Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намсрайн Батзориг |
Хэргийн индекс | 102/2019/01448/и |
Дугаар | 1966 |
Огноо | 2019-11-22 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 1966
С.Т-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Мөнхзул, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2019/02353 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч С.Т-ын нэхэмжлэлтэй, “ЭК” ХХК-д холбогдох
Lexus GS450H маркийн 36-76 УНК улсын дугаартай автомашины өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах, илүү төлсөн 2 209 400 төгрөг тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тэмүүжингийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Наранцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тэмүүжин, түүний өмгөөлөгч С.Үлэмж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сумъяа нар оролцов.
Нэхэмжлэгч С.Т- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Наранцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Б-183 дугаартай зээлийн гэрээгээр “ЭК” ХХК-иас С.Т- нь улаан өнгийн АНУ-д үйлдвэрлэгдсэн, 36-76 УНК улсын дугаартай 2014 онд Монгол улсад орж ирсэн Lexus GS450H маркийн автомашиныг барьцаалан 7.000.000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай 7 хувийн хүүтэй авсан. Уг авсан зээлээ 2017 оны 2 дугаар сараас 2018 оны хооронд 9209400 төгрөг болгон төлсөн. Гэтэл “ЭК” ХХК-ийн ажилтнууд 2019 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнийн 03 цагийн үед зогсоол дээрээс уг машиныг зөвшөөрөлгүйгээр ачиж явсан. Машин ачаад явсан шалтгааныг “ЭК” ХХК-ийн ажилтнуудаас асуухад зээл, зээлийн хүү, алданги төлж байж машинаа аваарай гэж хэлсэн. Анх зээл авахдаа уг машиныг “ЭК” ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн бөгөөд одоо зээл, зээлийн хүүг бүрэн төлсөн тул 36-76УНК улсын дугаартай Lexus GS450H маркийн автомашины өмчлөгч нь С.Т- болохыг тогтоож өгнө үү. Талуудын хооронд байгуулагдсан Фидуцийн үүргийн гүйцэтгэлээр хангагдах зээлийн гэрээний нөхцөл байдал болон гэрээний агуулгыг өөрсдөө харилцан зөвшөөрч гарын үсэг зурж байгуулсан боловч энэхүү гэрээ нь Иргэний хуулийн дараах зүйл, заалтыг зөрчсөн байх тул уг гэрээ нь хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцогдохоор байна. Иргэний хуулийн 19 дугээр бүлэгт Үүргийн гүйцэтгэлийн хангах аргын талаар зохицуулагдсан ба 231 дүгээр зүйлийн 231.1.6, Иргэний хуулийн 235 дугаар зүйлд нарийвчлан заасан. Хуульд зааснаар фидуцийн гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангахын тулд хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэхээр заасан. Гэтэл уг гэрээг Зээлийн гэрээтэй хамтатгаж байгуулж байгаа нь мөнгөн төлбөр төлөх үүргээс гадна хүү, алданги төлөх үүрэг хүлээлгэж байгаа нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийг зөрчсөн. Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч гэрээнд заасан мөнгийг шилжүүлэх, зээлийн гэрээг бичгээр байгуулсан бол хүү, алданги авах эрх үүсэн зээлдэгч гэрээнд заасан үндсэн зээл, зээлийн хүү, үүргээ зөрчвөл алданги төлөх үүрэг хүлээдэг ба харин зээлийн гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан бол Барьцааны гэрээг бичгээр байгуулж Улсын бүртгэлд бүртгүүлэхээр хуульчилсан байдаг. Түүнээс биш зээлдэгчийн өмчлөлийн хөдлөх эд хөрөнгийг зээлдүүлэгч буюу үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлдэггүй. Гэтэл талууд зээлийн гэрээний дагуу уг машины өмчлөх эрхийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлж байгаа нь Иргэний хуулийн 282-284 дүгээр зүйл заалтыг зөрчсөн. Иймд талуудын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчсөн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56 дугаар зүйлийн 56.5-д заасны дагуу талууд өгсөн авсан зүйлээ буцааж өгөх үүрэгтэй. Иймд хариуцагч тал 36-76 УНК машины өмчлөх эрхийг нэхэмжлэгч С.Т-т шилжүүлж өгөх үүрэгтэй болно. Мөн нэхэмжлэгч нь “ЭК” ХХК-иас авсан 7.000.000 төгрөгөө бүрэн төлсөн тул илүү төлсөн 2.209.400 төгрөгийг буцаан авах эрхтэй болно. Иймд автомашины өмчлөх эрхийг “ЭК” ХХК-иас хасаж иргэн С.Т-т шилжүүлэхийг даалгах, зээлийн гэрээнээс илүү төлсөн 2.209.400 төгрөгийг С.Т-т буцаан олгохыг “ЭК” ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч “ЭК” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тэмүүжин шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь манай байгууллагатай 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Б-138 тоот зээлийн гэрээг байгуулан 7.000.000 төгрөг зээлсэн бөгөөд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар өөрийн өмчлөлийн 36-76 УНК тоот улсын дугаартай LEXUS GS450H маркийн автомашиныг фидуцийн гэрээний дагуу шилжүүлэн авсан болно. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй бөгөөд манай байгууллага нь Фидуцийн гэрээ болон зээлийн гэрээний нөхцөлийн дагуу тээврийн хэрэгслийг өөрийн өмчлөлд шилжүүлж авсан болно. Мөн Санхүүгийн зохицуулах хороо, Монгол банкнаас авсан баримтаас харахад “ЭК” ХХК-ийн зээлийн хүү маш өндөр байгаа нь харагдаж байгаа. Иймд зээлийн хүүг багасгаж өгөхийг хүсэж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх бөгөөд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Lexus GS450H маркийн 36-76 УНК улсын дугаартай автомашины өмчлөх эрхийг нэхэмжлэгч Жа овогт Сарангийн Тамирт шилжүүлэхийг хариуцагч “ЭК” ХХК-д даалгаж, нэхэмжлэлээс 2.209.400 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120.500 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч “ЭК” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Т-т олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тэмүүжин давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан нотлох баримтыг хариуцагчын зүгээс гаргаж өгсөн ба нэхэмжлэгчийн гарын үсэг биш гэж маргадаг боловч гарын үсэг биш гэдгийг нотолсон нотлох баримт хэрэгт авагдаагүйг шүүх харгалзан үзээгүй. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний сунгалтын хугацаанд зээлийн төлбөрийн нэг бүрийн хүүгийн хэмжээгээр хийж байгаа нь дээрх гэрээний сунгалтыг хийгдсэн үзэх бүрэн үндсэлтэй байна. Мөн Иргэний хуулинд гэрээний сунгалтыг хийхдээ талууд дахин гэрээ байгуулах тухай зохицуулалт байхгүй бөгөөд гагцхүү зээлийн гэрээний сунгалтыг талууд харилцан тохиролцсоныг нотлох баримтыг үйлдсэнээр буюу хүсэл зоригоо илэрхийлснээр сунгагдсанд тооцох зэргийг шүүх харгалзан үзээгүй байна. Нэхэмжлэгч нь хэрэв гэрээний сунгалтын гарын үсгийг дууриаж зурсан гэж үзэж байгаа тохиолдолд өөрөө нотлох үүргийнхээ хүрээнд хуульд заасан арга хэмжээг авах боломжтой байсан боловч өөрөө шинжээч томилуулах тухай хүсэлтээс татгалзсан нь нотлох үүргээ биелүүлэхээс татгалзсан гэж үзэхээс өөр аргагүй байна. Нэхэмжлэгч фидуцийн гэрээг байгуулсан үедээ гэрээний үндсэн дээр өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлэхийг хүлээн зөвшөөрч шилжүүлэн улсын бүртгэлийн байгууллагаар бүртгүүлсэн байна. Хариуцагчийн зүгээс тухайн тээврийн хэрэгслийг өөрийн өмчлөлд аван зогсоол дээрээс өөрийн хадгалалтанд авсан нь ямар нэгэн хууль зөрчсөн үйлдэл байхгүй байгаа болно. Шүүх талуудын хооронд байгуулсан фидуциэр хангагдсан зээлийн гэрээ хүчин төгөлдөр хуулийн хүрээнд мөрдөгдөж байхад тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгчийн тогтоож байгаа нь буруу юм. Фидуцийн гэрээний үндсэн дээр тухайн тээврийн хэрэгсэл нь хариуцагчийн өмчлөлд шилжин ирсэн бөгөөд нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлээгүй тул хуулиар олгогдсон эрхээ эдлэж өөрийн өмлөлийн эд хөрөнгийн хураан авах эрх нь хариуцагч талд байгаа болно. “Финанс” ХХК мөн бөгөөд өөр бусад этгээдийг өмчлөгчөөр тогтоох нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй байна.
