааснаар шинжээчийн ажлын хөлс 343 946,5 төгрөгийг хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулж шинжээч А.Шижирмаад /Голомт банкны 1109188336 тоот данс/ олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар “ХБ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 523 998 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 1 523 998 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгч “ХБ” ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.
Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Шийдвэрийн тодорхойлох нь хэсэгт "Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч 1050012622 болон болон 1050026165 дугаартай зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлүүдийг хангуулахаар 05/860 дугаартай баталгаат ипотекийн гэрээнд заагдсан дараах хөрөнгүүдийг барьцаалсан байдаг... 04-90 УНН улсын дугаартай сувдан өнгийн Ланд крузер-100 маркийн авто машин, ...” гэжээ. Энэ нь нэхэмжлэгч “ХБ” ХХК 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлага 2-т "үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах" гэж тодорхойлсон байхад анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх нь хэсэгт дээрх барьцаа хөрөнгийг дурьдаагүй бөгөөд тогтоох нь хэсэгтээ энэ талаар дүгнэлт өгөөгүй байна. Гэтэл нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөгүй бөгөөд хэрэв нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн тохиолдолд хариуцагчид гардуулах, хариу тайлбар, хүсэлт, холбогдох нотлох баримт гаргаж өгөх зэрэг хариуцагчийн эрх, үүргээ хэрэгжүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдах үндэслэлтэй байсан болно. Мөн нэхэмжлэгч “ХБ” ХХК, хариуцагч Б.А, Д.Т нарын хооронд 2013 оны 3 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан 1050012622 дугаартай гэрээгээр 100 000 ам.долларыг 15,6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тус тус тохирон зээл авч зээлийн барьцаанд ... барьцаалсан болох нь зохигчийн тайлбар, 1050012622 дугаартай барьцаат зээлийн гэрээ, ... итгэмжлэл зэрэг бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна ..." гэжээ. Хариуцагч нар нь шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа анх нэхэмжлэгч “ХБ-аас төгрөгийн зээл хүссэн бөгөөд тухайн үед зэрэг хүсэлт гаргасан “Хаан” банкны зээл бүтэж зээлээ авчихаад 45 888 593 төгрөгийн үлдэгдэлтэй байхад “ХБ-ны зээлийн эдийн засагч н.Алтансувд 2013 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 32 740.21 ам.долларыг 46 000 000 төгрөгт хөрвүүлж банкнаас гаргуулан “Хаан” банкны зээлийг нь тухайн өдрөө буюу 2013 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хаасан гэдгээ илэрхийлдэг бөгөөд энэ талаарх холбогдох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байдаг. Харин 66 749 ам.долларыг зээлийн гэрээний зориулалтын дагуу ашигласан бөгөөд 510,79 ам.доллар нь зээл олголтын шимтгэл нэрээр банк татаж авсан байдаг. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч “Хас” банк нь анхнаасаа 100 000 ам.долларын зээлийг олгохдоо төгрөгийг зээл хүсч байхад ам.долларын зээл батлаад, энэхүү зээлийг зээлдэгч зориулалтын дагуу ашиглаагүй бөгөөд эргэн төлөх нөхцөл нь хангагдах боломжгүй байсан гэдгийг мэдэж байсан байдаг. Мөн зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх хөрөнгүүд нь гэр бүлийн дундын хөрөнгө буюу хариуцагч нар нь тухайн гэрээг байгуулахдаа хуулийн мэдлэг дутмаг улмаас гэр бүлийн насанд хүрсэн хоёр ч гишүүний зөвшөөрлийг нотариатаар батлуулан авах шаардлагыг хангаагүй буюу мэдээгүй гэрээ байгуулсан бөгөөд энэ талаар шүүхэд зөвшөөрөл олговол зохих этгээдүүдийн холбогдох нотлох баримтыг гаргаж өгсөөр байтал талуудын хооронд байгуулагдсан барьцаат зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр гэж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл барьцаат зээлийн гэрээ нь гуравдагч этгээдийн ашиг сонирхол хөндөгдсөн хүчин төгөлдөр бус гэрээ байсан болно. Улмаар 2013 оны 3 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан барьцаат зээлийн гэрээний хугацаа 2016 оны 3 дугаар сарын 20-ны өдөр дуусах ёстой байхад зээлдэгчийн 2013 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн ам.долларын зээлийг төгрөгт шилжүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг үндэслэн үндсэн 100 000 ам.долларын зээлийн үлдэгдэл 88 500 ам.долларын зээлийг 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хааж, шинээр 1050014591 данс нээж 88 500 ам.долларын зээлээс 0,3 хувиар зээл олголтын шимтгэлийг суутгаж зээлийн шинэ түүх бий болгосон нь зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт бус шинээр дахин зээлийн гэрээ байгуулагдсан байх нөхцөлийг бүрдүүлсэн байдаг. Түүнчлэн зээлийн гэрээний хугацааг 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр болгож сунгахдаа зээлийн дансыг 1050021758 тоот болгон өөрчилж 88 500 ам.долларын зээлийг хаасан гэж, дахин зээлийн гэрээний хугацааг 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр болгож сунгахдаа зээлийн дансыг 1050026161 тоот болгон өөрчилж 62 040.27 ам.долларын зээлийг төлөв гэж зээл эргэн төлөгдөж дахин шинээр зээл авсан мэтээр “ХБ нь зээлийн түүхүүдийг бий болгож байсан байдаг. Шүүх эдгээр зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтүүд нь үнийн дүнгээрээ зээл хаав, шинээр зээл олгов гэсэн дансны хуулгуудын хамт байхад үүнд үнэлэлт, дүгнэлт өгөөгүй байна. Өөрөөр хэлбэл “ХБ нь эрсдэлтэй зээлийн мэдээллийг бий болгохгүйн тулд зээлдэгчээс зээл олголтын шимтгэлийг нэг гаргасан зээл дээрээ дахин дахин авч дансуудыг өөрчлөн зээлдэгч нарт дахин зээл олгож өмнөх зээлийг хааж байсан нь нотлох баримтуудаар тогтоогдсоор байтал шүүх энэ талаар дүгнэлт өгөөгүйд гомдолтой байна. Шийдвэрийн үндэслэх нь хэсэгт "... нэхэмжлэгч “ХБ” ХХК, хариуцагч Б.А, Д.Т нарын хооронд 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан 1050017179 тоот гэрээгээр 30 000 000 төгрөгийг 24,5 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тус тус тохирон зээл авсан болох нь зохигчийн тайлбар, ... нотлох баримтуудаар тогтоогдож байна ..." гэжээ. Зээлдэгч өмнөх 2013 оны 3 дугаар сарын 27-ны өдөр авсан 100 000 ам.долларын зээлийн эргэн төлөлтөө хийж чадахгүй нөхцөл байдал үүсч удаа дараа банканд хүсэлт гаргасаар байтал дахин зээл олгож өмнөх зээлийг хэсэгчлэн хаасан баримтууд нь огтоо, хөлийн дүнгээрээ таарч байхад шүүх зээлийн гэрээний эргэн төлөлтийн нөхцөлийг ч харгалзан үзэлгүй хүчин төгөлдөр зээлийн гэрээ, авсан нь үнэн, өгсөн нь үнэн гэсэн байдалтай дүгнэсэнд гомдолтой байна. Шийдвэрийн үндэслэх нь хэсэгт "... нэхэмжлэгч “ХБ” ХХК, хариуцагч Б.А, Д.Т нарын хооронд 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан 1050026165 тоот гэрээгээр 50 000 000 төгрөгийг 24 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тус тус тохирон зээл авсан болох нь зохигчийн тайлбар, ... нотлох баримтуудаар тогтоогдож байна. ...Зээлдэгч Б.А нь дээрх 50 000 000 төгрөгийг өөрийн 5000040580 дугаартай дансандаа 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч зарлагын маягтаар 23 357 000 төгрөгийг бэлнээр авч, 1050017179 дугаар зээлийн үндсэн төлбөрт 14 072 546.37 төгрөгийг, зээлийн хүүд 1 290 826.09 төгрөгийг 5000902366 дугаартай өөрийн харилцах дансанд 9 621 885 төгрөгийг тус тус шилжүүлсэн байна. ..." гэжээ. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар зээлдэгч Б.А нь 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 1050017179 дугаар зээлийн эргэн төлөлтөд 15 363 372.46 төгрөгийг, 2013 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 1050012622 тоот барьцаат зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.2-т заасан 5000902366 дугаар харилцах дансруу 19 950 төгрөгийг дансанд байх үлдэгдэл гэсэн зориулалтаар, мөн тоот дансанд зээлийн эргэн төлөлтөд 4 636.66 ам.долларыг тус тус төлсөн баримт, 9 621 885 төгрөгийг 2013 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 1050012622 тоот барьцаат зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.2-т заасан 5000902366 дугаар харилцах данс руу төлбөрийн баримтаар бэлэн бусаар шилжүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл банк уг данснаас үл маргах журмаар өмнөх 100 000 ам.долларын зээл, зээлийн хүүг суутган авах зориулалтаар данс хооронд гүйлгээ хийсэн байна. Мөн зээлийн гэрээний барьцаа хөрөнгүүдийг ХБ даатгалд хамруул гэсэн шийдвэр гаргаж, зээлдэгч нарт шаардлага тавьсны дагуу 630 000 төгрөгийг 150109100070 барилга, 507 500 төгрөгийг 150109100071 барилга гэсэн зориулалтаар мөн өдөр “Тэнгэр” даатгалд төлбөрийн баримтаар буюу мөн л бэлэн бусаар шилжүүлсэн байдаг. Гэтэл анхан шатны шүүх ямар баримтуудын үндсэн дээр дээрх 11050017179 дугаар зээлийн үндсэн төлбөрт 14 072 546.37 төгрөгийг, зээлийн хүүд 1 290 826.09 төгрөгийн тооцооллыг гаргасан нь ойлгомжгүй бөгөөд энэ нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагад хамаарал бүхий холбогдох дээрх баримтуудад үнэлэлт, дүгнэлт өгөөгүй орхигдуулсанд гомдолтой байна. Шийдвэрийн үндэслэх нь хэсэгт "зээлдэгч Б.А нь ам.долларын зээлийг төгрөгт шилжүүлж өгнө үү гэсэн хүсэлт гаргасны дагуу зээлдүүлэгч “ХБ” ХХК, зээлдэгч Б.А, хамтран үүрэг гүйцэтгэгч Д.Т нар нь 2015 оны 1050026165 дугаартай зээлийн гэрээний дагуу олгосон 50 000 000 төгрөгийг, 2013 оны 1050012622 дугаартай барьцаат зээлийн гэрээний дагуу олгосон 100 000 ам.долларын зээлийн үлдэгдэл төлбөр болох 49 635.27 ам.долларын зээлийг тухайн өдрийн долларын ханш болох 2 397 төгрөгөөр тооцон 118 968 551.98 төгрөгтэй нэгтгэн 168 968 551.19 төгрөгийн зээлд шилжүүлэн бүртгэж, ... нэмэлт, өөрчлөлт гэрээг байгуулжээ ... Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 451 дүгээр зүйлийн 451.1-т заасны дагуу хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ ..." гэжээ. Нэхэмжлэгч “ХБ” ХХК, хариуцагч Б.А, Д.Т нарын хооронд 100 000 ам.долларын барьцаат зээлийн гэрээний 50 хувь нь зээлийн гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглагдаагүй, мөн эргэн төлөгдөх нөхцөл хүндэрсэн талаар зээлдэгч нь удаа дараа зээлдүүлэгчид хүсэлт гаргасаар байтал дахин 2 удаагийн буюу 30 000 000 төгрөгийн, 50 000 000 төгрөгийн зээл олгож дараагийн зээлээр өмнөх зээл, зээлийн хүүг төлүүлэн, хүүнээс хүү бодож байгаа банкыг Иргэний хуулийн 42 дугаар зүйлийг үндэслэн зээлийн гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэнд гомдолтой байна. Шийдвэрийн үндэслэх нь хэсэгт "...1050026165 дугаартай зээлийн гэрээгээр авсан 50 000 000 төгрөгийн хүү 2015 оны 10 сарын 26-ны өдрөөс 2016 оны 11 сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд 10 730 136.98 төгрөгийг, 1050026161 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 2015 оны 10 сарын 12-ны өдрөөс 2016 оны 11 сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд үндсэн зээлд 12 408 ам.доллар, мөн хугацааны хүүд 9 854.09 ам.доллар нийт 22 262.09 ам.доллар буюу 54 676 806.14 төгрөгийг бүгд нийтдээ 259 169 605 төгрөгийг төлөх үүрэгтэй байна ..." гэжээ. Гэтэл шүүх 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2015 оны 1050026165 дугаартай зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт 1050026165/НӨ-1 тоот хэлцлийг хүчин төгөлдөр зээлийн гэрээ гэж дүгнэчхээд энэхүү гэрээний 1.1-т "... 