Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 287

 

М.М-ын нэхэмжлэлтэй                                                                                               иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо              даргалж, шүүгч Ш.Оюунханд, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2019/02359 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч М.М-ын нэхэмжлэлтэй, хариуцагч “МП” ХХК-д холбогдох

Ажилд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Асланбек, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цогням, хариуцагчийн өмгөөлөгч Д.Алтансүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

Нэхэмжлэгч М.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Асланбек шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч М.М- “МП” ХХК-д 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр дасгалжуулагч багш албан тушаалд хугацаагүй хөдөлмөрийн гэрээг байгуулсан болно. Тэрээр ажиллах хугацаандаа буюу өнөөдрийг хүртэл ямар нэгэн сахилгын зөрчил гаргаагүй бөгөөд сахилгын хариуцлага тооцуулж байгаагүй, ажлын үр дүн, үнэлгээгээрээ маш сайн байсан. Түүнийг ээлжийн амралттай байх хугацаанд буюу 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр компанийн гүйцэтгэх захирал цомхтгол гэх шалтгаанаар ажлаас халагдсан тухай хэлсэн. Бусдаар албан ёсоор мэдэгдсэн болоод ажлаас халагдсан тухай тушаал гаргаагүй. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дах хэсэгт заасныг ноцтой зөрчиж байна. 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс хойш ажилдаа ирэх хэрэггүй, ажиллуулахгүй, цалин тавихгүй тухай хэлж, ерөөсөө ажил хийлгээгүй. Энэ талаар шаардлага тавьж, ажлаас халагдсан тушаал гаргаж өгч, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийг нь өгөхийг хүссэн ч ажлаас халагдсан тушаал өнөөдрийг хүртэл гаргаж өгөхгүй байна. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт заасныг ноцтой зөрчиж байна. Монгол Улсын Дээд шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаантай хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах зарим асуудал тухай зөвлөмжийн 3 дугаар зүйлийн 3.2 дах хэсэгт заасны дагуу ажил олгогчийн дээрх үйлдэл нь нэхэмжлэгчийг халсантай адилтгаж үзнэ. Иймд “МП” ХХК нь М.М-ыг ажлаас буруу халсан болохыг тогтоож, тус компанийн дасгалжуулагч багш ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг олгож, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч “МП” ХХК шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Хонгор, Х.Цэрэндолгор нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол улсад үүссэн эдийн засгийн хямралын улмаас компанид учирсан санхүүгийн хүндрэлийг даван туулах, үйл ажиллагааг доголдуулахгүй явуулах цогц арга хэмжээний хүрээнд зарим албан тушаалыг цомхтгож байгаа билээ. Иймд 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр дасгалжуулагч багш албан тушаалтай М.М-ад мэдэгдэл хүргүүлж, 2019 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөр цомхтгосон. Манай компани нийт 2 дасгалжуулагч багштай бөгөөд, дасгалжуулагч багшийн ажил үүрэг нь компанийн фитнесс зааланд ажилтнууд болоод түрээслэгчдэд хичээл заах, дасгалжуулах чиг үүрэг бүхий албан тушаал юм. Нэхэмжлэгч манай компанид ажиллаж байх хугацаандаа ажлын байрыг хувийн эзэмшлийн өмч мэтээр андуурч ажлын байран дээр хөзөр тоглож, компанийн бусад ажилчдад буруу үлгэр дууриалал үзүүлж, ажилчдыг мөрийтэй тоглоомд уриалж ажилтан албан хаагчид байж болзошгүй ёс зүйн доголдлыг удаа дараа гаргаж байсан. Харин компанийн удирдлагын зүгээс М.М-ын ажилласан жилийг харгалзан алдаа дутагдал, ёс зүйн доголдол гаргах бүрт нь сахилгын арга хэмжээг шууд авалгүй аман сануулгыг өгсөөр явсан. Манай компанийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуульд заасан журмыг баримтлан М.М-ад орон тоог цомхтгосон тухай мэдэгдсэнээс хойш буюу 2019 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг цуцалж, энэ хугацааны цалинг нь олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасны дагуу 1 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмжийг олгохоор гүйцэтгэх захирал тушаал гаргаж, холбогдох цалин, тэтгэмжийг олгосон нь хариу тайлбарт хавсаргасан баримтуудаар нотлогдоно. Харин М.М- нь тус мэдэгдэлд гарын үсэг зуралгүй өдий хүрснээс болж ажлаас халсан тушаал гаргаж өгөх боломжгүй байсан. Иймд компани нь дасгалжуулагч багшийн орон тоог цомхтгох, энэ албан тушаалд ажиллаж байсан М.М-ыг хуульд заасан журмын дагуу цомхтголд оруулан, Хөдөлмөрийн гэрээг цуцалсан тул нэхэмжлэлд дурдсан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч М.М-ын хариуцагч “МП” ХХК нь ажлаас буруу халсан болохыг тогтоож, Дасгалжуулагч багшийн ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг олгож, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч М.М-ын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Асланбек давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр орой 18 цагаас Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын хуралдаанд 2019 оны 11 дүгээр сарын 20-ний өдрийн өглөөний 08 цагт бэлэн болох тухай надад мэдэгдсэн. Мэдсэн даруйд М.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр орой 18 цаг 13 минутад С.Хишигбат шүүгчийн туслах Б.Жаргалсүрэнгийн 9636-5008 дугаар руу удаа дараа залгасан ч утсаа аваагүй учир тус утсанд 2019 оны 11 дүгээр сарын 20-ний өдрийн өглөөний 08 цагт Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын хуралд дуудагдсан учир хурал хойшлуулж өгөх тухай мессеж зурвас үлдээсэн. Түүнчлэн, 2019 оны 11 дүгээр сарын      20-ны өдрийн өглөө залгаж, утсаар удаа дараа мэдэгдээд байхад итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулалгүй шүүх хуралдааныг хийсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, мөн зүйлийн 25.1.3, 25.1.5 дах хэсэгт заасан эрхүүдийг эдлэх бололцоогоор анхан шатны шүүх хангаж өгсөнгүй. Тодруулбал, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл хамгийн анхны товлогдсон шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасныг ханган шийдвэрлэж, хариуцагч шинээр нотлох баримт гаргаж өгсөн, тус нотлох баримттай танилцах, тайлбар өгөх боломжоор хангаагүй. Шүүхийн шийдвэрээр дасгалжуулагч багш гэх орон тоо хассан гэж хариуцагчийн гаргасан тайлбараар тогтоогдож байна гэсэн байна. Гэтэл "Орон тоо хасагдах" болон "Орон тоо цөөрүүлэх" хоёр өөр ойлголтод аль нь болох эсэх тухай дүгнэлт хийгээгүй. Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаартай "Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай" тогтоолын 15 дугаар зүйлийн 1.1, 1.2-д байна. Эдгээр ойлголтуудад ажил, албан тушаалын нэг байрны асуудал хамааралтай болохыг анхаарвал зохино гэсэн. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл, "дасгалжуулагч багш" гэх 2 орон тоо буюу ажил, албан тушаал байсан. Үүнээс, нэг багшийг ажлаас "орон тоо хассан" гэж чөлөөлсөн байна. Гэтэл, энэ орон тоо хасах биш орон тоо цөөрүүлэх тухай ойлголт болно. Орон тоо хассан гэдэг нь тухайн компанийн бүтцээс тус албан тушаал огт алга болохыг ойлгоно. Өнөөдрийг хүртэл "МП" ХХК-ийн фитнесс үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд үүнд нэг дасгалжуулагч багш ажиллаж байгаа. Мэдэгдэх хуудсанд нэхэмжлэгч М.М- гарын үсэг зураагүй бөгөөд уг бичиг баримтыг хариуцагч тал хожим хуурамчаар үйлдсэн ч байж болзошгүй. Нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаагаар "хариуцагч хожим буюу 2019 оны 8 дугаар сарын 31-ний үед шүүхийн үндэслэлтэй гэж үзсэн нэхэмжлэгчийг гарын үсэг зурчих, сүүлийн цалинг чинь өгье" гэж тайлбарладаг. Хөдөлмөрийн гэрээ цуцлах тохиолдолд ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүргээ ажил олгогч биелүүлсэн эсэх нь хэрэг шийдвэрлэхэд ач холбогдолтой. Иймд шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож анхан шатны шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн гомдлыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх үүрэгтэйн зэрэгцээ мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т зааснаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулах зорилгоор өөрөө олж авах боломжгүй нотлох баримтыг холбогдох байгууллагуудаас гаргуулах хүсэлт гаргах эрхтэй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн талаас  хариуцагч нь бүтцийн өөрчлөлт хийсэн тухай ТУЗ эсхүл гүйцэтгэх захирлын шийдвэр, тогтоол, хурлын протокол, 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн №19/01 тоот албан бичиг бүртгэгдсэн эсэх, хөдөлмөрийн дотоод журам, хамтын гэрээ зэрэг баримтыг хариуцагч байгууллагаас нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр гаргуулах хүсэлт гаргасан, уг хүсэлтийг шүүхээс хангаж, хариуцагчид эдгээр нотлох баримтыг ирүүлэхийг даалгасан байна. /хх-ийн 37, 52-54/