Нэхэмжлэгч С.Т- нь хариуцагч “ЭК” ХХК-д холбогдуулан Lexus GS450H маркийн 36-76 УНК улсын дугаартай автомашины өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах, илүү төлсөн 2.209.400 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Зохигчдын хооронд 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Б-183 тоот “фидуциар хангагдсан зээлийн гэрээ” гэсэн нэртэй гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр 7.000.000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай, 7 хувийн хүүтэй зээлдүүлэхээр тохиролцсоноос гадна зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг С.Т-ын өмчлөлийн Lexus GS450H маркийн 36-76 УНК улсын дугаартай автомашинаар хангуулахаар тохирч, автомашиныг “ЭК” ХХК-ийн өмчлөлд шилжүүлжээ.
1. Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь шүүх эрх зүйн харилцааг зөв тогтоож, хэрэглэвэл зохих хэм хэмжээг хэрэглэсэн гэж үзэхээргүй байна.
Нэхэмжлэгч нь барьцаалан зээлдэх газар байх бөгөөд түүнээс олгосон зээл Иргэний хуулийн 286 дугаар зүйлд заасан зохицуулалтад хамаарах учиртай бөгөөд барьцааны зүйлийг комиссын буюу дуудлага худалдаагаар худалдан борлуулах замаар үүргийг хангуулахаар, барьцаалан зээлдэх газар нь барьцааны зүйлийг өмчлөх болон бусад хэлбэрээр захиран зарцуулах эрхгүй талаар Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3, 286.4 дэх хэсэгт тус тус зохицуулсныг шүүх анхаараагүй.
Барьцаалан зээлдэх журмаар зээл олгох гэрээний харилцаа нь зээлдэгчээс хөдлөх хөрөнгийг барьцаалж, зээл олгох, зээлийн хүүг харилцан тогтоох, зээлдэгч зээлсэн мөнгө болон түүний хүүг хугацаанд нь буцааж төлөөгүй тохиолдолд Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 286.3 дах хэсэгт зохицуулсан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал талуудын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл болох талаар тайлбар гаргасан /хх-ийн 38/, талуудын хооронд байгуулсан гэрээ нь хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл мөн эсэх нь нэхэмжлэлийн үндэслэл болох талаар шүүгч дүгнэсэн байх боловч талуудыг энэ талаар мэтгэлцүүлээгүй байна. /хх-ийн 46/
Иймд хэлцлийн хүчин төгөлдөр байдлын талуудыг мэтгэлцүүлээгүй, шүүх хийвэл зохих эрх зүйн дүгнэлтийг хийгээгүй тул давж заалдах шатны шүүх шийдвэрийг өөрчлөх боломжгүй, улмаар нэхэмжлэгчийн гомдлын талаар дүгнэлт хийх үндэслэлгүй болно.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хариуцагчийн гаргасан зээлийн гэрээг 16 удаа сунгасан гэх баримтад зурсан гарын үсэг нэхэмжлэгчийн гарын үсэг зурсан мөн эсэхийг тогтоох зорилгоор шүүгчийн захирамжаар шинжээч томилж дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэсэн боловч шинжилгээнд дээрх гарын үсэг бүхий баримтуудыг ирүүлээгүй гэж шинжээч дүгнэлт гаргахаас татгалзжээ. /хх-ийн 102/
Хариуцагч гэрээний сунгалтын хуудсуудын эх хувийг гээгдүүлсэн гэж тайлбарласан байх боловч нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг хэрэгт хавсаргаснаас үзэхэд нотариатч ямар баримтыг үндэслэн зээлийн гэрээг 16 удаа сунгасан баримтыг гэрчилснийг тодруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт зааснаар нотлох баримт бүрдүүлэх талаар гаргасан хэргийн оролцогчийн хүсэлт дээрх байдлаар хангагдаагүй байгаа тохиолдолд нэхэмжлэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэсэн эсэх, 2.209.400 төгрөгийг илүү төлсөн эсэх, улмаар Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт зааснаар автомашины өмчлөх эрхийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлэх үүрэгтэй эсэх талаар дүгнэх боломжгүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчим бүрэн хэрэгжээгүй, анхан шатны шүүх дээрх байдлаар нотлох баримтыг дутуу бүрдүүлснээс давж заалдах шатны шүүх өөрийн бүрэн эрхийн хүрээнд дүгнэлт хийх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д тус тус зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168.1.1, 168.1.7-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2019/02353 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120 500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО
ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ
Н.БАТЗОРИГ