50 000 000 төгрөгийн зээлийн үлдэгдэл 50 000 000 төгрөг, ... 100 000 ам.долларын зээлийн үлдэгдэл 49 632.27 ам.долларын зээлийг шилжүүлж ... 168 968 551.19 төгрөгийн зээлд шилжүүлэн бүртгэв ..." гэсэн заалтад дүгнэлт өгөөгүй байна. Өөрөөр хэлбэл зээлдүүлэгч нь зээлдэгч нарт дээрх нэмэлт өөрчлөлтийг байгуулахын тулд хөнгөлттөй нөхцөл санал болгосон байдаг бөгөөд үүнд 10 730 136.98 төгрөгөөс чөлөөлөх, 12 408 ам.долларыг эрсдэлийн сангаас хааж, 9 854.09 ам.доллар орлогын данснаас буцааж /бланснаас гадуур бүртгэсэн/-аар зээлдэгч нар дээрх нэмэлт өөрчлөлтөд гарын үсэг зурсан байдаг. Энэ талаарх нотлох баримтууд хангалттай хавтаст хэрэгт авагдсан байтал үлдэгдэлгүй гэж хаасан гэрээний зээл, зээлийн хүүг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шийдвэрийн үндэслэх нь хэсэгт "... шинжээчийн дүгнэлтэд ..." гэжээ: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр "шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай" 181/Ш32018/01138 тоот шүүгчийн захирамж гарч Монголбанкыг шинжээчээр томилсон байдаг. Захирамжийн захирамжлах нь хэсгийн 2.а-д "... зээлийн гэрээний бодолт, эргэн төлөлтийн хуваариудыг Монголбанкны аргачилалаар зөв бодсон эсэх" гэж шүүхээс асуусан байхад шинжээчийн дүгнэлтэд "... шинжээчийн дүгнэлтийн хавсралтаас харна уу" гэж зөв бодсон эсэхэд дүгнэлт өгөлгүй зөвхөн бодолтыг харуулсан байдаг. Мөн Монголбанкны 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн А-1а/834 тоот албан бичигт дурьдагдсан хүү бодох аргачилалыг ашигласан байх бөгөөд энэхүү шинжилгээнд ашигласан нотлох баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлага хангаагүй буюу зохигчийн өөрийн “Хас” банк хуулбар үнэн гэсэн дардастай баримтад үндэслэн гаргасан байдаг. Захирамжийн захирамжлах нь хэсгийн 2.6-д "... зээлийг дахин олгох шалтгаан байсан эсэх, ... зээлдэгчийн хүсэлт харгалзахгүйгээр хуу, алданги нэрийдлээр өмнөх зээлрүү татсан нь зөв эсэх" гэж асуусан байхад шинжээчийн дүгнэлтэд зээлийг дахин олгох шалтгаан байсан эсэхэд дүгнэлт өгөөгүй байх бөгөөд харин "Эрсдэлтэй зээлийн талаар хэрэгжүүлэх үйл ажиллагааны заавар"-ын дагуу нэмэгдүүлсэн хүү, хүү, үндсэн зээлийг төлүүлсэн байна гэжээ. Гэтэл шинжилгээнд ашигласан баримт гэх "Эрсдэлтэй зээлийн талаар хэрэгжүүлэх үйл ажиллагааны заавар"-ыг баталсан тушаал нь гарын үсэг, тамгагүй, хавсралт заавар нь нотлох баримтын шаардлага мөн л хангаагүй байдаг. Захирамжийн захирамжлах нь хэсгийн 2.г-д "... зээлийг ямар үндэслэлээр, ямар аргачлалаар бодож хэдэн хувийн хүүтэйгээр бодсон болох ..." гэж шүүх асуусан бөгөөд шинжээч нь энэ талаар гаргасан дүгнэлтдээ ашигласан “Хас” банкны "зээлийн үйл ажиллагааны ерөнхий журам", "Банкны хүү бодох аргачилал, хүү бодох шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам" зэрэг нь мөн л Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн нотлох баримтын шаардлага хангаагүй баримтад тулгуурласан гаргасан байна. Өөрөөр хэлбэл шинжээчийн дүгнэлтэд хавсаргасан шинжилгээнд ашигласан гэх санхүүгийн анхан шатны 100 гаруй хуудас баримтууд нь нэхэмжлэгч “ХБ” ХХК-ийн тамга, эсхүл өөрийнх нь хуулбар үнэн тэмдэгтэй, эсхүл хуулбар хувь баримтууд байх бөгөөд мөн хавтаст хэрэгт байхгүй материал ашиглахдаа шүүхээр дамжуулан хэргийн оролцогчоос гаргуулалгүй, шинжээч нь шууд “Хас” банкнаас гаргуулан дүгнэлтдээ ашигласан нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн шинжээчийн үйл ажиллагаанд тогтоосон хориглох заалтыг зөрчсөн байдаг. Мөн дээрх шинжээчийн дүгнэлт нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн хууль дээдлэх, хараат бус байх, шинжилгээг тал бүрээс нь, бүрэн бодитой хийх үндсэн зарчимд тулгуурлаж чадаагүй нь уг шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй, үнэн зөв болох нь эргэлзээтэй байхад шүүх шинжээчийн дүгнэлтийг үндэслэж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2019/00185 тоот шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гараагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөн, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг шинжлэн судлаагүй буюу үнэлэлт дүгнэлт өгөөгүй, хэрэгт авагдаагүй баримтын тоо, тооцооллыг тусгасан байх тул хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч “ХБ” ХХК нь хариуцагч Б.А, Д.Т, “ИА” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 259 169 605 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
Нэхэмжлэгч “ХБ” ХХК нь хариуцагч Б.А, Д.Т нартай 2013 оны 3 дугаар сарын 27-ны өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр “ХБ” ХХК нь 100 000 ам.долларыг, жилийн 15,6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар, /1 дүгээр хх-ийн 23-29 дүгээр тал/
2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр мөн талууд зээлийн гэрээ байгуулж, “ХБ” ХХК нь 50 000 000 төгрөгийг, жилийн 24 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар Б.А, Д.Т нарт тус тус зээлдүүлж, зээлийн барьцаанд 4 үл хөдлөх эд хөрөнгө, 1 автомашиныг барьцаалсан болох нь зээлийн гэрээ, зохигчдын тайлбар, төлбөрийн хуваарь зэргээр тогтоогдож байна. /1 дүгээр хх-ийн 23-29, 43-44 дүгээр тал/
Түүнчлэн, хариуцагч Б.А, Д.Т нарын зээлийн гэрээний үүрэгт холбогдуулж нэхэмжлэгч “ХБ” ХХК нь хариуцагч “ИА” ХХК-тай 2014 оны 6 дугаар сарын 12, 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрүүдэд батлан даалтын гэрээг байгуулжээ. /1 дүгээр хх-ийн 32, 35 дугаар тал/
Талууд 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж, 2015 оны зээлийн гэрээний үндсэн зээл 50 000 000 төгрөг, 2013 оны барьцаат зээлийн гэрээний үлдэгдэл 49 632,27 ам.долларыг 2 397 төгрөгт тооцон 118 968 551,19 төгрөгт хөрвүүлэн, нийт 168 968 551,19 төгрөгийн зээлд шилжүүлэн, жилийн хүүг 16,5 хувь болгон бууруулж, зээлийн гэрээний хугацааг 60 сараар сунгажээ. /1 дүгээр хх-ийн 43-44 дүгээр тал/
Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэсэн боловч хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж шийдвэрлэхдээ барьцаа хөрөнгийн хаяг, улсын бүртгэлийн дугаарыг алдаатай бичсэнийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн өөрчлөх боломжтой гэж үзлээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн зээлийн гэрээний үндсэн зээл 168 968 551,19 төгрөг, хүү 24 528 513 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 265 599 төгрөг, 2013 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 100 000 ам.долларын зээлийн гэрээнээс “ХБ” ХХК нь 12 408 ам.долларыг зээл төлөгдөхөд учирч болзошгүй эрсдэлээс хамгаалах /ЗТУБЭХ/ сангаас хаасан, хүү 9 854,09 ам.доллар, нийт 22 262,09 ам.доллар буюу 54 676 806,14 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 50 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэг 10 730 136.98 төгрөг нийт 259 169 605 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлтэй, уг тооцоолол нь зээлийн тооцоолол, шинжээчийн дүгнэлт, талуудын тайлбар, зээлийн гэрээгээр тогтоогдож байна. /1 дүгээр хх-ийн 56-58, 185-187 дугаар тал/
Талуудын байгуулсан зээлийн гэрээ болон зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтүүд нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасантай нийцсэн, хэн алины хүсэл зоригийн илэрхийлэл болсон хүчин төгөлдөр хэлцэл байх тул анхан шатны шүүх хариуцагч Б.А, Д.Т, “ИА” ХХК-иас 259 169 605 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ХБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.
Хариуцагч татгалзалдаа нэхэмжлэгч “ХБ” ХХК нь зээлийн гэрээг шинээр байгуулах бүртээ өмнөх зээлийн өр төлбөрийг бидний зөвшөөрөлгүйгээр суутган авсан, бид зориулалтын дагуу ашиглаж чадаагүй гэжээ.
Гэвч 2013 оны 3 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэгч “ХБ” ХХК нь хариуцагч Б.А-ийн дансанд 100 000 ам.доллар, 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 50 000 000 төгрөгийг зээлийн гэрээнд зааснаар шилжүүлсэн нь дансны хуулгаар тогтоогдож байх бөгөөд хариуцагч Б.А нь өөрийн хүсэл зоригийн дагуу зээлийн төлбөр, зээлийн шимтгэл, хүүг гарын үсгээ зурсан төлбөрийн баримтаар шилжүүлсэн байна. /1 дүгээр хх-ийн 50, 55 дугаар тал/
Хариуцагч “ИА” ХХК нь нэхэмжлэгч “ХБ” ХХК-тай байгуулсан батлан даалтын гэрээний 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зээлдэгч үндсэн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхгүй бол түүний өмнөөс батлан даагч хариуцах үүрэгтэй талаар заажээ. Иймд Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.2 дэх хэсэгт зааснаар Б.А, Д.Т “ИА” ХХК нараас 259 169 605 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч анхан шатны шүүх шаардах эрхийн үндэслэл болсон хуулийн зохицуулалтыг шийдвэрийн тогтоох хэсэгт баримтлаагүйг зөвтгөх боломжтой.
Хариуцагч нар давж заалдах гомдолдоо нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагадаа 04-90 УНН улсын дугаартай сувдан өнгийн “Ланд крузер-100” маркийн автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилсэн ч шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй, зээлийн барьцааны үл хөдлөх хөрөнгүүд нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө тул гэрээг байгуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний зөвшөөрлийг аваагүй, шинжээчийн дүгнэлт хууль зөрчсөн гэжээ.
2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “Ланд крузер-100” маркийн автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаа дэмжээгүй байх тул анхан шатны шүүх уг автомашиныг хасч, барьцааны бусад эд хөрөнгөд дүгнэлт хийснийг буруутгах боломжгүй, энэ талаар нэхэмжлэгч гомдол гаргаагүй. /2 дугаар хх-ийн 243 дугаар тал/
Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2-т зааснаар гэр бүлийн насанд хүрсэн гишүүний зөвшөөрлийг зөвхөн уг гишүүн үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр эрхийн бүртгэлд бүртгэгдсэн тохиолдолд авдаг тул энэ талаар гаргасан хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс томилсон шинжээч нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийг зөрчсөн гэх үндэслэлгүй байх тул дахин шинжээч томилуулах тухай гаргасан хариуцагчийн хүсэлтийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.
Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2019/00185 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 460 дугаар зүйлийн 460.2 дах хэсэгт зааснаар хариуцагч Б.А, Д.Т, “ИА” ХХК нараас 259 169 605 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгч “ХБ” ХХК-д олгосугай” гэж,
2 дахь заалтын “а” хэсгийн “... 502б ...” гэснийг “50б” гэж, “... Ү-2203029931 ...” гэснийг “Ү-2203019931” гэж,
“б” хэсгийн “... 502б тоот ...” гэснийг “50б тоот” гэж,
“в” хэсгийн “... улсын бүртгэлийн 2203009279 ...” гэснийг “улсын бүртгэлийн Ү-2203009279” гэж,
“г” хэсгийг “Сүхбаатар дүүрэг, 18 дугаар хороо, 45 дугаар гудамж, 50а тоот, улсын бүртгэлийн Г-2203004515 дугаар бүхий 612 м.кв өмчлөх эрхтэй газар зэргийн үнийн дүнгээс хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 524 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧ Т.ТУЯА
Г.ДАВААДОРЖ