Хариуцагч талаас шүүгчийн захирамжид заасан нотлох баримтууд байгаагүй талаар болон шинээр тайлбар гаргасан боловч уг тайлбарыг нэхэмжлэгч талд танилцуулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан хэргийн оролцогчийн эрхийг зөрчжээ. Мөн хөдөлмөрийн маргааныг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэр, ажлын байрны тодорхойлолт, байгууллагын зохион байгуулалт, бүтэц орон тооны талаар нотлох баримтууд хэрэгт авагдаагүй, хэрэгт авагдсан нотлох баримт нь хөдөлмөрийн эрх зүйн маргааныг эцэслэн шийдвэрлэхэд хангалтгүй байгааг шүүх анхаараагүй байна.  

Хариуцагч “МП” ХХК-ийн орон тооны талаарх баримт хэрэгт байхгүйгээс орон тоо цөөрсөн эсэхийг хэрэгт авагдсан баримтад үндэслэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан “ажилтны тоог цөөрүүлсэн” гэдэгт тухайн албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой тооны орон тоо хасагдсан байхыг ойлгох ба энэ нь нотлогдсон байхыг шаардана.

 

Түүнчлэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хэргийн материалыг танилцуулсан байх боловч үүнээс хойш хэрэгт авагдсан нотлох баримтуудыг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны баримтуудыг түүнд танилцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар мэтгэлцэх зарчмын үндсэн дээр явуулсан гэж үзэх үндэслэлгүй байна. /хх-ийн 27 дугаар тал/

Иймд анхан шатны шүүх хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн, нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэснээс давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2019/02359 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ц.ИЧИНХОРЛОО

                                         ШҮҮГЧИД                                       Ш.ОЮУНХАНД

                                                                                                 Н.БАТЗОРИГ