| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувсааралын Дашдэчмаа |
| Хэргийн индекс | 182/2024/03238/И |
| Дугаар | 182/ШШ2024/02664 |
| Огноо | 2024-06-10 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 182/ШШ2024/02664
2024 06 10 182/ШШ2024/02664
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: ..........................., өөрийн байранд байрлах, М ХК /РД:0000000/-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б ХК /РД:0000000/, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Б.Б /РД:0000000000/-г эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түмэнхүслэн оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
М ХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Ц шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Б ХК нь М ХК-иар 1993.04.17-ны өдөр Засгийн газрын өмч хувьчлалын тогтоолоор хувьчлагдсан. БА ХК нэрээр М ХК-иар дамжуулан үнэт цаасны арилжаагаа 1993.06.07-ны өдөр Бүртгэлийн гэрээ байгуулан гүйцэтгүүлж эхэлсэн одоог хүртэл тус биржид бүртгэлтэй хэвээр байна.
Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3-т заасны дагуу М ХК нь үйлчилгээний хөлс болон урамшууллыг тогтоох эрхтэй байгууллага бөгөөд үнэт цаасны бүртгэлийн журам батлан дагаж мөрдүүлж, үйлчилгээний хөлсөө тогтоосон. Тус журмын 21 дүгээр зүйлийн 21.7-д зааснаар жилийн үйлчилгээний хөлсийг тухайн оны 01 дүгээр улиралд багтаан биржийн дансанд төлөхөөр заасан байдаг.
Гэвч Б ХК нь төлбөл зохих төлбөрөө цаг тухайд нь төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрсэн тул шүүхээр шийдвэрлүүлэхээс өөр аргагүй байдалд хүрч оршин байрлах хаягийн дагуу Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн 2024.04.15-ны өдрийн 102/Ш32024/07780 дугаартай шүүгчийн захирамжаар хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Иймд Б ХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Б.Б-г эрэн сурвалжилж өгнө үү... гэжээ.
Хүсэлт гаргагч нь энэхүү шаардлагатай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид 2024.05.08-ны өдөр 70,200 төгрөг тушаасан баримт /хх-ийн 3 х/,
-Улсын бүртгэлийн 0000000000 дугаартай хуулийн этгээдийн гэрчилгээ /хх-ийн 4 х/,
-2024.01.02-ны өдрийн 01 дугаартай М хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол /хх-ийн 5 х/,
-2006.10.26-ны өдрийн 00000000 дугаартай Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ /хх-ийн 6-7 х/,
-М нээлттэй хувьцаат компанийн дүрэм /хх-ийн 8-17 х/,
-1993.04.17-ны өдрийн 18 дугаартай Монгол Улсын Засгийн газрын өмч хувьчлалын комиссын тогтоол /хх-ийн 18-19 х/,
-Улсын бүртгэлийн 0000000000 дугаар бүхий хуулийн этгээдийн гэрчилгээ /хх-ийн 20 х/,
-2014.10.03-ны өдрийн 153 дугаартай Мийн гүйцэтгэх захирлын Үнэт цаас бүртгэлд өөрчлөлт оруулах тухай тушаал /хх-ийн 21 х/,
-2014.07.07-ны өдрийн 269 дугаартай Санхүүгийн зохицуулах хорооны БА ХК-д Б ХХК-ийг нэгтгэх, компанийн оноосон нэрийг өөрчлөх тухай тогтоол /хх-ийн 22 х/,
-Үнэт цаасны бүртгэлийн журам /хх-ийн 23-29 х/,
-М ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолууд, тэдгээрийн хавсралт /хх-ийн 30-40 х/,
-М ХК-ийн нэхэмжлэх /хх-ийн 41 х/,
-Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.04.15-ны өдрийн 102/ШЗ2024/07780 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж /хх-ийн 42 х/,
- 2024.05.09-ний өдрийн 01/360 тоот Х.Од олгосон итгэмжлэл /хх-ийн 43 х/ зэрэг баримтуудыг хавсарган ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж заасан.
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б ХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Б.Бгийн оршин /байрлах/ суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа тул түүнийг эрэн сурвалжлуулахаар М ХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Ц шүүхэд хүсэлт гаргажээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хуулийн этгээд гэрчилгээнд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б ХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Б.Бгийн оршин /байрлах/ суух хаягийг .............................. тоот гэж тодорхойлсны дагуу М ХК нь үйлчилгээний төлбөрт 4,000,000 төгрөг гаргуулахаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан байна.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.04.15-ны өдрийн 102/ШЗ2024/07780 дугаартай шүүгчийн захирамжаар Б ХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Б.Б нь нэхэмжлэлд дурдсан хаягт ...бүртгэлтэй боловч оршин /байрладаггүй/ суудаггүй... гэх хорооны Засаг даргын тодорхойлолтыг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх-ийн 42 х/
Б ХК нь гишүүн компанийн үйлчилгээний хураамж төлөх үүргээ биелүүлээгүй талаарх баримт хэрэгт авагдсан, энэхүү үйлчилгээний хураамжтай холбоотой нэхэмжлэл гаргах М ХК-ийн шаардлагад хариуцагч болох үндэслэлтэй байна. /хх-ийн 41 х/,
Б ХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Б.Б нь дээрх хаягт ...бүртгэлтэй боловч оршин /байрладаггүй/ суудаггүй... болох нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.04.15-ны өдрийн 102/ШЗ2024/07780 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, М ХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Цын шүүхэд ирүүлсэн хүсэлтээр тус тус тогтоогдлоо.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана, 155.4-т Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин /байрлах/ суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж тус тус заасан.
Иймд М ХК-ийн хүсэлтийг хүлээн авч иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б ХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Б.Бгийн оршин /байрлах/ суугаа газрыг тогтоох ажиллагааг түүний сүүлд оршин /байрлаж/ сууж байсан харьяа дүүргийн Цагдаагийн байгууллагад даалгах нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааныг өөрийг нь оролцуулахгүйгээр хийж өгөх хүсэлтийг ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б ХК /РД:0000000/, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Б.Б /РД:0000000000/-г тус тус эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Б ХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Б.Бг эрэн сурвалжлах, оршин /байрлах/ суугаа газрыг тогтоох ажиллагааг түүний сүүлд оршин /байрлаж/ сууж байсан харьяа дүүргийн Цагдаагийн байгууллага болох Баянгол дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА